Tuesday, February 27, 2007

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ХӨГЖҮҮЛСЭН ТЭМДЭГЛЭЛ

(шог өгүүллэг)
1 дүгээр сарын 8-ны Балжиннямтай сайн өдөр.
Нийслэлээс мянган бээрийн алс бөглүү манай суманд түүхт үйл явдал болж, миний бие битүү тэвнийн “Ган тэвнэ” үйлдвэрээ нээлээ. Тууз хайчлахын өмнө сумын засаг дарга хоолой засаад,

-Миний сумын ард иргэд ээ! Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр миний мөрийн хөтөлбөрт заасны дагуу нэгэн шинэ үйлдвэр үүд хаалгаа дэлгэж байна. Цаашдаа мянга мянган ийм үйлдвэр манай суманд цэцэглэн хөгжих нь дамжиггүй гэж хэлэхэд хөдөлмөрчид удтал алга нижигнүүлэн ташиж, энэ хооронд дарга тууз хайчилж оргилуун дарс түсхийтэл буудсан билээ. Сумын засаг дарга тэргүүтэй бүх дарга нар хүрэлцэн ирж миний үйлдвэрийн нээлтийн цэнгүүнд оролцсон нь сумын маань энхрий хайрт мэргэн удирдлага үндэсний үйлдвэрлэлээ сэтгэл зүрхнээсээ дэмжиж байдгийн илэрхийлэл болсон юм.
1 дүгээр сарын 18-ны Дашнямтай, Мэдээлэхүйн барилдлагат өдөр.
Төв орон нутгийн гучин дөрвөн телевиз, тавин долоон радио, наян найман сонины сурвалжлагчдын баг десант буулгалаа. Энэ билэг дэмбэрэлтэй өдрөөс эхлэн орон даяар манай үйлдвэрийн тухай өглөө үдэшгүй ярьж бичих болов. Туршлага судлахаар хаа байгаа эх орны зүүн зах Дорнодын Халх гол сумаас хүртэл хүн амьтан цувлаа. “Си Эн Эн”-ээр манай “Ган тэвнэ” үйлдвэрийн тухай сурвалжлага цацагдав. Би хэдийнэ од болчихжээ.

2 дугаар сарын 4-ний Лусын буулттай, Хутганы ир өдөр.
Сумын засаг даргын Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай захирамжийн дагуу Эрээнээс хямд, чанаргүй битүү тэвнэ зөөж ирж зардаг наймаачдын бүх битүү тэвнийг нь нэг бүрчлэн хурааж устгадаг боллоо. Малчид малынхаа чихийг бүдүүлгээр хайчилж таних тэмдэг хийдэг муу зуршлаасаа саллаа. Зүүн чихэндээ нэг битүү тэвнэтэй бол ногоон Лутынх, баруун чихэндээ хоёр, зүүн чихэндээ ганц битүү тэвнэтэй бол чарлаа Дагдангийнх гэх мэтээр ямаагаа ялгадаг сайхан заншил тогтож, техникийн дэвшил гарав.

2 дугаар сарын 10-ны Тэрсүүд өдөр.
Сургуулийн сурагчид монгол хэлний хичээл дээрээ битүү тэвнээр нэмэх хасах үйлдэл хийж, сумын нэг иргэн гурван мянга гучин долоо дахь тэвнээ худалдан авч байтал гай газар дороос гэгч боллоо. Панз Норов, баян Бадарч нарын есөн хүн битүү тэвнийн үйлдвэр байгуулахаар зөвшөөрөл хүссэнийг нь сумын засаг дарга үндэсний үйлдвэрлэлээ дэмжих мөрийн хөтөлбөрийнхөө дагуу машид сайшаан хүлээж авсан сураг дуулдав.

3 дугаар сарын 31-ний Лусын буулттай боловч Модон хохимой өдөр.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сумын засаг даргын захирамжийн дагуу нэг хүний худалдан авсан битүү тэвнэ есөн зуун ерэн есөн мянга долоон зууд дөхөж очив. Хүүхдүүд битүү тэвнээ долоон, голоо зогооход хүрч өлсгөлөнд орсон тул сумын ард түмэн бослого гаргахаар шийджээ. Ардууд “Битүү тэвнийг сөнөөхийн төлөө” хөдөлгөөн байгуулан сумын дарга болон үйлдвэрийн эзэн арван хөрөнгөтнөөс бусад бүх хүний гарын үсэг цуглуулсан байна. Хөдөлгөөний тэргүүн чоно Луузан:

-Ажлын долоон өдөрт багтаан бүх битүү тэвнийг эргүүлэн худалдаж авах. Үндэсний үйлдвэр дэмжигч сумын засаг даргыг үг дуугүй огцруулах шаардлага тавьж байна хэмээн өндөр дуугаар тулган шаардах бичгээ уншлаа.
4 дүгээр сарын 5-ны Хутганы ир өдөр.
“Битүү тэвнийг сөнөөхийн төлөө” хөдөлгөөний өлсгөлөн зарласан хүмүүсээс нэг нь талийгаач болж сумын дарга буулт хийхээс өөр аргагүй байдалд орлоо. Хөдөлгөөнийхөн овсгоотой ажиллаж тэртэй тэргүй нарийнтаж үхэх гэж байсан хялгас Даржааг авчирч өлсгөлөндөө оролцуулсан нь монголоор нэг шуугиан тарьсан нь энэ байлаа. Битүү тэвнийн арван үйлдвэр аргагүйн эрхэнд борлуулсан бүтээгдэхүүнээ буцаан худалдаж авах болов.

4 дүгээр сарын 9-ний Тэрсүүд өдөр.
Үйлдвэрлэж зарснаасаа хорь дахин илүү битүү тэвнийг бид буцаан худалдаж авлаа. Аргагүй шүү дээ. Миний туршлагыг дэлхий даяар сурталчилснаас аймгийн арван найман суманд битүү тэвнийн хоёр зуун хорин үйлдвэр ажиллаж байгаа юм чинь. Зэргэлдээ сумын үйлдвэрүүдийн борлуулалтын менежерүүд манай сумын улс төрийн нөхцөл байдлыг соргог мэдрэн капиталист овсгоо гаргаж манай сумын ардуудад битүү тэвнээ хямдхан өгдөг болоод байгаа нь тэр.

4 дүгээр сарын 14-ний Лусын буулттай ховор сайн өдөр.
Дампуурлаас болоод нойр хоолноос гараад байсан миний бие үүр шөнийн заагаар дугхийхдээ хятад хүнд битүү тэвнээ зарж байна гэж зүүдэллээ. Энэ мэргэн санаагаа би авгайдаа ч хэлсэнгүй.

4 дүгээр сарын 30-ны Модон хохимой өдөр.
Монголын 340 сум нэг бүрт доод тал нь арваараа байгуулагдсан битүү тэвнийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг хямд үнээр бөөндөөд Хятад улс руу төмрийн хаягдалд ачуулаад байгаа бизнесийн нууцаа гайтай архинаас болж би задруулчихлаа. Нууц задарсан ч үйлдвэрт оруулсан хөрөнгөө зуу нугалж өсгөж амжсан байсан болохоор нэг их харамссангүй. Тэр орой гэхэд л монгол бүх битүү тэвнэ дээр нэмээд битүү тэвнийн бүх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд урагшаа хил давж байлаа.

Надад одоо сумандаа оёдлын машины зүүний үйлдвэр байгуулах санаа төрөөд байгаа. Чш! Хүнд битгий хэлээрэй!

Wednesday, February 21, 2007

ЦАГДААГИЙН ГЭРГИЙ МИНИЙ ЭЦСИЙН ӨЧИЛ

(фельетон)
Энхрий хайрт ноён Батзандан, Магнай, энхрий хайрт хатагтай Баасан болон бусад хөдөлгөөнүүдийн тэргүүн та бүхнээс нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйя! Та бүгд Төрийн саарал ордноос маш хол, Гурвалжингийн гүүрний тэнд байдаг Тэхийн зогсоол дээр ч юм уу, эсвэл Хүй долоон худагт гэрээ барьж, дараачийн жагсаалаа хийгээч. Тэгэхгүй бол манай гэр бүлийн санхүү маш хүндрээд байна.
Эсвэл энхрий хайрт Ерөнхийлөгч Энхбаяр, Ерөнхий сайд Энхболд минь та хоёр наадуулынхаа үгийг сонсож түргэн огцроод өгөөч. Сөгдөн мөргөж гуйя!
Миний нөхөр мөрөөрөө мөрдсөө дэрвийлгээд ажлаа хийгээд гурван хүүхдээ тэжээгээд яваад байж болдог л байсан. Хөдөлгөөнүүд жагсах сураг гарснаас хойш “Хас” банкны төв байрны өмнө онцгой бэлэн байдал нэрийн дор машин дотор өдөржин хий дэмий худлаа ярьж суух юм уу, ордны арын цэцэрлэгт чулуу няслахаас өөр ажилгүй гиюүрэх болсноор бид хоосон хонох дээрээ тулж, амьдрал сүйрэх нээ.
Нөхөр минь хороололд эргүүл хийж сайн орлого олдог байсан. Дэлгүүрийн үүдэнд оймс зардаг бүдүүн Урнаа л гэхэд нөхөрт минь өдөр бүр мянган төгрөг өгдөг байлаа. Шаг зардаг галзуу Дулам эгч бол бүр бурзайлгана. Үдэш бүр нэг шил үйлдвэрийн архи өгдөг байсан гээд л бодчих. Гурван мянган төгрөг шүү дээ! Энэ мэтчилэн тоочоод байвал зуугаад хүн бий. Самар зардаг хамгийн ядуу Должин эмээ гэхэд л өдөрт таван зуун төгрөг нэг аяга самар баталгаатай өргөн барьдаг байсан юм шүү.
Сүхийн талбайн ойролцоох танихгүй хүмүүсээс, тэгээд бас өөр цагдаад оноож өгсөн талбайгаас яаж мөнгө саах вэ? Ядахдаа арвуул хориулаа хамт хөлхөлдөж байгаа болохоор бие биендээ шавар хаагаад, тэр хавийн гудамж талбайг хариуцсан цагдаа хүртэл өөрөө орлогогүй болсон гэнэ лээ. Хөдөлгөөний жагсаалд оролцож байгаа хий өвчтэй галзуу солиотой юмнууд чинь хүнд сохор улаан зоос ч хялайлгаж сураагүй сэнтэг юмнууд байгаа тухай нөхөр минь гомдоллож байна билээ. Эртүүд гэрийн унины хугархайтай ирсэн. Энэ нь тэднээс олдсон цорын ганц орлого байсан гээд л бодчих. Арай дэндүү.
Жагсаал цуглаан эхлэхээс өмнө мөн ч сайхан байж дээ. Нөхрийг минь эргүүлд гарах үдэш дор хаяж таван согтуу тааралддаг байсан гээд тооц доо. “Согтуу сэжиг бүхий этгээдийг заавал нэгжиж шалга” гэсэн даалгавартай юм чинь. Нэг согтуугаас наад зах нь нэг гар утас гарч ирнэ. Ноднин намар нэгэн согтуу бүр хэдэн сая төгрөг хармаалж явсан гээч. Ёстой нэг бурзайж билээ! Тэгэхэд хөдөлгөөнд оролцож байгаа согтуучууд халаасандаа ядахдаа зуун төгрөг ч үгүй арчаагүй амьтад байна гэсэн. Тэднийг нэгжиж гараа бузарлаад яах вэ дээ, ёстой дараа л байна.
Сүхийн талбай хавийн цайны газар, баар кафены эзэд “өөр хороог хариуцдаг” шалтгааны улмаас миний нөхрийг тоохгүй үнэгүй хооллохгүй байна. Өдөр бүр өөрийнхөө мөнгөөр хооллоод байхаар чинь яаж мөнгө тэсэх вэ дээ? Эртүүд яасан гээч нэг муу жаал дээр очоод гутлаа тослуулсан чинь мөнгө нэхсэн гэж байгаа. Хажууд нь явсан олон цагдаа нар шавар хаагаад, хараад байсан болохоор миний нөхөр аргагүйдсэн гэсэн. Хайран мянган төгрөг!
Жагсаал цуглааны түгшүүр авснаасаа эхлэн нөхөр минь байн байн нүдээ хөхөртөл цохиулж, толгой дээрээ булдруу гартал дэлсүүлж байгаа. Бие хаа толгой түрий нь нилдээ шарх сорви болсон. Толгойны булдруу ч яахав. Хувцас хунарыг нь яана аа! Юу ч үгүй ураад хүүчээд хаячихсан. Зарим хувцсыг нь долоон жилд нэгхэн удаа хангалтаар тавьж өгдөг юм шүү дээ. Олон хоног тослохгүй явснаас гутал нь хаврын салхинд хатаад Амбийгийн нүүр шиг барзгар болчихсон.
Нэг ичмээр зүйлийг нуулгүй хэлэхэд хөдөлгөөний суулт жагсаал үргэлжлэх хугацаанд нөхөртэйгөө нэг ч удаа дэр нэгтгэсэнгүй. Хааяа л нэг барааг нь амьдаар нь харж хам хум ганц үнсүүлж амжих юм. Заримдаа бүтэн долоо хоногоор алга болоход нь Ийглийн мэдээгээр амьд сэрүүн гэдгийг нь харж элгээ дэвтээдэг. Гутал барзайсан шиг би ч мөн хатаж гандаж гүйцээд эр хүний оргилж булгилсан халуун зүйлийг үгүйлэн санаж гормоны дутагдалд ороод хэцүү байна. Эр нөхрөө хүлээн хагсах гэдэг адгийн тамлалт байдаг ажгуу.
Ард иргэдээ гэмт хэргээс хамгаална гэдэг нэр хүндтэй орлоготой сайхан ажил байжээ. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эрхмийг ард иргэдээс хамгаална гэдэг цалингийн тавхан цааснаас өөр орлогогүй тамтай ажил юм. Одоо манайх Нарлаг хотхоноосоо нүүж Шар хаданд хашаа байшинд очиж байна. Жагсаалын түгшүүр удаан үргэлжилбэл нүх хонгил руу ч орсон байхыг үгүйсгэх аргагүй боллоо. Хүүхдүүд маань хэцүү байна. Нэгдүгээр сургуулийг хотын захын жирийн сургуулиар солино гэдэг сэтгэлийн дааж давшгүй дарамт гэдэг нь ойлгомжтой.
Дахин гуйя. Жагсаал суултыг дахин хэзээ ч бүү хийгээч! Эсвэл энхрий хайрт хоёр эрхэм минь түргэн огцорч өгөөч! Энэ гуйлтыг эс биелүүлэх аваас эцсийн шийдвэртэй арга хэмжээг авч, тэмцлийн өөр хэлбэрийг сонгох болно. Миний ард мянга мянган цагдаагийн гэргий байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээж байгаа гэдгийг дуулгая.

Thursday, February 15, 2007

Битүүний андуурал

(шог өгүүллэг)
Битүүний өдөр нийслэлд гарсан нэгэн хэргийг шүүж байлаа. Хэрэгт дуртай хүмүүс танхим битүүртэл чихцэлдэн суужээ. Битүү хар хувцастай шүүгч эмэгтэйн дуунд цонхны шил чичирч байх нь дуулдана. Хэрэгт холбогдогч Лүмбээ шүүгч рүү гөлөлзөж, толгойгоо маажин, түгдэрч:
-Битүүний орой, найзындаа битүүлээд буцаж явсан юм л даа. Автобусны цонх битүү цантай. Буугаад иртэл битүү утаа. Манай буудал мөн гэж санагдсан. Цааш хартал манай байшин байх шиг байсан, тэгээд… гэснээ түгдрэн таг боллоо. Шүүгч:
-Тэгээд яасан? гэвэл Лүмбээ улам тэвдэн, түгдэрч байснаа:
-Тэ, … т, … тэгээд л айлын авгай жирэмсэн болгосон гэхэд шүүх танхимд шивэр авир гэлцээд явчлаа. Хохирогчийн талын өмгөөлөгч, будаг шунх болсон бүсгүй нүдээ том болгон:
-Буудал, байшин хоёрыг андуурч болно. Авгайгаа андуурна гэж байх уу? гэв. Лүмбээ:
-Намайг ороход тэр цаашаа хараад унтаж байсан. Бэ, б, … бэлхүүс, өгзөг нь яг манай авгай. Миний авч өгсөн бээжин дотоож гарцаагүй мөн байсан л даа. Тэгээд л … гэж байна.
-Ална аа, чи мууг… гэсээр шүүх хурлын танхимаас нэг бүсгүй босч ирэхэд хажуудах улс нь дарж авлаа. Эндүүрлээр жирэмсэн болсон хөөрхий хохирогч бололтой. Хүмүүс түүнийг хэрэгтэн Лүмбээг алахаар босч ирлээ гэж бодсон нь үгүй аж.
-Төрсөн өдрөөр хужаа дотоож бэлэглээд, францынх гэж хулхидсан байна ш дээ хэмээн бүсгүй нөхөр лүүгээ чарлаж гарлаа. Эхнэр нөхөр хоёрыг шүүгчийн тушаалаар хурлын танхимаас чирч гаргав. Хэрэгт холбогдогч Лүмбээгийн өмгөөлөгч босч, бүсгүйг буцаан оруулж ирэхийг шаардаад, хохирогч өөр хүнтэй унтаж байгаагаа яагаад мэдээгүйг заавал асууна гэж зүтгэв. Буцаж орж ирсэн бүсгүй мөн л хэрэгтэнтэй адил түгдэрч эхэллээ.
-Юу л даа. Нөхөр бид хоёр бас битүүлээд, … гу, гу, … гурав, дөрвөн шил юм уусан байсан л даа. Тэгээд л … гэж дуулдах төдий хэлэв. Харин авгайгаа өөр хүнтэй “юу яаж” байх хооронд нөхөр нь гал тогоонд тасраад унасан байж.
Хохирогч тал андуурлаар гэдсэнд орсон хүүхдийн арван найман нас хүртэлх бүх зардлыг Лүмбээгээр гаргуулна гэсэн бол Лүмбээгийн өмгөөлөгч зардлын талыг буудал андууруулсан автобусны компани хариуцах ёстой гэж байна.
-Андууралд ганц автобусыг буруутгах нь шударга бус байна гэсээр автобус компанийн өмгөөлөгч босч ирлээ. Түүнийхээр бол хотоор нэг ижилхэн есөн давхар байр босгосон барилга компани, хотын захирагч, утаагаа арилгаагүй Байгаль орчны сайд бүгд андуурлын хариуцлага хуваалцах нь зөв аж. Шүүхийн битүү танхим битүү мэтгэлцээнээр дүүрэв.
… Битүүний андуурал болсноос хойш арван есөн жил өнгөрөв. Андуурлаар төрсөн хүү цэргийн алба хааж, өсгөсөн аав, төрүүлсэн ээж хоёр нь тэр жилийнх шигээ хоёулахнаа битүүлж байна. Хүүгийн арван найм хүртэлх зардлыг хэн хариуцахыг шийдэх шүүх хурал үргэлжилж, Бээжингээс ижилхэн ягаан дотоожуудыг бөөндөж ирсэн наймаачин бүсгүй мэдүүлэг өгсөн тухай “Цаг” хөтөлбөр мэдээлж байлаа.

Цагаан сарын бэлэг

Monday, February 12, 2007

ЗАЛХУУРЦГААЯ ЭРЧҮҮД ЭЭ

(уриалга)
Хэдэн зууны тэртээд Ньютон гуай залхуурч суутал толгой дээр нь алим унаснаар бүх ертөнцийн таталцлын тухай хуулиа нээчихсэн гэлцдэг шүү дээ. Ньютон ажилсаг хүн байж таараад модны сүүдэрт залхуурч суух бус эхнэртээ гурил элдэн гал тогоондоо зогсож байсан бол хүн төрөлхтөний оюуныг урагш үсэргэсэн суут нээлтээ хийж чадахгүй байж. Аймаар байгаа биз! Энэ тухай би эхнэртээ үргэлж хэлдэг хүн.
Гэвч алтан сургаалыг минь тэр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ шал руу унагамагц хамаад хогийн савандаа хийчихнэ. Намайг сонин гарчиглаад түр зуур суугаадахъя гэхээр л авгай:
-Чи арай дэндүү залхуу юм аа гээд л үглэж эхэлнэ. Бөхийхөөсөө залхуураад тавгаа буйдан дээр тавилаа л гэнэ. Тавиур өөд зүтгээд шампунь авчихгүй залхуураад үсээ барааны савангаар угаачихаж, бүрзийгээд хэрэг алга л гэнэ. Над шиг залхуу хүн хорвоо дээр байхгүй юм байх аа. Заримдаа би тэвчээр алдаад:
-Тэгж ярих юм бол байгууллагын хөдөлмөрийн аварга хүн шүү, би чинь гэж хэлэх боловч хүүхдүүд энэ үгийг сонсоод:
-Юу гэнэ ээ, хөдөлмөрийн аварга гэнэ үү? Ийм залхуу байж уу… хэмээн савж унан инээлдэж намайг шоолно.
Бодоод байхнээ нь залхуу хүмүүс л дэлхий ертөнцийг хөгжүүлж, хүн төрөлхтнийг чирч явдаг байх юм. Хэрвээ эрхэм Ерөнхийлөгч маань ажилсаг хүн байж таараад барилга дээр борви бохисхийлгүй тоосго зөөгөөд гүйсэн юм гэхэд хэн улсыг удирдах вэ? Тэр залхуурахдаа ширээний ард суудаг яршиг төвөг багатай ажил руу зүтгээгүйсэн бол хөөрхий бид удирдагчгүй байх нь.
Монголчууд их залхуу хүмүүс. Явган таваргаж явахаасаа залхуураад морь унаж давхихыг сэдсэнээр тээвэр холбоонд үсрэнгүй хөгжлийг авчирсан юм шүү. Их хаадын үед баруун европт байгуулсан ялалтын мэдээ морин өртөөгөөр оройдоо л Онон мөрний хөвөөнд хүрдэг байсныг хүн төрөлхтөн одоо ч шагшин гайхсаар л байна.
Үгүй тэгтэл европчууд биднээс илүү залхуу хогнууд юм. Хашин морины шогшоонд элэг бөөрөө унагачих шахан ондогонож явахаасаа залхуураад газрын тос идээд өөрөө явчихдаг тэрэг зохион бүтээчихээд намалзуулж явдаг болсон байгаа юм даа. Тэр бас юу ч биш, дараа нь 1905 онд ах дүү Райт гэж хоёр залхуу америк “УАЗ-469” тэрэгний хонины хонхорт сэгсчүүлж явахаасаа бас л залхуураад анхны онгоцыг зохион бүтээгээд өөрсдөө ниссэн байдаг.
Намайг ийнхүү бодолд автсан шиг хоолоо ганц хоёр сэрээдэж суутал, эхнэр:
-Чи арай ч дээ, махаа зажлахаасаа залхуураад том томоор нь залгичихаж байна шүү дээ. Үгүй чи минь яана даа гээд л үглэж эхэллээ. Би тэссэнгүй:
-Тэгж ярих юм бол чулуун зэвсгийн үеийн хүмүүс түүхий мах удаан зажлахаасаа залхуурч ялз чанасан мах иддэг болсноор оюун санаа нь үсрэнгүй хөгжсөн юм шүү дээ гэлээ. Хүү тэгтэл:
-Ха ха, аав аа, чулуун зэвсгийн үеийнхэн чинь таныг дагуулахгүй ажилсаг хүмүүс. Ээжүүддээ мах авчирч өгдөг байсан гэж байна.
-Тэр жил намайг нэг удаа дэлгүүр лүү сүүнд гүйхэд та хоёр өлгийтэй байсан, хүүхдүүд минь. Тэгж яривал, чулуун зэвсгийн үеийн эрчүүд эхлээд жад шидэж махаа олдог байсан юм. Тэгтэл нэг залхууд нь суганы булчирхайгаа цочоон жад шидэлж байх төвөгтэй санагдаад нум сум зохион бүтээчихсэн юм шүү дээ. Нум сум гэдэг чинь хүн төрөлхтний оюуны үнэт өв гэж би хариу барилаа.
Намайг ийнхүү алтан сургаалаа айлдаж суух зуур авгай тоос сорогчоо асаалаа шүү. Зочны өрөөний шал тавхан хоромд л цэмцийх нь тэр.
-Тэгж ярих юм бол, наад тоос сорогчийг чинь нэг залхуу япон эр зохион бүтээсэн юм шүү дээ. Наадах чинь байхгүй байсан юм аа гэхэд чи шүүр бариад яаж зовж энэ өрөөгөө цэвэрлэх байсан бол? гэж би хашгирлаа.
-Эргэн тойрноо хар! Энэ зурагтыг сонин уншихаасаа залхуурдаг хүн хийсэн юм. Тэр угаалгын машиныг бүтэн өдөржин цамцаа нидрүүлгэнд үрж суухаас залхуурсан хүн бодож олсон!.. гээд цааш тойруулан тоочих гэтэл авгай хүүхдүүд нэгэн зэрэг цагаан тугаа өргөлөө.
Нээрээ, хүмүүс залхуурдаггүй байсан бол яана аа. Хадан агуйдаа түүхий махаа зулгаагаад л сууж байх нь шүү дээ. Аймаар!


Жич: Миний ууц өвдөөд. Эмч тэгтэл суудлаас болсон байна. Өдөр бүр гүйж, дасгал хийж бай гэсэн. Залхуурал минь, буйдан минь баяртай гээд энэ өгүүллэгээ нийтэлж байгаа юм шүү. Доор байгаа зураг энэ өгүүллэг хоёр ямар нэгэн шижмээр холбоотой болохыг уншигч авхай та анзаарах биз ээ.

Би даатгуулчихсан хөөн!

Wednesday, February 7, 2007

ПРОГРАММИСТЫГ ХЭН ТӨРҮҮЛДЭГ ВЭ?

/хошин өгүүллэг/
Японд сайн программистыг хэдэн дээд сургууль дамжуулан бэлддэг. Ингэхдээ тэд иень гээч мөнгөө хэдэн живаагаар нь баруун солгойгүй цацаж бөөн үрлэг зарлага болж, өр шир тавина.
Шаварчны хүү шаварчин, программистын хүү программист болно гэсэн үзлийг хятадууд ягштал мөрдөнө. Тэд хэдэн үе дамжуулан өч төчнөөн зоос үрж байж программын нарийн ширийн мэдлэгийг хуримтлуулж авамшаа болно. Арайхийж! Тэр мэдлэгээ үхэхийнхээ өмнө төрсөн ганц хүүгийнхээ баруун чихэнд аяархан шивнэдэг. Ингэхдээ цус нус, цагаан улаан бөөмийн хэдэн төрлийн шинжилгээнд давхар давхар оруулж хоноцынх биш эсэхийг нь дахин дахин магадалдаг.
Харин Монголд бол шал өөр. Программист байгалийн жамаар өөрөө бүрэлдэн буй болно. Бүр тараг мэт бүрэлдэн иснэ.
Жинхэнэ монгол ээж Долгор, хүү Дондогийгоо хотны захад хаячихаад хонио саана гээд арилж өгнө. Ой дөнгөж шүргээд байхад нь шүү дээ! Дондог дураараа тарвалзана аа. Атга шороо авч амандаа хийнэ. Зажилж үзнэ. Залгиж ч үзнэ. Улаан хоолойг нь үзүүр ёзоортой чулуу часхийтэл урж сандаргана. Гай үүгээр зогсохгүй ээ. Нарийн шороо шүлсэнд зуурагдаад хоолойд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тээглэхийн цагт пүсхийтэл хахаж цацан байдгаараа орилж, сүйд майд болно.
Ингээд л нэг настай Дондог хүүгийн бяцхан тархинд чулуу, шороо, элс, үнс, хоргол, хомоол, хар хорхой, тэмээн аалз, өмхий тонгой… гэх зэрэг өгөгдлүүдээс залгиж болдог ба болдоггүйгээр эрэмбэлсэн алгорифм дараалал бүрэлдэн буй болно. Программист Дондог эхний шалгалтаа 69 “D” өгчих нь энэ.
Тэгж байснаа хүү тэнтэр тунтар алхаж эхэлнэ. Улайдталаа халсан зуухны хүхээгт алгаа нааж аюул болно. Буцалж байгаа цагаанд хуруугаа дүрээд часхийтэл орилж, өнөөх нь цэврүүтэж, баалж, уйлаан майлаан шаналан энэлэн хэдэн өдөр үргэлжилнэ ээ, базарваань. Захиалагч талаас тогтоож өгсөн “дулааны хэм” хэмээх нөхцөлт хэмжигдэхүүн хүүгийн баруун гарын алга, зүүн гарын долоовор хуруун дээр насан туршид нь арилшгүй сорви үлдээх нь энэ. “Ий халуу-у-н!” гэх эцэг эхийн анхааруулах дохиог сонсмогцоо логик дараалал бүхий үйлдлийн системийн дагуу гараа нуудаг болно! Программист Дондог хоёр дахь шалгалтаа 78 “С” өгчихлөө.
Есөн нас гэдэг ерөөсөө гуйгаагүй байхад дайраад л ирнэ. Долоогийн “А”-гийн Сугар ах арилжаа шаргыгаа унуулж, арааны шүлс асгаруулсан мөсөн чихрээ харамгүй эмтэлж саймширна. Тэгээд тэр Дондогийг “За ахын дүү, ёстой сэргэлэн ш дээ!” гэж хошгируулна. Саахалт айлын Чимгээд гоё гэгч дөрвөлжилж эвхсэн захидал атгуулах төслийг Дондогийн гараар хэрэгжүүлэх гэснээс л тэр. Сугар “Хэрвээ Чимгээгийн дэргэд аав нь байвал болохгүй, ээж байвал нүдийг нь хариулаарай, том эгч байвал ойртсоны ч хэрэггүй шулам шүү цаадах чинь!” хэмээн захина. Мөсөн чихрийн авилга авсан юм болохоор Дондог хүү саахалтынх руугаа зориг муутай алхахаас өөр аргагүй. Алхаж явахдаа “Аав нь байх юм бол худлаа бор үрээгээ асууна, ээж нь байвал Чимгээ рүү дөхнө…” гээд л үйлдлийн дараалал, хариу үйлдлийн системээ боловсруулсан шиг ээ, айдсаа умартана. Сугарын шуудангийн ногоон онгоц болж ээ явтал Дондог программист гурав дахь шалгалтаа 80 “В” дүнтэй давчихсан байна шүү дээ.
Дондог хүү өглөө босох бүртээ нэг шинэ программ бодож олох зайлшгүй шаардлага тулгарна. “Чөдөртэй морьд хаа хүрсэн бол?” хэмээх энэ бодлого тоо томшгүй олон шийдэлтэй. “Хул морь дагуулсан бол баруун хойшоо явсан байгаа” ч гэх юм уу, “Мөрийг нь харахад бөгтөр буурлын зүүн урд хөлийн чагт мултарчээ. Өрөөлдөөд сул юм шиг алга болсон байгаа даа” гэж бодогдоно. Эсвэл “Өндөр хээрийг услаагүй чөдөрлөчихсөн, хойд гол руу орчихоо вий” гэж толгой гашилгана. Өглөө бүр л программ зохиох дасгал ажиллаад 85 “В” аваад байгаа хэрэг.
Дондог нэг л мэдэхэд арван тав хүрч хонинд явдаг болсон байна. Саахалт айлын Алимаад хэт шохоорхоод, хонио дэндүү ойртуулснаас нийлүүлж, авгайчуулын хараалыг барна. Дамбий гуайн айхавтар бухаж тонгочдог улаан бярууны толгойд бугуйлаа чиргүүлж тавьчихаад бас яана гээч. Хойд голын Болдоотой мөрийцөөд, алаг үрээгээрээ эрэг рүү харайлгаж байгаад эмээлээ чиргүүлж тавьчихаад үзээгүйгээ үзэх бас энүүхэнд.
Энгийн, нийлмэл, давталттай, давталтгүй гээд энэ бүх үйлдлүүд ганцхан хариун дээр очиж зангилагдана. Тэр нь юу гээч? Аавын чөдрийн гувруу татсан ороолголт! Аманд цус амтагдах шиг болж, ганц хариу бүхий олон үйлдлийн систем ч гэнэ үү мэргэжлийн ойлголт орой руу шурдхийтэл гулсаад ирнэ. Программист Дондог дөрөв дэх шалгалтаа 99 “А” өгчих нь тэр.
Дэлхий дахинд компьютерийн сураг дөнгөж л гарч байсан жар далан онд ийнхүү Дондог хэмээх авьяаслаг программист Монгол газар шороон дээр байгалийн жамаараа бүрэлдэн буй болсон түүхтэй байх юм. Монгол цусны программистууд үнэд орж, манай галактикийн од гариг бүхнээр нэг таран ажиллаж байгаагийн учир ийм буюу.
Дэлхийн программ хангамжийн акул компаниуд монгол программист Дондогийн төлөө үхэлдэж байна шүү дээ цаана чинь!

Tuesday, February 6, 2007

ОНИГОО

Пара олимпийн усанд сэлэлтийн тэмцээн болж байна. Гаргүй, хөлгүй янз бүрийн тамирчид уралдахад бэлэн болжээ. Хамгийн сүүлчийн зам дээр ганц толгой зогсоно. Гарааны дохио дуугарахад бүгд сэлж, толгой л ёроол руу живлээ. Түүнийг гарган ирж, ам хамрых нь усыг гарган, сэргээтэл нүдээ нээн:
-Би таван жил сургууль хийж чихээрээ сэлүүрдэж сурсан юм. Тэгсэн чинь олимпийн хорооны илжигнүүд надад резинэн малгай өмсгөчихөж байгаа юм даа гэж тэр уурлажээ.

*******
Залуухан хоноцод айлын арван найман настай охин дэндүү таалагдсан учир түүн рүү очихоос өөр арга байсангүй. Шөнө охины унтлагын өрөөнд сэмхэн явж орсон залуу бүхий л авьяасаа шавхлаа.
-Таныг гарахгүй бол аавыгаа дуудлаа шүү хэмээн охин айлгана. Залуу арайхийн охиныг зөвшөөрүүлэв. Гэтэл охин гэж цадаж ханахаа мэдэхгүй шулам! Залуу таван удаа “юу яагаад” охины дэргэд тэрийн уналаа. Охин дахиад л түүнийг оролдож байна. Залуу:
-Тайван байлгаач, эсвэл би аавыг чинь дуудлаа шүү! гэж уурлаж байна гэнэ.

*******
Нэгэн студид угаалгын машины рекламыг эротик, секс хэлбэртэй хийх захиалга ирэв. Сарын дараа зураг авалт дуусч телевизээр цацав. Эхлээд түмпэнтэй цагаан хэрэглэл тэвэрсэн авгай гол руу ирэн, даавуугаа угааж эхэлнэ. Гэнэт шалдан эр харайн гарч ирээд авгайг чирч одно. Авгай бутан дотроос “Туслаарай, намайг хүчиндэж байна!” хэмээн орилоход хөтлөгч хүнгэнэсэн хоолойгоор “Хүчинддэг байсан, одоо ч хүчиндэж байна. “Акира” угаалгын машиныг худалдаж авахгүй бол ирээдүйд ч хүчиндсээр байх болно” гэсэн рекламын ролик бүтээсэн байлаа.

*******
Эмийн сан руу боловсон байрын залуу орж ирэн, эмийн санч бүсгүйгийн чихэнд нэг юм шивнэн хэллээ.
-Юу яасны чинь хамгаалалтын хэрэгсэл? Манайх эмийн сан болохоос батлан хамгаалах яам биш гэж нөгөөх нь уурлав.

*******
Эмч өвчтөнөөс:
-Та чинь яахаараа халуун зунаар хатгаа авчихдаг байна аа?
-Хн, айлын балкон дээр шалдан шахам өглөө болтол зогссон юм чинь.
-Яагаад шалдан шахам гэж?
-Ганцхан бэлгэвчтэй л байсан байхгүй юу.

Monday, February 5, 2007

ЭЗЭНТЭЙ ШОГ

Шог зохиолч Цэрэнжамц гуай нэгэн суманд очоод байж. Гудамжинд зогсож байтал нь их гоё жийп унасан баян хүрч ирээд,
-Хөөе, хүн гуай. Улаанбаатар ортол хэдэн өдөр явах вэ? гэж. Мань эр дуугарсангүй. Жийптэй нөхөр амандаа хараагаад цааш ухасхийн алга болов. Тэгтэл Цэрэнжамц гуай араас нь малгайгаараа даллаад гүйж байна гэнэ. Баян буцаж ирвэл,
-Улаанбаатар ортол арван цаг явна гэж.
-Түрүүнийгүй хэлэхгүй яадаг годил вэ?
-Чамайг ингэж давхидгийг түрүүнийгүй мэдээгүй байсан ш дээ годил нь.

Ш.Сүрэнжав гуай хэлж байна гэнэ. Энэ Цэрэнжамц миний талаар янз бүрийн юм гаргаад байгаа дуулдана. Намайг:
Ном уншихдаа цагаан шилээ зүүдэг
Ноймор зарлахдаа ягаан шилээ зүүдэг
Нойрноос сэрэхдээ ногоон шилээ зүүдэг гэж хэлсэн байна. Би хариуд нь тэгэхээр бас гурван мөрт гаргалаа.
Дагз нь үсээ барихаа байсан
Давсаг нь усаа барихаа байсан
Данс нь балансаа барихаа байсан гэлээ, энэ болох уу?

Цэрэнжамц гуайгаас энэ манай монголын яруу найрагчид чинь ямаршуухан төрхтэй шүлэг бичдэг юм бэ дээ гэхэд:
Ухаан ихэдвэл Чойном шиг шүлэг бичдэг
Улс төр ихэдвэл Гайтав шиг шүлэг бичдэг
Уянга ихэдвэл Явуу шиг шүлэг бичдэг
Ур ихэдвэл Пүрэвдорж шиг шүлэг бичдэг
Уур ихэдвэл Дашбалбар шиг шүлэг бичдэг
Ус ихэдвэл Сүрэнжав шиг шүлэг бичдэг
Уураг ихэдвэл Лхагвасүрэн шиг шүлэг бичдэг
Ууш ихэдвэл Лхамсүрэн гуай шиг шүлэг бичдэг гэсэн гэдэг.


ХОРЖООНТОЙ ДУРСАМЖ

Нана нэгэн дуучны концертийг үзсэн тухай бичсэнд нь сэтгэгдлээ үлдээснээ жаахан дэлгэрүүлээд энд бичье.
1997 онд, тэр дуучин дөнгөж “Гэргийн дуу” ч билүү нэг дуугаараа бага зэрэг нэрд гараад байхад нь ярилцлага авч байж. Хэнээс гээч! Энхзулаас… Ямар сонинд гээч? Сумын сургуулийн залуу багш нарын ханын сонинд.
“Хүүш ээ, чи яасан сэргэлэн юм бэ? Бид нар чамайг орон нутгийн сониных нь сурвалжлагч юм байх гээд л бодлоо ш дээ. Алаад хачихлаа ш дээ” гээд Нарангуа тэр хоёр татаж унатлаа инээж байж билээ. Би болохоор Засаг даргын тамгын газрын үүдэнд зөрөхдөө “Та хоёроос ярилцлага авах гэсэн юм” гэчихсэн ухаантай. Тэр хоёр Алтайд “Ардчилсан социалист залуучуудын холбоо” гээч юмыг байгуулах шоунд очоод байсан юм.
Одоо түүнийгээ найз нартаа ярихаар хичнээн их инээдэг гээч. Хөдөөний нэг сумын сургуулийн залуучуудын холбооны ханын сонинд хээв нэг “ярилцлага авна” гэсэн шүү юм хэнэг ч үгүй хэлээд хаячихсан байгаа юм даа. Би тэр үед Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байж. Дуучин Алтанцэцэг, Энхзул, Нарангуа гурав татаж унатлаа хөхрөлдөөд, “Ханын сонин юм бол “улаан гараараа” хэдэн юм бичээд өгье” гэлцээд гээд хэдэн үг бичиж өгч байж.
Гэхдээ тэр л бяцхан ханын сониноос миний бүх уран бүтээл эхэлсэн байдаг юм даа. Гурван жилийн дараа нь нээрээ л “орон нутгийн” гэгч сониндоо ажилд орсон. Манаргаж явж дээ…
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates