Saturday, February 28, 2009

Онигоо "Ерөнхийлөгч тусална"

Цагаан сараар Гүндалайгийн охин нөхөр болох гэж буй залуугаа дагуулж иржээ. Гүндалай шинэ хүргэнээсээ хэдэн зүйл асуув гэнэ.
-За, хүргэнд нэр дэвшигч минь! Манай охин долоо хоног бүр Париж нисч үсээ засуулдаг. Чи зардлыг нь дийлэх үү?
-Ерөнхийлөгч тусална.
-Манай охин сар бүр шинэ машин сольдог. Хүргэнд нэр дэвшигч чамд ийм бэл бий юү?
-Ерөнхийлөгч тусална.
-Сайн байна. Ингэхэд чи ерөнхийлөгчийн ач нь уу, зээ нь үү?
-Үгүй ээ, хүргэн нь болох гэж байна. Та ерөнхийлөгч болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Би ч бас хүргэн болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна л даа!

Monday, February 16, 2009

Суутнууд суут үг хэлдэг /2/

Мориноосоо буулгүйгээр ертөнцийн талыг эзлэх амархан
Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү


С.Баяр

Monday, February 9, 2009

Хонгорыг хөгжүүлэх төлөвлөгөө

Хонгорыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар УИХ хэлэлцжээ. Эрхэм гишүүд удаан маргалдаад, тамхи тариалах болов. Тэндээс хураасан түүхий эдээр үйлдвэрлэсэн янжуурын хайрцган дээр “Эцсийн удаа анхааруулъя! Тамхи хортой!” гэж бичээд, “Эс Эс” клубээр дамжуулан борлуулж байхаар шийдэж гэнэ.

76 ухнын хууль

37 ухна + 39 ухна = 76 ухна
39 ухна + 37 ухна = 76 ухна

Ухнуудын байрлалыг солиход ухнуудын нийлбэрт өөрчлөлт гарахгүй
/Хий Хаа гоорын теорем/

Wednesday, February 4, 2009

Од болохын учир

/шог өгүүллэг/

Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.
Олны нүд хаашаа чиглэнэ, тэнд дэвхэрч цовхорч өөрийгөө сануулж байдаг мэдрэмжтэй улстөрч бол Гүндалай. Хэд улирсан хашир гишүүнд гадаад руу сэмхэн гарчих нүх сүв, танил тал байж л таараа. Гэтэл гэгээн цагаан өдрөөр онгоцны буудал дээр баригдаж цамцаа уруулж, хацраа маажуулж, бөөн шуугиан болно. Цууд гарч од болж байгаа нь энэ. Ард түмэн “Хөөрхий, гишүүн минь” хэмээн шогширч, бүтэн намаржингаа ганцхан Гүндалайг л яриастай. Яриа татрах үест аргаа өөрчилж, Ард түмний нам байгуулан гудамжинд гуагална. Тэгснээ гэнэт больж, хуучин нам руугаа нутаг гүйсэн адуу шиг таварган ирж сэтгүүлчдийг уйлуулна. Арга ядахад бэлгэвчний аян зарладаг давхар мэхтэй. Сүүлийн сар түүнд шуугиан тарих аян шалтаг олдохгүй толгой ихэд гашилсан юм. Дахиад завьтай алга болъё гэтэл Хөвсгөл далай тэс хөлдүү. Аргаа барахын алдад сэрхийтэл мэргэн санаа ирж, “Ерөнхийлөгчид дэвшинэ!” гэж чарлалаа. Зүүдэнд ч ерөнхийлөгч болж үзэгдэмгүй хүн ингэж том донгодохоор өнөөх ард түмний чих байдгаараа дэлдийж, бүгдийн анхаарал түүн рүү чиглэлээ. Гүндалай гэх нэрийг үргэлж цуурайтуулж, торомгортоо давхраа зүсүүлж, сортгортоо бэлгэвч тохож явдгийн хүчинд тэр Их хурлын гишүүний сэнтийд мөнхөд залаастай байна.
Улстөрчдийн үр хүүхэд хүртэл сануулах үйл хэрэгт татагдан орж байна. Нарантуул захын эзний хүүхдүүд эцгийнхээ нэрийг дуурсгахын тулд хар тамхи угзарч үзэв. Өмнө зөвхөн алаан хядаантай дэлгэцнээс л олж хардаг байсан тэр зүйлийг ард түмэн сортойтлоо гайхах нь гарцаагүй хэрэг. Энэ хэргийн шүүх хурлын тов хойшилсныг зарлах тоолонд Сайхансамбуу гэдэг нэр улс орон даяар цуурайтаж байсан юм. Ийм далайцтай сурталчилгааны ачаар тэр Их хуралд гарсан. “Эс эс” хэмээх уушын газартаа ах дүү амраг садангуудыг хороо хориноор нь хоморголон хордуулж нэрээ дуурсгасан нь эрхэм гишүүн сануулах ажилдаа мэргэшиж буйг гэрчилсэн билээ.
Цахиур Төмөр шиг арван дөрөвхөн адууны хэрэгт орооцолдож од болдог үе өнгөрсөн болохыг мэдэрч чадсан ухаантай хүү бол Хүрэлсүх. Тэр хэдэн аймгийн адууг сууриар нь хуу хамаад авчих мөнгө болох арван дөрвөн тэрбумын хэрэгт холбогдон нэр хүндээ суга өсгөж, намын чухал албанд суга дэвшсэнийг түмэн олон бүлтийтэл харсан билээ.
Ерөнхий сайдыг хар л даа. Мартагдахгүйн тулд эрүүл мэндийн дэд сайд, царайлаг бүсгүйтэй холбоотойтой ч юм шиг, холбоогүй ч юм шиг баахан бичүүллээ. Хүмүүс уйдаад, жиг жуг яриа татрах аятай болмогц загвар өмсөгч охинтой учир ургасан гэгдэж шуугиулахыг оролдов. Энэ ажиллагаа нь бас л нэг их шальтай болсонгүй. Ард түмэн түүнийг ахиад л мартагнах шинжтэй. Эцэст нь хөөрхий, аргаа бараад мориноос унаж од боллоо шүү дээ!
Арвин гишүүн ширээгээ ахин дахин балбаж, тэр тоолонгоор нь ард олон цочин сэрж түүний нэрийг эргэн санаж байсан. Нямдорж дарга хашир хүн болохоор сонгуулийн жил хууль засч од болон гялалзсан. Ийм ухаалаг алхмынхаа хүчинд тэд дахин сонгогдсоноор барахгүй, нэг нь сайд, нөгөө нь дэд хорооны даргын суудалд авираад, аж амьдралаа улам ахиулан дэвжүүлж сууна. Гантөмөр тун гайхамшигтай санаа олсон байдаг. Том хар тэрэгний эсрэг аян зарласнаар тэр ард түмэнд өөрийгөө таниулсан. Эрхэм гишүүд одоо хотынхны нүдэнд харагдахын тулд намхан хар тэрэг нэмж нэг нэгийг авцгаалаа. Энэ аянаараа Гантөмөр нэг сумаар хоёр туулай буудаж, гишүүн ч болсон, хос тэрэгтэй ч болсон.
Үнэг Батаа гэгч улстөрч сануулах үйлсэд тулгуур дохио гэх сурганы шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлснээрээ түүхэнд үлдсэн. Үнэг гэж хэлэх, үнэгний зураг харагдах, үнэгтэй үлгэр унших тоолонд л Батаа гэдэг нэр сэртхийтэл толгойд орж ирнэ. Даанч өнгөрсөн сонгуульд тойрог олдоогүй болохоос нэр дэвшсэн юм гэхэд тэр заалттай сонгогдох байлаа. Үнэг бүх үлгэрт гардаг тул Батаа гэх нэрийг ард түмэн хэдэн зуун улирсан ч мартахгүй. Цагаан толгойн номын “Ү” үсэгний дэргэд үнэгний зураг хаддаг байснаа больж, Батаагийн зургийг нийтэлдэг болох оновчтой санааг зураач нар олоод байна.
Ийнхүү эрхэм улстөрчид маань ой тогтоол муутай, мартамхай биднээс болж элдэв муугаар хэлүүлж, онигоонд орж, зовж шаналж явна. Улс төрийн товчоо, Төв хорооны гишүүдийн нэр овог, албан тушаалыг нэг ч үсэг гээлгүй цээжлүүлж, шалгалт авдаг асан хуучин сайхан цагийн туршлагаа эргэн сэргээе. Далан зургаахан хүнийг цээжилж ядах юу байх вэ. Эрхэм гишүүдээ зовоохоо больцгооё, ард түмэн минь ээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates