Thursday, October 8, 2009

ЗАМЫН ТҮГЖЭЭ МАНДТУГАЙ

/фельетон/
Зуны дунд сараас эхлэн уурандаа багтрах шахаж, эргэн тойрноо харцаараа урж, хар яр архирч байсан нийслэлчүүд өнөөдөр тэс өөр болжээ. Замын түгжээнд гацаад байгаадаа чин зүрхнээсээ баярлан, эелдэг инээмсэглэх царай гудамжийг чимж байна.
Хамгийн баяр хөөртэй байгаа хүмүүс бол “нийтийн тээвэр” гэсэн шар туузтай саарал тэрэгний жолооч нар. Түгжрэлийн өмнө тэднийг буудал бүр дээр хувин тоссон саальчид эрээн модоор чичлэн угтдаг байлаа. Тэгвэл одоо замын цагдаа юун сааль сүү саах манатай, хөлс баасаа урсган, дөрвөн замын уулзварт хаашаа ч хөдлөх аргагүй нам зоолттой зогсох болжээ. “Түгжрэлийн буянаар манай ажилтнууд шударга болон хүмүүжиж эхэллээ. Бид улсдаа ариун цагаанаар хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж болдог гэдгийг ойлголоо” хэмээн замын цагдаагийн дарга зурагтаар ярьсан гэлцэнэ.
Долоон буудлын Долзод эмээ “Зам түгжсэн хотын дарга хүүгийн буяныг нэм!” гэж дуу алдан залбирч, магнай хагартал баярлав. Учир юу гэвэл түүний дөчин долоотой гон бие гозон толгой ганц хүү нь түгжээний буянаар хань бүлтэй болоод байна. Эмгэний хүү хөлсний тэрэг барьдаг агаад, нэгэн бүсгүйг Толгойтоос Шар хад хүргэх замын туршид нүүр хагаран танилцсанаар барахгүй гэрлэлтээ бүртгүүлж, бас бие давхар болгож амжжээ. Долзод эмээ ачийн зулай үнэрлэнэ гэхээс тэсч ядан суугаа сурагтай.
Баярцогт, Зоригт, Гансүх гурав баярлахын дээдээр баярлаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн замын бөглөөнд гацаж байх хооронд эрхэм сайд нар Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж амжжээ.
Нууц амрагуудад ч түгжрэл ач тусаа өгч байна. Ажлаа тараад, буудалд учирсан хоёрын эрэгтэй рүү эхнэр нь залгахуйд, хөлс бурзайж, амьсгаа өндөрдсөн эр сандарсан шинжгүй утсаа авна.
-Хөгшин чинь яг талбай дээр нам гацчихаад байна!
-Тэгээд яагаад амьсгаадаад байгаа юм бэ?
-Уур хүрээд, багтрах шахаад байхад чинь амьсгаадахгүй яадгийм!
-Миний өвгөн тайван бай. Зүрхээ бод! гэх утасны яриа эхнэр нөхрийн хооронд өрнөнө. Зарим нэг нөхөр үүрээр гэртээ орж ирээд, Их сургуулийн гудамжны гацаа сая л нэг юм онгойлоо гэдэг болжээ.
Албан хаагчид, багш, оюутан сурагчид бултаараа жаргаж байна. Шуурхай зөвлөгөөнд хоцроод, “Дарга аа, замын түгжээ хэрэг алга аа...” гэнэ. Дарга ажилтан руугаа зовлон ойлгосон энхрий зөөлөн харцаар хараад, суудал руу дохидог болсон. Их сургуулийн багш Хаймчиг хувийн сургуульд цагийн хичээл заачихаад, малийтал инээсээр орж ирнэ. “Бага тойрууд бөглөрөөд, бүтэн цаг гацчихдаг байна шүү!” гэнэ. Тэнхимийн эрхлэгч гараа алдлахаас өөр юу ч хэлэхгүй.
Бид урьд нэг л замаар уйдталаа холхидог байсан бол одоо зүлэг талбай, замын хажуу, голын эрэг хаа дуртай газраараа эрх чөлөөтэй сүлждэг боллоо. Шинэ содон газар түгжирч, шинэ сайхан охид харж, нүдээ баясгаж байгаадаа сэтгэл туйлын хангалуун. Түгжээнд зогсож байхдаа хажуугийн тэрэгний хөршийнхөө амар мэндийг мэдэж, гэр бүл үр хүүхэд, ач зээ болоод эмээ өвөөгийн лагшин тунгалаг эсэхийг асуудаг болоод байна. Хотын иргэдийн зан харьцаа мэдэгдэхүйц сайжирлаа.
Замын бөглөө Монголд эргэлт авчирчээ! Түүхчид эрин зууныг түгжрэлийн өмнө үе, түгжрэлийн дараах үе гэж хуваахаар санал дэвшүүллээ. Түгжрэлийн ачаар жолооч амгалан болж, цагдаа хүмүүжиж, хүүхэд төрж, хүн ам өсч, түүхэн гэрээг үзэглэснээр эдийн засаг эрс сайжрах гольдролд орлоо. Монголчууд бид өөр хоорондоо эвтэй харьцаж, ойртон нягтарлаа. Бид түгжрэлд орохоороо эвтэй болдог, эвтэй байхдаа хүчтэй байдаг ард түмэн ажээ. Замын түгжээ мандтугай!

27 comments:

Leaders of Tomorrow said...

Гадаадаас найзууд ирэхээрээ эхлээд урдуураа гарсан хүнд зам тавьж өгнө өө. Хэд хоноод л хараалаа хэлээд үзэж өгнө дөө. Энэ мэтчилэн зовлон их бии дээ. Заримдаа эвгүй үнэртэй микро ч юмуу таксинд суусан хүмүүс хордлого аваад эмнэлэгт бас очдог гэж байгаа. Шатахуун нь дууссан машин түрэлцэнэ, түгжрээнд орсон хүмүүс уйдхаараа эф эм-ийн өөрсөдөд нь зориулсан нэвтрүүлэгт орж үүрэн телефоныхны дансанд хэдэн бор юмаа тушаана,замын цагдаа үүнийг мэдээд бас эф эмтэй болоод авсан гэж байгаа. Дэлгүүрийн хөргөгчнөөс худалдаж авсан хөлдүү зүйл нь гэсээд бас нэг шаталт болдог. Ажил дээрээ жаахан юм балгасан баагийнууд гайгүй газар үсэргээнд орох гэж явах замдаа таксин дотор уусан юм нь гараад төлөвлөгөө нурна. Гэх мэт олон хэрэгтэй болон хэрэггүй зүйл энэ түгжрэл дунд болж байна даа.

soulmate said...

хаха хөгжилтэй бичжээ

замын түгжрэл урт удаан үргэлжлэх болтугай

Amgaa said...

Тэххх бүх юм 2 тайлтайййй гэж

A.Амарсайхан said...

Баянмөнхөд:
Таксинд суусаар байгаад хамаг архиа гаргачихсан залууг бодохоос өрөвдчихлөө

Сөүлмэйтэд:
Ерөөл бат оршиг. Дараа жилийн зун бас л зам засвартай гээд байгаа. Энэ жилийн тавьсан замуудаа дахиж нураагаад доогуур нь байгаа дулааны шугамуудыг нь засах юм гэнэ лээ

Амгаад:
Тийм шүү. Бодоод байсан шиг ашигтай золиг байж

Anonymous said...

хэхэ. Ерөөлөөр Ерөөлөөр. Нам зогсож, бат хөгжих болтугай. ккккккк

жигүүр

iin said...

амар амар, жоохон хоцорвол түгжрээд гээ л болоо, хэхэ

Tsatsral said...

Zamiin tsagdaatai heseg n bol aimaaaaaar unen shuu :-)

A.Амарсайхан said...

Анонимд:
Зогсолт ч бас заримдаа хөгжил дагуулдаг аж

Ийнд:
Тийм шүү. Хоцорохоос айдаг цаг ард үлдсэн

Цацралд:
Цацралд тийм ээ, бодит амьдрал

Unknown said...

Та чинь харин сайхан санаа өглөө шүү. хи хи

amor said...

чимхэж чимхүүлж амьдрах хорвоо..
Ура Ура Ура!!!

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Алийг нь хэлээд байна? Нөхөөр

Аморт:
Ура хашгирсанд баярлалаа. Хурайлсанд баярлалаа ч гэж хэлж болох.

Уул нь монголын Хурай гэдэг үгийг оросууд ура гэж хуулсан юм билээ. Дараа нь социализмын үед бид Хурай гэдэг үгээ Ура болгож гуйвсан хэлбэртэйгээр буцааж зээлсэн байх юм.

bum said...

Эвтэй бол хүчтэй. Бас бөөндөө байвал хүчтэй. Замын түгжрээ нь урсаж буй цагийн эсрэг хүчтэй сөрөг хүчин юм даа

Муу хүн said...

Түгжээнээс төрсөн тэрбумтан байвал яахуу
Түгжрэлээр баяжсан түүхээ хүүрнэвэл ямруу
Юм юм хоёр талтай ч
Юмыг ашиглан баяжигсад бас байхым аа.

Ochko said...

Лайтай бичжээ. Таалагдлаа. Замын түгжээ мандтугай!

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Засгийн эрх булаацалдах бус, засаг барьж буй этгээдүүдэд ач тустай сайн сөрөг хүчин байгаа биз

Нэгэн хүнд:
Түгжээнээс олон тэрбумтан төрж байгаагийн гол төлөөлөгчдийг нь цухас дурдсан гэх үү дээ. Яг энэ санаагаа бариад бичвэл их юм ярьж болох байх өө

Очирхуягт:
Хурай хурай

Huhtolbot said...

Zamiin tugjee zamiin tugjee l gene, zam bish mashinii tugjee sh d uul ni...ugui ee hunii tugjee ch yum uu bas l bish yumaa gotiin tugjee yum uu, za medkuu ee, gehdee l manaih chen 1000-nii zamtai tugjirdeggui bayan uls baihgui u.
Mandtugai zam, hun, gotiin tugjee.

Chandmani said...

...замын түгжрэлийн ачаар машинаас гарсан утаа униар нь үүл болж хураад бороо орон саадны цэцэг ногоог усалж байгаа гэж үнэн үү?

A.Амарсайхан said...

Хөхтолботод:
Хүн чанарын түгжээ ч гэсэн болох байх. Хүн нь хүнээ бодож, хүндэтгэхээ байснаас үүдсэн түгжээ болов уу, даа

Чандманьд:
Бороо ороод л байгаа. Чухам аль үүлнээс ороод байгааг нь сонирхож байгаа хүн алга. Бүгд 24 дүгээр тойрог, Жавхлан, Энхбаяр гурвыг хараад таг сууж байна

peakfinder said...

Ugui ingeed sain taliig n' bodood baival uurlaj nervee barahgui zugeer ch yum uu?

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Тийм шүү. Уурлана гэдэг чинь өөрийгөө л зовооно шүү дээ. Сайхан инээгээд хажуу тийшээ хар. Дэргэдэх тэргэнд чинь маш сайхан залуу инээмсэглэж харагдана

etvgen said...

Ёстой сайхан нийтлэл байна. Ойрд ийм зүйл уншсангүй бас их хөгжилтэй юмаа :)) G.Bayanmunkh бичсэн зүйл бас гоё байлаа :D

ZAYA said...

Түгжээнд суусаар байгаад блогтоо ч салхи оруулж чадахгүй байна шүү ахаа.

A.Амарсайхан said...

Этүгэнд:
Урам өгсөнд баярлалаа.

Заяад:
Юнителийн live гээч интернэтийг аваад түгжээнд блогдож бас болно ш дээ. Эсвэл IT паркийн ойрхон түгжирч ч болно шүү дээ

А said...

хэхэхэ, тийшт ЗАМЫН ТҮГЖЭЭ МАНДТУГАЙ УРА

Замын түгжрээн дунд нойроо авчихаад ажил, шоу-гаа тасралтгүй үргэлжлүүлээд байшт зарим нь

A.Амарсайхан said...

Юкид:
Чи маш үнэн хэлжээ. Наад санааг чинь нэг абзаз болгож оруулах байжээ.

Дэндэв said...

Хахаха Түгжирч үзхиймсаан гэж

A.Амарсайхан said...

Дэндүү Дэндэвт:
Хэдэн он бэ? Одоо болтол түгжирч үзээгүй юугаа хийж, хаанаа явсан хүн болж байна аа?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates