Tuesday, January 26, 2010

ХУУЧИН ХҮҮ

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгээс санаа юу яав

Нэтийн байдал шалав түргэн, цагийн улирал ороо босоо, банжигтай шанд, гоготой цайдмыг дагаж, хааяа нэг бор блогоос апдэйт суунаглана.
Дөрвөн провайдер цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун кейбордыг шарж, блогчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар үхрийн коммент үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн спам оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг сайтыг өгсөн уруудан нүүж, нэг сүлжээг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Гамп хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Обод гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ гүүглийг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн яахоогоос цааш мессенжергүй гэж сэтгэсээр, түмэн хэргийг амжуулж, дэлхийн боловсролоос хумслана.
Гагцхүү өглөө постоо шинэчилж, үдэш коммент орж уу гэж горьдсоор нэг нас барна.
Хуучин хүү хул шаргал таксиндаа хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу коверийг маусан дороо шургуулжээ. Ширэлдсэн хар утастай сэрвийсэн ганц айпод шанаа руу нь унжина. Элэгдэж навтарсан хар лэптопыг сугалдаргалж, хиртэж сайртсан бор флэшдиск савчуулжээ.
Тав хийтэл таксинаасаа буун, тас хийтэл компьютерээ асаагаад тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров.
“Микагийнх зээл өгөхгүй байна. Дэппсүгийнх боссоо шүүмжилж байгаа. Зараа пиав сорохоор явсан. Хашир Анжигай Хангай ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах блогчиддоо сонин болгон бичиж, Бороо гуай гэж доогуур харан, Сторми ахай гэж дорой дуугарсаар дисплейн өмнө сууна.
Авгай хүүхдээс аяга пиав, хэсэг бургер олж идээд, тэндээс гарч, залуу Маркетерийнд унага татаж өгч Витамин олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ.
Ганга тайжийнд РС форматлаж өгч, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн контентийн захад хүрсэнгүй, баруун вэбийн тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн интернэт провайдерийн эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Нас хэдийгээр залуу боловч контрын донтой, читагийн хэнээтэй тул нутаг сумын хэдэн блогт ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг кейборд нүдэж өнгөрүүлэн, зуны халууныг коммент бичиж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ.
Фактньюс, Оллоо хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр орох сайтгүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий,
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тив, блогспот, гого, банжиг, дэлхий нэт, блог.мн, минийх комыг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр.

Жич: Блогчдын шинэ жилийн баяр дээр унших шахаад больсон хий арзаганалаа оруулав. Гадаад үг олныг ашиглалаа гэж бүү зэмлээрэй. Бас зүгээр л хоосон арзаганал шүү. Цаанаа ямарваа нэгэн улс төрийн санаа зорилгогүй болно оо. Бас нэг зүйл. Би нэтгүй газар луу зохиолын судалгаагаар явлаа. Сэтгэгдлүүдэд хариу бичихгүй удах тул өршөөгөөрэй.

Thursday, January 14, 2010

Блогчид хэлний бодлого руу орвол ямар вэ?

Төрийн түшээд маань төмөр болоод нүүрсний панзад улайраад, төмөр замын хэрүүлд шимтээд, төрсөн хэлээ мартлаа. Эрдэмтэн Г.Буянтогтох гуай "С1" сувгаар "Хэлний бодлого" хэрэгтэй байна гэж мянга үглэвч "76 үхэр" жилмэрээ ч үгүй хэрүүлдээ дуниартаад л.

Тэгэхээр блогчид, сайт эрхлэгчид бид хэлний бодлого гээчид дуу хоолойгоо нэмэрлэвэл ямар вэ? Эх хэл дотор минь хутгалдаад буй харь үгүүдийг монголчлох ажилд өнөөдрөөс эхлээд хувь нэмрээ оруулъя. Та бүхэн ямар үгийг яаж монголчилж, эх хэл рүүгээ оруулж ирвэл оновчтой вэ гэдэг талаар сэтгэгдлээ үлдээнэ үү? Өчүүхэн миний бие энэ бүгдийг эмхэлж цэгцэлж нэгтгээд долоо хоног бүр "Хэлээ цэгцлэхүй" гэсэн гарчигтайгаар нийтэлж байя. Тэгээд хэвшүүлэх гэж буй энэ үгүүдээ бүх блог, бүх сайт дээр нийтэлж, энэ үгүүдээ хэрэглээд, хэвшүүлээд эхэлбэл ямар вэ? Жишээлбэл ТҮЦ гэх товчлол ард түмэнд түүц гээд хэвшчихжээ. Чийдэн, бууз, цай гээд гадаадаас орж ирсэн хэрнээ монголжсон үг байна. Ийм жишгээр зарим гадаад үгийг монголжуулах, заримд нь шинээр үг зохион дүйцүүлэх санаачилга бүгдээрээ гаргацгаая. Эрхэм блогчид, сайт эрхлэгчид та бүхэн энэ хөдөлгөөнд нэгдэнэ үү?

кофе - боргол
билъярд - ёворцог
/Т.Галсан гуайнхаар/

notebook - бүүк
computer - бүүтэр
процессор - цээсэр
ram - раам
hard - хаард
жип - жийп
mouse - хулгана
принтер - хэвлэгч
канон - хувилагч
такси - тээчиг
машин - шийн
мисс - мийс
тооны машин - тоочир
компани - хамтрал
автобус - автуус
микро - мийхэр
/вэбсайт/ site - сайт


Monday, January 11, 2010

Нямдорж, муур, халуун ногоо

Нямдорж, Элбэгдорж, гавьяат малчин Балдан гурав хэн нь мууранд халуун ногоо идүүлж чадахаа үзэхээр мөрийцжээ. Нямдорж муурыг заналтайгаар барьж дараад, амыг хүчээр нээн халуун ногоог халбага халбагаар хийв гэнэ. Тэгтэл Элбэгдорж:
-Нямдорж оо, наадхыг чинь хүчирхийлэл гэдэг юм гэв. Элбэгээ хоёр зүсэм хиам аваад завсарт нь халуун ногоо хийгээд мууранд өгөв. Муур өөрөө идчихлээ гэнэ. Балдан гуай үүнийг хараад,
-Элбэгдорж оо, хүү минь ээ, наадхыг чинь залилан гэдэг юм гэж байна.
Нямаа, Элбэгээ хоёр гавьяат малчны юу хийхийг хүлээв. Балдан гуай халуун ногооноос чимхэж аваад муурын сүүлийг сөхөөд, бөгсөнд нь түрхчихэв. Муур хэвтээд, хаа нэг "мяу-уу" хэмээн уянгалуулан дуугарч, бөгсөө долоож эхлэв. Балдан:
-За тэр харж байна уу? Муур халуун ногоог
сайн дураараа хүртэж байгаагаар барахгүй бүр уртын дуутай долоож байна шүү дээ гэжээ.

Wednesday, January 6, 2010

61 АХ

Т.Бум-Эрдэнийн "61 АХ" шинэ ном худалдаанд гарлаа. Сэтгүүлч, зохиолч Б.Галаарид энэхүү номын өмнөтгөлд ийн өгүүлжээ.

Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

Monday, January 4, 2010

Захирлын ан, болжморын осол

Баян захирал анд яваад, зэгсэн согтуу хэрнээ хоёр шуудай антай иржээ.
-Юу агнав? гэж эхнэр нь баярлан асуув.
-Галуу бас баавгай намналаа. Гэхдээ галуу нь замын турш гуагалж байснаа сая л нам боллоо.
Эхнэр нь жижиг шуудайг онгойлгож хараад,
-Хөөш ээ, энэ чинь галуу биш үхсэн хэрээ байна ш дээ! гэж хашгирав. Захирал:
-Би ч өнгөрчээ. Шоронд явах болж дээ.
-Ганц муу хэрээ аллаа гээд шоронд явах хэрэг үү?
-Үгүй ээ, том шуудайд хийсэн баавгай замын турш оросоор харааж байснаа, чадхийсэн. Орос хүн болж таарах нь.


Нэг залуу хоёр дугуйтаараа давхиж явтал өмнөөс нь согтуу болжмор нисч ирээд дуулга руу нь мөргөөд замын хажуу руу үхэтхийн унажээ. Залуу болжморыг маш өрөвдөв. Түүнийг гэртээ авчраад торонд хийгээд, өмнө нь ус талх тавиад хүлээв. Болжмор удалгүй сэргээд хэлэв.
-Пээ..! Төмөр тор, талх, ус. Би шоронд орчихож. Хөөрхий залууг алчихаж!
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates