Saturday, December 9, 2006

ЗАР

ЗАР
(шог өгүүллэг)
-Муу зөнөг өвгөн, зардал чирэгдэл барагдуул! хэмээн батгатай нүүрээ мэнчийлгэн уурлах том ногоон нүдтэй эрийн өмнөөс хэлэх тоймтой үг Бужаа хөгшинд олдсонгүй. Дэмий л хөлсөө шударч,
-Банзай минь, ах нь түрүүлээд ирсэн хүнд хонио зарахаас яахав дээ гэж учирласан боловч хөрш сумын зартай панз, ногоон Банзрагчийн ааш дарагдах шинжгүй. Тэргэнд чинь шатахуун хийе ээ гэж ам ангайдгийн даваан дээр ”амны шатахуун” гэж өвгөний өхөөрддөг юмыг самган нь гаргаж тавилаа. Улаан хоолой руугаа тагшаар юүлэгдэх сайхан нэрмэлийн ааганд өнөөхийн том ногоон нүд талимааран, үг нь зөөлөрлөө.
Ногоон Банзрагчийн тавхай далд ормогц л самганы яншаа эхлэв.
-Мэддэг Бужаа гэж амьтан худлаа магтахаар юм мэддэг хүн болох гээд бүр сагсайчих юм аа, та. Одоо ингээд зурагтын зарлалыг чинь сонссон амьтан цуваад амраахгүй дээ гэхэд нь Бужаа хөгшин:
-Зарлал гэнэ шүү, зар сурталчилгаа гээч! гэж зандраад,
-Сурталчилсны хүчинд хэдэн муусайн хөгшин хонио дор нь далдруулчихлаа биш үү гэж ундууцлаа.
Мэддэг Бужаа гуай саяхан хот орохдоо хэрэгт дурладаг ясны зангаа тавилгүй сургалтад суугаад зар сурталчилгааны үр нөлөөний тухай тархиа цоортол ном сонссон юм. Тэгээд хорин нэгэн толгой хөгшин эм хонио худалдах тухай зарыг зурагтаар цацуулсны буянд наймаагаа амжуулчихаад сууж буй нь энэ. Өчигдөр орой Цагийн хүрдийн өмнө зар яваад удаагүй байх нээ нь Хавчигийн худгийн чих Дэмчиг нисэж ирээд мэнд ус ч үгүй,
-Бужаа гуай, зурагтаар гарсан хэдэн хонийг чинь би ноолуураар авъя, их гарын мөнгөн аяга ч оролцуулж болно шүү гэж амьсгаадаж байснаа, ганзагалж ирсэн сайхан ноолуураа чирч оруулж өвгөнд тушаагаад санаа нь амарч, хууч хөөрч хэсэг суугаад мордсон билээ.
Мэдээллийн эрин гэж сайхан юм аа. Зунжингаа айлаар бууж түмэн лонх амны шатахуун султгаж байж хугасалдаг ажлыг ганц оройны Цагийн хүрд үзэх зуурт нугаллаа хэмээн хөгшин олзуурхаж, зар сурталчилгаа гээчийг өглөөнөөс хойш ам хуурайгүй магтаж суусан юм. Яс арьс болтлоо муудсан хаврын хөгшин хонийг хэн тоохов. Намар жаахан таргалчихсан байлаа ч ийм сайн үнэ өгөх хүн тэр бүр олдохгүй.
Ийн өвгөнийг бодолд автаж байтал хөнгөн тэрэгний чимээ гарлаа. Энэ удаа хойд сумын тэргүүн баян, нуугаан хэмээх Жигмэд орж ирээд, мэнд усаа нуугтал мэдэлцээд, зөөлөн зөөлөн дуугарч үнэгэн нүдээ анивчин яриа хөөрөөгөө эхэлж байна.
-Тэр хэдийгээ зарчихсан бол одоо яая гэх вэ, гэлээ ч дүү хүүгээ холоос зорьж явааг бодож хоосон буцаахгүй байлгүй дээ гэж хөлд суулаа. Өвгөн ирэх жилээс хонины наймаа хийнэ гэж ам өчгөө өгч байж түүнээс арайхийн салав. Нуугаан Жигмэд хойд мөргүү өөд тэргээ нуугуулан мацаж байх зуурт өвгөний толгойд “Үгүй, би ер нь юу хийгээд байна аа” гэх бодол зурсхийлээ.
Энэ мөчид хөдөлгүүрийн чимээ өөр зүгээс ахин гарсан ч толгойд эргэлдэх бодол сарнисангүй. Сумын баруун зах Хүйсийн говиос хүргэн охин хоёр нь сундалдан давхиж иржээ.
-Хонь зарах байсан юм бол бидэнд эхлээд дуулгахад яадгийм? хэмээн охиноо хошуу цорвойход “Манай хонь танд ашиг орлого авчирна” гэсэн зарынх нь үг тархинд манасхийж хүний хүнд ч, өөрийн хүргэндээ ч хонио өгөхгүй гэж Бужаа хөгшин шийдлээ.
Хүргэн охин хоёр нь ам уралдуулан, хоёр хүүгийн хичээл тарж номхон зээрд морио барьж авсан, энэ жилийн ноолуураар нарны зайтай гэрэл аваад цаана нь зөндөө үлдсэн тухай ярьж, самган нь аан уун гэж уулга алдаж байвч энэ бүхэн чихний хажуугаар урсана.
Өвгөн ухасхийн босож баруун орны хөндийгөөс чих Дэмчигийн өчигдөр авчирсан том ууттай ноолуурыг суга татаж аваад гарлаа.
-За гэвэл, ёогүй хүн сэн. Та чинь юу болчихоо вэ? Эр улс, наймаа буцах муу л гэдгийм… хэмээн чих Дэмчиг завсар чөлөөгүй дуржигнуулсаар сүүлдээ ам нь эцэж амьсгаадаж байна. Бужаа юм мэддэг хүн шиг хариу хэлэв.
-За Дэмчиг минь, худалдааны хэлэлцээ цуцалсны нөхөн төлбөр болгон чамд нэг төлөг барьж өгье, маргааш очиж авна биз гээд морь руугаа алхвал чих Дэмчиг өвгөний араас шон руу нисэж ирснээ,
-Ний нуугүй ярьчихъя. Уут ноолуур дээрээ мөнгөн аягаа нэмье гэсэн боловч өвгөн дуугүй мордон ергүүллээ. Хонь авах гэсэн олон хүн Бужаагийн бор гэрийг хэд хоног татчих шахсан боловч,
-Хонио зарахаа больсо-оон гээд өвгөн халгаасангүй. Зарахгүй байж сурталчилгаа цацаж холоос явуулж чирэгдүүллээ гэж зарим нь барьж зодох гэх агаад самганы гаргаж тавих амны шатахуун ийм үед аминд орсон хэвээр. Хэдэн хөгшин эм хонь нь бэлчээртээ ч, хотондоо ч цаанаа л нэг өнгөлөг. Нас гүйцсэн арван сайхан эр хониноос нь ч том харагдана.
Миний энэ хэдийг ийм олон улс амьтан шохоорхоод байгааг бодоход яав ч зүгээргүй хэмээн өвгөн наймаа буцааснаа олзуурхана.Өвөл ирж нэг их сүйдтэй цас унаагүй боловч өнөөх хэдэн хөгшин хонь нь муудаад болох биш. Тэжээлд нь Дэмчигийн мөнгөн аягыг худалдаад авчих мөнгө элбэг зарсан боловч талаас илүү нь мажийв.
-Хүмүүс үнэ хаялцаж байгаа дээр нь зарчихаач гэж би хэдэн удаа хэллээ? хэмээн самган нь яншиж, зурагтын ганц мэдээ ч бүтэн үзүүлэхээ байлаа.
Бужаа хөгшин хойд хамар дээрээ гаран мал дурандах нэрээр баахан сууж чихээ амраана. “Ээ дээ энэ зар сурталчилгаа гэдэг үү.., хийлгэсэн эзнээ хүртэл нөлөөндөө оруулчихдаг, гүй ээ мөн үр нөлөөтэй эд байна шүү” хэмээн дотроо ярьж толгойгоо сэгсэрдэг боллоо.

2 comments:

Buyantsogtoo said...

За Амраадаа баяр хүргэе. Сайн инээлгээрэй. Амжилт хүсье.

Altangereliin Amarsaikhan said...

Bayarlalaa. Xicheex bolno oo.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates