/mix роман хэмээгч хошигнол/
Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг, Ч.Лодойдамбын
“Тунгалаг Тамир” романаар амилуулан бүтээв
Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойд замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон нөүтбүүк хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ хуучин флэшний дарайсан оосроор шуужээ.Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт Хан нэтворкийн Олгонууд комунитигийн гишүүн хүн. Хэдэн өдөрчийн турш аглаг хээрээр аялж яваа тул нэтэд орж, төрсөн ганц дүү “Цахиур” хэмээгч Төмөртэйгөө чаатлаагүй уджээ. Эрдэнийн гэр бүл Тайхар чулууны өмнө ирэв. -Хотод очмогц өөрийн гэх домайн, бас амь зуулгын таван цаас эргэлдүүлэх ТҮЦ-тэй болгож өгч хайрла хэмээн Долгор чанга үглэн гуйж, Тайхар чулуунд залбирахуйд, -Иш..! Юун ч богинохон сэтгэх юм билээ дээ. Бичиг үсэгтэй “Бичээс Эрдэнэ” алдар нэртэйн хэрэг юу билээ, ТҮЦ биш ТУЗ бодно шүү хэдүүлээ гэж хар хүн хэллээ. Тэр Таван толгойн ТУЗ-д гишүүн болно гэдэгтээ бат итгэж нутгаасаа гарсан хүн. -Ээж ээ, Тайхар чулуунаас надад утасгүй интернэт гуйгаад өгөөч гэж Батыг хэлэхэд эцэг нь цочлоо. -Хүүхэд ээ гэж! Шинэ сэргэг юмыг дор нь мэдэх юм аа. Утасгүй интернэт гэнэ үү? Гэхдээ үнэ гэж тамтаггүй юм байгаа вий гэж шүдний завсраар сийгүүлэв.-Хэдэн он бэ? Та, одоо..! Таны найдвартай гээд байдаг утастай суурин интернэттэй чинь адилхан үнэтэй гэж Бат хэлэх нь нэлээд уцаарласан шинжтэй. “Тэгвэл авдаг хэрэг ээ. Муу дүүтэйгээ газрын хаанаас ч мессенжердэх нь байна шүү дээ. Төмөрт захивал модемийг нь хусаад л ирнэ дээ” гэж Эрдэнэ дотроо бодлоо. Хөдөөгийн байдал шалдар булдар, нэтийн хурд ороо босоо, дэрстэй шанд, гацаатай сүлжээг дагаж, хааяа нэг хар РС-ний ард хараал урсана. Дөрвөн зүгт утас сунайн уйтгартай, ээдрээ зангилаа чивчирнэ. Зуны лүгхийм халуун хуванцар бүрээсийг хайлтал шарж, чаатчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар сүлжээний утас тасарчээ. Yүгээр түүгээр хэдэн засварчин оодогнон давхина.Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг шугамыг өгсөн уруудан нүүж, дахин холболт, шинэ монтажны зардалд шатсаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.Гавж Жамбал хоймор сууж, блог гэдэг чинь бор шаргал үстэй бүсгүй гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж нэт заавал утастай байх хуультай гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.Тэртээ уулыг өнгөрвөл сүлжээгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш кабель утас хүрэхгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө төмөр тасдаж, үдэш цонх цоолсоор нэг нас барна.Хүний нутаг гүний газар чөдрийн ганц морио алдсан эр “Явгарсан болохоос үхсэн биш” гэж дотроо хэлээд тэртээд харагдах зуслангийн хаус руу очив. Итгэлт баян унаа гуйн, уруу царайлах Эрдэнэ лүү ёозгүй харц шидээд, -Тайшир, Тарлан бух, Таваг хар, Ноцдог дэгээ гээд Засагт ханы хөх эрчүүдийг хэцүү гэдэг дээ. Эр улс бие биедээ хал балгүй салвал дээр байхаа гэж хамраараа дуугарлаа. Энэ үеэр гаднаас Галсан сүр сархийн орж ирээд, -Ээ ах минь, өртөөний зангиас и-мэйл иржээ гэж чарлав. -Тэр золигийг чинь хэнээрээ дуудуулдаг билээ хэмээн Луу гүний цуутай баян халаглалаа. Өнөөх унааны гуйлгачин, явуулын эр би дуудаад өгөх үү гэж хэлэхийг сонсоод, Итгэлтийн нүд оройдоо гарч,-Үгүй, та юу даа? гэж өөрийн мэдэлгүй дуу алдлаа. Цагийн дараа баяны хаяанд бор гэрээ барьсан Эрдэнэ нэт холбуулах гэж уураа барж, уушгаа уран зогслоо. Орон сууцны контоороос ирсэн монтажчингууд ган хоолойгоор утас сүвлэхэд алд тутамд арван мянга, хананд шураг тогтооход ширхэг бүрт таван мянга гэх зэргээр капиталист овсгоо гаргах нь адтай. Балиус хутгаараа бор гэрийнх нь эсгий бүрээсийг нэвт сүлбээд утас сүвлэх нь сүвээ цоо хатгаад ган татлага шургуулаад байх шиг өвтгөнө.-Яасан том нүхэлдэг туучий вэ? Дусаал гоожиж, хавсрага сийгэх юм биш үү? гэж Долгор шөвөлзвөл тоож харах шинжгүй. Зартай шилийн сайн эр дүү нь Арабын шэйхийн ордноос шууж ирсэн тансаг хивсэн дээгүүр нь гуталтайгаа туучихад сая Эрдэнийн тэвчээрийн хязгаар зад татагдаж хоёр залууг цочтол нь орилж гутлыг нь тайлуулав. Гэтэл гай болж гэрээр дүүрэн шивэр шингээд, түмэн хүж асааж, мянган сан тавивч арилахгүй зовоож, сар жилээр гай удлаа. Уур нь хүрсэн Эрдэнэ хүүгийнхээ үгэнд орж, суурин интернэтийн шугамын утсыг салгаж, хол гэгч шидээд, вайрлестэй болж санаа амрав. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчууртаа нэтийн утас залгадаг бахь шургуулжээ. Ширэлдсэн хар кабель утасны сэрвийсэн хэдэн үзүүр араас чирэгдэж, тэртээх уулын цаагуур далд оржээ. Олонд зарагдаж бор ходоодоо бошийлгож явдаг түүнд байнга оршин суух хаяг гэж байх биш, хоног төөрүүлсэн айл бүхэндээ шинээр сүлжээ тавиулж нэтэд холбогдох гэж зардал чирэгдэл болдог учраас амьдрал тэгшрэх заяагүй, элдэв ороолдсон утас чирч явдаг нь энэ. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, утсанд холгогдож улаан нялга болсон бугуйгаа гаргажээ.Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл нөөтбүүкээ нээгээд, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров. “Eror 596. Танай байрны дээвэр дээрх холбох төхөөрөмж цахилгааны саатлаас ажиллахгүй байна. Уучлаарай” гэх амны уншлага хэдэн үгийг үзээд уушиг зүрх нь амаараа гартлаа уурлаж бухимдлаа. Гэрт ороод, “Өнөөдөр бас л сүлжээ тасалджээ. Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба пиав сорохоор явсан” гэх хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын хүүгийн десктопт NBA 2010 суулгаж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ. Дэндэв тайжийнд РС форматалж, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.Эрдэнэ удалгүй тушаал суга дэвшиж, Итгэлт баяны “Хоовон хөх Майнинг” корпорацийн ерөнхий захирлын албанд томилогдлоо. Эзэн захирал хоёр тэр үдшээ хутга тавилгүй мах гүзээлж, хундага тавилгүй виски цөлж, үүр хаяартал шоудав. Хэдэн давхар хаусныхаа улаан модон вакум цонхийг хайр найргүй цоолж, суурин интернэтийн түг түмэн утас оруулсныг хараад шинэ захирал жуумайх нь цаанаа л нэг ёжтой. Толгой эргүүлэм орооцолдож, нүд эрээлжлэм мушгирсан олон кабель руу Итгэлт төө цагаан хаш соруултай гаансаараа заагаад, -Дундаа нүхтэй улаанаар нь Павловтой чааталдаг юм. Хажуудаа одтой бөөрөнхий кабелиар нь засгийн газар луу тайлангаа шиддэг ухаантай. Чам шиг бичиг үсэгтэй хүнд бол ч ичмээр дамшиг даа гэснээ бяцхан ичингүйрч, үл ялиг улайлттай сууж харагдав. -Бэлтэй, буянтай хүн байна даа, утасгүй интернэттэй болооч гэж Эрдэнэ халаглалаа.Хэдэн сарын дараа “Хүрээ” Дугарынд найрлаж суухдаа Итгэлт “Улснэтийн вайрлэстэй болсон чинь сайхан юм аа. Тамирын бургасанд Норжмаатай юу яахын зуурт Билл Гейтстэй саадгүй чааталдаг боллоо” гэж бардаж суусан ажгуу. Хуучин хүү хул морио давиран шогшуулсаар Хустайн хөтлөөр давж явлаа. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн google-ийн захад хүрсэнгүй, баруун yahoo-гийн тэртээ гарсангүй, зөвхөн кабель сунгаж хүрсэн ганц өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.Хайран, хайран, хөөрхий, хөөрхий. Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ сүлжээнд хамтдаа холбогдох замыг нээв.Кабельтай монгол wireless монгол боловХуучин хүү шинэ хүү боловЮутай завшаан, юутай баяр!