Wednesday, May 27, 2020

“УРТ ГАР”-ЫН АНД

(өгүүллэг)
Гар зөрүүлж танилцсан эрчүүд найзууд болцгоодог гэлцдэг. Харин нэгнийхээ хөрөнгө лүү гар уртасгаж учирсан эрчүүд яагаад ч найзлах үндэсгүй байлтай. Гэвч нэгэн сонин түүх тохиолдсон юм. Хоёрдугаар анги дүүргэсэн, дөнгөж хорь, хорин нэгтэй, онгирч дэрвэсэн хэдэн дэггүй оюутан Ольхонд дадлагад гараад байлаа. Энэ бол Эрхүүгээс зүүн хойш хоёр зуун арван мод зайд орших Байгал нуурын хойд эрэг дагуух үзэсгэлэнт нутаг. Эргэн тойрон Хужир, Бугуйлдэйх, Гол уст, Буяндай гээд дотно нэртэй буриад тосгод.  

Оюутнууд л юм хойно зугаалгад ирсэн мэт сэтгэл хөөрч, хаад шиг найрласаар эхний арван хэд хоногт л хамаг хүнсээ барчихаж. Зөвхөн гоймон үлдсэнээ хоосон усанд чанаж гурав хоног гол зогоосон биш “гой” гэнгүүт л огидог болов. Газрын зураг дээр багшийн оноосон чиглэл цэгүүдийг даган, үүргэвчиндээ чулууны дээж чихэж, өдөржин алхахаар сульдана. Шургаж унах шахсан байтлаа дадлагын баазын сарампай байшиндаа ходоод хонхолзон хэвтэнэ гэдэг там. Сунайсан хорь хоног үлдсэнийг яаж барна гэхээс зүрх үхнэ.   
- Юмаа гамна гэж хэд хэллээ? гэж ангийн хоёр охин үглэнэ. Та нартай дэмий л нийллээ, орос охидоо барааддаг байж хэмээн амаа барина. Долоон монгол оюутан гал болж, хүнсээ базаасан ухаантай нь энэ. Эрхүү мужийн Ольхон районы төв Еланци тосгон луу хэдэн километр алхвал дэлгүүрт бүх зүйл бий. Даанч “зуны тарчиг” үе болохоор халаасанд сохор улаан зоос ч байхгүй. Малчид хаврыг тарчиг гэдэг бол Оросод сурдаг оюутнууд тарваганы арьсны наймаа татарч мөнгөөр суудаг зуныг тийнхүү нэрлэдэг.
Өлсөж ядаж байхад Кино Мөнхөө ах орондоо оронгуут банштай цай, байцаатай хуурга мэт хоолыг өнгөтөөр ярьж шүлс ялгаруулж, хоосон ходоодыг улам хохилзуулж хорлоод байх нь лайтай. “Ээж хуушуураа тогоонд хийнгүүт шархийх чимээ гараад л, хуушуурууд халуун тосонд шажигнан шаргалтаад л...” гэхчлэн аман кино цааш хөврөн арааны шүлс асгарч, орондоо хэвтэхийн эцэсгүй болж дэмий л гарч гүйнэ. Аль ч сэдвээр ярьсан кино мэт өнгөтөөр нүдэнд харагдуулдаг авьяастай учраас ахыг Кино гэж хочилдог.
Орой хайгуулын маршрутаас эрт буугаад, түүхий самар зажилж сэтгэлээ хий хуурч суутал, “Наадмаар хонь алаад гэдсийг нь чанах зуур, элгийг нь сэмжинд нь ороогоод, галын хайчаар нямбай гэгч чимхээд, шажигнатал шараад л. Сэмж хайлж, тос нь доошоо дуслаад л...” гээд Мөнхөө ах өргөн дэлгэцийн өнгөт яриагаа эхэллээ. Сүмбэр хүрлийж сууснаа ухасхийн босов. Маршрутад үүрч дээж хийдэг хоёр ногоон үүргэвч султгаад, тонгорогныхоо ирийг шалгаснаа,
- Боогий, явъя! гэж байна. Би гайхсан ч дагахаас өөр замгүй. Булан луу очиж ахиад загас хөөцөлдөх юм болов уу, нэмэргүй дээ гэж бодлоо. Ганц чапак барьвал дээдийн заяа байтал хоёр үүргэвч султгаж үүрдэг нь юу ч билээ гэхээс хөх инээд хүрнэ. Нэмээд гялгар торнууд бэлдсэн гэж байгаа. Еланци тосгон гурван мянган хүнтэй. Эр сүвтэй болгон нь лусын амьтан хөөцөлддөг хашир анчид тул бидэн шиг гоожуурууд горьдолтгүй. Булангийн загас хүн шиг болтлоо хаширчихсан учир эргэдэг шар халбагатай дэгээ, өчүүхэн сатуркны оронцог тэвх модонд ороомор аядсан бидэнд баригдана гэдэг гонжийн жоо.
Үгүй тэгтэл, Сүмбэр нуур луу биш ойролцоох нугыг чиглэн шигүү мод, бутан дундуур алхаад байна. Ойн зах луу ойртсоноо нугдайн гэтээд, өлмий дээрээ урагшилж эхэллээ. Энэ бид хоёрт алагдах ан гэж юу байх вэ, гар хоосон байж! гэхээс би бүр мэл гайхчихлаа. Тэгтэл цаадтайд хонь бэлчиж харагдана. Хонь гэхээр монгол хүн сүрэг гэж шууд төсөөлдөг. Нугад бэлчиж буй хэдийг “хэдхэн хонь” гэж заавал тодруулж хэлбэл зохилтой аж. Би зэрвэсхэн хармагц уртаашаа хорин дөрөвхөн хонь байгааг, долоо нь төлөг болохыг аймгийн төвийн хүүхэд хэрнээ л бүртгэчихлээ.
Тосгоны орос буриадууд малаа голдуу энэ жижиг нугын төв хэсгээр бэлчээдэг учир мөлжөөд дуусгачихсан, харин зах луугаа сахлаг амтлаг ногоотой аж. Малчин үүнийг мэдээд хонио нугын зах дагуулан идүүлж, мод луу шургачих гэвэл чимээ өгч эргүүлнэ. Зургаан сарын арвад хэдий ч, хонь өөхөн бөмбүүлэй болтлоо таргалсан харагдаж, Кино Мөнхөө ахын ярьсан элэгний сорс нүдэнд өнгөтөөр харагдаж, шүлсээ гүдхийтэл залгиснаа гэнэт цочив. Би Сүмбэрийн чухам яах гээд байгааг өдий хүртэл асуугаагүй яваагаа санах нь энэ.  
- Чи яа... гэтэл,
- Чш..! хэмээн үг таслан нударч чимээгүй болголоо. Би айчихлаа.
- Сүмбэр ээ, тэнэг ээ! Чи арай малын хулгайч болох гээд байгаа юм биш биз дээ..?! гэж би шивнэлээ.
- Өөр яах юм? Өлсөж үхлээ, туучий! гэж тэр өмнөөс ууртай шивнэж байна. Хоньчин тээр цаана довонгийн оройд шомбойн суугаад эвшээж байснаа цаашаа нэг зүйлд сатааран эргээд, шингэж буй нарны өмнөөс саравчлан таг болмогц Сүмбээ хонь луу алга тосон ойртсоноо ухасхийв. Ногоо хөөж мод луу ирсэн тарган эм хонийг хүзүүдээд, шигүү бутны араар нугдайн өлмий дээрээ гишгэсээр холдлоо. Тэжээлгээд сурчихсан мал юун үргэх, бид хоёрын гарыг үнэрлэн хүзүүнээсээ хөтлүүлээд дагаад шогшоод байна. Сүмбээ ойн гүнд ормогцоо нүд ирмэх зуурт эд бад хийв. Сэвс баасыг нь гялгар уут луу хам хум шувтарч, хаягдмал нүх лүү цувуулж хийгээд, бөөгнүүлсэн нойтон арьсаар нь хөөж шургаагаар гудран түлхлээ. Бас болоогүй ээ, цусаа гялгар торонд уудалж, элэг зүрх, уушги бөөрөө ууталлаа. Толгой шийрийг нь нүх лүү гудрахад өлссөн би тэсгэлгүй,
- Хайран юм! дуу алдаад загнууллаа.
- Толгой шийр хуйхалбал Ольхон даяар үнэр тарна, гуринхалсан туучий минь! гэж тэр бухимдлаа. Сүмбэр унаган малчны хүүхэд. Туучий бол түүний ганц уншлага. Баярлахдаа ч, гомдохдоо ч, уурлахдаа ч хэлдэг.   
Захдуу байшинд орсны хэрэг юу билээ, шөнө дунд болж оросууд унтмагц бид махаа чанаж эхэлсэн нь мэдээж. Тарган хонины шөл ганц оочмогц л хөлс бурзайв. Тамтаггүй өлссөн долоон монгол яснуудыг мөлчийтөл мөлжиж, чөмгийг нь ташиж ховх сорцгоох нь яг л чоно! Идэж эхлэхдээ юу ч хэлэхгүй нүдээ гялалзуулан мах луу дайрснаа мэдэхгүй, цадангуутаа нэг охин маань,
- Та хоёр ямар муухай юм бэ? Хулгай хийгээд..! гэж хэлж, бид инээдээ барьж дийлэхгүй хахаж цацлаа. Чанга хөхрөлдвөл хүмүүс сэрэх тул “кх кх кхх” гэх шивнээ авиа гаргацгааж, зарим нь элгээ даран таг хөшив. Цадангуутаа бүгд зэрэг хөдөлж, гэдсээ арчиж цусаа цутгаж, шулсан махаа гялалзтал татаж, шүүсэнд нь буцалган шуузалж эхэллээ. Гэдсээ ч чаналаа. Чанасан махнаас нилээд үлдсэнийг болсон гэдэстэйгээ уутанд хийн ой луу орж, унанги дархины хөндийд нууцгаах нь бас л талын хөх чоно үүцээ бэлдэж буй мэт.
Сүмбэр насаараа улай хийсэн малын хулгайч шиг л хаширлах нь сүржин. Бүх сав суулгыг мөлчийтөл угаалгаж, хоёр үүргэвчний цусыг ногоогоор арчиж, ширхэг ч яс үлдээлгүй ойд булцгаав. Энэ бүх ажил арайхийн дуусч үнэр даран арц унгатгаж байтал үүр цайлаа. Шууз ч болж, хоёр том гурвын банканд хийлээ.
- Сүмбэр гэж сүртэй хүн юм аа, унтаж ч чадсангүй гэж хоёр охин үглэлээ. Түүний сүржигнэсний хэрэг гарахгүй хаачихав. Маргааш орой нь охид орж ирмэгцээ,
- Паах, мах үнэртэж байна! гэж часхийтэл дуу алдан арц унгатгаж, Сүмбэр дээрээс нь хомоол нэмэн уугиулж бөөн утаа май болчихсон суутал, малаа алдсан хөөрхий орос малчин, сэргийлэгчтэй хамт ороод ирдэг байгаа!   
- Дымим чтобы комаров отпугивать.., гэж нэг охин маань сийрлээ. Шумуул үргээх гээд май тавьж байна гэсэн нь энэ.
- Өчигдөр орой танай хоёр монгол оюутан хүнд үүргэвч үүрчихсэн ойгоос гарч ирэхийг харсан гэрч байна гэхэд, Сүмбэр,
- Бид геологийн дадлагад гарсан оюутнууд. Минералын дээжээ үүрч ирэхгүй чирч ирэх үү? гэж өмнөөс нь хэгжүүрхлээ. Ингэж хэлэхээр хардлага арилчихна гэх биш, байшинд нэгжлэг хийлээ. Надаас эхлээд зарим нэг нь улсхийж илт сэжиг төрүүлнэ. Сэргийлэгч бүх цүнхийг нэгжиж, тогоо сав нэг бүрийг шалгах нь маш няхуур. Тал уут гоймонгоос өөр хүнсгүй нь улам сэжиг төрүүлэх нь мэдээж. Байшингийн шалан доогуур шурган нэгжиж үзлээ. Гай болж нэг нь дүүрэн, нөгөө нь ихэнх тал гурвын хоёр банктай шууз байрны хажуу ёзоорын шигүү өвсөн дотроос илрэхэд дотор палхийгээд л явчихлаа. Ойд нуухгүй яав даа гэж би харууслаа. Тулсан үед Кино ахын авьяас аминд оров.   
- Махыг зуны халуунд муутгахгүй хэрэглэх эртний монгол дайчдын арга. Гадаа сүүдэрт тавьж хадгалдаг номтой. Шууз хэмээх энэ зүйлийг дадлагын өмнө бид өөрсдөө хийсэн юм гэлээ. Орос малчин шуузыг үнэрлэж үзэхэд, сэргийлэгч түүн лүү асуусан харц илгээх аж. Малчны хөлс бурзайгаад мөрөө хавчлаа. Хонио үнэрээр нь мэднэ гэх биш дээ, чааваас.
Нуусан мах гэдсээ хүмүүс унтмагц хоёр шөнө дараалан сэмээрхэн идэцгээв. Гамнаж, чанасан гоймонтой хольж идсэн гэж байгаа. Өглөөд шуузалсан махтай гоймон часхийгээд л явчихна. Нэг маань тосгоны оросод “Levi’s” жийнсээ зарж мөнгөтэй залгаад, хүнс цуглуулчихлаа. Амьдрал пошхийгээд явчихав.
Маршрутад гарах замд эзтэй юм шиг орос малчинтай таарав. Хөөрхий минь хорин гуравхан болчихсон хэдэн муу хонио хариулмар болоод л алхаж явна. Зуны халуунд хөлс нь урсаад өрөвдмөөр. “Эвий минь, ядарсан амьтны хэдхэн хониноос нь шуучихаад, хэнэг ч үгүй явж байх!” гэж бодохоос өр өмөлзөөд, самсаа шархираад явчихав. Би хямарчихлаа. Энэ тухайгаа Сүмбэрт хэлж,
- Яаж ийж байгаад зуун рубль сэтгэе. Хонийг нь төлье! гэлээ.
- Туучий минь ээ! Тэгэх юм бол бүлэглэн хулгайн хэрэгтэй шууд л ачигдана ш дээ. Оросын шоронгоос бид хоёр амьд гарч ирэхгүй! гээд үнхэлцгээ хагартал айсан харцаар над луу ширтлээ.
Гэсэн ч миний шаналгаа арилсангүй. Оросын шоронд алуулах ч бай хамаагүй хонийг нь төлмөөр санагдана. Хэдхэн пөөвгөр хонио хариулан хөлсөө урсган алхах хөөрхий орос эр нүдэнд харагдаад ер болохгүй. Орой маршрутаас буухдаа таартал орос малчин жигтэйхэн гуньсан бололтой довон дээр сууна. Энэ лав өрөнд уначихаж гэхээс дотор зурагдлаа. Хорь гаранхан хониноосоо нэгийг “чононд” өгнө гэдэг дааж давшгүй их хохирол гэж бодогдов. Тэссэнгүй, орой нь тосгон луу очиж сурагласаар өнөөх оросынхыг оллоо. Би түүний өмнөөс гарын хөдөлгөөнөөр өөрөө түлхэгддэг механизмтай дэгжин “Сейко” цагаа барилаа. Орос малчны хоёр цэнхэр нүд оройдоо гарчихсан нь мэдээж. 
- Уучлаарай. Би хонийг чинь хулгайлаад, найзуудтайгаа идчихсэн юм. Энэ цаг бол 250 рублиэр авсан, маш сайн эд. Хохирлыг хоёр нугалаад төлж байгаа юм шүү! гэлээ. Орос цаганд шууд л нүд нь унаад, баярласан, гайхсан гэж жигтэйхэн. Би ахин уучлалт гуйж, хоосон гоймонгоос өөр хүнсгүй болсон оюутнууд арга ядаад л ингэчихсэн, ойлгоорой гэчихээд буцаад алхчихлаа.
Маргааш нь камералка хийж, цуглуулсан минерал чулуулгийн дээжээ ангилаад эрт бууж иртэл хоолны ширээн дээр гэрийн цөцгий, гахайн утсан мах, гараар дарсан өргөст хэмх, гэрийн талх гээд тансаг зүйлс өрчихсөн нөгөөх орос маань хүлээгээд сууж байна. Түрүүлж тарсан жижүүр охин дэргэд нь бүлтийж харагдана. Манайхан хонийг нь идчихсэн гэмтнүүд тул таг болцгоолоо. Би хэргээ хүлээгээд, цагаа тайлаад өгчихсөнөө шивнэтэл Сүмбэр сүвээний сул арьснаас чимхэн мушгилаа. Өвдсөн гэж жигтэйхэн. Бид Лёша Кожурин гэх тэр оростой танилцаж, морин шилтэй нэрмэлийг нь хүртэж оройжин хуучлав. Хонийг нь хулгайлсан биш нэмээд дайлуулчих нь энэ.
- Бид хонийг чинь идсэн. Ингэх хэрэггүй байсан юм аа гэж намайг хэлээд байхад л,
- Та нар оюутнууд. Аав ээжээсээ хол, өлсөж цангаж байгаа. Ганц муу хонинд бүү санаа зов гээд номин нүдээрээ инээгээд л суух.
Манайхан давраад бөөнөөрөө очиж Лёшагийнд дайлуулаад ирнэ. Хар мянгуулаа айлд очиж хүндрүүллээ гэж би уурлах ч тэсгэлгүй дагаастай. Гэтэл тосгоны баяных болж таарав. Би анх очихдоо хоёр давхар данагар дүнзэн байшинг нь, “Нива” тэргийг нь, гахай, тахиа, хонь, үхрийн саравчийг нь огт анзаараагүй байж. Еланцийн тэргүүн баячуулын нэгийг би хорин гуравхан муу хоньтой гээд л өрөвдөж байснаа бодохоор хоржоонтой. Оросын тосгонд хорин хоньтой айл баянд тооцогддогийг мэдээд, миний гайхсан гэж жигтэйхэн. Ойрмогхон Лёшагийн наятай ээж бурхан болсон, тэгээд л бэлчээрт ганцаар гуньж таардаг байсныг бас яалтай.   
Дараа жил нь өөр дадлагатай, дөчөөд километрт байх Черноруд баазад байтал Лёша дүү нараа гэж буй төрсөн ах шиг л эргэлтээр ирлээ. Амралтын өдрөөр биднийг гэр лүүгээ авчирна. Төрсөн гэртээ очсон юм шиг л бид долоо эрхэлнэ. Дайлуулж цайлуулж, гэдсээ цүрийтэл чихээд л бөөн баяр. Орос эр бяцхан халамцаад, толгой сэгсрээд л байна.
- Боги, Сумбэк, слушай. Я вообще не понимаю вот две вещи! хэмээж байна. Боогий, Сүмбэк хоёр оо, сонсож бай. Би хоёр зүйлийг огт ойлгодоггүй юм гэсэн хэрэг. Сүмбэр бид хоёр нүдээ том болголоо.  
- Та хоёрыг хонь алга болсноос ердөө хорин гуравхан минутын дараа ойгоос гарч ирэхийг гэрч харсан. Тийм болоод л хонийг хулгайлсан байх үндэслэлгүй гэж үзсэн. Хонио төхөөрч, жижиглэж, үүргэвчинд хийж амжих хугацаа таараагүй. Би тэр дороо хүмүүс дуудаж ойг самнасан. Хонины ширхэг хялгас ч байгаагүй. Бас та хэд бүхэл бүтэн хонийг ганц шөнийн дотор яаж идэж барав аа..?! гэж байна. Мэл гайхсан царайтай.
Аргагүй шүү дээ. Орос айлд нэг хонь гэдэг жилийн хүнс байх гэж би бодлоо. Ингээд Сүмбэр тонгоргоо хурцлаад, бидний хүнсэнд бэлэглэсэн хонийг найман минут дөчин секундэд төхөөрч, дөрвөн мөч, нуруу сээрээр нь салган шидэхэд, Лёша, эхнэр хоёрын номин цэнхэр нүд бүлтэртлээ алмайрлаа. Дараа нь Сүмбэр махыг гал асах зуурт жижиглэн эвдэж, охид гэдэс арчлаа. Дөчийн саванд хорхог хийгээд, бүтэн хонийг монголчууд нэг суурин дээр яаж идэж бардгийг үзүүллээ.
- Ёо оо, моё! гэж орос эр дуу алдан гайхаж, нэгдлийн хоёр зуун хонь хариулдаг айлыг цөөн малтай гэдэг, арван дөрвөн сая хоньтой улсын ард түмэн ийм байхаас ч биш яахав гэж толгой сэгсэрсээр л суусан юм.
Намар нь Лёша Эрхүүд ирлээ. Бид очих хамгийн дуртай Ташкент ресторандаа дайллаа. Гэтэл “Та нар оюутнууд” гэж зүтгэсээр байгаад тооцоог маань төлчихдөг. Ольхоноос ирсэн зочноо дайлах гэсэн биш ахиад л өөрснөө дайлуулчих нь энэ. Манай хоёр охин харин гэргий хүний ухаанаар дор нь сийрээд, өөрт нь монгол савхин хүрэм, эхнэрт нь жийнсэн өмд бэлэглэлээ. Лёша,
- Бид хоёр яг л та нар шиг хотын гангачуул болох нь гээд хүүхэд шиг баярласан ч, та хэд оюутнууд, заавал үнийг нь өгнө гэж зүтгэж биднийгээ айлгаж билээ.
Орос оюутнууд тосгон дахь гэрээсээ модон хайрцагтай илгээмж авч, гахай тахианы мах гарган бөөн баяр болдог. Харин Лёша маань бидэнд байсгээд л тийм хайрцагтай илгээмж ирүүлнэ. Бид Ольхонд эцэг эхтэй юм шиг л байдаг болсон нь сайхан. Ийм л нэгэн Сибирь нутгийн гүндүүгүй зантай, номин цэнхэр нүдтэй орос мужиктай урт гараас болж танилцаж, ах дүү шиг дотно болцгоож билээ.
А.АМАРСАЙХАН

Friday, January 6, 2017

Хандаа эмээ


Хандаа эмээ хаашаа ч юм алхана. Чухам хаашаа юм бол доо? хэмээх зураг оршивай. Блогтоо салхи оруулалгүй уджээ. Одоо сард нэг ч болтугай юм бичиж байхаар шийдлээ.

Wednesday, September 30, 2015

Зээл

Нэг залуу банкнаас ганцхан сая төгрөгийн зээл хүсэв. Банк мэдээж барьцаа шаардаж. Залуу "Лексус 570"-аа барьцаанд тавья гээд үлдээв. Банкны ажилтнуудын нүд оройдоо гарсан ч, барьцааг хүлээж авч гараашдаа найдвартай хадгалав гэнэ. Сарын дараа залуу ирээд сая төгрөгөө, дээр нь нэмээд, хүү болох 30 мянган төгрөгийг тушаав. Банкны ажилтнууд гайхсан хэвээр л. Тэсгэлгүй яриа өдөв:
-Ганцхан сая төгрөгийн барьцаанд ийм том юм үлдээдэг. Чи нэг бол хэнэггүй чинь дэндсэн, нэг бол жаахан... юу... байх аа гэв. Залуу:
-Би европоор аялал хийгээд ирлээ. Машинаа хотын төвийн дулаан гараашд үлдээе гэхээр 450 мянган төгрөгний төлбөр төлөх болчихоод. Тэгээд л танай банкинд хандсан юм л даа. Гучхан мянгаар машиныг минь бүрэн бүтэн хадгалж өгсөн та бүгддээ баярлалаа гэсэн гэнэ.
За тэгэхээр ийш тийшээ явахаар бол машинаа үнэтэй гараашд үлдээх хэрэггүй юм байна шүү, эрчүүд ээ.

Wednesday, October 8, 2014

АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР




(памфлет)



Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан.
“Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амьдарна” гэсэн. Энэ үг үлгэр мэт сайхан сонсогдож, үй олон хүн үүнд автаж, татагдаж, итгэсэн. Ард түмэн хараацайн үгийг дагаж ялгуулсан их хувьсгал хийн, улаан мангасыг даран сөнөөсөн бөлгөө. Гэвч тэр үлгэр шиг сайхан амьдрал нь ирээгүй л...
Хараацай болгоны амнаас юмны түрүүнд унадаг байсан нэгэн үг бий. “Хэтэрхий олон дарга ард түмний хүзүүн дээр сууж байна. Ийм олон мангас бидэнд хэрэггүй! Огцорцгоо! Далдарцгаа!” гэж тэд хашгирч байсан. “Хүнд суртлын нүсэр аппарат, олон ёроолгүй гүзээг тэжээснээс Монгол улс үгүйрэн хоосорч байна” хэмээсэн. Тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид нь есөн мангас суудаг, арав хүрэхгүй яамтай байхад энэ үгийг хараацайнууд хэлж байж!
 Гэтэл одоо энэ тоо хэд болсон билээ? Улсын их хурал гэгчид нь далан зургаан гүзээ сууж байна. Хориод яаманд хорин хэдэн сайд сэнтийлдэг. Түүгээр ч барахгүй дэд сайдууд гэх сайдаасаа дутахгүй том гүзээтнүүд бий. Газар, агентлагийг тоолох гэвэл сампингийн эрих хүрэлцэхгүй. Өнөөх хараацайнууд одоо өөрсдөө цондойсон хөөрхөн гүзээтэй болоод ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, хотын захирагчийн сэнтийд залраад, “Олон дарга огцор!”, “Хүнд суртлын нүсэр аппаратыг устга! хэмээсэн цогтой халуун үгээ таг мартчихсан сууна. Дарга нар байр савандаа багтахаа байж, хуучны яам тамганы дэргэд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгууд босгоцгоожээ.
“Монгол хүн эх орныхоо эзэн байж, эрх чөлөөтэй амьдарна!” гэж хараацайнууд чанга жиргэсэн. Ямар гоё вэ? хэмээн зон олон бүгдээр дуу алдсан. Гэтэл яав аа? Малчин Гомбо төрсөн довныхоо эзэн байж, хөдөөдөө амьдаръя гэхээр Дамба гишүүний уул уурхайн компани өвөлжөөг нь өрлөөд, зусланг нь зураад, хашаа хороогоор битүүлээд буутай манаа зоочихно. Аргаа барсан Гомбо хот руу нүүнэ. Түүнд 0,5 га бүү хэл гадас хатгах ч газар олдохгүй. Амьдрахын эрхэнд уулын оройд гэрээ барьтал хорооны түшмэл, “Зөвшөөрөлгүй”, “Үерийн ам”, “Өндөр хүчдэлийн шугам” гэж хөөнө. Эрхэм гишүүн Дамба харин хэдэн зуун га газрыг чөлөөтэй аваад, орон сууцны хороолол барьчихсан амандаа багтахгүй үнэ хэлэн хаахалзана. Эрх чөлөөтэй, эх орны эзэн болгох гэх үг бас л үлгэр.        
“Хаад ноёд, харц ард бүгдээр эрх тэгш байна!” - энэ бас л тэдний үг. Гэвч амьдрал дээр ямар болчихоод байгаа билээ? Нийслэлийн дугаар хорооны иргэн Гомбо Улсын их хурлын сонгуульд нэрээ дэвшүүллээ гээд яах юм бэ? Ядахдаа арван ширхэг ухуулах хуудас хэвлүүлэх мөнгө түүнд бий билүү? Эрхэм гишүүн Дамбад харин бүх зүйл нээлттэй. Мөнгө хөрөнгө, танил тал бий.
Төрийн түшээ улсын 14 тэрбумаар тоглочихсон байтал хэрэгсэхгүй. Энгийн хүн 10 мянган төгрөг авсны төлөө арван жилийн ял сонсоно. Улсын их хурлын гишүүн, хаад ноёд халдашгүй дархан эрхтэй. Гэмт хэрэг хийж байхад нь үйлдэл дээр нь, хэдэн гэрчтэйгээр баривал л эрхэм гишүүнд хэрэг үүсгэх магадлалтай. Харц ард, жирийн иргэн бол сэжигтэй харагдсаныхаа төлөө нэгжүүлж шалгуулж, өчнөөн доромжлол амсана.
Тэд “Ард иргэдээ ардчилсан нийгэмд, эрүүл саруул, амар жимэр аж төрүүлнэ” гэцгээсэн. Хувьсгал ялаад 24 жил боллоо. Хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж, ард иргэдээ амар жимэр, эрүүл саруул амьдруулав аа? Өнөөх захиргаадалтын бурангуй балар үед баригдсан сургууль эмнэлгүүд элэгдээд дуусч байна. Цаашдаа яах юм, бүү мэд. Таван залууг зүгээр л гудамжаар гүйж явсных нь төлөө төр нь өөрөө буудчихсан.   
Мангасуудын үед төрийн аппаратад ажилтан авахдаа боловсрол, мэдлэг чадварыг нь шалгаж, намтар түүхийг нь судалж, өндөр шалгуур тавьдаг байсан. Хэр баргийн хүн засгийн ажилд тэнцдэггүй байж. Гэтэл одоо ямар шалгуураар төрийн түшмэдийг авдаг болсон билээ? Ерөнхий сайдын хамаатан эсвэл намдаа мөнгө хандивласан бол хар толгойтой хонийг ч албан тушаалд томилдог болсон. Сайдын суудал тэдэн тэрбум, төрийн нарийных тэдэн зуун сая гэлцэн сандал суудыг наймаалцдаг гэх жиг жуг яриа ч бий. Алдаа гаргасан даргыг хурлаар хэлэлцэж, хатуу донгодож, тушаал бууруулж, амийг нь авдаг байлаа. Одоо тэгтэл хариуцлагын тогтолцоо гэж байна уу? Хэн гэдэг дарга ямар алдаа гаргаад суудлаасаа буусан бэ? Хэлэх ганц ч жишээ байхгүй. Монгол улсын төр дампуурчихаад байгаа.
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, Б.Дэжид гэх мэт өмнөх үеийн дарга нарыг бүгдийг нь “Муу хүмүүс”, “Мангасууд!” хэмээн хараацайнууд буруутган цоллосон. Гэтэл хэрэг дээрээ ямар хүмүүс байлаа? Тэд улсаасаа сэтэрхий тэвнэ ч хумслаагүй. Хувьдаа Аж үйлдвэрийн комбинаттай, Эрдэнэт концернтой байгаагүй. Улсын байранд амьдраад, улсынхаа төлөө бүх бодол санаа, цаг заваа зарцуулан зүтгэж байсан. Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх өдөр улсын төлөө ажиллаад, үдэш хувийн бизнесээ амжуулдаг байсан гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Гэтэл алтан хараацайнууд минь ямар байгаа билээ? Нэг хараацай нь хувийн амралт, чацарганын тариалантай, нөгөө нь үнээний фермтэй, гурав дахь нь Швейцарь улсад офшор компанитай, түүгээр ч зогсохгүй монголдоо толгой цохих баян корпораци, группийн эзэн болчихсон хараацай ч хэд хэд бий. Гэтэл та бүгдийн эрх чөлөөтэй, баян болгоно, амирлуулна, жаргаана гэж амласан ард түмний амьдрал ямар байгаа билээ?
Үүнийг бичигч ардчиллыг үзэн яддагтаа биш, ардчиллын төлөө санаа зовдогтоо ийнхүү харуусаж сууна. Ардчилал бидэнд ихийг өгсөн нь маргашгүй үнэн. Өөр зам бидэнд байхгүй гэдэг ч бас үнэн. Гэхдээ байдал нэг л биш. Бараг л эсрэгээрээ гэлтэй. Бид улсаа улам дордуулах гэж тэр хувьсгалыг хийсэн хэрэг үү?
Алтан хараацайнууд бараг л бүгдээрээ амьд сэрүүн байна. Ерэн онд яс арьс болсон туранхай бор залуучууд байснаа одоо подойтол махлаад, тарган цатгалан, малийсан цагаан эрчүүд болжээ. Монгол орон ямар болчихоод байгааг тэд сонсож дуулж, үзэж харж, мэдэж мэдэрч байгаа.
            Алтан хараацайнууд минь ээ, ичээч! Ерэн онд хэлсэн үгээ эргэж санаач! Тэр үг чинь үлгэр болчихоод байна! гэж л хэлье дээ.

А.АМАРСАЙХАН
("Mongolian Economy" сэтгүүлийн 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн) 

Thursday, September 4, 2014

ТАТАХ ХҮЧ


/хөрөг дурсамж/
Цэднээ ахындаа очно
Чанга орилон уйлах хүүг ээж нь өглөө бүр тэвэрсээр, аймгийн төвийг хөндлөн туулдаг байлаа. Нэгдэл дундын үйлдвэрийн арын хашаанаас гарч, хойд хорооллын өмнөх айхтар том жалгыг гаталж, Алтай чуулгын өмнүүр өнгөрч, хоёрдугаар сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрэх бүхий л замын турш “Цэцэрлэгт явахгүй! Цэднээ ахындаа очно оо!” гэх хүүгийн чанга дуу хадна.    
-Сайндаа л долоо хоног уйлна биз. Сурчихдаг юм гэж багш нар нь хэлнэ. Гэвч хүү замын турш өнөөх л үгээ давтан уйлсаар л. Сар шахам чарласны эцэст арайхийж дуугүй явдаг болсон гэдэг. Цэднээ гэдэг бол хүүгийн эцэг Алтангэрэлийн төрсөн ах. Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн тэргүүний адуучин, Аймгийн аварга Цогтын Цэднээ гэгдэж, мандаж явсан сайн малчин.  
-Миний буурал ээж тэнгэрт гарчихсан. Тэгээд л би цэцэрлэгт явж байгаа юм! гэж цэцэрлэгтээ нилээн дасаж, цагааширсан хойноо хүү ярьж, багшийгаа уйлуулж байж. Хүүг гурван нас хүртэл нь харж, эрхлүүлсэн буурал ээж бол Мулзгар гэдэг хөгшин байлаа. Өндөр Бэгз гэж Баян Ааргийнхан цоллодог, Гүн худгийн хойхно Тогтын салаанд өвөлждөг, зундаа Цавын худаг руу бууж зусдаг хүн бол эрх хүүгийн өвөг эцэг нь.  
Дөрөвхөн настай хүүг Баян-Уул руу юу тэгтлээ татдаг байсан юм бол оо? Ухаан ороогүй, юугаа ч мэдэхгүй нялх амьтан шүү дээ. Үүнийг бодох бүртээ би гайхдаг. Дөчин тав хүрсэн хойноо л учрыг бага сага ухаарахтайгаа болж явна.           

Айсан ч зүтгээстэй
Дөнгөж ухаан ормор аядаж байхдаа Цэднээ ахындаа очоод, үнхэлцгээ хагартал айсан минь санаанд тодхон үлджээ. Хавар оройхон аав минь сааралдуу өнгөтэй “Иж Планета-2” мотоциклтой байснаа унаад, намайг өмнүүрээ суулгаад Баян-Уул нутгаа зорьсон хэрэг. Замдаа бөхөнтэй таарч, араас нь хэсэг давхихад, “Бариад авъя л даа, аав аа!” гэж хашгирч их л зугаатай явсаар ахынд хүрч билээ. Миний ой ухаанд үлдэж хоцорсон хамар толгойг эргээд төсөөлөхөөр авгынх Хоёр худагт хаваржиж байсан юм уу даа гэж санагддаг.
Маргааш өглөө нь сэрээд хартал гэрт хэн ч байдаггүй. Сандран хувцаслаад шагайвал ойр хавь амьд амьтан алга. Дотор бачуураад нулимс урсахдаа тултал тээр хол аавын мотоцикл байгаа нь танигдав. Тэнд худаг байдгийг өчигдөр мэдсэн болохоор тийш гүйчихлээ. Ойртож явтал баахан үхэр өмнөөс гараад ирэх нь тэр. Шорон эвэр шөвөлзөөд л, дүрлийсэн том нүд ууртай эргэлдээд л. Яах аргагүй намайг идэх нь ээ!
Уйлж эхэллээ. Өглөө бүр аймгийг цочоодог байсан шигээ чангаар чарлаж байтал ахынтай айл аж төрдөг Буурал Жүүжээ ирж, “үхэрт идүүлэхээс” аварлаа. Тэр хөгшин толгойгоо сэгсрэн доогтой инээгээд,
-Малаас айдаг хөгийн ч хүн бол доо гэж билээ.
Төд удалгүй зун боллоо. Цэцэг ургаж, цэцэрлэг амарлаа. Үхрээс үнхэлцгээ хагартлаа айж байсан өнөөх хүн чинь “Аав аа, Баян-Уул руу Цэднээ ахындаа очъё л доо” гэж шалгааж эхэлсэн юмдаг.       

Морь унаж чадна
Сумын наадмыг морьтой үзэх сайхан. Худалдаа бэлтгэлийн ангийн ня-бо Лхагваа гуай улаан тугаа жишүүдүүхэн бариад, эмээл дээрээ хазгайдуухан суугаад, бор морио бөмбөлзтөл жороолуулсаар хурдан морь гаргана. Ямар ч гоё морь, яасан ч гоё хүн байсан юм. Хүмүүс хэний ямар хүлэг өнгөтэй байгааг шинжих гэж мэлмий чилээж байхад, би Лхагваа гуайг л ширтэж нүдээ баясгадаг байж.
Наадамд ирсэн хүн байна даа, гуанзанд орж будаатай хуурга амтлана. Сумын төвийн айлуудаар морьтой хэсэх догь. Доржсүрэн Агаагийн хашаанд хэзээ язааны малчин хүн шиг ган дөрөөгөө ханхийлгэн бууж, морио уян зогсоно.
-Энэ Амарыг ээ. Чөдрөө уруу нь харуулаад ганзагалж байснаа бодвол унаанд сүрхий болчихож! гэж Агаагийн аав Манжуулыг хэлэхэд тэнгэрт дахиад нэг нар мандчих шиг болно. Эв хавгүй хөдлөхийг минь харсаар үзсээр байсан ч урам өгөх гэсэндээ тийн хэлсэн нь мэдээж. Хөдөө маягаар цай шоржигнуулан оочих зуураа Янжмаа эгчид “Хавчиг хавийн ногоо сонин байсан юмсан, ойрдоо хатах шинжтэй” гэж томчуудын үгийг зээлдэн хээв нэг ярина.
Ахын Түмэннасан, Агаагийн Атарбаян, Нааяагийн Отгон, Цагааны Мөнхөө гээд үеийн хүүхдүүд бүгдээрээ хурдан морь унана. Би л ганцаараа ийм эрхгүй. Цүнцгэр хүрэн мориныхоо амыг татан, атаархан харсаар хоцорно. Дөрөвдүгээр анги төгссөн жил хүрэн морьтойгоо наадмын талбайгаар энэ тэрийг шохоорхон, сэлгүүцэж байтал адуучин Шар хэмээх Дашбалжир ах намайг дуудлаа. Хурдны морь хөтөлчихсөн, нилээн тэвдсэн байртай харагдана. Намайг Алтангэрэлийн хүү гэж таньж байгаа шинж огт үгүй.
-Хурдан морь унаж чаддаг уу? гэж асууж байна.
-Чадна... гэж зориг муутай хэлээд тавьчихлаа. Намайг хөлдөж мордуулах гэхээр нь өөрөө ганцхан үсрээд л тээгээд мордчихлоо. Адуучны эргэлзсэн харц нь өөрчлөгдөөд, тоосон шинжтэй болчихлоо. Миний ганц гарамгай зүйл ямар ч өндөр моринд тээж мордох. Төвийн хүүхэд болохоор биеийн тамирт эвсэлтэй, савлуурт овоо хэд суниадаг, үсрэлт сайтай учраас тэр. Хурдан морь зайдлаад хөдөлдгийн даваан дээр “Хүүе!” гэх Цэднээ ахын дуу ард гарлаа.
-Наадах чинь аймгийн хүүхэд! Яаж чаддаг юм..! гэхэд, морины хүүхэд олдохгүй сандарч явсан адуучин Шар,
-Өөрөө чадна л гэсэн шүү дээ! гээд морио унуулчих санаатай зүтгээд байсныг эргэн санахад инээдтэй. Авгатай тааралдаагүй юм гэхэд би гараан дээр сугарч үлдээд, хурдан хээр мориор нь биш эмнэлгийн бор тэргээр давхиж ирэх байсан нь мэдээж. Ингэж л би Дашбалжир ахын хурдан мориор тоглох шахсан удаатай.  
Сумын төвийн айлд морьтой бууж, догь хүн болсноо харуулах гэсэндээ, хурдны морьдоо хэлхэж хөтөлсөн нутгийн хөглөгөр хөх ах нартай дөрөө харшуулан хатируулах гэсэндээ, хурсан олны хамрын самсаа шархируулан барианд орох хөрслөг бор хөвгүүдийг биширч, өөрийгөө тийм болсноор төсөөлөн мөрөөдөх гэсэндээ би өвөг дээдсийн нутаг руу тэгтлээ зүтгэдэг байсан болов уу.

Амттай яриа
Авга ахынд зочин ирэхгүй өдөр гэж үгүй. Адуугаа Цахирын араас оллоо, ангид ноосоо тушаачихлаа гэлцээд, Хамтын хүчийнхэн бууж мордоно. Алтангадас, Хүйсийн говиос ч хүн ирнэ. Бэргэн эгч Баасанжав будаатай цайгаа аягалж, шимийн архиа сөгнөж, зочдоо дайлна. Аймгийн хүүхэд миний хувьд ирсэн хүн болгон нэгэн шинэ ном гэсэн үг. Буурал Жүүжээ, Гүнсэн Бамба, Дампил Ааниа, Юндэн Гөөгөө, Цээсүрэн Манжаа, Түвдэнням Өмбөө гэх нэрнүүд нь содон агаад сонсголонтой.   
Цагаан Жаажаа улаан тамхиа сонингийн цаасанд төө илүү урт ороон татаж суух нь гойд сонин төрх болон нүдэнд тусна. Урт тамхит Жаажаа, “Уржигдрын бороо Улаан тээгт овоо сайн цохьсон. Гурван хуруу чийгтэй болсон” гэж ярингаа урт тамхиа улалзуулан сорно. Ус чийгийг хуруу гээд байдаг нь ямар учиртай юм бол оо? гэж хорооны би гайхна. Бодоод учрыг нь олохгүй. Тэсгэлгүй Түмэннасангаас асууж, шоолуулж байж мэдэж авна.
Чантуу ах жижигхэн нүдээ улам онийлгон инээж, хүн явуулахдаа гаргууд. “Идэр хорьд гаргаад хонио хайчилдаг юм билүү дээ, яадаг юм билээ дээ? гээд л сууж байна” хэмээх нь яг л Идэр Ааниа. Цэднээ ах мөчөөгөө өгөхгүй. Өмнөөс нь Дампил Ааниагийн хоолой төрхийг элэглэн үзүүлж, Ганганы худгийн сониныг хуучилна. Дуугарах, нүд амаа хөдөлгөх нь аргагүй адилхан. Нацаг Нааяа бас л хамраараа дуугаран, хүн дуурайж ярихдаа гаргууд. “Эдний аав нь ногоон мотоциклоо унаад л. Намын давааны тарвага гүй мөн сайхан болжээ гээд ороод ирэх болж байгаа даа” гэж аавын минь дуу хоолойгоор ярина. Гэрээ саначихсан би аавыгаа нээрээ ирчих ч юм болов уу гэж горьдоно.
Нутгийн зоны амар амгалан, өөдрөг сайхан хууч яриа нь сэтгэлийг ер бусын соньхон мэдрэмжээр хөглөж, монгол амьдралын эгэлгүй содон хэмнэлийг бяцхан тархинд минь нэвчээдэг байж дээ. Ирсэн явсан хүмүүсийн яриаг сонсоод л, хонон өнжин суумаар санагддаг байж. Зуны амралтаа эхлэнгүүт ээжийн өгсөн ууттай чихрийг, эртүүд ахынхаас сүүтэй ирсэн саванд хийж таглаад, Баян-Уул явах замын унаанд сууна гэж зүтгэдэг байсны бас нэгэн учир энэ юм уу.

Номхон морь
Баян Ааргийнхаа бор толгодын дундуур цогиулж явах гэдэг миний хувьд тэнгэрийн мэдрэмж. Үргэж бусгаад байхгүй номхон, хүүхдэд ноолуулаад сурчихсан цүдгэр хээр морьд л надад оногдоно. Тэглээ гээд голохгүй дөрөөн дээрээ бөгтийн босч, байдаг чадлаараа ороолгон, салхи шуугитал цогиулна. Ингэж явахдаа Эрийн сайн Хан Харангуй баатар болоод, үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр дүүлэн нисч яваа юм шиг баярлаж бахдана.
Аавын нагац Нямаа ахынх айл саахалт бол сайхан. Адуунд нь аавын цагаан морь явдаг болохоор тэднийх рүү гүйж очоод, Нямаа ах, Анжаа хоёрт,
-Цагаан морио унамаар байна! гэж зориг гарган хэлнэ.
-Айхтар ам хатуутай. Чамайг аваад нисчихнэ! гээд Чулуунбаатар ах халгаахгүй. Номхон зээрд морио надад ноолуулна. Цагаан морь ялаархан тургилж, хөлөө цавчлаад л тэнгэрийн хүлэг шиг харагддаг байж. Хоёр жилийн дараа унаанд арай дөнгүүр болсны шан хүртэж, цагаан морио унадаг болж билээ. Цэднээ ах намайг очихоор Цагаан мэнгэт, Ойдовын хээр гэх аль номхон морьдоо барина.
-Энэ золиг морин дээр байдгаараа бөхийчих юм. Унаа унаж сурахгүй ээ! гээд толгой сэгсэрнэ. Юндэн Ажаагаас авсан гэдэг хонь шиг номхон хүрэн морь бас миний унаа болсон. Тэгнээд явж байсан шуудай аргал ойчиход үргэх ч үгүй. Уруу газар хамаагүй давхиад, хүзүү рүү нь эмээлтэйгээ ойчиход эргэж хараад, намайг хүлээх мэт зогсож л байна. Харин тав зургадугаар ангид ороод, чөдөртэй морь дөхүүлээд ирэх дайны болоход минь Шархүүгийн хээр, Бор үрээ гээд хөнгөн хөлтэй, амаа булаан ухасхийсэн сүрхий морьдыг “жолоодох эрх” өгсөн юмдаг.
Ярдаг хашин аашгүй, эзнээ хаа ч явгалахгүй, сэтгэл сайтай хүн шиг түшигтэй номхон морьд нь намайг татсан учраас л гэрээ саначихсан хэрнээ Баян-Уулдаа хоргоддог байсан юм болов уу даа.      
   
Урсгал сөрсөн ухаан
Сэтгүүлч хүн болохоор олон аймгаар явж, мянгат малчин олон айлд зочилж үзжээ. Бүгдээрээ л үйтэн хуараар өөрийгөө өвч хулдсан, эрээн цоохор хүмүүс байх. Гэр нь ч бас нүд эрээлжлэм цоохор. Мянгат малчдын жишиг болсон моодны урсгал гэлтэй. Харин Баян-Уул сумын Баянхайрхан багийн мянгат малчин Цэднээ ах минь тэр моодны урсгалыг дагадаггүй сөрдөг хүн. Өмссөн дээл нь хар хүрэн, улаан хүрэн дагнасан өнгөтэй. Өргөө гэр нь бас эгэл даруухан. Эдийг шинжихдээ гоё сайхныг нь биш, эдэлгээ даах бөхийг нь харна.  
“Хувцсыг гоёх гэж биш жавар сөрөх гэж өмсдөг. Гэрийг хүний нүд хужирлах гэж биш тухтай аж төрөх гэж барьдаг” гэж авга ах минь хэлдэг. Нэг өвөл говийн аймагт болох уулзалтад буудаггүй булга, түрэг нэхий хүрмээр гангарч гараад, энэ үгийн үнэ цэнийг голдоо ортол ойлгож билээ. Хурд хүчний гайхамшиг гэгддэг албаны жийп цасанд сууж унтраад, осгохын даваан дээр айлын бараа харсан. Говийн малчныд авга ахынх шиг даруухан орос даавуу гадартай сэгсүүргэн дээлэнд хулдуулаад, чичирч суухдаа авгын үгийг чихээрээ биш яс махаараа сонссон.       
Цэднээ ахын адууны зүс хүртэл даруухан. Хээр голдуу. Зүсний сайханд хууртаж цоохор, алаг, халиун морьд цуглуулдгийг таашаахгүй. “Хоёр хоногийн унаар даах хүчгүй, хорь дотор давхих хурдгүй согоо шиг гоё амьтнаар юугаа хийхэв” гэж ёжтой хэлнэ. Гоё мориор гангардаг моодны урсгалыг бас л сөрж байгаа нь тэр.
Нэгдэл малчиддаа унааны морь олгоход авга ах хэдэн зуун адууны дундаас гоё морь шилэхийн оронд шар үсээ ч хаяж чадаагүй, хазгай сүүлтэй, номхон үрээ сонгосон. “Нэгдлийн түмэн адуунаас очиж очиж ийм ч юм олж харах гэж!” хэмээн зарим нэг нь шоолж байлаа. Тэгтэл өнөөх шар үстэй үрээ нь сумандаа хоёр жил дараалан түрүүлж, Цэднээгийн Хондон гэх зартай хүлэг болсон.
Цэднээ ах минь ийм л хүн. Аливааг бусдаас өөр нүдээр хардаг, амьдралд өөр ухаанаар ханддаг эгэл малчин. Авга ахын минь урсгал сөрсөн ухаан, алдрай жаалхан намайг Баян Богдын өврийн хадархаг бор толгод руу тэгтлээ соронздон татдаг байсан юм болов уу.

Татах хүч
Зуны амралт эхлэнгүүт л зүрх хөөрч тогтож ядан, авч нисдэг морь шиг л аавынхаа нутаг руу тэмүүлнэ. Очихоороо бэтгэртлээ гэрээ санадаг хэрнээ л авгынх руу явах гэж учиргүй дурлана. “Хэд хоногоос Даваасүрэн ах чинь Баян-Уул явна. Тэгэхээр нь шууд Цэднээ ахындаа хүргүүл” гэж аав гуйгаад нэмэргүй, замын тэргэнд суугаад алга болно. Авга ахын хүүхдүүд “Амар ирлээ” гэж баярлаад л, хөгшин ээж минь “Иш хөөлхий дөө” гэж үнсээд угтдагсан.    
Дамдинбазар ахынхаас хонь туух гээд, үеэл Түмэннасантай хамт Жүүжээгийн танк зээрд, хүрэн морь хоёрыг унан Баян Богдоо давж үзсэн минь санаанаас гардаггүй. Өгсөх тусам Шарга, Хүйсийн говь далай шиг цэлэлзэн зэрэглээтээд, Сутай Хайрхан нүүрэн дээр юм шиг ойрхон цэнхэртсэн. Явсаар оройд гарахад таван аймаг, тавин сумын нутаг алган дээр тавьсан мэт тодрон харагдах нь гайхамшиг байсан. Хараа тэлж ухаан уужрах шиг л болж билээ. Нутгийн Хайрханы оройд төрсөн тэр тэнгэрлиг мэдрэмж насан туршид намайг хөтөлсөн.
Ухаан ороогүй хэрнээ “Цэцэрлэгт явахгүй. Цэднээ ахындаа очно!” гэж цамнаж, өвөг дээдсийн нутаг руу татагддаг байсныхаа учрыг би тайлсан. Баян Богд Хайрхан минь намайг хардаг, Баян Ааргийн хүрэн хөх чулууд нь сэтгэл соронзоддог, бахим хүчирхэг хөлтэй номхон хүрэн морь тархинд үүрсдэг болохоор би Баян-Уулдаа тэмүүлдэг байж. Онигор бор нүднээс нь ухаан уугисан хөх өвгөд минь хүүгээ хүлээдэг учраас тэгтлээ догдлон яардаг байж.

Зургийн тайлбар: Авга ах Ц.Цэднээ, түүний гэргий Б.Баасанжав

А.АМАРСАЙХАН

Улаанбаатар 2014
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates