Monday, April 23, 2007

БҮРЭНГИЙН ХӨГШЧҮҮД НАМАЙГ ШҮЛЭГТ "УРУУ ТАТСАН"

Зохиолч, яруу найрагчид гэдэг хошин шогоор амьсгалж, амьдарч байдаг хүмүүс. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Дөнгөтийн Цоодолыг энэ удаа хоймортоо урьж нутаг усныхан болоод, зохиолч нөхдөд нь тохиолдсон хоржоонтой наргиантай агшнуудаас хуучилж уншигчдад маань инээд хайрлаач хэмээн хүслээ.
-Хөдөөгийн хөх өвгөдийн билэг гэдэг дундаршгүй. Танай Бүрэн нутагт шооч хэлэмгий хүмүүс их биз?
-Монголын сум болгонд ганц хоёрын зэрэг шооч хүн төрдөг юм шиг. Ухаандаа, шог зохиолч олон байдаггүй шиг. Манай нутгийн ах дүү заан Чоймбол, Дугаржав гэж байлаа. Нүгэлтэй сайхан давсалж ярина. Их сайхан сэтгэлийн худалч гэмээр юм уу даа. Хүн ямар нэг юм ярихад “Тэр чинь юу ч биш” гэж байгаад л авч өгдөг.
Дугаржавыг Бүрэнгийнхэн Ар халхын сэргэлэн Дугжаа гэж нэрлэнэ. Нэг нь зуухаа их сайхан татдаг гэж магтаж л дээ. Тэгтэл Дугжаагийн ярьдаг нь хөдөлж, ийм яриа болов гэнэ.
-
Манай зуух алах нээ. Нүгэлтэй татах юм аа, хуйхалчих гээд л.
-Яаж байна? Дугжаа.
-Уул нь хуучин цоорхой гичий л дээ. Сумын төв ороод ноос ноолуураа тушаагаад мөнгөө амьтны дэргэд тоололтой биш орой ирээд тоолох гэтэл лаа байдаггүй. Зуухны аман дээр тоолоод орхиё уу гэтэл гичий чинь, өнөө хэдийг сүр пар хийтэл ховх сороод шатаачихлаа гэсэн гэж байгаа.
Айхавтар хурдан сэтгэж. Татдаг татдаг гэхэд, хүний гар дахь мөнгө ховх татаад, авахын зуургүй шатаачихдаг зуух гэж байх уу. Тэгээд болоогүй ээ, цааш нь угсруулан “Ингээд л ах нь чамаас ганц уут гурилын үнэ зээлье үү, гэж явна” гэсэн байгаа юм. Дор нь сийрнэ гэдэг л энэ.

-Тэмээний бөхний хооронд цэцэг ургатал таргалуулсан тухай та нэг удаа ярьж байсан. Бас л энэ Дугжаа гуайн яриа юу?
-“Тэмээ гэдэг амьтан мөн таргалах юм аа. Энэ хөх Жамбын мэлзэн нүгэлтэй таргалжээ. Ингэж байж сайн эрд идүүлчих вий дээ” гэж Бүрэнгийнхэн ярьж. Тэгтэл Дугжаа, “Тэр ч биш ээ, хэрэггүй л юм явна лээ. Тэрийг хэн иддэг юм. Тэр жил манай нэг сайхан тэмээ тэгж байж, хундаганы Жамьянд идүүлчихсэн дээ” гэж гэнэ. “Яасан юм, их таргалсан уу” гэсэн чинь, “Хавар алдчихсан гичийгийн чинь сураг нь гараад байхаар нь яваад очтол тамга нь мөн ч юм шиг. Гуян дээр нь дарсан тамга ташааных нь толион дээр гарчихаж. Ийм юм гэж юу байхав гээд лавлаж хартал, амьтан их таргалахаараа арьсанд мах чихээд тамга нь өөр газраа оччихдог юм байж” гээд, цаадуул нь гайхаж шогширохоор, улам цааш нэмж сэтгээд, “Үгүй мөн нүгэлтэй хом суусан байсан. Хоёр бөх туг ширээ, хооронд нь шороо тогтоод хонгорзул цэцэг ургачихсан явж байсан шүү” гэж туусан байдаг. Хом сууж, хонхортой болоод, тэнд нь шороо тогтоод, хонгорзул ургатал ярина гэж байх уу. Ингэж л сийрдэг эр.
-Таны шүлэг зохиол оролдож эхлэхэд энэ бүхэн мэдээж нөлөөлсөн байдаг биз.
-Үнэнийг хэлэхэд мань мэтийг шүлэг бичихэд "уруу татсан" улсууд чинь л тэд. Бүрэн сайхан нутаг. Дөрвөн голоо бараадаад л дөрвөн хэсэг буучихсан айлууд. Түүний нэг нь болох Талын булаг нөхцөлгүй шооч хүмүүстэй. Хүн шоолохоос ч өөр ажил ч байдаггүй байлаа. Зунжин согтуу, улаан нүдтэй лухайсан юмнууд биенээ явуулаад л найрлаад байна. Ингэлээ гээд гуйлгачин болчихдоггүй л байж. Намар болохоор дап хийгээд л жаахан өвс авчихна, ухасгээд хороо хотоо засчихна. Хэдэн сэгсүүрэг элдчихнэ. Жигтэйхэн гоё л амьдрал байж дээ.
-Найр гэснээс билэг ерөөлийг ч урсгаж өгнө биз?
-Манай нутагт Наваантэен Жигмэд гэж хөгшин бий. Хөдөө явж байтал нь Нацагийн хар Лувсанбалдан гэгч тааралджээ. Жигмэд нь:
Хаяа голоор нутагтай
Хамар муутай аавтай
Харвин голдуу ээжтэй
Хар Лувсанбалдан гуай хаа хүрч явна? гэсэн чинь Лувсанбалдан жаахан зуур далжийж байснаа, хариу барьж:
Хөхүүл нагай шиг ээжтэй
Хөгшин бурхи шиг аавтай
Хөвийн тогоруу шиг ахтай
Хөхүүр маягийн Жийгээ та хаа хүрч явна? гэсэн гэдэг.
Лувсанбалдангийн аав хамар муутай "напи" Нацаг гэж хүн, ээж нь нээрээ л харвин голдуу тарган бор авгай. Жийгээгийн ээж болохоор нагай шиг олон хүүхэдтэй, ах нь толгой нь салгалдаг, Жийгээ өөрөө хөхүүр шиг том гэдэстэй хүн байсныг нүдэнд харагдтал шүлэглэсэн нь тэр.

Иймэрхүү яриа үргэлж болно. Тэд ямар казинод тоглох биш, бөхөө үзнэ гэх биш, үгээр л тоглодог байж. Үгийн наадгай гэдэг энэ.
-Таны удамд шооч хүмүүс байсан уу?
-Гойд юм байгаагүй байх аа. Миний ганц ах элбэг Батсүх гэж амьтныг их инээлгэдэг хүн байж. Юм болгонтой болохоор нь “элбэг” гэдэг. Найран дээр ерөөнө, хүнийг нүгэлтэй адилхан элэглэж шоолдог, их сайхан зурна, бас дуулна. Айлууд морь зуруулж хоймортоо зална, сумын улаан буланд “Учиртай гурван толгой”-н Юндэнд тоглоно. Тэр үед сум бүр энэ дуурийг тавьдаг байсан юм шүү. Надаас хамаагүй чадалтай хүн байлаа. 1960 он гарч байхад, хорин тавтайдаа нас барчихсан юм.
-Таны нэг ярилцлагаас 1970 оны үед Төв аймагт ажиллаж байсан тухай тань уншсан. Тэр үеэ дурсахгүй юу?
-Аймгийн сонинд сурвалжлагч хийгээд, “Ингээд явж байхад боллоо” гэсэн бодолтой явж. Миний түрүү үеийн ах сурвалжлагч хагархай Дондогдорж гэж аймгийн бүх дарга нартай хампаан эр байлаа. Тэр надад “Миний хүү сургуульд явахгүй бол над шиг ийм угаасан эсгий малгай шиг юм болно шүү” гэж үргэлж захина. Тэгээд л зүтгэсээр, 30 шүргэсэн хөгшин оюутан болсон доо. Үзэлт суртлын тун айхавтар зэвсэг бэлдэх намын бодлогоор МУИС-ийн сэтгүүлчийн ангийг Намын дээд сургууль дээр аваачсан үе байлаа. Манай ангиас гайгүй сэтгүүлчид гарсан. Д.Жаргал насаараа Монгол телевизийн дарга хийлээ. “Өнөөдөр” сонины Р.Чулуун байна. П.Төмөрбаатар Дундговь аймгийн сонины эрхлэгчээр насаараа ажиллалаа. Л.Бат-Өлзий “Үнэн” сонины сурвалжлагч гэж мандаж байснаа одоо Сэлэнгэд хоёр мянган малтай болчихсон мөн л мандаж байна.
-Яруу найрагчдаас хамгийн их инээлгэдэг хүн нь хэн бол?
-Хүнийг шоолж инээлгэснээрээ диваажинд очих эрх авдаг бол, хамгийн түрүүнд Пүрэвдорж, Дооров хоёр эрхийн бичигтэй болох байх. Араас нь Бадарч, Лхагвасүрэн, Ядмаа гээд л жагсана байх. Бадарч бол их олон галын дунд байдаг хүн. Өөрөө хүнийг их оролддог учраас хариу их хүртэнэ. Эрдэнэсант, Овоотын хилийн цэргийн отрядын клубын эрхлэгч байсан. Гоё хөх даавуу дээлтэй, шар бүстэй, ороолтоо сул намируулсан сайхан шар залуу явдаг байсан. Дараа нь Офицерын ордонд ирээд, Улаанбаатарын гудамжаар нэг их гоё офицер алхах болсон. Бадарчийг:
Овоотын отрядын ногоон малгайт
Офицерын ордны цагаан толгойт
Эрдэнэсантын эрх шар
Эмээ нарын бэрх шар
Цэнхэр дэлгэцийн сэвдэг шар
Цэргийн чуулгын савдаг шар гэсэн байдаг.
Бас:

Намхан улаан хамар нь
Нанчдын дугараанд ноцно
Навчин хоёр чихэнд нь
Нарны шил гацна ч гэдэг. Ингээд тоочвол олон юм бий дээ. Хуучны зохиолчид хүзүү толгой холбоотой юм шиг л явцгааж, шүлэг зохиолоо уншдаг байж. Бид хэд хоног уулзахгүй бол биенээ үгүйлж, пар пар инээх юмсан гэж бодогддог.
-Цэдэндамбаа гуайг их онигоонд оруулсан байдаг шүү дээ.
-Цэдэндамбаа бол очсон газар бүхэндээ хүн инээлгэж явна. Ямар сайндаа л түүнийг ирэхээр Түдэв дарга ажлаа мартаад дагаж өрөө хэсээд инээгээд явж байх вэ дээ. Би түүний тухай онигоо зохиогоод “Ардын эрх” дээр гаргачихаад, өөрийг нь ороод ирэхээр өнөөхөө ярьсан чинь “Би нээрээ тэгсэн байх шүү” гэж байлаа.
Цэдэндамбаа нэг удаа жийнс худалдаж авсан залуугаас асууж гэнэ.

-За хүүхээ, наадах шинь хаанахын юм гээшиб?
-Аа, энэ оросынх оо. Их сайн жийнс.
-Хн, Орос юу ч биш. Англи их сайн хийдэг юм.
-Яагаад?
-Тайлаад тавьчихлаар зогсож байдаг гэж байгаа.
-Тэр лут юм аа. Манайд иртлээ ч өдий биз дээ.
-За за, тэр ч хэзээ ч ирэхгүй биз дээ. Гэхдээ францчууд бүр сайныг хийдэг юм ш дээ. Тайлаад тавьчихаар орны өмнө зогсож байна. Өглөө эзнээ босоод ирэхлээр өөдөөс нь явдаг гэж.
-Таны орчуулга сонинуудад нэлээд гардаг. Хэл хэдийнээс сурч эхэлсэн бэ?
-Мишигийн Цэдэндорж гуай надад хажуу зайнд нь улаан эрээн болтол нь тэмдэглэл хийсэн “Мой Дагестан” номыг 1970 оны майн баярын өдөр бэлэглэсэн. Түүнийг словарьдан уншиж байсан минь л хэл сурах анхны оролдлого болсон. Дараа нь Өвөр Жанчивланд амарч байтал ардын жүжигчин Гэндэн гуай: “Өнөөдөр миний төрсөн өдөр” гээд чих нь далбаганачихсан явж байна. Дэлгүүрт нь юм байхгүй. Амралтын дарга дээр ороод ч юм бүтдэггүй. Хаанаасаа хаалгач нь гэгчээр нутгийн найз, нярав дээр очтол өнөөхөөс юм гарлаа. Ингээд Гэндэн гуай “За хө чи их том гавьяа байгууллаа. Би өнөөдөр харваж үхэж ч магадгүй байсан” гээд надад 1944 онд хэвлэгдсэн Чеховын боть бэлэглэсэн. Эх орны дайн болж байхад оросууд Чеховоо хэвлэж л байсан байдаг. Сүүлд сургуульд явахдаа ганцхан тэр номоо авч явж байсан. Горькийн сургуулийн оюутны байр, 9/11 гэдэг байшин бол жинхэнэ уран бүтээлийн лагерь байлаа. Хэл сурсан бол 9/11-ийн гавьяа, муу сурсан бол бас тэрний муугийнх болох байхдаа. Горькийн сургууль гээд ярихаар адис авч, залбирмаар газар.
-Сургуулиа төгсөөд Зохиолчдын эвлэлдээ ажилласан байдаг уу?
-1982 оны зун нэгдүгээр курс төгсөөд иртэл манай “Утга зохиол” сонин дээр бөмбөг хаячихсан юм шиг байж байна. Цэдэнбалыг Цэдэнал гэж билүү дээ хэвлэлийн алдаа гарчихсан байлаа. Намайг энд ажилла, энэ сонины ажлыг ав гэж байсан юм. Би татгалзсан. Тарваа гуай ч ажилладгаараа ажиллаад, сониноо гаргаад л үлдсэн. Дараа жил нь төгсөж ирээд, зохиолчдын эвлэлийн яруу найргийн зөвлөлийн даргаар ажилласан. Тэр үед зохиолчдын эвлэл том газар байсан юм шүү. Ганц жишээ хэлэхэд 1987 онд Б.Догмид, О.Дарьсүрэн, Баярсайхан, Ж.Дашзэвэг нарын зургаа долоон хүний элсэх өргөдлийг нэг өдөр хурлаар оруулж, Дарьсүрэн бүр бүдэрч байсан юм шүү. “Ханын сүүдэр”, “Онцгой эрх” нь гарчихсан үе. Тэр том зохиолчдыг ингэж жижигрүүлж байж.
-Бид хоёрын яриа өндөрлөж байна. Сүүлийн хэдэн мөрийг таны мэдэлд өгье.
-Миний хувьд их мундаг шог зохиолч биш. Гэвч бүтээлүүдэд маань хошин шог өнгө аяс байнга зухалзаж байдаг юм шүү. Шог өгүүллэг орчуулж, ёгт үлгэрүүдийн орчуулгаараа ном ч хүртэл гаргаж явж. “Зохиолч хошин шогийн мэдрэмжгүй болбол зохиолчийнхоо хувьд үхэж байгаа нь тэр” гэж Максим Горький хэлсэн байдаг. Инээнэ гэдэг сайхан юм. Ертөнцөөс инээдийг нь хасчихвал хэн энд амьдрана гэх вэ.
/"Тоншуул" 2006/

2 comments:

БЭ said...

Aguu hun shuu, saihan yariltslaga boljee, bayarlalaa!

Жаагий said...

Ter Dugjaa guai bol yostoi jinken bandgairdag hvn baina daa :).

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates