Thursday, September 4, 2014

ТАТАХ ХҮЧ


/хөрөг дурсамж/
Цэднээ ахындаа очно
Чанга орилон уйлах хүүг ээж нь өглөө бүр тэвэрсээр, аймгийн төвийг хөндлөн туулдаг байлаа. Нэгдэл дундын үйлдвэрийн арын хашаанаас гарч, хойд хорооллын өмнөх айхтар том жалгыг гаталж, Алтай чуулгын өмнүүр өнгөрч, хоёрдугаар сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрэх бүхий л замын турш “Цэцэрлэгт явахгүй! Цэднээ ахындаа очно оо!” гэх хүүгийн чанга дуу хадна.    
-Сайндаа л долоо хоног уйлна биз. Сурчихдаг юм гэж багш нар нь хэлнэ. Гэвч хүү замын турш өнөөх л үгээ давтан уйлсаар л. Сар шахам чарласны эцэст арайхийж дуугүй явдаг болсон гэдэг. Цэднээ гэдэг бол хүүгийн эцэг Алтангэрэлийн төрсөн ах. Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн тэргүүний адуучин, Аймгийн аварга Цогтын Цэднээ гэгдэж, мандаж явсан сайн малчин.  
-Миний буурал ээж тэнгэрт гарчихсан. Тэгээд л би цэцэрлэгт явж байгаа юм! гэж цэцэрлэгтээ нилээн дасаж, цагааширсан хойноо хүү ярьж, багшийгаа уйлуулж байж. Хүүг гурван нас хүртэл нь харж, эрхлүүлсэн буурал ээж бол Мулзгар гэдэг хөгшин байлаа. Өндөр Бэгз гэж Баян Ааргийнхан цоллодог, Гүн худгийн хойхно Тогтын салаанд өвөлждөг, зундаа Цавын худаг руу бууж зусдаг хүн бол эрх хүүгийн өвөг эцэг нь.  
Дөрөвхөн настай хүүг Баян-Уул руу юу тэгтлээ татдаг байсан юм бол оо? Ухаан ороогүй, юугаа ч мэдэхгүй нялх амьтан шүү дээ. Үүнийг бодох бүртээ би гайхдаг. Дөчин тав хүрсэн хойноо л учрыг бага сага ухаарахтайгаа болж явна.           

Айсан ч зүтгээстэй
Дөнгөж ухаан ормор аядаж байхдаа Цэднээ ахындаа очоод, үнхэлцгээ хагартал айсан минь санаанд тодхон үлджээ. Хавар оройхон аав минь сааралдуу өнгөтэй “Иж Планета-2” мотоциклтой байснаа унаад, намайг өмнүүрээ суулгаад Баян-Уул нутгаа зорьсон хэрэг. Замдаа бөхөнтэй таарч, араас нь хэсэг давхихад, “Бариад авъя л даа, аав аа!” гэж хашгирч их л зугаатай явсаар ахынд хүрч билээ. Миний ой ухаанд үлдэж хоцорсон хамар толгойг эргээд төсөөлөхөөр авгынх Хоёр худагт хаваржиж байсан юм уу даа гэж санагддаг.
Маргааш өглөө нь сэрээд хартал гэрт хэн ч байдаггүй. Сандран хувцаслаад шагайвал ойр хавь амьд амьтан алга. Дотор бачуураад нулимс урсахдаа тултал тээр хол аавын мотоцикл байгаа нь танигдав. Тэнд худаг байдгийг өчигдөр мэдсэн болохоор тийш гүйчихлээ. Ойртож явтал баахан үхэр өмнөөс гараад ирэх нь тэр. Шорон эвэр шөвөлзөөд л, дүрлийсэн том нүд ууртай эргэлдээд л. Яах аргагүй намайг идэх нь ээ!
Уйлж эхэллээ. Өглөө бүр аймгийг цочоодог байсан шигээ чангаар чарлаж байтал ахынтай айл аж төрдөг Буурал Жүүжээ ирж, “үхэрт идүүлэхээс” аварлаа. Тэр хөгшин толгойгоо сэгсрэн доогтой инээгээд,
-Малаас айдаг хөгийн ч хүн бол доо гэж билээ.
Төд удалгүй зун боллоо. Цэцэг ургаж, цэцэрлэг амарлаа. Үхрээс үнхэлцгээ хагартлаа айж байсан өнөөх хүн чинь “Аав аа, Баян-Уул руу Цэднээ ахындаа очъё л доо” гэж шалгааж эхэлсэн юмдаг.       

Морь унаж чадна
Сумын наадмыг морьтой үзэх сайхан. Худалдаа бэлтгэлийн ангийн ня-бо Лхагваа гуай улаан тугаа жишүүдүүхэн бариад, эмээл дээрээ хазгайдуухан суугаад, бор морио бөмбөлзтөл жороолуулсаар хурдан морь гаргана. Ямар ч гоё морь, яасан ч гоё хүн байсан юм. Хүмүүс хэний ямар хүлэг өнгөтэй байгааг шинжих гэж мэлмий чилээж байхад, би Лхагваа гуайг л ширтэж нүдээ баясгадаг байж.
Наадамд ирсэн хүн байна даа, гуанзанд орж будаатай хуурга амтлана. Сумын төвийн айлуудаар морьтой хэсэх догь. Доржсүрэн Агаагийн хашаанд хэзээ язааны малчин хүн шиг ган дөрөөгөө ханхийлгэн бууж, морио уян зогсоно.
-Энэ Амарыг ээ. Чөдрөө уруу нь харуулаад ганзагалж байснаа бодвол унаанд сүрхий болчихож! гэж Агаагийн аав Манжуулыг хэлэхэд тэнгэрт дахиад нэг нар мандчих шиг болно. Эв хавгүй хөдлөхийг минь харсаар үзсээр байсан ч урам өгөх гэсэндээ тийн хэлсэн нь мэдээж. Хөдөө маягаар цай шоржигнуулан оочих зуураа Янжмаа эгчид “Хавчиг хавийн ногоо сонин байсан юмсан, ойрдоо хатах шинжтэй” гэж томчуудын үгийг зээлдэн хээв нэг ярина.
Ахын Түмэннасан, Агаагийн Атарбаян, Нааяагийн Отгон, Цагааны Мөнхөө гээд үеийн хүүхдүүд бүгдээрээ хурдан морь унана. Би л ганцаараа ийм эрхгүй. Цүнцгэр хүрэн мориныхоо амыг татан, атаархан харсаар хоцорно. Дөрөвдүгээр анги төгссөн жил хүрэн морьтойгоо наадмын талбайгаар энэ тэрийг шохоорхон, сэлгүүцэж байтал адуучин Шар хэмээх Дашбалжир ах намайг дуудлаа. Хурдны морь хөтөлчихсөн, нилээн тэвдсэн байртай харагдана. Намайг Алтангэрэлийн хүү гэж таньж байгаа шинж огт үгүй.
-Хурдан морь унаж чаддаг уу? гэж асууж байна.
-Чадна... гэж зориг муутай хэлээд тавьчихлаа. Намайг хөлдөж мордуулах гэхээр нь өөрөө ганцхан үсрээд л тээгээд мордчихлоо. Адуучны эргэлзсэн харц нь өөрчлөгдөөд, тоосон шинжтэй болчихлоо. Миний ганц гарамгай зүйл ямар ч өндөр моринд тээж мордох. Төвийн хүүхэд болохоор биеийн тамирт эвсэлтэй, савлуурт овоо хэд суниадаг, үсрэлт сайтай учраас тэр. Хурдан морь зайдлаад хөдөлдгийн даваан дээр “Хүүе!” гэх Цэднээ ахын дуу ард гарлаа.
-Наадах чинь аймгийн хүүхэд! Яаж чаддаг юм..! гэхэд, морины хүүхэд олдохгүй сандарч явсан адуучин Шар,
-Өөрөө чадна л гэсэн шүү дээ! гээд морио унуулчих санаатай зүтгээд байсныг эргэн санахад инээдтэй. Авгатай тааралдаагүй юм гэхэд би гараан дээр сугарч үлдээд, хурдан хээр мориор нь биш эмнэлгийн бор тэргээр давхиж ирэх байсан нь мэдээж. Ингэж л би Дашбалжир ахын хурдан мориор тоглох шахсан удаатай.  
Сумын төвийн айлд морьтой бууж, догь хүн болсноо харуулах гэсэндээ, хурдны морьдоо хэлхэж хөтөлсөн нутгийн хөглөгөр хөх ах нартай дөрөө харшуулан хатируулах гэсэндээ, хурсан олны хамрын самсаа шархируулан барианд орох хөрслөг бор хөвгүүдийг биширч, өөрийгөө тийм болсноор төсөөлөн мөрөөдөх гэсэндээ би өвөг дээдсийн нутаг руу тэгтлээ зүтгэдэг байсан болов уу.

Амттай яриа
Авга ахынд зочин ирэхгүй өдөр гэж үгүй. Адуугаа Цахирын араас оллоо, ангид ноосоо тушаачихлаа гэлцээд, Хамтын хүчийнхэн бууж мордоно. Алтангадас, Хүйсийн говиос ч хүн ирнэ. Бэргэн эгч Баасанжав будаатай цайгаа аягалж, шимийн архиа сөгнөж, зочдоо дайлна. Аймгийн хүүхэд миний хувьд ирсэн хүн болгон нэгэн шинэ ном гэсэн үг. Буурал Жүүжээ, Гүнсэн Бамба, Дампил Ааниа, Юндэн Гөөгөө, Цээсүрэн Манжаа, Түвдэнням Өмбөө гэх нэрнүүд нь содон агаад сонсголонтой.   
Цагаан Жаажаа улаан тамхиа сонингийн цаасанд төө илүү урт ороон татаж суух нь гойд сонин төрх болон нүдэнд тусна. Урт тамхит Жаажаа, “Уржигдрын бороо Улаан тээгт овоо сайн цохьсон. Гурван хуруу чийгтэй болсон” гэж ярингаа урт тамхиа улалзуулан сорно. Ус чийгийг хуруу гээд байдаг нь ямар учиртай юм бол оо? гэж хорооны би гайхна. Бодоод учрыг нь олохгүй. Тэсгэлгүй Түмэннасангаас асууж, шоолуулж байж мэдэж авна.
Чантуу ах жижигхэн нүдээ улам онийлгон инээж, хүн явуулахдаа гаргууд. “Идэр хорьд гаргаад хонио хайчилдаг юм билүү дээ, яадаг юм билээ дээ? гээд л сууж байна” хэмээх нь яг л Идэр Ааниа. Цэднээ ах мөчөөгөө өгөхгүй. Өмнөөс нь Дампил Ааниагийн хоолой төрхийг элэглэн үзүүлж, Ганганы худгийн сониныг хуучилна. Дуугарах, нүд амаа хөдөлгөх нь аргагүй адилхан. Нацаг Нааяа бас л хамраараа дуугаран, хүн дуурайж ярихдаа гаргууд. “Эдний аав нь ногоон мотоциклоо унаад л. Намын давааны тарвага гүй мөн сайхан болжээ гээд ороод ирэх болж байгаа даа” гэж аавын минь дуу хоолойгоор ярина. Гэрээ саначихсан би аавыгаа нээрээ ирчих ч юм болов уу гэж горьдоно.
Нутгийн зоны амар амгалан, өөдрөг сайхан хууч яриа нь сэтгэлийг ер бусын соньхон мэдрэмжээр хөглөж, монгол амьдралын эгэлгүй содон хэмнэлийг бяцхан тархинд минь нэвчээдэг байж дээ. Ирсэн явсан хүмүүсийн яриаг сонсоод л, хонон өнжин суумаар санагддаг байж. Зуны амралтаа эхлэнгүүт ээжийн өгсөн ууттай чихрийг, эртүүд ахынхаас сүүтэй ирсэн саванд хийж таглаад, Баян-Уул явах замын унаанд сууна гэж зүтгэдэг байсны бас нэгэн учир энэ юм уу.

Номхон морь
Баян Ааргийнхаа бор толгодын дундуур цогиулж явах гэдэг миний хувьд тэнгэрийн мэдрэмж. Үргэж бусгаад байхгүй номхон, хүүхдэд ноолуулаад сурчихсан цүдгэр хээр морьд л надад оногдоно. Тэглээ гээд голохгүй дөрөөн дээрээ бөгтийн босч, байдаг чадлаараа ороолгон, салхи шуугитал цогиулна. Ингэж явахдаа Эрийн сайн Хан Харангуй баатар болоод, үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр дүүлэн нисч яваа юм шиг баярлаж бахдана.
Аавын нагац Нямаа ахынх айл саахалт бол сайхан. Адуунд нь аавын цагаан морь явдаг болохоор тэднийх рүү гүйж очоод, Нямаа ах, Анжаа хоёрт,
-Цагаан морио унамаар байна! гэж зориг гарган хэлнэ.
-Айхтар ам хатуутай. Чамайг аваад нисчихнэ! гээд Чулуунбаатар ах халгаахгүй. Номхон зээрд морио надад ноолуулна. Цагаан морь ялаархан тургилж, хөлөө цавчлаад л тэнгэрийн хүлэг шиг харагддаг байж. Хоёр жилийн дараа унаанд арай дөнгүүр болсны шан хүртэж, цагаан морио унадаг болж билээ. Цэднээ ах намайг очихоор Цагаан мэнгэт, Ойдовын хээр гэх аль номхон морьдоо барина.
-Энэ золиг морин дээр байдгаараа бөхийчих юм. Унаа унаж сурахгүй ээ! гээд толгой сэгсэрнэ. Юндэн Ажаагаас авсан гэдэг хонь шиг номхон хүрэн морь бас миний унаа болсон. Тэгнээд явж байсан шуудай аргал ойчиход үргэх ч үгүй. Уруу газар хамаагүй давхиад, хүзүү рүү нь эмээлтэйгээ ойчиход эргэж хараад, намайг хүлээх мэт зогсож л байна. Харин тав зургадугаар ангид ороод, чөдөртэй морь дөхүүлээд ирэх дайны болоход минь Шархүүгийн хээр, Бор үрээ гээд хөнгөн хөлтэй, амаа булаан ухасхийсэн сүрхий морьдыг “жолоодох эрх” өгсөн юмдаг.
Ярдаг хашин аашгүй, эзнээ хаа ч явгалахгүй, сэтгэл сайтай хүн шиг түшигтэй номхон морьд нь намайг татсан учраас л гэрээ саначихсан хэрнээ Баян-Уулдаа хоргоддог байсан юм болов уу даа.      
   
Урсгал сөрсөн ухаан
Сэтгүүлч хүн болохоор олон аймгаар явж, мянгат малчин олон айлд зочилж үзжээ. Бүгдээрээ л үйтэн хуараар өөрийгөө өвч хулдсан, эрээн цоохор хүмүүс байх. Гэр нь ч бас нүд эрээлжлэм цоохор. Мянгат малчдын жишиг болсон моодны урсгал гэлтэй. Харин Баян-Уул сумын Баянхайрхан багийн мянгат малчин Цэднээ ах минь тэр моодны урсгалыг дагадаггүй сөрдөг хүн. Өмссөн дээл нь хар хүрэн, улаан хүрэн дагнасан өнгөтэй. Өргөө гэр нь бас эгэл даруухан. Эдийг шинжихдээ гоё сайхныг нь биш, эдэлгээ даах бөхийг нь харна.  
“Хувцсыг гоёх гэж биш жавар сөрөх гэж өмсдөг. Гэрийг хүний нүд хужирлах гэж биш тухтай аж төрөх гэж барьдаг” гэж авга ах минь хэлдэг. Нэг өвөл говийн аймагт болох уулзалтад буудаггүй булга, түрэг нэхий хүрмээр гангарч гараад, энэ үгийн үнэ цэнийг голдоо ортол ойлгож билээ. Хурд хүчний гайхамшиг гэгддэг албаны жийп цасанд сууж унтраад, осгохын даваан дээр айлын бараа харсан. Говийн малчныд авга ахынх шиг даруухан орос даавуу гадартай сэгсүүргэн дээлэнд хулдуулаад, чичирч суухдаа авгын үгийг чихээрээ биш яс махаараа сонссон.       
Цэднээ ахын адууны зүс хүртэл даруухан. Хээр голдуу. Зүсний сайханд хууртаж цоохор, алаг, халиун морьд цуглуулдгийг таашаахгүй. “Хоёр хоногийн унаар даах хүчгүй, хорь дотор давхих хурдгүй согоо шиг гоё амьтнаар юугаа хийхэв” гэж ёжтой хэлнэ. Гоё мориор гангардаг моодны урсгалыг бас л сөрж байгаа нь тэр.
Нэгдэл малчиддаа унааны морь олгоход авга ах хэдэн зуун адууны дундаас гоё морь шилэхийн оронд шар үсээ ч хаяж чадаагүй, хазгай сүүлтэй, номхон үрээ сонгосон. “Нэгдлийн түмэн адуунаас очиж очиж ийм ч юм олж харах гэж!” хэмээн зарим нэг нь шоолж байлаа. Тэгтэл өнөөх шар үстэй үрээ нь сумандаа хоёр жил дараалан түрүүлж, Цэднээгийн Хондон гэх зартай хүлэг болсон.
Цэднээ ах минь ийм л хүн. Аливааг бусдаас өөр нүдээр хардаг, амьдралд өөр ухаанаар ханддаг эгэл малчин. Авга ахын минь урсгал сөрсөн ухаан, алдрай жаалхан намайг Баян Богдын өврийн хадархаг бор толгод руу тэгтлээ соронздон татдаг байсан юм болов уу.

Татах хүч
Зуны амралт эхлэнгүүт л зүрх хөөрч тогтож ядан, авч нисдэг морь шиг л аавынхаа нутаг руу тэмүүлнэ. Очихоороо бэтгэртлээ гэрээ санадаг хэрнээ л авгынх руу явах гэж учиргүй дурлана. “Хэд хоногоос Даваасүрэн ах чинь Баян-Уул явна. Тэгэхээр нь шууд Цэднээ ахындаа хүргүүл” гэж аав гуйгаад нэмэргүй, замын тэргэнд суугаад алга болно. Авга ахын хүүхдүүд “Амар ирлээ” гэж баярлаад л, хөгшин ээж минь “Иш хөөлхий дөө” гэж үнсээд угтдагсан.    
Дамдинбазар ахынхаас хонь туух гээд, үеэл Түмэннасантай хамт Жүүжээгийн танк зээрд, хүрэн морь хоёрыг унан Баян Богдоо давж үзсэн минь санаанаас гардаггүй. Өгсөх тусам Шарга, Хүйсийн говь далай шиг цэлэлзэн зэрэглээтээд, Сутай Хайрхан нүүрэн дээр юм шиг ойрхон цэнхэртсэн. Явсаар оройд гарахад таван аймаг, тавин сумын нутаг алган дээр тавьсан мэт тодрон харагдах нь гайхамшиг байсан. Хараа тэлж ухаан уужрах шиг л болж билээ. Нутгийн Хайрханы оройд төрсөн тэр тэнгэрлиг мэдрэмж насан туршид намайг хөтөлсөн.
Ухаан ороогүй хэрнээ “Цэцэрлэгт явахгүй. Цэднээ ахындаа очно!” гэж цамнаж, өвөг дээдсийн нутаг руу татагддаг байсныхаа учрыг би тайлсан. Баян Богд Хайрхан минь намайг хардаг, Баян Ааргийн хүрэн хөх чулууд нь сэтгэл соронзоддог, бахим хүчирхэг хөлтэй номхон хүрэн морь тархинд үүрсдэг болохоор би Баян-Уулдаа тэмүүлдэг байж. Онигор бор нүднээс нь ухаан уугисан хөх өвгөд минь хүүгээ хүлээдэг учраас тэгтлээ догдлон яардаг байж.

Зургийн тайлбар: Авга ах Ц.Цэднээ, түүний гэргий Б.Баасанжав

А.АМАРСАЙХАН

Улаанбаатар 2014
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates