Thursday, July 22, 2010

УИХ-аас ард түмэнд түгээх зар

Эрхэм хүндэт ард түмэн минь ээ!
Та бүхэн аугаа их нээлт хийе гэж хүсдэг байж таараа. Гэхдээ хэрхэн яаж нээлт хийхээ мэдэхгүй байгаа нь мэдээж. Тиймээс бид та бүхэндээ нээлт хийх аргыг зааж өгье. Энэ маш хялбархан.
Шинэхэн дугтуй нэгийг аваад, дотор нь долоон мянган доллар хий. УИХ-д гэж хаяглаад шуудангаар илгээ. Бид танд аугаа их нээлт хийх зааврыг найдвартай, шуурхай илгээнэ.

Жич: Бидний зааж өгөх энэ арга маш найдвартай! Биднээс Аристотель, Ньютон, Мендлеев, Дарвин нарын олон хүн энэ аргыг сурч нээлт хийсэн болно.
Дахин хэлье маш найдвартай шүү!

Tuesday, July 13, 2010

НАЧИН НАЙРУУЛАХ КОМИСС

(шог өгүүллэг)
Чанга яригчаар бөх тайлбарлагчийн хүдэр хоолой хүнгэнэж, цаана нь “Ар хөвчийн унага” шуранхайлна. Аймгийн наадмын гурвын даваанд хүч үзэж буй сумын заан Баатарням харин энэ бүхнийг сонсохтой манатай учраа бөхдөө толгойгоо уургалуулж, зүүн гараа газар тулан гурван хөллөөд унахад бэлэн болжээ. Тайлбарлагч: “Сумын заан ч аралтай бяртай тулдаа л тогтож байна даа” гэх нь дуулдана. Баатарнямтай долдугаар ангийн сурагч, чөрийсөн хар хүүхэд барилдаж байх агаад зааныг барьцаар ааглан дараад буй нь эр ямааны хүзүү өөд цоройж байгаа ишиг шиг л харагдаж байлаа.
Аймгийн цолтон төрүүлэх зорилгоор сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан “Начин төрүүлэх ажлыг зохион байгуулах комисс”-ын дарга, сумын орлогч мурий Пэрэнлэй дэвжээ рүү гараад ирчихсэн өнөөх хүүд нэг хуруугаа гозойлгон харуулж байна. Хүү тоосон шинжгүй зааныг мушгин дарлаа. Баатарнямын хөлс цувж, амьсгаа нь тагларан, бөхчүүлийн хэлдгээр мах болжээ. Одоо энэ хоёрын барилдах нь үхсэн голиог шоргоолж чирэн нааш цааш хөдөлгөж байгаа гэлтэй харагдана. Пэрэнлэй хуруугаа нэг нэгээр нэмэх боловч хүү үл тоосон хэвээр. Хурууны тоо долоо хүрч, жаал хүү сая бууж өгөв. Хүүгийн дээрээс их л сүртэй дарж унасан заан маань босох ч тэнхэлгүй аахирдан хэвтэхүйд, тайлбарлагч: “Сумын заан Баатарням ч бяртай байгаа юм байна даа” гэж хүнгэнүүлэв.
Дөрвийн давааны өмнө начин төрүүлэх комиссынхон сэм зөвлөлдлөө. Комиссын орлогч, тамгын газрын түшмэл, бас тэгээд зааны хүргэн ах Дугар уурлан,
-Дөнгөж гурвын даваанд долоон зуун мянга!.. Дэмий гонзгой, махан овоо гээд Баатарням руу хялайвал, мурий Пэрэнлэй:
-Долоон зуун мянга биш ээ, долоо хоног компүүтэр тоглуулах юм аа, хэ хэ, гээд цааш үргэлжлүүлэн,
-Энэ янзаар бол төсөв хэмнэх нь бололтой. Одоо энэ даваанд заан, аймгийн арслан Зоригттой оноолт таарна. Гурван зуун мянгаар найрчихсан гээд маадгар байна.
Дөрвийн даваанд сумын заан маань, Зоригт арсланг хэвтүүлээд, тайлбарлагчаар бяртай байгаагаа магтуулсаар цүндэгнэн гүйж ирэв. Гэтэл гай газар дороос гэгчээр Улсын начин Балт гуайн барилдаан нэг л биш. Балт начнаар Баатарнямыг тавын даваанд амлуулахаар, нэг сая төгрөгт тохиролцсон тул сумынхны санаа зовинон дап дупхийн өндөлзөнө. Комиссын мэдэлд засаг даргын сангаас өгсөн зургаан хөхүүр айргийг хоёрхон хоногт хоослоод, “маргааш барилдах гэж байж, битгий” гэж гуйсаар байтал дөчийн савтай нэрмэлийг өчигдөр орой ганцаараа гударчихсан Балт начинг хаанахын ч бүү мэд, шагай шиг бор залуу махалж байна аа. Хар хөлс нь чийхарч, бие нь хөшсөн Улсын начин маань хашир хүн тулдаа буйр зааж, хамраасаа цус гаргаад, эмч рүү алхах зуураа комиссын даргыг дохин дуудлаа.
Пэрэнлэйг салбага далбага, мурги сайрга гэсээр очиход, тэр:
-Цаад залуугаа хэдээр ч хамаагүй найр! Би баршгүй нь гээд амьсгаадаж байна. Начин ч удаан “эмчлүүлж”, Пэрэнлэй ч залууг шургуу гуйх агаад үг хэлэх болгонд цаадах нь толгой сэгсрэн гэдийж байгааг комиссынхон сэтгэл түгшин харж байлаа.
Шагай шиг бор залуу, Улсын начин Балтыг толгой дээрээ өргөн гаргаж ирснээ тоос манан хадтал шидэхэд Пэрэнлэйн дотор харанхуйлав. Уурандаа багтран “Муу дурак!” хэмээн хашгичих сумын дарга нь нүдэнд харагдаж “Очоод, яаж шүү, даргын өрөөнд орно доо” гэж тэр бодож байсан бол, Дугар наанаа гутарсан дүр үзүүлэвч “Гарзны бага дээр, яамай даа” гэж дотроо баярлалаа.
Энэ үед өглөөнөөс хойш газрын гаваар орчихоод байсан Баатарням зааны аав, комиссын зөвлөх, улаан Дамдин улаан зээрд болчихсон хүрч ирэв. Тэр “хн-х” гэж нэг зогьссоноо,
-Аавд нь запас мэх бий гэж байна. Дугар түүн рүү “Яг л чамд запас мэх байгаач, муу согтуу толгой” гэсэн харцаар хартал, боодол арван мянгат гаргаж өргөнгөө хэл амаа орооцолдуулж,
-Энэ байна, миний запас мэх. Бууж өгөхгүй нохой байгаа бол, улаан Дамдин энүүгээрээ цохиод унагачихъя л даа гэхэд мурий Пэрэнлэйн нүд сэргэн, улаан Дамдинг тэвэрч аван алдсанаа “охиом” гэж хоолойгоо засан биеэ барьж,
-Төсөв зузаарсан болохоор өөрөөр үзнэ ээ, хэдүүлээ гэж байна. Комиссынхон шуурхай зөвлөлдөөд, наадмын өмнө ярьж үзэхэд “Сая таван зуугаас огт буухгүй” гэж гүрийгээд байсан аймгийн хурц арслан, цочдог Нямаа руу даргаа явууллаа.
Наадмаас гурав хоногийн дараа өглөөний есөн цаг тэг минутад сумын засаг даргын өрөөнд комисс ажлаа тайлагнав. Даргын хоёр нүд өрөөг нэвт шувт сүлбэж, комиссынхон далдичин шал ширтэж, нусаа татлана. Хамаг юмны лай ланчиг, хөөрхий мурий Пэрэнлэй дээр л тохогддог хойно, толгой маажсаар босож ирлээ.
-Дарга минь, би зүүн хөлд орохоор ярьж тохирсон чинь, заан андуураад баруун хөлд нь гүйгээд.., Нямаа арслан цочоод.., хөлөө татчихсан чинь, Баатарням суначихсан юм байхгүй юу гэж учирлалаа. Сумын дарга уурандаа багтарч, “Муусайн дуракууд!” хэмээн хашгичиж эхэллээ.
Арван найман цаг тэг минутад тайлангийн хурал өндөрлөв. Хурлаас дараа жилийн аймгийн наадамд начин төрүүлэх комиссыг мөн л орлогчоор толгойлуулан зохион байгуулж нэн шуурхайлан бэлтгэл ажилдаа орох шийдвэр гаргалаа.

Monday, July 5, 2010

Шоконд биш шоронд орчихоод байна

Хот яваад ирсэн малчин залуу нөгөөдөө үзэж харсан сониноо хуучилж байна гэнэ.
-Намайг Нарантуулаас гараад иртэл хотын овгорууд ирээд!
-Пөөх! Чи тэд нараас яаж амьд мултрав аа?
-Эхлээд нэг нь гүйгээд ирлээ. Май гээд л өгөөд тавьчихлаа. Хоёр дахь нь үсрээд ирж явна дахиад л май гээд хаячихлаа. Гурав дахь нисээд ирлээ өгөөд л явууллаа.
-Аа яа яа. Тэгээд яасан?
-Тэгээд яахав, дөрөв дэхэд нь өгөх юм байдаггүй. Мөнгө дуусчихлаа. Намайг нэгжиж үзсэнээ нэг шанаадаад, яв гэсэн.


Дотоод заслаар гайхагдсан алдартай дизайнер нэг удаа навс наргиад, өглөө сэржээ.
-Паах энэ одоо, яасан заваан интерьер вэ? Ханандаа ямар олхиогүй муухай өнгө сонгоо вэ? Ёо, инээд хүрчихлээ. Гэрэлтүүлгийг нь ээ! Савж унах нь ээ. Ийм шийдэл хийдэг дизайнер гэж байдаг аа. Би шоконд орчихлоо! гээд толгой сэгсрэв. Дэргэд нь сууж байсан улаан хамартай эр:
-Хөөш тэнэг ээ, чи шоконд биш шоронд орчихоод байна! гэлээ гэнэ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates