Михайл ЗАДОРНОВ
Манайхны хоёр залуу хөдөөгийн нэгэн замаар хоёр дугуйтаараа салхи исгэрүүлж явж л дээ. Хотын цаахнатай байх уулзвар дээр тэднийг цагдаа зогсоогоод төрийн хүнд байх ёстой төрхөөр ширүүн гэгч асуув.
-Яагаад хамгаалах дуулгагүй явж байдаг билээ? Ер нь хамгаалах дуулга гэдэг чинь, нөхөд минь, ачааны тэрэгний жин дарах цохилтыг даадаг юм. Дуулгагүйгээр хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь аюултай! гэхчлэн бүхэл бүтэн цагийн хичээл уншаад, мэдээж хэрэг торгож л дээ.
Торгуульд хэдэн юм алдсандаа нөгөө хоёр жаахан гутраад, цаашаа давхижээ. Төрөлх тосгондоо хүрээд, ажлаа амжуулчихаад буцах болов. Мэдээж нөгөө л замаараа шүү дээ.
-Тэр муу цагдаа дахиад л бид хоёрыг торгоно доо. Тосгоныхоо хаанаас нь дуулга олох вэ? гэж залуус бодол болов. Нэгнийх нь дэндүү сийрүү толгой тэр дороо ажиллав гэнэ.
-Хөөш, миний цүнхэнд усны бөмбөг байгаа. Яг дундуур нь зүсэж хуваагаад, толгойдоо углачихъя. Муу тэнэг цагдаа холоос хараад хамгаалах дуулга л гэж харна шүү дээ гэх нь тэр.
-Тэгье. Миний хөгшний сийрүү толгойг уу? Дэндүү шүү! гэж цаад нөхөр нь дуу алджээ.
Таллаж зүссэн бөмбөгөө толгойдоо углацгаав. Хийсчихэж мэдэх тул туузан наалтаар хүзүүгээрээ бүчлэн нааж тогтоов гэнэ. Манайхан туузан цавуугаар юуг л эс наадаг билээ дээ.
Ингээд давхицгаалаа. Тал бөмбөгөөр хийсэн уран бүтээл нь дуулгатай тийм ч адил харагдахааргүй байсан тул дэндүү сийрүү толгойт хаширлаж,
-Дуулга дээрх эржгэр бижрүүг тэр муу хог харчихаж магадгүй. Цагдаагийн хажуугаар гарахдаа хурдаа огцом нэмээрэй, ойлгов уу? гэжээ.
Цагдаагийн хажуугаар гаран алдаж явтал нэгнийх дуулга нь хийсээд явчих нь тэр. Бүр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нүдний нь өмнө шүү. Цагдаа сонор сэрэмж гэж аюул хүн тул тэр дор нь шидэт дохиураа өргөлөө. Мэдээж өглөөний торгуулиар олсон юмаараа жаахан найрлаад зуу татчихсан учир хэн нэгэнтэй ярихыг маш их хүсэж байсан хэрэг. Энэ удаа яагаад дуулгагүй явж байгааг зүгээр л асуугаад өнгөрсөнгүй, хамгаалах дуулга бол ачааны тэрэгний жинд хүрэх цохилтыг даадаг тухай өнөөх хичээлээ дахин уншив! Уншаад ч зогссонгүй амьд үзүүлэн дээр харуулахаар шийдэж,
-За, чиний найз дуулга өмсчээ, их сайн байна. Дуулгатай болохоор ямар ч цохилтыг даана гэсэн үг. Харж бай!
Ингээд л шидэт дохиураа далайж далайж, байдаг хүчээрээ хөөрхий залуугийн бөмбөгтэй толгой дээр байлгаад авах нь тэр! Дуулгатай тун адилхан харагдаж л дээ.
Үр дүнд нь дэндүү сийрүү толгойт маань сэхээний тасагт жаахан хэвтээд, тархи хөдөлсөн гэсэн оноштой, насаараа ярьж хүн инээлгэх сайхан паянтай болоод гарч ирсэн байгаа юм даа.
Хөрвүүлсэн А.АМАРСАЙХАН