Wednesday, November 17, 2010

Уба, ума, Алтай гурав болиоч ээ!

Уран бүтээлчид бидний хийсэн "Тусгай салаа" кино ард түмэнд хүрсэн. Бид энэ бүтээлдээ жинхэнэ монгол хүмүүсийг, хүнлэг сайхан сэтгэлийг, монгол ухааныг гаргахыг зорьсон. Монгол амьсгалтай, монгол сэтгэлтэй, монгол кино болж чадсаныг бид биш саяар тоологдох үзэгчид хэлж байгаа.
Гэтэл гишүүн Алтай гэгчийн толгойлсон телевизүүдийн холбоо МҮОНТ-тэй шүүхдэлцэх гээд гүйж явна.
Тэдний гаргадаг солонгос олон ангит кино нь үзэгчгүй болж орлого нь хаагдаж хохирсон юм гэнэ. Алтай гуай таны хувийн телевизээр явдаг солонгос сериал монгол залуусыг ямар сэтгэлгээтэй болгож байгаа билээ?
Хэдхэн жилийн дараа монгол нутаг минь уба, ума гэж ярьсан, енгэнэтэл уйлдаг, солонгосоор сэтгэдэг монгол эрийн оронцгуудаар дүүрэх вий дээ.

Уба, ума, Алтай гурав аа. Болиоч ээ!

Monday, November 8, 2010

ТУСГАЙ САЛАА ҮЗЭГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА

Уран бүтээлчид бидний бүтэн жилийн турш хөлсөө урсгаж, нойр хоолоо хасч байж хийсэн бүтээлийг шимтэн үзсэн эрхэмсэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн хэлсэн халуун дулаан үгнээс “Тусгай салаа”-ныхан бид асар их эерэг эрчмийг авлаа.

Орон нутагт аялдаг тээврийн тэрэгнүүд Тусгай салаагаа үзэхийг хүссэн зорчигчдын шаардлагаар замын буудалд цаг мөчийг тааруулан зогсолт хийдэг болсон гэж нэг хүн надад хуучилж билээ. Аль ч албан газар, байгууллага руу яваад ороход “Дэндэв өчигдөр мөн холиолоо шүү”, “Тэр Тамираа гэж балай хартай золиг юм аа” гэх яриа болж байх нь чих дэлсдэг байлаа. 1150 бээрийн алс, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Улсын тэргүүний уран сайханч, морь цоллооч Д.Атарбаян анд минь утасдлаа. “Тусгай салаа минь дуусчихлаа. Оройд хүлээх зүйлгүй, сэтгэл гансраад...” гэж хэлж байх юм. Бидний уран бүтээлийг орой бүр тэсэн ядан хүлээж, анхааран үзэж, шүүн хэлэлцэж байсан тань дараа дараагийн бүтээлээ хийх цэнэг болдог билээ.

ТУСГАЙ САЛААНЫ ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИД

Өөрсдийнхөө уран бүтээлийг дөвийлгөж, онгироо зан гаргалаа гэж уншигч та намайг бүү зэмлээрэй. Энд би Тусгай салааны далд фронтын дайчид болох уран бүтээлийн багийн тухай өгүүльюү гэсэн юм.

ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ

Долоон настай хүү “Ерөнхий продюссер гэж хэн юм бэ?” гэж буурал ааваасаа асуухад, “Киноны удирдагч” хэмээн хариулахыг би нэгэн айлд сонссон юм. Өөр яаж оновчтой илэрхийлэх вэ гэж би хэсэг зуур бодоод ардынхаа ухааныг биширч билээ. Нээрээ л ерөнхий продюссер хийнэ гэдэг хэн хүний барж идэх ажил биш. Хамгийн чухал шалгуур бол ивээн тэтгэгчдэд итгэл төрүүлэхүйц хүн байх ёстой. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь гэх нэрийг сонсоод хэнд ч итгэл төрдөг. Энэ хүн Монголын улс төр, бизнес, соёл урлагийн ертөнцөд өөрийн нэр хүндийг бий болгож чадсан. Түүний өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн төрх, цэгцтэй логиктой яриа нь аль ч том банкны захирал, ямар ч том компанийн эзэн, хэн бүхэнд бишрэх сэтгэгдэл төрүүлдэг. Зохиолыг хэнээр бичүүлэх, киног хэнээр найруулах гэдгээс эхлээд бүх багаа энэ хүн мэдэж сонгоно. Ивээн тэтгэгчээр ямар байгууллагыг оруулахаа шийднэ. Нийгэмд ямар мессеж хүргэх вэ, монголын үзэгчид юуг хүлээж байна вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй болно. Ингээд бодохоор эхэнд өгүүлсэн настан буурлын хоёр үгтэй тодорхойлолт яалт ч үгүй бодит байдалтай нийцнэ.

МҮОНТ-ийн захирал, Тусгай салааны Ерөнхий продюссер Ц.Оюундарь гэх эрхэм хүн байгаагүй бол “Хэцүү анги” ч, “Тусгай салаа” ч цаасан дээрээ л үлдэх байсан.

НҮДТЭЙ НАЙРУУЛАГЧ

Тусгай салааны Ерөнхий найруулагчаар Ж.Батбаяр ажиллаагүй бол Дэндэвт минь хэн тоглосон байх бол гэхээс би айдаг. Магадгүй хэт хошин тал руу хэтийлгээд холион бантан хутгачихаж ч мэдэх байсан. Найруулагч жүжигчднийхээ царай төрх, үг хэллэг бүх зүйлийг яв цав тохируулж сонгож чадсаны ачаар дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшлоо. Батбаяр маань үнэхээр нүдтэй найруулагч гэж магтъя даа. Бид хоёрын хооронд болсон нэг яриа санаанаас гардаггүй. Би Сүлдийн ээж Жавзмаагийн дүрийг зөөлөн ааштай, үрээ гэх эхийн сэтгэлээр Сүлдийг эрхлүүлж, дотроо уйлан нөхрөөсөө аядуу нам дуугаар гуйдаг байхаар тодорхойлсон байсан. Тэгтэл Батбаяр “Жавзмаа шөвөлзөх ёстой. Тэгж байж л Жавзмаа, Даваа хоёрын хооронд контраст гарч ирнэ” гээд өөрчилж билээ. Энэ шийдвэр зөв байснаа харуулсан. Энэ мэт маш олон зүйл дээр ерөнхий найруулагч маань бүтээлчээр хандаж, оновчтой санаануудыг гаргаж ирж байсан.

АЛТАЙ ШИГ ТҮШИГ

Мань мэтийн будааны хүүхэд нэрийг нь сонсоод биширдэг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн бурхан найруулагч Будын Жаргал гуайтай хамтарч ажиллах болсондоо би их баярлаж билээ. Киноны зөвлөх найруулагч Алтай шиг түшигтэй энэ хүн бидэнтэй хамт суугаад дүрийн сонголт хийж байхдаа “Дэндэвийг хэр баргийн хүн гаргаж чадахгүй шүү. Хэдүүлээ Дэндэвээ л зөв сонгоно шүү” гэж ахин дахин хэлж байсан. Өдөрт 10 сценийн зураг авалт хийнэ гэдэг хэр баргийн чадалтай залуу давахгүй хүнд ачаалал. Зураг авалтын үеэр Жаргал ах маань залуучуудаа дайрч унагахаар эрчтэй жавхаатай гүйж явдаг байж билээ.

ХОЁР ЭРКА

Тусгай салааны ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа гэх хоёр бүсгүйг хоёуланг нь Эрка гэж дуудацгаадаг. Хоёр Эрка маань киноны туршид хэдэн пүүгийн жин хаясан бол доо. Эрдэнэцэцэг эгч маань 013 дугаар анги дээр очиж киногоо хянах, МҮОНТ дээр ирж Хүүхдийн нэвтрүүлгийн албаа залгуулах гээд хоёр тийшээ гүйнэ. Бас өөр гүйх ажил өчнөөн. Түвшингийн нүдний шил, Тамираагийн нүүрний будаг, Хурцын атгаж хагалах зүрх гээд бүх зүйлд хоёр Эрка маань гүйнэ. Эцэж цуцашгүй энэ хоёр бүсгүйн буянаар кино маань санхүүжиж, ажил маань урагшаа ахидаг байсан.

ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИД

Тусгай салааны уран бүтээлийн багийнхан өглөө зургаагаас шөнийн гурван цаг хүртэл ажиллахыг хараад жинхэнэ тусгай ангийн дайчид нүдээ орой дээрээ гарган гайхдаг байсан. “Хүн ингэж ажиллаж болох уу? Та нар эсвэл робот уу?” гэж асуудаг байлаа. Ажилдаа сэтгэлээ өгсөн бүтээлч хамт олон 60 гаруй хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд Тусгай салаа амилсан.

Олон ангит киноны зураг авалт гэдэг цагт хавчигдсан ажил. Хэдхэн мөчид камериа бэлтгээд, өндөр чанартай дүрс авах чадвартай, мэдрэмжтэй байх ёстой. Зураглаач Ж.Нямсүх, Б.Чинбат хоёр маань ийм байж чадсан.

Бүтэн долоо хоногоор өрөөнөөс гаралгүй ажиллаж байгааг нь хараад эвлүүлгийн найруулагч Ш.Мөнхбатыг би биширч билээ. Ажилдаа сэтгэлээ өгнө гэж үүнийг л хэлнэ. Шөнөжин сууж орой гарах хоёр ангиа бэлэн болгоод, суугаа чигтээ сандал дээрээ гуч дөчин минут нүдний хор гаргаад, дараагийн ангийн эвлүүлэгтээ орж байхыг нь би өөрийн нүдээр харсан. Эвлүүлгийн найруулагч Ж.Амартүвшин ч мөн ийм темпээр ажиллаж байсан.

Хошууч генерал М.Борбаатар, хурандаа Ц.Цэвээнсүрэн, хурандаа Л.Раднаасэд, хурандаа Д.Төмөрбаатар, хурандаа Ш.Эрдэнэбаяр, дэд хурандаа Л.Гантөмөр, ахмад Ц.Дашдаваа нар шиг сайн зөвлөхүүд байгаагүй бол ажил маань гацах байсан гэдгийг юуны түрүүнд хэлье.

Хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ буюу Аранзайтай бид энэ уран бүтээл дээр хамтарч ажилласандаа их баяртай байгаа. Аранзай маань киног чимсэн олон хөгжмийг бичиж, “Тусгай салаа”, “Хайрын зарлан” хоёр дуунд мөн жигүүр хайрласан. Бүтээлдээ үнэнчээр ханддаг энэ залуу хөгжмөө хүлээлгэж өгөөд л ажлаа дуусгачихаагүй, киноны эвлүүлэгт ирж, хөгжмүүдийг сонгох, хэрхэн тавих тал дээр зааж зөвлөж байсан. Зураач А.Баяраа ах минь их түшигтэй байсан. Зураач хүний мэргэжлийн ажиглалт харьцуулалт дүр сонголтод ямар үнэ цэнэтэйг би энэ хүнээс л олж харлаа.

“Монголчууд хоёр сар үзэх юмтай байлаа” хэмээн цахим хуудсуудад үзэгчид сэтгэгдэл бичиж үлдээжээ. Ард түмнийг үзэх юмтай байлгахын төлөө туслах найруулагч А.Амарбаясгалан, Б.Даваасүрэн, дууны найруулагч Б.Цогзолмаа, Д.Оргилбаяр, нүүр хувиргагч Б.Дагирмаа, гэрэлтүүлэгч Д.Отгонбаяр, тайз чимэглэлч Ч.Гантулга, жолооч Ч.Наранбат нар минь цаг наргүй хөдөлмөрлөсөн. Амь бие хайргүй зүтгэсэн гэж би хэлнэ. Тэдэнд маань БХЯ, ЗХЖШ-аас Иракт амь дүйж гавьяа байгуулсан дайчдад олгодог “Энхийн төлөө III” медаль шагнасан нь амь бие хайргүй гэдэг үгийн баталгаа болно.

Ингээд бидний “Тусгай салаа”-тай хоёр сарын турш хамт догдолсон үзэгч та бүхэндээ дахин баярлалаа.

Жич: Жүжигчдийнхээ тухай дараа дахин бичих болно оо.

Thursday, November 4, 2010

Арьс л чухал

Хүний хамгийн чухал эрхтэн юу вэ? гэж багш асуув.
Наташа:
-Гар.
-Яагаад?
-Бид гаргүй байсан гэхэд идэж чадахгүй байхсан.
Аня:
-Хөл.
-Яагаад?
-Хөлгүй байсан юм гэхэд бид явж гал тогоондоо орж чадахгүй.
Вовка:
-Багш аа, арьс!
Вовкаг ингэж хэлэхэд багш нь гүн амьсгаа авлаа. "Овоо доо Вовка, хүмүүжиж байна шүү. Шодой л гэх болов уу гэж айлаа ш дээ" гэж бодоод асуув.
-Яагаад?
-Хэрвээ арьс байгаагүй юм гэхэд бид шодойгоо гартаа барьж явахаас өөр аргагүй болох нь байна шүү дээ.


Багш логик сэтгэлгээ хөгжүүлэх асуулт тавьж байна гэнэ.
-Нэг нь хар, нөгөө хүрэн хоёр бүргэд нисч явна. Хүрэн нь баруун тийш эргэв. Асуулт: Би хэдэн настай вэ?
Хүүхдүүд толгойгоо гашилгацгаав. Вовка шууд л гараа өргөв.
-За Вовка, хариул даа.
-Та 32-той.
-Пөөх. Зөв хэллээ. Чи яаж миний насыг олов оо?
-Ийм тэнэг асуулт асууж байгаа хүн бүтэн солиотой л байж таарна. Манай ах 16-тай. Түүнийг аав хагас солиотой гэдэг юм. Бүтэн солиотой насыг олохын тулд 16-г хоёроор үржсэн юм аа, багш аа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates