Tuesday, January 27, 2009

ЦАГААН САР НОГООН БОЛОХ ТУХАЙ

/фельетон/

Эрдмийн өндөр зэрэг горилсон судалгааны бүтээл

Би англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, түүхч, зурхайч, үзмэрч, эрдэмтэн, Шар хадны хүн л дээ. Сүүлийн үед алд биеэ зурхайч гэж андуурагсад олширч, цагаан сарыг цагаан хэмээн ичих ч үгүй бурж байгаад эмзэглэн, энэ бүтээлийг туурвисан болой.
“Их эзэн Чингэс хааны үед сүү тэргүүтнийг цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон зооглож, цэнгэн хөгжилддөг байсны учир цагаан сар хэмээх нэр үүссэн нигуур буй бөлгөө” гэж бурханч лам Пүрэвбат нэгэнтээ дуу алджээ. Ургуулаад бод доо. Ориг монгол үнээний ориг сүү цагаан билүү? Орцны үүдэнд сүү гээд зардаг гурил самарсан ус л цэхийж цайж харагддаг. Харин хольцоогүй монгол сүү, ааруул, ээзгий бол тос даасан шаргал өнгөөр тунарч, харааг булааж сэтгэлийг гижигддэг билээ. Тэгэхээр Их эзэн Чингэс хааны үед бид цагаан бус шаргал сарыг тэмдэглэж байсан нь учир зүйн ухаанаар тайлагдаж байна.
За, Цэдэнбал даргын үед бол бид бүр өөр өнгөтэй сарыг үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Даргын эхнэр умард газар мэндэлсэн номин адил нүдтэй бүсгүй байсны улмаас бид ногоон сараар золгож байлаа. Ногоон сар нэгдэлчдийн баяр гэсэн сайхан нэртэй. Нэгдэлчид энэ баяраар нэгэн ижил хоршооноос, нэгэн ижил хорин хоёр төгрөгөөр авсан, нэгэн ижил номин өнгөтэй торгоор оёсон, нэгэн ижил дээлээр гоёдог байлаа. Хөөрөгний даалин, хөлийн ороолт, оймсны хараа, орны хөшиг бүгд дугираг хээтэй ногоон торго. Хорин хоёр төгрөгийн үнэтэй. Тэр үед цагаан биш ногоон сарыг тэмдэглэж байсны баталгаа энэ.
Бажгар арав нэрээрээ түүхэнд үлдсэн Очирбат ерөнхийлөгчийн үед бид бас л өөр өнгөтэй сарыг тэмдэглэж эхэлсэн. Улсын сан ч бордуу, Уранчимэгийн амьдрал ч бордуухан байлаа. Ямар сайндаа л өлссөн ерөнхийлөгч шинэ жил хэмээгч баруун зүгийн баяр дээр очоод, ганц муу турж үхсэн торойны мах хараад “Яасан тансаг юм бэ?” гэж дуу алдаж байхав дээ, хөөрхий. Ард түмэн боргол голдуу ясыг баржийтал таваглаад, бор гурилын боовыг арзайтал өрөөд, баруун газраас ирсэн бор хочтой галт шингэнийг түүхий устай найруулж хүртээд, борзойтол согтоод, бажгар арав шиг хэлхэлдэн талаар нэг хэсдэг байлаа. Энэ үед бид цагаан биш бор сарыг тэмдэглэсэн.
Энхбаярын үед, уртаас урт шар эрээн сарыг үзсэн түүхтэй. Зон олон Зонхов багшийн сургаалын дагуу Эрээн зүгийн урт шар хоргой дээлээр гоёж, үнэгэн шар лоовууз духдуулаад, үүрийн шар нарыг харахаар Дорнын шаргал говь руу цувардаг болсон. Цагаан сайдын үед цайж явсан, Улаан сайдын үед улцайж ч үзэв. Хямралаас болоод, Баярын үед барайх шинжтэй. Ягаан нэртэй хүн сайдаар заларвал ялхайтал цадах вий хэмээн горьдож суугаа ард түмэн билээ, бид. Ийнхүү сурвалж судруудыг шүүж, ургуулан тунгаах ахул монголчууд цагаан өнгөтэй сарыг түүхэндээ төдийлөн тэмдэглэж байгаагүй аж. Цагаан сар гэгчийн өнгөний тухайд ийм байх болой.
Одоо цагаан сарын хугацааны тухайд авч үзье. “Цагаан сарын өмнө сайхан хүйтэрч, бууз банш хөлдөөдөг жамтай. Хоёр сарын хорьдоор балууных нь банш хөлдөөх хүйтэн байх вэ, Тэрбишийн зурхай буруу” гэж нэгэн сод мэргэн зурхайч Утаанбаатар сувгаар утаа гартал авч байна. Монээлийн хөлдөөгч, монбэрээшийн жүүс, хаан бууз, хатан бялуу дөрөв байхад банш хөлдөөх хүйтнээр юугаа хийнэ ээ? Халуун зунаар шинэлж золгосон ч юуны хамаа байна. Тагнай хага ташсан жүүсээ сорох зуур, тэс хөлдүү буузыг жигнүүр точигнотол асган зогсох усны хувцастай, нуруу тэгш, зэгзгэр гоолиг эзэгтэй бол хориннэгдүгээр зууны цагаан сарын өвөрмөц нэгэн төрх буюу.
Эцэст нь эрдэмтэн, зурхайч, түүхч, англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, Шар хадны хүний хувьд нэг зүйлийг хэлье. Цагаан сар болбаас ногоон, улаан, шар, хөх, дурын өнгөтэй байж болдог, өвөл зун, хавар намар, хүйтэн сэрүүн, халуун бүгчим, дурын улиралд ирж мэдэх, монгол зоны эв эеийн баталгаа, сайхан баяр юм аа.

Tuesday, January 20, 2009

Гэрэл гэгээтэй сонин мэндэллээ

Html алдаанаас болоод бусад блогийн холбоост гарч ирэхгүй байгаа тул энд гарчгаа дахин бичлээ. Мэдээлэл өмнөх постод байгаа.

Гэрэл гэгээтэй сонин мэндэллээ












Сонины тухайд

"Уншдаг, сэтгэдэг оюунлаг хүмүүний сонин" гэсэн танилцуулгатай манай сонины хоёр дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Хов жив, тулга тойрсон хэрүүлээр сонины талбайг дүүргэх болсон энэ бараан цагт өчүүхэн ч атугай гэрэл гэгээ түгээхийн төлөө өөрийгөө хүндэлдэг, гэгээлэг уншигч олон түмэнд зориулан энэ сониныг гаргах болсон билээ. Экологи, эдийн засаг, шинэ технологи, парапсихологи, виртуал сонин, түүх соёл, уран зохиол гэсэн тогтмол булангуудтай манай сонин нийтлэлийн бодлогоо цэвэр танин мэдэхүйн чиглэлд хандуулах юм.

Сониныг сэтгүүлч Б.Галаарид болон миний бие тэргүүтэй цомхон редакцийн хамт олон хөтлөн гаргана. 14 хоногт нэг удаа гарах, таны оюуны талх болсон "Гэрэлт Цалиг" сониноо хэвлэл борлуулах цэгүүдээс авч уншаарай. Сонины шинэ дугаарын тоймыг блогтоо нийтэлж байх болно.

Эрхэм танаа мэхийн ёсолсон А.Амарсайхан


Шинэ дугаарын тойм

Зарим нийтлэлээс хэсэгчлэн авч сонирхуулъя.

Эдийн засаг нүүрт:

Нефтийн үнийн хэлбэлзэл: Хөшигний ар дахь нүцгэн үнэн


1980-аад оноос хойш дэлхийн нефтийн үнэ тогтоогч нь нефть, нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг Нью-Йорк, Сингапурын барааны, Лондонгийн нефтийн бирж гурав болж хувирчээ. 24 цаг тасралтгүй худалдаа явуулдаг энэ гурван биржээр дэлхийн нефтийн нийт борлуулалтын 1 хүрэхгүй хувь зарагддаг. Тэгээд ч энэ гурван бирж дээр бодит бараа биш, харин нефть нийлүүлэх гэрээ л зарагддаг. Тэгэхээр дэлхийн нефтийн үнэ өнөөдөр бодит арилжааны үр дүнгээс биш, харин санхүүгийн арга хэрэгслээс хамаардаг байх нь ээ.

Нефтийн үнэ огцом өсөх тохиолдол болгоны ард улстөрийн нөхцөл байдлын өөрчлөлт оршдог. Дурын мэдээ маш богино хугацаанд нефтийн үнийг огцом өөрчилж чадаж байна. Жишээ нь, 2005 онд Нигерт байгаа Элчин сайдын яамаа ажилтнуудынхаа аюулгүй байдлын үүднээс түр хаах шийдвэрийг Герман, Англи, Америк гурав гаргасан тухай мэдээлэх төдийд нефтийн үнэ огцом өсч байжээ. Гэтэл нефтийн үнэд үүнээс хавьгүй илүүгээр нөлөөлөх ёстой нөхцөл байдал огт үйлчлэхгүй нь бий. Жишээ нь “Кэтрин” хар салхины улмаас АНУ-ын нефтийн үйлдвэрлэлд ноцтой хохирол учирчихаад байхад үнэ нь огт хөдлөөгүй билээ.

Нефть олборлогч томхон орон болох ОХУ яаж хичээгээд ч нефтийн үнэд нөлөөлж чадахгүй байна. Орос сүүлийн арваад жил нефтийн экспортоо нэмж буй, Ойрхи Дорнотын орнуудын олборлолт ч нэмэгдсэн зэрэг хүчин зүйл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ урт хугацаанд өссөөр байгаад нөлөөлж чадаагүй юм.

Хөнгөн онгоц уу, хар зам уу?

Хувийн онгоц гэхээр саятан тэрбумтан л сан
аанд буудаг байсан цаг улиран одлоо. Хуучин жийпний үнээр онгоц авдаг боллоо. “Шадивлан зуугаар ниснэ” гэх хүүхдийн мөрөөдлийг бодит амьдрал болгох шинэ зууны дэвшил хаалга тогшиж байна.

Зуслан руугаа ниснэ гэж ярих нь Канад, Америк зэрэг орнуудад хэвийн үзэгдэл. Нисгэгчийн лицензтэй 1.3 сая хүн хувийн нисэх онгоцоороо төрөл бүрийн үйлчилгээ явуулж, бага нисэх хүчин Америкийн эдийн засагт жил тутам 150 тэрбум доллар оруулж байгаа тухай Онгоц эзэмшигч, нисгэгчдийн холбооны “www.aopa.org” цахим хуудсанд бичжээ.

Хойд хөршөд ч малая авиация буюу бага нисэх хүчин хөгжиж, түүний харилцааг зохицуулах хууль, тогтоомжууд гарч эхлээд байна.

Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг нутагт хамгийн тохиромжтой унаа бол хөнгөн онгоц гэдэгтэй маргах хэрэг гарахгүй л болов уу. Алтайгаас Ховд ортол 12 цаг сэгсчүүлж, тоосонд даруулж, тамаа цайхын оронд зүгээр л 2 цаг нисчихчихдэг болох гээд үзвэл ямар вэ.


Экологи нүүрт:


Сүрлэг Хангайн ой хөвч-зэрлэг хэрэглээний золиос
Монгол орны ойн эзлэх талбай хоёр дахин хорогдчихоод байхад нэмж устгасаар л байна

Дэлхийн хуурай газрын гучин хувь нь л ой модон хучлагатай. Гэхдээ сүүлийн 200 жилд энэ бүрхүүл хоёр дахин багассан гэж байгаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувийг ой эзэлдэг гэдэг байлаа. Гэтэл сүүлийн 50 жилд Монголын ой модны хэмжээ хоёр дахин буурчээ. Өөрөөр хэлбэл мод муутай монголчууд ойгоо устгах гэж дэлхийн дунджаас дөрөв дахин илүү хүчээр чармайжээ.
Үүний цаана төрийн бодлогын алдаа, иргэдийн экомэдлэгийн түвшин, эдийн засгийн хүчин зүйл, нийгэм-эдийн засгийн үр дагавар гээд асар олон асуудал бий.

Энэ талаар өгүүлэхийн өмнө дэлхийн ногоон бүрхэвч хэдийнээс хэрхэн сүйдэж ирсэн талаар түүхийн хуудас сөхье. Хүн төрөлхтний ололт, технологийн хөгжил дэвшил болгон өөрийн гэсэн гэрэл сүүдэртэй байлаа. Синантропууд 400 мянган жилийн тэртээ гал хэрэглэж сурсан тэр цагт байгаль орчин анхны том хохирлоо амссан гэдэг. Тэр цагийнханд байгаль орчноо хамгаалах хэрэгцээ үнэндээ байсангүй. Гал алдаж түймэр тавьчихаад зугатан одох хүн сүргийн хамгийн том золиос нь ой мод, ургамлын бүрхэвч болдог байж.


Парапсихологи нүүрт:

Психотроны хүүхэлдэй

1980-аад оны эхээр ЗХУКН-ын төв хоро оны онцгой чухал гишүүдийг дуу чимээний аргаар “боловсруулсан” гэдэг. Түлхүүр үгийг утсаар, эсвэл радиогоор сонсгоход л тэр хүн өмнө нь далд ухамсарт нь суулгаж өгсөн дурын даалгаврыг биелүүлэхэд бэлэн болдог байв. ЗХУ задарсны дараа онц чухал мэдээлэлтэй харьцдаг байсан томоохон албан тушаалын найман хүн нэг өдөр цонхоор үсэрч амиа хорлоцгоосон. Хүн бүр амиа хорлохынхоо өмнө хэн нэгэнтэй утсаар ярьсан байдаг. Тэд дэндүү ихийг мэдэж байсан учраас амьд үлдээх нь аюултай байсан учраас "амиа хорлох" аргаар устгасан гэж үздэг.


Пси-генератор

Пси-зэвсэг нь “үүсгүүр-өсгөгч-цацруулагч-хүн” гэсэн схемээр ажилладаг. Алдарт зохион бүтээгч, анагаах ухааны доктор, ийм зэвсэг бүтээсэн анхдагчдын нэг Яков Рудаков психотроникийн асуудлаа р хийсэн хурал дээр “Миний төхөөрөмж овор бага ч 150 метрт цохилт өгөх чбдвбртай туяа цацруулдаг. Тодорхой нөхцөлд энэ туяаг өргөжүүлж том танхимд нөлөөлж болно. Нөлөөллийн хувьд янз бүр. Нойрсуулна. Янз бүрийн, зарим тохиолдолд өөрт нь аюултай байж мэдэх үйл хөдлөл рүү хүнийг хөтөлнө. Үнэхээр хүнийг биоробот болгож болно” гэж мэдэгдэж байв.

Шинэ технологи нүүрт:


Ус өөрийгөө өргөнө

Монгол нутгийн хот хөдөө, хаа сайгүй ногоо тарьдаг өрх айл элбэг болжээ. Өрийнхөө хэрэгцээг хангаад, өрөөлд илүүчлээд борлуулчих багахан ч болов ногоо авчихна гэдэг аштай юу.

Бас манайд барилга үсрэнгүй хөгжиж байна. Томхон амбаар барьчихаад түүнийгээ зуслангийн байшин гэдэг байсан үе улиран одлоо. Хүмүүс зуслангийн сайхан орд харш бариад, түүнийхээ орчныг цэцэрлэгжүүлэх, цэцгийн мандлаар хүрээлэхэд их анхаардаг боллоо.

Ногоо тарих, орчноо цэцэрлэгжүүлэхэд нэгэн том бэрхшээл гарч ирдэг нь усжуулалт билээ. Чухам усыг хаанаас, хэрхэн яаж хямд төсөр аргаар татаж ирэх вэ гэдэг асуудал хүн бүхний толгойн өвчин болж байдаг.

Холгүй урсан өнгөрөх голоос ус ирүүлэхийн тулд хоёр километр дээрээс суваг шуудуу татах болно. Эзэнгүй алга дарам ч газар олдохгүй болсон өнөө цагт хүний газар дээгүүр шуудуу татах гээд “за” гэсэн хариулт сонсоно гэдэг юу л бол. Зөвшөөрчихлөө гэхэд нэгнийхээ байгалийн хийг нутаг дээгүүрээ өнгөрүүлсний төлбөр тооцоо хийх гэж байнга хэрүүл хийж байдаг Орос, Украин хоёр шиг байдалд удахгүй орохыг хэн мэдэх вэ. Насосоор татах гээд үзвэл өчнөөн шатахуун эсвэл цахилгаан зарцуулж, бөөн мөнгө төлөх болно.

Бид энэ дугаартаа усыг өөрөөр нь өөрийг нь өргүүлдэг хэмнэлттэй технологийг танилцуулж байна.

Эрчим хүч зарцуулдаггүй энэхүү насосыг орос инженерүүд зохион бүтээжээ. Ямар нэгэн хөдөлгүүргүй бөгөөд, нэмэлт эрчим хүчний эх үүсвэр шаарддаггүй. Голын савын өөрийнх нь хэвгийн түрэлт, эсвэл 1 метр өндөртэй жижиг далангийн түрэлтийг ашиглан ус өргөдөг. Ашиглалтын хугацаа нь 10 – 15 жил байдаг юм байна.



Виртуал сонин нүүрийн тухай


Энэ нүүртээ бид, блогчдын бичлэгээс, болон блог ертөнцийн сонин хачнаас нийтэлж байх юм. Эхний дугаарт Микагийн "Утаагүй зуух", Баатарын "Худам монгол бичиг-бидний дархлаа", Санакае-гийн "Яахоогийн шилдэг хайлтууд", Баярсайханы "Виндоүсээс Лайнакс руу шилжсээр" бичлэгүүд гарсан.

Энэ дугаарт Гансүхийн фото зурагчдад зориулсан зөвлөгөө, Бум-Эрдэнийн "Зүрх" өгүүллэгийг нийтэлсэн шүү.


"Гэрэлт Цалиг" сониноо уншина уу


 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates