/фельетон/
Монголд юм бүхэн үүлний өнгийг дагана. Тэнгэрт улбар үүл гарвал Улаан сайдын ухаа хондон морь заалттай түрүүлнэ. Ов тов орог цоохор үүл нүүвэл гүрийдэг Цэнгэлийн жирийдэг цоохор цойлж цоллуулна.
Хурмастын үүл хурдны морины зүсийг хэлээд зогсохгүй дунд ангийн хүүгийн дуудах номын нэрийг бас заана.
Ногоон үүл гарвал ногоон хавтастай сурах бичиг үзэх тушаал яамнаас гаргана. Хэвлэх үйлдвэрийнхэн хөөрхий, нэг номыг долоон өөр өнгөөр хэвлэж бэлдэнэ. Хан-Уул дүүрэгт шар үүл гарч байхад, Баянзүрхэд улаан үүл хуралдаж, холион бантан хутгана. Зарим жил завсрын өнгөтэй үүл гарснаас хүүхдүүд огт сурах бичиггүй сурна.
Ерэн он гармагц айхавтар хуй дэгдэж, тэнгэрт хөрөөний ир мэт иржгэр цагаан үүл эгц өөдөө цойлов. Үүлийг шинжсэн мэргэд “Босоо монголын босоо бичиг!” хэмээн айлдсан юм. Багш нар монгол бичгээ долоо хоногт сурсан тул дэмий л “Эгц бич!” гэж шавиа зандарцгаав. Нэгдүгээр ангийн бүлтэн Болдоо “Эбүгэн имага сагав” гэж үсэглээд, багшаасаа юу уншиж байгаагаа асууна. Багш мэдэхгүй. Захирлаас асууна. Захирал бас мэдэхгүй. Гурвуул аргаа бараад, Шинжлэх ухааны академид хандана. Гурван жил нойр хоолгүй ноцолдсоны хүчинд багачууд ацгийг гэдэснээс, эврийг гэзэгнээс ялгахтайгаа болов.
Тэгтэл гайт шуурга өнөөх босоо цагаан үүлийг хөндлөн тийш нь хөөчихлөө. Үүлийг нягтлан шинжилсэн амьтан судлаач Шагдарсүрэн гуай “К-к-и-р-и-л-л гэнээ!” хэмээн орилон босч ирсэн түүхтэй. Ингээд буцаж кирил үсэгтээ шилжихийг сайд тушаасан юм. Ерээд оны туршлагын туулайнууд Монголоор нэг тарж, өнөөг хүртэл “Ману анда минү олан мөнггү абаба” гэж заргын бичгээ үйлдсээр яваа билээ.
Тун удалгүй салхи тогтож халуу дүүгэлээ. Тэнгэрт жижигхэн бор шавиа тойроод шармийсан шар гадаад багш нар зогсож байгаа дүртэй үүлс хуралдсан харагдав. Үүнийг харсан сайд “Шавь төвтэй сургалт!” гэж байдаг чадлаараа бархирсан юм. Боловсрол шавь төвтэй болох нь тэр! Энэ онолын дагуу төвд байрлах шавь бүрэн эрхтэй. Шавь “А” үсгийг арван хоромд нүдлэх үү, арван жил судлах уу гэдгээ өөрөө мэднэ. Нэг дээр нэгийг нэмээд арав гаргасан ч түүний зөв. Ер нь сурсан ч болно, сурахгүй байсан ч болно. Багш дүн тавьсан ч болно, тавихгүй байсан ч болно. Монгол орон бичиг үсэг, дөрвөн аргын тоонд тайлагдаагүй шавь нараар дүүрлээ. Данидагийн төслөөр хуралдсан тэрхүү төвийг тойрсон үүлийг тэгсхийгээд замхруулахаас өөр аргагүйдэв.
Үүний дараа Америкийн төслөөр үүл задлагч пуужингуудыг авчрав. Шар үүлсийг зад буудаж арилгаад, оронд нь “A, B, C, D, F” гэсэн таван үсгийг тодруулав. “Хуучин хэрэглэж байсан “2, 3, 4, 5” гэх орос дүн монгол хүний оюун сэтгэлгээнд таарахгүй!” хэмээн боловсролын сайд цогтой халуун үг хэлж билээ. Харин эцэг эхчүүд шинэ үсгэн дүнгийн учрыг олох гэж ухаанаа барсан юм. Мянгат малчин Балдан “Эй” дүн аваад ирсэн хүүгээ чөдрөөр ороолгоод, Хүний эрхийн үндэсний хороонд дуудагдлаа. Муу сурахаар нь аргаа барсан багш “Эй” гэж уулга алдсан байна гэж ташаа ойлгосон хэрэг.
Яамныхан Америк пуужингаараа дахин буудлаа. Тэнгэрт хэл ам хугалж, ороолдсон үг харагдлаа. Боловсролын сайд аугаа их Ленин багшийн хэл хоцрогдсон болохыг зарлав. Ингээд англи хэлний аян дайнд мордоцгоов. Бас л өөрөө долоо хоног англи хэл үзсэн багш “Ам хангри” гээд, шавь нарынхаа өмнө зогсож байлаа.
Жил өнгөрч, хүүхдүүд “Кисс юу бээби” гэж хайраа илчилдэг болмор аядаж байтал үүлний өнгө хэлбэр дахин өөрчлөгдөв өө, хөөрхий. Тэнгэрийн хаяанаа Богд Зонхов Шагжамуны хойд дүр Энхү Баяа Жүгжэмүн улаан шараар тунаран харагдах нь тэр! Хүүхдүүд Нагаржунайн онол судалж, хагархай “Га” хэмээх үсэг нүдлэх боллоо.
За тэгж байтал баруун зүгээс сэвэлзүүр салхи гарлаа. Тэнгэр дэх хар үүл зад үсэрч, шанага долоон одны байрлал аван тогтох нь тэр! Яамныхан учрыг тайлуулахаар шар зурхайчид хадаг яндар барилаа. Шар зурхайч шоогоо орхиж үзээд, “Хүүхдийг долоон наснаас сургах нь насанд цөвгүй” гэж айлдлаа. Сургуульд хүүхэд багтахаа байж, нэг ширээнд гурваараа суувал дээдийн заяа гэлцэв. Сургуулийн багш нар микроны кондуктор шиг “Хөөе тэр арын ширээний гурав! Шахаад дөрвөлчих дөө!” хэмээн хэрүүл хийх боллоо.
2008 онд мөөмтэй пионерийн дүртэй шар үүл туяаран үзэгдсэн юм. Тэнгэрт ийм муу ёрын юм үзэгдэх нь ад зэтгэрийн хорлол хүрсний шинж аж. Хүүхдийг зургаан наснаас сургавал энэ хорлол илаарших нигуур буй гэж зурхайд буужээ. Зургаан настай сурагчид хүндээр болон хөнгөнөөр бие засч болохуйц хагархай өмд заавал өмсүүлэх тухай сайд тушаалаа. Одоо 12 жилийн сургуулийн кондукторууд “Хөөе арын ширээний дөрөв өө! Шахаад тавлачих!” гэх дуу цуурайтуулж байна.
“Ирэх жилийн тэнгэрт сондгой ганц улаан үүл бүү үзэгдээсэй” хэмээн эцэг эхчүүд залбирч Алтангэрэлийн даллага авахуулж, хүүхдийн Банзрагч тахиулж байна. Сондгой ганц улаан үүл харагдвал хүүхдийг улаан нялзрай нэг наснаас нь сургаж мэдэх учраас тэр!