Friday, March 28, 2014

БАЙЛДААГҮЙ ЭХ ОРОНЧ БАЙЖ БОЛОХ УУ?



Эх оронч гэх үгийг сонсмогц Манлайбаатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан, С.Зориг гээд л дандаа суутнуудын нэр санаанд буудаг. Газар нутагт минь цөмрөн орсон гамин, бароны цэрэгтэй тулалдсан журамт цэргүүдийг дүрслэн боддог. Халх голоор өнгөлзсөн квантуны армийг бут цохисон эрэлхэг дайчдаа санадаг. Ингэж бодох нь түмэн зөв. Эх оронч өвөг дээдэс минь Монгол нутгаа хамгаалах ариун дайнд халуун амь бүлээн цусаа золиогүй бол газар шороо минь өөр хэн нэгнийх болчихож мэдэх л байсан.
Гэхдээ өнөө цаг, хориннэгдүгээр зуунд эх оронч байх, эх оронч үзэлтэй байх гэдэг ойлголт өөр болжээ. Үүнийг өмнөд Солонгосын жишээ баталдаг. Энэ улс Азийн бар болтлоо хөгжсөний нууц юу вэ? гэдгийг олон мэргэд нэг зүйлээр тайлбарладаг. Хангүг хүн Солонгос улсад үйлдвэрлэсэн, солонгос бараагаа л хэрэглэдэг. Бусад бараанаас үнэтэй байсан ч хамаагүй солонгос хүнсээ хэрэглэж, солонгос хувцсаа өмсөж, солонгос машинаа унаж үндэсний үйлдвэрээ дэмждэг. Хэзээ ч бидэн шиг жаахан мөнгөтэй болмогцоо л гадаадын брэнд хувцас, эд зүйлээр өөрийнхөө зиндааг тодотгох гэж гүйлддэггүй. Үүнийг л тэдний хөгжлийн нууц гэдэг. Солонгос хүний эх оронч зан чанар тэдэнд бар улсын хэмжээнд хүрэх хөгжлийг авч иржээ.
Гэтэл бид яаж байна вэ? Дөч тавин жилийн туршид бүтээж босгосон арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбороо өөд татах байтал социализмын хог гээд устгачихсан. Одоо Дарханд шинээр байгуулах тухай яриад ичих ч үгүй сууж байна. Уул уурхайн бизнес эрхлэгчдээ муу муухай үгээр дайрч, нэр хүндийг нь унагааж, хашааг нь нурааж, эд хөрөнгө тоног төхөөрөмжид нь халддаг хүмүүсээ эх орончид гэж эндүүрдэг боллоо. Баялгаа гадныханд зарж мөнгөжиж, ядуу эдийн засгаа өөд татахын оронд хав дараад сууж байх нь эх оронч үйлдэл гэж элийрдэг хүмүүс оршсоор. Монгол улс мөнгөтэй, эдийн засгаар хараат бус байж гэмээ нь тусгаар тогтнол баталгаатай болно. Хэн Монголыг мөнгөжүүлэх вэ? Үндэсний үйлдвэрлэгчид л Монгол улсаа баян болгож чадна.
Монгол хүн бүр Монгол эх орондоо хайртай. “Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол орон минь...” гэж дуулахдаа зүрх огшиж, самсаа шархиран догдолдог. Дуулж дуусмагцаа гадаад үйлдвэрийн сархад шимж, гадаад нэрийн зуушаар даруулдаг .“Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж Салхины үзүүр залгихад Агь хоолойд аргасан Боржигины бор тал минь...” хэмээн шүлэг найраг сонсоод зэрэглээ мяралзсан шаргал талаа санан санан догдолсон хэрнээ хажуугийн дэлгүүрээс Адидас шаахай авч, Армани хүрэм сонгодог. Бид зөвхөн дуу шүлэгтээ л Монгол орноо хайрлаад бусдаараа таг мартчихаад явах нь зөв үү? Эх орноо зөвхөн үг хэлээрээ хайрлах биш үйлдлээрээ хайрлаж гэмээ нь Монгол улс минь хөгжинө. 
Үйлдлээрээ эх орноо хайрлах гэдэг тийм ч хэцүү биш. Та хүнсний дэлгүүрт ороод үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг сонго. Монгол хувцсаа өмсөж, Монголд угсарсан компьютер хэрэглэ. Үндэсний үйлдвэрлэл гэхээр эсгий углааш, тэмээний ноосон оймс, арвайн гурилхан мэтээр төсөөлөгддөг байсан цаг ард хоцорчихоод байна. Бид троллейбус, автобус бүтээчихлээ. Тоос сорогч, цахилгаан зуух, индүү, телевизор гээд гэр ахуйн олон хэрэгслийг угсарч байна. Мэдээллийн технологийн салбарын залуус дэлхийд өрсөлдөх программ хангамж бүтээж чаддаг боллоо. Мэдээлэл харилцааны салбарт Юнител, Itzone гээд үндэсний компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай өрсөлдөж байна. Оюуны үйлдвэрлэл сэргэж, боломжийн сайхан кино жүжиг бүтээдэг болчихлоо.
Монголчууд бид бүгдээрээ хичээж, зуун хувь үндэсний компани Юнителийн симкартыг утсандаа суулгаж, Өглөө сүүнд шимтэж, Дархан минжийн дээлээр дулаалж, Говийн ноолуураар гоёж, Янмал оймсоо эдэлж, Харанга хамтлагийн тоглолт руу хошуурч, Атар талхаа амтархдаг болцгооё. Ингэж байж л бид үндэсний үйлдвэрээ босгоно. Үндэсний үйлдвэр хөрөнгөтэй чадавхитай болж гэмээ нь Монгол улс минь хүчирхэгжинэ.
Өнөө цагт эх оронч байхын тулд буу сэлэм агсаж, атаат дайсантай байлдах хэрэггүй болжээ. Та товчлуур дарж сонголтоо хийхдээ Монгол эх орноо санагтун.

А.Амарсайхан
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates