/фельетон/
Малчин би Монголын УИХ-д үнэн голоосоо гомдлоо. Гомдлоос болоод дотор бачуурч, хархан нүдийг минь нулимс бүрхэв.
Өчигдөр өглөө босоод иртэл, хөх сэрх улаан борлонг мөргөөд ухаан алдуулчихаж. Хөөрхий минь, УИХ-аас өгөмшөө болсон таван төгрөг шүү юмыг чамлаж, уур нь хүрсэн байна шүү дээ! Хоёрын хооронд гурвын дунд гэгчээр дөрвөн ямаа тутамд хэдхэн цаас өгөөд байхдаа яахав дээ. Ядахдаа нэг зуун мянга, байг гэхэд ганц сая төгрөг өгчихсөн бол ямаа минь ингэж уурлахгүй шүү дээ!
Энэ ч яахав бага хэрэг. Өнөө өглөө босоод иртэл яасан гэж санана аа! Хүрэн азарга маань уурандаа багтраад, ягаан ухнын минь өрөөсөн эврийг хуга тангарчихжээ. Аргагүй шүү дээ! Тавын таван хошуу мал байсаар байтал нэгд нь мөнгө өгөөд нөгөөг нь ялгаснаас болоод тэр!
Малчин би, малыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг Монголын УИХ-д үнэн голоосоо гомдож байна. УИХ-ын тэнэг гишүүд, энэ тэнэг хуулиа эргэж хараад таван хошуу малд тавууланд нь мөнгө өгмөөр байна!
Миний гомдол ганц үүгээр дуусахгүй ээ. Есөн сарын нэгэнд яасан гэж санана аа! Миний бага хүү уурлаад, сургуульд явахгүй гэсэн. Эгчийнх нь сургалтын төлбөрийг төр даадаг хэрнээ миний муу хүүг алагчилж байгаа болохоор уурлалгүй яах вэ! Малчдын “нэг хүүхдийн” сургалтын төлбөрийг төр хариуцна гэсэн заалтаа “бүх хүүхдийн” болгож засах хэрэгцээ амьдралаас урган гарч буй нь энэ. Би болоод, миний бага хүү гомдов!
Сонгуулиар малчин бидэнд маш бага зүйл тарааж байна. Доромжилж байгаа юм шиг аравхан мянган цаас өгсөн чинь маргааш нь л алга болсон. Биднийг доош хийж, “Хараа”, “Ерөөл” тараадаг явдлаа таслан зогсоомоор. Ядахдаа л “Хар Чингис” өгмөөр байна. За “Алтан Чингис” бол пош гээд явчихна. Тараах тараахдаа ганц шилийг бус, хэдэн авдар бол зүгээр. Удахгүй хүү гэрлэнэ.
Өнгөрсөн өвөл зуд болгоогүй УИХ-д үнэнхүү өширхөж байна. Хэн нэгэн тэнэг гишүүн “Цас ороогүй юм чинь, зуд болоогүй” гэж хэлсэн нь тэнэглэлийн дээд хэлбэр болсон билээ. Цас ороогүй гэдэг чинь “харын зуд” нүүрлэлэж буй нь тэр. Цас бага унана гэдэг чинь “алаг цоогийн зуд” болжээ гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг тунгааж үзээд, “Жил бүрийг зудтай гэж үзэх тухай” хууль батлах нь зүйтэй.
За тэгээд зудын тусламжид маш бага гурил өгдөг УИХ-д үнэн голоосоо гомдож байна. Уут уутаар биш, тэвш тэвшээр тараах нь зөв. Орос гурил боов хийхэд хөхөрдөг. Хятад гурил цаанаа л нэг зэвий даагаад ямар ч амтгүй байгаа тул Америкаас ч юм уу, эсвэл Англиас гурил оруулж ирж бидэнд тараах нь зүйтэйг анхаарах хэрэгтэй!
Малаас хэт өндөр татвар авч байгаа УИХ-ыг харааж зүхмээр байна! Нэг бодоос жилд зуун тавин төгрөг татна гэдэг чинь арай дэнджээ. Хувийн үйлдвэрийн нэг зайрмаг, нэмээд нэг иштэй чихэр аваад идчихэж болох асар их мөнгө шүү дээ! Ер нь татвар авах биш малын тоогоор малчинд мөнгө олгодог болох нь улсын хөгжилд нэмэртэй. Мал бол Монголыг тэжээгч голлох үйлдвэрлэл шүү дээ.
За тэгээд, эцэст нь нэг зүйлийг анхааруулъя, УИХ-ын тэнэг гишүүн гуай! Хэрвээ миний гомдлыг барагдуулахгүй бол чамайг сонгохгүй, сонгуульд чинь очиж, тавин хувийн ирц бүрдүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье!
Мянгат малчин А.Амарсайхан