Saturday, April 14, 2007

ЭМ ХҮЙСГҮЙ ДЭЛХИЙ

/хошин өгүүллэг/
Улсын их хурлаас Монгол улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагч нар зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.
Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа.
Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа. Эрчүүдийн ам ангаж, толгой ангалзаж, үхэхэд нэг хуруу дутуу амьтад өндийсөн боловч хэн ч тэдэнд бантан дөхүүлж өгсөнгүй.
Дэмий л хөршийнхөө хаалгыг нүдэж, “Шартаж үхлээ.., ганц юм байна уу?” гэж уруу дорой царайлцгаав. Тэд хундаганы шавхруу ч олж долоосонгүй. Ядахдаа ханын цоргоноос ус дусдаггүй. Ундны усыг шахахаас эхлээд архийг лангуунаас худалдах гэхчлэн хамаг ажлыг өнөөх бүсгүйчүүд залгуулж байсан болж таарав. Жорлонгийн суултуурын ар дахь ус хураагуур л зовсон цагт зоригт эрсийн аминд оров.
Улсын их хурлын чуулганыг цагт нь нээсэнгүй. Ерөнхийлөгч хиртэй цамц, индүүгүй өмдтэй ирсэн бол ерөнхий сайд сахал үсэндээ баригдаж, хүрэм нь үрчийсэн харагдана. Их хурлын даргын чуулган нээж хэлэх үг байдаггүй. Хуучин сайхан цагт нарийн бичгийн дарга бүсгүй хэлэх үг, уух усыг нь жин тан бэлдчихдэг байсан санаанд орж, цээж нь урагдаж, ам нь хатав. Гүндалай Жаргалсайхантай маргасангүй. Авгай нар нь тэдэнд хэрүүлийн үг зааж өгч явуулдаг байсан юмсанж. Төрийн гурван өндөрлөг, эрхэм гишүүд дэмий л шартаж шаналан баахан сууцгаагаад, тарлаа.
Үдийн хэрд толгой нь ангалзсан эрчүүд эмийн сан руу дайран орцгоолоо. Гэвч толгойны эмийг “анальгин” гэж мэддэг нэг ч эр тодорсонгүй. Эхнэрүүд нь “Май хөгшөөн, толгойны эмээ уу” гэдэг байснаас биш, нэрийг нь хэлж өгдөггүй байсан юмсанж. Эрчүүд тосон туулга ууж, ангаж цангасан дээрээ нэмж хагас өдрийн турш шингэнээр харваж, нүднээс гарч, хамчийж хорчийсон юмнууд болцгоов.
Мянгат малчин Галт гуай өлссөнөөс хий аргаж үхэв. Арга байж уу, хөөрхий. Галаа асааж, шөлөө буцалгаж, махаа чанаж идэж чадалгүй дөрөв хоночихсон юм чинь. “Далай” пүүсийн захирал Дэмчиг тайлан тэнцлээ мэдэхгүй мунгинав. Өдөржин ноцолдоод, аргаа барж, орой тийшээ дампуурлаа зарлахаас өөр бодогдох юмгүй боллоо.
Нийслэлийн 479 дүгээр цэцэрлэгийн нярай ангиар нэг өмхий самхай, шивтэр ханх тавив. Хүүхдүүдийн живхийг солилгүй бүтэн дөрөв хонуулчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байгаад асрагч болж дэвшсэн согтуу Балдангийн толгойд хүүхдийг хуурайлах тухай ядахдаа хүжийн галын чинээ ойлголт суугаагүй байж.
Аймшигт өдөр дуусч шөнийн түнэр харанхуй монгол нутгийг нөмөрлөө. Эрхэм гишүүн Хүрэлсүхийн зүүдэнд Ахмадын чөлөөт холбооны Баасан эгч орж ирэв. Зүгээр ч нэг орж ирсэнгүй. Томоос том гуулин данхтай зэлгээн цай барин ирж, хөөрхий гишүүний ам руу нь цутгав. Ангаж цангахын туйлд хүрсэн Хүрэлсүх гишүүн “Баасан эгч минь ээ!” хэмээн байдгаараа орилон босч ирээд, зүүдэлснээ мэдэн гутарч, “Муу Баасан эгчийгээ яах гэж тэгж үзэн ядаж байв даа…” гээд үсээ үгтээн эхэр татууллаа. Тэрээр авдрынхаа мухарт нуусан Намсрай бурханыг сэмхэн гаргаад, “Баасан эгчийг, гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла!” хэмээн наминчилж, арвантаа сөхрөн мөргөж байлаа.
Тав дахь өглөөний тав гучид жорлонгийн суултуурын арын савны нөөц ус дуусав.
Их хурлын эрхэм гишүүд ээлжит бус чуулгандаа бараг л мөлхөж ирцгээлээ. Гал цогтой шингэн дуу нь цааш орсон Гүндалай гишүүн “Монгол улсын иргэн эмэгтэй байж болох тухай хууль баталъя!..” гэж гонгинох аядаад, налмайтал уналаа. Усгүй хатаж зүүд зэрэглээ шиг сүүмийсэн Жаргалсайхан гишүүн “Дэмжиж байна, баталъя!” гэж царгисан хоолойгоор чарлахчаан болоод, Гүндалайтай зэрэгцэн, мөн л тэрийн ойчив.
Гишүүд байдаг хүчээ шавхан товчлуур луугаа зүтгэхийг оролдсон боловч хөдлөх тэнхэл хэнд нь ч үгүй болсон байлаа.


17 comments:

Victory said...

хорвоо ертөнцөд хос хосоороо хослон амьдрахын учиг энэ буюу

tumee 33 said...

yostoi dogi...elgee hushtul ineej gedesniihee bulchihg chamgui changallaa,ovoo heden nasaar zaluujsan bhaa.

...Bas nugoo hatuu hutuug nugaldag erchuud ny bhgui bolchihvol bas l shaaaal utgagui.Jamtai yum jamaaraa,yostoi yum yosooroo baigee...hihihi.

Mulanka said...

Хахаха,үхтлээ инээлээ шд. Баасан эгчийг гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла гэнэ ээ....хэхэх... Амарсайхан ах ер нь эмэгтэйчүүдийгээ магтсан юм нилээд бичдэг юм аа даа. Арай эхнэр чинь зааж өгдөг юм биш биз дээ???...гэсэн...

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Хэхэ, Who can live with or without a woman гэдэг дээ.

A.Амарсайхан said...

Викторид: Нээрээ нээрээ, хослохгүй гээд хаашаа зайлах вэ.
Түмээд: Эр нөхөр нь явчихаар хэцүүдэж байгаа бүсгүйн тухай бас юм бичих бодол байгаа, тэгж байгаад нэг л цэлмэг өдөр биччихнэ.
Муланкад: Авгайдаа лоббиддоггүй эр хүн гэж хаа байхав. Лоббидохгүй бол гэр бүл салалт урьд хожид байгаагүйгээр өснө шүү дээ.
Гантулгад: Ганц үнэн үг бичжээ. Тэдэнгүйгээр амьдарч болохгүй, тэдэнтэй амьдаръя гэхээр бас л болохооргүй санагдах үе гардаг золиг доо.

Урмаар тэтгэсэн та бүхэндээ гялайлаа.

byambaa said...

hoorhon oguulleg bna.
bas erchuudguigeer amidarch bolohgui. bas tedentei amidray geheer bas l bolohoorgui sanagdag ue bdg sh dee. Ish tatsand sorry.

Nana said...

hahaha, amaa tsuurtal, uushgia delbertel ineedeg baisht,
minii huu geriin daalgavraa sain hiisen bna, "ontssain" (devtert ni dun tavikh)

Док said...

тасархай авсан байна аааа хэхэ,
Баасан эгч нь ч овоо хэдэн хүний зүүдэнд ороо байлгүй дээ

A.Амарсайхан said...

Бямбаад: Хариу цохилтыг хүлээн авлаа.
Нанад: Би онцсайн авмааргүй байна. Одоо 100-А гэдэг дүн моодонд ороод байгаа шүү дээ.
Докод: Би ч гэсэн зүүдэлсэн юм аа. Амьдралаас урган гарсан зүйл шүү. Хааяа нэг хэтэртэл савчихаад унтчихаар үүрээр нээх гоё сэрүүн бааранд орчихсон янз янзын ундааг асгаж цутгаад л уугаад байна гэж зүүдлээд сэрчихдэг шүү дээ.

Миний өгүүллэгийг хөөрхөн, сайн, тасархай гэж магтсан та гуравтаа гялайлаа. Онгироод нисэх нээ.

Оюунбодол said...

hehe, tanii bichleguud yag goyo golii n olj yogtolj bichjee..

dalimduulj guihad, minii suuld bichsen "gaj jishiguud" geed neg boginohon sedev bgaan, teriig ta sonirhood, minii heleh gesen sanaag ingeed hoshinoor "yavuulaad, yojlood" bicheedhej boloh u, medeej herev tanii sanaatai niilvel..

yagaad gevel, mongold tiimerhu yum ih baidag bolhoor, ta nadaas goyoor ilerhiileh baih gej bodloo.

sanakae said...
This comment has been removed by the author.
sanakae said...
This comment has been removed by the author.
sanakae said...

Сайн байна уу. Таны энэ өгүүллэгийг уншаад инээх бодох зэрэгцэв. Сайн болсон байна. Гэхдээ хэлэх үг хэлийг минь загатнуулаад болдоггүй ээ.Зөвөөр ойлгоорой. Би хувьдаа Монгол хэл зүйг сайн мэдэхгүй ч зохиолч, сэтгүүлч хүмүүс энийг сайн мэдэх ёстой гэж боддог.Тэдгээр нь Монгол хэл соёлыг хамгаалагч гэсэн утгаар. Тийм учраас бичлэгийнхээ үгийг дахин хянаж байвал зүгээр болов уу гэсэн юм. Санамсаргүй орхигдсон үсэг их байна.Залуу хүмүүс сурдаггүй юм аа гэхэд та бүхний алдаагүй зөв бичсэнийг нүдэндээ тогтох байх гэж боддог.

A.Амарсайхан said...

Сайханжаргалд: Зөвөөр ойлголгүй яах вэ. Зохиолоо хурдхан шиг л нийтлэх юмсан гэж яардаг маань ингэж осолдоход хүргэлээ. Нээнтэг гэхийг нээгтэг гэж, аядаад гэхийг аяаад гэж ташаа бичсэнээ заслаа.
Их баярлалаа.
Сонинд бол давхар 2-3 хүн уншдаг болохоор алдааг харчихаж болоод байдаг. Блогт бол өөр юм аа. Өөрөө өөрийнхөө юмыг хянахаар алдаагаа зөв болгож уншаад өнгөрчихөөд байдаг.

Эрхэс said...
This comment has been removed by a blog administrator.
Beck said...

Хэхэ. Амарсайхан ах нээрээ бичих гэж саваалгаад хаячих юмаа. Амараа ах та энэ хэдэн шог өгүүллэгүүдээ ном бичвэл тээ.

A.Амарсайхан said...

Бек-д: "Өөхөнд хулдсан егөө" гээд нэг ном гаргасан байгаа.
Удахгүй бас нэг ном гаргана гээд л бодоод л яваад л байна.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates