/фельетон/
Хүмүүн биднийг дээд төрлийн нэгэн зүйл амьтан хуурч мэхэлсээр ирсэн байх юм. Үндсэн хуулийг уншаад үз. “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт юуг өгүүлнэ вэ?
Биднээс тэс өөр зүстэй, нүүрэндээ үстэй, духан дээрээ хос ясан ургацаг бүхий этгээдүүд бидний толгой дээр суучихаад, хүмүүнийг хамгаалах нэрийн дор өөрсдийгөө энэрсээр иржээ гэсэн үг! “Хүн төрийн хамгаалалтад байна” гэх өгүүлбэрийг хүмүүн бидний төлөө баталсан гэх хуулиудаас хайж олно гэвэл гонжийн жоо!
Зарим залуу судлаач зөвхөн энэ жил сонгогдсон далан зургаа л дээд төрлийн амьтан байх магадлалтай гэх гэнэхэн таамгийг дэвшүүлж байна. Үгүй юм аа, гэтэл.
Дээд төрөлтөн болох ухна гуай өнгөрсөн зуунаас эхлэн бидний толгой дээр гишгэлсэн байх юм. Дал наяад онд ухнуудад зориулж хашаа саравч босгож, тэдний үр төлийг бүрэн бойжуулах аянд бүх хүн амыг дайчилж, төлчнөөр хөөж, цөлж байлаа. Ишиг үхүүлсэн малчныг агаарын долгионоор улс даяар зарлаж, мууг нь үзсэн. Хүнд зориулж, цор ганц Тэрэлжийн амралт сувиллыг халтар хултар босгомор аядсан хэрнээ, ухна гуайд зориулсан эмчилгээ тэжээлийн цэгийг сум бүрт гурав дөрвөөр нь сүндэрлүүлсэн. Малчны хүү цоорхой бүрээстэй дөрвөн ханатад чичирч суухад, ухнын төл орос дүнзээр шахаж барьсан төвлөрсөн халаалттай пүнзэнд тухалж байсан юм. Энэ бүх баримт тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид ухна хэмээгч дээд төрөлт, тэнгэр язгуурт эцэг мал мэр сэр шургалж эхэлсний баталгаа болдог.
Олон улсын шинжээч нар Хонгорт төрсөн, үсгүй нүцгэн шалдан ишгийг судлаад үзтэл юу байсан гэж санана! УИХ-ын эрхэм гишүүн нүцгэн шалдан Балдан гуай “орон нутагт ажиллаж” явахдаа Хонгорын эм ямааны суурьт хоног тааруулж “ажилласан” болох нь батлагдсан билээ. Лавшруулаад судалгаа хийтэл далан зургаа бүгдээрээ номын хүчээр төрөл арилжиж хүн төрх дутуу олсон ухна болох нь тогтоогдов!
Дээд төрлийн, ухаантай амьтан юм гэхээрээ ухнууд төрийн хормойд сиймхий гарсан ерээд оныг овжин ашигласан байдаг. Одоог хүртэл Их хуралд суусаар буй, Гончигдорж, Бат-Үүл нараар толгойлуулсан хэсэг бүлэг ухна Улсын бага хуралд гараад, “Мал төрийн хамгаалалтад байна” гэх суут заалтаа үндсэн хуулинд шургуулсан түүхтэй.
Монгол улсын хуулиудыг судлаад үз. “Малыг гэмт халдлагаас сэргийлэх тухай”, “Малыг татвараас чөлөөлөх тухай”, “Малыг халдваргүйжүүлэх тухай”, “Малын удмын санг хамгаалах тухай”, “Малын бэлчээрийн тухай”, “Мал эмнэлгийн тухай”, “Ухна болон түүний төлд таван мянган төгрөгийн тэтгэлэг олгох тухай” гээд л явж өгнө! Хүний охин үрийг хулгайлж биеийг нь үнэлүүлсэн этгээдийг шийтгэх тухай тусгайлсан хууль үгүй хэрнээ, ухна гуайтай зүй бусаар харьцаж, гэмт халдлага хийсэн хүнийг шийтгэхийг онцгойлон авч үзэж тусгайд нь хууль баталсан байдаг.
2008 оны сонгуулиар дээд төрөлтнүүд луйвар хийж, УИХ-ын суудлыг нэлэнхүйд нь эзэлсэн болох нь нэгэнт илэрхий боллоо. Тэд өөрсдөдөө таван мянгыг олгох тухай хуулийг үтэр түргэн баталсан төдийгүй, цаашаа даварч, чихэндээ цахим ээмэг зүүж, арьсаа алдахаас сэргийлэхэд хүн бидний татварын мөнгийг зарахаар тогтоов. Баян-Өлгий аймгаас сонгогдож ирсэн нэгэн дээд төрөлтөн энэ хуулийг “Мал сүркийн кулгайч нарыг илрүүлэхэд ик сайн үр дүн өгөк кууль” хэмээн зурагтын суваг бүрээр магтан сайшаалаа.
Орон нутгийн сонгуулиар өөрсдийг нь сонгох гэж хүмүүс ирээгүйд ухнууд ихэд эгдүүцэв. “Сонгуульд хүн биш зөвхөн ухна оролцоно. Хамгийн том засаатай ухнууд ирж оролцсон тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцно” гэсэн агуулга бүхий хуулийг батлахаар одоо сэм хэлэлцэж байна.
Тэдний дараагийн алхам “Улсын их хурал” гэдэг нэрийг “Ухнын их мурил” болгож өөрчлөх явдал гэлцэнэ. “Коёр гуравхан үсэг баллуурдаж засах учраас ажиллагаа багатай. Эдийн заскийн кувьд кэмнэлттэй” хэмээн засах ажилд мэргэжсэн эрхэм дээд төрөлтөн Нямдорж гуай айлдав.
Бодоод байх нээ, бид дээд төрөлт ухнуудыг шүтсээр байх ахул их аз буяныг эдлэх нигууртай аж. Цаашдаа нэг л мэдэхэд бүх хүн номын авшиг аван бөөрнөөсөө ягаарсаар дээд төрөлд арилжина. “Тарган сайн өвөлжиж байна уу?” гэж нурших бус, “Мм-май” гэх товчхон агаад, билэг “Дэмбэрэл”-тэй үгээр “Баяр”-тайяа мэндчилдэг болцгооно!
Бодох санах юмгүй өвсөө хивж, усаа уугаад л. Үр хүүхдийнхээ улаан нүүрэн дээр эр эмийн ажлаа амжуулаад л. Таван мянган төгрөгийн тэтгэврээ буухаар зад найрлаад л. Жинхэнэ хүмүүнлэг ардчилсан, эв хамтын диваажинд энх тунх аж төрөх болно. Ёстой гоё!