Thursday, December 28, 2006

“ЭСЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД”

(хөрөг)
1965 оны өвлийн тэсхим хүйтнээр нэгэн ачааны тэрэг зүүн зүгт хөдлөв. Хоёр настай хүүхдээ тэвэрсэн эх өөрийн эрхгүй цийлэлзэн гарч ирэх нулимсаа нуух ч сөгөөгүй, тэрэгний цонхонд хацраа наан эргэн харсаар алслан холдлоо. Хүний эрхэнд, хүний газрыг зорьж яваа хоёрт хамаатны хөгшин нь тус болж дөрвөн ханатай гэр өгснийг тэрэгний тэвшин дээр ачсан байлаа. Алс хол орших таньж мэдэхгүй газар луу ачигдаж яваа эх хотод үлдсэн том хүүдээ санаа зовж байлаа. “Аравдугаар ангийн том эр юу алзах вэ? Санаа зовоод яахав” гэж хүүг нь гэртээ байлгахаар болсон айлынхан дахин дахин хэлж, тайвшруулах гэж оролдсон хэдий ч эхийн сэтгэлд хүү нь хар нялхаараа...
Коммунизм, социализм гэгчийн хэнээтнүүдийн ээлжит солиорлын золионд Сурмаажавын гэр бүлийнхний хувь заяа орвонгоороо эргэж, орон сууц эд хөрөнгө хамаг юмаа хураалгаад зүүн хязгаар луу уван цуван цөлөгдөж байгаа нь энэ байлаа. Сарын өмнө аавыгаа, одоо ээжийгээ хүү нь нулимс хурсан нүдтэй үдэв. Хүү аравдугаар ангиа төгсөхөөр айлд хоцорчээ.

***
Ээж хүүгийнхээ тухай бодолд автлаа.
Хүү нь багын л зурагт дуртай. Шинэ жилийн ханын сонин хийж сургууль дээрээ оройтно. Хэдэн шөнөөр суух. Өглөө босоход нөхөрсөг шог зураг, шинэ жилийн сэдэвтэй зургуудыг шалаараа дүүрэн тавьчихсан байна.
-Чи ер нь хичээл хийж байгаа хүн үү?
-Ээж ээ, би хичээлээ сайн хийж байгаа.
-Сургууль дээрээ битгий оройт. Санаа зовоод байх юм. Зургаа ингээд гэртээ зурчихаж болох л юм байна шүү дээ.
-За, ээж ээ.
Ээж хүү хоёрын хооронд ийм яриа болдог байлаа. Цүлтэм, Гомбосүрэн гэхчлэн зураач нар хүүгийн зургийг их тооно. Хүүхдийн зургийн уралдаанаас олон удаагийн түрүү байрын шагнал хүртэж байв.

***
Хэнтий нутагт урин хавар айлчилж, дунд сургуулийн сурагчид шалгалт шүүлэгтээ бэлтгэж эхлэх үест “Хотод үлдсэн хүүг минь эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд оруулахгүй л биз дээ” хэмээх нойр хулжаасан бодол эхийн цээжинд бугшиж, сэтгэлийн зовиур салахгүй. Чимиддорж ээжийнхээ багшилж байгаад явсан нийслэлийн хоёрдугаар сургуульд сурч байгаа болохоор, багш нар хүүг нь их өрөвдөнө. Тэдний хооронд “Яана даа, энэ мууг хүүг нь” гэсэн яриа үе үе болно. Чимиддоржийг сургуулиа төгсөхөд захирал нь дуудаад,
-Чи ямар сургуульд орох вэ гэж асуув. Хаа хол цөлөгдөн зүдэрч яваа нэг багшийнхаа хүүг сургуульд бараадуулж тус болох гэсэн нь тэр.
Захирал “Би сургуульд явахгүй” гэсэн хариулт сонсоод их гайхахыг Чимиддорж ажлаа.
-Би ажилд орно оо.
-Чи хаана ямар ажил хийх хүн бэ?
-Би Урчуудын эвлэлд зураач болох гэж байгаа. Намайг авна гэсэн. Чимиддорж захиралтайгаа ийнхүү ярилцаад, их том хүн, моодгор зогсов. Захирал хаширлаж, хүүг Монголын Урчуудын Эвлэлийн Хороо руу явуулан, ажлын байртай нь үнэн болох тухай албан бичиг авч ир гэжээ. Хүү яарч, хүүхдийн дугуй гуйж унаад, замдаа юу байгааг ч харах сөгөөгүй давхиж бичгээ авчрав.
***
Хүү минь ганцаараа хэцүүдэж байгаа гэж аав ээж хоёрын санаа зовно. Хэнтийн Бэрх тосгоны холбооны салбарынханд “Сурмаажавынхныг хэнтэй ч утсаар яриулж болохгүй” гэсэн хатуу анхааруулга өгснөөс хүүтэйгээ холбоо барих аргагүй. Хүн амьтан унтсан хойно холбооны залгагчийн гэрт сэмхэн очино.
Цөлж, золих хорон санаатан олон байдаг бол ядарсан нэгэндээ тус болох сайхан сэтгэлтнүүдээр ч хорвоо дутдаггүй нь энэ. Залгагч бүсгүй:
-Хөөрхий багшийг хүүтэй нь яриулалгүй яах вэ гээд, орон доогуураасаа утсаа гарган эрэгдэж, хоёулаа удаан сууна. Энэ хооронд Чулуун хүний хөлийн чимээ чагнан сэртэлзэж, “Хөөрхий, хүнд тус болох гэсэн энэ бүсгүйг хоолноос нь салгачих вий дээ” хэмээн түгшиж байвч, хүүгийнхээ дууг сонсохсон гэсэн эх хүний хүсэл нь энэ бодлыг нь дийлнэ.
Утас арайхийж холбогдлоо.
-Байна уу? Байна уу? Яаж байна аа миний хүү, сургууль чинь юу болж байна?
-Би ажил хийх болсон. Цүлтэм багш намайг авъя гэсэн.
-Миний хүү, тэгээд болдог л байгаа даа. Шалгалтуудаа гайгүй өгч байгаа биз?
-Шалгалт гайгүй ээ...Энэ ярианы дараа “Овоо л доо, Цүлтэм минь бидэндээ тус болох гээд л зүтгэж яваа юм байна” гэж эхийн сэтгэл тайвширлаа.
Чимиддорж сургуульд сурснаас зураач болж аав ээждээ нэмэр болохсон гэж зүтгэсэн нь ингэж бүтэв. Эхлээд зураач ах нарынхаа хий гэснийг хийж байлаа. Юм болгоныг л зурна. Багаасаа мачийсаар хөрөг зурагт овоо гаршсан нь хэрэг болно.

***
1966 он. МУЭХ-ны дарга Н.Цүлтэм “эсэргүүний хүүхэд” хэмээн ад үзэгдсэн хөөрхий хүүг сургуульд явуулчихъя гээд шалгаруулалтад бүртгүүлжээ. Бэрх тосгоны сургууль тарж, зуны амралт болоход хот руу хүүгээ эргэхээр орж ирсэн эхийгээ Чимиддорж магнай тэнэгэр, нүд дүүрэн инээсээр угтав.
-Ээж ээ, би Москвад зургийн дээд сургуульд явах гэж шалгуулж байгаа шүү дээ.
-Юу гэсэн үг вэ? Чамайг яаж явуулдаг юм? Чулуун гуай их гайхав. Хүү нь ерөнхий эрдмийн шалгалтаа МУИС дээр өгч байгаа тухайгаа үргэлжлүүлэн ярьж байв.
-Тийм бол, ээж нь Их сургууль дээр очъё.
-Та очих гээд хэрэггүй ээ ээж ээ. Очих л юм бол би шалгалтаа өгөхгүй шүү хэмээн хэлэх хүүгээ хараад өрөвдөхийн дээдээр өрөвдлөө.
Чимиддоржийг “эсэргүүний хүүхэд” хэмээн ад үздэг хүмүүс их байв. Ангийнх нь зарим хүүхэд түүнээс дөлөхөд хүүгийн дотор зурагдах шиг болдог байж. Ямартаа л “эсэргүү” ээжийгээ шалгалт өгч байгаа газраар битгий очооч гэж гуйх вэ дээ. Чимиддоржтой нэг ангид сурч байсан, одоо Цагаатгалын комиссын судалгааны танхимын эрхлэгч Ринчин “Эсэргүүний хүүхэд гэж хүүхдүүд орилоход манай Чимиддорж яах ч үгүй. Дэндүү номхон томоотой. Надад бол гар зөрүүлчихмээр санагддаг байсан” гэж дурсан ярьдаг. Тайван амгалан хүүхэд тулдаа тэр их дарамтыг ажрахгүй даваа биз.

***
Хөгшин залуу маш олон хүн шалгуулснаас “эсэргүүний хүүхэд”-ийн чадлыг багш нар нь шагшив. Тэр Москваг зорьж, Строгановын уран зургийн дээд сургуулийн оюутан боллоо. Ээж аав хоёртоо захидал бичих болохоороо бараг л зургаар “бичих” гэнэ. Гадаадын оюутнууд хүүгээр нь янз янзын зураг их хийлгэдэг, шанд нь шар айргаар дайлдгаас тийм ундаанд нэлээн гаргууд болж байгаа тухай хэл үг ч чих дэлсэнэ.
1971 онд төгсөж ирэхдээ эвдэрч салбарсан их том хоёр дөрвөлжин богцтой галт тэрэгнээс буув. Тэгтэл тэр нь “Крокодил” сэтгүүл дүүрэн байсан гэдэг. Анхны жил ирэхдээ л бэлэгтэй ирсэн, түүнээс хойш тийм төрлийн юм авчраагүйг нь мэдэх болохоор ээж нэг их гайхсангүй. Гэхдээ яаж дуугүй байхав.
-Иш хүү минь, тэр том сургууль төгсөөд ийм юмаар дүүргэсэн богцтой ч ирэх гэж дээ гэж хэлээд,
-Энэ чинь том юм шүү дээ, ээж ээ гэсэн хариулт авсан гэдэг.
Эсэргүүний хүүхэд гадаадын дээд сургуульд сураад байгааг матаачид нь матаж амжаагүй юм уу, матахаа мартчихсан ч юм уу, хянан шалгах дээд газрууд нь мэдэлгүй байж байгаад төгсгөчих нь энэ. Одоо харин “Ажилд авах болов уу, муу хүүг минь” гэх бодол ээжийг зовоов. Тэгтэл Үзэсгэлэн чимэглэлийн ерөнхий зураач болчихов оо. Бэрхийн уурхайд ажиллаж байсан аав нь харин үүнийг дуулаад,
-Ээ дээ, юу л болдог бол доо гэж байв. Хоёрхон сар өнгөртөл “Сурмаажавын хүүхэд ерөнхий зураач болчихсон байна шүү дээ” гэлцээд л халчихав. “Гэсэр” сүмд орлоо. Бас л удсангүй. Тогтсон ажилгүй явсаар л байлаа.
ßураач найз нарынхаа захиалгаас хийлцэж амь зууна. Орон байр өгөхгүй учир ах дүүс болоод хадмындаа 14 жил толгой хоргодож, сүүлдээ бор дарсыг ч чамгүй хүртэх болов.
-Ганц “Тоншуул” сэтгүүл л айлгүйгээр ганц нэг шог зургийг нь хэвлэдэг байсан. Хүү минь нэртэй том шог зураачдаас сурч, ойртож дотносож, шог зураг нь амьдрах асар их урам болсон хэмээн түүний ээж Чулуун гуай ярьж сууна. Хэрээс хэтэрсэн их үзэл сурталжсан нийгэмд эсэргүүний хүүхдийн зургийг тавина гэдэг тэр үеийн эрхлэгч нарт их эрсдэлтэй алхам байсан нь мэдээж. 70-80-аад онд эсэргүүний хүүхдийн нэлээд олон бүтээл 100 илүү мянган хувиар хэвлэгддэг байсан “Тоншуул” сэтгүүлээр дамжин олон түмэнд хүрсэн.

***
1989 оноос Гандангийн үүдэнд зураг урлалын жижиг мухлаг ажиллуулсан нь харин амьдрал ахуйд нь овоо нэмэр боллоо. Энэ үед нь Дүрслэх урлагийн сургуулийн сурагч нэгэн хүү түүнд ирж шавь оров. Ядамсүрэн гэх энэ хүү түүнийг асарч тойлж салахгүй дагана. Мухлагийнхаа үүдэнд архи уучихаад сууж байхад нь шавь нь ирж авч яваад, эмч аавыгаа “Миний багшийг дориухан тасагт хэвтүүлээд эмчилгээ сувилгаа хийгээч” гэж гуйна.
Тэгж байтал нэг өдөр мухлагт нь Польшийн нэгэн жуулчин орж ирээд удаан зогсов гэнэ. “Энэ таны өөрийн зурсан зургууд уу?” гэж асуугаад, зургаас нь ч хэдийг авч. Удалгүй нөгөөх польш хүн дахиад л ирж. Нэг мэдэхэд танил болцгоолоо.
-Та их сайн зураач юм. Манай Польшид уран зургийг сайн үнэлдэг, тийшээ очооч гэж ятгав. Талийгаач найз, зураач Баяраагийнх нь гэр бүл энэ үед нь Польшиос урилга явуулсан нь ташуур болов. Ингээд л 2000 онд харийг зорьжээ. Тэндээ өнөөг хүртэл хэдэн үзэсгэлэн гаргаад амжчихсан давгүй аж төрж байна.
Польшийн сайд нь хүртэл хөргөө захиална. Багын гэм хоргүй зан нь хэвээр. Олон хоног зовж зурсан бүтээлээ хүнд май гээд л бэлэг болгочихно. Үүнийг нь ээж нь сонсоод “Тийм л сонин хүн. Одоо хэр нь тэр зангаа тавихгүй юм” гэж сууна.
Насан туршид нь “эсэргүүний хүүхэд” хэмээх хаяг дагаж, бүхий л амьдралыг нь балласан, одоо 60 настайгаа золгож буй зураач харьд очоод тайвшралыг олсон нь юу л бол. Утаа униартай ч гэлээ, унаж бойжиж бас адлуулсан Улаанбаатараа санаж л суугаа.

Зургийн тайлбар: Сур.Чимиддорж, багш Н.Цүлтэмийн хамт. 1966 он.

Wednesday, December 27, 2006

Monday, December 25, 2006

Монгол хэлний ховч тайлбар толиос

УИХ – Ууж Идэхийг Хориглохгүй
ЗГ – Зуйрах Газар

БОЯ – Бүү Онил, Ялтай!
БХЯ – Байлдаад Хэрэггүй, Ярьчих

ТӨХ – Төрийн Өмчийг Хуваа
ТУЗ – Төлөөлөн Урьтаж Завш

Гааль – Гадаадаас Авчирвал Авилгал АЛЬ!
“ММ” агентлаг – “Монголын Магтуу” агентлаг

ТЗГ – Тээвэр Замбараагүйтүүлэх Газар

САПУ – Согтуу Архичин Пүрэвээ Унав
АПУ – Авгай Пагмаа нь Уурлав

ДОХ – Дураараа Охолдвол Халдана
БЗХӨ - Багадаа Задгайрвал Хамаргүй Өтөлнө

ВИЗ – Ванганд Итгэвэл Залилуулна
Ченж - Чамд Ерөөсөө Найз Жого!

Төрийн бодлого – Төрийн будаалга
Байнгын хороо – Байнгын хорио

Thursday, December 21, 2006

МУУ ЦУСЫГ, ГАРААД ИРЭХЭЭР НЬ ҮҮ!


НЭЭРЭЭ Л ХУЛГАНА БАЙЖ ШҮҮ!


“Хамгийн хамгийн” буюу 2006 оны дээд амжилтууд

/егөө/
Хамгийн олон метр даавуу урсан хүн

Хамгийн олон цагдаагийн хувцсыг урж, мөрдсийг хуу татсан хамгийн дайчин цогтой тэмцэгч Баасан эгч энэ номинацид хол тасархай түрүүлэн ирж тод магнай боллоо. “Баасан эгчид нүүрээ маажуулж, мөрдсөө ховх татуулаагүй цагдааг Нийслэлийн бүх дүүргийн бүх хэлтэс, 801-ийнхэн, тусгайгийнхны дундаас ганцыг ч олохгүй” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ганболд гуай өөрөө ховх татуулсан мөрдсөө унжуулан гарч ирээд, гомдолтойёо мэдэгдэл хийсэн юм. Саяхан Баасан эгчид Ардчилсан холбоо байр авч өгөхөд цагдаагийн хувцас үйлдвэрлэгч нэгэн компани ивээн тэтгэх хүсэлт гаргасан тухай баттай эх сурвалжууд жиг жуг хийлцэж байгааг Баасан эгч гал цогтой няцаажээ. Тэрээр одоо хөдөө “гастрол”-оор явж аймгуудын муусайн цагдаа нарын мөрдсийг хуу хуу татахаар шийдээд байгаа гэнэ.
Хамгийн олон бэлгэвчтэй хүн
Яах аргагүй энэ бол Гүндалай гэж та хэлэх биз. Монголын ард түмэн ч ингэж үзэж байгаа, “хамгийн хамгийн”-ыг шалгаруулах комисс ч нэгэн дуугаар Лхамжавын Гүндалай гэж дуу алдацгаасан юм. Эрүүл мэндийн эрхэм сайд нэг жилд 525600 минут байдгаас 525599 минутад нь телевизээр бэлгэвчээ сурталчилж үлдсэн хугацаанд нь төрийн хэргийг амжуулж байжээ гэсэн судалгааг Шинжлэх ухааны академийн хэсэг эрдэмтэд гаргаад байна. Энэ амжилтыг манай УИХ, Засгийн газар Гиннесийн номонд оруулахаар баримт баталгаа бүрдүүлж илгээсэн боловч Гиннесийн бүртгэх товчооныхон амжилтыг секунд дойлоор нь тооцоолох багтаамж сайтай багаж олдохгүй сандралдаж байгааг албаны хүмүүс нотолж байгаа юм.
Хамгийн олон айлд хоносон хүн

Энэ номинацид “MN-25” телевизийн редактор Алтантүрүү ямар ч өрсөлдөгчгүйгээр манлайллаа хэмээн “Хамгийн хамгийн”-ыг шалгаруулах төв комиссынхон мэдэгджээ. Гэвч энэ нь маапаантай мэдэгдэл байсан болж таарав. АПУ компанийн маркетингийн албанаас “Алтантүрүү сэтгүүлчийн амидаа манай брэнд болох Алтантүрүү тэргүүн байрыг хуваан эзлэх ёстой” хэмээн дээд шүүхэд ханджээ. Үзэгчид ч АПУ-г дэмжиж: “Хотын хүндэт дарга ч тэр, таксины жолоочийн ээж 70 настай эмээ ч тэр, Баасан эгч ч тэр Алтантүрүү архинд уруул хүргэснээр барахгүй хэд угзарсан. Алтантүрүү брэнд адилхан л айлд хоносон” хэмээн МҮОНТВ-ийн нээлттэй микрофоноор үзэл бодлоо илэрхийлцгээж байна.
Хамгийн аваагүй хүн

Энэ номинацид олон хүн өрсөлдсөн боловч энхрий хайрт ерөнхийлөгч маань бусдаасаа хол тасархай түрүүлэн ирж, торгон жолоо өргүүлснээр 2006 оны хамгийн аваагүй хүнээр шалгарлаа. Тэрээр шинэ оны өмнөхөн зуун сэтгүүлчийг цуглуулж уулзахдаа “Орос улсад төлсөн их өрийн мөнгөнөөс 50 сая алга болоогүй, би аваагүй”, “Бурханы шашны телевиз ТВ-9-ийг далдуур эзэмшээгүй, би аваагүй”, “500 саяыг өгье гэхэд нь аваагүй”, “Москвад тансаг байр худалдаж аваагүй” гэхчлэн хэзээ ч юу ч аваагүй болохоо андгайлан тангарагласан юм. Зуун сэтгүүлчийн өмнө бүтэн хагас цаг зогсохдоо ерөнхийлөгч маань амнаасаа унагаасан бүх энгийн болоод хавсарсан нийлмэл өгүүлбэрээ “аваагүй” гэдэг сонсголонтой сайхан үгээр төгсгөлөө. “Өдрийн сонин”-ы сурвалжлагч жишүү харцтай нэг нөхөр түүнийг гэнэдүүлж ам алдуулах дөхсөн боловч ерөнхийлөгч буурь зааж арваад энгийн өгүүлбэрийг сурмаг гэгч хэлхэн ярьж байснаа эвтэйхэн нь аргагүй “аваагүй ээ” хэмээн цээлхэн төгсгөж орхисон юм байх. Манай нэрт эрдэмтэн доктор профессор Цэ Сү гуай найруулга зүйн ээлжит номоо “Энхбаярын өгүүлбэрүүдийн төгсгөл дэх уран давталт” гэсэн сэдвээр бичихээр тун их олзуурхаж байгаа сурагтай.
Хамгийн Ленинжсэн хүн

Энэ номинацид цорын ганцхан хүн нэр дэвшиж ганцаараа тэгээд бас “тасархай” хурдалсаар түрүүлж ирлээ. “Ганбаатар уран илтгэж байхдаа гараа зангаж, толгойгоо хөдөлгөж байгаа нь яг Ленин багш. Түүгээр ч барахгүй өмссөн малгай нь! Үнэн саак! Яг Ленин багшийнх шиг!” хэмээн хамгийн хамгийныг шалгаруулах комиссын дарга дуу алдсан юм. Нэг л юм нь өөр байгаа. Ленин улаан тууз энгэртээ хаддаг бол Ганбаатар ягаан туузыг хүзүүндээ зүүдэг. Гэвч энэ бол яль шалигүй зүйл л дээ. Лениний алтан сургаалыг 70 жил дагахдаа Орос орон түүхэндээ байгаагүйгээр үгүйрч хоосорч дампуурсан. Тэгвэл монгол Ленин Ганбаатарын алтан лекцийг 70 жил дагавал Монгол орон эсэргээрээ түүхэндээ байгаагүйгээр баяжих юм байх.
Хадмаа хамгийн буруу сонгосон хүн
Энэ номинацид шадар сайд Энхсайхан, симба хэмээх Батаа нарын хэд хэдэн хүн өмнө хойноо орон ач тач өрсөлдлөө. Тэдний дундаас Ардчилсан намын халуун өврийг орхин Хувьсгалт намын хатавчинд хаясан адсага бараадсан симба Батаа алтан жолоо өргүүллээ. Ардчилсан намд журмын нөхөд хэмээн өвөр түрийдээ оролцож явсан анд нар нь түүнд зэвүүцэхдээ саяхны нэг өдөр Улаанбаатар хотын бүх FM-ээр “Хадамд гарах нь энэ үү дээ” дууг бүтэн өдрийн турш захиалан эгшиглүүлж хонзонгоо авчээ. Энэ нь Батаагийн зүрхэнд хүрч бүтэн өдөржин гэгэлзсэн юм байх. Тэрээр “Хадмын хаяа сахисан хүргэн, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил гэдэг үнэн юм даа” гээд, толгой дээрх хэдэн хялгасаа зулгаан нус нулимсаа барж суугаа гэнэ лээ.
Хамгийн том хүнийг ууланд гаргасан хүн

“Хамгийн том хүнийг хамгийн өндөр ууланд гаргасан шадар сайд” хэмээх номинацид манай улсын шадар сайд Энхсайхан магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олныг төдийгүй, уясан уяач, унасан хүүхдээ баярлууллаа. Түүний араас шил даран хурдалсан хүн бол Султан хааныгаа хар мянга найман зуун наян есөн дагуулынх нь хамтаар өөрийн улсын Панчууруу оргилд гарсан Лумхуруу улсын шадар сайд Бял Ду Юча гуай юм. Харин тэгвэл манай шадар сайдын ууланд гаргасан ерөнхийлөгч Энхбаяр хар мянга есөн зуун ерэн есөн дагуултай байснаар барахгүй Хүйтэний оргил Панчууруугаас нь элбэг тав зургаан зуун метрээр өндөр байсан нь тун бахдалтай. Иймийн учир дэлхийн дээд амжилтыг бүртгэх хороо ямар ч хэл үг хэрүүл маргаангүйгээр энэхүү номинацид манлайлагчийн алтан цом, энгэрийн туузыг манай энхрий ялдам шадар сайд Энхсайханд гардуулсан байна.

Sunday, December 17, 2006

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХАЙРЛАСАН ШИГ ХАЙРЛАЯ

/ёж зөвлөмж/
Нийтлэг үндэслэл
Эрхэм хүндэт ерөнхийлөгч маань Хүйтэний оргилд гарсныг наян настай буурлаас найман настай балчир хүртэлх нийт ард түмэн зун намаржингаа үзэж, баярын нулимсаа хайр гамгүй унагааж байсан, одоо ч унагаасаар байгаа. Хилийн цэргийн нэгэн хурандаа бүр цурхиртал уйлсан. Үнэнч шадар сайд Энхсайхан нь бас баярын нулимс унагаасныг бүх телевизүүд цацсан.
Энэ бүхэн сайшаалтай хэрэг боловч бас чамлалтай. Нэг муу хурандаа биш генералаас дээш цолтой хүнийг уйлуулах нь зүйтэй. Эрхэм ерөнхийлөгч маань дан ганцхан Уулын спортын мастер байх нь тэр том хүний хувьд дэндүү ичмээр!
Ингээд би эрхэм ерөнхийлөгчөө улам их хүндлэн хайрладгаа харуулж өөр олон спорт, мэргэжлийн салбарт мастер болгох зөвлөмж гарган мөрдүүлэх санал тавьж байна.
Нэгдүгээр зүйл: Марафон гүйлт
Уулын спортыг бодвол марафон гүйлтэд ерөнхийлөгчийг түрүүлүүлж, мастер болгох нь нэн адармаатай хүнд ажил. Учир юу гэвэл дайсны талын намынхан Африкийн Кениэс адуу шиг хурдан харуудыг олноор хөлслөн авчирч, хайрт ерөнхийлөгчийг маань тоосоор булж, нүдний булай болгон хар пий аар хийх шууд аюул заналхийлнэ. Тийм учраас цэвэр Африк цусны болоод эрлийз гүйгчдийг марафон гүйлтэд оролцуулахгүй байх тухай хуулийг нэн яаравчлан батлахыг нөхөр Нямдоржид үүрэг болгох зайлшгүй шаардлага урган гарч ирнэ.
Гүйлтийн замд тужид нь Улаанбаатар хивс дэвсээд маш нямбайлан арчиж цэвэрлэсэн байна. Замын километр тутамд хилийн цэргийнхэн амралт сувиллын бааз байгуулж, ерөнхийлөгчийн алжаал ядаргааг тайлж, массаж хийн, саунд суулгаад, Супер цэвэр усаар цангааг нь тайлаад цааш явуулах бэлтгэлийг нэн шуурхай хангана. Шадар сайд болоод хоёр гурван эрхэм гишүүн нисдэг тэргэнд суун ерөнхийлөгчийгөө дагах ёстой.
Гүйлтийн зуун метр тутамд “Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо”-ны үнэнч гишүүн спортын мастер бахардан унана. Унаад тэрийн хэвтэж байснаа арай ядан өндийхөд нь “ТВ-9” телевизийн сурвалжлагч давуу эрхээр гүйн очиж ярилцлага авна.
Бахардан унасан мастер ярилцлагадаа: “Ерөнхийлөгч, хн аа, хн аа, дэндүү хурдан байна. Темпийг нь гавьяат мастер ч хүчрэхгүй” хэмээн ойлгомжтойгоор тайлбар өгөх ёстой. Гүйлтын сүүлийн нэг километр туйлын өрсөлдөөнтэй болох агаад ах дүүгийн барилдалгат Орос орноос ирсэн дэлхийн аваргууд бахардан унана.
Ингээд ерөнхийлөгч маань ард түмнийхээ нижигнэсэн алга ташилтын дор нэг гартаа төрийн далбаагаа намируулсаар барианд орох юм. Араас нь тэргүүн хатагтай гүйсээр ирснээ арай л барианд орж чадалгүй сөхрөн унаж үзэгчдийн хамрын самсааг шархируулна. Гүйлт өндөрлөсний дараа шүүгчдийн зөвлөл яаралтай хуралдаж ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёуланд нь хөнгөн атлетикийн спортын гавьяат мастер цол олгож байгаагаа сэтгэл догдлон зарлана.
Хоёрдугаар зүйл: Мэс засал
Мэс засал гэдэг тун нарийн чимхлүүр ажил. Тиймээс ерөнхийлөгчийн хуруу гарыг дасгаж бэлтгэл сургууль сайн хийлгэх хэрэгтэй. Мэс засалд орж байгаа өвчтөн нь эмзэг бүлгийн мөртлөө хэрийн юмыг даахаар эрүүл чийрэг биетэй хүн байна. Түүнийг дагаж ирсэн, уруу дорой царайтай эхнэр нь найм есөн хүүхдийнхээ хамт мэс заслыг цонхоор ажиглан уйлалдан зогсох ёстой.
Зүрхний хүнд мэс засал амжилттай болж дуусмагц өвчтний эхнэр арван тавны сар мэт мишээн, ярилцлага өгнө. Бас хамгийн бага хүү нь “Миний аавын алтан амийг аварсан алтан гарт ерөнхийлөгчдөө баярлалаа, баярлалаа, баярлалаа!” гэж хэлнэ. Түүний үгийн төгсгөл дэх гурван “баярлалаа”-г бүх хүүхдүүд нь хоороороо дагаж давтан хэлэх нь зүйтэй.
Дараа нь хилийн цэргийн госпиталийн дарга, мэс засалч генерал баярын нулимсаа дуслуулан байж ярилцлага өгөн ерөнхийлөгчийн ур чадварыг биширнэ. За тэгээд эцэст нь асар хүнд мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн ерөнхийлөгч, мэс засалд ассистентээр оролцсон тэргүүн хатагтай нар Монгол улсын гавьяат мэс засалч цолыг бахархалтайгаар гардан аваад, “Бидний энэ амжилт бол ард түмний минь тус дэм, эв эеийн хүч” гэсэн утга төгөлдөр ярилцлага өгөх юм.
Гуравдугаар зүйл: Бухын тулаан
Испанийн алдарт бухын тулаан бол эр зоригийн спорт тул ерөнхийлөгчийн алдар суу рейтингийг тэнгэрт хадаах нь мэдээж. Гэхдээ их осолтой. Төв цэнгэлдэхийн үзэгчдийн суудалд хилийн цэргийн шилдэг мэргэн буучид, ерөнхийлөгчийг хамгаалах холбооны үнэнч гишүүн чонын анчин Рашуудыг бэлэн байдалд суулгах ёстой. Хэрвээ ерөнхийлөгч хальт гишгэх л юм бол тэд бухыг гранатамётоор нам буудан устгах юм.
Ерөнхийлөгч ард түмнээ дуу алдуулан байж улаан алчуур даллан улайрсан бухнаас удтал бултаж байснаа нугасанд нь жад зоон унагана. Дараа нь тэргүүн хатагтай гарч ирэн арай жижиг биетэй шүдлэн юм уу, хязаалан бухаар ийм үзүүлбэр хийнэ. Энэ бүхний дараа Испани улсаас тусгайлан урьж ирүүлсэн мэргэжилтэн ерөнхийлөгчийг маань гайхан биширч байгаагаа илэрхийлээд Бухын тулааны спортын Олон улсын хэмжээний мастер цолыг хүндэтгэлтэйгээр гардуулна.
Хажлага үг
Энэ мэтчилэн ямар л спортын төрөл байна вэ, ямар л мэргэжлийн салбар байна вэ тэнд Энхрий хайрт Ерөнхийлөгч маань ур чадвараа гайхуулна. Ерөнхийлөгчийн маань алдар нэр дэлхий даяар түгэж, шүтэн бишрэгчдийн тоо нь зургаан тэрбум хол давна. Ерөнхийлөгч алдаршсанаар та бид бас алдаршиж, улмаар Монгол улс маань үсрэнгүй хөгжиж цэнгэлийн манлайд хүрэх юм. Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая, нөхөд өө!

Saturday, December 9, 2006

НАЧИН НАЙРУУЛАХ КОМИСС

НАЧИН НАЙРУУЛАХ КОМИСС
(шог өгүүллэг)
Чанга яригчаар бөх тайлбарлагчийн хүдэр хоолой хүнгэнэж, цаана нь “Ар хөвчийн унага” шуранхайлна. Аймгийн наадмын гурвын даваанд хүч үзэж буй сумын заан Баатарням харин энэ бүхнийг сонсохтой манатай учраа бөхдөө толгойгоо уургалуулж, зүүн гараа газар тулан гурван хөллөөд унахад бэлэн болжээ. Тайлбарлагч: “Сумын заан ч аралтай бяртай тулдаа л тогтож байна даа” гэх нь дуулдана. Баатарнямтай долдугаар ангийн сурагч, чөрийсөн хар хүүхэд барилдаж байх агаад зааныг барьцаар ааглан дараад буй нь эр ямааны хүзүү өөд цоройж байгаа ишиг шиг л харагдаж байлаа.
Аймгийн цолтон төрүүлэх зорилгоор сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан “Начин төрүүлэх ажлыг зохион байгуулах комисс”-ын дарга, сумын орлогч мурий Пэрэнлэй дэвжээ рүү гараад ирчихсэн өнөөх хүүд нэг хуруугаа гозойлгон харуулж байна. Хүү тоосон шинжгүй зааныг мушгин дарлаа. Баатарнямын хөлс цувж, амьсгаа нь тагларан, бөхчүүлийн хэлдгээр мах болжээ. Одоо энэ хоёрын барилдах нь үхсэн голиог шоргоолж чирэн нааш цааш хөдөлгөж байгаа гэлтэй харагдана. Пэрэнлэй хуруугаа нэг нэгээр нэмэх боловч хүү үл тоосон хэвээр. Хурууны тоо долоо хүрч, жаал хүү сая бууж өгөв. Хүүгийн дээрээс их л сүртэй дарж унасан заан маань босох ч тэнхэлгүй аахирдан хэвтэхүйд, тайлбарлагч: “Сумын заан Баатарням ч бяртай байгаа юм байна даа” гэж хүнгэнүүлэв.
Дөрвийн давааны өмнө начин төрүүлэх комиссынхон сэм зөвлөлдлөө. Комиссын орлогч, тамгын газрын түшмэл, бас тэгээд зааны хүргэн ах Дугар уурлан,
-Дөнгөж гурвын даваанд долоон зуун мянга!.. Дэмий гонзгой, махан овоо гээд Баатарням руу хялайвал, мурий Пэрэнлэй:
-Долоон зуун мянга биш ээ, долоо хоног компүүтэр тоглуулах юм аа, хэ хэ, гээд цааш үргэлжлүүлэн,
-Энэ янзаар бол төсөв хэмнэх нь бололтой. Одоо энэ даваанд заан, аймгийн арслан Зоригттой оноолт таарна. Гурван зуун мянгаар найрчихсан гээд маадгар байна.
Дөрвийн даваанд сумын заан маань, Зоригт арсланг хэвтүүлээд, тайлбарлагчаар бяртай байгаагаа магтуулсаар цүндэгнэн гүйж ирэв. Гэтэл гай газар дороос гэгчээр Улсын начин Балт гуайн барилдаан нэг л биш. Балт начнаар Баатарнямыг тавын даваанд амлуулахаар, нэг сая төгрөгт тохиролцсон тул сумынхны санаа зовинон дап дупхийн өндөлзөнө. Комиссын мэдэлд засаг даргын сангаас өгсөн зургаан хөхүүр айргийг хоёрхон хоногт хоослоод, “маргааш барилдах гэж байж, битгий” гэж гуйсаар байтал дөчийн савтай нэрмэлийг өчигдөр орой ганцаараа гударчихсан Балт начинг хаанахын ч бүү мэд, шагай шиг бор залуу махалж байна аа. Хар хөлс нь чийхарч, бие нь хөшсөн Улсын начин маань хашир хүн тулдаа буйр зааж, хамраасаа цус гаргаад, эмч рүү алхах зуураа комиссын даргыг дохин дуудлаа.
Пэрэнлэйг салбага далбага, мурги сайрга гэсээр очиход, тэр:
-Цаад залуугаа хэдээр ч хамаагүй найр! Би баршгүй нь гээд амьсгаадаж байна. Начин ч удаан “эмчлүүлж”, Пэрэнлэй ч залууг шургуу гуйх агаад үг хэлэх болгонд цаадах нь толгой сэгсрэн гэдийж байгааг комиссынхон сэтгэл түгшин харж байлаа.
Шагай шиг бор залуу, Улсын начин Балтыг толгой дээрээ өргөн гаргаж ирснээ тоос манан хадтал шидэхэд Пэрэнлэйн дотор харанхуйлав. Уурандаа багтран “Муу дурак!” хэмээн хашгичих сумын дарга нь нүдэнд харагдаж “Очоод, яаж шүү, даргын өрөөнд орно доо” гэж тэр бодож байсан бол, Дугар наанаа гутарсан дүр үзүүлэвч “Гарзны бага дээр, яамай даа” гэж дотроо баярлалаа.
Энэ үед өглөөнөөс хойш газрын гаваар орчихоод байсан Баатарням зааны аав, комиссын зөвлөх, улаан Дамдин улаан зээрд болчихсон хүрч ирэв. Тэр “хн-х” гэж нэг зогьссоноо,
-Аавд нь запас мэх бий гэж байна. Дугар түүн рүү “Яг л чамд запас мэх байгаач, муу согтуу толгой” гэсэн харцаар хартал, боодол арван мянгат гаргаж өргөнгөө хэл амаа орооцолдуулж,
-Энэ байна, миний запас мэх. Бууж өгөхгүй нохой байгаа бол, улаан Дамдин энүүгээрээ цохиод унагачихъя л даа гэхэд мурий Пэрэнлэйн нүд сэргэн, улаан Дамдинг тэвэрч аван алдсанаа “охиом” гэж хоолойгоо засан биеэ барьж,
-Төсөв зузаарсан болохоор өөрөөр үзнэ ээ, хэдүүлээ гэж байна. Комиссынхон шуурхай зөвлөлдөөд, наадмын өмнө ярьж үзэхэд “Сая таван зуугаас огт буухгүй” гэж гүрийгээд байсан аймгийн хурц арслан, цочдог Нямаа руу даргаа явууллаа.
Наадмаас гурав хоногийн дараа өглөөний есөн цаг тэг минутад сумын засаг даргын өрөөнд комисс ажлаа тайлагнав. Даргын хоёр нүд өрөөг нэвт шувт сүлбэж, комиссынхон далдичин шал ширтэж, нусаа татлана. Хамаг юмны лай ланчиг, хөөрхий мурий Пэрэнлэй дээр л тохогддог хойно, толгой маажсаар босож ирлээ.
-Дарга минь, би зүүн хөлд орохоор ярьж тохирсон чинь, заан андуураад баруун хөлд нь гүйгээд.., Нямаа арслан цочоод.., хөлөө татчихсан чинь, Баатарням суначихсан юм байхгүй юу гэж учирлалаа. Сумын дарга уурандаа багтарч, “Муусайн дуракууд!” хэмээн хашгичиж эхэллээ.
Арван найман цаг тэг минутад тайлангийн хурал өндөрлөв. Хурлаас дараа жилийн аймгийн наадамд начин төрүүлэх комиссыг мөн л орлогчоор толгойлуулан зохион байгуулж нэн шуурхайлан бэлтгэл ажилдаа орох шийдвэр гаргалаа.

ЗАР

ЗАР
(шог өгүүллэг)
-Муу зөнөг өвгөн, зардал чирэгдэл барагдуул! хэмээн батгатай нүүрээ мэнчийлгэн уурлах том ногоон нүдтэй эрийн өмнөөс хэлэх тоймтой үг Бужаа хөгшинд олдсонгүй. Дэмий л хөлсөө шударч,
-Банзай минь, ах нь түрүүлээд ирсэн хүнд хонио зарахаас яахав дээ гэж учирласан боловч хөрш сумын зартай панз, ногоон Банзрагчийн ааш дарагдах шинжгүй. Тэргэнд чинь шатахуун хийе ээ гэж ам ангайдгийн даваан дээр ”амны шатахуун” гэж өвгөний өхөөрддөг юмыг самган нь гаргаж тавилаа. Улаан хоолой руугаа тагшаар юүлэгдэх сайхан нэрмэлийн ааганд өнөөхийн том ногоон нүд талимааран, үг нь зөөлөрлөө.
Ногоон Банзрагчийн тавхай далд ормогц л самганы яншаа эхлэв.
-Мэддэг Бужаа гэж амьтан худлаа магтахаар юм мэддэг хүн болох гээд бүр сагсайчих юм аа, та. Одоо ингээд зурагтын зарлалыг чинь сонссон амьтан цуваад амраахгүй дээ гэхэд нь Бужаа хөгшин:
-Зарлал гэнэ шүү, зар сурталчилгаа гээч! гэж зандраад,
-Сурталчилсны хүчинд хэдэн муусайн хөгшин хонио дор нь далдруулчихлаа биш үү гэж ундууцлаа.
Мэддэг Бужаа гуай саяхан хот орохдоо хэрэгт дурладаг ясны зангаа тавилгүй сургалтад суугаад зар сурталчилгааны үр нөлөөний тухай тархиа цоортол ном сонссон юм. Тэгээд хорин нэгэн толгой хөгшин эм хонио худалдах тухай зарыг зурагтаар цацуулсны буянд наймаагаа амжуулчихаад сууж буй нь энэ. Өчигдөр орой Цагийн хүрдийн өмнө зар яваад удаагүй байх нээ нь Хавчигийн худгийн чих Дэмчиг нисэж ирээд мэнд ус ч үгүй,
-Бужаа гуай, зурагтаар гарсан хэдэн хонийг чинь би ноолуураар авъя, их гарын мөнгөн аяга ч оролцуулж болно шүү гэж амьсгаадаж байснаа, ганзагалж ирсэн сайхан ноолуураа чирч оруулж өвгөнд тушаагаад санаа нь амарч, хууч хөөрч хэсэг суугаад мордсон билээ.
Мэдээллийн эрин гэж сайхан юм аа. Зунжингаа айлаар бууж түмэн лонх амны шатахуун султгаж байж хугасалдаг ажлыг ганц оройны Цагийн хүрд үзэх зуурт нугаллаа хэмээн хөгшин олзуурхаж, зар сурталчилгаа гээчийг өглөөнөөс хойш ам хуурайгүй магтаж суусан юм. Яс арьс болтлоо муудсан хаврын хөгшин хонийг хэн тоохов. Намар жаахан таргалчихсан байлаа ч ийм сайн үнэ өгөх хүн тэр бүр олдохгүй.
Ийн өвгөнийг бодолд автаж байтал хөнгөн тэрэгний чимээ гарлаа. Энэ удаа хойд сумын тэргүүн баян, нуугаан хэмээх Жигмэд орж ирээд, мэнд усаа нуугтал мэдэлцээд, зөөлөн зөөлөн дуугарч үнэгэн нүдээ анивчин яриа хөөрөөгөө эхэлж байна.
-Тэр хэдийгээ зарчихсан бол одоо яая гэх вэ, гэлээ ч дүү хүүгээ холоос зорьж явааг бодож хоосон буцаахгүй байлгүй дээ гэж хөлд суулаа. Өвгөн ирэх жилээс хонины наймаа хийнэ гэж ам өчгөө өгч байж түүнээс арайхийн салав. Нуугаан Жигмэд хойд мөргүү өөд тэргээ нуугуулан мацаж байх зуурт өвгөний толгойд “Үгүй, би ер нь юу хийгээд байна аа” гэх бодол зурсхийлээ.
Энэ мөчид хөдөлгүүрийн чимээ өөр зүгээс ахин гарсан ч толгойд эргэлдэх бодол сарнисангүй. Сумын баруун зах Хүйсийн говиос хүргэн охин хоёр нь сундалдан давхиж иржээ.
-Хонь зарах байсан юм бол бидэнд эхлээд дуулгахад яадгийм? хэмээн охиноо хошуу цорвойход “Манай хонь танд ашиг орлого авчирна” гэсэн зарынх нь үг тархинд манасхийж хүний хүнд ч, өөрийн хүргэндээ ч хонио өгөхгүй гэж Бужаа хөгшин шийдлээ.
Хүргэн охин хоёр нь ам уралдуулан, хоёр хүүгийн хичээл тарж номхон зээрд морио барьж авсан, энэ жилийн ноолуураар нарны зайтай гэрэл аваад цаана нь зөндөө үлдсэн тухай ярьж, самган нь аан уун гэж уулга алдаж байвч энэ бүхэн чихний хажуугаар урсана.
Өвгөн ухасхийн босож баруун орны хөндийгөөс чих Дэмчигийн өчигдөр авчирсан том ууттай ноолуурыг суга татаж аваад гарлаа.
-За гэвэл, ёогүй хүн сэн. Та чинь юу болчихоо вэ? Эр улс, наймаа буцах муу л гэдгийм… хэмээн чих Дэмчиг завсар чөлөөгүй дуржигнуулсаар сүүлдээ ам нь эцэж амьсгаадаж байна. Бужаа юм мэддэг хүн шиг хариу хэлэв.
-За Дэмчиг минь, худалдааны хэлэлцээ цуцалсны нөхөн төлбөр болгон чамд нэг төлөг барьж өгье, маргааш очиж авна биз гээд морь руугаа алхвал чих Дэмчиг өвгөний араас шон руу нисэж ирснээ,
-Ний нуугүй ярьчихъя. Уут ноолуур дээрээ мөнгөн аягаа нэмье гэсэн боловч өвгөн дуугүй мордон ергүүллээ. Хонь авах гэсэн олон хүн Бужаагийн бор гэрийг хэд хоног татчих шахсан боловч,
-Хонио зарахаа больсо-оон гээд өвгөн халгаасангүй. Зарахгүй байж сурталчилгаа цацаж холоос явуулж чирэгдүүллээ гэж зарим нь барьж зодох гэх агаад самганы гаргаж тавих амны шатахуун ийм үед аминд орсон хэвээр. Хэдэн хөгшин эм хонь нь бэлчээртээ ч, хотондоо ч цаанаа л нэг өнгөлөг. Нас гүйцсэн арван сайхан эр хониноос нь ч том харагдана.
Миний энэ хэдийг ийм олон улс амьтан шохоорхоод байгааг бодоход яав ч зүгээргүй хэмээн өвгөн наймаа буцааснаа олзуурхана.Өвөл ирж нэг их сүйдтэй цас унаагүй боловч өнөөх хэдэн хөгшин хонь нь муудаад болох биш. Тэжээлд нь Дэмчигийн мөнгөн аягыг худалдаад авчих мөнгө элбэг зарсан боловч талаас илүү нь мажийв.
-Хүмүүс үнэ хаялцаж байгаа дээр нь зарчихаач гэж би хэдэн удаа хэллээ? хэмээн самган нь яншиж, зурагтын ганц мэдээ ч бүтэн үзүүлэхээ байлаа.
Бужаа хөгшин хойд хамар дээрээ гаран мал дурандах нэрээр баахан сууж чихээ амраана. “Ээ дээ энэ зар сурталчилгаа гэдэг үү.., хийлгэсэн эзнээ хүртэл нөлөөндөө оруулчихдаг, гүй ээ мөн үр нөлөөтэй эд байна шүү” хэмээн дотроо ярьж толгойгоо сэгсэрдэг боллоо.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates