цувралыг ийнхүү эхлүүлж байна.
Үүндээ өөрийн мэдэх эгэл болоод эгэл
биш хүмүүсийн тухай өгүүлэх юм.
“Солиотой амьтан” Сургуульд “солиотой амьтан” буй болсон тухай шуугицгаав. Хэд хоноход долоо, найм, есдүгээр ангиуд туушдаа түгшүүрт автсан байлаа. Шугам зургийн хичээлд тахир гурав авбал дээдийн заяа боллоо хэмээн гутарцгаана. Шинэ багш, галзуу солиотой нөхөр ангийн гучин найман сурагчид хавтгайд нь “0” дүн тавьсан тухай хүүхдүүд нүдээ орой дээрээ гарган ярилцана. Зэргэлдээ болоод дээд ангиас хамгийн гоё зурдаг гэгддэг хэдхэн хүүхэд л “3” дүн авсан нь дээд үнэлгээ боллоо гэлцэв.
Манай ангид шугам зураг орох өдөр ойртсоор. Би өмнөх багшийн өгсөн даалгаврыг аль хэдийнэ хийчихсэн байсан ч ахиж шинээр зурахаар шийдлээ. Байдгаараа хичээж бүтэн гурван цаг суусан санагдана. Хатуу дүнтэй, шинэ багштай тулахаар биеэ хөвчилж, бэлтгэлээ базааж буй нь тэр.
Залуу зохион бүтээгчдийн дугуйланд явж, долдугаар ангийн хүүд ахадсан нарийн шугам зураг дээр ажиллаж байдаг болохоор энэ хичээлийг мэднэ гэдэгтээ зуу биш сая хувь итгэлтэй байлаа. Тэрхүү солиотод миний өөдөөс хэлэх үг олдохгүй гэж бодогдох боловч битүүхэндээ айдас гэхэд биш, нэг л хачин мэдрэмж төрнө.
Гурав хасахБаасан гариг болж, шугам зургийн багш анги руу орж ирлээ. Үл ялиг долгиотсон халимгаа нямбай самнасан, шар царайтай, бас ч үгүй бүргэд гэж хэлж болохоор хамартай эр дэрхийтэл боссон сурагчид руу ширүүн гэгч харж билээ. Одоо ч түүний харц нүдэнд харагдах шиг болдог. Нэвт цоргисон харцтай хоёр нүдэнд нь багагүй эрч хүч мэдрэгдэж байж дээ.
Нэрсийн дарааллаар хамгийн түрүүнд Алтанцэцэг гэх онц сурлагатан, сүрхий гялалзуур охин ажлаа үзүүллээ. Түүний зураг руу намын хорооны нэгдүгээр дарга л ингэж харж чадна даа гэмээр хямсгар ихэмсэг харц чулуудаад, ярвайснаа өнөөх алдар суут дүнгээ дугуйруулав. Хүүхдүүд жиг жуг гэлцээд явчихлаа. Алтанцэцэг тоосон шинжгүй жуумайн, шилнийхээ цаанаас инээмсэглэсээр суудал руугаа чиглэхэд, багш нэрийг минь дуудлаа.
Харин миний зургийг хармагцаа зогтуслаа шүү. Толгой өндийн над руу харж байна. Улаан балаа эрээчих мэт хий эргэлдүүлэх зуураа бодолхийлж байснаа “3-” гэсэн дүн тавьчихлаа. Хамгийн дуртай энэ хичээлд таваас өөр дүн авч үзээгүй хүнд энэнээс илүү доромжлол гэж юу байх вэ? Би дэлбэрэхэд бэлэн болоод түүн рүү эгцэлж хараад зогсчихсон байв.
-Хэмжээний сумны урт хэдэн миллиметр байх ёстой билээ? Чинийх урт биш үү? Бас зарим үсэг чинь стандартын бус байна гэж тэр хэллээ. Суухаар эргэхэд нүднээс нулимс цийлэгнээд, цээжин дотор минь хүчил хүнцэл гээд орчлонгийн бүх хорт бодисыг холин буцалгаж буй мэт хор шар бургилж билээ.
“Хүйтэн дайн” Энэ бол 1983 он байлаа. Дэлхий дахинд “хүйтэн дайн” гэгч өрнөж, Рейган, Андропов хоёр ид үзэлцэж байсан үе. Д.Цэдэн-Иш хэмээх тэр шинэ багш бид хоёрын хооронд ч хүйтэн дайн дэгдлээ. Андроповыг хөнөөхийн тулд Рейган цөмийн пуужин базааж байсан бол, Цэдэн-Иштэй дайтахын тулд би шугам зургийн номноос салахаа болилоо. Номоо үзэж суухдаа гэнэт хор шар дүрсхийгээд, шүдээ зууна.
Хэдэн зураг шалгуулсны эцэст дүн маань “5-” болж ахилаа. Хүүхдүүд онц дүн авчихлаа шүү дээ гэж бахархан дуу алдацгааж байхад би бас л өөлүүлэх алдаа хийсэндээ уйлчих шахсан амьтан суудалдаа дөхөж явсан юм.
Өөрийн ангийн төдийгүй зэргэлдээ ангийн ганц нэг онц сурлагатан шугам зургаа зуруулах гэж намайг тойлно. Арав хорин хүний зураг хийхээс өөр аргагүй болно. Зургуудыг шалаараа нэг тарааж цацчихаад тушьлэнэ. Зураасыг нь нэг нэгээр таталж, тойруулж шидлэн хатаасаар шөнө дунд хүргэнэ.
-Хүний хүүхдийн зураг зураад, хичээлээ хаялаа хэмээн аав ээж үглэнэ.
Удалгүй багш учиргүй хатуу дүнгээ зөөлрүүлж, наанатай цаанатай хандах болж, би өрөөлийн олон зурагтай ноцолдох ажлаасаа салж билээ. Мэдээж хэрэг багшийн ийм галзуу солиотой хатуу дүн захирал эрхлэгч нарт таалагдаагүйгээс зэмлэж, зандарч, дарамт шахалт үзүүлсэн байх гэж одоо бодогддог. Гэхдээ хүнийг бүрмөсөн хүмүүжүүлнэ гэж юу байхав, багшийн хатуу шаардлага хэвээр үлдсэнсэн.
Муруй зураас Шугам харандаа зодолдуулсаар нэг жилийг үзэж, наймдугаар ангид дэвшлээ. Хатуу багшийн гарт орсных манай ангийнхан шугам зурагтаа эрс сайжирлаа. Би нэгэн хичээлд нэвт нүхтэй цилиндр хэлбэртэй эд анги зурснаа шалгуулав. Хажуугийн проекц дээр нэвт гарсан нүхний амсар муруйгаар дүрслэгдсэнийг багш улаан балаар эгц шугам болгон засчихлаа.
-Энэ яахаараа муруй болчихдог билээ? гэж сүртэй асууж байна. “Багш хүн эндүүрч болно гэж үү?” хэмээн би мэл гайхлаа. Бид хоёр маргаж эхлэв. Би зөвөө батлахаар шохой аван самбарт зурж эхэлтэл багшийн тэвчээр алдрах нь тэр!
-Балай юм уу, чи! Юу гэж муруй байх вэ! гэж тэр чарлалаа. Миний ч уур дүрсхийж,
-Үгүй муруй гарна! Та өөрөө балай юм уу? гэж шазуур заалаа.
Эрхлэгчийг дуудуулж, багшийг балайгаар дуудсан сурагчид арга хэмжээ авахуулах болов. Манай ангийн охидоос ганц нэг нь уйлж байна. Надад ч “Сургуулиас хөөчих болов уу...” гэсэн айдас төрөв.
Эрхлэгчийн албан тушаалыг хашдаг Г.Цэвэгсүрэн багшийг ирэхэд би шалдаа буугаад байлаа. Их нэр хүндтэй, энэ бурхан шиг хүний өмнөөс сургуулийн захирал ч үг хэлдэггүй байсан болов уу. Цэвэгсүрэн багш намайг өрөөндөө авч ороод, сурагч хүн багшийг хэрхэн хүндлэх ёстой болоод, их юм мэдчихсэн мэт санагдах нь бидний насны онцлог болох тухай удаан ярьж сэнхрүүлж билээ.
Хичээл тармагц яаран гэртээ ирээд, ном ухаж үзвэл яах аргагүй миний зөв байлаа. Сайн нягталж хараагүйгээс санамсаргүй гаргасан энэ алдаагаа багш ч бас мэдсэн байж таараа. Гэхдээ хэн нь ч дахиж энэ тухай ярилгүй чимээгүй өнгөрсөн дөө.
Хожмын эргэцүүлэл Эхэндээ би багшийг буруугаа улаан цайм дараад өнгөрсөн жудаггүй хүн гэж бодох болсон. Гэвч түүний зөв байсныг амьдралын дэнс шүүн тунгаажээ. Багш хүнд өндөр шалгуур тавьж, хатуу хариуцлага тооцдог асан тэр цагт энэ санамсаргүй алдаа нь түүнийг ажлаас нь холдуулж мэдэх байсан. Тэгсэн юм гэхэд нэг сургуулийн бүхэл бүтэн хэдэн үеийнхэн шугам зургийн ер бусын сайн сургалтыг мэдэхгүй өнгөрсөн байхсан. Түүний хатуу шалгуурт зурах дөртэй болсон хүүхдүүдээс олон сайн инженер төрж гараад, зам, барилга, уул уурхай, үйлдвэр, их дээд сургууль, хаа сайгүй мэдлэгээ гайхуулж явна.
Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн инженерийн бэлтгэл тэнхимд манай сургуулиас 1986 онд таван хүн очсон. Тэгтэл тавуул таван өөр ангид шугам зургаар толгой цохиж, оюутны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд зургаа тавиулж байлаа. “Выполнил: ” гэсний ар дахь танил нэрүүдийг хараад сургуулиараа, бас багшаараа бахархах сэтгэгдэл төрж билээ. Тэнхимийн шугам зургийн багш хижээл эмэгтэй “Монголд шугам зургийг үнэхээр зааж чадах юм аа” гэж хэлж байсан.
Шугам зураг хэмээх агуу ухаанд үнэн голоосоо хайртай, инженерийн эриний бүх хүн шугам зургийг ягштал мэддэг байх ёстой гэсэн үзэлтэй нэгэн багш тийнхүү гэнэт гарч ирэхэд, захирал, багш, сурагч, эцэг эх, хэн ч ойлгохгүй байж дээ гэж одоо бодогддог. Бүгд түүнийг галзуу солиотой, хэнхэг хэнээтэй, ер бусын амьтан хэмээн адалж байж.
Гэвч цаг хугацаа хэмээгч асар хүчирхэг шалгуур түүний хэн байсныг хэдийнэ тодотгосон байх юм. Цэдэн-Иш хэмээх энэ ер бусын сайн багш бидний зургийн дэвтэрт ер бусын тод шугам үлдээжээ.