skip to main |
skip to sidebar
(хошин өгүүллэг)
Зах нь үл харагдах говийн дунд дугуйтай ганц хүнийг хармагцаа Лутаа өвгөний нүд оройдоо гарав. Хурц наранд шарагдаж, халууцаж ядарсан шар толгойтой эр дөрөөгөө арай ядан жийж, жолоогоо замын элсэнд мурилзуулан зүтгэнэ. Гадаадын жуулчин бололтой энэ залуугийн шар царай, нүцгэн булчингууд наранд түлэгдээд, нүд хальтрам улаан ягаан болсон харагдана. Хүүхнийх шиг урт, буржгар үс нь ширэлдэн даахирч, шанааг нь дагаад шороотой хөлс урсжээ.
-Аймаг ортол гурван зуун килмээтэр. Энэ амьтан яана даа? гэж өвгөн үглэв.
-Доонийчихоод яг миний хүү шиг юм гээч. Нялх амьтан цангаж яваа. Аваад явъя! хэмээн Лутаа гуайн самган Долгор орь дуу болов. Аймаг орохоор өвгөний унаанд дайгдсан Намшир гуай харин толгой сэгсэрлээ.
-Наадуул чинь ингэж зовлогоо зовоож амардаг улс гэсэн. Сүүтэй цай өгөхөөр уухгүй, хар ус залгилчихаад явдаг барамнууд гэнэ лээ! гэж хэллээ. Ингээд Намшир “Ээ дээ, дэмий дээ” гэж үглэн, Лутаа, Долгор хоёр тэс зөрж зүтгэсээр хөөрхий ядарсан залууг машиндаа авч явах шийд гаргав. Өмнө нь гарч, зам хөндөлдөн зогсоход шар толгойтой залуу инээмсэглээд, мэндэлж байгаа бололтой хоёр үг хэлээд мэхийж байна. Лутаа гуай хуучин цагт орос гийлоогч нартай ойр дотно найзалж явсны хэрэг юу билээ, эдэнтэй хэл нэвтэрч ядах юмгүй гэж бардаад,
-Здравствуй, друг! Давай поедем на машине гээд жуулчин руу харлаа. Цаадах нь нүдээ том болгож, юу ч ойлгохгүй байгаа шинжтэй.
-Наадах чинь орос биш англи жуулчин. Яаж ойлгох вэ? гэж Намшир уцаартай дуугарлаа. Эмгэн өвгөн хоёр харь хэлтэй залууд тэрэгний ачаан дээр дугуйг чинь тавиад, өөрийг чинь арын суудалдаа аваад явна гэж дохиогоор ойлгуултал залуу,-Өө, но но! гэж чанга хашгирч, гараа зангалаа. Тэгснээ хоёр дугуйт унаагаа заагаад, би өөрөө дугуйгаараа явна гэж байгаа бололтой дохио үзүүлж, хан янхийсэн харь аялгатай хэлээрээ баахан ярьж тайлбарлалаа.
-Ална ч гээд байгаа юм уу, тална ч гээд байгаа юм уу бүү мэд гэснээ Лутаа гуай толгой сэгсэрлээ. Долгор харин уурлаж,
-Нүгэл гэм. Юуны чинь алах. Номхон томоотой хүү байна даг! гэж өвгөнөө зэмлэлээ. Лутаа гуай залуу жуулчны царай руу харан бодол болж байснаа,
-Хөөрхий минь, замын зардалгүй гэдгээ учирлаад байгаа юм биш үү? гэж сэрхийтэл сэтгээд, хашгиран босч ирэв.
-Яаг тийм байж таарах нь! гэж гэж самган нь дуу алдлаа. Өвгөн,
-Деньги не надо! гэж хэлэнгээ өврөө ухан, зузаан бор түрийвчээ гаргаж, арван мянгатын дэвсгэрт харуулаад, гар хуруугаа гозолзуулан дохиж эхэллээ. Сохор зоос ч авахгүй гэдгээ өвгөн сайн гэгч тайлбарлаж, балай хүн ч ойлгохоор дохиж үзүүллээ.
Жуулчин залуу дахиад л толгой сэгсэрч, өнөөх “Но но”-гоо хэлэн, улам олон үг шулганан зогсоно.
-Хөөрхий минь, биднийг дээрэмчин тонуулчин гэж айгаад байх шиг байна гэж Долгор эмээ шивнэхэд,
-Магадгүй шүү! Харц нь айсан шинжтэй. Биднийг цагдаад хэлээд сүйд хийх юм биш үү? Орхиод явцгаая! гэж Намшир уулга алдлаа.
-Мы не бандиты! гэж Лутааг тайлбарлахад, найз өвгөний нь тэвчээр барагдав.
-Орос биш гэж мэдсээр байж л оросоор донгосоод байх юм аа, чи! гэж ундууцлаа.
-Чи тэгээд англи хэл мэдэх юм уу? гээд Лутаа гуай дүрсхийтэл уурлав. Барилцаад авах нь холгүй. Хөөрхий залуу, хоёр өвгөн рүү айсан харцаар ширтэн, бүжин нүдээ бүлтэлзүүлнэ. Долгор гуай үүнийг нь харж зогссоноо залууг өрөвдөж,
-Миний муу доёгор хүү хүний газар ингэж л зүдэрч яваа байх даа гээд нулимсаа арчлаа. Америкт сурдаг бага хүүгээ санаснаас болоод цээж нь бачуурсан нь энэ. Эмгэн залууг арын суудалд суу гэж эелдэг дохиод, толгойг нь иллээ. Залуу гуйсан харцаар ширтээд,
-Но но.., гэснээ бас л баахан юм ярилаа. Гурван хөгшин ойлгосонгүй.
-Наад хүү чинь нэрэлхээд байна аа! Миний найз монхор Коля бас нэрэлхүү гэж дүүрчихсэн золиг байгаагүй юу! Би мах сүү өгөхдөө хүчээр тэргэнд нь тавьж явуулдаг байсан шүү дээ! гэж Лутаа хөгшин хашгирлаа.
-Яг үнэн. Нэрэлхээд байгаа ухаантай юм байна! гэж Долгор эмгэн хэлээд, дугуйг нь шүүрч аваад, ачаа өөдөө өргөлөө. Залуугийн цэнхэр нүд айдсаар дүүрч, дугуйнаасаа зуурч, цахдан чирэгдэнэ. Лутаа гуай түүн рүү инээмсэглэж, далыг нь эелдэг алгадаад,
-Хүү минь, нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа. Өвөөгийнхөө тэргэнд тухтай суугаад яв! Энэ жилийн ноолуураар авсан цоо шинэ эд дээ! гэж хэлэх зуураа залууг ухасхийн хөлдөж аваад, хүүхэд шиг өргөн хойд суудалдаа шидлээ.
-Ээ дээ, хэдүүлээ хэрэгт орчих юм биш үү! гээд, Намшир зогсоо зайгүй үглэнэ. Хүчинд автагдан орос тэргэнд суусан англи залуу замын турш Монголыг тойрох дугуйн аялал хийж яваагаа учирлаж, би буцаад яг энэ газартаа ирж цааш аялах гэж өчнөөн чирэгдэл болно гэж тайлбарлаж явлаа. Харамсалтай нь гурван хөгшин нэг ч үг ойлгосонгүй. Лутаа гуай,
-Нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа, хүү минь гэх өнөөх үгээ хэлж, тарган хонины чанасан мах, нуугисан сайхан айргийг ам руу нь цутган дайлж явлаа. Намшир гуай байн байн уулга алдаж,
-Ээ дээ, буулгачихсан нь дээр биш үү? гэж үглэж байлаа. Аймгийн зочид буудлын үүдэнд ирж зорчигчоо буулгасан хөгшид гараа занган баяртай гээд, буржгар шар толгойтой харийн хүүгийн хацар дээр үнсээд хөдөлцгөөв.
-Нэрэлхүү ч дамшиг бол доо! гэж Лутаа гуай хэллээ.-Яг л миний хүү шиг гэж Долгор уулга алдаад, нулимсаа арчлаа. Харь хэлийн залуу харин, тус болох гэж үнэн сэтгэлээсээ зүтгэсэн, цагаан цайлган хөгшдийн сэтгэлийг бодож, дотроо буцлах бухимдлаа хүчлэн барьж зогслоо. Орос тэрэг булан тойрон далд ороход, толгой эргүүлэн дөнгөж сая ирсэн зам руугаа хараад, “Буцах унаа олохоос доо” гэж өөртөө хэлээд санаа алдлаа.
"Хэцүү анги" кино зохиолоо роман болгохоор бодолд дарагдаж, кейборд нүдэж, хоёр он дамнан суулаа. Бичээд, хэвлүүлчихлээ. Та бүхэнд энэ шинэ бүтээлээсээ хэсэгчлэн хүргэж байна. Бүтнээр нь уншихыг хүсвэл номын дэлгүүрүүдээс асуугаарай. Мөхөс наддаа ухаантай зөвлөгөө хэлж, тусалж дэмжиж, номыг минь редакторласан Б.Галаарид анддаа баярласнаа энэ хуудсаар дамжуулан хэлье. Номын дизайныг Т.Анхбаяр бүтээлээ. Хавтасны дизайнаа би өөрөө фотошоп дээр хонон өнжин нүдэж байж хийсэн. Номдоо үзэгчид, уран бүтээлчид, жүжигдэдээ хандаж бичсэн талархал, үзэгчдийн сэтгэгдэл, "Хэцүү анги" хийгдэх үеийн гэрэл зургуудаас оруулсан байгаа.
Ардын үрсийн төлөө алд биеэ гамнаагүй Аав ижий хоёртоо номон хадаг өргөмү
Бөмбөрийн нүргээ, нийтийн орилоон ханыг зад татах нь уу гэлтэй. Бүжиглэж буй залуус сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй дуу дуугаа авалцан чарлана. Тойргийн төвд гурван хүү бүжгийн гайхамшигтай уран хөдөлгөөн хийж, олныг доргиож, охидыг солиоруулах дөхөж буй нь энэ. Хөвгүүд хөл дээрээ бус гарын алга тохой, дал мөрөн дээрээ эргэлдэн бүжих нь амьд хүн биш амилуулсан зураг мэт. Зогсолтгүй анивчих хурц цагаан гэрэл бүжигчдийг энд нэг тэнд нэг, хэвтээ нэг суугаа нэг болгож тасалдсан дүрсээр зурна.
Гэрэл гэнэт солигдож, өнгө өнгөөр туяарахад нэг хөвгүүн нь бүжгээ өөрчилж, оньсон хүний татвалзсан хөдөлгөөн үзүүлж эхэллээ. Нөгөө хоёр нь үл үзэгдэгч олсноос огцом огцмоор татан урагшилж, уян налархай хөдлөх нь гавьяат цолтон ч атаархам эвсэлтэй. Танхим дахин доргиж, улам хүчтэй орилолдох чимээ хадлаа. Ая дуусахад нийтийг бишрүүлж байсан гурван хүү тойргоос гарч, зайдуу байх ширээ рүүгээ явлаа. Залуус өөрийн мэдэлгүй нүд унагаж, сая болж өнгөрсөн гайхамшигт бүжигт үнэнхүү уярч ууссан болох нь царайнаас нь илт мэдрэгдэнэ. Танхим дахь охидын ихэнх нь дэврүүн дурлалын мананд автсан гэхэд хилсдэхээргүй ажээ.
Гурван хүү бол нийслэлийн Оч цогцолбор сургуулийн арвын “Д” ангийн сурагчид. Тэдний арай биерхүүг нь Тэмүүн гэнэ. Онигордуу нүд, цагаан царайтай жирийн л нэг хүү гэмээр боловч цаанаа охидыг татах нэгэн нууцлаг зүйл түүнд байдаг. Дэгжин засалттай тас хар үс, нумарсан хар хөмсөгтэй царайлаг хүү нь Билгүүн. Тэр хоёрыг дагалдан баясагч сэргэлэн нүдтэй, намхавтар нуруутай хөвгүүний нэр Дөлгөөн. Эцэг эхчүүд нь ярилцаж, тохирсон юм шиг ойролцоо дуудлагатай нэр өгснийг багш сурагчгүй гайхдаг. Гурван хүү ч биенээ нэрээр нь сонгоогүй, санамсаргүй найзалсан гэж хүн болгонд батлан ярьдаг хэдий ч ихэнх хүүхэд үүнд итгэдэггүй. Чамирхаж, нэр хүндээ өсгөх гээд нэрээ солиулсан гэсэн цуурхал сургууль дээр тарсан удаа ч бий. Гэхдээ энэ гурвын хэлдэг үнэн. Тэдний ижил юм шиг нэрийн давхацсан шалтгаан нь ч, биентэйгээ найзалсан түүх нь ч цэвэр тохиолдол билээ.
Дөлгөөн их яриасаг нэгэн бололтой, байнга гараа савчуулж, амаа ангалзуулж байгаа харагдана. Явъя хэдүүлээ, гээд Тэмүүн босоход, цаад хоёр нь түүний үгийг зөвшөөрч, даган өндийцгөөв. Дөлгөөн ширээн дээрээс лаазтай ундаагаа шүүрч авахад Билгүүн түүнийг орхи гэж загналаа. Хүү гомдож хошуугаа унжуулсан ч ундаагаа тавьсангүй. Хоёр найзынхаа араас даган, явуут дундаа ундаагаа сорсноо тэсгэлгүй өнөөх зогсоо чөлөөгүй яриагаа эхэлж байх дуулдана. Тэмүүн доогтой мушийж, инээж явна.
-Өнөөдөр хөөрхөн охин олон ирж шүү гэж Билгүүн хэлэхэд, Дөлгөөн,
-Аан? гээд амаа ангайлаа.
-Битгий тэнэг юм шиг аан гэж байгаач! гэж Билгүүн уцаарлалаа. “Аан..?” гэдэг бол Дөлгөөний сурчихсан зуршил. Билгүүн яаж загнаад ч найз нь ийнхүү аан гэж ангайсан хэвээрээ л өдийг хүрсэн. Дөлгөөн гэмшиж нурмайн, хормын төдийхөн дуугүй болсноо ахиад л ам нээлээ... ***
...Наймдугаар сарын сүүлчийн өдрийн шаргал наран дээш хөөрлөө. Нийтийн тээврийн түрэмгий шар тэрэгний дохио зүрх хагартал хангинана. Өт хорхой шиг олон унаа уулзварт шавааралджээ. Нээлттэй цонхоор өглөөний нар ээж, бяцхан болжморууд модны мөчирт ирийтэл суугаад хэн нэгний тухай ярилцах мэт шулганалдана.
Сүнжид алчуур барин тоос арчиж зогслоо. Шүүгээний орой өөд зүтгэх бүрт нь үйлчлэгчийн цэнхэр өмдөн доорх хуучирч элэгдсэн хоёр шаахай нь нумарна. Бичгийн шүүгээг цэвэрлэж дуусаад, ханан дахь цаг руу хяламхийн, хурлын ширээг бушуухан арчиж эхлэв.
-Яадаг билээ. Захирал юм бодчихгүй байгаа даа. Есөөс өмнө яагаад ч арчиж дуусашгүй нь. Зулаа гээч урвалзсан охинд даашинз хасч өгөх гэсээр байтал оройтсон. Өглөө унтчих гэж байх уу хэмээн дотроо үглэж байлаа. Бага охин нь хичээлийн шинэ жилийн баярт өмсөх гоёлоо хоцрогдсон загвартай гэж голж, уйлан дуугарснаас ажил ундарч нойр хугасалсан нь энэ билээ. Энд нь ч ингэж танаас гарга, тэнд нь ч ийм оруулга хий хэмээн хошуугаа цорвойлгон эрхэлж, яг хэлснээр нь оёсоор байтал буруу гэж гонгиноод байсан тул хэрүүл зодоон хийхдээ тулж дахин ханзалснаа бодоод мушийв.
Хаалга онгойн, Тунгалаг захирлыг орж ирэхэд, Сүнжид амандаа, яадаг билээ ширээг нь арчсангүй гэж үглэж амжаад гэмшсэн харцтай мэндэлж, уучлалт гуйх шалтаг олохгүй тэвдлээ.
-Сүнжид ээ, чи чинь яасан хачин хүн бэ? гэхийг сонсоод цэвэрлэгч хирдхийн цочлоо.
-Хүүе яадаг билээ! Ю...юу болоов, захирал аа?
-Чи чинь, дээд сургууль төгссөн багш хүн байна шүү дээ.
-Тийм.
-Тэгээд хэлэхэд яадаг хүн бэ?
Захирлыг ийнхүү зэмлэхэд нь хариу үг олдсонгүй. Дээд боловсролтой гэдгээ хэлж, бичиг баримтаа үзүүлээд, арай дөмөгхөн ажил гарвал хийнэ шүү гэж захиралдаа хэлээч хэмээн охид нь үглэж байсныг саналаа...
***
...Хаалга торхийтэл онгойж, хичээлийн эрхлэгч нэгэн охиныг дагуулан орж ирэхэд ангийнхан нүдээ том болгон алмайрснаа дэрхийтэл босцгоов. Нуруулаг царайлаг, хөөрхөн алаг нүдтэй, даруухан байрын охин руу ангийн бүх хүүхдийн харц чиглэжээ. Ширээн дээр сандайлж суугаад, хөгжим сонсож байсан Тэмүүний чихэвчийг Билгүүн мулт татаад, чихэнд нь амаа тулгаж,
-Хараач, нөгөө охин чинь! гэж шивнэлээ. Тэмүүн охиныг хармагцаа царай хувьсхийн барьц алдлаа. Яг л уржигдар оройных шиг дэн дун болж, хаана юу хийж байгаагаа ч мэдэхээ больчихов. Нэг мэдтэл хий юм хайж, цүнхээ уудалсан болоод зогсож байлаа. Хүүхдүүдийн хэллэгээр “тасархай” царайлаг шинэ охиныг хөвгүүд сэм ширтэж, харин ганц нэг охин атаархсан харц шидэлж эхэлжээ. Энэ яриа бол шоргоолж шиг цээжээрээ тасархай биетэй гэх бус бусдаасаа хол тасархай царайлаг гэдэг утгыг илэрхийлж байгаа болох тухай Тэмүүн хичээл дээр мэтгэлцэж байсан удаатай.
-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? гэж эрхлэгчийг мэндлэхэд,-Сайн. Багш аа, та сайн байна уу? гэж хүүхдүүд зэрэг дуржигнуулав.
-Сууцгаа. Та бүхэнд ангийн шинэ сурагчийг танилцуулъя. Энэ бол Гэрэл. Дөчин дөрөвдүгээр сургуулиас шилжиж ирж байгаа. Ангийн дарга шинэ сурагчид суудал хуваарилж өгөөрэй, ойлгов уу гэснээ эрхлэгч үүд рүү зүглэлээ. Билгүүн багш аа, асуулт байна, болох уу гэсээр босч ирэхэд эрхлэгч эргэн зогслоо.
-Манай ангийг дааж авах зоригтой багш олдохгүй байгаа гэж үнэн үү? хэмээн хоржоонтой асуухад, ангийн хүүхдүүдэд асуулт таалагдсан бололтой дэмжин, эсэн бусын дуу авиа гаргаж, доогтой инээлдлээ. Хүүгийн хэлдэг хэрэг дээрээ үнэн. Сургууль даяар “Хэцүү анги” гэж зард гараад буй энэ хэдэн хүүхдээс багш нар зугтааж байгаа. Ав гэж тулгахад ажлаасаа гарна гэж уйлсан хүн ч бий. Ангийг хэнд даалгах вэ гэдэг асуулт удирдлагын шүдний өвчин болсон. Эрхлэгч үгээ бодон, мм-мм.., гэж урт амьсгаа аваад, танай ангийг багштай болгох тал дээр өнөөдөртөө багтааж сургуулийн захиргаа шийдвэр гаргана гээд гарч явахад бүх хүүхдийн анхаарал охин дээр эргэн төвлөрлөө. Шинэ сургууль, шинэ хүүхдүүдийн дунд ороод охин барьц алдсан бололтой, ичиж улайж байснаа,
-Сайн байцгаана уу? гэж дуулдах төдий мэндэллээ. Сурагчид түүнтэй мэндлэхийн оронд чимээгүй харцгаана. Зарим охидын атаархсан харц хэвээр, хөлөөс нь толгой хүртэл нэвт шувт сонжиж байна. Охин балмагдаж гүйцээд яахаа ч мэдэхээ больсон зогслоо. Сувд босч, ангийн дарга руу очиж нудраад,
-Хүүе ээ, Нарантуяа! Шинэ охиныг “байдал”-д оруулчихлаа ш дээ. Суудал хуваарилж өгөөч! хэмээн сэм шивнэн хэллээ. Нарантуяа түрүүнээс хойш чимээгүй сууж танихгүй охиныг ичээсэндээ үнэн голоосоо гэмшин босч ирээд, аа-аа.., хэмээн түгдэрч, ангийг тойруулан харж байснаа,
-Энд байсан хүүхэд шилжсэн. Чи энд сууж болно гээд, гэмшсэн бантсан хоёрын дундуур санд мэнд дуржигнуулж, чиний нэрийг Гэрэлээ гэсэн байхаа гэлээ. Энэ нь нэрийг нь лавлахдаа биш танихгүй охинтой үг сольж, сэтгэл санаагаар дэмжих гэж байгаа нь илэрхий. Сувдын дотор онгойж, урт амьсгаа авах нь ангийн бүх хүүхдэд дуулдлаа.
Сувд бол ийнхүү хүн болгонд тус болох гэж үнэн голоосоо чармайдаг сайхан сэтгэлтэй охин. Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гуравтай нэг байранд тоглож өссөн хар багын найз нь. Гурван хөвгүүний хувьд Сувд хамгийн том дарга болдог. Хичээл номоо хий, шөнө орой битгий тэнэ гэх зэргээр ээжүүдээс нь илүү залж зааж байдаг хүн.
Зүүн гар талын эгнээнд харалдаа ширээнд ирж суухдаа Гэрэл Тэмүүнтэй санамсаргүй харц мөргөлдөхөд хоёул ичиж улайлаа. Шинэ байранд хэд дайралдсан хүү мөн шив. Ямар ч гэсэн ганц ч болов зүс таних хүн байна шүү. Хоёр банди хоргооход ирж болиулаад байсныг бодоход даруухан томоотой хүүхэд байх. Тэгээд бас таарахаараа улайчихдаг. Арай.., гэж Гэрэл бодсоноо өөрөөсөө ичээд түрүүчийнхээс илүү улайчихлаа.
Гурав дөрвөн алхам хол зайд сууж байгаа ч Тэмүүнд Гэрэлийн зүгээс халуу дүүгээд байх шиг санагдана. Охины зүрхнээс үүссэн ер бусын соронзон орны үйлчлэлд орсон мэт бүх бие нь цахилгаанжиж, толгойтой үс босчихов уу гэлтэй хуйхаа дагаад дагзаар нь эрвэгнээд ч байх шиг. Билгүүн толгойгоо эргүүлж, найзынхаа ухаан мэдрэлгүй болж, орчин тойрноосоо тасарчихсан суугааг ажиж мушийгаад, нүүрний ширээнээс эргэн харж буй Дөлгөөн рүү нүдээ ирмэснээ дурлалд автсан найз руугаа дохин, хэлээ гаргаж даажин хийлээ. Дөлгөөн Тэмүүн рүү, бас охин руу ээлжлэн бүлтийтэл ширтэж, нүдэнд нь баяр гийсэн харагдана. Ямар сонин учрал вэ, энэ охин манай ангид орчих гэж. Надтай харц тулгараад улайчихлаа. Намайг таньж байх шиг байна гэж бодохоос Тэмүүний зүрх чанга цохилов. Хаалга тархийтэл хүчтэй саван нээх чимээ амттай бодлыг нь сарниачихлаа.
-Хүүхдүүд ээ, дуулиан! гэж чарласаар сэгсгэр засалттай богино үстэй сэргэлэн байрын охин харайн орж ирлээ. Энэ сурагчийг хүүхдүүд дуулиан Цэнгэл гэж хочилно. Захирал өрөөнийхөө зузаан хананы цаана хэн нэгэн багшид аминчилж хэлсэн үг хүртэл түүний чихэнд хүрчихсэн байдаг. Хүүхдүүд түүн рүү шоолж мушийсан, алмайрч гайхсан, зүгээр л залхсан, янз бүрийн дүрээр харлаа...
***
...-За Сүнжид багш аа, энэ бол таны даах арвын “Д” ангийн хамт олон. Манай сургуулийн авьяастай сурлагатай шилдэг сурагчид. Та бүхэнд амжилт хүсье гээд эрхлэгч гарч явахад хүүхдүүд гайхсан, үл тоосон зүсэн зүйлийн харцаар багшийг нэвт шувт цоргилоо. Цэнгэл тэргүүтэй хэсэг охин гутал хувцас руу харан, уруул дээрээ доогтой инээд тодруулсан бол Ганаа шоолон амаа мурийлгаж, нүдээ эргэлдүүлж харагдана. Билгүүн ууртай царайтай сууна. Багш хүүхдүүдийн тийм ч баяртай биш байгааг мэдрээд, сандарч мэгдсэн царайтай болчихлоо.
-Би та бүхний ангийн багш болж байгаадаа баяртай байна аа. Ангийн сурагчидтай танилцах, зохион байгуулалтын ажлаа бүгдээрээ завсарлагаа, хичээлийн дараа хийе. Одоо уран зохиолын хичээлдээ орцгооё гээд, цүнхнээсээ шохой гарган самбарт бичих гэснээ, өмнөө цагаан төмөр самбар байхыг олж хараад, шохой руугаа нэг самбар луу нэг харан самгардчихлаа. Хүүхдүүд багш барьц алдахыг мэдээд дооглон жуумайжээ. Зарим нь хэлээ гаргасан харагдана. Сувд санаа зовж,
-Багш аа, наана чинь үзэг нь байгаа! гэхэд Сүнжид багш дотроо “Тунгалаг захирал хурал хийхдээ ийм самбарт үзгээр бичиж байгааг зөндөө харсан байж, ингэж мунгинахдаа яахав дээ” гэж өөрийгөө зэмлэж амжаад, бандгар цагаан үзгийг авч, самбарт он сар бичих зуураа, за хичээлээ эхэлье хүүхдүүд ээ гэлээ. Эцэг эхчүүдийн хандиваар ийм самбартай болсон анги сургуульд хэдхэн байдгийн нэг нь арвын “Д” билээ.
Тэмүүн шинэ багш, уран зохиолын хичээл, доогтой жуумалзах хүүхдүүд гээд юуг ч анхаарах сөгөөгүй байлаа. Шинэ охиноос цацраад байгаа өнөөх ер бусын татах хүчний үйлчлэлд ороод, дахиад л орчноосоо тасарчихсан суув. Гэрэлийн амьсгалах нь хүртэл түүнд мэдрэгдэж, тархин дотор нь охины үйл хөдлөл бүрийг дамжуулах үүрэгтэй хяналтын дэлгэц суулгачихсан гэлтэй. Тэмүүн урт гэгч амьсгаа аваад, хичээлдээ анхаарах гэж өөрийгөө хүчиллээ. Санасныг бодвол шинэ багш хичээлийг сайн заадаг аж. Асууж ярилцаж, хүүхдүүдэд хэлж өгч байгааг нь сонсоод, “Хүнийг хувцсаар нь биш толгойгоор нь үнэлж сурмаар даа!” гэсэн Сувдын үг санаанд нь орлоо...
***
...Их хотод шинэ өглөө ирлээ. Орцны жижүүрүүд орчноо цэвэрлэн зогсоно. Сүү зардаг эмээ сүүдрэвч дор суугаад гарч орох хүмүүсийн гар луу горьдон харна. Сав суулга барьсан хүн үзэгдэхэд нүдэнд нь оч гийгээд, баяртай мэндлэн угтаж өнөөдөр сайхан сүүтэй ирсэн гэх дандаа хэлдэг цайлган үгээ хэлээд, цагаан сүүгээ уудална. Гэрэл орцноос гарч ирээд, эмээгийн дэргэдүүр гараад хичээлдээ алхлаа. Сүүний эмээгийн хоёр нүднээс хамаагүй залуу хэдий ч, цог жавхаа нь хавьгүй буурсан хоёр нүд орц руу бас горьдон харж байснаа нуруулаг охиныг дагуулан гөлөрлөө. Гэрэлийн аав цагаан уутаа дэргэдээ тавиад, хүнсний дэлгүүрийн арын шигүү буйлсны завсраар охиноо харж суугаа нь энэ.
Гэрэл хөөрхөн инээн утсаар ярьсаар өмнүүр нь өнгөрлөө. Охиныхоо энэ инээдийг хараад аавын сэтгэлд нар гийчих шиг. Гал нь буурсан хоёр нүднээс нь бөөн бөөн нулимс бөмбөрөн уналаа. Миний охин улам л царайлаг болоод байх юм аа. Жаахан гунигтай болчихоо юу даа. Би гэж хүний оронцог ингээд л сууж байдаг. Энэ архи гээч муухай хорыг сэдсэн хүнийг тамд тарчилгаасай билээ! Сайн ханьтай, сайхан охинтой, үлгэрийнх шиг жаргалтай амьдарч байж дээ. Архи гээч адын ундаа хүнээс бүхнийг булаах юм даа! Дориун хувцас олоод, ус цасанд орчихоод охин хань хоёр дээрээ хүрээд ирэх юмсан. Хонгилын хүмүүст хувцас өгдөг буянтай хүмүүс байдаг юм гэсэн надтай тааралддаггүй юм байх даа гэж бодож суулаа. Түүний нулимс асгарсаар л...
***
...Билгүүн уулын орой өөд мацуулан хаазалж, Ямахагаа чадмаг жолоодон өгсөнө. Зулаа мотоцикл гадарладаг болохоор ийм өгсүүрт хөнгөн араагаараа ухасхийтэл зүтгэдэг хүчирхэг эд байна шүү гэж биширч явлаа. Аавынх нь цэнхэр Планета-3 бол өдийд нэгдүгээр араатайгаа чарлаж байхсан. Билгүүний ард суух бүрд ааваа санах юм даа гэж түүнд бодогдлоо.
Хайртай хос уулын оройд гарч хүчирхэг унаагаа тавиад, ийш тийш харуулдан зогслоо. Намрын улирал дундаа орсон болохоор ой гайхамшигтай. Тод шар, улбар шар, улаан, ягаан, хөх, ногоон, хар ногоон гээд зүс бүрээр алаглан харагдах нь агуу их зураач тосон будгаар өнгө холиод таталчихсан гэмээр. Хөх тэнгэр цэлийгээд, гайхамшигтай сайхан. Миний Монгол нутаг минь гэж Зулаа дотроо дуу алдлаа.
-Эндээс ой ямар гайхамшигтай харагддаг юм бэ? Сэтгэл сэргэчихлээ.
-Харин тийм ээ. Хамаг уур уцаар мартагдчихлаа.
Билгүүнийг мэддэггүй хүн бол энэ жаахан юмтай гэж бодмоор. Амандаа юм хэлж ганцаараа яриад л. Орчноосоо тасраад л. Энэ ингэхэд юунаас ингэж бухимдаад байгаа юм бол оо асуучих уу гэж Зулаа бодсоноо өмнөө унасан шар навчийг аваад үнэрлэж үзлээ. Хөрс чийг бас ногоон навчных шиг өтгөн шүүсний үнэр гарах нь гайхмаар. Харахад хатчихсан хэрнээ.
Найз залуу нь Зулаагийн асуух гээд байгааг мэдсэн юм шиг сэтгэлийн зовлонгоо ярьж эхэллээ.
-Ангид бөөн тэмцэл зөрчил. Хөдөөний тэнэг багшаас болоод манай анги хоёр хуваагдчихсан.
-Яахаараа багш ангийг хуваачихдаг билээ?-Тэмүүн бид хоёр тэр багшийг үзэн ядаад, харин ангийн хүүхдүүд өмөөрөөд байгаа юм. Хачин балай хөдөөний үгээр “Хүүе яадаг билээ” гэж уулга алддаг тэнэг авгай. Тааг хөдөө...
Зулын царай хувьсхийн, гүн цочролд орлоо. Тэр дотроо арай ч дээ гэж үглэлээ. Тэгснээ биш байлгүй дээ. Биш л байгаасай гэж бурхнаас ч юм уу хэнээс ч юм гуйж эхэллээ. Тийм байх ёсгүй. Өөр хүн байлгүй дээ гэж горьдоно. Өөрийн мэдэлгүй, чи аль сургуульд сурдаг юм бэ? гэж лавлан асууснаа шал өөр л сургууль хэлнэ дээ, харж л байгаарай, яалаа гэж тийм байх вэ гэж зүрхэндээ шивнэж байлаа.
-Оч цогцолбор сургууль гэж хариулахад нь Зулаа хиртхийлээ. Тархи руу нь хүнд лантуугаар лүгхийтэл цохичих мэт. Яг л Их бүрдийн домог кинон дээр гардаг шиг орчлон дайвалзан хөрвөөлөө. Билгүүн ямар нэгэн зүйл үргэлжлүүлэн ярих боловч Зулаа огт сонсохгүй болсон зогсоно.
Гэр хорооллын шөнө ямар их чимээ шуугиантай өнгөрдгийг Зулаа өмнө анзаардаггүй байж. Өөрийн хашааны банхар болоод хөршүүд, өмнө хойд гудамжны ноход яасан ч их боргож хуцдаг юм бэ. Хэнийд ч юм бүү мэд ачааны тэрэгтэй хүмүүс ирж хашааны гөлмөн төмөр хаалгыг нь пүн пүнхийлгэн нүдэж чанга чангаар дуудаж, тэрэгний дохио үргэлжлүүлэн чихэнд чийртэй янгинуулна. Арын гудамж хавиас хөгжмийн нүргээн сонсогдож хүмүүс чангаар хөхрөлдөх нь хэн нэгний төрсөн өдрийн ч юм уу найр болж байгаа бололтой. Зулаагийн нойр хулжиж нааш цааш хөрвөөн хэвтэж буй нь энэ. Оч сургууль гэж өөрийн хоёр чихээрээ гарцаагүй сонссон хэрнээ нэг л итгэж өгөхгүй. Биш байгаасай гэсэн горьдлогодоо автан хэвтсээр. Сургууль хэд хэдэн аравдугаар ангитай. Өөр анги байгаасай гэж огт найдваргүй зүйлд итгэх гэж хүчлэнэ.
Уулын оройд зогсож байснаа Зулаа гэнэт бие эвгүйрхлээ гэхэд Билгүүн сандарч бараг л шууд эмнэлэгт аваачна гэж зүтгэсэн хэдий ч элдэв арга саам хэрэглэсээр арван гуравдугаар хорооллын байр луу хүргүүлээд хоцорсон. Орц руу ороод чимээгүй нулимсаа арчин удаан гуниглаж зогссоноо Гантуяагаа дуудаж оройжингоо уйлж, найзыгаа зовоож сууж байгаад гэр лүүгээ ирсэн билээ.
Өглөөгүүр Зулаа хэсэгхэн унтаад сэрэхэд нь аль хэдийнэ ээж эгч хоёр нь босчихсон байлаа. Ээж нь гарах гэж байгаа харагдана. Зулаа өндийгөөд, биш байгаасай гэсэн горьдлогодоо хөтлөгдөн асуулаа.
-Ээж ээ. Танай ангид Билгүүн, Тэмүүн гэдэг хүүхэд байдаггүй тийм үү?
-Байдаг. Байдгаар барах уу, ээжийг нь дорд үзэж, шар махтай хатаагаад байгаа хоёр хэцүү хүүг чинь Тэмүүн, Билгүүн гэдэг юм шүү дээ.
Зул буцаж хэвтлээ. Нэгэнт иймээс цааш яахав. Өчигдөр л тийм гэдгийг мэдчихсэн болохоор цочирдоод байх зүйл байсангүй. Цэцэг харин Билгүүн гэх нэрийг сонсоод дотор нь харанхуйлчих шиг боллоо. Сүнжид толь руу харж хувцсаа засаж байсан тул хоёр охиныхоо царайны хувирлыг анзаарсангүй...
Самдан гуайн охин тоть авна гэж хэдэн өдөр гонгинов. Амьтны дэлгүүрт очтол торыг нь хар даавуугаар битүүлж бүтээсэн ганцхан тоть үлдсэн байх юм гэнэ. Танил худалдагч байж таараад, "Энэ тотийг янхны газрынхан тэжээж байсан юм. Шинэ тоть ирэхийг хүлээсэн нь дээр" гэж түүнд сэм шивнэв. Гэвч охин нь шалан дээр савж унаад, тийчилж чарлаад байсан тул өөр аргагүй болж тотийг худалдаж авчээ. Гэртээ ирээд, тотины торыг бүтээсэн даавууг хуулав гэнэ. Тоть:
-Пөөх, янхны газар шинэ байртай болжээ! гэж хашгирав. Тэгснээ охиныг хараад,
-Өө зө, шинэ хүүхэнтэй болчихож! Царай муутай шаримгар вэ? гэж чарлалаа. Ээж уулга алдан амаа дарахад, тоть түүн рүү харж нүдээ том болгов.
-Паах, борлуулалтын менежерийг бас сольчихоо юу?!
Ингээд эцэст нь тоть царай нь цайчихсан зогсоо Самдан гуайг олж харав.
-Өө, Самдан гуай. Ашгүй дээ, таньдаг нүүр! Үйлчлүүлэгч хуучнаараа байна! гэжээ.