Saturday, April 26, 2008

Багш, оюутны онигоо

Лекц явж байна. Зузаан гэгч шил хамар дээрээ тохсон өвгөн багш самбар дээрээ сунжирсан урт томъёо бичиж, оюутнуудаас унтах нь унтаж, чалчих нь чалчиж, бас мессеж бичицгээнэ. Урд талын ширээнд таван гар муушигдаж байна. Тэгтэл нэг нь:
-Хөөш, наймыг долоогоор дардаг юм уу, тэнэг ээ? гэсэн чинь, багш ихэд сандран,
-Аан? Аль долоо гэж? гээд, самбар дээрээсээ долоогийн тоо хайж байх юм гэнэ.

Хуулийн сургуулийн шалгалт явж байна.
-Залилан гэж юу вэ?
-Багш аа, та намайг шалгалтанд унагаавал тэр л залилан болно доо.
-Яахаараа тэр вэ?
-Эрүүгийн хуулинд хэн нэгэн этгээд нь нөгөө нэг этгээдийнхээ ямарваа нэг зүйлийн талаар мэдлэггүйг нь далимдуулж хохирол учруулах үйлдлийг залилан гэнэ гэж заасан байдаг шүү дээ.

Анагаахын сургуулийн лекц явж байна.
-Зүрх хаана байдаг вэ?
-Цээжний хөндийд.
-Буруу! Хальсан бүрхүүл дотор байдаг.
-Профессор оо, таныг тэгвэл ангид байна гэх үү, дотуур өмдөн дотроо байна гэх үү?

Профессор:
-Оюутнууд аа! Химийн шинжлэх ухааны хамгийн суут бүтээл юу билээ? Хэлэх хүн байна уу?
-Шаргал үстэй монгол хүүхэн!

Monday, April 21, 2008

ХАЛААСНЫ ӨРӨӨ

/шог өгүүллэг/
Идэр ес гээч нь ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. Тавин хэм чисхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, хорин хуруу хоёр чихээ нэгд нэгэнгүй хөлдөөж, голдоо ортол даарч үзсэнийхээ дараа би “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр орогнон суух, ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор “халаасны өрөө” гэдэг нэр үүссэн юмсанж. Халж сэлгэхийн “хал” нь энэ үгийн язгуур болдог гэсэн үг.
Би хөгширсөн хойноо ч оюутан хэвээр, үйл лайгаа эдэлж яваа хүн л дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болохоор ийнхүү “халаасны өрөөний айл” гэдэг нэр томъёо үүссэн юм байх хэмээн бодож, тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдэв. Энэ зовлонт явдлын дараа ахин нэг халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан, өрөө рүү маань орж гарч байснаа, тэсгэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. “Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү?” гэх асуултыг түүний амнаас сонсоод, зүрх шууд зогсон, сандалдаа лагхийн суулаа. Батгатай эрхэм миний цус харвахад дөхөөд буй цонхийсон царайг анзаарсан ч үгүй,
-Гэрийн эзний дотрыг халаасны төлөө хөөгдчихөлгүй толгой хоргоддог өрөө учраас “халаасны өрөө” гэдгийм даа хэмээн өөрөө, өөрийнхөө асуултад хариулж байна. “Дахиад л халуулж сэлгүүлэх нь дээ” гэхээс үнхэлцгээ хагартлаа айж байсан миний дотор цэлмэчих шиг болж, “ёо, ёо” гэж сэм дуу алдлаа. Дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр! Энэ яриа болсноос хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ л дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор “халаасны өрөө” гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ.
Удалгүй тэрхүү “дотор халаасны” өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт долоо хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа, давтамжаа аажмаар ойртуулсаар. Сүүлдээ бүр давраад, “Өдрийн нэгийг заавал авахуулна!” гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч, “Битгий хуц! Муу, батга царайлсан архичин!” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр оройдоо “дотор халаасны” өрөөнөөс хөөгдсөн юм.
Дараа нь бас нэг халаасны өрөөнд сөгдөж гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан гэж хайлсан тугалга. Гурван өрөө байрныхаа хоёр жижиг өрөөний нэгэнд дүү бид хоёрыг, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу гэмээр жижигхэн, хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа, “Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч…” гэж өөртөө хэлээд, шүлсээ гүдхийтэл залгисан юм.
Эр хүн л болсон юм хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рүү яваад ортол, ээ бүү үзэгд! Юу харсан гэж санана, өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна! Нүв нүцгэн!
-Охин шигээ хүүхдийг яана гэнэ ээ, чи! гэж би бархирлаа. Муу ухныг ховх татаад, хоёр нүдний нь тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид хоёр, нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамтдаа хөөгдөв өө, хөөрхий.
Оюутан охин уйлж байна аа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэлээ. Тэгтэл тэр над руу хорсолтой харцаар цоргиод, “Намайг чамтай хардаад, хөөчихлөө. Хөгшин илжиг ээ! Дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм?” гэж чарлаад, маажиж малтах нь холгүй байна. “Үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдсанаа, дотор огшоод явчихлаа. Дүү бид хоёр өмнөх айлдаа дотор халаасны төлөө толгой хоргодож байсан бол, энэ охин цэвэрхэн царайт эрхмийнд хөнжил халаасныхаа төлөөсөнд “үнэгүй” аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг том утга нь “хөнжил халаасны” өрөө байж дээ.
Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй, үхдэл царайтай хүүхэн орж ирээд, “хай, кони чива, аригато” гээд хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд байсан тул аргагүйн эрхэнд нүүсээн. Монгол залууд дурласан, улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй аж. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав дээ, “Халаа саны өрөө”-нд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа. Монгол хэл минь амьдралаас дутахгүй баян ажээ.
Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан, хаврын шороон шуурга нөмөрч унтана, гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэгэн шинэ, сайхан утгыг олно гэсэн үг ээ.

Wednesday, April 16, 2008

МАЛЧИНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

/Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” пост панк шүлгээр амилуулав/

Чи баталсан хууль бүхэнд нижгээд
“Мал” гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
“Мал” гэдэг үгтэй хуулийг хүмүүс
Машид чандлан мөрдөж байна

Чи цас орох бүрт нижгээд уут
“Гурил”-ыг надад хүргүүл гэж чанга дуугаар хэлсэн
“Гурил” хэмээх хүнсийг бид чамд
Гучин живаа уутаар нь тээсээр улсын сангаа дундруулсан

Чи аймаг бүрт нижгээд
Аюулаас хамгаалах сан байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Аюулаас хамгаалах сангийн өвсөнд аймгууд
Арав биш зуун тэрбумыг агаарт хийсгэх мэт цацаж байна

Чи “Цэцэрлэгийн хүүхдийн тоогоор элгэвч явуул” гэж надад
Чихний хэнгэрэг цоортол бархирсан
Чиний лаа чүдэнзийг бэлдэж өгөх дуулианд цэцэрлэгийн бяцхан үрс
Чихэртэй зайрмагны мөнгөө доголон нулимстай хуу хамуулсан

Чи миний хүүгийн найранд хоосон гуяа ганзагалж ирэхдээ
“Халзан цагаан хонь аваарай” гэж чанга дуугаар хэлсэн
“Халзан цагаан хонь” гэхүйд чинь хотол олон дуу алдан биширсэн
Харин тэр хонь гуайнхаа хатсан шийрийг ч болтугай чи над өгөөгүй

Чи хаврын хаварт нижгээдээр
Улаан махны үнэ өсөх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Улсын төсвийн ажилчид нүдээ анин
Улаан махыг чинь дөрвөн мянга таван зуугаар авч байна

“Малчин миний хүүхдийг үнэ төлбөргүй сурга” гэж чи
Мянган үхрийн эвэр доргитол машид чангаар хашгирсан
Малчин бүрийн нэг хүүхдийг үнэгүй сургахад
Монгол улсын их сургуулиуд ширээ сандлаа элээж байна

“Малаас татвар авах ёсгүй” гэж чи
Матадаас Толбо хүртэл цуурай хадаасан
Арьсаа язартал таргалсан майхан шиг шарын чинь хөлөөс
Аяга самрын үнийг аргадаж тойлон хурааж байна

Малчин гуай,
Таны хэлсэн бүгдийг чинь бид
Бүгдий нь биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна,
Чи битгий давар!

Thursday, April 10, 2008

Том хүний онигоо

Нэгэн оюутан охин мөнгөөр сууж их өлсөв. Тэгээд том хүний дэлгүүрийн худалдагчаар түр ажилд оров гэнэ. Дэлгүүр лүү нэг залуу орж ирээд хиймэл хүүхний үнэ асуув. Охин “Гучин мянга” гэлээ. Залуу халаасаа ухаад үрчийсэн арван мянгатын дэвсгэрт гаргаж үзээд, санаа алдаад гарах гэв. Охин аравтын дэвсгэртээс нүдээ салгаж чадахгүй:
-Хүүе ах аа, наад мөнгө чинь намайг авахад хүрнэ ш дээ гэж байна гэнэ.

Мянгат малчин Баатар шинэ дурангаа саахалт Дондогтоо гайхуулан, “Арван адуугаар авсан жинхэнэ япон эд дээ” гэж байна. Дондог дуранг эргүүлж тойруулж харж байснаа, “Бээжингийн хог л байна” гээд буцааж шидэв.
-Юу гэнэ ий? Тэгж ярих юм бол би өчигдөр энэ дурангаараа Бор толгойн орой дээрээс чамайг, Талын худгийн ар дээр ногоон Балдангийн охинтой загас наадуулж байхыг чинь хажуудаа юм шиг харсан даа гэж Баатар маадайв.
-Тийм бол бүүр Эрээний, юу ч ялгадаггүй хулхи хог байна.
-Юу..? Яагаад гэж?
-Миний загас наадуулсан хүүхэн, чиний эхнэр байсныг наад хулхи хог чинь таниагүй л байна ш дээ.

Хогийн саванд хаягдсан хоёр бэлгэвч ярилцаж байна гэнэ.
-Хүмүүс биднийг ашиглачихаад огт тоосон шинжгүй хаячих юм, гомдмоор..,
-Хүүш, нүгэл гэм. Алтан сайхан үрийг нь авчихаад чи юу ярина вэ?

Ардын аж ахуйтны улсын зөвлөгөөний үдийн хоолон дээр Баян-Өлгийн нэгэн нөхөр ингэж ярьж байна гэнэ.
-Нэг удаа би үнээ сааж үзлээ л. Эклээд муу хог чинь зүүн көлөөрөө тийрээд саалгадаггүй. Тэгэхээр нь зүүн көлийг чонд барьж күлчихээд саалаа. Тэгтэл баруун көлөөрөө тийрээд камаг сүү асгачиклаа. Уур күрлээ. Баруун көлийг бас чонд барьж күллээ. Тэгээд сааж байтал муу ког чинь сүүлээрээ шарваад сүү асгаж байна. Бүүр ик уур күрлээ. Күлэх гэтэл олс дуусчээ. Тэлээгээ тайлаад сүүлийг нь чонд барьж күллээ. Тэгтэл гэнэт миний өмд шувтраад уначиклаа. Тэгээд яасан гэвэл, яг энэ үед кадам ээж үнээний саравч руу ороод ирсэн.
-Тэгээд яасан?
-Кадам ээж, Нөкөр хүргэн! Үнээтэй эр эмийн ажил кийж болокгүй гэсэн.

Малчид багаараа хадлан хадаж байв. Харуй бүрий болж байхад таван настай охин майхан руугаа гүйн орж ирэв.
-Ээж ээ, ээж ээ! Өвсөн дотор нүцгэн хүмүүс байна!
-За за, улаан галзуу юмнууд л байгаа биз.
-Хүүхэн нь ч яахав, улаан галзуу үзэж байна. Харин аав хэрэг алга, хөгширчээ хөөрхий.

Monday, April 7, 2008

УНАГАА

Боксын дасгалжуулагч хүнд цохилтоор ялагдсан шавиа тайтгаруулж байна.
-Чи давгүй үзэлцлээ шүү.
-Үгүй ээ, багш аа. Би яаж ч чадсангүй.
-Чи түүнд нэг юм хийж чадсан.
-Юу хийсэн гэж?
-Чи түүнийг гуравдугаар раундад үхтэл нь айлгалаа ш дээ.
-Нээрээ, тэр надаас айсан гэж үү?
-Тийм. Чамайг үхчихлээ гэж санаад ухаан алдах дөхлөө ш дээ, цаад муу чинь.

Шоронд хоёр хулгар ярилцаж байна.
-Чи юуны төлөө “хугацаагүй хорих” авсан юм бэ?
-Өөрийн авгайг, бас дараа нь шүүгч, өмгөөлөгч гээд жаран хүнийг нэг дор алчихсан.
-Пөөх, чи чинь алан хядагч юм уу?
-Үгүй ээ.
-Тэгээд юу гэж?
-Эхлээд би авгайдаа нэг онигоо ярьсан чинь инээсээр байгаад үхчихсэн. Тэгээд шүүх хурал дээр энэ тухайгаа ярьтал шүүгч итгэдэггүй. Итгэхгүй болохоор өнөө онигоогоо яриад өгчихсөн чинь шүүгч үхчихсэн. Бас цаашаа, өмгөөлөгч, гэрч, хуралд сууж байсан бүх хүмүүс инээсээр байгаад үхчихсэн. Тэгээд л “хугацаагүй хорих” авчихлаа даа.

Гурван охинтой айлын утас дуугарав. Гэрийн эзэн утас автал өмнөөс нь охиных нь амраг бололтой залуу шууд л ярьж эхлэв.
-Миний бяцхан торойхоо-оон,.. чи юу?
-Биш ээ, гахайн фермийн эзэн байна.

Tuesday, April 1, 2008

УЛААН ГЭРЛЭХ ДӨХЛӨӨ

/фельетон/

Атрын III аянд зориулсан өргөн дэлгэцийн өнгөт роман

Эмтэршгүй зүрх буюу тэргүүн дэвтэр
Өглөөний наран нэн жавхлантайяа мишээхүйд их хотын өнцөг бүрээс том том хар тэрэг гагцхүү Сүхийн талбайг чиглэн давхилдах нь тун бахдалтай. Талбайн өмнөх цэцэрлэгийн дууч бялзуухайнууд босон суун жиргэх нь цугласан залуусын сэтгэлийг базлуулж, зүрхийг булиглуулна.
Гуулин хөгжим нэгэнтээ нирхийн, бялзуухай дэрхийхүйд нэгэн зүйл санаашралд автан байсан залуус цочин догдоллоо. Энэ залуус зүгээр ч хэн нэгэн бус атрын гуравдугаар аянд сэтгэл шулуудсан намын гал улаан батлахтнууд болой. Харин нэгэн зүйл санаашрал гэгч нь бас энгүүн нэгэн зовиноо бус “Атрын цалин их болов уу, хоол унд хэр бол?” гэх сочлийст ахуйн мөнхийн энэлэн байх ажгуу.
Ургахын улаан нартай уралдан боссон Улаан хүү энэхүү улаан батлахтнуудын дунд умрын салхийг уртаар уушиглан, урам зоригоор бялхан зогсож байлаа. Тэрээр Сангийн сайд, “Улаан гэрлэх дөхлөө” киноны гол баатар агаад энэ удаа атрыг зорьсноороо мөнгийг богцоор нь олно гэж санхүүгийн аргаар тооцоолсон юмсанж. Улаан хүүгээс цаахнатай сиймбаа хэмээгч Батаа хүү хүрлийн зогсоно. Түүний цог нь унтарсан харц Сүхийн талбайн хүйтэн чулуунаа унаад, дахиж хэзээ ч өндийхгүйгээр барьцалдан хөлдсөн гэлтэй. “Эзгүй атарт цөлж, элэг дэлүүг хатаахыг нь мэдсэн сэн бол энэ намд хаа гэж элсэв дээ” хэмээн тэр энэлэн шаналах авай.
Гуулин хөгжмийн хүчирхэг нүргээн гэнэт эхэлсэн шигээ гэнэт зогсохуйд атрын аяны Ерөнхий захирагч, Ерөнхий сайд Баяр “Энхрий хайрт залуус аа, бидний зүрх сэтгэл болбаас атрын зүгт эргэлт буцалтгүйгээр тэмүүлэн байх болой” хэмээн хэлэхүйд Хүнс хөдөө аж ахуйн сайд Ганхуяг хүүгийн хүрэн зүрх, нимгэн үнхэлцэгтээ багтаж ядан, булгин бумбалзлаа. Баярыг цогтой халуун үгээ хэлж дуусах агшинд Гадаад хэргийн сайд Оюун бүсгүй улаан халзтай индэр өөд Улаан сайдыг дайрчих нь халаг ухасхийн гарах нь харагдана. Тэрбээр “Бидэнд Ленин багш тусална, Мянганы хөгжлийн сан тусална! Буш ах дэмжинэ!” хэмээн хасын цагаан царайдаа баясал гялбуулан хэллээ. Энэ үгийн хүчинд залуусын санаашрал огт оргуй лугаа хийсэн арилж, Сүхийн талбайн чулуун шалыг цууртал “Ура” хашгиралдлаа. Үлээвэр хөгжим дахин нүргэлмэгц, Брежнев даргын үеийн бэлгийн цэнхэр зийл тэрэгнүүд, бэржээхэн бүхээгээ дэрвэлзтэл ухасхийн сүр жавхлантайяа хөдлөв.
Атрыг зорьсон залуусын зориг зүрх эмтэршгүй буюу.

Сүүн сэтгэл хэмээгч дэд дэвтэр
Гурав гэсэн дугаартай зэвэнд идэгдсэн зийл тэрэгний бэржээхэн бүхээгийг Улаан хүү долоовор хуруугаа шүлэмдэн, цоо хатгалаа. Уртаас урт хоёр салаа гэзэг, цэнхэр дээлтэй Сувдаа бүсгүйгээ аль тэргэнд суухыг харах гэж тэмүүлснээс чингэсэн аж. Түүний энэ байдлыг ажигласан Их хурлын дарга Лүндээжанцан хүү “Улаан гэрлэх дөхлөө” хэмээн дуу алдаад, цагаан хөөргөө гарган үнэрлэхчээ аядав.
Яг энэ мөчид Сувдаа бүсгүй дөрөв дугаартай тэрэгний араас мацаж байлаа. Түүний гараас бахим булчинтай нэгэн бүсгүй ховх татан тэвш өөд гаргав. Гуя цээж төгс хөгжсөн энэ бүсгүй бол Эрхэм гишүүн Арвин байх аж. Сувдаа бүсгүй чин зүрхнийхээ талархлын үгийг хэлээд, “Ам атга, суга ташаа бүх юмандаа тэнцүү бяртай, үнэнхүү хүчирхэг тэмцэгч охин ажгуу” хэмээн бишрэн бодлоо.
Долоо дугаартай тэвшний өмнөд этгээдэд шагай шүргэм урт шар савхин дээлэн дээр дэслэгчийн мөрдөс туяаруулсан өндөр махлаг эр цэх зогсчээ. Үл ялиг ягаан туяа бүхий зузаан шаргал царай тунаруулсан тэрбээр гүн бодолд автсан харагдана. Энэ эрхэм бол “Сэтгэлийн дуудлага” киноны сайхан сэтгэлт хүүхдийн байцаагч буюу Ерөнхийлөгч Энхбаяр байх аж. Амьдралдаа нэгэнтээ эндээд одоо атрын талбарт хүмүүжихээр одож буй халаасны хулгайч Ишхүү нарын залуусыг түшиж тулах явдал бол тангараг өргөсөн Энхбаяр байцаагчийн эрхэм үүрэг болой.
Тэвшний дунд хэсэгт явах залуу гишүүн Хүрэлсүхийн хархан нүдэнд “Хадгаламжийн банк” гэсэн тамгатай үнэт цаас байн байн өртөх нь үнэнхүү шаналантай. Арван дөрвөн тэрбум гэсэн тоотой энэ цаас түүний өмнө зогсох бүсгүйн бариу цэнхэр өмдний арын халааснаас цухуйж байв. Хүрэлсүх хүүгийн биеэр цахилгаан жирс жирсхийн гүйж, хуруу нь өөрийн мэдэлгүй тэр цаас руу тэмүүлэн татвалзана. Хуулийн хүний гярхай нүд энэ байдлыг хэдийнэ ажсан байлаа. Энхбаяр дэслэгч Хүрэлсүхийг энэрлийн бор нүдээрээ илбэн таалах мэт харсаар дөхөж ирээд, “Хүү минь, өөрийгөө хүчлэн барьж буй аугаа их тэвчээрийг чинь магтмуу” гэж шивнэхүйд, Хүрэлсүхийн хоолой зангиран, хархан нүдийг нь нулимс бүрхлээ. Урт шар дээлт дэслэгч машины тэвш дүүрэн алдаж эндсэн залуус руу инээмсэглэнгээ, “Би нэгэнтээ таван зуун саяын авилгыг хараад, хуруу гар өөрийн мэдэлгүй татвалзан зогсож байсан минь саяхан санагдана. Шуналын сэтгэлийг шулуун санаа давах тухай Богд Зонхов нэгэнтээ сургасан нь бий, хайрт хүүхдүүд минь” гэлээ. Залуус энхрий хайрт байцаагчийнхаа сайхан шар царайнаас цацран ирэх ер бусын нандин эрчмийг зүрхээрээ мэдэрч байлаа.
Чин сэтгэл гэдэг эхийн цагаан сүү адил ариун буюу.

Ухаарал хэмээгч гутгаар дэвтэр
Долоо дугаартай тэвшний дунд хэсэгт ийм явдал өрнөж байхуйд, тэрхүү тэвшний өмнөд этгээд дэх Шадар сайд Миеэгомбын Энхболд хүүгийн голд бөөн хар юм тээглээд, горойж үхэх нь холгүй явлаа. Ийм сайхан сэвгүй цагаан сэтгэлтнүүдийг хараад, уяран хайлж, ичих булчирхай гэнэт цочирсноос чингэсэн ажгуу. “Улаанбаатар хотынхоо ариун газар шороогоор бузар мөнгө хийсэн нүгэлт чи үхвэл таарна” гэж хүү дотроо өөрийгөө түмэнтээ зүхэж, бумантаа харааж байлаа.
Тэвшний хойд буланд гишүүн Бадамжунай, Занданшатар хоёр ч байдгаараа ичиж улайчихсан зогсож харагдав. Занданшатар хүүгийн аньсгыг ухаарлын нулимс бүрхээд ирэхүйд, “Бид хоёр даанч муухай юм хийж дээ. Улсынхаа сан руу бузар гараа дүрж, мөрийтэй тоглосон” гээд мэгшин уйлж эхэллээ. Бадамжунай санаа алдаад, “Бас ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгчээр хөөрхий муу Хүрэлсүхийгээ торойтол орхичихоод, хар амиа хаацайлсан” гэж голт зүрхний угаас гэмшсэн аялгаар хэлж байна. Энэрэнгүй сэтгэлт хүүхдийн байцаагч Энхбаяр тэдний энэ үгийг хуулийн хүний сонор чихээрээ сонсчээ. “Миний хоёр хүү, атар газар очоод ариун цагаан хөлсөөрөө энэ хар нүгэлээ цайруул даа” гээд, Бурхан будда мэт ариун гарын алгаа хавсраад, Далай багшийн тарнитай арвайг тэдэн рүү шившин цацлаа.
Ухаарал гэдэг хожимддоггүй буюу.

Отолт хэмээгч дөтгөөр дэвтэр
Атрын аяны цуваа Зэлтэрийн гацаа руу дөхөж ирлээ. Цардмал зам дээр Пийлэн хийцийн хүйтэн төмөр хадаасыг хувингаар нь цацаж орхиод хоёр этгээд бутны цаад руу дал орлоо. Эдний нэг нь элгээрээ хэвтсэн байх бол нөгөөх нь босоо байх хэдий ч бут түүнийг элбэг далдалж байна. Энэ жижиг нөхөр ардчилсан хүчний үнэнч цэрэг, Эрхэм гишүүн Зандаахүүгийн Энхболд байх ажгуу. Хэвтэж буй саарал даалимбан тэрлэгтэй эрхэм нь өврөө уудлан, хайрцаг бэлгэвч гаргалаа. Бэлгэвчүүдээ элсээр дүүргэн, монгол үйлдвэрийн гар бөмбөгийг хоромхон зуурын дотор нижгээдийг хийж өмнөө өрлөө. Харваас энэ ажилдаа дадлагажсан нь илт. Энэ бол цогтой дайчин тэмцэгч, Эрхэм гишүүн Гүндалай байх бөлгөө. Тэрбээр нэрсний үнэрт цэлдэн хөх бэлгэвчийг сурмаг гэгч нь толгойдоо углаж өмсөөд, цаадахдаа нэгийг сарвайнгаа, “Барууны сайн эрс шилэн оймс углаж нүүрээ нууцалдаг юм. Харин энэ бол миний сэдсэн арга” гэж хэллээ. Энхболд ихэд эгдүүцэнгүй, “Надад царайгаа нуух шаардлага байхгүй” хэмээн хэгжүүн дүртэй хариулж байх нь дуулдана.
Пас, пис! Цувааны тэрэгнүүдийн олгой дугуй ээлж дараалан хагарч нам зогслоо. Эхний гар бөмбөг шуугин ирж тэрэгний хамар дээр дэлбэрэхүйд атрын залуус бажгадан сандарлаа. Гүндалайгийн бөмбөгөө шидлэх нь үхэр буунаас ч эрчтэй агаад, Энхболд хойно сурч байхдаа үнэ зодож авсан орос дурангаа нүдэндээ бариад галын солбилцлыг тохируулан, “Зүүн тийш арван хэмд! Галлаад!” хэмээн хамаандалж байлаа. Гэнэт ардчиллын үхэр буу нам гацлаа. Толгойдоо бэлгэвч угласнаас амьсгаа нь боогдсон Гүндалай үхэтхийн унаад, татвалзаж байснаа хөдөлгөөнгүй болов. Журмын нөхрөө алдсандаа хорссон Энхболд эцсийн ганц бөмбөгөө хараалж, хараалж, атрынхны Ерөнхий захирагч Баярын зүг шидлээ. Даанч харамсалтай юм болж, Сиймбаа Батаа үсрэн гарч ирээд хайрт даргаа ханхар том цээжээрээ хамгаалаад, үхэтхийн унав. Хачирхалтай нь Хүрэлсүх хүү самуурай цагаан алчуур толгойдоо зангидаж, оюутны салаагаа толгойлон зүрхний хайрт намаа хамгаалсангүй. “Хүрэлсүх минь, бидэнд гомдчихоо юм болов уу даа” хэмээн Баяр дарга дотроо нэгийг бодон нухацтай харцаар Энхбаяр байцаагч руу харлаа. Минчийтлээ улайсан Арвин гишүүн “Ардчиллын муу п..даануудыг алаад өг!” хэмээн хашгирсан боловч, отогчид хэдийнэ дарагджээ.
Дөрвөн цагийн дараа Батаа гишүүн түргэн тусламжийн цагаан тэргээр хот руу буцаж явлаа. “Азтай шүү! Эмнэлэгт нь очоод, аяныг нь дуустал ёолоод хэвтчихдэг хэрэг” гэж бодон мишээнэ. Цувааны жолооч нар дугуйгаа нөхсөөр байтал будаа тариалах цаг оройтов.
Тэнгэрийн муухай арилдаг, отолтын өмхий арилдаггүй гэдэг энэ буюу.

Хоролмаа буюу “татгаар” дэвтэр
Гурван зуун шанага шатахуун ордог цүдгэр сав ардаа дүүжилсэн гал улаан гинжит тэрэг утаа тортог олгойдуулан, улаан тугийг намируулан, урагш тэмүүлнэ. Залуурын ард суусан Улаан хүүгийн ухаан бодол хөвчирчээ. Түүний араас шил даран зүтгэх Хүрэлсүх хүү хар тостой гараараа хүрдээ чанга атгаж, хичээхийн дээдээр хичээх аж. Тэрээр одоо муу зуршлаа оргүй мартжээ. Улаан тэрэгний араас зүүсэн улаан соёот анжис урьхан хаврын турьхан хөрсийг урж сийчин, улаанаар эргүүлэхүйд ухаа хонгор тоос хуйларч, уужим сэтгэлийг, дуулим аялгуугаар хөглөлөө. Энэ бүхэн атрын гуравдугаар аян нэн эрчимжсэн болохыг илтгэх аж.
Улаан хүү атрыг хагалан завгүй явах мөчид Сувдаа бүсгүй дурлалт залуугаа санан бэтгэрснээс болж хөдөлмөрийн бүтээмж гурав дахин муудаж үтрэмийн дарга Идэвхтэн гишүүнд нүд үзүүрлэгдэх болоод байлаа.
Атрын аяны шуудан хүргэгч Нямдорж гишүүн зөнөгтөж мунгинаад, Улаан амрагийнх нь захидлыг Алимаад өгчихсөн болохыг хөөрхий бүсгүй яахан мэдэх билээ. Нямдорж гишүүний засдаг өвчин эдгээгүй, байнга гар нь загатнаж байгаа тул сарын өмнө ирсэн Улааны захидал дээрх “Уртаас урт гэзэг, цэнхэр дээлтэй Сувдаад” гэсэн хаягийг “Ахраас ахар гэзэгт, Алтан хүрэмт Алимаад” болгож зассан аж. Тэгээд дүрдээ итгээд, маргааш нь Сувдаад бус Алимаад захидлыг аваачаад өгчихсөн юмсанжээ. Цаад Алимаа нь бас болоогүй ээ, хоролмаатаад, захидлыг авчраад өгчихгүй Улаан сайдыг битүүхэндээ бодох болсон байлаа.
Хорвоо чи хүний зовлонгоор цадах болоогүй буюу?

Бялуу хэмээгч “зутгаар” дэвтэр
Намрын шар нар над дээр чам дээр тусав. Намиатан шаргалтах амуу тариа над руу ч, чам руу ч нахилзав. Атрынхан түүхэнд дуулдаагүй их ургац авчээ. Мянганы хөгжлийн сангийн мөнгөөр мянга наян үтрэм байгуулсан боловч будаа багтахгүй сандаргана. Хонхонгийн бирж дээр арвайн үнэ навс тогтворжсон тэр нэгэн нарлаг өдөр атрын аяныхны цалин буув.
Залуус цалингаа авахаар уртын урт дугаар үүсгэжээ. Орос хийцийн дөрвөлжин богц сугавчилсан хүдэр чийрэг залуу, дугаарласан олны дундуур зүсэн зүтгэж байна. Сайн ажвал манай гол баатар Улаан хүү байх аж.
Мөнгөний нярав Боловсрол соёлын сайд Болормаа бүсгүй залуус руу бадамлянхуа дэлгэрэх мэт сайхан инээмсэглэлээ харамгүй цацаж байснаа Улаан хүүгийн богц руу харц шилжүүллээ. Тэр аанай л инээмсэглэсэн хэвээр “Богцтой ирж цалингаа авдаг үе өнгөрсөөн. Чи өдий болтол Щвейцарын банканд нууц данс нээлгээгүй байгаа юм уу?” гэлээ.
Яг энэ яриа өрнөж байх торгон агшинд тэдэн рүү Баяр дарга ирэв. Тэрээр шилээ нэгэнтээ засангаа “Улаан хүү чиний зүтгэл атрын аянд жинтэй үүрэг гүйцэтгэв” хэмээн аядуу зөөлөн дуугаараа хэллээ. Баяр бахдалдаа автсан Улаан “Дарга аа намайг одоо Хөдөлмөрийн баатар болгох уу?” гэж зориг муутай асуучихлаа. Дарга инээмсэглээд, “Энэ аянд гавьяа байгуулсан хэн бүхэнд бид бялуу хүртээнэ. Хөдөлмөрийн баатар ч болгоно” хэмээн хэлэхэд нь атрын залуус дэрхийтэл “Ура” хашгирсан болой.
Ажил хийсний дараа талх бялуу мэт амттай болдог буюу.

Хөшөө хэмээх төгсгөлийн дэвтэр
Атрын аяныхан бялуугаа хуваан байхуйд Элбэгдорж журмын нөхдийн хамт хүрэлцэн ирлээ. Арвин гишүүн ширээгээ балбан, “Та нар атрын аяныг хорлон сүйтгэсэн атлаа бялуу хуваах болоход юунд хувь горьдном билээ?” хэмээв. Зандаахүүгийн Энхболд гишүүний нүдний хөх няц арилаагүй ч, атрынхан руу ёжтой харц чулуудангаа “Далан жил тариагаа эрт тариалж, ургац алддаг байснаа бидний ачаар та нар мэдсэн бус уу?” гэлээ. Гүндалай гишүүн барс мэт үсрэн гарч ирээд, “Хаврын тариалалтыг бүтэн сараар хойшлуулсан гавьяатан би бус уу?” гэж хашгирлаа.
Яг энэ мөчид олны дундаас нэгэн бүсгүй “Улаан аа! Улаан аа!” гэж орь дуу болсоор айсуй. Уртаас урт гэзэг, цэнхэр дээлээр нь Сувдаа болохыг Улаан таниад өмнөөс нь ухасхийлээ. Атрын бүтэн аяны турш нэгнээ хүсэмжлэн зүүдэлсэн хоёр амраг зуун шараар татаад ч салахгүйгээр тэврэлдэв. Лүндээ дарга “Улаан гэрлэх дөхлөө гэж, хэлээгүй юу!” гэж сийгүүлснээ, санаа алдлаа.
Энэ явдлаас гурван сарын дараа Хонгорт шинжилгээ хийсэн арвин баялаг туршлагатай НҮБ-ын шинжээчдийн шинжилгээний хариу гарч, Гүндалай гишүүний үг батлагдав.
Сүхийн талбайг “Атарчдын талбай” хэмээн нэрийдэв. Сүх жанжны хөшөөний оронд бэлгэвчин бөмбөгөө сэнс мэт эргүүлэн, морин дэл дээр хийсгэж яваа Гүндалай гишүүний хүрэл баримлыг босголоо. Засгийн газрын эрхэм гишүүдийг гинж амандаа зуусан арслан хэлбэртэй урлаж, гол хөшөөг тойруулан байрлуулсан болой.
Нэгэнт байгуулсан гавьяаг үнэлэхэд, хүрэл хөшөө ч багаднам буюу.

***
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates