Wednesday, October 8, 2014

АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР




(памфлет)



Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан.
“Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амьдарна” гэсэн. Энэ үг үлгэр мэт сайхан сонсогдож, үй олон хүн үүнд автаж, татагдаж, итгэсэн. Ард түмэн хараацайн үгийг дагаж ялгуулсан их хувьсгал хийн, улаан мангасыг даран сөнөөсөн бөлгөө. Гэвч тэр үлгэр шиг сайхан амьдрал нь ирээгүй л...
Хараацай болгоны амнаас юмны түрүүнд унадаг байсан нэгэн үг бий. “Хэтэрхий олон дарга ард түмний хүзүүн дээр сууж байна. Ийм олон мангас бидэнд хэрэггүй! Огцорцгоо! Далдарцгаа!” гэж тэд хашгирч байсан. “Хүнд суртлын нүсэр аппарат, олон ёроолгүй гүзээг тэжээснээс Монгол улс үгүйрэн хоосорч байна” хэмээсэн. Тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид нь есөн мангас суудаг, арав хүрэхгүй яамтай байхад энэ үгийг хараацайнууд хэлж байж!
 Гэтэл одоо энэ тоо хэд болсон билээ? Улсын их хурал гэгчид нь далан зургаан гүзээ сууж байна. Хориод яаманд хорин хэдэн сайд сэнтийлдэг. Түүгээр ч барахгүй дэд сайдууд гэх сайдаасаа дутахгүй том гүзээтнүүд бий. Газар, агентлагийг тоолох гэвэл сампингийн эрих хүрэлцэхгүй. Өнөөх хараацайнууд одоо өөрсдөө цондойсон хөөрхөн гүзээтэй болоод ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, хотын захирагчийн сэнтийд залраад, “Олон дарга огцор!”, “Хүнд суртлын нүсэр аппаратыг устга! хэмээсэн цогтой халуун үгээ таг мартчихсан сууна. Дарга нар байр савандаа багтахаа байж, хуучны яам тамганы дэргэд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгууд босгоцгоожээ.
“Монгол хүн эх орныхоо эзэн байж, эрх чөлөөтэй амьдарна!” гэж хараацайнууд чанга жиргэсэн. Ямар гоё вэ? хэмээн зон олон бүгдээр дуу алдсан. Гэтэл яав аа? Малчин Гомбо төрсөн довныхоо эзэн байж, хөдөөдөө амьдаръя гэхээр Дамба гишүүний уул уурхайн компани өвөлжөөг нь өрлөөд, зусланг нь зураад, хашаа хороогоор битүүлээд буутай манаа зоочихно. Аргаа барсан Гомбо хот руу нүүнэ. Түүнд 0,5 га бүү хэл гадас хатгах ч газар олдохгүй. Амьдрахын эрхэнд уулын оройд гэрээ барьтал хорооны түшмэл, “Зөвшөөрөлгүй”, “Үерийн ам”, “Өндөр хүчдэлийн шугам” гэж хөөнө. Эрхэм гишүүн Дамба харин хэдэн зуун га газрыг чөлөөтэй аваад, орон сууцны хороолол барьчихсан амандаа багтахгүй үнэ хэлэн хаахалзана. Эрх чөлөөтэй, эх орны эзэн болгох гэх үг бас л үлгэр.        
“Хаад ноёд, харц ард бүгдээр эрх тэгш байна!” - энэ бас л тэдний үг. Гэвч амьдрал дээр ямар болчихоод байгаа билээ? Нийслэлийн дугаар хорооны иргэн Гомбо Улсын их хурлын сонгуульд нэрээ дэвшүүллээ гээд яах юм бэ? Ядахдаа арван ширхэг ухуулах хуудас хэвлүүлэх мөнгө түүнд бий билүү? Эрхэм гишүүн Дамбад харин бүх зүйл нээлттэй. Мөнгө хөрөнгө, танил тал бий.
Төрийн түшээ улсын 14 тэрбумаар тоглочихсон байтал хэрэгсэхгүй. Энгийн хүн 10 мянган төгрөг авсны төлөө арван жилийн ял сонсоно. Улсын их хурлын гишүүн, хаад ноёд халдашгүй дархан эрхтэй. Гэмт хэрэг хийж байхад нь үйлдэл дээр нь, хэдэн гэрчтэйгээр баривал л эрхэм гишүүнд хэрэг үүсгэх магадлалтай. Харц ард, жирийн иргэн бол сэжигтэй харагдсаныхаа төлөө нэгжүүлж шалгуулж, өчнөөн доромжлол амсана.
Тэд “Ард иргэдээ ардчилсан нийгэмд, эрүүл саруул, амар жимэр аж төрүүлнэ” гэцгээсэн. Хувьсгал ялаад 24 жил боллоо. Хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж, ард иргэдээ амар жимэр, эрүүл саруул амьдруулав аа? Өнөөх захиргаадалтын бурангуй балар үед баригдсан сургууль эмнэлгүүд элэгдээд дуусч байна. Цаашдаа яах юм, бүү мэд. Таван залууг зүгээр л гудамжаар гүйж явсных нь төлөө төр нь өөрөө буудчихсан.   
Мангасуудын үед төрийн аппаратад ажилтан авахдаа боловсрол, мэдлэг чадварыг нь шалгаж, намтар түүхийг нь судалж, өндөр шалгуур тавьдаг байсан. Хэр баргийн хүн засгийн ажилд тэнцдэггүй байж. Гэтэл одоо ямар шалгуураар төрийн түшмэдийг авдаг болсон билээ? Ерөнхий сайдын хамаатан эсвэл намдаа мөнгө хандивласан бол хар толгойтой хонийг ч албан тушаалд томилдог болсон. Сайдын суудал тэдэн тэрбум, төрийн нарийных тэдэн зуун сая гэлцэн сандал суудыг наймаалцдаг гэх жиг жуг яриа ч бий. Алдаа гаргасан даргыг хурлаар хэлэлцэж, хатуу донгодож, тушаал бууруулж, амийг нь авдаг байлаа. Одоо тэгтэл хариуцлагын тогтолцоо гэж байна уу? Хэн гэдэг дарга ямар алдаа гаргаад суудлаасаа буусан бэ? Хэлэх ганц ч жишээ байхгүй. Монгол улсын төр дампуурчихаад байгаа.
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, Б.Дэжид гэх мэт өмнөх үеийн дарга нарыг бүгдийг нь “Муу хүмүүс”, “Мангасууд!” хэмээн хараацайнууд буруутган цоллосон. Гэтэл хэрэг дээрээ ямар хүмүүс байлаа? Тэд улсаасаа сэтэрхий тэвнэ ч хумслаагүй. Хувьдаа Аж үйлдвэрийн комбинаттай, Эрдэнэт концернтой байгаагүй. Улсын байранд амьдраад, улсынхаа төлөө бүх бодол санаа, цаг заваа зарцуулан зүтгэж байсан. Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх өдөр улсын төлөө ажиллаад, үдэш хувийн бизнесээ амжуулдаг байсан гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Гэтэл алтан хараацайнууд минь ямар байгаа билээ? Нэг хараацай нь хувийн амралт, чацарганын тариалантай, нөгөө нь үнээний фермтэй, гурав дахь нь Швейцарь улсад офшор компанитай, түүгээр ч зогсохгүй монголдоо толгой цохих баян корпораци, группийн эзэн болчихсон хараацай ч хэд хэд бий. Гэтэл та бүгдийн эрх чөлөөтэй, баян болгоно, амирлуулна, жаргаана гэж амласан ард түмний амьдрал ямар байгаа билээ?
Үүнийг бичигч ардчиллыг үзэн яддагтаа биш, ардчиллын төлөө санаа зовдогтоо ийнхүү харуусаж сууна. Ардчилал бидэнд ихийг өгсөн нь маргашгүй үнэн. Өөр зам бидэнд байхгүй гэдэг ч бас үнэн. Гэхдээ байдал нэг л биш. Бараг л эсрэгээрээ гэлтэй. Бид улсаа улам дордуулах гэж тэр хувьсгалыг хийсэн хэрэг үү?
Алтан хараацайнууд бараг л бүгдээрээ амьд сэрүүн байна. Ерэн онд яс арьс болсон туранхай бор залуучууд байснаа одоо подойтол махлаад, тарган цатгалан, малийсан цагаан эрчүүд болжээ. Монгол орон ямар болчихоод байгааг тэд сонсож дуулж, үзэж харж, мэдэж мэдэрч байгаа.
            Алтан хараацайнууд минь ээ, ичээч! Ерэн онд хэлсэн үгээ эргэж санаач! Тэр үг чинь үлгэр болчихоод байна! гэж л хэлье дээ.

А.АМАРСАЙХАН
("Mongolian Economy" сэтгүүлийн 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн) 

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates