Thursday, December 21, 2006

“Хамгийн хамгийн” буюу 2006 оны дээд амжилтууд

/егөө/
Хамгийн олон метр даавуу урсан хүн

Хамгийн олон цагдаагийн хувцсыг урж, мөрдсийг хуу татсан хамгийн дайчин цогтой тэмцэгч Баасан эгч энэ номинацид хол тасархай түрүүлэн ирж тод магнай боллоо. “Баасан эгчид нүүрээ маажуулж, мөрдсөө ховх татуулаагүй цагдааг Нийслэлийн бүх дүүргийн бүх хэлтэс, 801-ийнхэн, тусгайгийнхны дундаас ганцыг ч олохгүй” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ганболд гуай өөрөө ховх татуулсан мөрдсөө унжуулан гарч ирээд, гомдолтойёо мэдэгдэл хийсэн юм. Саяхан Баасан эгчид Ардчилсан холбоо байр авч өгөхөд цагдаагийн хувцас үйлдвэрлэгч нэгэн компани ивээн тэтгэх хүсэлт гаргасан тухай баттай эх сурвалжууд жиг жуг хийлцэж байгааг Баасан эгч гал цогтой няцаажээ. Тэрээр одоо хөдөө “гастрол”-оор явж аймгуудын муусайн цагдаа нарын мөрдсийг хуу хуу татахаар шийдээд байгаа гэнэ.
Хамгийн олон бэлгэвчтэй хүн
Яах аргагүй энэ бол Гүндалай гэж та хэлэх биз. Монголын ард түмэн ч ингэж үзэж байгаа, “хамгийн хамгийн”-ыг шалгаруулах комисс ч нэгэн дуугаар Лхамжавын Гүндалай гэж дуу алдацгаасан юм. Эрүүл мэндийн эрхэм сайд нэг жилд 525600 минут байдгаас 525599 минутад нь телевизээр бэлгэвчээ сурталчилж үлдсэн хугацаанд нь төрийн хэргийг амжуулж байжээ гэсэн судалгааг Шинжлэх ухааны академийн хэсэг эрдэмтэд гаргаад байна. Энэ амжилтыг манай УИХ, Засгийн газар Гиннесийн номонд оруулахаар баримт баталгаа бүрдүүлж илгээсэн боловч Гиннесийн бүртгэх товчооныхон амжилтыг секунд дойлоор нь тооцоолох багтаамж сайтай багаж олдохгүй сандралдаж байгааг албаны хүмүүс нотолж байгаа юм.
Хамгийн олон айлд хоносон хүн

Энэ номинацид “MN-25” телевизийн редактор Алтантүрүү ямар ч өрсөлдөгчгүйгээр манлайллаа хэмээн “Хамгийн хамгийн”-ыг шалгаруулах төв комиссынхон мэдэгджээ. Гэвч энэ нь маапаантай мэдэгдэл байсан болж таарав. АПУ компанийн маркетингийн албанаас “Алтантүрүү сэтгүүлчийн амидаа манай брэнд болох Алтантүрүү тэргүүн байрыг хуваан эзлэх ёстой” хэмээн дээд шүүхэд ханджээ. Үзэгчид ч АПУ-г дэмжиж: “Хотын хүндэт дарга ч тэр, таксины жолоочийн ээж 70 настай эмээ ч тэр, Баасан эгч ч тэр Алтантүрүү архинд уруул хүргэснээр барахгүй хэд угзарсан. Алтантүрүү брэнд адилхан л айлд хоносон” хэмээн МҮОНТВ-ийн нээлттэй микрофоноор үзэл бодлоо илэрхийлцгээж байна.
Хамгийн аваагүй хүн

Энэ номинацид олон хүн өрсөлдсөн боловч энхрий хайрт ерөнхийлөгч маань бусдаасаа хол тасархай түрүүлэн ирж, торгон жолоо өргүүлснээр 2006 оны хамгийн аваагүй хүнээр шалгарлаа. Тэрээр шинэ оны өмнөхөн зуун сэтгүүлчийг цуглуулж уулзахдаа “Орос улсад төлсөн их өрийн мөнгөнөөс 50 сая алга болоогүй, би аваагүй”, “Бурханы шашны телевиз ТВ-9-ийг далдуур эзэмшээгүй, би аваагүй”, “500 саяыг өгье гэхэд нь аваагүй”, “Москвад тансаг байр худалдаж аваагүй” гэхчлэн хэзээ ч юу ч аваагүй болохоо андгайлан тангарагласан юм. Зуун сэтгүүлчийн өмнө бүтэн хагас цаг зогсохдоо ерөнхийлөгч маань амнаасаа унагаасан бүх энгийн болоод хавсарсан нийлмэл өгүүлбэрээ “аваагүй” гэдэг сонсголонтой сайхан үгээр төгсгөлөө. “Өдрийн сонин”-ы сурвалжлагч жишүү харцтай нэг нөхөр түүнийг гэнэдүүлж ам алдуулах дөхсөн боловч ерөнхийлөгч буурь зааж арваад энгийн өгүүлбэрийг сурмаг гэгч хэлхэн ярьж байснаа эвтэйхэн нь аргагүй “аваагүй ээ” хэмээн цээлхэн төгсгөж орхисон юм байх. Манай нэрт эрдэмтэн доктор профессор Цэ Сү гуай найруулга зүйн ээлжит номоо “Энхбаярын өгүүлбэрүүдийн төгсгөл дэх уран давталт” гэсэн сэдвээр бичихээр тун их олзуурхаж байгаа сурагтай.
Хамгийн Ленинжсэн хүн

Энэ номинацид цорын ганцхан хүн нэр дэвшиж ганцаараа тэгээд бас “тасархай” хурдалсаар түрүүлж ирлээ. “Ганбаатар уран илтгэж байхдаа гараа зангаж, толгойгоо хөдөлгөж байгаа нь яг Ленин багш. Түүгээр ч барахгүй өмссөн малгай нь! Үнэн саак! Яг Ленин багшийнх шиг!” хэмээн хамгийн хамгийныг шалгаруулах комиссын дарга дуу алдсан юм. Нэг л юм нь өөр байгаа. Ленин улаан тууз энгэртээ хаддаг бол Ганбаатар ягаан туузыг хүзүүндээ зүүдэг. Гэвч энэ бол яль шалигүй зүйл л дээ. Лениний алтан сургаалыг 70 жил дагахдаа Орос орон түүхэндээ байгаагүйгээр үгүйрч хоосорч дампуурсан. Тэгвэл монгол Ленин Ганбаатарын алтан лекцийг 70 жил дагавал Монгол орон эсэргээрээ түүхэндээ байгаагүйгээр баяжих юм байх.
Хадмаа хамгийн буруу сонгосон хүн
Энэ номинацид шадар сайд Энхсайхан, симба хэмээх Батаа нарын хэд хэдэн хүн өмнө хойноо орон ач тач өрсөлдлөө. Тэдний дундаас Ардчилсан намын халуун өврийг орхин Хувьсгалт намын хатавчинд хаясан адсага бараадсан симба Батаа алтан жолоо өргүүллээ. Ардчилсан намд журмын нөхөд хэмээн өвөр түрийдээ оролцож явсан анд нар нь түүнд зэвүүцэхдээ саяхны нэг өдөр Улаанбаатар хотын бүх FM-ээр “Хадамд гарах нь энэ үү дээ” дууг бүтэн өдрийн турш захиалан эгшиглүүлж хонзонгоо авчээ. Энэ нь Батаагийн зүрхэнд хүрч бүтэн өдөржин гэгэлзсэн юм байх. Тэрээр “Хадмын хаяа сахисан хүргэн, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил гэдэг үнэн юм даа” гээд, толгой дээрх хэдэн хялгасаа зулгаан нус нулимсаа барж суугаа гэнэ лээ.
Хамгийн том хүнийг ууланд гаргасан хүн

“Хамгийн том хүнийг хамгийн өндөр ууланд гаргасан шадар сайд” хэмээх номинацид манай улсын шадар сайд Энхсайхан магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олныг төдийгүй, уясан уяач, унасан хүүхдээ баярлууллаа. Түүний араас шил даран хурдалсан хүн бол Султан хааныгаа хар мянга найман зуун наян есөн дагуулынх нь хамтаар өөрийн улсын Панчууруу оргилд гарсан Лумхуруу улсын шадар сайд Бял Ду Юча гуай юм. Харин тэгвэл манай шадар сайдын ууланд гаргасан ерөнхийлөгч Энхбаяр хар мянга есөн зуун ерэн есөн дагуултай байснаар барахгүй Хүйтэний оргил Панчууруугаас нь элбэг тав зургаан зуун метрээр өндөр байсан нь тун бахдалтай. Иймийн учир дэлхийн дээд амжилтыг бүртгэх хороо ямар ч хэл үг хэрүүл маргаангүйгээр энэхүү номинацид манлайлагчийн алтан цом, энгэрийн туузыг манай энхрий ялдам шадар сайд Энхсайханд гардуулсан байна.

9 comments:

А.Ганбаатар said...

Манай блогчдын арми улам хүчирхэгжиж байгаа нь сайхан хэрэг. Таныг шог зураг зурдаг гэж сонссон. Та indexed.blogspot.com хаягийг нэг сонирхоод үзээрэй. Яг ийм байдлаар шог зургуудаасаа бидэнд сонирхуулаач. Мэндийн зөрөөгүй санал тавьсанд уучлаарай. Амжилт хүсье.

Altangereliin Amarsaikhan said...

Юу уучлаарай гэж? Харин ч зөвлөгөө өгсөнд баярлалаа. Би шог зураг тавих гэсэн чинь ерөөсөө орж ирэхгүй юм. Бас блогтоо тоолуур тавих гээд help –ээс тусламж хайгаад олдоггүй ээ. Тусламж хүсч байна.

Anonymous said...

baasan egchee ta shuu, tanii daraa bi shuu

inga said...

baasan egch goyo, muusain tsagdaa nariin murdusiig urah heregtei zuvsh de

А.Ганбаатар said...

Зурагуудаа сканердаад байрлуулж болно. хэмжээг нь харин хэт том эсвэл жижиг биш. Блоггэр-ын өөрийнх нь өргөнөөр жишээ нь таны блогийн өргөн (ойролцоогоор)400px-ээс өргөнгүй зураг тавихад тохирох байх.
Тоолуурын хувьд та миний блогоор ороод тоолуур дээр дараарай. Тэгээд өөрийн гэсэн тоолуур үүсгэх замаа олноо гэсэн үг.
Шог зурагуудаа англи дээр нэрлээд байвал таны блог дэлхийнхэн орох дуртай блог болоход ойрхон байгаа шүү гэж.... Амжилт хүсье.

Nana said...

xaxaxa, hamgiin hamgiinuud zugaatai, goshin bolj.

Gansukh.N said...

МАХН сонгуульд яллаа гэхдээ би аваагүй л дээ Баатар л гэж нэг нөхөр манай хүнд "өгчихсөн", Сүхбаатарын талбай гоё боллоо гэхээр гэхдээ би аваагүй л дээ Хятадууд л сайхан засаад "өгсөн", Чингисийн цээж зураг Богд уул дээр сайхан гарч гэхээр гэхдээ би аваагүй л дээ Манай компаниуд ивээн тэтгэж татвараа улсдаа "төлсөн", Мянганы зам сайхан болж гэхээр гэхдээ би аваагүй л дээ Манай Буд сайн "ажилласан", Далай лам англи хэл мэддэг, маш сайхан ярьдаг гэхэд л гэхдээ би аваагүй л дээ би англи хэл сайн мэддэгийн хувьд зүгээр л орчуулагчаар "ажиллаад" өгье л гэсэн, Засгийн газрын ордоныг Энхамгалан хаан шиг Чингистэй болгосон гэхэд л гэхдээ би аваагүй л дээ, Би намаасаа татгалзсан, намын гишүүн бус, МАХН-хан л сайн "хийсэн", Бүүр тэр байтугай цаана чинь Монголд ашигт малтмалын орд байж магадгүй гэнэ гэхэд л гэхдээ би аваагүй л дээ, бид эвтэй үедээ хүчтэй байсан, хуваагаад "ашиглая" гэж байдаг шударга сайн ерөнхийлөгчийг минь гүтгэж байгаа юм биш биз гэж бодоод ерөнхийлөгчийнхөө нэр, төрийг сэргээлгэхээр тэмцлийн өөр хэлбэрт шилжиж байна

A.Amarsaikhan said...

Temcliin oor xelberiig xvleen awlaa. Eronxiilogchoo omoorsond ix bayarlalaa. Bi ch gesen xairtai uchraas l nominacidaa oruulj reitingiig ni xuga osgox geed baigaa uxaantai yum l daa

Док said...

хэхэ, үнэн сайхан бичжээ

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates