Monday, October 31, 2011

"Утаат Монгол" фельетоны орос орчуулга

"Орос" гэсэн нэрээр блог бичдэг нэгэн эрхэм миний "Утаат монгол" фельетоныг орчуулжээ. Орчуулгыг эндээс үзнэ үү? Монголчуудын тухай бичдэг хүн байгаа юм. Би энэ хүнтэй хараахан танилцаж амжаагүй байгаа.

Monday, October 10, 2011

Үлгэр судлалын тойм

Монгол ардын үлгэр: Сайн баатар дайсны хар мангасыг ялаад амарсайхандаа жаргажээ.
Орчин үеийн монгол үлгэр: Сайн баатар хар мангасын багажаар өөрийн авдраа уудална. Авдраас гарч ирсэн эрдэнэсийн 66 хувийг мангас, 34 хувийг сайн баатар авна. Гэхдээ нэг болзолтой: 34 хувийг нь сайн баатар мангасаас мөнгө зээлж эзэмших эрхтэй болно. Зээлээ төлж дуусахаараа амарсайхандаа жаргана.
Засгийн үлгэр: Сайн ухна муу ухнатай хамтарсан засгийн газар байгуулаад ойрын зуун жилд шийдээгүй асуудлыг шийдэж ард түмнээ амарсайханд нь жаргаана. Гэхдээ нэг болзолтой: үүнээс хойш түүнээс цааш бүх ухныг сайн гэж тооцно.
Америк ардын үлгэр:
Дайсны мангасууд мянгуулаа хэрнээ түмэн удаа буудаад сайн баатрыг онохгүй бүгд сохор. Сайн баатар ганцаараа боловч нэг л гох дарахад зуун дайсан ташраараа унадаг хэтэрхий цэцэн. Мөөм бөгс, гуя хас нь гялалзсан нэг бүсгүй гарч ирмэгцээ сайн баатрыг харангуут дурлаад, дурлангуут сээгсдээд амарсайхандаа жаргадаг.
Монголын шүүхийн үлгэр: Хэн нь мөлжүүртэй вэ, тэр нь сайн тал. (Жич: Сайн тал нь дандаа ялж амарсайхандаа жаргадгаараа Монгол ардын үлгэртэй ижил)
Эрүүгийн хуулийн үлгэр: Эрүүгийн хуулийн ... дүгээр зүйлийн дагуу сайн баатар хар мангасын 15 толгойны 14-ийг нь тас цавчиж бие эрхтэнээр нь хохироосныхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээж засан хүмүүжүүлэхэд орж сайхан "засраад" амарсайхандаа жаргажээ.
Рекламын үлгэр: Шинэ "Лоск"-ийг худалдан авах юм бол хар мангасын есөн төрлийн хар толбыг оргүй арилгаж гялалзсан цэвэр болгоод дэргэдээ дайсангүй дээлэндээ толбогүй амарсайхандаа жаргана шүү! Нарантуул захын 65, 79, 14 дүгээр чингэлгээс шинэ "Лоск"-оо бөөндөж аваарай. Эхний 100 хүнд 50 хувийн хямдралтай.

УИХ-ын үлгэр: Улсын их хуралд луйварчин хүн сууна. Хэрвээ луйварчныг луйварчин хэмээн үзээд хэрэгт татах гэвэл бусад луйварчнаас зөвшөөрөл авах ёстой. Луйварчин луйварчнаа хэзээ ч луйварчин гэж хүлээн зөвшөөрөхгүй учраас УИХ-ын бүх луйварчин амарсайхандаа жаргадаг.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates