skip to main |
skip to sidebar
Дамба гуайг гуравдугаар ангид байхад нь сургуулиас гаргасан юмсанж. Тэглээ гээд хотойсонгүй "Улсын сайн малчин" цолтой нэр төртэй сайхан аж төрж гэнэ. Хүүгээ улам илүү сайн сайхан яваг гээд бүр нэгдүгээр ангиас нь гаргажээ. Хүү нь малаа сайн өсгөж тэргүүний залуу малчдын зөвлөгөөнд оролцоод, дараа нь Тэрэлжид сар амрахаар болж нийслэлийг зорьжээ. Хүүд араас нь захидал ирж гэнэ. Цаасан дээр бааж буй нохой, эрүүн дээр гарсан яр, нусаа нийж буй хүн, араас нь зураас татаад "гэе!" гэж бичсэн байв. Хүү огт ойлгосонгүй. Зөвлөгөөнд цуг ирсэн, хоёр дээд сургууль дүүргэсэн сумын дарга ч захидлын учрыг олсонгүй гэнэ. Хүү мөчөөгөө өгсөнгүй хотоос гэрийнхэндээ хариу захидал илгээв. Таван хуруу сарвайсан гар, асч байгаа лаа, гүзээтэй тос зураад ард нь анхаарлын тэмдэг тавив. Аав ч ойлгосонгүй, ээж ч ойлгосонгүй. Тэр хот айлын хамгийн өндөр боловсролтой хүн болох долоо төгссөн хүү ч учрыг нь олсонгүй. Тэргүүний залуу малчин хотоос буцаж ирснээр хоёр тал "бичсэн" захидлынхаа учир ухааныг тайлбарлалцав. Аавын зурсан бааж буй нохой нь "ба" гэсэн үе, эрүүний яр нь "яр" гэсэн үе байж. Хүчтэй нийхэд "хүр-р-р" гэсэн чимээ гардаг учраас нусаа нийж буй хүнээр "хүр" гэсэн үеийг төлөөлүүлсэн юмсанж. Хүүгээсээ илүү өндөр боловсролтой, гуравдугаар ангид дэвшиж үзсэн хашир толгой юм хойно "гэе" гэдгийг бичиж дөнгөсөн хэрэг. Ингээд нийлүүлээд уншихаар "баяр хүргэе!" болох байж. Харин хүүгийн зурсан захидал нь "гар-лаа тос!" гэсэн бичиг байсан гэнэ.