2002 онд бичсэн асуудал хөндсөн өгүүллээ нийтэллээ. Арваад жилийн өмнөх асуудал одоо ч амь бөхтэй оршсоор л байх болой.
Замд тааралдаж хэсэг зуур хууч хөөрөлдсөн малчин өвгөнөөс “Морь номхон уу?” гэж асуулаа. “Номхоон хүү минь. Хонины морь байгаа юм. Хонины ч гэж дээ, ямааны морь” гээд ямаа дийлэнх сүрэг рүүгээ харан ёжтой мушийж билээ. Монгол хэлний “хонины хүүхэд”, “хонины хишиг өдөр” гэх хэвшмэл хэллэгүүд удахгүй “ямааны хүүхэд”, “ямааны хишиг өдөр” болж солигдох нээ. “Төрийн сүлдэнд морь байх нь буруу, ямааг оруулъя гэвэл овоо олон хүн гараа өргөнө” гэж нэг малчин үнэн санаанаасаа хэлсэн юм. Нуруун дээрх хагас килограмм ноолуур нь ямааг монгол хүний оройн дээд шүтээн болгон хувиргаад байна.
Гэрэл зургийг М.Д.Эрхэмчухал Монголын ямаа 1989 онд 4.9 сая байснаа 2001 онд 9.5 сая болж, хоёр дахин өсчээ. 1989 онд 3 хонинд 1 ямаа оногдож байсан бол одоо 6 хонинд 5 ямаа оногддог болж, хонь ямааны тоо бараг л тэнцчихээд байна.
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-ийн Мал аж ахуйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Самбуу “Ямаа хэт өсгөж байгаа нь буруу. Өнгөц харахад ашиг өндөртэй мал өсөж, мал аж ахуйд дэвшил гарч буй мэт боловч ямаа олширвол хэд хэдэн сөрөг үр дагавартай” гэж ярьж байна. Ямаа хэт өсөхөөрөө бэлчээрт нөхөж баршгүй хохирол учруулдаг ажээ. Эртний Грек ямааг дагнан үржүүлснээс ой модгүй болж байжээ. Сахарын цөл өргөжсөн нь ямааны тоог хэт өсгөсөнтэй холбоотой гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Ямаа ургамлыг сорчилж иддэг амьтан. Идэхдээ зүгээр ч нэг идэхгүй. Мөлжиж иднэ. Хөлөөрөө цавчиж үндсийг нь ухаж иднэ. Ислэгт дуртай амьтан тул хөрсний эвдрэлийг барьж байдаг харгана бутыг сүйтгэж иднэ. Мөлжөөд үндсээр нь ухаад идчихсэн ургамал нөхөн сэргэхгүй нь тодорхой. Харгана бутгүй болохоор хөрс салхи шуурганд хийсч идэгдэнэ. Дээрх жишээнээс цөлжилтийн бурууг ямаа үүрнэ гэдэг нь харагдана. Мөн Монголд ургадаг 545 төрлийн ургамлын 470 төрлийг нь ямаа иддэг гэнэ. Тэгэхэд хонь 422, үхэр 328, тэмээ түүнээс бүр цөөхөн төрлийн ургамал иддэг нь судлагджээ. Хонь, үхэр, тэмээ ургамлын навч нахиа зэрэг нөхөн сэргэдэг оройн хэсгийг л иддэг байна. 450 кг жинтэй тэмээ тавхай томтой учраас гишгэлтээрээ хөрсөн дээр 0.44 кг/см2 даралт учруулж байхад, 35 кг жинтэй ямаа 1.25 кг/см2 буюу тэмээнийхээс 2.8 дахин их даралт учруулж, энэ хэмжээгээрээ бэлчээрийг илүү талхалдаг. “Цаг нэг л цөвүүн болоод байна. Чамлахааргүй бороо орчихоод байхад л ногоо гарахаа байчихлаа” гэж Говь-Алтай аймгийн Тайшир сумын малчин, жаран настай буурал Б.Дагвадорж толгой сэгсрэн халаглаж сууна. Сүүлийн 20 жилд бэлчээрийн ургац 20-25 хувь буурсан гэсэн судалгаа байдаг.
Доктор Самбуу цааш “Сүргийн бүтэц 4 хонинд 1 ямаа оногдож байхад хамгийн оновчтой. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа 1.2:1 болчихлоо. Ямаа олонтой сүрэг зуд болоход хамгийн түрүүнд хиардаг” гэж ярьж байна. Ямаа шээмтгий амьтан. Хониноос 30-40 хувь илүү шээдэг. Хонины хорголын 80-90 хувь нь өтөг болдог байхад ямааны хорголын 40-50 хувь нь өтөг болж бусад нь хөлддөг байна. Ямаа хонины бөөрөнд наалдан илчинд нь амьдарч явдаг мал. Гурав дөрвөн хонь нэг ямааны гаргасан шээс хөлдүүсийг биеийн илчээрээ гэсгээн дулаацуулж чаддаг. Харин хонины хажууд тэнцүү тооны ямаа зэрэгцээд байх тохиолдолд хот дулаацдаггүй гэнэ. Ямаа олонтой сүрэг зудад тэсвэр муутай байдаг нь ийм учиртай ажээ. Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Т.Галсан “Манайх 500 шахам ямаа, 300 хоньтой. Ямаа дийлэнх сүрэг тогтвор муутай байх юм. Тогтоогоод хариулъя гэхээр ямаа ногоог үндсээр нь ухаж идэх гээд байдаг бэлчээртээ халгаатай мал. Өвөл хот хөлдөх нь их. Бүл сайтайдаа л энэ хэдэн ямаагаа агуулдаг” гэж ярьж байлаа. Цаашдаа ямаа энэ хурдцаараа өсвөл байгаль орчинд хор уршигтай нь илэрхий. Иймээс ямааны тоог бууруулах шаардлага зүй ёсоор тавигдана.
“Ямаанд өндөр татвар оногдуулах замаар энэ байдлыг залруулж болно” гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоо мөрдөгдөж буй Хүн амын орлогын албан татварын хуулинд нэг ямааг 1.5 хонинд тооцож татвар ноогдуулахаар заасан. Харин Газрын төлбөрийн тухай хуулинд нэг ямааг 0.9 хонинд тооцож бэлчээрийн төлбөр ноогдуулах заалт бий. Тус хуулинд малчин өрхийн малын бэлчээрийн болон хадлангийн талбайн төлбөрийг чөлөөлөх тухай заалт ч байдаг. Хуулийн эдгээр заалтуудыг өөрчлөх шаардлагатай болжээ. Харин одоогоор Их хурлын ажлын хэсгээр хэлцэгдэж буй Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд Хангай, Хэнтийн уулархаг бүсэд бэлчээрийн жилийн төлбөр нэг хонинд 154 төгрөг, нэг ямааг хоёр хонин толгойд тооцож 308 төгрөг, Говийн бүсэд нэг хонинд 80 төгрөг, нэг ямаанд 160 төгрөг байхаар тогтоох санал оруулжээ. Малчин өрх бэлчээрийн төлбөр төлдөггүй байсан заалтыг хасахаар тусгажээ. Гэвч бодлого тодорхойлогчид өөрсдөө энэ өөрчлөлтүүд сүргийн бүтцийн зохистой харьцааг сэргээн тогтооход үр нөлөө үзүүлж чадахгүйг хүлээн зөвшөөрч байна. УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны зөвлөх Д.Мягмарсүрэн “Энэ хуулийн төслийн заалт нь ямааны өсөлтийг хязгаарлаж чадахгүй. 500 ямаатай айл жилд ноолуураасаа ойролцоогоор 5 сая төгрөг олно. 500 ямааны бэлчээрийн төлбөр 154 мянган төгрөг нь тэдний хувьд 15 ямаанаасаа л авчих ноолуурын үнэ” гэсэн юм.
Төв аймгийн З.Болдбаяр, Баянхонгорын И.Буян, Сүхбаатарын Н.Чулуунбаатар, Г.Төмөртогоо, Булганы П.Батбаяр, Завханы Я.Доржготов нарын зэрэг олон малчинтай уулзлаа. Тэд “Нэг толгой нь л жилд арав хорин мянган төгрөгийн ашиг өгдөг ямаагаа бид өсгөхгүй гээд яах вэ” гэж байна. Нэгэнтээ УИХ-ын гишүүн Л.Цэвээнжав “Нам рейтингээ унагахаас айж малын татварыг нэмж чаддаггүй” хэмээн ам алдаж билээ. Ноён суудлаа бодно. Харц ноолуураа бодно. Ямаа мөлжиж, цавчилж, ухаж, талхалсаар. Монгол нутаг цөлжсөөр.