(өгүүллэг)
Найрын ахлаач, “Одоо хоёр хүүхэддээ бэлэг хадгаа барьцгаая аа” хэмээн өндөр дуугаар хэлмэгц хуучин цагийн мах сүүний дараалал шиг юм хөвөрлөө. Сархдад халамцаж улаан зээрд болсон эрчүүд хацарт нь ягаа бутарсан аманцар авгайчуул бэлэн цэцэн үг урсган, соронзон хальсны жижиг хөгжим, орны бүтээлэг, хивс гэхчлэн зүйл зүйлийн эд бараа бэлэгт барьж байна. Хуримаа хийж буй “хүүхдүүд” болох Галаа Сараа хоёрын нүд эрээлжлэн, чих дүнгэнэж хэнээс юу аваад байгаагаа мэдэхээ больж, гагцхүү хацар дээрээс нь үнсэх сахалтай сахалгүй хошуунуудаас айраг сархдын эхүүн үнэр ханхлахыг л мэдэрнэ.
-Таван хошуу мал аваарай миний хоёр хүү хэмээн нагчгар хамартай шар царайтай эрийг хашгирахад тэр хоёрын нүдний эрээлжлээ арилж, гэрийн зүүнтээ зээглэн суусан авгайчууд дуу алдах нь уу гэлтэй амаа ангайснаа бие биенийхээ чихэнд хошуугаа наан шивэр авирхийлцэхийг анзаарав.
Хуримын маргаашаас нүнжигтэй бэлэгний тухай яриа айл айлаар дамжих нь шинэ гэр бүлийн хоёрын чихийг ч ирж дэлсэнэ. Галаагийн садангууд бүгд аймгийн төвийн “ча” гэх өнчин ишиггүй, хөдөөнийхөн муу хэлдгээр “хорооны гуйлгачин” тул бэрийн талынхны нүнжигтэйг шагшин магтаж, хэлэх үгээ олж ядна. “Улаан хацартай хүүхэн аваад, төсвийн хэдэн цаас харахгүй олон малтай болж гэнэ” хэмээн Галаагийн ажлын газрынхан хүртэл цуурцгаалаа.
-Сараагийн буянд, танайх адуу, тэмээ, гурван үхэр, арваад богтой болсон шүү. Эгч нь хуримын бэргэний албанд тохоогдсон байсан болохоор хүмүүсийн амласан малыг бүртгээд биччихсэн шүү гэж бэргэн нь Галаа, Сараа хоёрт хурим өнгөрөөд хэд хонож байтал хэллээ.
-Худлаа хэлээд, нээрээ биччихсэн юм уу та? гэж Галаа гаднаа эргэлзсэн дүр үзүүлэвч цээжин дотор нь баяр бялхлаа. Хүн болсоор өөрийн гэх нохойтой ч байж үзээгүй, хорооны хүүхэд болохоор тэр шүү дээ.
-Өсч үржээд мянга түм болохоо байг гэхэд, хэдэн жилийн өвлийн идэш гэдэг чинь их юм байхгүй юу хэмээн бэргэн нь сургаж байна.
Өвөл ирж, ажлын газрынхан “Энэ жил өвлийн идшээ хаанаас авна аа, махны үнэ тэнгэрт хаджээ яана даа” гэж нааш цааш гүйлдэн амьсгаадаж эхэллээ. Харин Галаа, “Бэлэгт амласан үхрээ явуул гээд Сараагийн авгад хэл өгчихсөн” гэж дотроо бодон дээгүүр харан монцойтол алхаж байв. Ажлаа тараад гэртээ иртэл ээж нь тэднийхээс их доогтой мушийсаар гарч ирж таараад,
-Танай өвлийн идэш иржээ гэж хэлээд цааш явлаа. Ороод, Сараагийн мөр чичрэн мэгшүүлж байхыг хараад Галаа эхлээд гайхсанаа, очиж аргадах гэж оролдлоо. Түүний авга ишигний чинээ бяруу алж явуулсан байх агаад арьсанд боож хөлдөөсөн махыг гурван настай охин хөдөлгөн тоглож, сүүлнээс нь чирч ход ход хөхөрнө. Сараа:
-Танайхан миний ах дүүсийг шоолж байгаа даа. Би хүний нүүр яаж харах вэ? хэмээн сэтгэлээр унана. Галаагийн ээж уул нь тийм муухай зантай хүн биш ч, энэ явдлаас хойш худууддаа нэг л ёозгүй хандах боллоо. Галаа дотроо Сараагаа өмөөрөвч, хүүгийнх нь өвлийн идшинд тохуурхаж байгаа мэт бяруу өгч явуулахаар арга байж уу, зуугаад үхэртэй хүн юм гэнэ лээ шүү дээ гэж бодохоос ээждээ бас буруу өгч эс чадна. Тэр өвлийн идэш сар бололгүй дууссан билээ.
Дараа жилийн лайт өвөл ирдгээрээ ирлээ. Сараагийн санаа маш зовж байгааг Галаа ханийн зөнгөөрөө мэдэрнэ. Энэ удаа таван хошуу мал амласан өнөөх нагчгар хамарт нагацынд нь явж хүрлээ. “Цагаан өр”-ийг нэхэж авдаг ёстой юм гэж хөгшчүүд загнасан учраас тэр л дээ. Галааг унааны хөлсөнд хагас цалингаа өгөөд, нагацаас нь “Малаа дараа жил ав” гэсэн хариу аваад ирснээс хойш Сараа бүр нүднээс гарлаа.
Энэ явдлаас хэдэн жил өнгөрч өнөөх цагаан өрүүд овоо мартагдах янзтай болоод байтал Галаа хүүгийнхээ даахийг үргээх ёс хийлээ. Садангууд нь Сараагийн нүүрийг улсхийлгэн халуун бүлээн хошуутай бод бог амлана. Харин ча гэх ямаагүй “хорооны гуйлгачин” авгайчуул амаа ангайн гайхадгаа больчихсон, бие биенээ нудран жиг жугхийлцэж, шоолон хөхрөлдөж байлаа.
Баавгай болохсон
1 week ago