(шог өгүүллэг)
Хөгшин залуу, эр эм арван хэдэн хүн нэг гэрт байх тул амь нэгтэй. Нэг гэр гэдэг нь Сүхийн талбайн ойролцоо байх дулаан дамжуулахын нэгэн хонгил л доо. Хүн ахтай дээл захтай байдаг ертөнцийн хууль хонгилд ч мөн адил үйлчилнэ.
Хонгилын дарга, хутга Батаа хир даг болсон навсархай хүрэмнийхээ энгэр лүү гараа шургуулан,
-Муу өтнүүд минь, олсон мөнгөө бүгдий нь гарга хэмээн цаад хэдийгээ жижигрүүлдэг боловч бөөрлөж босгосон шилтэй юмаа хуваах дээрээ тулахаараа бүгдэд тэгш хандана. Хувь ноогдсон жаахан юмандаа халж, ертөнцийн эрээн барааныг мартан жаргахдаа тэдэн шиг эв найртай сүрэг хорвоод үгүй байлаа.
Нэг л үдэш дарга тэр чигтээ нойрсов. Хорвоогийн өглөө ирдгээрээ ирж хонгилын иргэдийн дотор бүрзийдгээрээ бүрзийн сэрцгээнэ. “Муу өтнүүд, бушуу бос. Босоод!” гэх даргын сөөнгө хоолой үгүйлэгдэнэ. Нус Догоо ширэлдэж даахирсан толгойгоо гэлжийлгэн санаа алдаад,
-Багшийн дээдийн хонгилын дарга, шөвөг Самбууг манай руу нүүж ирж бидний дарга бол гэж гуйя гэвэл тархи Гамбаа түүн рүү муухай харж үгийг нь таслав.
-Дотроосоо даргаа сонгоно! Сонгууль явуулъя гэж өчигдрөөс хойш бодлоо гэж тэр нухацтай хэлж байна. Тархи Гамбаа бол цагтаа зэрэг дэв хамгаалах шахаж явсан, хог ухахдаа шил савнаас урьдаар сонины тасархай цуглуулдаг хүн тул бусад нь түүнийг битүүхэндээ хүндэтгэнэ.
Сонгуулийн ажил өдөр ирэх тутам эрч хүчээ авлаа. Шаг Баагий:
-Хэрвээ би даргаар сонгогдвол, миний найз бидэнд юмаа таван төгрөгөөр хямд өгнө. Бид эдийн засгийн хямралаас гарна гэсэн бол, нударга Дорж:
-Намайг сонговол бид нийтээрээ нударган зодоон сурч бусад хонгилынхныг айлган татвар авдаг болно. Бид ядуурлаас гарна гэж байна. Тархи Гамбаа сонгогдвол хичээл зааж оюуны хоосролыг арилгана гэнэ. Ходоод Дууяа маш гоё хүнс байдаг хогийн цэг зааж өгнө гэв.
Сурталчилгаа цаг минут тутамд эрчимжнэ. Хамгийн сүүлд нус Догоо нэрээ дэвшүүлснээр арван хэдүүлээ хүүхэд хөгшидгүй цугаараа нэр дэвшигч боллоо.
-Үргэлж мөнх сонгууль болж байдаг болоосой гэж хонгилын сонгогчид мөрөөднө. Шаг Баагийгийн үнэгүй тараасан чангаас чанга найруулсан юмыг татаж, ходоод Дууяагийн өгсөн томоос том зүсэм бялуу долоож, сожоо Дагвын бэлэглэсэн зуут, тавьтын дэвсгэртийг хармаалж энэ хэдэн өдөр хонгилынхон ёстой л бялуурч байлаа. Сонгуулийг товлосон өдрийн өмнөх орой сурталчилгааг албан ёсоор хаах гэж байтал цагдаа нар ирж өнөө хэдийг гэрээс нь суга суга татан хөөж явуулах нь тэр. Удалгүй цэвэрхэн хувцастай баахан эрхэм хар тэрэг хөлөглөн ирж, хонгил байсан газар тууз хайчлан, шав тавьцгаав. Дулааны шугамыг өөрчилж, цамхаг босгох болсон нь энэ байлаа...
Хахир өвөл мартагдаж нялх ногоо соёолсон урьхан өдөр ирэв. Нэг хонгилд аж төрж байсан хоёр найз Сэлбийн эрэг дээр санаандгүй тааралдлаа. Нударга Дорж нулимсаа арчин,
-Манайхан ихэнх нь сураггүй болсон. Би энүүхэн энд өөр хонгилд байгаа, саяхан нус Догоогоо татаж авсан. Дээрэлхүүлээд хэцүү байгаа.., хөөрхий тархи Гамбаа согтоод, гудамжинд хөлдөөд бурхан болчихсон.., гэхэд нь, ходоод Дууяа бас эхэр татуулан,
-Дуулсаан, дуулсан гэж арайхийн хэлээд, нулимсанд халтартсан хацраа шударлаа.