/фельетон/
Гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл хөхтөн амьтан бүлгээ. Газар сайгүй төсөл хэрэгжиж, гадаадтай тулж ажиллаж сурах нь монгол хүний эрмэлзэх арван зүйлийн нэгэн болсны учир энэхүү гарын авлагыг бүтээсэн болой.
Тэд бол илжиг шиг зөрүүд хүмүүс гэдгээс эхний зөвлөгөө үүднэ. Тэдэнтэй харьцахдаа зөрүүдлэнэ гэдийг нь тооцож, санаагаа ямагт эсрэгээр хэлэх хэрэгтэй. Урагшаа явах хэрэгтэй бол хойшоо давхия гэж хэл. Тэднийг онгоцоор нисгэмээр байгаа бол галт тэрэг санал болгох хэрэгтэй. Тэмээ унуулмаар байгаа бол “Ямаа зайдлах нь эрүүл мэндэд тустай” гэж ятга.
Нэгэн төслийнхөн хонины суурьт саравчтай хашаа барих болж л дээ. Төслийн монгол дарга эрүүл ухаантай хүн байсан болохоор нөмөр газар, салхины уруу харсан байрлалтай зураг төсөл хийсэн байв. Тэгтэл төслийн гадаад даргын зөрүүд зан хөдлөөд, “Саравчийг уулын оройд, умар зүгт харуулж барь! Би төслийн ерөнхий захирлын хувьд тушааж байна!” гэсэн юм. Тэр хашаанд одоо шувуу ч өндөглөхгүй байгаа гэлцдэг. Төслийн монгол дарга гадаадуудтай тулж ажиллах арга барил эзэмшээгүй байсны улмаас өчнөөн хөрөнгө өндөр уулын оройд үжирч хэвтэж буй нь тэр.
Тэд сургалт явуулах асар дуршилтай. Сургалтаа заавал энгийн зүйлээс эхэлдэг сайхан заншилтай. Хонины махыг лаазалж, нөөш хийх тухай заах гэж байгаа бол хичээлээ “Хонь бол хоёр нүдтэй дөрвөн хөлтэй амьтан агаад, ховор тохиолдолд ганц нүдтэй төрөх нь бий” гэх ярианаас эхэлнэ. Долоо хоногийн сургалтын эхний зургаан хоногтоо хонь монголын тал нутагт амьдардаг нь гарцаагүй үнэн болох тухай сайтар зааж хэлж өгөөд, долоо дахь өдрийн үдээс өмнө хонины махыг хэрхэн лаазлах тухай цухас дурьддаг. Мэдээж, үдээс хойш нь сургалтын гэрчилгээ гардуулах ёслол хийнэ. Үүнээс үүдээд, гадаад багшийн сургалтад ирэхдээ зүү утсаа сайтар базаах хэрэгтэй гэх хоёр дахь зөвлөгөө гарч ирнэ. Зургаан өдрийн турш дэмий гиюүрэхийн оронд та зүү ороовол зургаан сайхан оймс нэхэж, эх орныхоо эдийн засагт нэмэр болно гэсэн үг.
Яамныхан танай байгууллага луу гадаад мэргэжилтэн илгээхдээ, “Асар туршлагатай, нэвтэрхий мэдлэгтэй, алтан гартай” хэмээн суртал ухуулга хийнэ. Энэ худал ухуулгад итгэх нь туйлын гэнэн хэрэг юм. Нэвтэрхий мэдлэгтэй байсан юм гэхэд юугаа хийж наашаа ирэх вэ? Зэрэг хамгаалж, нээлт хийж, нэрээ дуурсгаж, эх орондоо баян цатгалан сайхан амьдрах байсан шүү дээ. Шилдэг нь бус, тааруухан нэг нь нутагтаа гологдохоороо буурай оронд бумба галзууруулах томилолт гардан авдаг. Тэгэхээр гуравдугаар зөвлөгөө бол тэднийг юм мэддэг гэдэгт бүү итгэ.
Дөрөв дэх зөвлөгөө бол тэдэнтэй ажиллахдаа гахай шиг тэвчээртэй байх. Өглөө ажилдаа ирэх, орой салахдаа тэднийг элэгсгээр тэвэрч хошуун дээр нь үнс. Өмхий амтай тэтгэврийн хөгшин ч бай хамаагүй тэвчиж байгаад үнс. Тэвчээр алдаж ярвайж хэрхэвч болохгүй. Тэд монгол хонийг бүдүүлэг байна гэж толгой сэгсэрвэл та тэвчээртэй байж, хонио соёлч боловсон харьцаанд сургах ёстой. Хонь нэг бүрийнхээ нусыг авч, нүүрийг угаа. Тэдний үгийг сөрөх аваас та гадаадын мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцаж буй нь тэр. Мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцдаг ажилтан орчин үеийн Монгол улсын аль ч салбарт тэнцэхгүй гэж мэд.
Тав дахь зөвлөгөө бол тэднээс юуг ч битгий асуу. Гэнэ алдаад, “Хонио худгаас усалж болох уу?” гээд асуучихлаа гэж саная. Мэргэжилтэн хонь усыг амаараа уугаад, боожгооны сүвээрээ дамжуулан гадагшлуулдаг нь үнэн болох тухай тайлбарлан, зургаан өдрийн хичээлийг танд заана. Эцэст нь “Хонийг худгаас усалж болох эсэх тухай асуудлыг би мэдэхгүй” гэнэ. Тэгээд энэ чиглэлд илүү нарийн мэргэшсэн бас нэг гадаад мэргэжилтнийг урьж ирүүлж, зургаан сарын сургалт явуулна. Тэр хооронд таны хонь усгүй байх болно. Монгол нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон хонь тулдаа л тэснэ.
Зургаа дахь зөвлөгөө бол тэдний дэргэд дүрэм журмыг ягштал баримтах явдал. “Хонийг өглөөний наймд бэлчээнэ” гэсэн дүрэмтэй бол цасаар шуурч байсан ч бэлчээх л ёстой. Хонио шуурганд уруудуулаад бүгдийг нь чадхийлгэх байлаа ч гэсэн дүрэм бол дүрэм. Та хоньгүй хоосорлоо гэж гутрах хэрэггүй. Цаадуул чинь таныг малжуулах төсөлд хамруулчихна.
Эцэст нь хэлэхэд, гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл, ашиг тустай хөхтөн амьтан бүлгээ. Гадаад мэргэжилтэн сэтгэл харамгүй зааж зөвлөсний ачаар мал гучин сая хол давж, монголчууд бид идэх махтай, цатгалан сайхан амьдарч буй билээ.
Баавгай болохсон
1 week ago