Thursday, August 30, 2007

НОГООН ТОЛГОЙ

(өгүүллэг)
Өглөө сэртэл нэг л биш. Уул нь толгой янгинаж, дагз минь лантуугаар балбачихсан мэт өвдөж байдагсан.
Гэтэл өвчин огт мэдрэгдэхгүйгээр барахгүй хоосон оргих нь эвгүй. Сурсан зангаараа гал тогоо руу очиж ус залгилах санаатай өндиймөгц толинд тусах өөрийн дүрсээ хараад зог туслаа.
Еэ базарваань! Толгой минь байдаггүй ээ. Тэгсэн хэрнээ би толгойгүй мухар биеэ харж байх нь аймшигтай. Тэмтэрч үзлээ нээрээ алга.

-Аа аа, аа аа! Муухай бархирсаар буцаж орон дээрээ уналаа.
-Яав чи чинь, галзуурав уу? Хүүхэд айлгачихлаа гээд авгай угаалгын өрөөнөөс гүйж ирлээ.
-Чи харахгүй байна уу? Миний толгой алга!
-Хн! Ногоорч яваад л хаячихаа биз. Малгайгаа хамт гээгээгүй нь л яамай.

Миний дотор харанхуйллаа. Ийм л хүнтэй би арван жил ханилсан байна шүү дээ. Байтлаа толгой минь нэг муу үрчинхий үнэгний арьснаас дор болж таарах нь. Шулмын цаад шулам байж дээ гэх бодол цээж урлаа.
-Чиний толгойг нохой ч тоож шиншлэхгүй. Өрөөнд чинь л архичдын шүлс цэртэй холилдоод хэвтэж байгаа биз гэж цааш үглэхийг нь муухан сонсож, “Муу шулам эмгэн, бүр шүүр унаад нисдэг эмгэнээс ч долоон дор, үзээрийн муухай эмгэн” хэмээн дотроо харааж байсан ч гадагш гаргаж хэлж чадахгүй хэвтлээ.
-Хөөш, босооч чи! Үйлчлэгч шүүрдээд, хогийн саванд хаячихаас нь өмнө тэр өмхий ногоон толгойгоо олж аваач! гээд муу шулам чинь ширүүлж байна. Арга буюу босч хувцаслаад гарлаа.

Ажил дээрээ ирээд, навсархай өрөө рүүгээ орж, хайлаа. Байдаггүй ээ. Дөрвөн хөллөж байгаад ширээн доогуур сайн гэгч харлаа. Өрөөний муу дэвсгэрийн тамтаг дээгүүр нээрээ л бөөн шүлс цэр, тамхины иш үнс, архины бөглөө хөглөрсөн байдгийг анх удаа л анзаарлаа. Толгой минь алга аа.
За байз, өчигдөр чинь яалаа. Хамгийн сүүлд улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёрын авчирсан юм дуусч, ганц юм нэмэхээр бодол болж байсан бүүр түүр санаанд орж байна.
Бадарч руу залгалаа.
-Байна уу? Ёо, ёо. Хэн бэ?
-Би байна аа. Хөгшний чинь толгой байдаггүй ээ. Өчигдөр би өрөөнөөс яаж гарсан бэ?
-Юу? Ямар өрөө?

-Үгүй ээ. Манай өрөө л байхгүй юу.

-Нээрээ тийм билүү? Ёо, ёо. Шар, юу яах юм байна уу, үхлээ.

-Чи бушуу хүрээд ир. Хурдал гэм!

Улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёртойгоо нийлж үдээс өмнийн турш муу толгойгоо хайлаа. Олдохоосоо өнгөрсөн бололтой. Өрөөндөө буцаж орж ирээд хоёр үлхийсэн найздаа ганц шил юм задаллаа. Бөглөө Сүхээгийн магнайд хөлс бурзайгаад,

-Тэр муу толгой хаачаа л гэж. Олдоно. Миний найз олон юм бодолгүй шараа тайл гэж байна.
-Амгүй юм чинь яаж уухым? Юүлүүр авчраад юүлчих л дээ! гэж би дүрсхийлээ.

Нээрээ бодоод байхнээ нь толгойгүй юм чинь юу өвдөж, юугаараа шартах вэ дээ. Шил юмаа дундруулж халж байгаа хоёр найзаа харж суухаас биш надад хазахын заяа байхгүй болсон байлаа.
Хэд хонолоо. “Ногоон Лууяа согтуу явж байгаад толгойгоо гээсэн гэнэ” гэж аймаг даяар шуугив. Зарим нь бүр “Цаад ногоон чинь лонх хятад спиртээр толгойгоо өгчихсөн байхыг сийхгүй” гэж хүртэл цуурсан нь эхнэрийн чих дэлссэн байлаа.
Манай өрөөгөөр архины найзууд хөлхөх нь цөөрсөөр. Бүр улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёр ч үзэгдэхээ болилоо. Аргагүй шүү дээ. Би хүнтэй адилхан толгойтой, уух амтай биш дээ. Дэмий л ажлаа халтарлаж, гутарч суух боллоо.
Өрөө нэг ч тамхины ишгүй, дэвсгэр дээрээ ганц ч толбогүй цэмцийсэн ч нэг л уйтгартай.
“Өнөөх Лууяаг чинь ногоон толгой нь л уруу татаад байж. Одоо бүр төрөл арилжсан гэнэ шүү” гэж цуурцгаах болов. Хурал болгон дээр миний архи уусан тухай авч хэлэлцдэг байсан бол одоо магтаж эхэллээ.
-Тэр муу ногоон толгойг март гэж авгайг хэлэхэд нь миний уур хүрдэг байснаа сүүлдээ “Үгүй, нээрээ ч юм уу” гэж бодогдох болов. Хөдөлмөрийн аваргын тууз зүүж, аймгийн онцлох есөн хүний тоонд орж монцойдог юм байна. Нэг их удалгүй Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдэг, дараа нь Алтан гадас одонгоор энгэр цоолов.
-Хөдөлмөрийн баатар ч ойртлоо шүү гэж эхнэр баярлана. Тэр муу ногоон толгой гай болж нэг газраас гараад ирэх вий дээ гэж би харин айна.
Өглөө сэрэх бүрт нэг л биш мэдрэмж төрөх нь арилж өгөхгүй ч бушуухан энэ муу ёрын мэдрэмжээ бодлоосоо үлдэн хөөгөөд, “Бурхан минь, тэр муу ногоон толгойг хаа нэгтээ хэвтэж байвал чононд идүүлж хайрла” гэж залбирдаг болов.

Saturday, August 11, 2007

ШАЛГАЛТ

(шог өгүүллэг)
Дондог багшийг өглөө гэрээсээ гарахад авгай нь:
-Миний өвгөн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Түүний мэдлэгтэй сайн багш болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч сүүлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хүн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа өнөөдөр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шүү” гэж өөртөө дахин дахин шивнэж байлаа. Хамгийн түрүүнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шүүх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангүй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хөдөлж өгөх биш. Шүдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хүчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нүд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Түүний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгүй шууд дүнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шүд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хүчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч үгүй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хүүхдүүдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр өмнө энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дөрвөн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хүнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгүй гарын үсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”өнөөдрийн шалгалтыг яагаад ч давшгүй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын өмнө төв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод түүн рүү алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж үү? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хүү өмнөөс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зөнгөөрөө мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дөнгөж арван гурван оюутан үлдсэн. Хүүхэд унагааж хэрхэвч болохгүй” гэх захирлын үг чихэнд шуугина. Юу ч мэдэхгүй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад өгөх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгүйгээ мэдэж байлаа!
-Эрх зүй гэж.., зүйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зүйг хэлнэ гэнэ ээ?
-Нөгөө юу яадаг.., юм оёдог зүү..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан түсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дүн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргүй тайвширчихсан байлаа. Тэгтэл өнөөх чинь нүдээ бүлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шүү дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мөнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог өөрийн мэдэлгүй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хүрч ирж 0 ”F” дүн тавиулаад гартал түүнтэй зөрөн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хүүхэд унагана гэдэг чинь, сургууль дөрвөн зуун мянган төгрөгөөр хохирно гэсэн үг шүү дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын үгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”өөр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь өмөлзлөө.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангүй. Үдэш авгай нь түүний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, өөр нэгэнд нь орчихно шүү дээ” гэж тайвшруулж байлаа.

Monday, August 6, 2007

НАЙДВАРТАЙ НЬ ДЭЭР

/шог өгүүллэг/
“Найдвартай нь дээр” гэдэг үгийг Монголд та дэлгүүр хоршоо, гудамж талбай, хөдөө гадаа, хаана ч сонсоно. Эрс тэс уур амьсгалтай, түүнийгээ дагаад хүн мал, зам харгуй, төр засаг нь хүртэл эрс тэс болчихсон орон учир ингэж ярихаас өөр аргагүй.
Балдан гуай найр хийхээр тооцоо хийж байна.
-За манайх чинь байз өө.., хоёр талын жаран зочин залах юм байна. Хүний нэгээр бодож, жаран шил архи бэлдэнэ ээ хө гэнэ. Тэгснээ л,
-Ээ, найдвартай нь дээр, зуун хорин шил архи базаадаг хэрэг! гэж хаширлана.
-Амьтны өмнө нүдний булай болж байхаар, тэр нь дээр гэж самган нь хүч нэмэгдүүлнээ болоогүй. Эцэст нь тэд хүний арваар тооцож зургаан зуун шил архи авахаар болно. Найдвартай нь дээр шүү дээ.
Миеэгомбо гуайн хүү Энхболдоор толгойлуулсан засгийн газар “Найдвартай нь дээр” хэмээх энэ зарчмыг ягштал мөрдөнө. Тэд:
-Ажилгүйчүүдийн тоо гучин хэдхэн мянга байгаа. Бид ажилгүйдлийн түвшинг тогтоон барьж чадлаа гэж сонгуулийн тойрогтоо очих бүртээ урнаар донгоддог. Тэгэх мөртлөө “Наян мянган ажлын байр бий болгоно” хэмээн зорилт тавина. Тойргийнх нь ард түмний толгой ёстой л “тойрог” болтлоо эргүүтнэ. Гучин мянган ажилгүй хүнтэй гэх, тэгсэн хэрнээ наян мянган ажлын байр гаргана гэх..? Ерөнхий сайд “найдвартай нь дээр” гэж байгаа юм байна аа л гэж ойлгоно.
Арван настай хүү хонио хариулахаар гарч байна. Эцэг нь хөмсгөө атируулан, бүртийх ч үүлгүй тэнгэрийг удаан гэгч шинжээд,
-Мөндөр цохиж мэднэ, найдвартай нь дээр гээд, хүүдээ хөвөнтэй дээл хөдрүүлнэ. Уг нь бол сүүлийн гурван жил мөндөр байтугай борооны ганц дусал ч унагаагүй тэнгэр шүү дээ. Хүүгийн эх тэндээс,
-Уул нь дөчин хэм хална гэсэн. Цаг уурынхан худлаа донгоссон байгаа дөө! гэж хошуу амаа билүүднэ. Ингээд л найдвартай нь дээр зуны дөчин хэмийн халуунд гурван давхар хөвөнтэй дээл өмсгөнө дөө.
Эрс тэс уур амьсгалтай Монголд “Тэс эсвэл үх” гэсэн хууль үйлчилнэ. Татвар буурлаа л гэнэ. Үйлдвэрийн захирал Дандар гуай хөмсгөө зангидан удаан гэгч бодол болсноо,
-Гэнэтийн ашгийн татвар авчихаж мэднэ! Орлогоо тас нууя, найдвартай нь дээр гэнэ. Ня-бо шаримгар шар бүсгүй нь нүдээ эргэлдүүлснээ,
-Ээ дээ, захирал минь найдвартай нь дээр, бүр алдагдалтай ажилласан болж тайлан тэнцлээ гаргах уу гэж ташуур өгнө.
Балбар гуай хороон дээрээ очиж түлээний бичгээ авчээ. Тэр дотроо “Тэс эсвэл хөлд” хэмээн үглэж байснаа, охин руугаа нухацтай харна.
-Ээ дээ, нэг л биш бүтэх л байгаа даа? Найдвартай нь дээр, хорооны даргыг таньдаг хүн юу билээ? хэмээнэ. Самган нь үүнийг сонсоод,
-Тэг охин минь, Дорж ах руугаа утасд гэснээ,
-Найдвартай нь дээр, лам багшдаа очиж даатгуулъя байз гээд таягаа шүүрэн гарч ниснэ.
Цэцэрлэгийн багш хүүхдүүдээр тоо бодуулж байна.
-Болд оо, ангид дөрвөн хүүхэд байжээ. Хэдэн сандал хэрэгтэй вэ?
-Тав багш аа!
-Хүүе ээ, яагаад тэр вэ?
-Багш аа, найдвартай нь дээр. Дутчихвал яах вэ? Ингэж хэлэхийг сонсоод багш: “Нээрээ найдвартай нь дээр, энэ жил ангидаа ахиухан сандал цохуулж авна аа” хэмээн бодол болно.
Долоон буудлын Долгор эмээд дуудагдаж ирсэн түргэний эмч:
-Та даралтны эмээ хоёрыг л давхарлаж уугаарай за юу гэж захихдаа дотроо “Найдвартай нь дээр, даралт нь буухгүй бол төвөг” гэж бодно. Эмээ эмчийг гарсны дараа,
-Найдвартай нь дээр, нилээд хэдийг уучихдаг хэрэг ээ гэж өөрөө өөртэйгөө ярингаа, хэдэн эм шүүрч аваад гөпхийтэл залгиж орхино. Ингээд л удалгүй дахиад л түргэн дуудна. Түрүүхэн л даралт ихэдлээ гээд дуудуулсан Долгор эмээ даралт цочир буурснаас ухаан алдаж унасан болохыг түргэний эмч үзээд нүд нь орой дээрээ гарчихна.
Ингэж л бид амьдарч байна даа. Өглөөд би “Зам түгжирч магад. Найдвартай нь дээр” гээд үүрийн дөрвөн цагт ажилдаа гардаг. Авгай харин, “Халаасны хулгайч хэцүү шүү! Найдвартай нь дээр, мөнгөө богино өмдөндөө нуу” хэмээн үглэсээр хоцордог доо.

Wednesday, August 1, 2007

Лайтай амьтан

(шог өгүүллэг)
Том дарга нар манай хэлтсийнхнийг “архичид” гэж нүд үзүүрлэнэ. Дарга цэрэг нь ялгагдахгүй эвтэй найртай болохоороо бид тэдэнд тэгж харагддаг юм л даа. Даваа гаригийн өглөөний хурал эхлэхэд манай дарга:
-Нөхөөд! Өнөөдрөөс эхлэн ажлын цагаар шар тайлахыг таслан зогсооё. Цаана чинь, дүүрэг даяар манайхныг ярьж байна гэх боловч хурлын төгсгөл рүү толгойгоо даран ярвайж байснаа,
-Үхэх нээ, ёо ёо. Алив, Болд оо, хүү минь ухасхий! Ганц юм олоод ир. Жижүүрт мэдэгдчихэв ээ гэнэ.
Ингэж он жилийг өнгөрөөж байтал хамт олны маань дундаас ногоон Гонгор тасарч, цойлдог боллоо. Түүний ааш авир өдөр хоногоор хувирч, бидэн рүүгээ “хар, яр” гээд байх болсон төдийгүй охид бүсгүйчүүдийг үсдэж чарлуулан бөөн хэрэг тарина. Даваа гаригийн хурал дээр дарга ярьж бид сонсдог байсан бол одоо Гонгор хаван гүйсэн царайгаа мэнчийлгэн:
-Муусайн шаарнууд, та нар юу юм? Надаас бусад нь архи уудаггүй юм уу, аан! хэмээн агсарна. Бид юун шараа тайлах манатай. Түүнийг аргадах гэж үйлээ үзнэ. Тэр бидэнтэй уухаа байснаар барахгүй хуулийн хэлтсийн согтуу Лууяа, төрийн санд ажиллаж байгаад хусагдсан улаан хамар Дорж мэтийн хүнд гаруудыг өрөөндөө цуглуулах боллоо.
Хамт олноороо эвтэй найртай байхад анзаарагддаггүй байж дээ. Одоо Гонгорыг орж ирэхэд “хоносон архи”-ны бөөлжис хутгам үнэр, хямд янжуурын нялхийсэн заваан бохь холилдон хонгилоор нэг ханхална. Цоожны нүх арайхийн олж, салгалсаар өрөөгөө онгойлгоход нь шүлс цэр, тамхины үнс болсон шал хальт харагдсанаа хаалга тасхийнэ.
-Энэ лайг яана даа гэснээ дарга толгойгоо сэгсрэн бодол болно. Бид бүгд нэг л мэдэхэд нийтээрээ архинаас жигшчихсэн байлаа! Он солигдоход манай хэлтэс дүүргийн тэргүүний хамт олноор шалгарав. Засаг дарга индэр дээрээс:
-Дутагдалдаа дүгнэлт хийж, архидан согтууралтыг ерэн дөрвөн хувь бууруулсан үлгэр жишээ хэлтэс хэмээн биднийг магтаад, даргад өргөмжлөл гардууллаа.
Орой нь бид даргын өрөөнд өргөмжлөлөө угаахчаа болов. Сэрчим өргөсөн хэдэн дуслыг тооцохгүй бол ширээ дүүргэн өрсөн архи дарс дундарсангүй. Дэмий л дүлий дүмбэ оргин сууцгаав. Өнөөх нялхийсэн заваан үнэр ханхийн ногоон Гонгор орж ирж, согтуу нүдээ эргэлдүүлэн,
-Муусайн шаарнууд, та нар юу юм? Надаас бусад нь архи уудаггүй юм уу, аан! хэмээн агсарлаа. Бид Гонгорыг аргадаж, ганц шил юм тэврүүлэн өрөө рүү нь оруулаад тарцгаав.
Даваа гаригийн хурлыг Гонгор өнөө л хэдэн үгээрээ нээнэ. Түүнийг аргадан, шилний шавхруу өгч гаргаснаар санаа түр амсхийнэ. Дарга Гонгорын тас саваад гарсан хаалга руу хялам хялам хийнгээ:
-Бусдыг нь архинаас жигшүүлэх гэж бурхан ийм хүмүүсийг ертөнц рүү илгээдэг юм аа даа, хөөрхий хэмээн үгээ эхэлснээ хэнгэнэтэл санаа алдана. Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө лайгаа эдэлж яваа Гонгорыг бид өрөвдөн шүүрс алдана. Дарга цааш үргэлжлүүлэн:
-За Болд оо, чи залуу хүн, юу алзах вэ. Цаад лайтай амьтныхаа ажлыг өөрийнхтэйгээ давхар амжуулаад байна шүү дээ. Манайх энэ жил нийслэлийн тэргүүний хамт олонд горьдлоготой байгаа шүү гэдэг боллоо.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates