Tuesday, January 27, 2009

ЦАГААН САР НОГООН БОЛОХ ТУХАЙ

/фельетон/

Эрдмийн өндөр зэрэг горилсон судалгааны бүтээл

Би англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, түүхч, зурхайч, үзмэрч, эрдэмтэн, Шар хадны хүн л дээ. Сүүлийн үед алд биеэ зурхайч гэж андуурагсад олширч, цагаан сарыг цагаан хэмээн ичих ч үгүй бурж байгаад эмзэглэн, энэ бүтээлийг туурвисан болой.
“Их эзэн Чингэс хааны үед сүү тэргүүтнийг цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон зооглож, цэнгэн хөгжилддөг байсны учир цагаан сар хэмээх нэр үүссэн нигуур буй бөлгөө” гэж бурханч лам Пүрэвбат нэгэнтээ дуу алджээ. Ургуулаад бод доо. Ориг монгол үнээний ориг сүү цагаан билүү? Орцны үүдэнд сүү гээд зардаг гурил самарсан ус л цэхийж цайж харагддаг. Харин хольцоогүй монгол сүү, ааруул, ээзгий бол тос даасан шаргал өнгөөр тунарч, харааг булааж сэтгэлийг гижигддэг билээ. Тэгэхээр Их эзэн Чингэс хааны үед бид цагаан бус шаргал сарыг тэмдэглэж байсан нь учир зүйн ухаанаар тайлагдаж байна.
За, Цэдэнбал даргын үед бол бид бүр өөр өнгөтэй сарыг үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Даргын эхнэр умард газар мэндэлсэн номин адил нүдтэй бүсгүй байсны улмаас бид ногоон сараар золгож байлаа. Ногоон сар нэгдэлчдийн баяр гэсэн сайхан нэртэй. Нэгдэлчид энэ баяраар нэгэн ижил хоршооноос, нэгэн ижил хорин хоёр төгрөгөөр авсан, нэгэн ижил номин өнгөтэй торгоор оёсон, нэгэн ижил дээлээр гоёдог байлаа. Хөөрөгний даалин, хөлийн ороолт, оймсны хараа, орны хөшиг бүгд дугираг хээтэй ногоон торго. Хорин хоёр төгрөгийн үнэтэй. Тэр үед цагаан биш ногоон сарыг тэмдэглэж байсны баталгаа энэ.
Бажгар арав нэрээрээ түүхэнд үлдсэн Очирбат ерөнхийлөгчийн үед бид бас л өөр өнгөтэй сарыг тэмдэглэж эхэлсэн. Улсын сан ч бордуу, Уранчимэгийн амьдрал ч бордуухан байлаа. Ямар сайндаа л өлссөн ерөнхийлөгч шинэ жил хэмээгч баруун зүгийн баяр дээр очоод, ганц муу турж үхсэн торойны мах хараад “Яасан тансаг юм бэ?” гэж дуу алдаж байхав дээ, хөөрхий. Ард түмэн боргол голдуу ясыг баржийтал таваглаад, бор гурилын боовыг арзайтал өрөөд, баруун газраас ирсэн бор хочтой галт шингэнийг түүхий устай найруулж хүртээд, борзойтол согтоод, бажгар арав шиг хэлхэлдэн талаар нэг хэсдэг байлаа. Энэ үед бид цагаан биш бор сарыг тэмдэглэсэн.
Энхбаярын үед, уртаас урт шар эрээн сарыг үзсэн түүхтэй. Зон олон Зонхов багшийн сургаалын дагуу Эрээн зүгийн урт шар хоргой дээлээр гоёж, үнэгэн шар лоовууз духдуулаад, үүрийн шар нарыг харахаар Дорнын шаргал говь руу цувардаг болсон. Цагаан сайдын үед цайж явсан, Улаан сайдын үед улцайж ч үзэв. Хямралаас болоод, Баярын үед барайх шинжтэй. Ягаан нэртэй хүн сайдаар заларвал ялхайтал цадах вий хэмээн горьдож суугаа ард түмэн билээ, бид. Ийнхүү сурвалж судруудыг шүүж, ургуулан тунгаах ахул монголчууд цагаан өнгөтэй сарыг түүхэндээ төдийлөн тэмдэглэж байгаагүй аж. Цагаан сар гэгчийн өнгөний тухайд ийм байх болой.
Одоо цагаан сарын хугацааны тухайд авч үзье. “Цагаан сарын өмнө сайхан хүйтэрч, бууз банш хөлдөөдөг жамтай. Хоёр сарын хорьдоор балууных нь банш хөлдөөх хүйтэн байх вэ, Тэрбишийн зурхай буруу” гэж нэгэн сод мэргэн зурхайч Утаанбаатар сувгаар утаа гартал авч байна. Монээлийн хөлдөөгч, монбэрээшийн жүүс, хаан бууз, хатан бялуу дөрөв байхад банш хөлдөөх хүйтнээр юугаа хийнэ ээ? Халуун зунаар шинэлж золгосон ч юуны хамаа байна. Тагнай хага ташсан жүүсээ сорох зуур, тэс хөлдүү буузыг жигнүүр точигнотол асган зогсох усны хувцастай, нуруу тэгш, зэгзгэр гоолиг эзэгтэй бол хориннэгдүгээр зууны цагаан сарын өвөрмөц нэгэн төрх буюу.
Эцэст нь эрдэмтэн, зурхайч, түүхч, англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, Шар хадны хүний хувьд нэг зүйлийг хэлье. Цагаан сар болбаас ногоон, улаан, шар, хөх, дурын өнгөтэй байж болдог, өвөл зун, хавар намар, хүйтэн сэрүүн, халуун бүгчим, дурын улиралд ирж мэдэх, монгол зоны эв эеийн баталгаа, сайхан баяр юм аа.

26 comments:

Pearle Deppsu said...

Хахаха, ёооох нээрээ.


эрдэмтэн, зурхайч, түүхч, англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, Шар хадны хүн

ЗОРИГТ8 said...

3 төрлийн зурхайгаар цагаан сарыг тэмдэглэж болно. Төгс буянт /төвд/, Шар /хятад, бусад/, монгол зурхай /Монгол/ гээд. Сүүлийн үед ТВ-ээр лам, одон орончид, зурхайчид, төлөгчидийн халз тулааныг үзсээр байгаад лаг мэдлэгтэй болоод байгаа шүү энэ талаар. ер нь бол Цагаан сар хэмээх энэ хүндэтгэлтэй баярын нэр нь л цагаан болохоос агуулга нь ХАР гэж би боддийн. Нээрээ таны хэлсэнээр ямар ч өнгөтэй байж болох юм байна дөө.

Unknown said...

Болтугай!

Anonymous said...

хэхэ

A.Амарсайхан said...

Дэрсүд:
Юундаа хүн доромжлоод байгаа хүүхэд вэ чи. Гуншинтай хүн гуншиндаа даруулаад хэвтэж байхад...

Зоригтод:
Миний диссертацийг уншаад бүр их мэдлэгтэй болоо биз. Цаашаа сайн судлаад шавь орж болно шүү.

Баярсайханд:
Болно оо. Ерөөлийг хүлээн авлаа. /Үзэл суртлын өндөр хэмжээнд/

Клаусд:
Хохо

Anonymous said...

Bi bas end neg yum bichsen he he he, tsagaan sar gej unen ayagui medleg shaardsan bayar yum aa neeree. 3 sariin 8-g bol ed nar yah ch ugui. tooh ch ugui. Zugeer l tsagaan sariig mini barij abaad l ingeed baihiin. Uhsen hen ch nar sar ni delhiin haanaa ochood baigaag medehgui sh dee, bodoj olson tomiyo ni l neg too heldeg teriigee tarhiaraa l zob esbel buruu geed l suujiigaa sh d. bayar gedeg chini ug tee eb negdel ahan duuseeree neg saihan zolgoh ni l saihan baihgui yu. Ternees haashaa yum sar delhiig toirchihlee uraa geed l bid bayarlah yum uu haashaa yum , he he he.

Anonymous said...

Ooh! Dude,
This sh*t is a really hoot. I liked it. I wish we had "rainbow" :)

oyunaa said...

uul ni ger buleeree buren buten tsuglardag gants bayar gej boddog sh dee. saihan samuuruulj bna daa neeree...he he

A.Амарсайхан said...

Дамдаад:
Бичлэгийг чинь орж үзнэ ээ. Нээрээ л мэдлэг шаардсан их мундаг баяр болох тийшээ хандаад байна даа.

Анонимд:
Яг англи хэлээр ярьдаг оронд амьдарч натурал спийкерүүдтэй байж үзээгүй болохоор шилжсэн утгуудыг нь ойлгохгүй юм аа.

Орчуулж өгч туслаарай хүмүүс ээ.

Оюунаад:
Харин тэгээд, цугларч л байвал цагаан ч байна уу ногоон ч байна уу, зун ч байна уу, өвөл ч байна уу юуны хамаа байна аа. Хэ хэ. Сайхан баярлаад, ах дүүсээ барааг нь харчихна гэдэг чинь л гол нь утга учир нь байх болов уу.

Anonymous said...

энд хужаа нар цагаан сараа тэмдэглээд бөөн юм л болж байна, би ч өөрийгөө хужаа биш гээд Тэрбиш гуайг хүлээгээд байгаа ш дээ, нээрээ жилийн жилд ингэж байх, хүн болгон л зурхайч болоод төвөгтэй юмаа, нэгийг нь хаан болгоод түүнийгээ дагавал таарна, энэ олон хэлтэй хүнийг нэр дэвшвэл дэмжинэ шүү

A.Амарсайхан said...

Алтарганад:
Хаанд чинь нэр дэвшдэг билүү, хи хи. Мэдлэгтэй юм чинь мундаг хаан болно оо доо. Зарим жил зун цагаалаад л, уйдахаараа өвөл ногоолоод л. Дургүй хүрвэл улаалаад л.

Anonymous said...

АХЫН АМРЫГ ИРЭЕ. МЭНД МЭДЭХ ГЭЭЛ БУДИЛААЛ ЯВААД БАЙНА.
ЮУН ТҮРҮҮНД ШИНЭЭР ХИЙЖ БАЙГАА АЖИЛД ТАНЬ ХАМГИЙН ГЭГЭЭН БҮХНИЙГ ХҮСЭЖ ҮРГЭЛЖ ЦАЛИГЛАЖ ЯВААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ.

Anonymous said...

Сайн байна уу? Багшаа
Би Ганхүү байна. "Гэрэлт Цалиг" сонины ажилд тань амжилт хүсье. Парапсихологитой хэсэг сонирхолтой санагдлаа. Онгодоо хөглөсөн сайхан ажил хийж байгаад тань баяр хүргэе. Цаашид улам шинэ соргог сонин мэдээ мэдээлэл гаргаарай. Сонинг тань заавал захиалан унших болно оо.

A.Амарсайхан said...

Одгэрэлд:
Сонинг маань авч уншиж, санал бодлоо илэрхийлсэнд их баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Ганхүүд:
Урам хайрласанд их баярлалаа. Сургуулиа онц төгсөөд, хүнлэг сайн сэтгүүлч болоорой.

Док said...

тийм, амар мэндээ мэдээд, ах дүүс цуглаад... угаасаа ийм л байсан байх. Одоо л ингэж толгой нь эргэсэн хэдэн зурхайчдаас болж энгийн ард түмэн нь яахаа мэдэхээ байж, эрээний хог түүж нэгэндээ өгөх гэж... Манайхан шиг ингэж баярладаг хүмүүс байдаг болов уу? Тэгээд бас үндэсний баяр гээд байгаа юм аа. Зарим нь 2 удаа золгоё, баталгаатай нь дээр гээд байгаа юм биш үү хэхэ

A.Амарсайхан said...

Докд:
Харин тийм дээ. Хэрүүл уруултай баярлахаар, юуны баяр байх вэ дээ. Буян хураадаг баяр гээд байгаа шүү. Хэрүүлээд буян хураадаг цаг ирсэн юм болов уу.

Чепак said...

Зарим жил зун цагаалаад л, уйдахаараа өвөл ногоолоод л. Дургүй хүрвэл улаалаад л.
- энэ гоё арга байна шїї дэмжиж байна хэхэхэ

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Чепакт:
Дур хүрвэл ягаалаад л. Дух шүргэвэл золгоод л.

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
Uunee said...

Хэхэхэ, нээрээ энэ хачин юм болж байна ш дээ. Зарим хүмүүс бүүр аргаа ядахдаа, аль нэгийг нь дагаж буруудахгүйн тулд хэлсэн бүхний үгэнд ороод л бараг өглөө бүр хүүхдүүдээ үнсэж байгаа сурагтай.

A.Амарсайхан said...

Үүнээд:
Эх - үр, эцэг - үрийн холбоо ойртоод харин ч зүгээр юм биш үү?

Anonymous said...

Хэзээ хийсэн ч яадын. Гол нь цагаан сараар далимдуулан хийдэг бизнесээ булаацалдаад байгаан наадуул чинь. Буруу өдөр золголоо гээд над шиг муу хүнд хамаагүү дэхүү. Хэ хэ

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Тийм байх шүү. Цаг тооны бичиг гэж орлоготой бизнес байгаа юм байна шүү. Монголын бараг л өрөх бүр нэгийг авдаг гээд бодохоор бузгай ашиг гарах юм байна. Ямар ч ном тэгж олон хувь борлохгүй.

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Өглөөгүүр нойрмог бичсэн. "өрх" гэдгийг "өрөх" гэж ташаарчээ.

Anonymous said...

сайхан санаа байна ооо...
өө тэгээд өдөр бүр янз бүрийн зурхай ламхай гээл 9н шидийн хүмүүс л хоймор эзлэн залрах юм доо..

Төрөө дагаад л шинэлнэ дээ ... гэсэн аавын буурьтай үг л нүдний эрэлжээг гаргах юм..

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates