Monday, June 11, 2007

МАЛЧИН БОЛ БУРХАН

(шог өгүүллэг)
Би хотын хүн л дээ. Гадаа цасаар шуурч байна уу, ногоо соёолж байна уу надад ер нь падгүй баймаар. Гэвч би тэнгэр хуйсганахаар л сандардаг болсон хүн.
Таван жилийн өмнө юм даа. Цэцэрлэгт явдаг хоёр хүүгээ авахаар очтол,
-Аав аа, ёштой баларшаан. Манай чэчэрлэг жөндөө их юм авчир гэшэн, лав олон чингистэй мөнгө болно доо гэсээр гарч ирлээ. Баянхонгор, Увсад зуд болж малчид хэцүүдсэн юм байх аа. Хүүхдүүдийнхээ зудын тусламжийг базаахад миний сарын цалингийн тал явчихлаа. Маргааш нь ажилдаа ирвэл цуглаан болж байна. Манай мэргэжилтэн сэнтэг Буниа босоод ирчихсэн,
-Мал сүргээ зудаас аврахад хүн бүр хоёр сарын цалингаа хандивлая гэж байна. Манайхан тал талаас нь ам амандаа бувтнан, зарим нь зөвтгөж, зарим нь буруушаана. Дарга хоолойгоо засч чимээгүй болголоо.
-За нөхөд минь, бусад газрын жишгийг харахад арван дөрөв хоногийн цалингаа хадивлаж байгаа. Жишгийг дагах нь зүйтэй гэж тэр нухацтай хэлж байна. Миний дотор харанхуйлаад явчихлаа. Дүүрсэн хэрэг, зориг муутай бослоо.
-Хаа байгаа Б… Б… Баянхонгорын мянгат малчны хувийн мал үхэх, өсөх нь б… бидэнд ер нь ямар хамаа байна аа? гэж хэлж орхиод суух хооронд хамаг биеийн хөлс асгарлаа.
Ингэж л би ажлаасаа халагдсан юм даа. Над шиг нийгмийн идэвхгүй, хувиа бодсон, бэртэгчингүүдээс улс орон цэвэршиж байгааг манай дарга хатуу сануулаад тойрохыг минь зурж өглөө.
Авгай бас цалингаа зудад хандивласнаар барахгүй намайг,
-Нарийндаа хатсан, түмний шившиг болсон амьтан гэж загнаад, тэр уурандаа гэрт байсан жаахан будааг зудын тусламжид аваачаад өгчихлөө. Манайх гэдэг айл балрав. Тэр нэг сарыг өлөн зэлмүүн, гэрлээ таслуулсан баргар амьтас арайхийн өнгөрөөсөн дөө. Би түүнээс хойш хар дарахаараа зуд гэж хашгирч босч ирдэг болсон юм. Авгай:
-Үхчихсэн биш, болж л таараа гэж загнаад, хадам ааваас зээл авч ТҮЦ-тэй болж намайг түүндээ суулгав.
Төсвийн хэдэн халтар цаасаар арайхийн гол зогоодгоо бодвол боломжийн амьдарч эхлэв. Тэгтэл яасан гээч, манайхыг, бас манайхтай бөөр нийлүүлэн барьсан арваад ТҮЦ-ийг бүгдийг нь хулгайч ухчихлаа. Би бодлоо. Увсын малчин хонио зудад өгөхөд улсаас тусалж, төсвийнхнөөс хандив цуглуулж болсон юм чинь хулгайд бараагаа өгсөн бид ч бас тусламж, хандив авч яагаад болохгүй гэж? Адилхан л хувийн хонь! хувийн бараа! Зуд ч гамшиг, хулгай ч гамшиг.
Бидний арваад хүн хороо, дүүрэг, хот гээд яваагүй, ороогүй газаргүй боллоо. Нөхөд маань шантрах боловч “бидний үйлс бүтнэ, харж л байгаарай” гэж би зоригжуулна. Ерөнхий сайд дээр орохоор хөөцөлдөж байтал бид хэдийг Шар хадны галзуугийн эмнэлэг рүү ачлаа. Эхнэр нулимсаа арчин,
-Найз нь, таньдаг эмчтэй шүү дээ. Ханийгаа түргэн эдгээнэ ээ. Миний найз ядраад л, бага зэрэг “юу яаж” байх шиг байна гэсээр намайг үдлээ.
Бид эмнэлэгт уйдах завгүй. “Малчин ч хүн, наймаачин ч хүн! Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг!” гэсэн лоозон барин жагсаж, тэмцлээ үргэлжлүүлж байлаа. Эхнэр намайг эргэхээр ирэхээрээ над руу их л сонжингуй хардаг боллоо.
-Бидний тэмцлийн үр дүн гарна, харж л байгаарай. Биднийг ерөнхий сайд хүлээж авна гэхэд минь буруу харж, сэмхэн нулимсаа арчина.
Жил өнгөрлөө. Үгүй ер нь ярилцаад, мэтгэлцээд, тунгаан бодоод байх нээ нь бидний тэмцэл буруу байх аж. Үндсэн хуулинд үлээдэг бохь, зуугийн ундаа, иштэй чихэр нь төрийн хамгаалалтад байна гэж заагаагүй шүү дээ. Бид эмчдээ:
-Малчин бол бурхан. Тийм болохоор тэр малаа оторлохын оронд наадамдаж, хадлан хадахын оронд найр хэсэлгүй яахав. Зуд болбол улсаас үнэгүй өвс, албан хаагчдын хармаанаас үнэгүй гурил авчих юм чинь! Харин наймаачин бид бол тамын амьтас. Бидний барааг хулгайч авах нь зөв. ТҮЦ-ээ манаагүй учир хохь нь тэр гэж хэллээ. Удалгүй биднийг эдгэрсэн гээд эмнэлгээс гаргасан даа.
Би одоо өглөө сэрмэгцээ л тагтан дээрээ гарч тэнгэр харж байгаа. Зуд эхэлбэл бурханд өгөх өргөлөө түргэн базаах гэж л тэр шүү дээ.

18 comments:

Anonymous said...

Хаха,нээрээ нэг хэсэг зуд болсон, малчид хэцүүдсэн гээд сургуулийн сурагч бидний маруужингийн 100 төгрөгийг хуу хамдаг байж билээ. Сүүлийн хэдэн жил тэр нь харин гайгүй болсон юм уу даа.

Зүүдний тэмдэглэл said...

Хэ, хэ.. Энэ ч үнэн шүү. Наадах чинь нэг ТҮЦ, МҮЦ-хэний тухай ч гэсэн цаанаа нийгмйинхээ нэлээд амин чухал асуудлыг гогдоод авчихсан юм биш үү хө...
Эрүүл сэтгэсэн нэгнээ галзуу гэж тооцдог үнэлгээ үеийн үед аль ч улс, нийгэмд байсийм шиг байгаам.. Одоо ч гэсэн. Одоо дээр нь Улс төрийн ЯВУУЛГА гэж нэг айхтар юм нэмэгдэчихээд улам хэцүү болоод байхшиг... Тэр Галзуугийн болницийн эмч чинь Малчиныг бурхан гэж үзсэн хүнийг эрүүл болжээ гэж оношлож байгаа нь дээрээс өгсөн удирдамж л байх аа даа.
Ямар сайндаа Ренчин абугай галзуучуудын дотор насыг барах юутай ч урт билүү нэг ийм утгатай үг хэлжээсэн санагдана. Улам их амжилт хүсье. АНУ-ын нийгмийг бүхэлд нь донсолгож орхисон боолчлолыг халах хувисхалын цуурайг нэг жижигхээн эмэгтэйн бичсэн "ТОМ АВГЫН ОВООХОЙ" гэдэг ном эхлүүлсэн юм гэдэг. Уран зохиол гэдэг эд нйигэмд тийм л хүчтэй нөлөө өгдөг аж. Өөрөө энэ мэтээр бичиж, энэ галзуу нийгмийнхээ хүнд суртал, эрүүл бус галзуу тогтолцоог өөрчлөхөд их хувь нэмрээ оруулаарай гэж хүсье кө. Харин жоохон жоохон болгоомжтой сэрэмтэй байхгүй бол цаадуул чинь эмнэлэг рүү хүчээр ачуулаад, нэг онош зүүгээд өгчихөж мэдэх л шүү, хэ хэ

Anonymous said...

avyastai hun uneheer uur yum aa tand mash ikh bayarlalaa, hen buhenii bodood l yavdag yumsiig uneheer donjtoi saikhan heljee.
manaihanii neg negee uruu tatdag ene balai yum senteg BUNIA shig balai yumnuudad hariu helj chadahgui baigaa baidal bas l tom chudur shu. uul n nerelheed neree idehgui biz de.
tand ulam ulam zunduu ikh amjilt husye buruud ulam nud hurts baigaarai.
tanii blog-iig udur bur ´´shalgadag´´ Munkhbayar.

byambaa said...

bi 10 jild bhdaa nemnee hiij ogdog blaa bagsh nartaa. malchdad ogoh, bas laa shudenz ene ter ogdog bsn yum bna.

mgliin niigmee gej. hezee eruuljih bol. boldog bol deer bgaa tom tom gedestei tomchuudaa shar hadand hevtuuleh yumsan. hed honood edgereh bol...

Өнөрбат.Х said...

Нөгөө САПУ -гийн түймрийн хохирогчид, мөн ХЗХ -ны хохирогчид санаанд орчихлоо. Нэг талаараа тэд ч бас l нэг "малчид" ч юм уу?

A.Амарсайхан said...

Муланкад:
Улстөрчдийн дунд "зудын тусламж"-аар шоу хийх нь ашиггүй, ХЗХ-ны хохирлыг барагдуулах тусламжаар шоудах нь үр өгөөжтэй гэсэн үзэл баримтлал дэлгэрчихээд байгаа.

Зүүдчинд:
Малчдад зудын тусламж өгдөг галзуурал тахал мэт халдварлаж байгаа. "Алтжин" компани гал түймэрт /бас нэг хэлбэрийн зуд л даа/ өртөхөд төрийн мөнгийг "зээл" болгож компанид өгөөд хохирогчдод нь тараасан. Одоо тэгтэл ХЗХ-ны хохирогчид төрөөс мөнгө нэхээд сууж байна. Зарим улстөрч төрөөс "эргэн төлөх" нөхцөлтэйгөөр мөнгө олгоё гэж галзуу солиотой юм ярьж байгаа.
Хувийн малаа зуданд алдсан малчдад төрийн мөнгөөр тусламж өгч анхнаасаа галзуу шийдвэр гаргаснаар эхэлсэн солиорол цаашдаа улам л хүчээ аван гинжин урвалаар үргэлжилсээр байх биз ээ.

Анонимд:
Ээ дээ, наад Бунианууд чинь албан газар бүр байдаг юм. Идэвхтэй дүртэй гэж аргагүй. Дарга нарын хойно урд гүйгээд л. Би ч гэсэн хэд хэдэн газар ажиллахдаа хэд хэдэн Буниагийн нүүр үзжээ. Буниаг харахаар өшөө хүрмээр шүү.

Бямбаад:
Цаг нь ирнэ. Тэд галзуугийн эмнэлэг бус идсэн уусныхаа төлөө арай өөр газар луу ачигдацгааж мэднэ дээ.

A.Амарсайхан said...

Хариу бичиж байх хооронд Өнөрбатын сэтгэгдэл орж иржээ.

Өнөрбатад:
Яг үнэн. Бүгд л зуд. Хэлбэрээ өөрчилсөн зуднууд юм шүү дээ. Голыг нь олж хэлсэнд баярлалаа.

Unknown said...

Хэл, хил, мал гуравтайгаа байвал, хэн баян бэ?
МОНГОЛ баян!
Хэл, хил, мал гурваасаа хагацвал, хэн өрөвдөлтэй вэ?
МОНГОЛ өрөвдөлтэй!


Ноолуураа зарчих юм бол тэр муу хужаагийн барааг чингэлэг, чингэлгээр нь оруулаад л ирнэ шүү дээ.

Гол асуудал бол малчдад тусламж өгснийхөө төлөө, махны үнэ өсөх, гурилтай ааруул хүлхэх болдогт л байгаа болов уу? Өөрөөр хэлбэл хариуд нь махаа хямдруулах ч юм уу, ямарваа нэг зүйл байх ёстой тогтолцоо байхгүйгээс бухидаж байгаа байх.

Тантай ямагт санал нийлдэг ч энэ удаад тавин хувь орчим санал зөрөх нь дээ.
Тэгэхдээ би, бусдыг уруу татсан Буниа биш шүү!

Unknown said...

бухидаж = бухимдаж (Уучлаарай буруу биччихэж)

Unknown said...

хэ хэ
Бас хэлэх юм байна аа.
Та бүхэн ерөнхийд нь зуд гэж хэлж болох юм гэж байна.
Энэ хоёр чинь өөр зуд юм шүү дээ.
Хулгай, Алтжин мэтийн зуд бол буух эзэнтэй. Хэрэв Монголын цагдаа нар олигтойхон байдаг сан бол ТҮЦ-ийн хулгайчийг олоод, хохирогчид төлбөрөө барагдуулах боломжтой. Сапу-ийнхан бол Алтан захирлын хэдэн ШТС-уудыг заруулчихад, хохирлоо барагдуулах боломжтой юм байна гэдгийг сонсож байсан юм байна. Харин манай төрийнхөн Алтанд туслах биш, хохирогчдод тусламж өгөлгүйгээр, төлбөрийг барагдуулах тал дээр ажиллах ёстой байсан юм.
Харин малчид байгаль эхээсээ юугаа авах вэ дээ. Энэ тохиолдолд төрийн хамгаалтад байлгах гэдэг нь үнэн зүйн хэрэг болж таарч байна!? Хүн, мал, амьтан бол бүгд л байгалийн амьтан шүү дээ. Байгальд захирагдан амьдрах нь жам юм.

Харин бурхан царайлаад найр, наадам хэсэх хэрэггүй л байхгүй юу.

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Заавал надтай санал нийл гэж би нөхдийг албадахгүй. /Би коммунист удирдагч биш л дээ/
Харин ч эсрэг санал хэлж өөр санаа сэдэл төрүүлж байгаад баярлаж байна. Алдааг оноог минь хойшид ч хэлж байгаарай.
Хувьд оччихсон малыг Үндсэн хуулиар хамгаалаад байгаад л би бухимдаад байгаа юм.

Нээрээ л.., биднээс зудын тусламж гэж өчнөөн юм авчихаад бидэнд эргүүлээд махаа зардаг улс шүү дээ. Би улаан загалмайн тусламж гардуулж яваа цувааг даган сурвалжлага хийж явтал нэг хөгшин "Тусламжид хамруулсангүй" гэж босч ирж бухимдсан. Тэр нөхөр бараг 200-гаад мал тоолуулсан /цаана нь өчнөөн үхрээ тооноос дардаг гэж багийн дарга нь миний чихэнд сэм хэлсэн/ байсан гээд л бод доо.

Манай авга мянгат малчин. Баян-Уул суманд аж төрдөг. Тэр жилийн цуутай зуднаар малаа аваад л гарсан. /Тойрсон айлууд нь бүгд малаа дуусгачихсан байхад шүү дээ/ Ажилтай, толгойгоо ажиллуулж тэжээл өвсөө базаадаг хүмүүст зуд бол зуд биш байдгийн жишээ.

A.Амарсайхан said...

Өө хэ хэ, би өөрийнхөө өгүүллэг дотор "бухидаж" гэсэн үг баахан хайчихлаа ш дээ. Том андуурав.

Д.Цэрэнбат said...

Tasarhai bolson baina.

A.Амарсайхан said...

Цэрэнбат анд бид хоёр аминдаа малгүй гэж ойлголоо. Э.Баярсайхан анд болохоор хөдөө хэдэн юмтай бололтой. Хэ хэ. Наргиан.
Надад садангууд амласан адуу мал мэр сэр бий. Гэхдээ нэгийг нь "идсэн" тухайгаа нэг өгүүллэг бичсэн. Хэд хоногоос нийтэлнэ ээ.

Unknown said...

Би ч уг нь тантай адилхан л юм байна.
Хөдөөд зуднаас илүү гамшиг бол малын хулгай гээд сүрхий том асуудал байдаг юм байна шүү.

A.Амарсайхан said...

Малын хулгай ихдээд, адуугаа ч хүртэл хонь шиг хариулж байна гэж ярьцгаадаг юм билээ. Ялангуяа төвийн бүсийнхэн.

Unknown said...

Тийм шүү.
Саахалт айлынхандаа ч итгэхэд хэцүү болсон.
Дээр нь хээрийн амьтны тоо толгой өсөөд байгаа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Мэргэжил гэдэг үнэхээр өөр юм байдаг юм байна. Сэдвээ ч сайн олох юм . Манайх шиг мэдэлж будилж байгаа оронд та нар шиг мэргэжлийн хүмүүст сэдэв олоход нэг их хэцүү биш бололтой юм . Өөрт чинь бодвол ном байгаа л байхдаа. Энд ирээд удчихсан болохоор сүүлийн үеийн шинэ соргог болгоноос хоцорсон байна. Чамд амжилт хүсье.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates