Showing posts with label Фельетон. Show all posts
Showing posts with label Фельетон. Show all posts

Wednesday, October 8, 2014

АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР




(памфлет)



Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан.
“Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амьдарна” гэсэн. Энэ үг үлгэр мэт сайхан сонсогдож, үй олон хүн үүнд автаж, татагдаж, итгэсэн. Ард түмэн хараацайн үгийг дагаж ялгуулсан их хувьсгал хийн, улаан мангасыг даран сөнөөсөн бөлгөө. Гэвч тэр үлгэр шиг сайхан амьдрал нь ирээгүй л...
Хараацай болгоны амнаас юмны түрүүнд унадаг байсан нэгэн үг бий. “Хэтэрхий олон дарга ард түмний хүзүүн дээр сууж байна. Ийм олон мангас бидэнд хэрэггүй! Огцорцгоо! Далдарцгаа!” гэж тэд хашгирч байсан. “Хүнд суртлын нүсэр аппарат, олон ёроолгүй гүзээг тэжээснээс Монгол улс үгүйрэн хоосорч байна” хэмээсэн. Тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид нь есөн мангас суудаг, арав хүрэхгүй яамтай байхад энэ үгийг хараацайнууд хэлж байж!
 Гэтэл одоо энэ тоо хэд болсон билээ? Улсын их хурал гэгчид нь далан зургаан гүзээ сууж байна. Хориод яаманд хорин хэдэн сайд сэнтийлдэг. Түүгээр ч барахгүй дэд сайдууд гэх сайдаасаа дутахгүй том гүзээтнүүд бий. Газар, агентлагийг тоолох гэвэл сампингийн эрих хүрэлцэхгүй. Өнөөх хараацайнууд одоо өөрсдөө цондойсон хөөрхөн гүзээтэй болоод ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, хотын захирагчийн сэнтийд залраад, “Олон дарга огцор!”, “Хүнд суртлын нүсэр аппаратыг устга! хэмээсэн цогтой халуун үгээ таг мартчихсан сууна. Дарга нар байр савандаа багтахаа байж, хуучны яам тамганы дэргэд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгууд босгоцгоожээ.
“Монгол хүн эх орныхоо эзэн байж, эрх чөлөөтэй амьдарна!” гэж хараацайнууд чанга жиргэсэн. Ямар гоё вэ? хэмээн зон олон бүгдээр дуу алдсан. Гэтэл яав аа? Малчин Гомбо төрсөн довныхоо эзэн байж, хөдөөдөө амьдаръя гэхээр Дамба гишүүний уул уурхайн компани өвөлжөөг нь өрлөөд, зусланг нь зураад, хашаа хороогоор битүүлээд буутай манаа зоочихно. Аргаа барсан Гомбо хот руу нүүнэ. Түүнд 0,5 га бүү хэл гадас хатгах ч газар олдохгүй. Амьдрахын эрхэнд уулын оройд гэрээ барьтал хорооны түшмэл, “Зөвшөөрөлгүй”, “Үерийн ам”, “Өндөр хүчдэлийн шугам” гэж хөөнө. Эрхэм гишүүн Дамба харин хэдэн зуун га газрыг чөлөөтэй аваад, орон сууцны хороолол барьчихсан амандаа багтахгүй үнэ хэлэн хаахалзана. Эрх чөлөөтэй, эх орны эзэн болгох гэх үг бас л үлгэр.        
“Хаад ноёд, харц ард бүгдээр эрх тэгш байна!” - энэ бас л тэдний үг. Гэвч амьдрал дээр ямар болчихоод байгаа билээ? Нийслэлийн дугаар хорооны иргэн Гомбо Улсын их хурлын сонгуульд нэрээ дэвшүүллээ гээд яах юм бэ? Ядахдаа арван ширхэг ухуулах хуудас хэвлүүлэх мөнгө түүнд бий билүү? Эрхэм гишүүн Дамбад харин бүх зүйл нээлттэй. Мөнгө хөрөнгө, танил тал бий.
Төрийн түшээ улсын 14 тэрбумаар тоглочихсон байтал хэрэгсэхгүй. Энгийн хүн 10 мянган төгрөг авсны төлөө арван жилийн ял сонсоно. Улсын их хурлын гишүүн, хаад ноёд халдашгүй дархан эрхтэй. Гэмт хэрэг хийж байхад нь үйлдэл дээр нь, хэдэн гэрчтэйгээр баривал л эрхэм гишүүнд хэрэг үүсгэх магадлалтай. Харц ард, жирийн иргэн бол сэжигтэй харагдсаныхаа төлөө нэгжүүлж шалгуулж, өчнөөн доромжлол амсана.
Тэд “Ард иргэдээ ардчилсан нийгэмд, эрүүл саруул, амар жимэр аж төрүүлнэ” гэцгээсэн. Хувьсгал ялаад 24 жил боллоо. Хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж, ард иргэдээ амар жимэр, эрүүл саруул амьдруулав аа? Өнөөх захиргаадалтын бурангуй балар үед баригдсан сургууль эмнэлгүүд элэгдээд дуусч байна. Цаашдаа яах юм, бүү мэд. Таван залууг зүгээр л гудамжаар гүйж явсных нь төлөө төр нь өөрөө буудчихсан.   
Мангасуудын үед төрийн аппаратад ажилтан авахдаа боловсрол, мэдлэг чадварыг нь шалгаж, намтар түүхийг нь судалж, өндөр шалгуур тавьдаг байсан. Хэр баргийн хүн засгийн ажилд тэнцдэггүй байж. Гэтэл одоо ямар шалгуураар төрийн түшмэдийг авдаг болсон билээ? Ерөнхий сайдын хамаатан эсвэл намдаа мөнгө хандивласан бол хар толгойтой хонийг ч албан тушаалд томилдог болсон. Сайдын суудал тэдэн тэрбум, төрийн нарийных тэдэн зуун сая гэлцэн сандал суудыг наймаалцдаг гэх жиг жуг яриа ч бий. Алдаа гаргасан даргыг хурлаар хэлэлцэж, хатуу донгодож, тушаал бууруулж, амийг нь авдаг байлаа. Одоо тэгтэл хариуцлагын тогтолцоо гэж байна уу? Хэн гэдэг дарга ямар алдаа гаргаад суудлаасаа буусан бэ? Хэлэх ганц ч жишээ байхгүй. Монгол улсын төр дампуурчихаад байгаа.
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, Б.Дэжид гэх мэт өмнөх үеийн дарга нарыг бүгдийг нь “Муу хүмүүс”, “Мангасууд!” хэмээн хараацайнууд буруутган цоллосон. Гэтэл хэрэг дээрээ ямар хүмүүс байлаа? Тэд улсаасаа сэтэрхий тэвнэ ч хумслаагүй. Хувьдаа Аж үйлдвэрийн комбинаттай, Эрдэнэт концернтой байгаагүй. Улсын байранд амьдраад, улсынхаа төлөө бүх бодол санаа, цаг заваа зарцуулан зүтгэж байсан. Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх өдөр улсын төлөө ажиллаад, үдэш хувийн бизнесээ амжуулдаг байсан гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Гэтэл алтан хараацайнууд минь ямар байгаа билээ? Нэг хараацай нь хувийн амралт, чацарганын тариалантай, нөгөө нь үнээний фермтэй, гурав дахь нь Швейцарь улсад офшор компанитай, түүгээр ч зогсохгүй монголдоо толгой цохих баян корпораци, группийн эзэн болчихсон хараацай ч хэд хэд бий. Гэтэл та бүгдийн эрх чөлөөтэй, баян болгоно, амирлуулна, жаргаана гэж амласан ард түмний амьдрал ямар байгаа билээ?
Үүнийг бичигч ардчиллыг үзэн яддагтаа биш, ардчиллын төлөө санаа зовдогтоо ийнхүү харуусаж сууна. Ардчилал бидэнд ихийг өгсөн нь маргашгүй үнэн. Өөр зам бидэнд байхгүй гэдэг ч бас үнэн. Гэхдээ байдал нэг л биш. Бараг л эсрэгээрээ гэлтэй. Бид улсаа улам дордуулах гэж тэр хувьсгалыг хийсэн хэрэг үү?
Алтан хараацайнууд бараг л бүгдээрээ амьд сэрүүн байна. Ерэн онд яс арьс болсон туранхай бор залуучууд байснаа одоо подойтол махлаад, тарган цатгалан, малийсан цагаан эрчүүд болжээ. Монгол орон ямар болчихоод байгааг тэд сонсож дуулж, үзэж харж, мэдэж мэдэрч байгаа.
            Алтан хараацайнууд минь ээ, ичээч! Ерэн онд хэлсэн үгээ эргэж санаач! Тэр үг чинь үлгэр болчихоод байна! гэж л хэлье дээ.

А.АМАРСАЙХАН
("Mongolian Economy" сэтгүүлийн 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн) 

Monday, October 31, 2011

"Утаат Монгол" фельетоны орос орчуулга

"Орос" гэсэн нэрээр блог бичдэг нэгэн эрхэм миний "Утаат монгол" фельетоныг орчуулжээ. Орчуулгыг эндээс үзнэ үү? Монголчуудын тухай бичдэг хүн байгаа юм. Би энэ хүнтэй хараахан танилцаж амжаагүй байгаа.

Tuesday, January 18, 2011

ЯМААГААР ЖИЛИЙН ӨНГИЙГ ШИНЖИХҮЙ

(наргиа шог)

Ямаа шиг өндөр цалин хангамжтай амьтан үгүй болсон өнөө цагт үхэр болоод үхэрчин хүүгээр жилийн өнгийг шинжих нь буруу хэмээн Монголын улбар шар зурхайн холбоо болгоожээ. Тэд ямаа болоод ямаачин бүсгүйгээр XVII жарны төмөр туулай жилийн өнгийг шинжсэнийг уншигч авхай танаа хүргэмой. Таалан болгооно уу?
1. Ямааны эвэр том, зүс цоохор байгаа нь энэ жил эрхтэн дархтануудын омог их, улстөрийн талбарт эрээн цоохор бүлэглэлүүдийн тэмцэл халгиж цалгиж, яам газар агентлаг хэлтсүүд борооны дараах мөөг шиг олширч сандал ширээ арвин байх ажгуу.

2. Ямаа дэлэнгээ гөлгөнд эв найрамдалтайгаар гувшуулах нь эсрэг тэсрэг үзэл бодол бүхий намуудын хормойн явдал улам гаарч, нэг хөнжилдөө улам янагшин цэнгэхийг өгүүлж байна. Ямаа хорт цагаан цэцэг зуусан, дэлэн томтой байгаа нь улс төрийн тогоонд цаашдаа улам их хор найрахыг өгүүлж буй хэрэг. Энэ хорыг нэр бүхий эсэргүүчүүдэд уулгаж нам дарж магадгүйг Намбарын Энхбаяр тэргүүтэй ард түмний төлөө цогтой тэмцэгч зоригт хөвүүд анхаарахад илүүдэхгүй.




3. Ямааг хөхөж байгаа долматин гөлөгний толбоны тоо нь ардчилсан намаас хамтарсан засгийн газарт орж ах намын хаяа бараадан гэдэс цатгалан мөр бүтэн явж буй сайд, дэд сайд нарын тоотой таарах бөгөөд гөлөгний бэлэг эрхтэн их том зурагдсан нь яваандаа ямаатайгаа эвцэлдэж дундаас нь шинэ үүлдэр угсаа бүхий нам болоод улстөрийн хүчин гарч магадгүйг үзүүлж байна. Энэ намыг МЭОН буюу Монголын эвцэлдэгч олигархиудын нам хэмээн нэрийдэх магадлалтай нь төлгөнд буусан болой.

4. Ямаачин бүсгүй зөвхөн хөхөө л ил гаргаж, бэлхүүснээсээ доош хувцсанд баригдан эрх чөлөөгөө хязгаарлуулсан яваа нь Нямдорж сайдын урт гар хаа сайгүй хүрч, эрхэм гишүүдийн сексийн эрх чөлөөг хязгаарласаар байна гэдгийг харуулж байна. Бүсгүйн амыг гивлүүр хагас тагласан нь үндэсний телевиз радио эрх баригчдын гараас бүрэн ангижирч чадахгүй, эрхэм гишүүд “төсвийг чинь хасна шүү” гэж айлган сүрдүүлж, шууд ярилцлага, ММ-ийн мэдээнд хугацаагүй заларсаар байхыг хэлж буй юм.

5. Ямаачин хөл нүцгэн зурагдсан нь дэлхийн дулаарал үргэлжлэх төдийгүй монголд ядуурал улам ихсэхийг давхар өгүүлж байна.

6. Бүсгүйн баруун гарын алга тэнийсэн байдалтай харагдах нь дорд ядуусын гар дээр засгийн газар сар бүр хорин нэгэн Дар эхийн бэлгэдэл хорин нэгэн мянган төгрөг харамгүй тавина гэдгийг хэлжээ. Харин зүүн гартаа лонх барьсан байгаа нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтоны зөв мэргэн бодлогын дүнд оргилуун дарс бус сүү сааль, шимийн архийг урьд хожид байгаагүй их авах нигуур бүрэлджээ.

7. Ямаачин суудлын тэргээр бус явган явж байгаа нь газрын тосны үнэ улам өсөж, олон жолооч тэргээ тавиад явган таваргаж явдаг болохыг хэлж буй хэрэг.
8. Ямаа болоод ямаачны үс урдаасаа хойшоо хийсэж байгаа нь эрх баригчдын санаа бодол Орос ах нар лугаа эргэн, хойт зүгийн салхины аясаар ураны болоод нүүрсний уурхай цэцэглэж, төмөр зам салаалахыг хэлж буй.
9. Бүсгүй бугуйндаа зүүсэн зэс бугуйвч, ямааны хамар дахь алтан гархи адилхан гялалзаж, нүд гялбуулж байх нь алт зэсийн үнэ сайн хэвээрээ, үүнээс улбаалан манай эдийн засаг цэцэглэн хөгжсөн хэвээр байхыг илтгэн харуулна. Энэ нь эрхэм сайдуудад уул уурхайгаас унац ихтэй гэдгийг ч давхар өгүүлж байна.

10. Ямаа өөрөө төдийгүй ямаачин ч бас эм хүйстэй, харин түүний дэлэнгээр тэжээгдэж байгаа гөлөг эр байгаа нь эр нөхрөө тэжээж, өрх гэрээ авч явдаг эхнэрүүдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг өгүүлж байна. Үүнтэй урвуу хамааралтайгаар төр засгийн эрх мэдэл барих түвшинд буй хатагтай нарын тоо эрс буурна гэж улбар шар зурхайд буужээ.

11. Эцэст нь хамгийн өөдрөг зүйлийг дурдвал ямаачин, ямаа, гөлөг гурвуулаа нэгэн зүг рүү харж байгаа нь бидний улс эцсийн эцэст эв саналаа нэгтгэн нэгэн зүгт зориглон хөдлөхийн дохио болмой.

Monday, December 14, 2009

2009 ОНЫ ОНЦЛОХ АРВАН ХҮН, ГУРВАН ЮМ


/егөө/

Оны хамгийн оновчтой орчуулга
Энэ шалгуурт “Чанваа ба Хуньион” олон ангит сүүдэр шийний орчуулга хол тасархай түрүүллээ. Солонгос нэрийг яаж орчуулахаар Ариунаа болчихдог байна аа? хэмээн ард түмэн ангайж байгаа. Тэгвэл орчуулгыг тооны ухаанаар хийсэн байх юм. “Чанваа”-гаас язгуур гаргаад, хариугаа пий тоонд хуваагаад, ноогдворыг нь аравны орноор нарийвчлахад “Ариунаа” болдог гэнэ. “Кан Тэ Ён захирал”-аас уламжлал аваад, арвын хасах зургаан зэргээр үржүүлээд, гарсан хариуны мянганы оронг хураахад “Төрөө захирал” хэмээх сонсголонтой монгол нэр үүсдэг аж. Манай овжин сэтгүүлчид энэ туршлагыг ажилдаа нэвтрүүлэхээр шийджээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрийг цаашид Баараг Оюумаа гэж орчуулна. Ерөнхий сайд Путинийг орчуулахдаа Замжав, Замтан, Замын хүн, Замын хань гэх хувилбаруудаас аль оновчтойг нь сонгохоор ярилцаж байна.
Оны ширэн нүүртэй хүн
“Очир төв” хэмээгч хамтралын эзэн, их хурлын эрхэм гишүүн Дамба-Очир энэ шалгуурт өрсөлдөгчгүйгээр цойлон тодорлоо. Лүнгийн замаар явж байгаа хүн болгон “Дамба-Очир үхэж далд ороосой” гэж мянгантаа харааж, түмэнтээ зүхэж байгаа боловч Дамба-Очир улам өнгөжин жавхаажаад, Улсын их хуралд сонгогдож залраад, далдарч өгөхгүй ширэн нүүрлэн суусаар л байна. Өнгөрөгч зулын хорин тавны өдөр монголын бүх ард түмэн Дуурийн ордон, Бөхийн өргөөнөө нэгэн цаг дор цугларч, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц тэргүүнтэй мянган ламаар ширэн нүүрт Дамба-Очирт хараал уншуулах гэсэн боловч лам нар андуураад насны ерөөл уншчихсан сурагтай. Лүнгийн замыг хуулж, хорлон сүйтгээд 3 жилийн нүүр үзэж буй тул оны шилдгийг шалгаруулах зөвлөл санал нэгтэй хэлэлцээд “2007, 2008 оны ширэн нүүртэй хүн” үнэмлэх үнэ бүхий зүйл, өмдний нарийхан сойлтыг иргэн Дамба-Очирт нэхэн олгохоор тогтоов.
Нэг тэрбумыг хамгийн хурдан үрсэн хүн
Хамгийн олон нэр дэвшигч буюу 76 мангуу үхэр энэ шалгуурт мөөрч урамдан уралдсан юм. Тэдний дундаас эрхэм гишүүн Алтай магнайдаа тоос хүргэлгүй, тувт өнгөлсөөр энэ уралдаанд торгон жолоо өргүүллээ. Тэрээр бүхэл бүтэн нэг тэрбумыг ганц шөнийн дотор үрж дуусгав. Энэ нөр их ажлыг амжуулах гэж яаж махаа зулгааж, Мянгуужингийн үлгэр зохиосноо 25 дугаар сувгаар учирлан ярьсан бөлгөө. Бусад гишүүд нэг тэрбумын сургийг эрт дуулсан тул сарын өмнөөс төсөл бичиж, үрж зарж эхэлсэн болох нь тогтоогдсон учир шүүгчид шалгуураас хасчээ. Хөөрхий Алтай л харин шоовдор учраас хожуу мэдэж, ийнхүү зовж зүдэрч, дээд амжилтын эзэн болсон байна.
Оны огцом ухаажсан хүн
Энэ хүн бол яах аргагүй дуучин Жавхлан мөн болно. Эрхэм гавьяат маань зурагтын нэвтрүүлгүүдэд зочилж, хөх монголын үнэр нэвт шингэсэн, гүн ухааны шинжтэй, гүнзгий агуулгатай, ухаан уугисан үгсийг толгой сүүл холбон урсгаж байгаа. Зөрүү энгэртэй баруун зүгийн хувцас монгол хүнд зохимжгүйг ухаарч ногоон тэрлэгээр гоёх боллоо. Том улаан тэргээ хонины хээр мориор арилжина гэж ам алдсан. Таван ханатай монгол гэрт, ган тулганд уугих хөх хомоолын утаа үнэртэн, өөхөн дэнгийн гэрэлд бясалган суудаг боллоо. Түүний ингэж ухаажсаныг Чингэлтэй дүүргийн мулгуу сонгогчид даанч мэдэрсэнгүй нь харамсалтай.
Хамгийн олон нугарсан наймаа
Энэ шалгуурт амны хаалт, чацаргана, нэрс, аньс, аарц, адууны мах гэх мэтийн есөн хэлийн нэр дэвшигч өрсөлдсөнөөс амны хаалт тэргүүн байрт шалгарч алтан үсэгтэй өргөмжлөл авч, шилэн гүнгэрвааны цаана мөнхөрлөө. Японоос хэдэн буянтай хүүхэд гахайн ханиад аваад ирсний ачаар бид нуга хуга хийлээ хэмээн дамчид магнай тэнэгэр байна. Аарц арав, адуу хорь, аньс гуч, нэрс дөч, чацаргана тавь, амны хаалт жар нугарч бахдам сайхан амжилт үзүүлжээ. Эмийн сангийн эрхлэгч нар Сүхийн талбайг худалдаж аваад, төвд нь сүндэрлэх жанжны хөшөөг амны хаалттайгаар өөрчлөн урлаад, зэс самбарт “Жар нугарсан жартгар цагаан амны хаалт мину” гэсэн бичиг сийлж хадахаар шийдээд байна.
Оны тэргүүн баян
Энэ ангилалд Буян Жагаа, Маахас Ганбаа, Жийнхоо Баттулга, Намбар Энхбаяр нарыг бараагүй хол хаяж, Пөмбөгөр төвийн аарцны наймаачин Амбаа гуай тэргүүллээ. Тэрээр ус гурил хоёрыг хольж хутгаад, дээрээс нь жаахан аарц дусааж зарсаар байгаад хоёр сарын дотор дэлхийн аравдугаарт бичигдтэлээ баяжжээ. Амбаа гуай хэдийгээр дэлхийн тэргүүн баян болсон ч эсгий гутал, хөвөнтэй хүрмээ тайлахгүй тухайгаа ярилцлагадаа дурдаж байгаа юм.
Оны мартагдсан хүн
Энэ шалгуурт Буянгийн Жаргалсайхан, Гүндалай нарын арваад хүн уралдсанаас Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Баасан эгч чимээ шуугиангүй, даруухнаар түрүүлэн ирлээ. Тэр өмнөх жилүүдэд гуагалж чарлаж, үсэрч цовхорч, төрийн ордон руу удаа дараа галтай дайралт хийж, эсэргүүцлийн жагсаалыг хамаандалж, цагдаагийн энгэрийг хүү татаж, гянданд хоригдож байсан бол 2009 онд огт чимээ гаргасангүй. Хайрт баатар, шалгарсан манлай удирдагч, цогт тэмцэгчийгээ өвдөж хавдчихсан юм биш байгаа, муу юм бол дуулдмаар юм хэмээн түүний үнэнч хөгжөөн дэмжигчид санаа зовцгоож байна.
Оны шилдэг дампууруулагч
Энэ ангилалд Зоосын бодийг хөтөлсөн Мянганбаяр ах өрсөлдөгчгүй түрүүллээ. Мянганбаяр ах энэ жилийн бахдам амжилтаа дараа жил ч давтана гэж ярьж байна. Тэр дахин хэд хэдэн мийсийг дампууруулах ажиллагаандаа хамтран зүтгэгчээр татаж ажиллуулахаар салтаа уужим, ташаа өндөр бүсгүйчүүдийн намтар түүхийг авч, судалгаа явуулж эхлээд байгаа ажээ.
Оны огт зодолдоогүй хүн
Өнгөрч буй жилд огт зодоо хийгээгүй, хамгийн хүмүүжилтэй байсан улстөрчийн шалгуурт шүүгчид санал нэгтэйгээр Хүрэлсүх, Мөнх-Очир хоёрыг тодрууллаа. Энэ хоёрыг гар зөрүүлэх нь бүү хэл энгэр ч шүргэлцээгүй болохыг олон гэрчүүд баталж байна. Мөнх-Очирын дотуур өмдийг тайлж бие эрхтний нь хэсгүүдийг нарийвчлан шалгаж, цацраг идэвхийн багажаар хэмжилт хийж үзэхэд зодуулсны ямар ч ул мөр илрээгүй хэмээн сонин хэвлэлүүд бичжээ.
Хамгийн “том баасан” захирал
Энэ шалгуурт Маршалын гүүрийг “барьж” буй “Хотын зам” хамтралын захирал Атарбаяр магнайллаа. Монгол улсын ерөнхий сайд гүүрэн дээр ирэхэд, өмнөөс нь “битгий донгос” гэж томорсноороо тэр “2009 оны хамгийн том баасан захирал”-аар тодорч, баярын бичиг барааны саван, сайшаалын үнэмлэх сахлын хутгаар мялаалгалаа.
Бүтэхэд хамгийн ойртож очсон амлалт
Энэ шалгуурт мэдээж хэрэг “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хоёр өрсөлдөж, оноо тэнцсэний улмаас нэгдүгээр байрыг хуваан эзэлсэн болно. Хоёр амлалт хоёул бүтэхийн даваан дээр дэнжигнэж, ард олныг дуу алдуулж, адсага суудлаас босгож, аягатай цайг нь алдуулан, догдлоож байсан билээ.
Хамгийн мартамхай хүн
Шүүгчид энэ шалгуурыг мартчихсан байсан тул хамгийн сүүлд хэлэлцсэн юм. Ерөнхийлөгч Элбэгдорж “Оны хамгийн мартамхай хүн”-ээр өрсөлдөгчгүй тодорлоо. Түүний юу мартсаныг уншигч авхай нар төвдөхгүй тааварлах биз. Энхрий хайрт ерөнхийлөгч маань “Шударга байцгаая л даа” хэмээх алдарт үгээ ор тас мартчихаад авилгачдаа харан ангайгаад, ботгон торомгор нүдээ эргэлдүүлсэн шиг суух болой. “Авилгачдыг залхаана!” гэж чанга хашгирч байсан Элбэгээ хүү 2009 онд нэг ч болов авилгалчийн толгойноос ядахдаа ширхэг ч болов үс сугалж чадсангүй.
Хамгийн тэвчээртэй ард түмэн
Энэ шалгуурт дэлхийн олон ард түмэн өрсөлдсөнөөс монголын ард түмэн саахалтын дайтай түрүүлэн ирж, хамрын самсаа шархирууллаа. Газрыг нь онгичиж, нуурыг нь ширгээж, голыг нь тасалж, голомтыг нь самарч байхад хэнэг ч үгүй инээж л сууна. Хоёр аравны таван саяыг өгнө гэчихээд гол гараад бараагүй алга болчиход аанай л маасайгаад сууна. Буудсан ч ажрахгүй, дуудсан ч харахгүй. Талхны тань үнийг зуун мянга болгоё гэхэд цочихгүй. Татварын тань мөнгөөр ямаанд цалин тараана гэхээр тоох ч үгүй. Инээгээд л, суугаад л байна.

Monday, November 2, 2009

ГАХАЙН ТОМУУ МАНДТУГАЙ

/памфлет/
Гахай мандугай! гэх хашгираан монголыг доргиож байна. Гахай шиг буянтай, ашиг тустай амьтан алга гэж дамчин наймаачид дуу алдацгаах болжээ.
Хамгийн түрүүнд гахай мандтугай гэж орилсон хүмүүс бол амны хаалтны наймаачид, эмийн сангийн эзэд болой. Алга ч таглаж хүрэхгүй, сиймхий сэмэрхий даавуу, анх зуухан төгрөгийн үнэтэй байснаа одоо мянга давжээ. Наймааны алтан үед хулгар шарын арьс хойд ахын нутагт очвол долоо нугардаг байсан дээд амжилт эвдэгдлээ. Амны хаалтаар “нуга хийх”-ийн тулд салтаа сугандаа нууж, гааль гаталж, хил алхах зовлонгүй нь таатай. Гэнэтийн ашгийн татварын хууль гаргаж уул уурхайнхныг шар махтай нь хатааж байсан улсын их хурал мянган хувийн ашигтай наймааны тухай дуулаагүй юм шиг сууна. Эрхэм гишүүд өдөр нь хурал дээрээ унтаад, шөнө нь амны хаалт оёдог ч байж мэднэ гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид таамаг дэвшүүлээд байна.
Дараагийн дугаарт гахайнд хайртай болсон хүн бол Пөмбөгөр төвийн сүү цагаан идээний худалдаачин ах гуай. Түүнтэй мэргэжил нэгтэй мянга мянган сүү цагаан идээчид одоо өөрсдийгөө “аарцчин” хэмээх шинэ сонсголонтой нэр томъёогоор алдаршуулан дуурсгах болсноо хэвлэлийн бага хурал хийж нийтэд зарлах гэнэ. Тэд энэ цагаас хойш аарцаар дагнаж, сүү шар тос мэтийн шалдар булдар наймаагаа үүрд орхиж байгаа аж.
Гахай мандтугай гэсэн уриагаараа олны анхаарлын төвд ороод буй бас нэгэн хэсэг бүлэг этгээдүүд бол жимсний наймаачид. Барсын жимснийхэн одоо халуун орны гадил, хятад зүгийн алимыг тоохоо больсон гэлцэнэ. Тэд зөвхөн чацаргана, хад, нэрсээр дагнан төрөлжихөөр үзэж тарж, үсэрч цамнаж байгаа аж. Дэлхийн толгой зуун баяныг нэрлэдэг “Борбоос” хэмээгч сэтгүүлийн судлаачид 2009 оны сүүл гэхэд монголоос дөрвөн аарцчин, таван жимчин, нижгээд амны хаалтчин жагсаалтын эхэн рүү орж ирэх гэж буйгаас болоод, хөөрхий Билл Гейтс, Уоррен Баффет нар хорь юм уу, гучдугаар байрт жагсвал дээдийн заяа гэсэн судалгаа гаргаад байна.
Улсын их хурлын гишүүд “Хайртай Монгол орноо мандуулъя аа” гэж дуулж, чуулганаа нээгээд, “Ачтай гахайн томуугаа тараацгаая аа” гэж хоолой нийлүүлэн шуранхайлсаар чуулганаа хааж байх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ төсөл зуун хувийн саналаар батлагдах нь ойлгомжтой болсон гэлцэнэ. Учир юу гэвэл эрхэм гишүүд сүүлийн хорин жил тойргоо хэсч “Жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ” гэж худлаа амласан нь гахайн томууны буянаар биеллээ олжээ. Одоо монгол улсын хот дүүрэг, аймаг сум, баг өрх бүрт оёдлын машины дуу нүргэлэн амны хаалт хөвөрч, уур манан савсан аарц буцалж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаа юм байх.
Гахай хэмээгчийн ачаар аарц цагаа аягаа халин цалгиж, амны цагаан хаалт говь талыг гатлан туяарч буйн учир түүнийг буяны цагаан мөртэй амьтан хэмээн залбирагч “сүсэгтнүүд”-ийн тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэлцэнэ. Энэхүү гаж “сүсэгтнүүд”-ийн нүд улаанаар эргэлдэн, хүмүүний үхэл зовлонгоор бузар ашгаа зузаалж, гахайн томуу улам тараасай гэж ханцуй дотроо наминчлан залбирсаар л байх авай.

Thursday, October 8, 2009

ЗАМЫН ТҮГЖЭЭ МАНДТУГАЙ

/фельетон/
Зуны дунд сараас эхлэн уурандаа багтрах шахаж, эргэн тойрноо харцаараа урж, хар яр архирч байсан нийслэлчүүд өнөөдөр тэс өөр болжээ. Замын түгжээнд гацаад байгаадаа чин зүрхнээсээ баярлан, эелдэг инээмсэглэх царай гудамжийг чимж байна.
Хамгийн баяр хөөртэй байгаа хүмүүс бол “нийтийн тээвэр” гэсэн шар туузтай саарал тэрэгний жолооч нар. Түгжрэлийн өмнө тэднийг буудал бүр дээр хувин тоссон саальчид эрээн модоор чичлэн угтдаг байлаа. Тэгвэл одоо замын цагдаа юун сааль сүү саах манатай, хөлс баасаа урсган, дөрвөн замын уулзварт хаашаа ч хөдлөх аргагүй нам зоолттой зогсох болжээ. “Түгжрэлийн буянаар манай ажилтнууд шударга болон хүмүүжиж эхэллээ. Бид улсдаа ариун цагаанаар хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж болдог гэдгийг ойлголоо” хэмээн замын цагдаагийн дарга зурагтаар ярьсан гэлцэнэ.
Долоон буудлын Долзод эмээ “Зам түгжсэн хотын дарга хүүгийн буяныг нэм!” гэж дуу алдан залбирч, магнай хагартал баярлав. Учир юу гэвэл түүний дөчин долоотой гон бие гозон толгой ганц хүү нь түгжээний буянаар хань бүлтэй болоод байна. Эмгэний хүү хөлсний тэрэг барьдаг агаад, нэгэн бүсгүйг Толгойтоос Шар хад хүргэх замын туршид нүүр хагаран танилцсанаар барахгүй гэрлэлтээ бүртгүүлж, бас бие давхар болгож амжжээ. Долзод эмээ ачийн зулай үнэрлэнэ гэхээс тэсч ядан суугаа сурагтай.
Баярцогт, Зоригт, Гансүх гурав баярлахын дээдээр баярлаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн замын бөглөөнд гацаж байх хооронд эрхэм сайд нар Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж амжжээ.
Нууц амрагуудад ч түгжрэл ач тусаа өгч байна. Ажлаа тараад, буудалд учирсан хоёрын эрэгтэй рүү эхнэр нь залгахуйд, хөлс бурзайж, амьсгаа өндөрдсөн эр сандарсан шинжгүй утсаа авна.
-Хөгшин чинь яг талбай дээр нам гацчихаад байна!
-Тэгээд яагаад амьсгаадаад байгаа юм бэ?
-Уур хүрээд, багтрах шахаад байхад чинь амьсгаадахгүй яадгийм!
-Миний өвгөн тайван бай. Зүрхээ бод! гэх утасны яриа эхнэр нөхрийн хооронд өрнөнө. Зарим нэг нөхөр үүрээр гэртээ орж ирээд, Их сургуулийн гудамжны гацаа сая л нэг юм онгойлоо гэдэг болжээ.
Албан хаагчид, багш, оюутан сурагчид бултаараа жаргаж байна. Шуурхай зөвлөгөөнд хоцроод, “Дарга аа, замын түгжээ хэрэг алга аа...” гэнэ. Дарга ажилтан руугаа зовлон ойлгосон энхрий зөөлөн харцаар хараад, суудал руу дохидог болсон. Их сургуулийн багш Хаймчиг хувийн сургуульд цагийн хичээл заачихаад, малийтал инээсээр орж ирнэ. “Бага тойрууд бөглөрөөд, бүтэн цаг гацчихдаг байна шүү!” гэнэ. Тэнхимийн эрхлэгч гараа алдлахаас өөр юу ч хэлэхгүй.
Бид урьд нэг л замаар уйдталаа холхидог байсан бол одоо зүлэг талбай, замын хажуу, голын эрэг хаа дуртай газраараа эрх чөлөөтэй сүлждэг боллоо. Шинэ содон газар түгжирч, шинэ сайхан охид харж, нүдээ баясгаж байгаадаа сэтгэл туйлын хангалуун. Түгжээнд зогсож байхдаа хажуугийн тэрэгний хөршийнхөө амар мэндийг мэдэж, гэр бүл үр хүүхэд, ач зээ болоод эмээ өвөөгийн лагшин тунгалаг эсэхийг асуудаг болоод байна. Хотын иргэдийн зан харьцаа мэдэгдэхүйц сайжирлаа.
Замын бөглөө Монголд эргэлт авчирчээ! Түүхчид эрин зууныг түгжрэлийн өмнө үе, түгжрэлийн дараах үе гэж хуваахаар санал дэвшүүллээ. Түгжрэлийн ачаар жолооч амгалан болж, цагдаа хүмүүжиж, хүүхэд төрж, хүн ам өсч, түүхэн гэрээг үзэглэснээр эдийн засаг эрс сайжрах гольдролд орлоо. Монголчууд бид өөр хоорондоо эвтэй харьцаж, ойртон нягтарлаа. Бид түгжрэлд орохоороо эвтэй болдог, эвтэй байхдаа хүчтэй байдаг ард түмэн ажээ. Замын түгжээ мандтугай!

Wednesday, September 16, 2009

ЭРХЭМ ГИШҮҮНИЙГ ШИНЖИХҮЙ

/фельетон/
Эрхэм гишүүн хурдан удамтай байж гэмээ нь сонгогч таны хүсэлтийг үтэр түргэн биелүүлэх нь мэдээж. Хурдан түшээг гадаад зургаан шинжээр нь таньж ирсэн уламжлалаа мартсаны улмаас монголчууд сонгуульд хулхидуулсаар л байна. Гүзээ, толгой, шүд, идэш, ууш, туурай зэргээр нь гишүүдийн хурдыг шинждэг.
Эртний сударт гүзээний шинжийг гишүүнийг ялгах хамгийн чухал шалгуур гэж өгүүлжээ. Боос гүзээ, мийс гүзээ гэх хоёр янз гүзээ бий. Боос гүзээ цүндгэр байдаг бол мийс гүзээ Мэнэнгийн тал мэт хавтгай байна. Боос гүзээтэй гишүүн хэвтрээсээ босож ч үл чадах тул таны төлөө хөнгөн шаламгай гүйж чадахгүй, лазагнасаар дөрвөн жилийг бардаг. Мийс гүзээтэй гишүүн тоос татуулан сунайх хулан тахь мэт хурдан байдаг тул үг дуугүй сонговол зохино. Даанч ийм гишүүн өдрийн од шиг ховор болжээ.
Ембүү толгой, өмбүү толгой, усан толгой, ухна толгой, тэнэг толгой гэх таван янзын толгойн шинжийг мэргэд онцолж авч үздэг. Ембүү толгойг сэгсэрч үзэхүл зоос цуглуулдаг вааран гахай мэт хангир жингэр дуугардаг бол өмбүү толгойд юу ч хэлээд нэмэргүй. Төмөр-Очирын үед өмбүү толгойтой гишүүд дийлэнх байсан. Дэмбэрэлийн үед ухна толгойн хэв шинж их хурал руу түрэн орж ирсэн түүхтэй. Усан толгойтой гишүүн чуулган үймүүлж элий балай бурдгаараа ялгардаг. Харин тэнэг толгойтой гишүүн нэн ховор. Хөөрхийг бусад гишүүд хочилж нүд үзүүрлэдэг учраас “тэнэг толгой” гэх нэр үүссэн гэлцдэг. Ийм шинжийн гишүүд тойргийнхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, өөрийгөө умартдаг. Тэгэхээр ийм толгойтонтой учирвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тэр таны төлөө жигүүртэй мэт хурдлах болно. Тэнэг толгойг нясалж үзэхэд болсон тарвас мэт пүдхийж дуугардгаараа ялгардаг.
Гишүүдийн шүдийг хол шүд, хонин шүд, сийрэг шүд, шигүү шүд гэж ангилдаг. Эрхэм гишүүний шүд ойгүй хол зайтай байх тусам түүний завсраар майгүй том амлалт сийгэх нигуур буй. Эх орны хишиг, эрдэнийн хувь гэхчлэн хэдэн саяар сийгээд байх нь гишүүний шүд ямаршуу болохыг илтгэж буй хэрэг. Огт юу ч амлахгүй байгаа бол тэр шигүү шүдтэй гишүүн. Шигүү шүдтэнг сонгосноороо та хулхидуулахгүй. Юу ч амлаагүй юм чинь юундаа хулхидуулах вэ? Хурдан гишүүний соёо нь бууран тэмээнийх мэт агаад, зайгүй шигүү байдгийг анхаарч шинжих хэрэгтэй.
Хурдан түшээд идэш бага, морь харах нь бяцхан хол хэмээн сурвалж бичигт дурьдсан байдаг. Тэгэхээр нэр дэвшигч тойрогт ирэхдээ сумын даргаар хорхог хийлгэж идэж буй эсэхийг сайтар ажиглаж шинжээрэй. Сумын ядруухан төсвөөс төлөг цохуулж зажлахаа сийхгүй байгаа этгээд улсын хөлгүй сангаас тэрбумыг гувчуулж гудрахыг юман чинээнд бодохгүй гэсэн үг. Хорхог огт амсахгүй, морь огт харахгүй байх ахул гайхам хурдтайн шинж болно.
Хурдан түшээ архийг тагшаар ганц мөсөн хөнтөрдөггүй. Эхэлж жаахан балгаад, тамшаалж амтлаад дахиж ууж амраад, мөн дахин бага зэрэг уух болой. Сөгнөсөн архийг огт уухгүй байвал их зантайн шинж. Гулгуулж орхивол архаг болохын шинж. Балгаад ярвайвал голлоо гэсэн үг. Ярвайхгүй бол донтох хандлагатай байж магадгүй.
Нэр дэвшигч уулзалт дээр үг хэлж зогсохуйд туурайн шинжийг сонждог. Туурайгаа үе үе цавчаад, байн байн солбиж тавиад байгаа бол гишүүн хурд муутай, худлаа хэлдгийн шинж. Ийм гишүүнийг сонговол хулхидуулна гэсэн үг.
Энэ бүхнээс үзвэл эрхэм түшээд хөнгөн шаламгай хурдтай чанараа бие галбиртаа агуулдаг байх юм. Хөлдөө салхитай, хүзүүндээ мөлжүүртэй, мийс гүзээтэй, луус духтай хурдан удмын гишүүнийг сонгоод хүсэл мөрөөдөл бүхнээ сэтгэлчлэн бүтээж, хүмүүнлэг ардчилсан нийгэмдээ тааваараа жаргах эсэх сонгогч танаас л шалтгаална. Шинжихүй тань ончтой, сонгохуй тань мэргэн байх болтугай.

Monday, August 31, 2009

ГАДААДТАЙ АЖИЛЛАХ ГАРЫН АВЛАГА

/фельетон/
Гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл хөхтөн амьтан бүлгээ. Газар сайгүй төсөл хэрэгжиж, гадаадтай тулж ажиллаж сурах нь монгол хүний эрмэлзэх арван зүйлийн нэгэн болсны учир энэхүү гарын авлагыг бүтээсэн болой.
Тэд бол илжиг шиг зөрүүд хүмүүс гэдгээс эхний зөвлөгөө үүднэ. Тэдэнтэй харьцахдаа зөрүүдлэнэ гэдийг нь тооцож, санаагаа ямагт эсрэгээр хэлэх хэрэгтэй. Урагшаа явах хэрэгтэй бол хойшоо давхия гэж хэл. Тэднийг онгоцоор нисгэмээр байгаа бол галт тэрэг санал болгох хэрэгтэй. Тэмээ унуулмаар байгаа бол “Ямаа зайдлах нь эрүүл мэндэд тустай” гэж ятга.
Нэгэн төслийнхөн хонины суурьт саравчтай хашаа барих болж л дээ. Төслийн монгол дарга эрүүл ухаантай хүн байсан болохоор нөмөр газар, салхины уруу харсан байрлалтай зураг төсөл хийсэн байв. Тэгтэл төслийн гадаад даргын зөрүүд зан хөдлөөд, “Саравчийг уулын оройд, умар зүгт харуулж барь! Би төслийн ерөнхий захирлын хувьд тушааж байна!” гэсэн юм. Тэр хашаанд одоо шувуу ч өндөглөхгүй байгаа гэлцдэг. Төслийн монгол дарга гадаадуудтай тулж ажиллах арга барил эзэмшээгүй байсны улмаас өчнөөн хөрөнгө өндөр уулын оройд үжирч хэвтэж буй нь тэр.
Тэд сургалт явуулах асар дуршилтай. Сургалтаа заавал энгийн зүйлээс эхэлдэг сайхан заншилтай. Хонины махыг лаазалж, нөөш хийх тухай заах гэж байгаа бол хичээлээ “Хонь бол хоёр нүдтэй дөрвөн хөлтэй амьтан агаад, ховор тохиолдолд ганц нүдтэй төрөх нь бий” гэх ярианаас эхэлнэ. Долоо хоногийн сургалтын эхний зургаан хоногтоо хонь монголын тал нутагт амьдардаг нь гарцаагүй үнэн болох тухай сайтар зааж хэлж өгөөд, долоо дахь өдрийн үдээс өмнө хонины махыг хэрхэн лаазлах тухай цухас дурьддаг. Мэдээж, үдээс хойш нь сургалтын гэрчилгээ гардуулах ёслол хийнэ. Үүнээс үүдээд, гадаад багшийн сургалтад ирэхдээ зүү утсаа сайтар базаах хэрэгтэй гэх хоёр дахь зөвлөгөө гарч ирнэ. Зургаан өдрийн турш дэмий гиюүрэхийн оронд та зүү ороовол зургаан сайхан оймс нэхэж, эх орныхоо эдийн засагт нэмэр болно гэсэн үг.
Яамныхан танай байгууллага луу гадаад мэргэжилтэн илгээхдээ, “Асар туршлагатай, нэвтэрхий мэдлэгтэй, алтан гартай” хэмээн суртал ухуулга хийнэ. Энэ худал ухуулгад итгэх нь туйлын гэнэн хэрэг юм. Нэвтэрхий мэдлэгтэй байсан юм гэхэд юугаа хийж наашаа ирэх вэ? Зэрэг хамгаалж, нээлт хийж, нэрээ дуурсгаж, эх орондоо баян цатгалан сайхан амьдрах байсан шүү дээ. Шилдэг нь бус, тааруухан нэг нь нутагтаа гологдохоороо буурай оронд бумба галзууруулах томилолт гардан авдаг. Тэгэхээр гуравдугаар зөвлөгөө бол тэднийг юм мэддэг гэдэгт бүү итгэ.
Дөрөв дэх зөвлөгөө бол тэдэнтэй ажиллахдаа гахай шиг тэвчээртэй байх. Өглөө ажилдаа ирэх, орой салахдаа тэднийг элэгсгээр тэвэрч хошуун дээр нь үнс. Өмхий амтай тэтгэврийн хөгшин ч бай хамаагүй тэвчиж байгаад үнс. Тэвчээр алдаж ярвайж хэрхэвч болохгүй. Тэд монгол хонийг бүдүүлэг байна гэж толгой сэгсэрвэл та тэвчээртэй байж, хонио соёлч боловсон харьцаанд сургах ёстой. Хонь нэг бүрийнхээ нусыг авч, нүүрийг угаа. Тэдний үгийг сөрөх аваас та гадаадын мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцаж буй нь тэр. Мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцдаг ажилтан орчин үеийн Монгол улсын аль ч салбарт тэнцэхгүй гэж мэд.
Тав дахь зөвлөгөө бол тэднээс юуг ч битгий асуу. Гэнэ алдаад, “Хонио худгаас усалж болох уу?” гээд асуучихлаа гэж саная. Мэргэжилтэн хонь усыг амаараа уугаад, боожгооны сүвээрээ дамжуулан гадагшлуулдаг нь үнэн болох тухай тайлбарлан, зургаан өдрийн хичээлийг танд заана. Эцэст нь “Хонийг худгаас усалж болох эсэх тухай асуудлыг би мэдэхгүй” гэнэ. Тэгээд энэ чиглэлд илүү нарийн мэргэшсэн бас нэг гадаад мэргэжилтнийг урьж ирүүлж, зургаан сарын сургалт явуулна. Тэр хооронд таны хонь усгүй байх болно. Монгол нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон хонь тулдаа л тэснэ.
Зургаа дахь зөвлөгөө бол тэдний дэргэд дүрэм журмыг ягштал баримтах явдал. “Хонийг өглөөний наймд бэлчээнэ” гэсэн дүрэмтэй бол цасаар шуурч байсан ч бэлчээх л ёстой. Хонио шуурганд уруудуулаад бүгдийг нь чадхийлгэх байлаа ч гэсэн дүрэм бол дүрэм. Та хоньгүй хоосорлоо гэж гутрах хэрэггүй. Цаадуул чинь таныг малжуулах төсөлд хамруулчихна.
Эцэст нь хэлэхэд, гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл, ашиг тустай хөхтөн амьтан бүлгээ. Гадаад мэргэжилтэн сэтгэл харамгүй зааж зөвлөсний ачаар мал гучин сая хол давж, монголчууд бид идэх махтай, цатгалан сайхан амьдарч буй билээ.

Tuesday, January 27, 2009

ЦАГААН САР НОГООН БОЛОХ ТУХАЙ

/фельетон/

Эрдмийн өндөр зэрэг горилсон судалгааны бүтээл

Би англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, түүхч, зурхайч, үзмэрч, эрдэмтэн, Шар хадны хүн л дээ. Сүүлийн үед алд биеэ зурхайч гэж андуурагсад олширч, цагаан сарыг цагаан хэмээн ичих ч үгүй бурж байгаад эмзэглэн, энэ бүтээлийг туурвисан болой.
“Их эзэн Чингэс хааны үед сүү тэргүүтнийг цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон зооглож, цэнгэн хөгжилддөг байсны учир цагаан сар хэмээх нэр үүссэн нигуур буй бөлгөө” гэж бурханч лам Пүрэвбат нэгэнтээ дуу алджээ. Ургуулаад бод доо. Ориг монгол үнээний ориг сүү цагаан билүү? Орцны үүдэнд сүү гээд зардаг гурил самарсан ус л цэхийж цайж харагддаг. Харин хольцоогүй монгол сүү, ааруул, ээзгий бол тос даасан шаргал өнгөөр тунарч, харааг булааж сэтгэлийг гижигддэг билээ. Тэгэхээр Их эзэн Чингэс хааны үед бид цагаан бус шаргал сарыг тэмдэглэж байсан нь учир зүйн ухаанаар тайлагдаж байна.
За, Цэдэнбал даргын үед бол бид бүр өөр өнгөтэй сарыг үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байлаа. Даргын эхнэр умард газар мэндэлсэн номин адил нүдтэй бүсгүй байсны улмаас бид ногоон сараар золгож байлаа. Ногоон сар нэгдэлчдийн баяр гэсэн сайхан нэртэй. Нэгдэлчид энэ баяраар нэгэн ижил хоршооноос, нэгэн ижил хорин хоёр төгрөгөөр авсан, нэгэн ижил номин өнгөтэй торгоор оёсон, нэгэн ижил дээлээр гоёдог байлаа. Хөөрөгний даалин, хөлийн ороолт, оймсны хараа, орны хөшиг бүгд дугираг хээтэй ногоон торго. Хорин хоёр төгрөгийн үнэтэй. Тэр үед цагаан биш ногоон сарыг тэмдэглэж байсны баталгаа энэ.
Бажгар арав нэрээрээ түүхэнд үлдсэн Очирбат ерөнхийлөгчийн үед бид бас л өөр өнгөтэй сарыг тэмдэглэж эхэлсэн. Улсын сан ч бордуу, Уранчимэгийн амьдрал ч бордуухан байлаа. Ямар сайндаа л өлссөн ерөнхийлөгч шинэ жил хэмээгч баруун зүгийн баяр дээр очоод, ганц муу турж үхсэн торойны мах хараад “Яасан тансаг юм бэ?” гэж дуу алдаж байхав дээ, хөөрхий. Ард түмэн боргол голдуу ясыг баржийтал таваглаад, бор гурилын боовыг арзайтал өрөөд, баруун газраас ирсэн бор хочтой галт шингэнийг түүхий устай найруулж хүртээд, борзойтол согтоод, бажгар арав шиг хэлхэлдэн талаар нэг хэсдэг байлаа. Энэ үед бид цагаан биш бор сарыг тэмдэглэсэн.
Энхбаярын үед, уртаас урт шар эрээн сарыг үзсэн түүхтэй. Зон олон Зонхов багшийн сургаалын дагуу Эрээн зүгийн урт шар хоргой дээлээр гоёж, үнэгэн шар лоовууз духдуулаад, үүрийн шар нарыг харахаар Дорнын шаргал говь руу цувардаг болсон. Цагаан сайдын үед цайж явсан, Улаан сайдын үед улцайж ч үзэв. Хямралаас болоод, Баярын үед барайх шинжтэй. Ягаан нэртэй хүн сайдаар заларвал ялхайтал цадах вий хэмээн горьдож суугаа ард түмэн билээ, бид. Ийнхүү сурвалж судруудыг шүүж, ургуулан тунгаах ахул монголчууд цагаан өнгөтэй сарыг түүхэндээ төдийлөн тэмдэглэж байгаагүй аж. Цагаан сар гэгчийн өнгөний тухайд ийм байх болой.
Одоо цагаан сарын хугацааны тухайд авч үзье. “Цагаан сарын өмнө сайхан хүйтэрч, бууз банш хөлдөөдөг жамтай. Хоёр сарын хорьдоор балууных нь банш хөлдөөх хүйтэн байх вэ, Тэрбишийн зурхай буруу” гэж нэгэн сод мэргэн зурхайч Утаанбаатар сувгаар утаа гартал авч байна. Монээлийн хөлдөөгч, монбэрээшийн жүүс, хаан бууз, хатан бялуу дөрөв байхад банш хөлдөөх хүйтнээр юугаа хийнэ ээ? Халуун зунаар шинэлж золгосон ч юуны хамаа байна. Тагнай хага ташсан жүүсээ сорох зуур, тэс хөлдүү буузыг жигнүүр точигнотол асган зогсох усны хувцастай, нуруу тэгш, зэгзгэр гоолиг эзэгтэй бол хориннэгдүгээр зууны цагаан сарын өвөрмөц нэгэн төрх буюу.
Эцэст нь эрдэмтэн, зурхайч, түүхч, англи япон орос хятад киргиз узбек тажик хэлний багш, Шар хадны хүний хувьд нэг зүйлийг хэлье. Цагаан сар болбаас ногоон, улаан, шар, хөх, дурын өнгөтэй байж болдог, өвөл зун, хавар намар, хүйтэн сэрүүн, халуун бүгчим, дурын улиралд ирж мэдэх, монгол зоны эв эеийн баталгаа, сайхан баяр юм аа.

Friday, November 7, 2008

“ДЭЭД ТӨРӨЛ”

/фельетон/
Хүмүүн биднийг дээд төрлийн нэгэн зүйл амьтан хуурч мэхэлсээр ирсэн байх юм. Үндсэн хуулийг уншаад үз. “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт юуг өгүүлнэ вэ?
Биднээс тэс өөр зүстэй, нүүрэндээ үстэй, духан дээрээ хос ясан ургацаг бүхий этгээдүүд бидний толгой дээр суучихаад, хүмүүнийг хамгаалах нэрийн дор өөрсдийгөө энэрсээр иржээ гэсэн үг! “Хүн төрийн хамгаалалтад байна” гэх өгүүлбэрийг хүмүүн бидний төлөө баталсан гэх хуулиудаас хайж олно гэвэл гонжийн жоо!
Зарим залуу судлаач зөвхөн энэ жил сонгогдсон далан зургаа л дээд төрлийн амьтан байх магадлалтай гэх гэнэхэн таамгийг дэвшүүлж байна. Үгүй юм аа, гэтэл.
Дээд төрөлтөн болох ухна гуай өнгөрсөн зуунаас эхлэн бидний толгой дээр гишгэлсэн байх юм. Дал наяад онд ухнуудад зориулж хашаа саравч босгож, тэдний үр төлийг бүрэн бойжуулах аянд бүх хүн амыг дайчилж, төлчнөөр хөөж, цөлж байлаа. Ишиг үхүүлсэн малчныг агаарын долгионоор улс даяар зарлаж, мууг нь үзсэн. Хүнд зориулж, цор ганц Тэрэлжийн амралт сувиллыг халтар хултар босгомор аядсан хэрнээ, ухна гуайд зориулсан эмчилгээ тэжээлийн цэгийг сум бүрт гурав дөрвөөр нь сүндэрлүүлсэн. Малчны хүү цоорхой бүрээстэй дөрвөн ханатад чичирч суухад, ухнын төл орос дүнзээр шахаж барьсан төвлөрсөн халаалттай пүнзэнд тухалж байсан юм. Энэ бүх баримт тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид ухна хэмээгч дээд төрөлт, тэнгэр язгуурт эцэг мал мэр сэр шургалж эхэлсний баталгаа болдог.
Олон улсын шинжээч нар Хонгорт төрсөн, үсгүй нүцгэн шалдан ишгийг судлаад үзтэл юу байсан гэж санана! УИХ-ын эрхэм гишүүн нүцгэн шалдан Балдан гуай “орон нутагт ажиллаж” явахдаа Хонгорын эм ямааны суурьт хоног тааруулж “ажилласан” болох нь батлагдсан билээ. Лавшруулаад судалгаа хийтэл далан зургаа бүгдээрээ номын хүчээр төрөл арилжиж хүн төрх дутуу олсон ухна болох нь тогтоогдов!
Дээд төрлийн, ухаантай амьтан юм гэхээрээ ухнууд төрийн хормойд сиймхий гарсан ерээд оныг овжин ашигласан байдаг. Одоог хүртэл Их хуралд суусаар буй, Гончигдорж, Бат-Үүл нараар толгойлуулсан хэсэг бүлэг ухна Улсын бага хуралд гараад, “Мал төрийн хамгаалалтад байна” гэх суут заалтаа үндсэн хуулинд шургуулсан түүхтэй.
Монгол улсын хуулиудыг судлаад үз. “Малыг гэмт халдлагаас сэргийлэх тухай”, “Малыг татвараас чөлөөлөх тухай”, “Малыг халдваргүйжүүлэх тухай”, “Малын удмын санг хамгаалах тухай”, “Малын бэлчээрийн тухай”, “Мал эмнэлгийн тухай”, “Ухна болон түүний төлд таван мянган төгрөгийн тэтгэлэг олгох тухай” гээд л явж өгнө! Хүний охин үрийг хулгайлж биеийг нь үнэлүүлсэн этгээдийг шийтгэх тухай тусгайлсан хууль үгүй хэрнээ, ухна гуайтай зүй бусаар харьцаж, гэмт халдлага хийсэн хүнийг шийтгэхийг онцгойлон авч үзэж тусгайд нь хууль баталсан байдаг.
2008 оны сонгуулиар дээд төрөлтнүүд луйвар хийж, УИХ-ын суудлыг нэлэнхүйд нь эзэлсэн болох нь нэгэнт илэрхий боллоо. Тэд өөрсдөдөө таван мянгыг олгох тухай хуулийг үтэр түргэн баталсан төдийгүй, цаашаа даварч, чихэндээ цахим ээмэг зүүж, арьсаа алдахаас сэргийлэхэд хүн бидний татварын мөнгийг зарахаар тогтоов. Баян-Өлгий аймгаас сонгогдож ирсэн нэгэн дээд төрөлтөн энэ хуулийг “Мал сүркийн кулгайч нарыг илрүүлэхэд ик сайн үр дүн өгөк кууль” хэмээн зурагтын суваг бүрээр магтан сайшаалаа.
Орон нутгийн сонгуулиар өөрсдийг нь сонгох гэж хүмүүс ирээгүйд ухнууд ихэд эгдүүцэв. “Сонгуульд хүн биш зөвхөн ухна оролцоно. Хамгийн том засаатай ухнууд ирж оролцсон тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцно” гэсэн агуулга бүхий хуулийг батлахаар одоо сэм хэлэлцэж байна.
Тэдний дараагийн алхам “Улсын их хурал” гэдэг нэрийг “Ухнын их мурил” болгож өөрчлөх явдал гэлцэнэ. “Коёр гуравхан үсэг баллуурдаж засах учраас ажиллагаа багатай. Эдийн заскийн кувьд кэмнэлттэй” хэмээн засах ажилд мэргэжсэн эрхэм дээд төрөлтөн Нямдорж гуай айлдав.
Бодоод байх нээ, бид дээд төрөлт ухнуудыг шүтсээр байх ахул их аз буяныг эдлэх нигууртай аж. Цаашдаа нэг л мэдэхэд бүх хүн номын авшиг аван бөөрнөөсөө ягаарсаар дээд төрөлд арилжина. “Тарган сайн өвөлжиж байна уу?” гэж нурших бус, “Мм-май” гэх товчхон агаад, билэг “Дэмбэрэл”-тэй үгээр “Баяр”-тайяа мэндчилдэг болцгооно!
Бодох санах юмгүй өвсөө хивж, усаа уугаад л. Үр хүүхдийнхээ улаан нүүрэн дээр эр эмийн ажлаа амжуулаад л. Таван мянган төгрөгийн тэтгэврээ буухаар зад найрлаад л. Жинхэнэ хүмүүнлэг ардчилсан, эв хамтын диваажинд энх тунх аж төрөх болно. Ёстой гоё!

Wednesday, October 15, 2008

МАЛЧИН МИНИЙ ГОМДОЛ

/фельетон/
Малчин би Монголын УИХ-д үнэн голоосоо гомдлоо. Гомдлоос болоод дотор бачуурч, хархан нүдийг минь нулимс бүрхэв.
Өчигдөр өглөө босоод иртэл, хөх сэрх улаан борлонг мөргөөд ухаан алдуулчихаж. Хөөрхий минь, УИХ-аас өгөмшөө болсон таван төгрөг шүү юмыг чамлаж, уур нь хүрсэн байна шүү дээ! Хоёрын хооронд гурвын дунд гэгчээр дөрвөн ямаа тутамд хэдхэн цаас өгөөд байхдаа яахав дээ. Ядахдаа нэг зуун мянга, байг гэхэд ганц сая төгрөг өгчихсөн бол ямаа минь ингэж уурлахгүй шүү дээ!
Энэ ч яахав бага хэрэг. Өнөө өглөө босоод иртэл яасан гэж санана аа! Хүрэн азарга маань уурандаа багтраад, ягаан ухнын минь өрөөсөн эврийг хуга тангарчихжээ. Аргагүй шүү дээ! Тавын таван хошуу мал байсаар байтал нэгд нь мөнгө өгөөд нөгөөг нь ялгаснаас болоод тэр!
Малчин би, малыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг Монголын УИХ-д үнэн голоосоо гомдож байна. УИХ-ын тэнэг гишүүд, энэ тэнэг хуулиа эргэж хараад таван хошуу малд тавууланд нь мөнгө өгмөөр байна!
Миний гомдол ганц үүгээр дуусахгүй ээ. Есөн сарын нэгэнд яасан гэж санана аа! Миний бага хүү уурлаад, сургуульд явахгүй гэсэн. Эгчийнх нь сургалтын төлбөрийг төр даадаг хэрнээ миний муу хүүг алагчилж байгаа болохоор уурлалгүй яах вэ! Малчдын “нэг хүүхдийн” сургалтын төлбөрийг төр хариуцна гэсэн заалтаа “бүх хүүхдийн” болгож засах хэрэгцээ амьдралаас урган гарч буй нь энэ. Би болоод, миний бага хүү гомдов!
Сонгуулиар малчин бидэнд маш бага зүйл тарааж байна. Доромжилж байгаа юм шиг аравхан мянган цаас өгсөн чинь маргааш нь л алга болсон. Биднийг доош хийж, “Хараа”, “Ерөөл” тараадаг явдлаа таслан зогсоомоор. Ядахдаа л “Хар Чингис” өгмөөр байна. За “Алтан Чингис” бол пош гээд явчихна. Тараах тараахдаа ганц шилийг бус, хэдэн авдар бол зүгээр. Удахгүй хүү гэрлэнэ.
Өнгөрсөн өвөл зуд болгоогүй УИХ-д үнэнхүү өширхөж байна. Хэн нэгэн тэнэг гишүүн “Цас ороогүй юм чинь, зуд болоогүй” гэж хэлсэн нь тэнэглэлийн дээд хэлбэр болсон билээ. Цас ороогүй гэдэг чинь “харын зуд” нүүрлэлэж буй нь тэр. Цас бага унана гэдэг чинь “алаг цоогийн зуд” болжээ гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг тунгааж үзээд, “Жил бүрийг зудтай гэж үзэх тухай” хууль батлах нь зүйтэй.
За тэгээд зудын тусламжид маш бага гурил өгдөг УИХ-д үнэн голоосоо гомдож байна. Уут уутаар биш, тэвш тэвшээр тараах нь зөв. Орос гурил боов хийхэд хөхөрдөг. Хятад гурил цаанаа л нэг зэвий даагаад ямар ч амтгүй байгаа тул Америкаас ч юм уу, эсвэл Англиас гурил оруулж ирж бидэнд тараах нь зүйтэйг анхаарах хэрэгтэй!
Малаас хэт өндөр татвар авч байгаа УИХ-ыг харааж зүхмээр байна! Нэг бодоос жилд зуун тавин төгрөг татна гэдэг чинь арай дэнджээ. Хувийн үйлдвэрийн нэг зайрмаг, нэмээд нэг иштэй чихэр аваад идчихэж болох асар их мөнгө шүү дээ! Ер нь татвар авах биш малын тоогоор малчинд мөнгө олгодог болох нь улсын хөгжилд нэмэртэй. Мал бол Монголыг тэжээгч голлох үйлдвэрлэл шүү дээ.
За тэгээд, эцэст нь нэг зүйлийг анхааруулъя, УИХ-ын тэнэг гишүүн гуай! Хэрвээ миний гомдлыг барагдуулахгүй бол чамайг сонгохгүй, сонгуульд чинь очиж, тавин хувийн ирц бүрдүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье!
Мянгат малчин А.Амарсайхан

Sunday, September 7, 2008

ҮҮЛТЭЙ БОЛОВСРОЛ

/фельетон/
Монголд юм бүхэн үүлний өнгийг дагана. Тэнгэрт улбар үүл гарвал Улаан сайдын ухаа хондон морь заалттай түрүүлнэ. Ов тов орог цоохор үүл нүүвэл гүрийдэг Цэнгэлийн жирийдэг цоохор цойлж цоллуулна.
Хурмастын үүл хурдны морины зүсийг хэлээд зогсохгүй дунд ангийн хүүгийн дуудах номын нэрийг бас заана.
Ногоон үүл гарвал ногоон хавтастай сурах бичиг үзэх тушаал яамнаас гаргана. Хэвлэх үйлдвэрийнхэн хөөрхий, нэг номыг долоон өөр өнгөөр хэвлэж бэлдэнэ. Хан-Уул дүүрэгт шар үүл гарч байхад, Баянзүрхэд улаан үүл хуралдаж, холион бантан хутгана. Зарим жил завсрын өнгөтэй үүл гарснаас хүүхдүүд огт сурах бичиггүй сурна.
Ерэн он гармагц айхавтар хуй дэгдэж, тэнгэрт хөрөөний ир мэт иржгэр цагаан үүл эгц өөдөө цойлов. Үүлийг шинжсэн мэргэд “Босоо монголын босоо бичиг!” хэмээн айлдсан юм. Багш нар монгол бичгээ долоо хоногт сурсан тул дэмий л “Эгц бич!” гэж шавиа зандарцгаав. Нэгдүгээр ангийн бүлтэн Болдоо “Эбүгэн имага сагав” гэж үсэглээд, багшаасаа юу уншиж байгаагаа асууна. Багш мэдэхгүй. Захирлаас асууна. Захирал бас мэдэхгүй. Гурвуул аргаа бараад, Шинжлэх ухааны академид хандана. Гурван жил нойр хоолгүй ноцолдсоны хүчинд багачууд ацгийг гэдэснээс, эврийг гэзэгнээс ялгахтайгаа болов.
Тэгтэл гайт шуурга өнөөх босоо цагаан үүлийг хөндлөн тийш нь хөөчихлөө. Үүлийг нягтлан шинжилсэн амьтан судлаач Шагдарсүрэн гуай “К-к-и-р-и-л-л гэнээ!” хэмээн орилон босч ирсэн түүхтэй. Ингээд буцаж кирил үсэгтээ шилжихийг сайд тушаасан юм. Ерээд оны туршлагын туулайнууд Монголоор нэг тарж, өнөөг хүртэл “Ману анда минү олан мөнггү абаба” гэж заргын бичгээ үйлдсээр яваа билээ.
Тун удалгүй салхи тогтож халуу дүүгэлээ. Тэнгэрт жижигхэн бор шавиа тойроод шармийсан шар гадаад багш нар зогсож байгаа дүртэй үүлс хуралдсан харагдав. Үүнийг харсан сайд “Шавь төвтэй сургалт!” гэж байдаг чадлаараа бархирсан юм. Боловсрол шавь төвтэй болох нь тэр! Энэ онолын дагуу төвд байрлах шавь бүрэн эрхтэй. Шавь “А” үсгийг арван хоромд нүдлэх үү, арван жил судлах уу гэдгээ өөрөө мэднэ. Нэг дээр нэгийг нэмээд арав гаргасан ч түүний зөв. Ер нь сурсан ч болно, сурахгүй байсан ч болно. Багш дүн тавьсан ч болно, тавихгүй байсан ч болно. Монгол орон бичиг үсэг, дөрвөн аргын тоонд тайлагдаагүй шавь нараар дүүрлээ. Данидагийн төслөөр хуралдсан тэрхүү төвийг тойрсон үүлийг тэгсхийгээд замхруулахаас өөр аргагүйдэв.
Үүний дараа Америкийн төслөөр үүл задлагч пуужингуудыг авчрав. Шар үүлсийг зад буудаж арилгаад, оронд нь “A, B, C, D, F” гэсэн таван үсгийг тодруулав. “Хуучин хэрэглэж байсан “2, 3, 4, 5” гэх орос дүн монгол хүний оюун сэтгэлгээнд таарахгүй!” хэмээн боловсролын сайд цогтой халуун үг хэлж билээ. Харин эцэг эхчүүд шинэ үсгэн дүнгийн учрыг олох гэж ухаанаа барсан юм. Мянгат малчин Балдан “Эй” дүн аваад ирсэн хүүгээ чөдрөөр ороолгоод, Хүний эрхийн үндэсний хороонд дуудагдлаа. Муу сурахаар нь аргаа барсан багш “Эй” гэж уулга алдсан байна гэж ташаа ойлгосон хэрэг.
Яамныхан Америк пуужингаараа дахин буудлаа. Тэнгэрт хэл ам хугалж, ороолдсон үг харагдлаа. Боловсролын сайд аугаа их Ленин багшийн хэл хоцрогдсон болохыг зарлав. Ингээд англи хэлний аян дайнд мордоцгоов. Бас л өөрөө долоо хоног англи хэл үзсэн багш “Ам хангри” гээд, шавь нарынхаа өмнө зогсож байлаа.
Жил өнгөрч, хүүхдүүд “Кисс юу бээби” гэж хайраа илчилдэг болмор аядаж байтал үүлний өнгө хэлбэр дахин өөрчлөгдөв өө, хөөрхий. Тэнгэрийн хаяанаа Богд Зонхов Шагжамуны хойд дүр Энхү Баяа Жүгжэмүн улаан шараар тунаран харагдах нь тэр! Хүүхдүүд Нагаржунайн онол судалж, хагархай “Га” хэмээх үсэг нүдлэх боллоо.
За тэгж байтал баруун зүгээс сэвэлзүүр салхи гарлаа. Тэнгэр дэх хар үүл зад үсэрч, шанага долоон одны байрлал аван тогтох нь тэр! Яамныхан учрыг тайлуулахаар шар зурхайчид хадаг яндар барилаа. Шар зурхайч шоогоо орхиж үзээд, “Хүүхдийг долоон наснаас сургах нь насанд цөвгүй” гэж айлдлаа. Сургуульд хүүхэд багтахаа байж, нэг ширээнд гурваараа суувал дээдийн заяа гэлцэв. Сургуулийн багш нар микроны кондуктор шиг “Хөөе тэр арын ширээний гурав! Шахаад дөрвөлчих дөө!” хэмээн хэрүүл хийх боллоо.
2008 онд мөөмтэй пионерийн дүртэй шар үүл туяаран үзэгдсэн юм. Тэнгэрт ийм муу ёрын юм үзэгдэх нь ад зэтгэрийн хорлол хүрсний шинж аж. Хүүхдийг зургаан наснаас сургавал энэ хорлол илаарших нигуур буй гэж зурхайд буужээ. Зургаан настай сурагчид хүндээр болон хөнгөнөөр бие засч болохуйц хагархай өмд заавал өмсүүлэх тухай сайд тушаалаа. Одоо 12 жилийн сургуулийн кондукторууд “Хөөе арын ширээний дөрөв өө! Шахаад тавлачих!” гэх дуу цуурайтуулж байна.
“Ирэх жилийн тэнгэрт сондгой ганц улаан үүл бүү үзэгдээсэй” хэмээн эцэг эхчүүд залбирч Алтангэрэлийн даллага авахуулж, хүүхдийн Банзрагч тахиулж байна. Сондгой ганц улаан үүл харагдвал хүүхдийг улаан нялзрай нэг наснаас нь сургаж мэдэх учраас тэр!

Tuesday, June 10, 2008

МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН

/фельетон/
Газар хөдлөх тухай “хутгат эмээ” худлаа залчихлаа хэмээн та элэг доог хийж сууна уу? Тийм бол том эндүүрч байна. Монголд газар хөдлөөгүй биш гарцаа байхгүй хөдөлсөн юмсанж. Энэ газар хөдлөлт зургаан сарын зургааны өдрийн зургаан цаг зургаан хоромд Халх голоос Алтай Таван богд хүртэл бүх нутгийг хамарч, хүч нь арван хоёр “баал” давсан болохыг дэлхийд алдартай Токиогийн газар хөдлөлийг судлах төвийн нарийн багажууд баталжээ. Газар тийм хүчтэй хөрвөөчихөөд байхад ганц ч байшин нураагүй, хүн ард нь үхэх бүү хэл нэг ч монгол оготнын хамраас цус гоожоогүй гэхэд дэлхийн чих дэлдийв!
Газар хөдөлж байхад монголчууд хаа байсан болж таарах нь энэ вэ? Чухамдаа яг энэ л асуулт дэлхийн бүх мэдээллийн товчоо, сонин сэтгүүлийг мэл гайхуулж цэл хөхрүүлсэн билээ.
Үгүй, тэгтэл яасан болж таарсан гээч? Монголын хүн амын улс төрийн идэвхтэй хэсэг нь арван хоёр баалын газар хөдлөлтөд өртөж үхэх нь байтугай, бие засах ч завгүй “Манай намыг сонгоорой!” гэж бархираад гүйлдэж байсан болж таарав. Үүнийг “Токио Конижива” сонины ажигч гярхай сурвалжлагч Аса Киёота тогтоожээ.
Цаашлаад улс төрийн идэвхгүй хэсэг нь яасан бэ? гэсэн асуулт урган гарч ирэв. Олон улсын сэтгүүлчдийн баг уйгагүй судалж, ухаж нягталсны эцэст Монголын хүн амын улс төрийн идэвхгүй хэсэг зөвхөн дөрвөн хүнээс тогтдог болохыг илрүүллээ. Тэд бол Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Дулам эмээ, дөрөвдүгээр багийн согтуу хочит Балдан, түүний хөрш яруу найрагч Галт, Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны сонсголын бэрхшээлтэй иргэн Лутаа гэсэн дөрвөн хүн болж таарав. Газар хөдөлж байх тэр агшинд Балдан, Галт хоёр нам согтоод уначихсан, Дулам эмээ Солонгосын олон ангит “Тэ Жан Гум” савангийн дууриа үзээд ухаангүй суучихсан юмсанжээ. Лутаа хөөрхий, газар хөдөлж байшин нурахыг байтугай, чих рүү нь буу тулгаж байгаад гох дарсан ч сонсохгүй амьтан тул юу ч мэдээгүй хэрэг.
Байшин барилга, зам гүүр тэр дундаа сүүлийн хэдэн жилд барьсан хулхи барилгууд яагаад нураагүй вэ гэсэн бас нэг асуулт гарч ирж дахин дэлхийн бүх эрдэмтдийн толгой гашиллаа. Үүний учрыг судалж тогтоосон Английн сэтгүүлч ноён Томсон газар дээрээ ухаан алдан унав. Юу гэвэл, УИХ-ын эрхэм гишүүд дахин сонгогдохын тулд шатахууны үнийг нам барьж байгаа шигээ байшингуудыг ч бас нураахгүй нам барьж буй нь тогтоогджээ.
Энэ бол гайхамшиг. Энэ бол жинхэнэ дуулиан. Дэлхийн хэвлэл мэдээлэл монголоор амьсгалж, монголоор баяжиж, тэрбум тэрбумаар нь ашиг олж байна цаана чинь!
Газар нь хөдөлсөн ч үхдэггүй бөх амьтай монгол түмнээрээ бахархахгүй байхын аргагүй. Газар хөдлөлтөд үхэх зав өгдөггүй монгол сонгуулийг магтан дуулахгүй байхын аргагүй юм зээ. Даян дэлхийн ардчилсан сонгууль мандтугай.

Saturday, May 3, 2008

ЦЭРДИЙН ГАЛВЫН АРДЧИЛАЛ

/фельетон/
Монголчууд бид ардчилсан ёсыг эрт дээр цагаас тогтоосон болохыг Цэрдийн галвын үеийн олдворууд баталж дэлхийн эрдэмтдийн чихийг дэлэм болтол соотойлголоо. 50 сая жилийн тэртээ, бидний элэнц хуланц нар хадан агуйд түүхий мах зулгаан байх ахуйдаа Улсын Их Мурил хэмээх хууль тогтоох дээд байгууллагаа сонгож асан байх юм.
Тэр үеийн улстөрчид одоогийн соёлтой шударга гишүүдтэй харьцуулашгүй бүдүүлэг хүмүүс байсан болохоор хөөрхий сонгогчдыг гол төлөв мурьчихдаг байж. Чухам тиймээс “Улсын Их Мурил” гэж Их хурлыг нэрлэж заншсан байв.
Эртний галвын эрхэм гишүүдийг “Эрхэм гишүүн” гэх бус, молиго хэмээн дуудна. Молиго гэдэг үг одоогийнхоос шал өөр утга заана. Түмэн олон: “Эрхэм молиго Хүрэлсүх”, “Эрхэм молиго Гүндалай”, “Эрхэм молиго Идэвхтэн” гэх мэтээр ихэс дээдсээ хүндэтгэн, агуйн хоймортоо өнгөт сүг зургийг нь залдаг байлаа. Молиго гэдэг нь хамгийн тансаг, хамгийн тэнгэрлиг үг учраас энэ нэрийг сонссон хэн бүхэн сөхрөн унаад, толгой дээрээ наманчлан мөргөнө. Гэвч тэр үеийн зэрлэг бүдүүлэг гишүүд сонгогчдыг муриад байсан тул ард түмний дунд “молигодох” гэдэг хэллэг тарсан аж. Ийнхүү Цэрдийн галав дуусах үест монголчууд хууран мэхлэхийг молигодох гэж ярьж заншсан нь одоог хүртэл уламжлагдан иржээ.
Эртний галвын монголчууд Улсын Их Мурилын сонгуулийн сурталчилгааны ажлыг дөрвөн сарын нэгэнд явуулж байв. Молиго нар: “Танай овгийн үнс пургисан гурван чулуутай гал голомтыг чинь сайжруулж, хэт богино долгионы “Монел” шарах шүүгээ олгоно”, “Арслан заан агнах чулуун сүхийг чинь алтан нуухтай зандан иштэй, ган сүхээр сольж өгнө” гэх мэтчилэн ард түмэндээ амлалт өгнө. Тэд ээлж дараалан индэрт гарч, сонгогчдын толгойг наян найм эргэтэл нь молгидон, сонгогдмогцоо Улсын Их Мурилын хүрэн зандан ширээтэй асар том агуй руугаа шурган ороод, муриад алга болчихдог байлаа. Чухам энэ үеэс монголын ард түмэн дөрвөн сарын нэгнийг “Инээдмийн баяр” хэмээн нэрийдэж, нэг нэгнээ молигоддог өдөр болгон тэмдэглэж эхэлсэн нь төдөлгүй нийтийн баяр болон дэлхий даяар түгэжээ. Энэ баяр түргэн тархахад тэр үед эхэлж байсан даяаршил хүчтэй түлхэц болсон гэдэг.
Энэ бүх баримт сэлт нь ардчиллыг гадаадаас авсан мэтээр эндүү ташаа ярьдаг улстөрч, эрдэмтэн, судлаач нарын мэдлэг ямаршуу нимгэн болохыг илтгэж, тэднийг ичээж байна. Шинэ жил, мартын найман, олон улсын хүүхдийн өдөр, улаан өндөгний баяр гээд бүх баярууд дөрвөн сарын нэгний адил монголоос гаралтай байхыг үгүй гэх аргагүй.
Малталт цааш үргэлжилж, шинэ баримт олсоор л.., Монгол болоод монголчуудын нэр дуурссаар л...

Tuesday, April 1, 2008

УЛААН ГЭРЛЭХ ДӨХЛӨӨ

/фельетон/

Атрын III аянд зориулсан өргөн дэлгэцийн өнгөт роман

Эмтэршгүй зүрх буюу тэргүүн дэвтэр
Өглөөний наран нэн жавхлантайяа мишээхүйд их хотын өнцөг бүрээс том том хар тэрэг гагцхүү Сүхийн талбайг чиглэн давхилдах нь тун бахдалтай. Талбайн өмнөх цэцэрлэгийн дууч бялзуухайнууд босон суун жиргэх нь цугласан залуусын сэтгэлийг базлуулж, зүрхийг булиглуулна.
Гуулин хөгжим нэгэнтээ нирхийн, бялзуухай дэрхийхүйд нэгэн зүйл санаашралд автан байсан залуус цочин догдоллоо. Энэ залуус зүгээр ч хэн нэгэн бус атрын гуравдугаар аянд сэтгэл шулуудсан намын гал улаан батлахтнууд болой. Харин нэгэн зүйл санаашрал гэгч нь бас энгүүн нэгэн зовиноо бус “Атрын цалин их болов уу, хоол унд хэр бол?” гэх сочлийст ахуйн мөнхийн энэлэн байх ажгуу.
Ургахын улаан нартай уралдан боссон Улаан хүү энэхүү улаан батлахтнуудын дунд умрын салхийг уртаар уушиглан, урам зоригоор бялхан зогсож байлаа. Тэрээр Сангийн сайд, “Улаан гэрлэх дөхлөө” киноны гол баатар агаад энэ удаа атрыг зорьсноороо мөнгийг богцоор нь олно гэж санхүүгийн аргаар тооцоолсон юмсанж. Улаан хүүгээс цаахнатай сиймбаа хэмээгч Батаа хүү хүрлийн зогсоно. Түүний цог нь унтарсан харц Сүхийн талбайн хүйтэн чулуунаа унаад, дахиж хэзээ ч өндийхгүйгээр барьцалдан хөлдсөн гэлтэй. “Эзгүй атарт цөлж, элэг дэлүүг хатаахыг нь мэдсэн сэн бол энэ намд хаа гэж элсэв дээ” хэмээн тэр энэлэн шаналах авай.
Гуулин хөгжмийн хүчирхэг нүргээн гэнэт эхэлсэн шигээ гэнэт зогсохуйд атрын аяны Ерөнхий захирагч, Ерөнхий сайд Баяр “Энхрий хайрт залуус аа, бидний зүрх сэтгэл болбаас атрын зүгт эргэлт буцалтгүйгээр тэмүүлэн байх болой” хэмээн хэлэхүйд Хүнс хөдөө аж ахуйн сайд Ганхуяг хүүгийн хүрэн зүрх, нимгэн үнхэлцэгтээ багтаж ядан, булгин бумбалзлаа. Баярыг цогтой халуун үгээ хэлж дуусах агшинд Гадаад хэргийн сайд Оюун бүсгүй улаан халзтай индэр өөд Улаан сайдыг дайрчих нь халаг ухасхийн гарах нь харагдана. Тэрбээр “Бидэнд Ленин багш тусална, Мянганы хөгжлийн сан тусална! Буш ах дэмжинэ!” хэмээн хасын цагаан царайдаа баясал гялбуулан хэллээ. Энэ үгийн хүчинд залуусын санаашрал огт оргуй лугаа хийсэн арилж, Сүхийн талбайн чулуун шалыг цууртал “Ура” хашгиралдлаа. Үлээвэр хөгжим дахин нүргэлмэгц, Брежнев даргын үеийн бэлгийн цэнхэр зийл тэрэгнүүд, бэржээхэн бүхээгээ дэрвэлзтэл ухасхийн сүр жавхлантайяа хөдлөв.
Атрыг зорьсон залуусын зориг зүрх эмтэршгүй буюу.

Сүүн сэтгэл хэмээгч дэд дэвтэр
Гурав гэсэн дугаартай зэвэнд идэгдсэн зийл тэрэгний бэржээхэн бүхээгийг Улаан хүү долоовор хуруугаа шүлэмдэн, цоо хатгалаа. Уртаас урт хоёр салаа гэзэг, цэнхэр дээлтэй Сувдаа бүсгүйгээ аль тэргэнд суухыг харах гэж тэмүүлснээс чингэсэн аж. Түүний энэ байдлыг ажигласан Их хурлын дарга Лүндээжанцан хүү “Улаан гэрлэх дөхлөө” хэмээн дуу алдаад, цагаан хөөргөө гарган үнэрлэхчээ аядав.
Яг энэ мөчид Сувдаа бүсгүй дөрөв дугаартай тэрэгний араас мацаж байлаа. Түүний гараас бахим булчинтай нэгэн бүсгүй ховх татан тэвш өөд гаргав. Гуя цээж төгс хөгжсөн энэ бүсгүй бол Эрхэм гишүүн Арвин байх аж. Сувдаа бүсгүй чин зүрхнийхээ талархлын үгийг хэлээд, “Ам атга, суга ташаа бүх юмандаа тэнцүү бяртай, үнэнхүү хүчирхэг тэмцэгч охин ажгуу” хэмээн бишрэн бодлоо.
Долоо дугаартай тэвшний өмнөд этгээдэд шагай шүргэм урт шар савхин дээлэн дээр дэслэгчийн мөрдөс туяаруулсан өндөр махлаг эр цэх зогсчээ. Үл ялиг ягаан туяа бүхий зузаан шаргал царай тунаруулсан тэрбээр гүн бодолд автсан харагдана. Энэ эрхэм бол “Сэтгэлийн дуудлага” киноны сайхан сэтгэлт хүүхдийн байцаагч буюу Ерөнхийлөгч Энхбаяр байх аж. Амьдралдаа нэгэнтээ эндээд одоо атрын талбарт хүмүүжихээр одож буй халаасны хулгайч Ишхүү нарын залуусыг түшиж тулах явдал бол тангараг өргөсөн Энхбаяр байцаагчийн эрхэм үүрэг болой.
Тэвшний дунд хэсэгт явах залуу гишүүн Хүрэлсүхийн хархан нүдэнд “Хадгаламжийн банк” гэсэн тамгатай үнэт цаас байн байн өртөх нь үнэнхүү шаналантай. Арван дөрвөн тэрбум гэсэн тоотой энэ цаас түүний өмнө зогсох бүсгүйн бариу цэнхэр өмдний арын халааснаас цухуйж байв. Хүрэлсүх хүүгийн биеэр цахилгаан жирс жирсхийн гүйж, хуруу нь өөрийн мэдэлгүй тэр цаас руу тэмүүлэн татвалзана. Хуулийн хүний гярхай нүд энэ байдлыг хэдийнэ ажсан байлаа. Энхбаяр дэслэгч Хүрэлсүхийг энэрлийн бор нүдээрээ илбэн таалах мэт харсаар дөхөж ирээд, “Хүү минь, өөрийгөө хүчлэн барьж буй аугаа их тэвчээрийг чинь магтмуу” гэж шивнэхүйд, Хүрэлсүхийн хоолой зангиран, хархан нүдийг нь нулимс бүрхлээ. Урт шар дээлт дэслэгч машины тэвш дүүрэн алдаж эндсэн залуус руу инээмсэглэнгээ, “Би нэгэнтээ таван зуун саяын авилгыг хараад, хуруу гар өөрийн мэдэлгүй татвалзан зогсож байсан минь саяхан санагдана. Шуналын сэтгэлийг шулуун санаа давах тухай Богд Зонхов нэгэнтээ сургасан нь бий, хайрт хүүхдүүд минь” гэлээ. Залуус энхрий хайрт байцаагчийнхаа сайхан шар царайнаас цацран ирэх ер бусын нандин эрчмийг зүрхээрээ мэдэрч байлаа.
Чин сэтгэл гэдэг эхийн цагаан сүү адил ариун буюу.

Ухаарал хэмээгч гутгаар дэвтэр
Долоо дугаартай тэвшний дунд хэсэгт ийм явдал өрнөж байхуйд, тэрхүү тэвшний өмнөд этгээд дэх Шадар сайд Миеэгомбын Энхболд хүүгийн голд бөөн хар юм тээглээд, горойж үхэх нь холгүй явлаа. Ийм сайхан сэвгүй цагаан сэтгэлтнүүдийг хараад, уяран хайлж, ичих булчирхай гэнэт цочирсноос чингэсэн ажгуу. “Улаанбаатар хотынхоо ариун газар шороогоор бузар мөнгө хийсэн нүгэлт чи үхвэл таарна” гэж хүү дотроо өөрийгөө түмэнтээ зүхэж, бумантаа харааж байлаа.
Тэвшний хойд буланд гишүүн Бадамжунай, Занданшатар хоёр ч байдгаараа ичиж улайчихсан зогсож харагдав. Занданшатар хүүгийн аньсгыг ухаарлын нулимс бүрхээд ирэхүйд, “Бид хоёр даанч муухай юм хийж дээ. Улсынхаа сан руу бузар гараа дүрж, мөрийтэй тоглосон” гээд мэгшин уйлж эхэллээ. Бадамжунай санаа алдаад, “Бас ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгчээр хөөрхий муу Хүрэлсүхийгээ торойтол орхичихоод, хар амиа хаацайлсан” гэж голт зүрхний угаас гэмшсэн аялгаар хэлж байна. Энэрэнгүй сэтгэлт хүүхдийн байцаагч Энхбаяр тэдний энэ үгийг хуулийн хүний сонор чихээрээ сонсчээ. “Миний хоёр хүү, атар газар очоод ариун цагаан хөлсөөрөө энэ хар нүгэлээ цайруул даа” гээд, Бурхан будда мэт ариун гарын алгаа хавсраад, Далай багшийн тарнитай арвайг тэдэн рүү шившин цацлаа.
Ухаарал гэдэг хожимддоггүй буюу.

Отолт хэмээгч дөтгөөр дэвтэр
Атрын аяны цуваа Зэлтэрийн гацаа руу дөхөж ирлээ. Цардмал зам дээр Пийлэн хийцийн хүйтэн төмөр хадаасыг хувингаар нь цацаж орхиод хоёр этгээд бутны цаад руу дал орлоо. Эдний нэг нь элгээрээ хэвтсэн байх бол нөгөөх нь босоо байх хэдий ч бут түүнийг элбэг далдалж байна. Энэ жижиг нөхөр ардчилсан хүчний үнэнч цэрэг, Эрхэм гишүүн Зандаахүүгийн Энхболд байх ажгуу. Хэвтэж буй саарал даалимбан тэрлэгтэй эрхэм нь өврөө уудлан, хайрцаг бэлгэвч гаргалаа. Бэлгэвчүүдээ элсээр дүүргэн, монгол үйлдвэрийн гар бөмбөгийг хоромхон зуурын дотор нижгээдийг хийж өмнөө өрлөө. Харваас энэ ажилдаа дадлагажсан нь илт. Энэ бол цогтой дайчин тэмцэгч, Эрхэм гишүүн Гүндалай байх бөлгөө. Тэрбээр нэрсний үнэрт цэлдэн хөх бэлгэвчийг сурмаг гэгч нь толгойдоо углаж өмсөөд, цаадахдаа нэгийг сарвайнгаа, “Барууны сайн эрс шилэн оймс углаж нүүрээ нууцалдаг юм. Харин энэ бол миний сэдсэн арга” гэж хэллээ. Энхболд ихэд эгдүүцэнгүй, “Надад царайгаа нуух шаардлага байхгүй” хэмээн хэгжүүн дүртэй хариулж байх нь дуулдана.
Пас, пис! Цувааны тэрэгнүүдийн олгой дугуй ээлж дараалан хагарч нам зогслоо. Эхний гар бөмбөг шуугин ирж тэрэгний хамар дээр дэлбэрэхүйд атрын залуус бажгадан сандарлаа. Гүндалайгийн бөмбөгөө шидлэх нь үхэр буунаас ч эрчтэй агаад, Энхболд хойно сурч байхдаа үнэ зодож авсан орос дурангаа нүдэндээ бариад галын солбилцлыг тохируулан, “Зүүн тийш арван хэмд! Галлаад!” хэмээн хамаандалж байлаа. Гэнэт ардчиллын үхэр буу нам гацлаа. Толгойдоо бэлгэвч угласнаас амьсгаа нь боогдсон Гүндалай үхэтхийн унаад, татвалзаж байснаа хөдөлгөөнгүй болов. Журмын нөхрөө алдсандаа хорссон Энхболд эцсийн ганц бөмбөгөө хараалж, хараалж, атрынхны Ерөнхий захирагч Баярын зүг шидлээ. Даанч харамсалтай юм болж, Сиймбаа Батаа үсрэн гарч ирээд хайрт даргаа ханхар том цээжээрээ хамгаалаад, үхэтхийн унав. Хачирхалтай нь Хүрэлсүх хүү самуурай цагаан алчуур толгойдоо зангидаж, оюутны салаагаа толгойлон зүрхний хайрт намаа хамгаалсангүй. “Хүрэлсүх минь, бидэнд гомдчихоо юм болов уу даа” хэмээн Баяр дарга дотроо нэгийг бодон нухацтай харцаар Энхбаяр байцаагч руу харлаа. Минчийтлээ улайсан Арвин гишүүн “Ардчиллын муу п..даануудыг алаад өг!” хэмээн хашгирсан боловч, отогчид хэдийнэ дарагджээ.
Дөрвөн цагийн дараа Батаа гишүүн түргэн тусламжийн цагаан тэргээр хот руу буцаж явлаа. “Азтай шүү! Эмнэлэгт нь очоод, аяныг нь дуустал ёолоод хэвтчихдэг хэрэг” гэж бодон мишээнэ. Цувааны жолооч нар дугуйгаа нөхсөөр байтал будаа тариалах цаг оройтов.
Тэнгэрийн муухай арилдаг, отолтын өмхий арилдаггүй гэдэг энэ буюу.

Хоролмаа буюу “татгаар” дэвтэр
Гурван зуун шанага шатахуун ордог цүдгэр сав ардаа дүүжилсэн гал улаан гинжит тэрэг утаа тортог олгойдуулан, улаан тугийг намируулан, урагш тэмүүлнэ. Залуурын ард суусан Улаан хүүгийн ухаан бодол хөвчирчээ. Түүний араас шил даран зүтгэх Хүрэлсүх хүү хар тостой гараараа хүрдээ чанга атгаж, хичээхийн дээдээр хичээх аж. Тэрээр одоо муу зуршлаа оргүй мартжээ. Улаан тэрэгний араас зүүсэн улаан соёот анжис урьхан хаврын турьхан хөрсийг урж сийчин, улаанаар эргүүлэхүйд ухаа хонгор тоос хуйларч, уужим сэтгэлийг, дуулим аялгуугаар хөглөлөө. Энэ бүхэн атрын гуравдугаар аян нэн эрчимжсэн болохыг илтгэх аж.
Улаан хүү атрыг хагалан завгүй явах мөчид Сувдаа бүсгүй дурлалт залуугаа санан бэтгэрснээс болж хөдөлмөрийн бүтээмж гурав дахин муудаж үтрэмийн дарга Идэвхтэн гишүүнд нүд үзүүрлэгдэх болоод байлаа.
Атрын аяны шуудан хүргэгч Нямдорж гишүүн зөнөгтөж мунгинаад, Улаан амрагийнх нь захидлыг Алимаад өгчихсөн болохыг хөөрхий бүсгүй яахан мэдэх билээ. Нямдорж гишүүний засдаг өвчин эдгээгүй, байнга гар нь загатнаж байгаа тул сарын өмнө ирсэн Улааны захидал дээрх “Уртаас урт гэзэг, цэнхэр дээлтэй Сувдаад” гэсэн хаягийг “Ахраас ахар гэзэгт, Алтан хүрэмт Алимаад” болгож зассан аж. Тэгээд дүрдээ итгээд, маргааш нь Сувдаад бус Алимаад захидлыг аваачаад өгчихсөн юмсанжээ. Цаад Алимаа нь бас болоогүй ээ, хоролмаатаад, захидлыг авчраад өгчихгүй Улаан сайдыг битүүхэндээ бодох болсон байлаа.
Хорвоо чи хүний зовлонгоор цадах болоогүй буюу?

Бялуу хэмээгч “зутгаар” дэвтэр
Намрын шар нар над дээр чам дээр тусав. Намиатан шаргалтах амуу тариа над руу ч, чам руу ч нахилзав. Атрынхан түүхэнд дуулдаагүй их ургац авчээ. Мянганы хөгжлийн сангийн мөнгөөр мянга наян үтрэм байгуулсан боловч будаа багтахгүй сандаргана. Хонхонгийн бирж дээр арвайн үнэ навс тогтворжсон тэр нэгэн нарлаг өдөр атрын аяныхны цалин буув.
Залуус цалингаа авахаар уртын урт дугаар үүсгэжээ. Орос хийцийн дөрвөлжин богц сугавчилсан хүдэр чийрэг залуу, дугаарласан олны дундуур зүсэн зүтгэж байна. Сайн ажвал манай гол баатар Улаан хүү байх аж.
Мөнгөний нярав Боловсрол соёлын сайд Болормаа бүсгүй залуус руу бадамлянхуа дэлгэрэх мэт сайхан инээмсэглэлээ харамгүй цацаж байснаа Улаан хүүгийн богц руу харц шилжүүллээ. Тэр аанай л инээмсэглэсэн хэвээр “Богцтой ирж цалингаа авдаг үе өнгөрсөөн. Чи өдий болтол Щвейцарын банканд нууц данс нээлгээгүй байгаа юм уу?” гэлээ.
Яг энэ яриа өрнөж байх торгон агшинд тэдэн рүү Баяр дарга ирэв. Тэрээр шилээ нэгэнтээ засангаа “Улаан хүү чиний зүтгэл атрын аянд жинтэй үүрэг гүйцэтгэв” хэмээн аядуу зөөлөн дуугаараа хэллээ. Баяр бахдалдаа автсан Улаан “Дарга аа намайг одоо Хөдөлмөрийн баатар болгох уу?” гэж зориг муутай асуучихлаа. Дарга инээмсэглээд, “Энэ аянд гавьяа байгуулсан хэн бүхэнд бид бялуу хүртээнэ. Хөдөлмөрийн баатар ч болгоно” хэмээн хэлэхэд нь атрын залуус дэрхийтэл “Ура” хашгирсан болой.
Ажил хийсний дараа талх бялуу мэт амттай болдог буюу.

Хөшөө хэмээх төгсгөлийн дэвтэр
Атрын аяныхан бялуугаа хуваан байхуйд Элбэгдорж журмын нөхдийн хамт хүрэлцэн ирлээ. Арвин гишүүн ширээгээ балбан, “Та нар атрын аяныг хорлон сүйтгэсэн атлаа бялуу хуваах болоход юунд хувь горьдном билээ?” хэмээв. Зандаахүүгийн Энхболд гишүүний нүдний хөх няц арилаагүй ч, атрынхан руу ёжтой харц чулуудангаа “Далан жил тариагаа эрт тариалж, ургац алддаг байснаа бидний ачаар та нар мэдсэн бус уу?” гэлээ. Гүндалай гишүүн барс мэт үсрэн гарч ирээд, “Хаврын тариалалтыг бүтэн сараар хойшлуулсан гавьяатан би бус уу?” гэж хашгирлаа.
Яг энэ мөчид олны дундаас нэгэн бүсгүй “Улаан аа! Улаан аа!” гэж орь дуу болсоор айсуй. Уртаас урт гэзэг, цэнхэр дээлээр нь Сувдаа болохыг Улаан таниад өмнөөс нь ухасхийлээ. Атрын бүтэн аяны турш нэгнээ хүсэмжлэн зүүдэлсэн хоёр амраг зуун шараар татаад ч салахгүйгээр тэврэлдэв. Лүндээ дарга “Улаан гэрлэх дөхлөө гэж, хэлээгүй юу!” гэж сийгүүлснээ, санаа алдлаа.
Энэ явдлаас гурван сарын дараа Хонгорт шинжилгээ хийсэн арвин баялаг туршлагатай НҮБ-ын шинжээчдийн шинжилгээний хариу гарч, Гүндалай гишүүний үг батлагдав.
Сүхийн талбайг “Атарчдын талбай” хэмээн нэрийдэв. Сүх жанжны хөшөөний оронд бэлгэвчин бөмбөгөө сэнс мэт эргүүлэн, морин дэл дээр хийсгэж яваа Гүндалай гишүүний хүрэл баримлыг босголоо. Засгийн газрын эрхэм гишүүдийг гинж амандаа зуусан арслан хэлбэртэй урлаж, гол хөшөөг тойруулан байрлуулсан болой.
Нэгэнт байгуулсан гавьяаг үнэлэхэд, хүрэл хөшөө ч багаднам буюу.

***
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates