Friday, December 25, 2009

Хэцүү анги үзэгчдэдээ баярлалаа

Бидний бүтээсэн киног шимтэн үзсэн, бас кинонд “орж” уурлаж бухимдсан, тэгснээ киноны төгсгөл рүү уужим амьсгаа авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. “Хэцүү анги” киног үзэж байсан тань, хүлээж байсан тань, гэр лүүгээ яарч байсан тань киноны уран бүтээлч бидэнд асар их урам болсон шүү.




Ингээд киног бүтээхэд гар бие оролцсон хүмүүсийн талаар өгүүлж, тэдэндээ баярлалаа гэж хэлье. Хүлээн авна уу.

Ирээдүй гэрэлтүүлсэн гарын үсэг
Бичигдээд бүтэн жил дарга нарын ширээг дамжсан “Хэцүү анги” кино зохиолоор маань бүтээл эхлүүлэх шийдвэрийг МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь гаргасан. Энэ шийдвэр, энэ гарын үсэг олон залуу жүжигчид, уран бүтээлчдийн ирээдүйг гэрэлтүүлсэн гэдэгтэй хэний ч санал нийлнэ. Баярбатыг Тэмүүн, Наранмөнхийг Билгүүн, Батсайханыг Дөлгөөн, Бадамцэцэгийг Гэрэл, Ганчимэгийг Зул, Уянгыг Сувд нэрээр нь олон түмэн мэддэг, ярьдаг, магтдаг боллоо. Хүмүүс МУГЖ Жаргалсайханыг “Хасар Жагаа” гэж дууддаг болсон шиг МУСТА Саранцэцэгийг “Сүнжид багш” хэмээн нэрлэдэг болох биз ээ. Тэгж дуудаж, хоорондоо ярьж эхэлснийг би өөрийн чихээр сонссон.
Албанаасаа байрны зээл авсан даргын тухай сонсож байснаас, улсын ажлыг явуулахын тулд хувийнхаа мөнгөнөөс хувьсгалд зээл өгдөг захирал байдаг болохыг би анх дуулж гайхаж билээ. Киноны санхүүжилт орж ирээгүйгээс бэрхшээл гарахад, Оюундарь захирал хувийн хадгаламжнаасаа мөнгө гарган албандаа зээлж, ажлыг цааш явуулж байгааг хараад, бишрэх сэтгэгдэл төрж, үнэн сэтгэлээсээ бахархаж байсан. Уран бүтээлчийг ойлгож, сайн уран бүтээлийн төлөө сэтгэлээ өгч ажиллахын үлгэр жишээ гэвэл үүнээс өөр юуг хэлж болох вэ?
“Хэцүү анги”-ийн ерөнхий продюссер, авьяаслаг сэтгүүлч, сайн захирал Ц.Оюундарьдаа баярлалаа.
Намайг сонгосон найруулагч
Ерөөл.МН, Ньюс.МН сайтуудад зориулан сэтгүүлч Г.Солонгод ярилцлага өгч байхдаа би, “Хэвлэлийн хүрээлэнд багш байх үе юм. Навчаа намайг олж ирж, кино хийе, хөдөөний багш, хотын элит хоёр хүүхдийн зөрчил байх юм гээд санаагаа надад ярьсан л даа. Тэгээд л нүдэнд харагдаад явчихсан. Яагаад гэвэл манай аав ээж хоёулаа багш, би багш нарын орон сууцанд багш нарын орчинд өссөн, хожим нь өөрөө хөдөө суманд ч, аймагт ч, дээд сургуульд ч багшилж байсан, сургууль багш нарын амьдралыг дэндүү мэдэх учраас тэр.” хэмээн хэлж байсан. Монгол бол яруу найрагч, зохиолчдын эх орон. Мянган зохиолчийн дундаас намайг хармагц таньсан, намайг гэж ирсэн, намайг сонгосон Б.Навчаа найруулагчдаа баярлалаа. Навчаа маань энэ киноны гол дүрүүд, хөгжмийн зохиолч, зураач, зургийн дарга, нүүр хувиргагч гээд бүх багийг сонгосон. “Тэмүүн аав дүү хоёртойгоо тоглосон юм гэнэ, Билгүүн чинь Жаргалсайханы хүү юм гэнэ лээ” гэсэн цуу яриа гадуур тарсан нь жүжигчдээ яаж сонгосныг харуулдаг. Дүрүүдээ яв цав сонгосноор, нүдэнд харагдаж сэтгэлд хоногшсон, хайрыг татсан, өшөө хорслыг хөдөлгөсөн дүрүүд амилан босч ирсэн.
“Хэцүү анги”-ийн найруулагч, авьяаслаг найруулагч, жүжигчин, Янжин захирлын дүрийг бүтээсэн Б.Навчаадаа баярлалаа.
Тайван найруулагч
Нэг ангит киног хийхийн тулд нэжгээд жүжигчидтэй ажиллах гэж найруулагч уураа барж дуусгадаг. Тэгтэл “Хэцүү анги”-д жүжигчид, хүүхдүүд, зураг авалтын багийнхан гээд хэдэн зуугаар тоологдох хүмүүсийн хөл толгойг нийлүүлэх гэж найруулагч хэр их бухимдаж, тэсэрч, дэлбэрч, багтраа бол? Сургуулиар дүүрэн хүүхэд, багш, захирал, эрхлэгч нар орилж хашгирч, зодолдож, тоглож, дэвхэрч цовхорч байсан гээд бод доо. Тэгвэл манай “Хэцүү анги”-ийн ерөнхий найруулагч Л.Ариунжаргал тайван амгалан, хөөрхөн инээдээр хүмүүсээ хөдөлгөөд л гүйж явсан. Хоёр найруулагч маань зохиолын зарим нэг давс ихэдсэн зүйл дээр хөөрхөн найруулга хийж, чихэр багадсан газарт нь амт нэмж байсан. Ангийн 31 хүүхдээс 31 янзын ааш, дүр төрх харагдсан нь манай найруулагч Ариунжаргал, Навчаа хоёрын бярыг харуулж, ухаан ур, авьяасыг нь илтгэлээ.
“Хэцүү анги”-ийн ерөнхий найруулагч, хүүхдийн редакцид олон жил ажилласан туршлагатай, олон улсын телевизийн хэд хэдэн их наадмаас тэргүүн байрын шагнал хүртсэн авьяаслаг найруулагч Л.Ариунжаргалдаа баярлалаа.
Багтаа итгэсэн редактор
МҮОНТВ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг эгч маань энэ зохиолыг дэлгэцэнд амьдруулахын төлөө МҮОНТВ-ийн асар том байшингийн түмэн шатыг өгсөж уруудан, хөндлөн гулд гүйж, дарга нарын өрөөгөөр орж гарч, хэдэн мянган километр зам туулж, хэдэн арван гоёлын шаахай элээсэн хүн. Нүдээ чилтэл зохиолыг минь уншиж, зааж зөвлөж байсны ачаар түмний сэтгэлд хүрсэн олон үзэгдэл төрсөн. Бид дурсан ярьж, инээлддэг нэг сонин зүйл бол Эрдэнэцэцэг эгч захиралдаа анх танилцуулахдаа “Нийт 60 ангийн зохиол бэлэн байгаа” гэж хэлсэн байдаг. Бөх зүрх шүү. Нэг талаараа уран бүтээлийн багийн хамт олон бидэнд л итгэсэн хэрэг. Бид ч итгэлийг нь эвдээгүй. Миний бие 6 сарын 22-нд зураг авалт нээхэд эхний 20 ангийн зохиолоо өгсөн. 7 сарын 22-нд дараагийн 20 анги бэлэн болсон. 8 дугаар сарын 22-нд сүүлийн 20 ангийн зохиолыг дуусгасан.
Надад зааж залсан, надад их итгэл хүлээлгэсэн “Хэцүү анги”-ийн ерөнхий редактор, МҮОНТВ-ийн туршлагатай редактор Д.Эрдэнэцэцэгтээ баярлалаа.
Бурхан зураглаач
Олон жилийн өмнө намайг Алтай нутагт телевизийн сурвалжлагч байхад Ж.Нямсүх гээд хөөрхөн зураглаач хүү, телевиз радиогийн бурхан редактор Д.Амбасэлмаа эгчтэй хамт сурвалжлагаар ирж танилцаж байж билээ. Тэгтэл одоо энэ хөөрхөн хүү маань МҮОНТВ-ийн бурхан зураглаач болчихсон, хамгийн хариуцлагатай ажилд томилогдоод явж байна.
“Хэцүү анги”-ийн ерөнхий зураглаач Ж.Нямсүхдээ баярлалаа.
Олон талын авьяастай залуу
“Guys 666” хамтлагийн дуучин А.Төгсбаяртаа баярлалаа. Энэ авьяаслаг залуу киноны хоёр дууны шүлгийг, хөгжимтэй нь бичсэн. Киноны хөгжмийг бас хийсэн. Сугар эрхлэгчийн дүрийг бүтээсэн. Бас киноны зургийн даргаар ажилласан.
Жүжигчдийн багтаа баярлалаа
Жүжигчид их сайн ажилласан. Сүнжид багшийг өрөвдөж, хайрлаж, түүний төлөө санаа зовж, үзэгчид сар илүү шаналлаа. МУСТА Саранцэцэг чадалтай хэрнээ түүнийгээ дотроо нуучихсан, амьдралд нухлагдсанаас өөртөө итгэлгүй болчихсон эмэгтэйн дүрийг сэтгэлд хоногштол бүтээлээ. МУГЖ Д.Жагдаг эгч дүр дээрээ ажиллах, үгээ өөрийн болгохын үлгэр жишээг харуулсан. МУГЖ Б.Жаргалсайхан ахын хүүхдийнхээ төлөө шаналаад сургуулиар алхаж, багшийнх нь өмнөөс харж байгааг хараад биширсэн. Нүдний харц, алхаа гишгээ, бүр хурууны хөдөлгөөн нь хүртэл хүүгийнхээ төлөө санаа зовсон эцгийнх байсан. МУГЖ Ж.Сүххуяг ахыг хараад олон хүн архинаас гараа биз. Гавьяатуудын тоглолтыг хараад аргагүй л Монгол Улсын Гавьяат юм даа гэж биширч байсан. Гол дүрүүд Баярбат, Наранмөнх, Батсайхан, Уянга, Бадамцэцэг, Ганчимэг, Ариунтөгс нараа магтъя. Зулд тоглосон Ганчимэгийг би бусдаас илүү магтах ёстой. Үгээ яг таг цээжилдэг. Зохиолоо өөрөө бичсэн мэт мэдэрч тоглосон. Үгийн нюансыг мэдрэх талдаа гаргууд. Миний нүдэнд харагдаж байсан охиныг яг тэр чигт нь босгож ирсэн, авьяастай охин. Энэ охин хол явна даа. Ангийн хүүхдүүдийн сайн тоглосныг хүн бүхэн магтаж байсан. Хүүхдүүдийг ингэж сайн тоглох юм гэж хэн ч зүүдлээгүй байх. Мэргэжлийн жүжигчдээсээ илүү байна гэж олон хүн сэтгэгдэл бичиж үлдээсэн.
МУСТА Б.Нармандах, Н.Отгонтогос, Д.Оюунтуул, жүжигчин А.Энхбаяр, Б.Даваа, Н.Гантөгс, Б.Гантулга, Д.Түвшинтөр, Л.Гантөмөр, Т.Уранчимэг, А.Бат-Эрдэнэ, Л.Уянга, Б.Магсаржав, Д.Сүхбаатар нар болоод, киноны нийт жүжигчид, ангийн хүүхдүүддээ баярлалаа.
Киноны уран бүтээлчдэдээ баярлалаа
Дахиад л өөрийн хэвлэлд өгсөн ярилцлагаас иш татъя. “Давчуу хугацаанд амь бие ар гэрээ үл хайхран ажиллаж байсан киноны багийн хамт олон маань хэдий ядарсан царайтай ч нүдэнд нь жинхэнэ уран бүтээлч хүний гал цог гялалзан ажиллаж байгааг харж байсан маань үнэхээр сайхан дурсамж болж үлдэж дээ”
гэж би хэлж байсан. Киноны уран бүтээлийн багийнхан гэдэг далд фронтын дайчид билээ. Тэднийг минь гудамжинд явж байхад хүмүүс тэр бүр анзаардаггүй. “Хөөе Сүнжид багш явж байна ш дээ” гэж дуу алддаг шиг сүйд болдоггүй.
Зураглаач Б.Чинбат, Д.Хэрлэн, М.Төрманлай, дууны найруулагч Д.Цэнд-Очир, Н.Батбаяр, ассистент найруулагч А.Амарбаясгалан, эвлүүлгийн найруулагч О.Энхболд, компьютер графикч Г.Булгантамир, Д.Сүхбаатар, эвлүүлэгч Г.Мөнхтөр, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа, дууны оператор Б.Цогцолмаа, гэрэлтүүлэгч Д.Отгонбаяр, Б.Ганбаатар, туслах найруулагч Б.Мөнхчимэг, зураач О.Чулуунбаатар, Ж.Мөнх-Оргил, тайз чимэглэлч Ч.Гантулга, нүүр хувиргагч Ц.Дэлгэр, Б.Эрдэнэчимэг, инженер Б.Норов, Г.Данзанням, Д.Дондовравдан, жолооч Ч.Наранбат, үсчин Б.Буянбат, тогооч Д.Сүхбаатар нартаа баярлалаа. Та нарын минь хөлс хүчээр энэ кино боссон шүү гэж хэлье.

Thursday, December 24, 2009

Чапаев, Анка, Петька гурав оршивай

Чапаев архи ууж сууна. Петька гүйн ирж илтгэнэ.
-Тамхины галаар түлээд ч мэдүүлэг өгдөггүй шүү! Муу цагаантан чинь!
-Хурууг нь нэг бүрчлэн хугал!
-Мэдлээ, гүйцэтгэе!
Анка орж ирнэ.
-Хурууг нь арвууланг нь хугаллаа. Юу ч хэлдэггүй ээ!
-Хүзүүг нь хуга мушги!
-Мэдлээ, гүйцэтгэе!
Петька гүйж орж ирнэ.
-Хүзүүг нь хугаллаа. Хэлдэггүй ээ. Эцсийн аргаа хэрэглэх үү?
-Тэг тэг.
Петька гүйн очоод эцсийн аргаа хэрэглэтэл, цагаантан ярвайн орилно.
-Аа ааа! Бууж өгье өө, үнэнээ хэлье ээ! Аа-аа-аа!
Петька Чапаевын оймсыг цагаантны хамарт барьчихсан үнэртүүлж байгаа харагдана.


Шөнө дунд Анка унтаж байтал Петька гарч ирээд,
-Бушуухан морио эмээллээд давхи! Эмчийг дуудаад ир! Чапаев хундага залгичихлаа! гэж чарлав. Анка нойрмоглон удаан гэгч морио эмээллээд, мордох гэж байтал Петька дахин гарч ирэв.
-Анка эмч рүү яваад хэрэггүй ээ! Бид өөр хундага олчихлоо гэж байна гэнэ.

Monday, December 14, 2009

2009 ОНЫ ОНЦЛОХ АРВАН ХҮН, ГУРВАН ЮМ


/егөө/

Оны хамгийн оновчтой орчуулга
Энэ шалгуурт “Чанваа ба Хуньион” олон ангит сүүдэр шийний орчуулга хол тасархай түрүүллээ. Солонгос нэрийг яаж орчуулахаар Ариунаа болчихдог байна аа? хэмээн ард түмэн ангайж байгаа. Тэгвэл орчуулгыг тооны ухаанаар хийсэн байх юм. “Чанваа”-гаас язгуур гаргаад, хариугаа пий тоонд хуваагаад, ноогдворыг нь аравны орноор нарийвчлахад “Ариунаа” болдог гэнэ. “Кан Тэ Ён захирал”-аас уламжлал аваад, арвын хасах зургаан зэргээр үржүүлээд, гарсан хариуны мянганы оронг хураахад “Төрөө захирал” хэмээх сонсголонтой монгол нэр үүсдэг аж. Манай овжин сэтгүүлчид энэ туршлагыг ажилдаа нэвтрүүлэхээр шийджээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрийг цаашид Баараг Оюумаа гэж орчуулна. Ерөнхий сайд Путинийг орчуулахдаа Замжав, Замтан, Замын хүн, Замын хань гэх хувилбаруудаас аль оновчтойг нь сонгохоор ярилцаж байна.
Оны ширэн нүүртэй хүн
“Очир төв” хэмээгч хамтралын эзэн, их хурлын эрхэм гишүүн Дамба-Очир энэ шалгуурт өрсөлдөгчгүйгээр цойлон тодорлоо. Лүнгийн замаар явж байгаа хүн болгон “Дамба-Очир үхэж далд ороосой” гэж мянгантаа харааж, түмэнтээ зүхэж байгаа боловч Дамба-Очир улам өнгөжин жавхаажаад, Улсын их хуралд сонгогдож залраад, далдарч өгөхгүй ширэн нүүрлэн суусаар л байна. Өнгөрөгч зулын хорин тавны өдөр монголын бүх ард түмэн Дуурийн ордон, Бөхийн өргөөнөө нэгэн цаг дор цугларч, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц тэргүүнтэй мянган ламаар ширэн нүүрт Дамба-Очирт хараал уншуулах гэсэн боловч лам нар андуураад насны ерөөл уншчихсан сурагтай. Лүнгийн замыг хуулж, хорлон сүйтгээд 3 жилийн нүүр үзэж буй тул оны шилдгийг шалгаруулах зөвлөл санал нэгтэй хэлэлцээд “2007, 2008 оны ширэн нүүртэй хүн” үнэмлэх үнэ бүхий зүйл, өмдний нарийхан сойлтыг иргэн Дамба-Очирт нэхэн олгохоор тогтоов.
Нэг тэрбумыг хамгийн хурдан үрсэн хүн
Хамгийн олон нэр дэвшигч буюу 76 мангуу үхэр энэ шалгуурт мөөрч урамдан уралдсан юм. Тэдний дундаас эрхэм гишүүн Алтай магнайдаа тоос хүргэлгүй, тувт өнгөлсөөр энэ уралдаанд торгон жолоо өргүүллээ. Тэрээр бүхэл бүтэн нэг тэрбумыг ганц шөнийн дотор үрж дуусгав. Энэ нөр их ажлыг амжуулах гэж яаж махаа зулгааж, Мянгуужингийн үлгэр зохиосноо 25 дугаар сувгаар учирлан ярьсан бөлгөө. Бусад гишүүд нэг тэрбумын сургийг эрт дуулсан тул сарын өмнөөс төсөл бичиж, үрж зарж эхэлсэн болох нь тогтоогдсон учир шүүгчид шалгуураас хасчээ. Хөөрхий Алтай л харин шоовдор учраас хожуу мэдэж, ийнхүү зовж зүдэрч, дээд амжилтын эзэн болсон байна.
Оны огцом ухаажсан хүн
Энэ хүн бол яах аргагүй дуучин Жавхлан мөн болно. Эрхэм гавьяат маань зурагтын нэвтрүүлгүүдэд зочилж, хөх монголын үнэр нэвт шингэсэн, гүн ухааны шинжтэй, гүнзгий агуулгатай, ухаан уугисан үгсийг толгой сүүл холбон урсгаж байгаа. Зөрүү энгэртэй баруун зүгийн хувцас монгол хүнд зохимжгүйг ухаарч ногоон тэрлэгээр гоёх боллоо. Том улаан тэргээ хонины хээр мориор арилжина гэж ам алдсан. Таван ханатай монгол гэрт, ган тулганд уугих хөх хомоолын утаа үнэртэн, өөхөн дэнгийн гэрэлд бясалган суудаг боллоо. Түүний ингэж ухаажсаныг Чингэлтэй дүүргийн мулгуу сонгогчид даанч мэдэрсэнгүй нь харамсалтай.
Хамгийн олон нугарсан наймаа
Энэ шалгуурт амны хаалт, чацаргана, нэрс, аньс, аарц, адууны мах гэх мэтийн есөн хэлийн нэр дэвшигч өрсөлдсөнөөс амны хаалт тэргүүн байрт шалгарч алтан үсэгтэй өргөмжлөл авч, шилэн гүнгэрвааны цаана мөнхөрлөө. Японоос хэдэн буянтай хүүхэд гахайн ханиад аваад ирсний ачаар бид нуга хуга хийлээ хэмээн дамчид магнай тэнэгэр байна. Аарц арав, адуу хорь, аньс гуч, нэрс дөч, чацаргана тавь, амны хаалт жар нугарч бахдам сайхан амжилт үзүүлжээ. Эмийн сангийн эрхлэгч нар Сүхийн талбайг худалдаж аваад, төвд нь сүндэрлэх жанжны хөшөөг амны хаалттайгаар өөрчлөн урлаад, зэс самбарт “Жар нугарсан жартгар цагаан амны хаалт мину” гэсэн бичиг сийлж хадахаар шийдээд байна.
Оны тэргүүн баян
Энэ ангилалд Буян Жагаа, Маахас Ганбаа, Жийнхоо Баттулга, Намбар Энхбаяр нарыг бараагүй хол хаяж, Пөмбөгөр төвийн аарцны наймаачин Амбаа гуай тэргүүллээ. Тэрээр ус гурил хоёрыг хольж хутгаад, дээрээс нь жаахан аарц дусааж зарсаар байгаад хоёр сарын дотор дэлхийн аравдугаарт бичигдтэлээ баяжжээ. Амбаа гуай хэдийгээр дэлхийн тэргүүн баян болсон ч эсгий гутал, хөвөнтэй хүрмээ тайлахгүй тухайгаа ярилцлагадаа дурдаж байгаа юм.
Оны мартагдсан хүн
Энэ шалгуурт Буянгийн Жаргалсайхан, Гүндалай нарын арваад хүн уралдсанаас Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Баасан эгч чимээ шуугиангүй, даруухнаар түрүүлэн ирлээ. Тэр өмнөх жилүүдэд гуагалж чарлаж, үсэрч цовхорч, төрийн ордон руу удаа дараа галтай дайралт хийж, эсэргүүцлийн жагсаалыг хамаандалж, цагдаагийн энгэрийг хүү татаж, гянданд хоригдож байсан бол 2009 онд огт чимээ гаргасангүй. Хайрт баатар, шалгарсан манлай удирдагч, цогт тэмцэгчийгээ өвдөж хавдчихсан юм биш байгаа, муу юм бол дуулдмаар юм хэмээн түүний үнэнч хөгжөөн дэмжигчид санаа зовцгоож байна.
Оны шилдэг дампууруулагч
Энэ ангилалд Зоосын бодийг хөтөлсөн Мянганбаяр ах өрсөлдөгчгүй түрүүллээ. Мянганбаяр ах энэ жилийн бахдам амжилтаа дараа жил ч давтана гэж ярьж байна. Тэр дахин хэд хэдэн мийсийг дампууруулах ажиллагаандаа хамтран зүтгэгчээр татаж ажиллуулахаар салтаа уужим, ташаа өндөр бүсгүйчүүдийн намтар түүхийг авч, судалгаа явуулж эхлээд байгаа ажээ.
Оны огт зодолдоогүй хүн
Өнгөрч буй жилд огт зодоо хийгээгүй, хамгийн хүмүүжилтэй байсан улстөрчийн шалгуурт шүүгчид санал нэгтэйгээр Хүрэлсүх, Мөнх-Очир хоёрыг тодрууллаа. Энэ хоёрыг гар зөрүүлэх нь бүү хэл энгэр ч шүргэлцээгүй болохыг олон гэрчүүд баталж байна. Мөнх-Очирын дотуур өмдийг тайлж бие эрхтний нь хэсгүүдийг нарийвчлан шалгаж, цацраг идэвхийн багажаар хэмжилт хийж үзэхэд зодуулсны ямар ч ул мөр илрээгүй хэмээн сонин хэвлэлүүд бичжээ.
Хамгийн “том баасан” захирал
Энэ шалгуурт Маршалын гүүрийг “барьж” буй “Хотын зам” хамтралын захирал Атарбаяр магнайллаа. Монгол улсын ерөнхий сайд гүүрэн дээр ирэхэд, өмнөөс нь “битгий донгос” гэж томорсноороо тэр “2009 оны хамгийн том баасан захирал”-аар тодорч, баярын бичиг барааны саван, сайшаалын үнэмлэх сахлын хутгаар мялаалгалаа.
Бүтэхэд хамгийн ойртож очсон амлалт
Энэ шалгуурт мэдээж хэрэг “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хоёр өрсөлдөж, оноо тэнцсэний улмаас нэгдүгээр байрыг хуваан эзэлсэн болно. Хоёр амлалт хоёул бүтэхийн даваан дээр дэнжигнэж, ард олныг дуу алдуулж, адсага суудлаас босгож, аягатай цайг нь алдуулан, догдлоож байсан билээ.
Хамгийн мартамхай хүн
Шүүгчид энэ шалгуурыг мартчихсан байсан тул хамгийн сүүлд хэлэлцсэн юм. Ерөнхийлөгч Элбэгдорж “Оны хамгийн мартамхай хүн”-ээр өрсөлдөгчгүй тодорлоо. Түүний юу мартсаныг уншигч авхай нар төвдөхгүй тааварлах биз. Энхрий хайрт ерөнхийлөгч маань “Шударга байцгаая л даа” хэмээх алдарт үгээ ор тас мартчихаад авилгачдаа харан ангайгаад, ботгон торомгор нүдээ эргэлдүүлсэн шиг суух болой. “Авилгачдыг залхаана!” гэж чанга хашгирч байсан Элбэгээ хүү 2009 онд нэг ч болов авилгалчийн толгойноос ядахдаа ширхэг ч болов үс сугалж чадсангүй.
Хамгийн тэвчээртэй ард түмэн
Энэ шалгуурт дэлхийн олон ард түмэн өрсөлдсөнөөс монголын ард түмэн саахалтын дайтай түрүүлэн ирж, хамрын самсаа шархирууллаа. Газрыг нь онгичиж, нуурыг нь ширгээж, голыг нь тасалж, голомтыг нь самарч байхад хэнэг ч үгүй инээж л сууна. Хоёр аравны таван саяыг өгнө гэчихээд гол гараад бараагүй алга болчиход аанай л маасайгаад сууна. Буудсан ч ажрахгүй, дуудсан ч харахгүй. Талхны тань үнийг зуун мянга болгоё гэхэд цочихгүй. Татварын тань мөнгөөр ямаанд цалин тараана гэхээр тоох ч үгүй. Инээгээд л, суугаад л байна.

Thursday, December 3, 2009

Машиныг нь зараад мөнгө явуулчихлаа

Аравдугаар ангийн хүү Ланд-200 унаад гэртээ ирлээ гэнэ. Эцэг эх хоёрынх нь нүд орой дээрээ гарав.
-Хажуугийн орцны Дулмаа эгч л мянган төгрөг өгөөд Дорж ахынхаа машиныг авбал ав гэсэн шүү дээ гэж байна гэнэ. Ээж нь баян захирлын авгай Дулмаа руу гүйж очив.
-Нээрээ юм уу даа, Дулмаа?
-Нээрээ нээрээ. Өмхий Дорж өчигдөр томилолтоор явлаа гээд гарсан. Тэгсэн чинь мисс хүүхэн тэврээд Сингапур нисчихэж. Тэгээд яаж байна гээч, тэндээсээ утасдаад машиныг минь зараад мөнгийг нь явуулаач гэнэ ээ. Тэгэхээр нь би машиныг нь зараад мөнгийг нь явуулчихлаа, муу өмхийд гэж байна гэнэ.

Нэг эр найзынх руугаа залгасан чинь хүүхэд нь утсаа маш түргэн авч байна гэнэ.
-Аав нь байна уу?
-Завгүй байна аа гэж шивнэлээ гэнэ.
-Тэгвэл ээж нь?
-Ээж бас завгүй байна аа.
-Өөр том хүн байна уу?
-Гал сөнөөгч ах, цагдаа ах хоёр байна.
-За тэгвэл тэр хоёрыгоо ч болов яриулаад өгөөч, Ганаа, миний дүү?
-Тэр хоёр бүр ч завгүй байна аа.
-Гүй одоо, юугаа хийгээд байгаа улс вэ тэд чинь?
-Чш чимээгүй ээ, намайг хайгаад байгаа юм аа.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates