Thursday, December 27, 2007

2007 оны цоо эрүүл тойм

/егөө/
Эв эрүүл шүүгчийн сав саруул үг
2007 оны нэгэн шүүх хуралдаан дээр “Симба Батаа нь үнэг хөөж явахдаа огт санамсаргүйгээр улсын нисдэг тэргийг унагааж бие эрхтэнээрээ хохирсон хохирогч мөн болох” тухай ярьсан нь үнэхээр эв эрүүл шүүгчээс гарсан сав саруул ухаан байлаа. Ийм ухаалаг, мэргэн цэцэн шийдэл гаргадаг шүүгчийг манай галактикийн өөр аль ч гаригаас та олохгүй. Хөөрхий муу Батаа гишүүн, сонгогч та бидний төлөө амь үл хайрлан, хөдөө аж ахуйд ноцтой хохирол учруулагч махчин араатныг сөнөөн устгах урам зориг дүүрэн, дүүлэн нисэж явсан байна шүү дээ. Бидний амтархан иддэг тахиа, галуу, молтогчингуудыг зальт шар үнэг ихээр барьж хөнөөдөг болохыг шинжлэх ухааны академи баталж байгаа юм. Үнэг бол ардын дайсан, харин Батаа бол ард түмний үнэнч хүү дайчин цогтой тэмцэгч юм аа.
Эв эрүүл төмс
Брунейн султан саяхан “Уорлд стрит жоурнал”-д өгсөн ярилцлагадаа “Би сүүлийн үед зөвхөн Дархан-Уул аймгийн Хонгороос тусгай захиалгаар авчруулсан төмсийг идэж байгаа” хэмээн цохон тэмдэглэжээ. Аргагүй шүү дээ Хонгорын төмсийг Итали, Орос, Америк гээд мафиараа алдартай орны алах ялтай гэмт хэрэгтнүүдэд идүүлж туршихад ганц ч хүн үхээгүй төдийгүй бүгд цодойтол таргалсан юм чинь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хонгорын төмсийг шинжлээд үзтэл цоо эрүүл гэсэн онош гарсан болой. Эв эрүүл, ганц ч дусал цианитгүйгээр барахгүй “А”, “Б”, “В”, “Г”, “Д”, “Й”, “К” амин дэмээр баялаг болох нь тогтоогдсон гээд л бод. Лондонгийн биржийн хамгийн сүүлийн арилжаанд нэг баррел “Хонгорика” сортын төмс мянган доллараар үнэлэгдэж дээд амжилт тогтоолоо. Эв эрүүл төмсний төлөө дэлхийн баячууд алалцаж байна цаана чинь.
Цоо эрүүл хүн л хөзөрт хорхойсдог
“Хөзөр бол цоо эрүүл хүний дурладаг тоглоом бөгөөд казинод хөзөр тоглох явдал нь гэмт хэрэг биш эрүүл хүний алжаалаа тайлах нэг хэлбэр юм” хэмээн Улсын их хурлын байнгын хороо дүгнэжээ. Үүн шиг эрүүл саруул дүгнэлтийг Улсын их хурал урьд хожид хийж байсангүй хэмээн манай нэгэн нэрт улстөр судлаач доктор дуу алдав. Энэ дүгнэлтийг баталгаажуулахын тулд улсын мөнгийг хөзрийн мөрийд алдсан гэх гурван эрхэм гишүүнийг сэтгэц мэдрэл наркологийн төвийн шинжилгээнд оруултал ямар нэгэн гаж зуршилгүй болох нь тогтоогджээ. Тэгэхээр хүн хэрэгт татах дон туссан өвчтэй юмнууд л хайран сайхан эрүүл гишүүдээр минь оролдож, алтан сайхан цагийг нь үрэн таран хийж байгаа аж.
Эрүүл уул уурхайтай согтуу монголчууд
“Уул уурхай шиг эрүүл саруул хөгжиж байгаа салбар алга” хэмээн манай хамгийн толгойтой гэгддэг улстөрчид батлан хэлж байгаа юм. Тэгтэл Баасан мэтийн өвчтэй, мэдрэлтэй юмнууд “Монголын уул уурхай эрүүл биш” хэмээн согтуурч, холион бантан хутгаж байна. Тэднүүсээс халдвар авсан монголын ард түмэн “Гадаадынхан зайлцгаа, монголын алт бол монголчуудын өмч!” хэмээн хавтгайдаа согтуурцгаав. Хэдэн эрүүл гишүүд нь согтуурсан ард түмнээ эрүүлжүүлэн сэнхрүүлэх гэж орой бүр телевизийн нээлттэй хэлэлцүүлэг, форум, ток шоунд оролцон, хүйтэн студид бээрч дагжин сууж, цээжээрээ даарсан нь хамрын шуухитнаа, бэлхүүсээрээ даарсан нь заг хүйтэн авч, зовж шаналж байна. “Монголчууд минь хэзээ юмыг ойлгодог болно доо?” хэмээн нэгэн эрхэм гишүүн үсээ зулгаан уйлж суусан тухай баттай эх сурвалжууд мэдээлжээ.
“Эрүүл нийгэм” өвчлөв
Батзандан, Магнай нарын цоо эрүүл залуус “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ийг байгуулан өвчний үүр уурхай болсон нам, төр, засаг, УИХ гэх мэтийн субъектүүдтэй цогтой тэмцэж байсан билээ. Гэвч МАХН, АН, ИЗН гэсэн гурван намын хамтран байгуулсан хорлон сүйтгэх хорьдугаар дивизийн нууц ажилтнууд “Эрүүл нийгэм”-ийн залуусын сүүтэй будаанд цианит натрийг сэм хийжээ. Энэхүү бохир заваан хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд Батзандан, Магнай нар хүнд өвчилж, нам хэмээх өвчний уурхай, авилгалын уутыг байгуулан халуурч бүлээрч эхэллээ. Ард түмэн цогтой тэмцэгч нартаа хайртай учраас Хөх хотод аваачиж эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа гэнэ.
Өвчтэй хотын эрүүл хурал
Улаанбаатар бол яавч эрүүл хот биш гэсэн дүгнэлтийг сэтгэл мэдрэлийн эмч нар гаргажээ. Агаар, хөрс, ус гол гээд эрүүл юм нэг ч үлдээгүй учраас тэр. Хүнд өвчтэй хотыг эрүүлжүүлэхээр Мөнхбаяр хэмээгч баатар эр гарч ирэн гурван өдөр, гурван шөнө ам хуурайгүй хуралдаж, үзэг тавилгүй цаас эрээчиж, сэлэм амраалгүй толгой цавчиж байна. Улаанбаатарт тусаад буй хамаг өвчний нян болж буй Батбаяр хэмээгч улаан чаралбыг даран сөнөөвөл нийслэл маань эрүүлжинэ хэмээн хувьсгалын улаан зурхайчийн төлгөнд буусан аж. Чаралба хурдан сөнөж хот илаарших болтугай хэмээн нийслэлчүүд залбирч байна.
Авилгалтай эрүүлээр тэмцэх газар
Ерөнхийлөгч 500 саяыг аваагүй. Даш генерал бас “Би юу ч идээгүй, уугаагүй” гэж андгайллаа. УИХ-ын дөрвөн хөөрхөн гишүүн минь ч хүртэл бид юу ч аваагүй гэж байгаа. Монголд авилгал байгаа юу? гэвэл “Байхгүй ээ!” гэж хүн бүхэн хариулна. Тэгсэн хэрнээ Авилгалтай тэмцэх газар гэгчийг сүр дуулиантайгаар байгуулсан гэж байгаа. “Огт авилгалгүй газар Авилгалтай тэмцэх газрыг байгуулна гэдэг чинь өвчтэй хүний л хийх ажил даа” хэмээн өнгөц сэтгэдэг нэг нь бодож юуны магад. Эрүүл саруул сэтгэлгээтэй удирдлага маань харин Авилгалтай тэмцэх газар байгуулахдаа “Юмыг яаж мэдэх вэ, урьдчилан сэргийлье” гэж бодсон аж. Холын бодол шүү! Ёстой эв эрүүл хүнээс л гарах бодол.

Wednesday, December 19, 2007

ӨВЧИН СЭДЭРСЭН ТҮҮХ

(егөө)
-Эрхэм гишүүн эдгэрчээ таминь ээ! гэж байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирсэн нарийн бичгийн дарга руу Шар хадны эмнэлгийн ерөнхий эмч итгэж ядсан харц чулуудлаа.
Үгүй тэгтэл эрхэм гишүүн нээрээ л эдгэчихжээ. Уг нь үүрийн таван жингээр хар дарж зүүдлэн “Бэлгэвч!” хэмээн чарлаж хөршүүдээ бүү хэл хорооллоо тэр аяар нь сэрээдэг байсан юм. Тэгтэл өнөө өглөө зургаан цаг дөчин таван минут хүртэл бөх гэгч нойрссоноор барахгүй орилж хашгиралгүй өндийжээ.
Босоод хөлдөө бэлгэвч углан шалан дээгүүрээ зөөлөн зөөлөн гишгэлэн ариун цэврийн өрөө рүүгээ ордог байсан бол энэ удаа гэрийн шаахайгаа хөлдөө эвтэйхэн өлгөж явсан аж. Хөнгөнөөр бие засахдаа давхар бэлгэвч өмсөж урьдчилан сэргийлэхээ умартаж, шүдээ угаахдаа сойзондоо бэлгэвч хөдөрсөнгүй. Өглөө бүр тогоочдоо шарсан зайдсандаа бэлгэвч углахыг сануулдаг байсан бол энэ удаа “Үгүй мөн сайхан үнэртэж байна аа” гэж хэлээд л өнгөрчээ.
Эрхэм гишүүн албан тасалгаандаа орж ирмэгцээ хэвлэлийнхнийг дуудаж, “Дох ба Бэлгэвч” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэдгээ мартаад жилмэрээ ч үгүй үндсэн ажлаа хийн суув. Энэ өдрийн УИХ-ын хуралдаан арай дэндүү уйтгартай сунжиралдаж, гишүүд нойрмоглон үе үе духаа ширээн дээрээ түсхийтэл буулгаж байлаа. “Хуралдаа ирдэггүй нөхдийг бүгдийг нь ДОХ-ын шинжилгээнд хүчээр хамруулаад, баруун аймгууд руу төлчнөөр хөөж явуулъя” гэж хашгиран эрхэм гишүүдийг хөгжөөхгүй болохоор аргагүй шүү дээ.
“Шударга засаг” хууль зүйн их сургуулийн арван гурав дахь төгсөлтийн мөнгөн хонхны баяр бас л бөөн гуниг. Баяр гэхээсээ илүү гашуудлын цуглааныг санагдуулж байх юм. Аргагүй л дээ, эрхэм гишүүн ирж цогтой халуун үгээ хэлээд, “Одоо хонхны баяраа сайхан хийгээд, орой бэлгэвчээ хэрэглэцгээе!” гэж уриалаагүй юм хойно.
Орой нь бүр аймшигтай юм боллоо. “Форум”, “Яах вэ?”, “Миний үг”, “Зочны цаг” гэхчлэн телевизийн бүх нэвтрүүлгүүд “Ток шоу” бус “Ток уйтгар” болж хувирлаа. Монголын өнцөг булан бүр дэх хоёр сая таван зуу мянган үзэгчид нэг л юмыг үгүйлэн дэмий л сувгаа солин гиюүрч суув. “Цагийн хүрд”-ийг ч тоож харах хүн гарсангүй. Маргааш өдөр нь гарсан бүх сонинууд ганц ч хувь борлосонгүй. Тэрхүү аймшигт оройноос хойш далан хоёрхон цаг өнгөрөхөд Монгол орон тэр чигтээ уйтгар гунигийн халдварын хар бараан сүүдэрт умбалаа.
Далан зургаан цаг тэг секунд өнгөрөөд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МАХН-ын удирдах зөвлөл хамтарсан хуралдаан хийж байв. Аргагүй шүү дээ. Хаа сайгүй хөмсгөө зангидсан хүмүүс болж, зүрх мэдрэлийн өвчин далан зургаан хувь нэмэгдчихээд байхад чинь! Хамтарсан зөвлөлийн гаргасан маш нууц тушаалын дагуу эрхэм гишүүнийг эмчилж эдгээсэн Шар хадны эмнэлгийн ерөнхий эмчийг улс төрийн гэмт хэрэгт татаж, өмнө өвчлөөд байсан “острый гондомохондроз” өвчнийг идэвхжүүлэгч бодис шингээсэн бялууг тагнуулын тусгай хэлтсийн ажилтнуудаар эрхэм гишүүнд идүүлэх нууц ажиллагааг эхлүүллээ. Маргааш өглөөний дөрвөн цаг тавин есөн минутад эрхэм гишүүн “Бэлгэвч!” хэмээн чарлан өндийж хорооллоо бүү хэл хотыг тэр аяар нь сэрээв.
-Эрхэм гишүүний өвчин сэдэрчээ! хэмээн нарийн бичгийн дарга байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирлээ.

Friday, December 14, 2007

“МОБИ”-ТОЙ ЗАГАСНЫ ҮЛГЭР

(наргиа)
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь “Мобиком”-ын утсаа чагнангаа тор дэгээгээ шидлэн далайн эргийг өдөржин сахина. Эмгэн харин түүний утас руу нь амсхийх чөлөөгүй залгаж, “Олиггүй муу өвгөн чамайг.., оройн хоолны загасгүй ирвэл үү...” хэмээн дарамтална.
Нэгэн сайхан цэлмэг өдөр өвгөн аанай л далайн эрэгтээ очив. Давалгаа тогтуухан намилзаад маш дөлгөөхөн байна гэнэ. Анхан удаа шүүрдтэл ашиглагдсан карт гарав. Ахин нэг шүүрдтэл, “Таны шидсэн тор холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин шиднэ үү?” гэж ялдамхан дуутай бүсгүй шивнэх шиг болжээ. Өвгөний дотор барайж, уушиг зүрх нь сагсайв. Гурав дахь удаагаа шидээд гутарч уурласандаа гуд гуд угзчив. Тэгтэл харин яасан гээч! Алтан загас баригдах нь тэр! Алтан тэр загас нь аль ч загаснаас анги гэнэ. Хүний хэлээр ярьдгаар барахгүй “Рremium gold” барьдаг лутаас лут амьтан байваа чи минь.
-Азай буурал ах минь! Алтан амийг минь өршөө. Ач буяны тань хариуг өгье. Амандаа багтах тоогоо хэлнэ үү? гэжээ. Өвгөн жаахан нэрэлхээд, өөвгөр дагзаа маажиж байснаа,
-Торчгор өвгөн ахад нь тоолдог ч бай, тоолдоггүй ч бай, юу ч хэрэггүй ээ. Алтан хөөрхөн загасхан минь Атлантын их далайдаа аалиараараа арвалз даа гээд арван зүг хорин зовхист атийтал нь шидэж орхив гэнэ ээ.
-Миний дугаар 9911 тэг тэг тэд шүү! Мессеж ч бичилгүй шууд дохиорой, би залгая гээд алтан хөөрхөн загас нь арилаад өгчээ, цаашаа.
Өвгөн жаахан мунхаг юм болохоороо өнөөх алтан загасны тухай, ач буяны хариуд амандаа багтах мөнгөө хэл гэснийг ч хүртэл ам хуурайгүй ярьж орхив.
-Мунхаг муу өвгөн чи! Миний утас нэгжгүй болоод, мэлийсэн гурав хоног өнгөрснийг мэдсээр байж, ядахдаа арав таван нэгж гуйдаг байгаа даа хэмээлээ гэнэ шүү. Хөөрхий өвгөн уймарч “тэг тэг хэд гэлээ байз” хэмээн мунгинасаар, эмгэн улам адган “эргүү гацаа”-гаар нь дуудав. Өвгөн удаж удаж арайхийн дугаарыг санав. Учирлаж хэлэх үгээ увайгүй эмгэнд сонсголтой биш, ухасхийн гэрээс гарав.
-Хүндэт өвгөн ах минь, явдал учир юунд вэ, ямар хэргээр залгаав? гэж мань загас асуув гэнэ. Өвгөн мунгинасан хэвээр, өөвгөр дагзаа маажиж,
-Ухаант алтан загас минь өршөө! Угийн шуналт эмгэн уршиг удлаа. Арав таван нэгжийг амины тань төлөөсөнд нэхсэнгүй гэнэ ээ... хэмээн түгдэчжээ.
Удаж төдөлгүй эмгэний утсанд тав ерэн зургаагаас мессеж нэг ирэв. Насаараа яриад ч барахгүй, найман тэг араас нь эгнэсэн бузгай их нэгжийг нэгмөсөн илгээсэн байлаа.
-Эргүү балай өвгөн чи иймхэн юм гуйгаа юу? Авсан утасны минь загвар хуучраад алсаас дуудлага ирэх бүрт ариун цэврийн өрөө рүү алцаганаж байгааг харахгүй байна уу? Амтай хэлтэй загас руугаа алгуурлаж мунгиналгүй залга! гэв.
Манай өвгөн мангуурав. Майжиг хөлөө солбиулж, матигар хавиргаа түнхэлзүүлэн махийтал зүтгэсээр гарав.
-Өнөөх шуналт эмгэн чинь өвгөн намайг зовоов. Саятан тэрбумтнууд барьдаг, санах ой нь агуу, алтан гадартай алмаз шигтгээтэй, “О-2” утсыг онцгойлж барьдаг болох гэнэ. Лайтай шуналтай яатуу биш ээ, эмгэн юм аа хэмээн амьсгаадав.
Таван цагийн дараа танхай эмгэн уурлав. Тогжгор өвгөнтэй утсаар толхилцох тоймгүй уйтгартай байна гэлээ. Топ модель Наомитай, толгой сайтай Билл Гейтстэй, том хөхтэй Самантатай, тоост хорвоогийн цуутан бүхэнтэй толгой өндийхгүй ярина яадгийм! гэж торчийсон өвгөнөө зандрав. Тогжигнох бүү хэл мөлхөх тэнхэлгүй, хөөрхий өвгөн арайхийн гарлаа.
-Буурай өвгөн ах минь будилалгүй хэл дээ гуйлтаа гэхэд нь хөөрхий мунхаг өвгөн хөлсөө шудран түгдэрлээ...
-Топ модель байтугай толгой улстөрч нэг бүртэй тохь таарсан цагтаа бүтэн өдрөөр биш бүр сараар ч ярьсан болно оо. Дугаарын жагсаалтыг явуулна. Дураараа залгаад чалчаарай хэмээгээд загас утсаа тасаллаа.
Таван өдрийн дараа танхай эмгэн уурлав.
-Бен Ладен дээрэмчинтэй би залгаж ярих уу? Билл Клинтон, Жорж Буш, Путин, Зя Минь бүгдээрээ цаг тутам над руу залгаж, мэнд ус мэдэх ёстой! Ёрын муу өвгөн чи ёолж дуулаад байлгүй ёдрын тэр загас руугаа яг одоо залга! хэмээн таахалзав.
Увайгүй эмгэн бас л уйдав. Ургах нарнаар чарлан сэрээв. Улаан сэлүүр нь сэрийсэн урагшгүй загасаа дууд. Манай гэрт ирээд маргад шилэн хоргонд маний дэргэд амьдраг. Магад их уурыг хүргэвэл Мадер дарсаар амтлаад шарж иднэ түүнийг чинь гэжээ. Мунхаг өвгөн мэлрэв. Мунгинаж чичирсээр гараад, алтан загас руу залгав.
-Энэ талаар чинь харин эгц шулуун хариулт алга аа. Эндэлгүй хэдхэн хормын дараа эргэж залгая даа, ах минь гээд мобитой алтан загас утсаа таслав гэнэ. Хэдэн хором бус бүтэн цаг өнгөрөхөд алтан хөөрхөн загас нь таг чиг. Мань өвгөн манарав, мойног салга хуруугаараа алтан загасны дугаар луу арай ядан залгав.
-Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу? гэх ялдам хонгор бүсгүйн яруу дуу сонстлоо. Эвий өвгөн эргүүтээд, элийрч балайран салгалаад, эргээд гэртээ ортол эмгэн нь урвайн угтлаа. “О-2” утасны нь оронд оронцог болсон хуучин утас нь онгож гандан хэвтэж харагдлаа.

Monday, December 3, 2007

УТААТ МОНГОЛ

/фельетон/
“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би” гэсэн шүлгийг цээжээр дуржигнуулж чадвал тэр хүнийг монгол хэмээн үздэг. Бид өнө мөнхөд утаатай холбогдсон хувь заяатайгаа эвлэрсэн ард түмэн.
Та бодоод үз дээ! Тооноор нь утаа багтаж ядан бургилахад гэр дотор ямар байх вэ? Тэгэхээр монгол хүн төрмөгцөө эхийн цагаан сүүгээр бус, аргалын цэнхэр утаагаар амладаг болж таарах нь.
Япон, Солонгосоос төсөл хэрэгжүүлэн утаагүй зуух үнэгүй тараадаг боловч монголчууд аль их утаа саагиулдаг зуухыг Нарантуулаас үнэ зодон авч, гэртээ тавихыг илүүд үздэг. Тэгээд ч зогсохгүй, хуванцар сав, хаягдал дугуй, майжиг гутал гээд аль их утаа гаргадаг болгоныг хамж шимж, шилж сонгон шатаана. Нүүрсийг шингэрүүлээд утаагүй гал гаргаж болно гэж гадны зөвлөх нь хэлсээр байтал тэс зөрүүдлэнэ. Дэлхийн өнцөг бүрээс хамгийн хуучин, хамгийн утаатай тэргийг авчраад хотоороо хөндлөн гулд сүлжилдэн давхидаг. Зүгээр ч давхихгүй. Хаазаа чинээнд тултал гишгэн хар утаа олгойдуулж, цээж дүүрэн уушиглаж таашаал авна.
Нобелийн шагналт, амьтан судлаач Жорж Утоун гуай монголчуудын бодисын солилцоог судлаад үзтэл яасан гээч? Монгол хүн нүүрсхүчил, хар тугалгын давхар ислээр амьсгалж, хүчилтөрөгч ялгаруулдаг болохыг тогтоож, дэлхийн чих дэлдийв. Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, даян дэлхийн хүмүүн төрөлхийтний сайн сайхны төлөө хамаг хорт утааг ховх сорж буй монгол хүнийг улаан номд бичиж, хамгаалалтад авахаар шийджээ.
Тэгтэл монгол сэтгүүлчид өөрсдөө “Улаанбаатар утаанд автаад, гамшгийн байдалд оржээ” хэмээж буй нь логикгүй тэнэг бичлэг юм. Нийслэлийн утааг арилгачихвал монгол хүн юугаараа амьсгалах болж байна аа?
Утааны ачаар монгол хүний үнэ цэнэ огцом өссөөр байгаа. Хэдэн монгол Сөүлд гарсан түймрээс хүн аварсныг ерөнхийлөгч нь хүртэл магтаж, бөөн шуугиан болсон. Хар нялхаасаа Улаанбаатарын утаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээгүй бол багтарч унаад өөрсдөө шатчих байсан шүү дээ. Сөүл, Токио, Лондон, Париж, Нью-Йоркийн гал унтраах ангиуд “Улаанбаатар хотод төрж өссөн хүнийг гал сөнөөгчөөр шалгалтгүй авна” гэсэн зарыг интернэтэд зай завсаргүй тавьжээ. Огцорсноосоо хойш хоёр жил лааз өшиглөсөн хөөрхий Элбэгдорж Торонтогийн Гал түймэртэй тэмцэх ангийн шөнийн ээлжийн ахлагчаар ажиллахаар болоод бөөн баяр дэгдэж явна.
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монгол дахь элчин сайддаа зарлигийн бичиг ирүүлэв. Түүндээ “Үүнээс хойш, түүнээс цааш эх орныхоо агаарыг цэвэршүүлэх үүднээс монгол хүнийг визгүй зорчуулсугай” гэжээ. Англи, Франц, Орос, Хятад бүгдээрээ энэ жишгийг дагахаар сэм хэлэлцэн тохирч байгааг Монголоос тэнд суулгасан тагнуулууд мэдээлж байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд манай улсаас барууны орнууд руу илгээсэн нууц ажилтнууд хялбархан баригдах болов. Учир юу вэ гэвэл, монголын тагнуулын салхин доогуур гарахад утаа сэнхийдгийг тэд мэдчихжээ.
Тэртээх хориод онд Улаанбаатар гэдэг нэрийг өгөхдөө Сүх жанжин дотроо холын бодол агуулсан юмсанж. Байшингийн орой дээр гэрэлтэх “Улаанбаатар” гэсэн чимэглэлийг “Утаанбаатар” болгон солих нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг тэр тооцсон хэрэг. Ердөө ганц үсэг солиод л болоо. Тэгэхэд оросууд Свердловскийг Екатеринбург, Ленинградыг Санкт-Петрбург болгохдоо ямар их зардал чирэгдэл гаргасан гэж санана аа?
“Утаагүй бол монгол чи хэн юм бэ, монголгүй бол утаа чи юу юм бэ” гэх нэгэн хип-хооп дууг нийслэлийн захирагч Батбаяр улаан хацраа бумбалзуулан үглэж дуулсан нь ард түмний зүрхэнд хүрч, хийтийн жагсаалтыг тэргүүлж байна.
Бид аргалын хөх утаан дотор төрдөг. Арцны цэнхэр майгаар бие эрхтэнээ ариулдаг. Утаан дээр хатаасан борцоо мэрж, улаан дүнсийг угсруулан нэрэх дуртай. Цэнхэр манан суунаглах алсыг ширтэж ухаанаа тэлдэг ард түмэн билээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates