Манай байрны тагтан дээр зөндөө хог байдаг. Хуучин ширээ, Богд хааны үеийн угаалтуур зэргийг гаргаад хаячих гэхээр болдоггүй юм. Учир юу гэвэл энэ бүхний доогуур "улаан хошуут" хэмээн хөдөөгийнхөн нэрлэдэг нэгэн зүйл шувуу ирж өндөглөдөг. /Улаан хошуутын ШУ-ны нэрийг хэлж өгөх судлаач байвал сэтгэгдэл бичээрэй/ Ноднин яагаад ч юм алга болчихсон. Энэ жил хогоо гаргаж хаяхаас даа гэж бодож байсан чинь дахиад өндөглөжээ. Дөрвийн дөрвөн бяцхан шувуухай манай тагтан дээр төрж, өсч бойжоод цэлмэг тэнгэртээ дүүлэн ниссээр одлоо доо.
Ингээд хөрш шувуудын гэрэл зургаас толилуулъя. Энэ гэрэл зураг, бяцхан кино бол 12 настай мэргэжлийн шахуу гэрэл зурагчин, зураглаач А.Бямбажаргал, А.Бямбасайхан нарын уран бүтээл болой.
Шувууны гэр бүл хажуугийн байрны орой дээр очоод байгаа нь.
"Үүрнээс ниссэн шувуухай шиг" гээд дуулдаг даа. Түүн шиг манай хөрш шувуухайнууд үүрнээсээ нислээ дээ. Тэднийг хорвоогийн гэрэл гэгээтэй амьдрал хүлээж байгаа. Удахгүй гэр бүлтэй болоод, өөр хэн нэгний тагтан дээр үүрээ засаад өндөглөнө. Би нэг л зүйлд санаа зовоод байгаа. Дэгдээхэйнүүдэд бид ямар ч гэм хийгээгүй болохоор "Хүн гэдэг чинь бидний нөхөр" гээд итгэчихсэн явж байгаад сахилгагүй хүүхдэд баригдчих вий дээ.
Анхандаа нэг иймэрхүү л ангалзсан юмнууд байлаа шүү дээ. Хар үүрээд чарлалдаад л намайг сэрээнэ. "Амараа босоорой. Тусгай салаагаа бичээрэй" гээд байх шиг. Би юун сэрэх манатай өглөө 4 цагаас унтах гэж хэвтсэн хүн шүү дээ.
Эгдүүтэй хогнууд шүү. Нэг мэдсэн чинь л өсөж том болоод дэнхийсэн том юмнууд болчихсон. Ээжээсээ ч том.
Ээж их хөдөлмөрч. Хажуугийн байшингийн дээвэр дээрээс өт түүж ирээд байдаг юм. Бас "Кемпинский"-н өмнөх цэцэрлэгийн модны өтийг ч түүгээд байх шиг.
Бяруу шиг том дөрвөн дэгдээхэй, ээжийнхээ авчрах хоолыг хүлээгээд л суугаад байна шүү дээ. Хуулийн сургууль төгсчихөөд ТҮЦ-ийн худалдагч хийхгүй гэж гүрийгээд, 25 нас хүрчихсэн хэрнээ ээж, ааваараа тэжээлгээд, хэнэг ч үгүй суугаад буй "дээд боловсролтонгууд" шиг.
Их хэрэгт дуртай. Манай байшингийн үүдэнд тэврэлдэн суух хосуудыг их харна аа, бас.
Үүрнээсээ анх гарч ирсэн баатар эр. Надаас огт үргэхгүй байхаар нь ойртсон чинь, энэ угаалтуур доогуураа ороод нуугдмар аядсан. Тэгснээ доод айлын тагтан дээр буугаад. Дараа нь ээжийгээ дагаад хажуугийн байшин дээр гарчихаад буцаад ирсэн.
Ээж нь эвэр дүүрэн өвс, ам дүүрэн өттэй ирээд байгаа нь.
Энэ видео дээр хүү нь ээжээсээ "Хоол аваад ирээч. Надад яагаад хоол өгөхгүй байна аа. Би нисэхгүй ээ. Яагаад ч нисэхгүй" гээд залхуураад байх шигээ. Энэ дэгдээхэй нэг бол их залхуу үгүй бол их аймхай эр байгаа юм.
Бараг л хоосорчихсон үүр. Гурван ах айлын охин харах гээд, үдэшлэг цэнгүүн хэсээд, нисээд явчихсанЭэж нь ч юм уу, аав нь ч юм уу ирээд байгаа нь. Ээж авгай нь миний хоёр хүүгээс их үргэнэ ээ. Маягтай гэдэг нь. Хамгийн залхуу ганц чинь энэ шүү дээ. Хөөрхий дөө. Гурван ах нь /магадгүй дүү нар нь/ нисээд явчихсан болохоор их уйтгартай байгаа юм аа. За нэг иймэрхүү байдлаар миний РС-нд шинэ бүтээл "Тусгай салаа" минь төрж байх хооронд, манай тагтан дээр шинэ шувууд ертөнцөд төрж, өсөж бойжоод, үүрээ орхин алсын алсад нисэн одлоо доо. Их билэг дэмбэрэлтэй гэж баярлаж байна даа.