Monday, July 7, 2014

НААДАМ ЭСВЭЛ НАНДИН БАРАА

/"Арван дөрөвтэй том хүн" номоос/
Тэр үед улсын баяраар ажилчид арван тав хоног амардаг байлаа. Бүхэл бүтэн арван тав хоног шүү дээ! Долоон сарын нэгэнд бүх үйлдвэрийн суурь машинуудыг зогсоож, тог цахилгааныг нь салгаад, жижүүр харуулуудад хүлээлгэж өгнө. Комбинатын Хэрэгцээний хэлтэс гэж ажилладаг, тэдний дарга нярав нар,
-Гутлын үйлдвэр олон хүнтэй. Хоёр үхэр өгье! гэх зэргээр хүнс хуваарилна. Зарим жил хоёр бод, зарим жил арван хэдэн бог гэх зэргээр наадмын хүнс оногдоно. Хамт олноороо Туулын эрэг рүү очоод, майхан барьцгааж, үхрээ унагааж аваад, хорхог, хуушуур хийцгээнэ. Айргийг хувин саваар биш хөхүүр хөхүүрээр нь сөгнөнө. Доржсүрэн хүүхэд болохоор голын усанд шумбаж, гол өгсөж уруудан тоглоод алга болчихно.
-Хоол гарлаа шүү! гэх дуу сонсогдохоор хүрч ирж жаахан юм шоглочихоод, айраг ууж аваад буцаад гүйчихнэ. Томчууд хөзөр даалуу тоглож, дуртай ганц хоёр нь нанчидаа хүртэцгээж, дуу шуу болцгооно. Туулын хөндийгөөр уртын дуу шуранхайлж, тасаг хэсгүүдийн найр хавтгайрна. Айргаа ууж, хуруудаж, дэмбээднэ. Ийнхүү зугаалга хийж, хонож өнжин найрлаж байтал наадам эхэлнэ. Тэр үеийн баяр наадам бүтэн долоо хоног үргэлжилдэг байлаа.
Наадмын талбайд үйлдвэр бүр гэр барьчихна. Үйлдвэр комбинатын гэрүүд урт эгнээ болж харагдана. Гутлын үйлдвэрийнх гээд хоёр том гэр байх. Дарга цэрэг гэж зэнзийлэхгүй, гэрээрээ орж гарч, айраг ууж, хуушуур эргүүлэн наадамдана. Ажилчид наадамдах гэхээсээ илүү дэлгүүрүүдийн үүд сахин урт дараалалд зогсоцгооно. Наадмын үеэр дэлгүүрүүд хав дарж байсан ховор живэр бараагаа зарж хөдөлмөрчин ард түмнийг “баярлуулдаг” учраас энэ. Хонон өнжин дараалалд зогсохдоо хэн ч уурлахгүй нь гайхмаар. Харин ч эсрэгээрээ нарийн нандин бараа ирлээ гэж баярлана. Үүрийн таван жингээр дэлгүүрийн гадаа очиж, очер авсан хүн ховор бараа олж авна. Хүмүүс шивэр авирхийлцэн,
-Дэнжийн дэлгүүрт дээлийн торго ирсэн гэсэн. Шар дэлгүүрт орны орос аравч зарах юм гэнэ лээ! гэх зэргээр чухал мэдээгээ сэтгэл харамгүй хуваалцана.          
-Долоо хоног үзсэн харсан ч юм байхгүй дэлгүүрт очерлоод таарлаа даа, гээд айлын эзэгтэй нар сэтгэл хангалуун инээлдэнэ. Ор, толь гээд хэрэгтэй юмаа олж авсан болохоор баяртай байхаас ч яахав. Цагаан төмөр ор, түмпэн савны төлөө хүртэл очерлож, алалцах шахдаг байсан цаг. Халуун наранд хөлсөө гоожуулан зогсож, шахцалдаж түлхэлцсээр байж, авсан цагаан төмөр ороо тостой нь үүрээд маадгар алхсаар айлын эзэгтэй гэртээ ирнэ. Боодлыг нь хуулж, тосыг нь арчиж тулсныхаа дараа гэрийнхэн лүүгээ нүүр дүүрэн хардаг байж.
Доржсүрэнгийн гэрт ажил үүргийн хуваарь арай өөр. Өрх гэрийн санхүүч Гомбо ах ийш тийш сураг ажиг тавьж, очер дугаарт зогсож ховор живэр юмнуудыг хамж ирнэ. Доржсүрэн хүүхэд болохоор нандин барааны төлөө гүйхгүй, тэр ч бүү хэл наадмыг ч тэгтлээ сонирхохгүй. Гомбо ахынхаа өгсөн хэдэн төгрөгөөр сугалаа сугална, чихэр авч иднэ. Ах нь нэг удаагийн наадмаар л их өгөөмөр загнаж, хүүд зуун төгрөг өгсөн түүхтэй. Тэр наадмын өмнө Доржсүрэн мянга гаран төгрөгийн өндөр цалин авсан учраас тэгж шагнасан хэрэг. Түүнээс биш наадмын халаасны мөнгө гээд хорь гуч, сайндаа тавийг л өгдөг байж.
“Тарвагант” гээд хайрцган дээрээ тарваганы зурагтай орос тамхи тэр үед худалдаанд ирдэг байлаа. Дотроо арван ширхэгтэй, янжуур маягийн эд. Хайрцаг нь арван мөнгөний үнэтэй. Саваагүйтээд тэр тамхинаас авч, наадмын талбайгаас холдож, Туулын бургас руу ирж нууцаар татна. Ингэж зүггүйтсээр нэг л мэдэхэд тамхинд орж, байнга баагиулдаг болчихсон гэдэг. Гэрийнхээ завган доогуур хайрцагтай тамхиа нуух бөгөөд, гарахдаа сэм сугалж өвөртлөнө.
Тэр үеийн Улаанбаатарт бүх үйлчилгээг хятадууд явуулж байлаа. Эрээн цоохор хээ хуартай морин тэрэгтэй хятадууд таксиний үйлчилгээг орлоно. Хятад гуанзны хуйцаа шиг амттан ховор. Төмс хүнсний ногоо, нарийн боов бүгдийг хятадууд залгуулна. Хамгийн уран мужаан, нимгэн төмрийн чадвартай дархан бас л хятад. Шинэ цагийн гангачуудын гоё хувцсыг хятад сайвангууд л оёно.
Таван гудамж гээд одоогийн Тэнгис кинотеатрын орчимд нилдээ хятадууд сууна. Хөнгөн амьдрал хайсан монгол хүүхнүүд гүйлдэж очоод хятадуудтай суучихсан байх агаад ажил хийхгүй, аль үнэтэй хувцас гоёлыг өмсөж эдлэн сууцгаах нь дэндүү жаргалтай. Мөрийтэй тоглоом тэрхүү Таван гудамжинд л явагдаж, сэргийлэх цагдаагийнхан тэндээс л тоглоомчдыг барьж авна. “Буу, күйдэн гэгч сүрхий тоглоом тоглож байсан хэдэн хүнийг барьсан гэнэ” гэх зэргийн сүртэй цуу яриа амнаас ам дамждаг байлаа. 

2 comments:

Anonymous said...

Dainii daraa orost ihenh yum kartand baisan gedeg tegheer manaid engiin tumpun, ornii aravch met n hovor nandin baraa boltson baih l daa. Ungursun zuunii haranhui niigmiin baidal shaldir buldir baisan baih.

A.Амарсайхан said...

Анонимд:
Шалдир булдар гэдэг үг энд тохирохгүй болов уу. Тэр үеийн хүмүүс цагаан ор, төмөр түмпэнгийн дараалалд зогсдог ахуй хангамж муутай хэдий ч хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй байсан. Урлаг соёлоор өнөөгийн биднийгээ дагуулахгүй. Зуу хүрэхгүй мянган хүнтэй Улаанбаатарт зөндөө театр, соёлын ордонтой гэгээрсэн үе байсан.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates