Wednesday, January 6, 2010

61 АХ

Т.Бум-Эрдэнийн "61 АХ" шинэ ном худалдаанд гарлаа. Сэтгүүлч, зохиолч Б.Галаарид энэхүү номын өмнөтгөлд ийн өгүүлжээ.

Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

14 comments:

Дэндэв said...

Энэ номыг олж авнаа л гэцэн байгаа

Arsun said...

Олж авдаг хэрэг ээ.

ЗОРИГТ8 said...

Бум-Эрдэнэ ахтай танилцсан шүү... Бүүр яриа өрнүүлээд ч амжсан

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Тэгээрэй

Арсунд:
Интерномд байгаа байх өө

Зоригтод:
Өө тийм үү. Зохиол сайтай шүү.

Anonymous said...

bum-erdene-n zohioluud ch uneheer chanartai shw.

A.Амарсайхан said...

МНЕ-д:
Тийм шүү. Үнэхээр бяр, мэдрэмж амтагдсан өгүүллэгүүдтэй залуу шүү, манай Бумаа.

алтаргана said...

Бум-эрдэнэ мэргэжлийн зохиолч сэтгүүлч биш үү,үнэхээр сайхан бичдэг ш дээ. Тэр Америкт ирдэг Жийжээг уншихаар шууд нүдэнд харагддагийн

A.Амарсайхан said...

Алтарганад:
Зохиолч, сэтгүүлчид дунд мэргэжлийн гэхээсээ илүү авьяас, мэдрэмж чухал л даа. Авьяасгүй хүнд мянга мэргэжил заагаад яах вэ дээ. Юу ч бичихгүй, чадах ч үгүй.

Гол үзүүлэлт авьяас шүү дээ. Бум-Эрдэнэд чингэлэг дүүрэн авьяас бий.

Erhtsas said...

Шинэхэн оны мэнд!!!

Ахын номыг энгэртээ тэвэрч унших өдрийг тэсэн ядан хүлээнэ. А харин автобус андуурч будилахгүй л байх юм шүү. Ахын ном болоод Жийгээ өвөө хоёр нэгэн цагт намайг төөрүүлж, ажлаас хоцруулж байсан түүхтэй. ккк

A.Амарсайхан said...

Эрхцаст:
Жийгээ өвөө өөрөө ч будилуу, хүнийг ч бас будилуу болгодог хүн юм санаж.

Сэгсгэр said...

Oo yasan saihan hereg ve. Bumaa ahdaa bayar hurgeye

A.Амарсайхан said...

Сэгсгэрт:
За дамжуулъя аа. Сэгсгэр чамд баяр хүргэхээр барахгүй, хошуун дээрээс чинь үнсэж байна гэж хэлье.

Unknown said...

Mongold ochood olj avii baiz.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Тэгээрэй. заавал авч уншаарай

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates