Showing posts with label "Хүмүүн цадиг" цуврал. Show all posts
Showing posts with label "Хүмүүн цадиг" цуврал. Show all posts

Thursday, September 4, 2014

ТАТАХ ХҮЧ


/хөрөг дурсамж/
Цэднээ ахындаа очно
Чанга орилон уйлах хүүг ээж нь өглөө бүр тэвэрсээр, аймгийн төвийг хөндлөн туулдаг байлаа. Нэгдэл дундын үйлдвэрийн арын хашаанаас гарч, хойд хорооллын өмнөх айхтар том жалгыг гаталж, Алтай чуулгын өмнүүр өнгөрч, хоёрдугаар сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрэх бүхий л замын турш “Цэцэрлэгт явахгүй! Цэднээ ахындаа очно оо!” гэх хүүгийн чанга дуу хадна.    
-Сайндаа л долоо хоног уйлна биз. Сурчихдаг юм гэж багш нар нь хэлнэ. Гэвч хүү замын турш өнөөх л үгээ давтан уйлсаар л. Сар шахам чарласны эцэст арайхийж дуугүй явдаг болсон гэдэг. Цэднээ гэдэг бол хүүгийн эцэг Алтангэрэлийн төрсөн ах. Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн тэргүүний адуучин, Аймгийн аварга Цогтын Цэднээ гэгдэж, мандаж явсан сайн малчин.  
-Миний буурал ээж тэнгэрт гарчихсан. Тэгээд л би цэцэрлэгт явж байгаа юм! гэж цэцэрлэгтээ нилээн дасаж, цагааширсан хойноо хүү ярьж, багшийгаа уйлуулж байж. Хүүг гурван нас хүртэл нь харж, эрхлүүлсэн буурал ээж бол Мулзгар гэдэг хөгшин байлаа. Өндөр Бэгз гэж Баян Ааргийнхан цоллодог, Гүн худгийн хойхно Тогтын салаанд өвөлждөг, зундаа Цавын худаг руу бууж зусдаг хүн бол эрх хүүгийн өвөг эцэг нь.  
Дөрөвхөн настай хүүг Баян-Уул руу юу тэгтлээ татдаг байсан юм бол оо? Ухаан ороогүй, юугаа ч мэдэхгүй нялх амьтан шүү дээ. Үүнийг бодох бүртээ би гайхдаг. Дөчин тав хүрсэн хойноо л учрыг бага сага ухаарахтайгаа болж явна.           

Айсан ч зүтгээстэй
Дөнгөж ухаан ормор аядаж байхдаа Цэднээ ахындаа очоод, үнхэлцгээ хагартал айсан минь санаанд тодхон үлджээ. Хавар оройхон аав минь сааралдуу өнгөтэй “Иж Планета-2” мотоциклтой байснаа унаад, намайг өмнүүрээ суулгаад Баян-Уул нутгаа зорьсон хэрэг. Замдаа бөхөнтэй таарч, араас нь хэсэг давхихад, “Бариад авъя л даа, аав аа!” гэж хашгирч их л зугаатай явсаар ахынд хүрч билээ. Миний ой ухаанд үлдэж хоцорсон хамар толгойг эргээд төсөөлөхөөр авгынх Хоёр худагт хаваржиж байсан юм уу даа гэж санагддаг.
Маргааш өглөө нь сэрээд хартал гэрт хэн ч байдаггүй. Сандран хувцаслаад шагайвал ойр хавь амьд амьтан алга. Дотор бачуураад нулимс урсахдаа тултал тээр хол аавын мотоцикл байгаа нь танигдав. Тэнд худаг байдгийг өчигдөр мэдсэн болохоор тийш гүйчихлээ. Ойртож явтал баахан үхэр өмнөөс гараад ирэх нь тэр. Шорон эвэр шөвөлзөөд л, дүрлийсэн том нүд ууртай эргэлдээд л. Яах аргагүй намайг идэх нь ээ!
Уйлж эхэллээ. Өглөө бүр аймгийг цочоодог байсан шигээ чангаар чарлаж байтал ахынтай айл аж төрдөг Буурал Жүүжээ ирж, “үхэрт идүүлэхээс” аварлаа. Тэр хөгшин толгойгоо сэгсрэн доогтой инээгээд,
-Малаас айдаг хөгийн ч хүн бол доо гэж билээ.
Төд удалгүй зун боллоо. Цэцэг ургаж, цэцэрлэг амарлаа. Үхрээс үнхэлцгээ хагартлаа айж байсан өнөөх хүн чинь “Аав аа, Баян-Уул руу Цэднээ ахындаа очъё л доо” гэж шалгааж эхэлсэн юмдаг.       

Морь унаж чадна
Сумын наадмыг морьтой үзэх сайхан. Худалдаа бэлтгэлийн ангийн ня-бо Лхагваа гуай улаан тугаа жишүүдүүхэн бариад, эмээл дээрээ хазгайдуухан суугаад, бор морио бөмбөлзтөл жороолуулсаар хурдан морь гаргана. Ямар ч гоё морь, яасан ч гоё хүн байсан юм. Хүмүүс хэний ямар хүлэг өнгөтэй байгааг шинжих гэж мэлмий чилээж байхад, би Лхагваа гуайг л ширтэж нүдээ баясгадаг байж.
Наадамд ирсэн хүн байна даа, гуанзанд орж будаатай хуурга амтлана. Сумын төвийн айлуудаар морьтой хэсэх догь. Доржсүрэн Агаагийн хашаанд хэзээ язааны малчин хүн шиг ган дөрөөгөө ханхийлгэн бууж, морио уян зогсоно.
-Энэ Амарыг ээ. Чөдрөө уруу нь харуулаад ганзагалж байснаа бодвол унаанд сүрхий болчихож! гэж Агаагийн аав Манжуулыг хэлэхэд тэнгэрт дахиад нэг нар мандчих шиг болно. Эв хавгүй хөдлөхийг минь харсаар үзсээр байсан ч урам өгөх гэсэндээ тийн хэлсэн нь мэдээж. Хөдөө маягаар цай шоржигнуулан оочих зуураа Янжмаа эгчид “Хавчиг хавийн ногоо сонин байсан юмсан, ойрдоо хатах шинжтэй” гэж томчуудын үгийг зээлдэн хээв нэг ярина.
Ахын Түмэннасан, Агаагийн Атарбаян, Нааяагийн Отгон, Цагааны Мөнхөө гээд үеийн хүүхдүүд бүгдээрээ хурдан морь унана. Би л ганцаараа ийм эрхгүй. Цүнцгэр хүрэн мориныхоо амыг татан, атаархан харсаар хоцорно. Дөрөвдүгээр анги төгссөн жил хүрэн морьтойгоо наадмын талбайгаар энэ тэрийг шохоорхон, сэлгүүцэж байтал адуучин Шар хэмээх Дашбалжир ах намайг дуудлаа. Хурдны морь хөтөлчихсөн, нилээн тэвдсэн байртай харагдана. Намайг Алтангэрэлийн хүү гэж таньж байгаа шинж огт үгүй.
-Хурдан морь унаж чаддаг уу? гэж асууж байна.
-Чадна... гэж зориг муутай хэлээд тавьчихлаа. Намайг хөлдөж мордуулах гэхээр нь өөрөө ганцхан үсрээд л тээгээд мордчихлоо. Адуучны эргэлзсэн харц нь өөрчлөгдөөд, тоосон шинжтэй болчихлоо. Миний ганц гарамгай зүйл ямар ч өндөр моринд тээж мордох. Төвийн хүүхэд болохоор биеийн тамирт эвсэлтэй, савлуурт овоо хэд суниадаг, үсрэлт сайтай учраас тэр. Хурдан морь зайдлаад хөдөлдгийн даваан дээр “Хүүе!” гэх Цэднээ ахын дуу ард гарлаа.
-Наадах чинь аймгийн хүүхэд! Яаж чаддаг юм..! гэхэд, морины хүүхэд олдохгүй сандарч явсан адуучин Шар,
-Өөрөө чадна л гэсэн шүү дээ! гээд морио унуулчих санаатай зүтгээд байсныг эргэн санахад инээдтэй. Авгатай тааралдаагүй юм гэхэд би гараан дээр сугарч үлдээд, хурдан хээр мориор нь биш эмнэлгийн бор тэргээр давхиж ирэх байсан нь мэдээж. Ингэж л би Дашбалжир ахын хурдан мориор тоглох шахсан удаатай.  
Сумын төвийн айлд морьтой бууж, догь хүн болсноо харуулах гэсэндээ, хурдны морьдоо хэлхэж хөтөлсөн нутгийн хөглөгөр хөх ах нартай дөрөө харшуулан хатируулах гэсэндээ, хурсан олны хамрын самсаа шархируулан барианд орох хөрслөг бор хөвгүүдийг биширч, өөрийгөө тийм болсноор төсөөлөн мөрөөдөх гэсэндээ би өвөг дээдсийн нутаг руу тэгтлээ зүтгэдэг байсан болов уу.

Амттай яриа
Авга ахынд зочин ирэхгүй өдөр гэж үгүй. Адуугаа Цахирын араас оллоо, ангид ноосоо тушаачихлаа гэлцээд, Хамтын хүчийнхэн бууж мордоно. Алтангадас, Хүйсийн говиос ч хүн ирнэ. Бэргэн эгч Баасанжав будаатай цайгаа аягалж, шимийн архиа сөгнөж, зочдоо дайлна. Аймгийн хүүхэд миний хувьд ирсэн хүн болгон нэгэн шинэ ном гэсэн үг. Буурал Жүүжээ, Гүнсэн Бамба, Дампил Ааниа, Юндэн Гөөгөө, Цээсүрэн Манжаа, Түвдэнням Өмбөө гэх нэрнүүд нь содон агаад сонсголонтой.   
Цагаан Жаажаа улаан тамхиа сонингийн цаасанд төө илүү урт ороон татаж суух нь гойд сонин төрх болон нүдэнд тусна. Урт тамхит Жаажаа, “Уржигдрын бороо Улаан тээгт овоо сайн цохьсон. Гурван хуруу чийгтэй болсон” гэж ярингаа урт тамхиа улалзуулан сорно. Ус чийгийг хуруу гээд байдаг нь ямар учиртай юм бол оо? гэж хорооны би гайхна. Бодоод учрыг нь олохгүй. Тэсгэлгүй Түмэннасангаас асууж, шоолуулж байж мэдэж авна.
Чантуу ах жижигхэн нүдээ улам онийлгон инээж, хүн явуулахдаа гаргууд. “Идэр хорьд гаргаад хонио хайчилдаг юм билүү дээ, яадаг юм билээ дээ? гээд л сууж байна” хэмээх нь яг л Идэр Ааниа. Цэднээ ах мөчөөгөө өгөхгүй. Өмнөөс нь Дампил Ааниагийн хоолой төрхийг элэглэн үзүүлж, Ганганы худгийн сониныг хуучилна. Дуугарах, нүд амаа хөдөлгөх нь аргагүй адилхан. Нацаг Нааяа бас л хамраараа дуугаран, хүн дуурайж ярихдаа гаргууд. “Эдний аав нь ногоон мотоциклоо унаад л. Намын давааны тарвага гүй мөн сайхан болжээ гээд ороод ирэх болж байгаа даа” гэж аавын минь дуу хоолойгоор ярина. Гэрээ саначихсан би аавыгаа нээрээ ирчих ч юм болов уу гэж горьдоно.
Нутгийн зоны амар амгалан, өөдрөг сайхан хууч яриа нь сэтгэлийг ер бусын соньхон мэдрэмжээр хөглөж, монгол амьдралын эгэлгүй содон хэмнэлийг бяцхан тархинд минь нэвчээдэг байж дээ. Ирсэн явсан хүмүүсийн яриаг сонсоод л, хонон өнжин суумаар санагддаг байж. Зуны амралтаа эхлэнгүүт ээжийн өгсөн ууттай чихрийг, эртүүд ахынхаас сүүтэй ирсэн саванд хийж таглаад, Баян-Уул явах замын унаанд сууна гэж зүтгэдэг байсны бас нэгэн учир энэ юм уу.

Номхон морь
Баян Ааргийнхаа бор толгодын дундуур цогиулж явах гэдэг миний хувьд тэнгэрийн мэдрэмж. Үргэж бусгаад байхгүй номхон, хүүхдэд ноолуулаад сурчихсан цүдгэр хээр морьд л надад оногдоно. Тэглээ гээд голохгүй дөрөөн дээрээ бөгтийн босч, байдаг чадлаараа ороолгон, салхи шуугитал цогиулна. Ингэж явахдаа Эрийн сайн Хан Харангуй баатар болоод, үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр дүүлэн нисч яваа юм шиг баярлаж бахдана.
Аавын нагац Нямаа ахынх айл саахалт бол сайхан. Адуунд нь аавын цагаан морь явдаг болохоор тэднийх рүү гүйж очоод, Нямаа ах, Анжаа хоёрт,
-Цагаан морио унамаар байна! гэж зориг гарган хэлнэ.
-Айхтар ам хатуутай. Чамайг аваад нисчихнэ! гээд Чулуунбаатар ах халгаахгүй. Номхон зээрд морио надад ноолуулна. Цагаан морь ялаархан тургилж, хөлөө цавчлаад л тэнгэрийн хүлэг шиг харагддаг байж. Хоёр жилийн дараа унаанд арай дөнгүүр болсны шан хүртэж, цагаан морио унадаг болж билээ. Цэднээ ах намайг очихоор Цагаан мэнгэт, Ойдовын хээр гэх аль номхон морьдоо барина.
-Энэ золиг морин дээр байдгаараа бөхийчих юм. Унаа унаж сурахгүй ээ! гээд толгой сэгсэрнэ. Юндэн Ажаагаас авсан гэдэг хонь шиг номхон хүрэн морь бас миний унаа болсон. Тэгнээд явж байсан шуудай аргал ойчиход үргэх ч үгүй. Уруу газар хамаагүй давхиад, хүзүү рүү нь эмээлтэйгээ ойчиход эргэж хараад, намайг хүлээх мэт зогсож л байна. Харин тав зургадугаар ангид ороод, чөдөртэй морь дөхүүлээд ирэх дайны болоход минь Шархүүгийн хээр, Бор үрээ гээд хөнгөн хөлтэй, амаа булаан ухасхийсэн сүрхий морьдыг “жолоодох эрх” өгсөн юмдаг.
Ярдаг хашин аашгүй, эзнээ хаа ч явгалахгүй, сэтгэл сайтай хүн шиг түшигтэй номхон морьд нь намайг татсан учраас л гэрээ саначихсан хэрнээ Баян-Уулдаа хоргоддог байсан юм болов уу даа.      
   
Урсгал сөрсөн ухаан
Сэтгүүлч хүн болохоор олон аймгаар явж, мянгат малчин олон айлд зочилж үзжээ. Бүгдээрээ л үйтэн хуараар өөрийгөө өвч хулдсан, эрээн цоохор хүмүүс байх. Гэр нь ч бас нүд эрээлжлэм цоохор. Мянгат малчдын жишиг болсон моодны урсгал гэлтэй. Харин Баян-Уул сумын Баянхайрхан багийн мянгат малчин Цэднээ ах минь тэр моодны урсгалыг дагадаггүй сөрдөг хүн. Өмссөн дээл нь хар хүрэн, улаан хүрэн дагнасан өнгөтэй. Өргөө гэр нь бас эгэл даруухан. Эдийг шинжихдээ гоё сайхныг нь биш, эдэлгээ даах бөхийг нь харна.  
“Хувцсыг гоёх гэж биш жавар сөрөх гэж өмсдөг. Гэрийг хүний нүд хужирлах гэж биш тухтай аж төрөх гэж барьдаг” гэж авга ах минь хэлдэг. Нэг өвөл говийн аймагт болох уулзалтад буудаггүй булга, түрэг нэхий хүрмээр гангарч гараад, энэ үгийн үнэ цэнийг голдоо ортол ойлгож билээ. Хурд хүчний гайхамшиг гэгддэг албаны жийп цасанд сууж унтраад, осгохын даваан дээр айлын бараа харсан. Говийн малчныд авга ахынх шиг даруухан орос даавуу гадартай сэгсүүргэн дээлэнд хулдуулаад, чичирч суухдаа авгын үгийг чихээрээ биш яс махаараа сонссон.       
Цэднээ ахын адууны зүс хүртэл даруухан. Хээр голдуу. Зүсний сайханд хууртаж цоохор, алаг, халиун морьд цуглуулдгийг таашаахгүй. “Хоёр хоногийн унаар даах хүчгүй, хорь дотор давхих хурдгүй согоо шиг гоё амьтнаар юугаа хийхэв” гэж ёжтой хэлнэ. Гоё мориор гангардаг моодны урсгалыг бас л сөрж байгаа нь тэр.
Нэгдэл малчиддаа унааны морь олгоход авга ах хэдэн зуун адууны дундаас гоё морь шилэхийн оронд шар үсээ ч хаяж чадаагүй, хазгай сүүлтэй, номхон үрээ сонгосон. “Нэгдлийн түмэн адуунаас очиж очиж ийм ч юм олж харах гэж!” хэмээн зарим нэг нь шоолж байлаа. Тэгтэл өнөөх шар үстэй үрээ нь сумандаа хоёр жил дараалан түрүүлж, Цэднээгийн Хондон гэх зартай хүлэг болсон.
Цэднээ ах минь ийм л хүн. Аливааг бусдаас өөр нүдээр хардаг, амьдралд өөр ухаанаар ханддаг эгэл малчин. Авга ахын минь урсгал сөрсөн ухаан, алдрай жаалхан намайг Баян Богдын өврийн хадархаг бор толгод руу тэгтлээ соронздон татдаг байсан юм болов уу.

Татах хүч
Зуны амралт эхлэнгүүт л зүрх хөөрч тогтож ядан, авч нисдэг морь шиг л аавынхаа нутаг руу тэмүүлнэ. Очихоороо бэтгэртлээ гэрээ санадаг хэрнээ л авгынх руу явах гэж учиргүй дурлана. “Хэд хоногоос Даваасүрэн ах чинь Баян-Уул явна. Тэгэхээр нь шууд Цэднээ ахындаа хүргүүл” гэж аав гуйгаад нэмэргүй, замын тэргэнд суугаад алга болно. Авга ахын хүүхдүүд “Амар ирлээ” гэж баярлаад л, хөгшин ээж минь “Иш хөөлхий дөө” гэж үнсээд угтдагсан.    
Дамдинбазар ахынхаас хонь туух гээд, үеэл Түмэннасантай хамт Жүүжээгийн танк зээрд, хүрэн морь хоёрыг унан Баян Богдоо давж үзсэн минь санаанаас гардаггүй. Өгсөх тусам Шарга, Хүйсийн говь далай шиг цэлэлзэн зэрэглээтээд, Сутай Хайрхан нүүрэн дээр юм шиг ойрхон цэнхэртсэн. Явсаар оройд гарахад таван аймаг, тавин сумын нутаг алган дээр тавьсан мэт тодрон харагдах нь гайхамшиг байсан. Хараа тэлж ухаан уужрах шиг л болж билээ. Нутгийн Хайрханы оройд төрсөн тэр тэнгэрлиг мэдрэмж насан туршид намайг хөтөлсөн.
Ухаан ороогүй хэрнээ “Цэцэрлэгт явахгүй. Цэднээ ахындаа очно!” гэж цамнаж, өвөг дээдсийн нутаг руу татагддаг байсныхаа учрыг би тайлсан. Баян Богд Хайрхан минь намайг хардаг, Баян Ааргийн хүрэн хөх чулууд нь сэтгэл соронзоддог, бахим хүчирхэг хөлтэй номхон хүрэн морь тархинд үүрсдэг болохоор би Баян-Уулдаа тэмүүлдэг байж. Онигор бор нүднээс нь ухаан уугисан хөх өвгөд минь хүүгээ хүлээдэг учраас тэгтлээ догдлон яардаг байж.

Зургийн тайлбар: Авга ах Ц.Цэднээ, түүний гэргий Б.Баасанжав

А.АМАРСАЙХАН

Улаанбаатар 2014

Monday, July 7, 2014

НААДАМ ЭСВЭЛ НАНДИН БАРАА

/"Арван дөрөвтэй том хүн" номоос/
Тэр үед улсын баяраар ажилчид арван тав хоног амардаг байлаа. Бүхэл бүтэн арван тав хоног шүү дээ! Долоон сарын нэгэнд бүх үйлдвэрийн суурь машинуудыг зогсоож, тог цахилгааныг нь салгаад, жижүүр харуулуудад хүлээлгэж өгнө. Комбинатын Хэрэгцээний хэлтэс гэж ажилладаг, тэдний дарга нярав нар,
-Гутлын үйлдвэр олон хүнтэй. Хоёр үхэр өгье! гэх зэргээр хүнс хуваарилна. Зарим жил хоёр бод, зарим жил арван хэдэн бог гэх зэргээр наадмын хүнс оногдоно. Хамт олноороо Туулын эрэг рүү очоод, майхан барьцгааж, үхрээ унагааж аваад, хорхог, хуушуур хийцгээнэ. Айргийг хувин саваар биш хөхүүр хөхүүрээр нь сөгнөнө. Доржсүрэн хүүхэд болохоор голын усанд шумбаж, гол өгсөж уруудан тоглоод алга болчихно.
-Хоол гарлаа шүү! гэх дуу сонсогдохоор хүрч ирж жаахан юм шоглочихоод, айраг ууж аваад буцаад гүйчихнэ. Томчууд хөзөр даалуу тоглож, дуртай ганц хоёр нь нанчидаа хүртэцгээж, дуу шуу болцгооно. Туулын хөндийгөөр уртын дуу шуранхайлж, тасаг хэсгүүдийн найр хавтгайрна. Айргаа ууж, хуруудаж, дэмбээднэ. Ийнхүү зугаалга хийж, хонож өнжин найрлаж байтал наадам эхэлнэ. Тэр үеийн баяр наадам бүтэн долоо хоног үргэлжилдэг байлаа.
Наадмын талбайд үйлдвэр бүр гэр барьчихна. Үйлдвэр комбинатын гэрүүд урт эгнээ болж харагдана. Гутлын үйлдвэрийнх гээд хоёр том гэр байх. Дарга цэрэг гэж зэнзийлэхгүй, гэрээрээ орж гарч, айраг ууж, хуушуур эргүүлэн наадамдана. Ажилчид наадамдах гэхээсээ илүү дэлгүүрүүдийн үүд сахин урт дараалалд зогсоцгооно. Наадмын үеэр дэлгүүрүүд хав дарж байсан ховор живэр бараагаа зарж хөдөлмөрчин ард түмнийг “баярлуулдаг” учраас энэ. Хонон өнжин дараалалд зогсохдоо хэн ч уурлахгүй нь гайхмаар. Харин ч эсрэгээрээ нарийн нандин бараа ирлээ гэж баярлана. Үүрийн таван жингээр дэлгүүрийн гадаа очиж, очер авсан хүн ховор бараа олж авна. Хүмүүс шивэр авирхийлцэн,
-Дэнжийн дэлгүүрт дээлийн торго ирсэн гэсэн. Шар дэлгүүрт орны орос аравч зарах юм гэнэ лээ! гэх зэргээр чухал мэдээгээ сэтгэл харамгүй хуваалцана.          
-Долоо хоног үзсэн харсан ч юм байхгүй дэлгүүрт очерлоод таарлаа даа, гээд айлын эзэгтэй нар сэтгэл хангалуун инээлдэнэ. Ор, толь гээд хэрэгтэй юмаа олж авсан болохоор баяртай байхаас ч яахав. Цагаан төмөр ор, түмпэн савны төлөө хүртэл очерлож, алалцах шахдаг байсан цаг. Халуун наранд хөлсөө гоожуулан зогсож, шахцалдаж түлхэлцсээр байж, авсан цагаан төмөр ороо тостой нь үүрээд маадгар алхсаар айлын эзэгтэй гэртээ ирнэ. Боодлыг нь хуулж, тосыг нь арчиж тулсныхаа дараа гэрийнхэн лүүгээ нүүр дүүрэн хардаг байж.
Доржсүрэнгийн гэрт ажил үүргийн хуваарь арай өөр. Өрх гэрийн санхүүч Гомбо ах ийш тийш сураг ажиг тавьж, очер дугаарт зогсож ховор живэр юмнуудыг хамж ирнэ. Доржсүрэн хүүхэд болохоор нандин барааны төлөө гүйхгүй, тэр ч бүү хэл наадмыг ч тэгтлээ сонирхохгүй. Гомбо ахынхаа өгсөн хэдэн төгрөгөөр сугалаа сугална, чихэр авч иднэ. Ах нь нэг удаагийн наадмаар л их өгөөмөр загнаж, хүүд зуун төгрөг өгсөн түүхтэй. Тэр наадмын өмнө Доржсүрэн мянга гаран төгрөгийн өндөр цалин авсан учраас тэгж шагнасан хэрэг. Түүнээс биш наадмын халаасны мөнгө гээд хорь гуч, сайндаа тавийг л өгдөг байж.
“Тарвагант” гээд хайрцган дээрээ тарваганы зурагтай орос тамхи тэр үед худалдаанд ирдэг байлаа. Дотроо арван ширхэгтэй, янжуур маягийн эд. Хайрцаг нь арван мөнгөний үнэтэй. Саваагүйтээд тэр тамхинаас авч, наадмын талбайгаас холдож, Туулын бургас руу ирж нууцаар татна. Ингэж зүггүйтсээр нэг л мэдэхэд тамхинд орж, байнга баагиулдаг болчихсон гэдэг. Гэрийнхээ завган доогуур хайрцагтай тамхиа нуух бөгөөд, гарахдаа сэм сугалж өвөртлөнө.
Тэр үеийн Улаанбаатарт бүх үйлчилгээг хятадууд явуулж байлаа. Эрээн цоохор хээ хуартай морин тэрэгтэй хятадууд таксиний үйлчилгээг орлоно. Хятад гуанзны хуйцаа шиг амттан ховор. Төмс хүнсний ногоо, нарийн боов бүгдийг хятадууд залгуулна. Хамгийн уран мужаан, нимгэн төмрийн чадвартай дархан бас л хятад. Шинэ цагийн гангачуудын гоё хувцсыг хятад сайвангууд л оёно.
Таван гудамж гээд одоогийн Тэнгис кинотеатрын орчимд нилдээ хятадууд сууна. Хөнгөн амьдрал хайсан монгол хүүхнүүд гүйлдэж очоод хятадуудтай суучихсан байх агаад ажил хийхгүй, аль үнэтэй хувцас гоёлыг өмсөж эдлэн сууцгаах нь дэндүү жаргалтай. Мөрийтэй тоглоом тэрхүү Таван гудамжинд л явагдаж, сэргийлэх цагдаагийнхан тэндээс л тоглоомчдыг барьж авна. “Буу, күйдэн гэгч сүрхий тоглоом тоглож байсан хэдэн хүнийг барьсан гэнэ” гэх зэргийн сүртэй цуу яриа амнаас ам дамждаг байлаа. 

Wednesday, May 12, 2010

ХӨШӨӨ ЭЭЖ

Хүмүүн цадиг цувралаас
/хөрөг/
Хөшөө ээж гэхийг анх сонсоод мэл гайхдаг байж билээ. Авга ахын хүүхдүүд бүгдээрээ хөгшин ээжийг тэгж дуудна. Би чихэндээ итгэхгүй дахин лавлан чагнана. Яахын аргагүй хөшөө ээж л гээд байна.
Хөгшин ээж урд хойд хормой нь элэгдэн сэмэрч, түмэн өнгийн нөхөөс тавьсан хүрэн даалимбан тэрлэгнээс салахгүй. Монгол бахиал хэмээн хөдөөгийнхөн нэрлэдэг арзгар ултай цэрэг хар гутлыг, тэр-рр тар-рр хийлгэн чирч, эв хавгүй алхана. Энд тэндээ нугалаа гарч, түрий нь эргэсэн тэр гутал нь онгож гандаад, хог дээр хаясан гутлаас ялгаагүй харагдана. Үхрийн баас, айраг цагаа наалдан хатсан түүнийгээ хөгшин ээж хэзээ ч арчиж тосолж үзээгүй. Арчаад тослоод өгье гэвэл “Бүл гэм” хэмээн үнэн голоосоо уурлаж, шувт татан авдаг. “Боль гэм” гэхийг тийнхүү яагаад ч юм “бүл гэм” гэж хэлнэ.


Намайг дөрөвдүгээр анги төгссөн жил авга ахынх Илийн Хүнхэрт зусахаар буулаа. Таван бээрийн цаана сумын төвийн ёотон цагаан, цэнхэр, ягаан барилгууд тоглоомын юм шиг жижгэрч, өнгө сүлэлдэн харагдах энэ зуслангаас айлууд сүүгээ зөөж тушаадаг байсан юм. Шинэ нутагт буугаад хоёр гурав хоноод байтал хөгшин ээж саахалтынх руу айлчин хийх боллоо. Бэргэн шинээр оёсон торгон дээл, цоо шинэ цагаан ултай савхин гутлыг хөгшин ээжид өмсүүлэх гээд ядчихлаа. Гуйж үзлээ, загнаж зандарч үзлээ. Цаадах нь буруу ишилсэн сүх мэт зөрүүдэлж, өөрийн дээлээ нэхнэ. Авга ах хөмсгөө зангидсан сууна. Бэргэний тэвчээр барагдаж,
-Муу ёр байгаа даа, гээд нулимсаа арчлаа. Гомдохоос ч биш яахав дээ. Далан хэдтэй хөгшин буурай хадам ээждээ олигтой хувцас өмсүүлдэггүй гэж нутаг усныхан хэнийг муу хэлэх вэ, мэдээж бэргэнийг л муулж таарна шүү дээ. Авга ах харин,
-Өөрөө мэдэг ээ. Тэр бахиал даалимбан тэрлэгийг нь гаргаад өг гээд цайгаа оочиллоо. Авга ахын том охин Гангаа баруун талын улаан авдраа дахин уудалж, шинэвтэр улаан даалимбан тэрлэг, ганц хоёр л өмссөнөөс хэтрээгүй бололтой тас хар бахиал гутлыг гаргаж ирэхэд хөгшийн ээжийн санаа амарч, өнөөхийг өмсөөд, тэр-рр тар-рр хийтэл алхсаар айл руу явсан даа, хөөрхий.
Тэр өдрийн маргаан үүгээр дууссангүй. Тамтаг болтлоо элэгдсэн дээл, хаях цаг нь хэдийнэ болсон бахиал гутлыг яаж ээждээ өмсүүлээд байх вэ илүү гэрт оруулж, бараан доогуур нуулаа. Саахалт Нацаг Нааяагийнд гийчин хийгээд буцаж ирсэн хөгшин ээж, хүүхдүүдэд чихрийн хувь тараагаад их л урамтай байна.
-Одоо наад шинэ дээл гутлаа өмс. Хуучин чинь хаяхаас өөр аргагүй болсон гэж учирлалаа. Авга ч хэдэн удаа хэллээ, бэргэн ч зөөлөн дуугарч эвтэйхэн гуйлаа. Гэвч хөгшин ээж тэс зөрүүдэлсээр. Сүүлдээ енгэнэтэл уйлж эхлэхэд нь миний сэтгэл хиртхийж, дотор харанхуйлж билээ.
-Аль гэм, тэр дээл гутлыг минь! Та нар яахаараа хүний үгэнд ордоггүй юм? Миний үгийг сонсдог хүн гэж байна уу? гээд л уйлсаар байлаа.
Яаж хэлээд ч ойлгохгүй өөрийнхөөрөө зүтгэх далан зургаатай ээждээ бэргэн бууж өгөхөөс өөр арга байсангүй. Орой болоход хөгшин ээж өнөөх л нөхөөс болсон тэрлэгний тамтаг, гандсан гутлын оронцогтойгоо тугал зэллэж зогссон юм. Тугал гэхээс авгын хэдэн тугал биднийг харахаараа ороолж чавхдаад, яагаад ч ойртуулахгүй. Харин хөгшин ээж,
-Өөв, өөв, хэмээн зөөлөн дуугарч, наанаас нь гутлаа чирэн алгуур ойртоход бараг л хүзүүгээ өгөх нь холгүй хөдөлгөөнгүй зогсож байгаад баригдаж, зэлнээ чагтлуулна.
Үүрээр төмөр хувин хүрд хүрдхийтэл дуугаран үнээ сааж эхлэх чимээ зэлнээс сонсогдоно. “Татаарай... Тавиарай!” гэж бэргэн хааяа чанга хэлнэ. Хөгшин ээж гутлаа тэр-рр тар-рр хийтэл чирэн, тугалаа татаж зогсдогсон. Үнээ саасны дараа зэлээ цэвэрлэж, үхрийн нойтон баас зөөж хатаана. Тэгээд хам хум унд уув уу, үгүй юу араг үүрч савар бариад, хэдэн тугалаа тавьж туугаад гарч одно. Араг дүүрэн аргал түүгээд тэр-рр тар-рр хийтэл алхсаар ирдэгсэн.
-Та бие амар сууж байгаач. Хүүхдүүд зэл цэвэрлээд, аргалаа түүчихнэ гэж бэргэн яаж хэлээд ч үгэнд орохгүй. Сурсан ажлаа хийсээр.
Долоо төгссөн жил хөгшин ээжийн тэнхээ муудсан юм байлгүй ус үүрч, аргал буулгахдаа биднээр туслуулдаг болсон юмдаг. Боль гээд байхад зөрүүдэлсээр хоёр арвын сав үүрэн худаг руу ирнэ. Ангидаа овоо чадалтайд тооцогддог би, авгын нэг ах хүү Түмэннасантай дамжилдан чүү чаамай өргөж өнөөх хоёр сав усыг нь үүрүүлнэ. Харин хөгшин ээж тэр хүнд усандаа түүртсэн шинжгүй, аанай л тэр-рр тар-рр хийтэл гутлаа чирэн алхсаар худгийн хойд дэнжээр давж оддогсон.
-Молцийхоор хоёр дөчит ус ганзагалаад ирсээн. Та боль гэж авга өдөр болгон гуйна. Хөгшин ээж тэс зөрүүдлэнэ.
Юмны учир ойлгох болсон гэж намайг тоож, бэргэн хууч хөөрнө. Хөгшин ээж зуухны баруун талд байх, өөрийн өмчний хуучин яйжиг сандалдаа суугаад, эмтэрхий шаазан аягандаа өрөмтэй дэвтээсэн боов идэж сууна. Чих хатуу тул бид хоёр юуны тухай яриад байгааг сонсохгүй, “Хөөлхий дөө, энэ мөн том болж байна шүү” хэмээн над руу харж нуухтсан нүдээрээ инээнэ.
-Хөгшин ээжид чинь ядахдаа аягыг нь солиод өгчихье гэхээр заавал аль эмтэрхий муу аяганд ууна гэж зүтгэх юм. Хадам эхээ ад үздэг гэж намайг амьтан муу хэлж байгаа даа гээд бэргэн санаа алдана.
-Чамайг ирэхийн өмнөхөн зузаан эсгий сонгоод, шинэ гудас өнгөлөөд өгсөн чинь хуучин навтсаа нэхсээр байгаад буцааж дэвсүүлсэн гэж эмэг эхийг минь надад ховлоно. Ингэж зөрүүдлээд байгаа хүнийг ачид нь ховлохгүй гээд ч яахав дээ. Хир даг болсон хуучин гудсаа дэвсээд, тэрлэгээ хошуулдан нөмрөөд унтахаар хэвтэж байдгийг нь би нүдэндээ дүрслэн бодоод санаа алдаж билээ. Маргааш нь хөгшин ээжтэй хоёулахнаа үлдээд, ярих гэж оролдсон минь санаанаас ер гардаггүй.
-Хөгшин ээж ээ!
-Өөв, хүү минь.
-Та шинэ дээл гутлаа өмсөж бай л даа. Амьтан хүн Цэднээ ахыг, бас бэргэнийг муу хэлнэ шүү дээ!
Хөгшин ээж минь сонсож байгаа шинжгүй амаа ангайж байна. Нэлээд удаан өмнөөс харж байснаа,
-Аан? гээд нуухтсан нүдээрээ инээлээ. Би дахин байдаг чадлаараа чихэнд нь өнөөх үгээ хашгирлаа. Хөгшин ээж минь энэ үгний учрыг яагаад ч ухаж ойлгохгүй байгаа шинжтэй над руу харж, нүдээрээ инээснээ,
-Хөөлхий дөө! гэж билээ.
Дээд сургуульд орсны хоёр дахь зунаа би хамгийн сүүлчийн удаа хөгшин ээжийг харсан. Хоёр жилийн цэргийн албанаас халагдсан үеэл ах Түмэннасантай би шуудангийн тэргээр цуг буулаа. Хөгшин ээж Түмэннасанг тэвэрч аваад асгартал уйллаа. Удаан гэгч уйлахад нь гэрт байсан хүмүүс бүгд чимээгүй болж, өрөвдөн харж байсан. Хайртай ач нь цэрэгт яваад алга болчихсон хоёр жил түүнд магадгүй хорин жил шиг удаан өнгөрөө биз дээ. Хөөрхий минь тэнхээ нь муудаад, өглөө тугал татахаас эхэлдэг өнөөх ажлуудаа хүчрэхээ байснаа яриад, аяганд дэвтээсэн нойтон боовоо хүлхээд сууж байж билээ. Тэр жилээс хойш би дадлага, энэ тэр гээд авгынд очилгүй тав зургаан жил болсон. Аав ээж хоёрыг яваад очихоор хөгшин ээж минь нуухтай нүдээрээ инээдэг.
-Хүү цэрэгт явсан уу?
-Тийм ээ.
-Ирэх болоогүй юу?
-Болоогүй ээ гэх яриа болдог байсан гэдэг. Сургуульд сурдаг, зуны амралтаараа очих боломжтой ч хот хүрээ хэсээд алга болчихдог хүүгээ ингэж л хэлэхгүй бол золгосонгүй гэж гомдох байсан учраас л тэр байх. Намайг Оросод явж байхад хөгшин ээж минь бурхан болж билээ. Дөрөв таван жил болоход зав гаргаад, очоод золгочих минь яав даа гэж би одоо харуусдаг.
Хүрээлэн буй хүн зон өөрийнх тухай юу бодож, юу ярьж байгааг хөөрхий хөгшин ээж минь яаж ойлгохов дээ. Түүний үед хатан хүн л торгон дээл, савхин гутал өмсдөг байсан. Их үнэтэй чамин зүйлийг эдэлж хэрэглэвэл хүүгийнхээ хайран мөнгийг үрэн таран хийчихнэ гэж айгаа биз. Чухам ийм л учраас зөрүүдэлж, тэмээний утас тэвнэнд сүвлээд, тамтаг болсон дээлэн дээрээ тэс өөр өнгийн даавууны өөдсөөр нөхөөс тавьж, навтас болсон гудсан дээр хажуулж, эмтэрхий аяганд хусам долоодог байсан. Ямар сайндаа л гэрээр дүүрэн гийчид ирээд байхад айлын хүүхдийн шээсэн дээрээ унагасан тал боорцгийг авч үмхэж бэрийнхээ нүүрийг түлж байхав дээ, хөөрхий.
Үхтэл үр харам гэдэг. Хөгшин ээж минь үхэн үхтлээ үрийнхээ ариун цагаан хөдөлмөрийн шимийг өөрөөсөө харамласан. Энэ хүний өгөөмөр сэтгэл мулгуу ач миний оюун бодолд асар том гэрэлт хөшөө болон үлдэж дээ. Хөгшин ээж гэх үгийг авгын хүүхдүүд түргэн хэлээд байгаа нь “Хөшөө ээж” гэж сонсогдож байгааг би сүүлд мэдсэн. Хөгшин ээж минь бурханы орондоо хөшөө мэт амгалан залраад, нуухтай нүдээрээ инээж л суугаа даа.


Monday, May 11, 2009

ШУГАМ

"Хүмүүн цадиг" хэмээх нэртэй
цувралыг ийнхүү эхлүүлж байна.
Үүндээ өөрийн мэдэх эгэл болоод эгэл
биш хүмүүсийн тухай өгүүлэх юм.


“Солиотой амьтан”
Сургуульд “солиотой амьтан” буй болсон тухай шуугицгаав. Хэд хоноход долоо, найм, есдүгээр ангиуд туушдаа түгшүүрт автсан байлаа. Шугам зургийн хичээлд тахир гурав авбал дээдийн заяа боллоо хэмээн гутарцгаана. Шинэ багш, галзуу солиотой нөхөр ангийн гучин найман сурагчид хавтгайд нь “0” дүн тавьсан тухай хүүхдүүд нүдээ орой дээрээ гарган ярилцана. Зэргэлдээ болоод дээд ангиас хамгийн гоё зурдаг гэгддэг хэдхэн хүүхэд л “3” дүн авсан нь дээд үнэлгээ боллоо гэлцэв.
Манай ангид шугам зураг орох өдөр ойртсоор. Би өмнөх багшийн өгсөн даалгаврыг аль хэдийнэ хийчихсэн байсан ч ахиж шинээр зурахаар шийдлээ. Байдгаараа хичээж бүтэн гурван цаг суусан санагдана. Хатуу дүнтэй, шинэ багштай тулахаар биеэ хөвчилж, бэлтгэлээ базааж буй нь тэр.
Залуу зохион бүтээгчдийн дугуйланд явж, долдугаар ангийн хүүд ахадсан нарийн шугам зураг дээр ажиллаж байдаг болохоор энэ хичээлийг мэднэ гэдэгтээ зуу биш сая хувь итгэлтэй байлаа. Тэрхүү солиотод миний өөдөөс хэлэх үг олдохгүй гэж бодогдох боловч битүүхэндээ айдас гэхэд биш, нэг л хачин мэдрэмж төрнө.
Гурав хасах
Баасан гариг болж, шугам зургийн багш анги руу орж ирлээ. Үл ялиг долгиотсон халимгаа нямбай самнасан, шар царайтай, бас ч үгүй бүргэд гэж хэлж болохоор хамартай эр дэрхийтэл боссон сурагчид руу ширүүн гэгч харж билээ. Одоо ч түүний харц нүдэнд харагдах шиг болдог. Нэвт цоргисон харцтай хоёр нүдэнд нь багагүй эрч хүч мэдрэгдэж байж дээ.
Нэрсийн дарааллаар хамгийн түрүүнд Алтанцэцэг гэх онц сурлагатан, сүрхий гялалзуур охин ажлаа үзүүллээ. Түүний зураг руу намын хорооны нэгдүгээр дарга л ингэж харж чадна даа гэмээр хямсгар ихэмсэг харц чулуудаад, ярвайснаа өнөөх алдар суут дүнгээ дугуйруулав. Хүүхдүүд жиг жуг гэлцээд явчихлаа. Алтанцэцэг тоосон шинжгүй жуумайн, шилнийхээ цаанаас инээмсэглэсээр суудал руугаа чиглэхэд, багш нэрийг минь дуудлаа.
Харин миний зургийг хармагцаа зогтуслаа шүү. Толгой өндийн над руу харж байна. Улаан балаа эрээчих мэт хий эргэлдүүлэх зуураа бодолхийлж байснаа “3-” гэсэн дүн тавьчихлаа. Хамгийн дуртай энэ хичээлд таваас өөр дүн авч үзээгүй хүнд энэнээс илүү доромжлол гэж юу байх вэ? Би дэлбэрэхэд бэлэн болоод түүн рүү эгцэлж хараад зогсчихсон байв.
-Хэмжээний сумны урт хэдэн миллиметр байх ёстой билээ? Чинийх урт биш үү? Бас зарим үсэг чинь стандартын бус байна гэж тэр хэллээ. Суухаар эргэхэд нүднээс нулимс цийлэгнээд, цээжин дотор минь хүчил хүнцэл гээд орчлонгийн бүх хорт бодисыг холин буцалгаж буй мэт хор шар бургилж билээ.
“Хүйтэн дайн”
Энэ бол 1983 он байлаа. Дэлхий дахинд “хүйтэн дайн” гэгч өрнөж, Рейган, Андропов хоёр ид үзэлцэж байсан үе. Д.Цэдэн-Иш хэмээх тэр шинэ багш бид хоёрын хооронд ч хүйтэн дайн дэгдлээ. Андроповыг хөнөөхийн тулд Рейган цөмийн пуужин базааж байсан бол, Цэдэн-Иштэй дайтахын тулд би шугам зургийн номноос салахаа болилоо. Номоо үзэж суухдаа гэнэт хор шар дүрсхийгээд, шүдээ зууна.
Хэдэн зураг шалгуулсны эцэст дүн маань “5-” болж ахилаа. Хүүхдүүд онц дүн авчихлаа шүү дээ гэж бахархан дуу алдацгааж байхад би бас л өөлүүлэх алдаа хийсэндээ уйлчих шахсан амьтан суудалдаа дөхөж явсан юм.
Өөрийн ангийн төдийгүй зэргэлдээ ангийн ганц нэг онц сурлагатан шугам зургаа зуруулах гэж намайг тойлно. Арав хорин хүний зураг хийхээс өөр аргагүй болно. Зургуудыг шалаараа нэг тарааж цацчихаад тушьлэнэ. Зураасыг нь нэг нэгээр таталж, тойруулж шидлэн хатаасаар шөнө дунд хүргэнэ.
-Хүний хүүхдийн зураг зураад, хичээлээ хаялаа хэмээн аав ээж үглэнэ.
Удалгүй багш учиргүй хатуу дүнгээ зөөлрүүлж, наанатай цаанатай хандах болж, би өрөөлийн олон зурагтай ноцолдох ажлаасаа салж билээ. Мэдээж хэрэг багшийн ийм галзуу солиотой хатуу дүн захирал эрхлэгч нарт таалагдаагүйгээс зэмлэж, зандарч, дарамт шахалт үзүүлсэн байх гэж одоо бодогддог. Гэхдээ хүнийг бүрмөсөн хүмүүжүүлнэ гэж юу байхав, багшийн хатуу шаардлага хэвээр үлдсэнсэн.
Муруй зураас
Шугам харандаа зодолдуулсаар нэг жилийг үзэж, наймдугаар ангид дэвшлээ. Хатуу багшийн гарт орсных манай ангийнхан шугам зурагтаа эрс сайжирлаа. Би нэгэн хичээлд нэвт нүхтэй цилиндр хэлбэртэй эд анги зурснаа шалгуулав. Хажуугийн проекц дээр нэвт гарсан нүхний амсар муруйгаар дүрслэгдсэнийг багш улаан балаар эгц шугам болгон засчихлаа.
-Энэ яахаараа муруй болчихдог билээ? гэж сүртэй асууж байна. “Багш хүн эндүүрч болно гэж үү?” хэмээн би мэл гайхлаа. Бид хоёр маргаж эхлэв. Би зөвөө батлахаар шохой аван самбарт зурж эхэлтэл багшийн тэвчээр алдрах нь тэр!
-Балай юм уу, чи! Юу гэж муруй байх вэ! гэж тэр чарлалаа. Миний ч уур дүрсхийж,
-Үгүй муруй гарна! Та өөрөө балай юм уу? гэж шазуур заалаа.
Эрхлэгчийг дуудуулж, багшийг балайгаар дуудсан сурагчид арга хэмжээ авахуулах болов. Манай ангийн охидоос ганц нэг нь уйлж байна. Надад ч “Сургуулиас хөөчих болов уу...” гэсэн айдас төрөв.
Эрхлэгчийн албан тушаалыг хашдаг Г.Цэвэгсүрэн багшийг ирэхэд би шалдаа буугаад байлаа. Их нэр хүндтэй, энэ бурхан шиг хүний өмнөөс сургуулийн захирал ч үг хэлдэггүй байсан болов уу. Цэвэгсүрэн багш намайг өрөөндөө авч ороод, сурагч хүн багшийг хэрхэн хүндлэх ёстой болоод, их юм мэдчихсэн мэт санагдах нь бидний насны онцлог болох тухай удаан ярьж сэнхрүүлж билээ.
Хичээл тармагц яаран гэртээ ирээд, ном ухаж үзвэл яах аргагүй миний зөв байлаа. Сайн нягталж хараагүйгээс санамсаргүй гаргасан энэ алдаагаа багш ч бас мэдсэн байж таараа. Гэхдээ хэн нь ч дахиж энэ тухай ярилгүй чимээгүй өнгөрсөн дөө.
Хожмын эргэцүүлэл
Эхэндээ би багшийг буруугаа улаан цайм дараад өнгөрсөн жудаггүй хүн гэж бодох болсон. Гэвч түүний зөв байсныг амьдралын дэнс шүүн тунгаажээ. Багш хүнд өндөр шалгуур тавьж, хатуу хариуцлага тооцдог асан тэр цагт энэ санамсаргүй алдаа нь түүнийг ажлаас нь холдуулж мэдэх байсан. Тэгсэн юм гэхэд нэг сургуулийн бүхэл бүтэн хэдэн үеийнхэн шугам зургийн ер бусын сайн сургалтыг мэдэхгүй өнгөрсөн байхсан. Түүний хатуу шалгуурт зурах дөртэй болсон хүүхдүүдээс олон сайн инженер төрж гараад, зам, барилга, уул уурхай, үйлдвэр, их дээд сургууль, хаа сайгүй мэдлэгээ гайхуулж явна.
Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн инженерийн бэлтгэл тэнхимд манай сургуулиас 1986 онд таван хүн очсон. Тэгтэл тавуул таван өөр ангид шугам зургаар толгой цохиж, оюутны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд зургаа тавиулж байлаа. “Выполнил: ” гэсний ар дахь танил нэрүүдийг хараад сургуулиараа, бас багшаараа бахархах сэтгэгдэл төрж билээ. Тэнхимийн шугам зургийн багш хижээл эмэгтэй “Монголд шугам зургийг үнэхээр зааж чадах юм аа” гэж хэлж байсан.
Шугам зураг хэмээх агуу ухаанд үнэн голоосоо хайртай, инженерийн эриний бүх хүн шугам зургийг ягштал мэддэг байх ёстой гэсэн үзэлтэй нэгэн багш тийнхүү гэнэт гарч ирэхэд, захирал, багш, сурагч, эцэг эх, хэн ч ойлгохгүй байж дээ гэж одоо бодогддог. Бүгд түүнийг галзуу солиотой, хэнхэг хэнээтэй, ер бусын амьтан хэмээн адалж байж.
Гэвч цаг хугацаа хэмээгч асар хүчирхэг шалгуур түүний хэн байсныг хэдийнэ тодотгосон байх юм. Цэдэн-Иш хэмээх энэ ер бусын сайн багш бидний зургийн дэвтэрт ер бусын тод шугам үлдээжээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates