Showing posts with label Орчуулга. Show all posts
Showing posts with label Орчуулга. Show all posts

Wednesday, December 1, 2010

Задорновын ярианаас

М.ЗАДОРНОВ

АНГЛИ БҮСГҮЙ, ОРОС ҮЙЛЧИЛГЭЭ
Нэгэн англи бүсгүй гучин нэгний өдөр Лондон руугаа Аэрофлотын онгоцоор нисэхээр шийджээ. Английн компаниудыг бодвол Аэрофлот нь ямар ч гэсэн хямд байж л дээ.
Онгоцны буудлын гадаадынханд зориулсан тусгай танхим VIP-д бүсгүй орж явчихав. Бүртгэлийн тавцангийн ард нисэх буудлын ажилтан, жинхэнэ манай орос авгай улаа бутарч нүд нь манараад сууж байлаа. Гучин нэгэн, шинэ жилийн баярын өдөр. Тэгээд бас үдийн цай өнгөрчихөөд байгаа шүү дээ. Англи бүсгүй оросоор ус цас шиг ярьдаг хүн тул,
-Та чинь согтуу байна шүү дээ гэж эгдүүцлээ. Манай орос авгай ч яахав, манай маягаар л хариу барилаа.
-Хн, юу нь болохгүй байна?
-Би гомдол гаргана даа!
-Хэнд тэр вэ? Ээ базарваань! Чамайг дарга дээр оруулаад өгөх үү, тэгээд?
-Тэг! Оруулаад орхи намайг!
Согтуу авгай бүдчиж, англи бүсгүй ярвайн дагаж, явцгаасаар даргын өрөө рүү орж л дээ. Харин тэнд нь идээ будаа дүүрэн өрсөн ширээний ард дарга сууж байлаа. Яг л хээр тарвалзаж байгаа эр хүн шиг налайж, улаа бутруулж нүд нь мөн л манарсан байх аж. Зангиа нь хажуу тал дээрээ гарчихсан, пиджакаа зөрүүлж товчилсон харагдана. Англи бүсгүйд хаанаасаа жинхэнэ орос зан байх вэ дээ, чааваас.
-Паах! Та бас согтуу юу?! гэж чарлалаа.
-Юу? Би согтуу байна гэж үү?! хэмээн дарга үнэн сэтгэлээсээ гайхаад,
-Би ч харин гайгүй байна шүү. Та нисэх гэж байгаа экипажийнхаа нисгэгчдийг хараагүй байгаа шүү, харин ч! гэж цааш хэл ам орооцолдууллаа. Англи бүсгүй айснаасаа болоод энэ өдөр Лондон ниссэнгүй, шинэ жилээ Москвад угтлаа. Түүнд орос занг ойлгох ухаан байхгүй учраас тэр шүү дээ, чааваас.

ЗАРЧИМГҮЙ ЮМ!
Ялта хотын одон орны судлалын оргилд орон нутгийн нэгэн дарга гэр бүлийнхээ хамтаар морилжээ.
-Нөхөөд!.. Бидэнд өнөөдөр Сар луу дурандаж үзэх хүсэл төрлөө л дөө. Охины маань төрсөн өдөр болоод... хэмээн дарга үгээ зөөж тавин, дарга хүнд л байх буурь үзүүлэв. Одон орон судлаачид:
-Харамсалтай нь та хожимдчихсон байна. Сар хэдийнэ жаргачихсан гэж даргад тайлбарлав. Даргын царай хувьсхийж, машид эгдүүцэж байгаа бололтой.
-Яасан зарчимгүй юм бэ! Та нөхдөд намайг ирнэ гэж хэлээгүй юм уу? гэж уурссан гэдэг.

Wednesday, April 7, 2010

ОЙЛГОЖ БАЙНА УУ, ААН?

Михайл ЗАДОРНОВ

(хөгжилтэй тохиолдол)
Калининградад тоглолтоор явж байлаа л даа. Нэлээд уудаг болов уу гэмээр царайтай нэг нөхөр соёлын төвийн хувцас сольдог өрөө рүү минь орж ирлээ. Тэр:
-Манай Оросод хэнд ч хэзээ ч тохиолдохооргүй юм тохиолдож байдаг гэж таны ярьдаг нээрээ мөн үнэн юм аа. Өөрөө өөрийнхөө амьдрал дээр мэдэж авлаа. Би саяхан бараг л архинд орчихсонгүй. Тэр юу ч биш, бүр амьдралд итгэх итгэлээ алдчих шахсан гээч. Ойлгож байна уу, аан? гэлээ. Тэгээд доорх тохиолдлыг ярьж өгсөн юм.
Хадам ээж минь амралтаа аваад яваад өглөө. Би өөрийнхөө ногооны талбайнхаа задгай байсан талыг нь хааж хашаа барихаар шийддэг юм байна. Эвхдэг метрээрээ талбайнхаа уртыг хэмжиж үзвэл яг арван хоёр метр байх юм. Ингээд л дөрвөн метрийн урттай гурван далбаа захиалчихлаа. Хашаагаа ачиж ирээд далбаа бүрээ зэрэгцүүлэн биен рүү нь сайн шахаж тавив. Тэгтэл бүтэн хагас метр уртадсан байгааг би гэнэт олж хардаг юм байна. Талбайгаа дахиад хэмжээд үзтэл яг арван хоёр метр хэрнээ эгнүүлэн тавьсан далбаанууд маань бүтэн хагас метр илүү гараад байдаг. Бүх далбаануудынхаа уртыг нэг бүрчлэн хэмжлээ, бүгдээрээ л дөрвөн метр байх юм. Дахиад л нэг бүрчлэн эгнүүлээд тавилаа. Дахиад л илүү гарч байна. Бүр гайхаш тасарлаа. Бүх юм зөв баймаар тэгтэл хашаа яах аргагүй бүтэн хагас метрээр илүү гараад байдаг! Аргаа барсандаа дөрвийг гурваар үржих үйлдлийг бага ангийн хүүхэд шиг багана болгон бичиж байгаад хийж үзлээ. Арван хоёр байна! Хашаагаа өрөөд үзлээ дахиад л метр тавин сантиметр илүү гарлаа! Ингээд л би анх удаа мал болтлоо архи ууж үзлээ. Ойлгож байна уу, аан? Орос хүнд шийдэж болохгүй байгаа асуудлыг шийддэг ганц л арга байдаг юм шүү дээ.
Маргааш өглөө нь архи гарахлаар нь найзуудаа дуудлаа. Яаж хэмжээд ч яаж зэрэгцүүлж өрөөд ч хашаа бүтэн хагас метрээр уртадсан хэвээр. Орой гэхэд бүгд мал болцгоосон байлаа. Аргагүй шүү дээ. Би танд чин үнэн зүйлийг ярьж байна шүү дээ, ийм тохиолдолд л амьдралд итгэх итгэл алдагддаг юм билээ. Үржүүлэхийн хүрд өөрчлөгдчихсөн байдаг. Гэтэл хэн ч чамд энэ талаар хэлэхгүй байгаа ч юм шиг.
Тэгээд юунаас болсон байсан гэж санана? Хадам ээж амралтаараа явахаасаа өмнө тааз будсан байгаа юм. Тэгээд эвхдэг метр дээр минь будаг асгачихаад надаас нуух гээд, будаг болсон тавин сантиметрийг нь хайчилж хаячихаад нийлүүлээд маш эвтэйхэн наачихсан байсан гээд л бод! Ойлгож байна уу, аан?

Хөрвүүлсэн А.Амарсайхан

Wednesday, March 31, 2010

М.Задорновын ярианаас

М.Задорнов

ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
ХУДЛАА ДӨРВӨН САРЫН НЭГЭЭН

ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ
Нэгд германчуудын ёсорхог зан, хоёрт тэдний машины үйлдвэрлэлээрээ үргэлж бардамнаад байгаа нь орос эрийн хор шарыг дэндүү хөдөлгөдөг байв. Эвий чааваас орос ах би "УАЗ-69"-өөрөө бахархдаг гэлтэй биш дээ. Тэгээд тэр тэссэнгүй.
-Та нар чинь юундаа Мерседесээ цаг үргэлж магтдаг байна аа? За яахав, надад “Бенц-600” бий л дээ. Тэгэхдээ би жишээлбэл, багажнаасаа автийрх аваад, тэр муу ямбийгаа цоо хатгасан ч чадна, ойлгов уу? гэв. Герман найз нь ч эгдүүцэж,
-Чи чадахгүй. Би л лав итгэхгүй. Мерседес чинь дэлхийн хамгийн нэртэй пүүс шүү дээ! гэж байна гэнэ. Тэгэхээр нь орос эр сэргэлэнтэхээр шийдэж,
-Мөрийцөх үү, тэгвэл? 1000 доллараар шүү! Зөвшөөрнө биз? гэлээ.
-Тэгье! Барьчих уу, тэгээд? гэж герман залуу баярлав. Германы машин үйлдвэрлэлийн бахархлыг ингэж доромжлоно гэдэгт тэр яагаад ч итгэхгүй учраас тэр шүү дээ. Түүний нүдэнд зүгээр л хийсээд ирж байгаа мянган доллар нь харагдаж байлаа. Гэвч хөөрхий орос ахын ухааныг мэдэхгүй учраас л тэр шүү дээ.
Орос эр “Бенз-600”-гийнхаа орой дээр дэвхэрч гараад, хамаг хүчээрээ бүлж гарлаа. Машины нь дээвэр өм цөм үсэрч, олон нүх гарах нь тэр! Герман залуу ч цонхийтлоо цайж, 1000 доллар сарвайлаа. Харин орос ах тэндээсээ холдмогц, авто засварын газар луу ухасхийж ороод, машиныхаа оройн цоорхойтой хэсгийг зүсүүлж аваад, ердөө л 300 доллар төлж, тэр хэсэгт нь люк тавиулчихаж байгаа юм даа!

ХҮҮХЭЭД, МАЙ ЭНЭ СТАКАН АВ!

Нэгэн эмгэн оршуулгын газраас цэцэг хулгайлдаг байв. Тэтгэврээр аж төрж болох биш дээ чааваас. Тэгээд л ийм "бизнес" бодож олсон хэрэг.
Нэгэн өдөр “бизнес"-тээ хэт улайраад
ардаа байх, шарилын шинээр ухсан нүхийг анзааралгүй уначихжээ. Унасан нүх нь дэндүү гүнзгий байсан тул яаж зүтгээд ч гарч чаддаггүй гэнэ. Тэгээд яахав дээ, жаахан идэх юм авч гарсан минь яамай даа гэж бодож. Шарилын нүхний ёзоорт алчуураа дэлгээд, ганц шил тараг, тостой талхаа гаргаж тухаллаа. Ерөнхийдөө цэвэр агаараар гүнзгий амьсгалж, идэх уухаасаа таашаал авсан шиг ээ суув. Хэн нэгэн ойруур өнгөрөхийг хүлээж байгаа нь тэр.
Орой болтол хэн ч ирсэнгүй. Тэгтэл харанхуй болохын үест хоёр нөхөр хүрч ирэх нь дуулдав. Шарилын дэргэд ирж, тухлан суугаад ууж эхлэв.
Хөөрхий эмгэн хоёр эрийг яаж эвтэйхэн гуйвал намайг татаж гаргах бол доо гэж бодов. Хоёр эр ярьж байна гэнэ.
-Чи ганц татчихаач.
-Уувал ч уучихмаар л байна. Даанч шилээр нь уухаар явахгүй юм аа. Хундагатай ч болоосой гэв. Тэгтэл яасан гэж санана. Гэнэт газар дороос хүн дуугарч, стакан барьсан эмгэн хүний хатингар гар гарч ирснээ,
-Хүүхээд!.. Май энэ стакан ав! гэлээ.
Хоёр эрийн нэг нь тэр дороо ухаан алдан унаж, нөгөө эр архи авсан хүнсний дэлгүүр хүртлээ гүйснийхээ дараа л нэг юм ухаан орсон гэдэг.


Хөрвүүлсэн А.Амарсайхан

Thursday, December 24, 2009

Чапаев, Анка, Петька гурав оршивай

Чапаев архи ууж сууна. Петька гүйн ирж илтгэнэ.
-Тамхины галаар түлээд ч мэдүүлэг өгдөггүй шүү! Муу цагаантан чинь!
-Хурууг нь нэг бүрчлэн хугал!
-Мэдлээ, гүйцэтгэе!
Анка орж ирнэ.
-Хурууг нь арвууланг нь хугаллаа. Юу ч хэлдэггүй ээ!
-Хүзүүг нь хуга мушги!
-Мэдлээ, гүйцэтгэе!
Петька гүйж орж ирнэ.
-Хүзүүг нь хугаллаа. Хэлдэггүй ээ. Эцсийн аргаа хэрэглэх үү?
-Тэг тэг.
Петька гүйн очоод эцсийн аргаа хэрэглэтэл, цагаантан ярвайн орилно.
-Аа ааа! Бууж өгье өө, үнэнээ хэлье ээ! Аа-аа-аа!
Петька Чапаевын оймсыг цагаантны хамарт барьчихсан үнэртүүлж байгаа харагдана.


Шөнө дунд Анка унтаж байтал Петька гарч ирээд,
-Бушуухан морио эмээллээд давхи! Эмчийг дуудаад ир! Чапаев хундага залгичихлаа! гэж чарлав. Анка нойрмоглон удаан гэгч морио эмээллээд, мордох гэж байтал Петька дахин гарч ирэв.
-Анка эмч рүү яваад хэрэггүй ээ! Бид өөр хундага олчихлоо гэж байна гэнэ.

Thursday, November 26, 2009

ҮНЭНЧ ЭР

Михаил ЗАДОРНОВ

/хөгжөөнтэй тохиолдлуудаас/
Санамсаргүй тааралдсан нэг нөхөр намайг зогсоогоод, шууд л гудамжинд энэ түүхийг ярьж өгсөн юм. Энэ явдал түүний яг толгой дээр нь буюу, дээд давхарт нь болж л дээ.
Харалдаа дээр нь аж төрдөг хөрш нь тэр өдөр найзтайгаа навс согтсон юмсанж. Тэгээд яахав дээ нэг бол охид хүүхнүүдийг оролдмоор, эсвэл баатарлаг үйлс бүтээмээр, нэг л тийм сайхан сэтгэгдэл төрөөд явчихаж. Хүүхэн олно гэдэг тэр хоёрын хувьд ирээдүйгүй зүйл болох нь ойлгогдож, баатарлаг үйлсээр оролдох л ганц сонголт үлдэв. Хоёр найзын нэг нь:
-Би гурван давхрын цонхоор үсрээтэх үү? Үсэрч чадна гэж мөрийцөх үү, аан? гэлээ. Хоёр дахь эр мэдээж эгдүүцэв.
-Битгий тэнэгт! Галзуу солиотой юм уу, хаашаа юм? Хэмхэрч үхнэ ш дээ!
-Үгүй яах ч үгүй!
-Сагсуу минь, хэмхэрнэ дээ! Мянгуужин уу чи?
-Мянгуужин гэнэ ий?! Би тэгээд Мянгуужин шиг худалч болж таарч байна уу? Тэгж ярих юм бол би хэзээ ч худлаа хэлж үзээгүй хүн. Харж бай...
Гомдсон найз үнэхээр худлаа хэлдэггүй гэдгээ батлахаар цонхны тавцан дээр гарснаа сүр сар хийгээд л далд орлоо. Түүнд итгэхгүй байсан нөгөөх найз нь айсандаа тэр дороо архи нь гарчих нь тэр. Цонхоор ч харж чадахгүй “түргэн” дуудах санаатай адгаж байлаа.
Согтуу хүн сохор ухаантай гэж зүгээр ч нэг үг биш аж. Үнэнч эр маань тааруухан кинонд гардаг шиг бут руу ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зөөлөн зүйл дээр уначихсан юм байлгүй амьд мэнд үлдчихэж л дээ. Түргэн тусламж ирж байх зуур мань эр буцаж гурван давхар өөдөө гараад ирж. Найз нь баярласандаа болоод мэдээж 103 руу “Одоо та нар хэрэггүй болсон. Битгий ир” гэж утасдахаа мартаад, архи балгадаг ариун шударга хүмүүсийг харж үздэг бурханд баярлаж, гэнэтийн сайхан учрал тохиолыг бахдан ярьж гарав аа. Яг энэ мөчид түргэнийхэн ирж, дамнуургаа дамжилдан гурван давхарт гүйлдэн гараад, хонходлоо. Хаалга онгоймогц “Хэн түргэн дуудсан бэ?” хэмээн тэвдсэн хоолойгоор асуулаа.
-Би.
-Юу болоо вэ?
-За даа, нэг их сүртэй юм биш ээ. Бид хоёр жаахан хэтрүүлээд, найз маань энэ цонхоор үсэрчихлээ л дээ. Тэгээд та нарыг дуудчихсан чинь, муу хог чинь, яагаа ч үгүй, ороод ирдэг байна ш дээ...
Түргэнийхэн гурвуул гурван зэрэг мань хоёрыг хараалаар булаад, хүүхдүүд минь худлаа хэлж болно оо, гэхдээ арай ч ингэж дэгсдүүлж болохгүй гэж загнав.
-Өө, та нар над итгэхгүй байгаа юм уу? хэмээн үнэнч эр уурлав. Намайг цонхоор үсэрсэн гэдэгт итгэхгүй байна аа гэдэг чинь намайг худалч гэж байгаа хэрэг. За харж бай...
Ингээд тэр дахиад л үсэрчихлээ! Түргэнийхэн үсэрсэн эрийг газарт буухаас нь өмнө амжиж дамнуургаа доор нь тосох гэж байгаа юм шиг л шатаар доош харвацгаалаа. Харамсалтай нь хоёр дахь үсрэлт хамаагүй эмгэнэлтэй явдлаар төгсөв. Өөрийн үнэнчдээ дэндүү бардам эр маань хэдийгээр амьд үлдсэн ч гэлээ сэхээн амьдруулахад хүргэгдсэн юм. Түргэнийхэн түүний унах газар дамнуургаа ивж амжаагүй учраас тэр шүү дээ.
Орчуулсан А.АМАРСАЙХАН

Monday, August 17, 2009

ХУЛГАР

М.ЗАДОРНОВ
/наргиантай тохиолдлуудаас/

Ард түмний дунд заншсан хэллэгээр хуучин “нарсанд” сууж байсан нэгэн “хулгар” “наранд” гарчээ. Албан хэллэгээр бол нэг хүмүүжигч суллагдаад оршин сууж байсан газар луугаа илгээгдсэн хэрэг л дээ. Нутагтаа ирээд удтал ажил олж чадсангүй байж байж, арайхийн нэг юм галзуугийн эмнэлэгт жолоочоор оржээ. Анхны цалин буух өдөр нь түүнд: “Өөр эмнэлгээс өвчтнүүдийг зөөж авчир. Ингэснийхээ дараа орж ирж цалингаа аваарай” гэж түүнд хэлэхэд нь тэр мэдээж, маш их баярласан хэрэг. Тогтоосон замын дагуу өвчтнүүдийг зөөж явахдаа түр зогсож анхны цалингаа угааж жаахан шар айраг уухаар шийдэв. “Энэ муусайнуудыг түгжчихээд, ганц аягыг гялс хөнтөрмөгцөө л очих тавилантай газар нь хүргээд өгчихье” гэж ч бодов, бодсоноороо ч хийлээ.
Гэвч эргээд гараад иртэл “микро” тэргэнд нь нэг ч хүн байдаггүй. Орос оронд шоронгийнхон төдийгүй өвчтэй юмнууд хүртэл хумс, бичгийн хавчаараар яаж хаалга онгойлгохыг сурчихсан цаг юмсанж хэмээн “хулгар” гасаллаа. Хоосон машинтайгаа санжигнаад очвол хэн ч түүнд цалин өгөхгүй гэж толгойд нь орж ирлээ! Ингээд л жинхэнэ орос авхаалжтай эрийн шийр заав... Автобусны буудал руу давхичихлаа... Яваад очвол хүн гэдэг чихээстэй.
-Нөхөд өө, та нарыг хүргээд өгөх үү?
-Хэдээр явахийм? Үнэтэй л хэлэх байлгүй дээ?
-Үгүй ээ, хүссэн үнээр чинь яваад өгье.
-Өө хө, тэгвэл дуртай байлгүй яахав, явъя!
Хямд юмыг сонговол хоёр дахин төлдөг гэж зүгээр ч нэг ярьдаггүй юмсанж. Хулгар тэднийг галзуугийн эмнэлэгтээ хүргээд, тэрэгнийхээ хаалгыг түгжээтэй нь орхиод, хамаг хурдаараа хүлээн авах руу гүйж оров. “Та нар хаалга онгойлгохоороо өвчтнүүдийн ганц ч үгийг битгий сонсоорой, бүх замын турш бид галзуу биш, биднийг хааш нь аваад ирэв ээ гэж орилолдлоо... Галзуу юмнууд, чинь!” хэмээн залхсан хүний дүр эсгэх нь тэр.
Тэгээд жолооч өөрөө яахав дээ, энэ бүхний учир начрыг олчихоогүй байгаа дээр нь цалингаа авахаар гүйсэн хэрэг! Түүний ачиж ирсэн хүмүүсийг бүгдийг нь тасгуудаар тараан хэвтүүлээд, ярьж байгаа юманд нь хэн ч итгэхгүй байсаар хэд хоногийн турш эмчилж сувилж байсан гэдэг.

Хөрвүүлсэн А.Амарсайхан

Monday, June 29, 2009

ДЭНДҮҮ СИЙРҮҮ ТОЛГОЙ

Михайл ЗАДОРНОВ

Манайхны хоёр залуу хөдөөгийн нэгэн замаар хоёр дугуйтаараа салхи исгэрүүлж явж л дээ. Хотын цаахнатай байх уулзвар дээр тэднийг цагдаа зогсоогоод төрийн хүнд байх ёстой төрхөөр ширүүн гэгч асуув.
-Яагаад хамгаалах дуулгагүй явж байдаг билээ? Ер нь хамгаалах дуулга гэдэг чинь, нөхөд минь, ачааны тэрэгний жин дарах цохилтыг даадаг юм. Дуулгагүйгээр хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь аюултай! гэхчлэн бүхэл бүтэн цагийн хичээл уншаад, мэдээж хэрэг торгож л дээ.
Торгуульд хэдэн юм алдсандаа нөгөө хоёр жаахан гутраад, цаашаа давхижээ. Төрөлх тосгондоо хүрээд, ажлаа амжуулчихаад буцах болов. Мэдээж нөгөө л замаараа шүү дээ.
-Тэр муу цагдаа дахиад л бид хоёрыг торгоно доо. Тосгоныхоо хаанаас нь дуулга олох вэ? гэж залуус бодол болов. Нэгнийх нь дэндүү сийрүү толгой тэр дороо ажиллав гэнэ.
-Хөөш, миний цүнхэнд усны бөмбөг байгаа. Яг дундуур нь зүсэж хуваагаад, толгойдоо углачихъя. Муу тэнэг цагдаа холоос хараад хамгаалах дуулга л гэж харна шүү дээ гэх нь тэр.
-Тэгье. Миний хөгшний сийрүү толгойг уу? Дэндүү шүү! гэж цаад нөхөр нь дуу алджээ.
Таллаж зүссэн бөмбөгөө толгойдоо углацгаав. Хийсчихэж мэдэх тул туузан наалтаар хүзүүгээрээ бүчлэн нааж тогтоов гэнэ. Манайхан туузан цавуугаар юуг л эс наадаг билээ дээ.
Ингээд давхицгаалаа. Тал бөмбөгөөр хийсэн уран бүтээл нь дуулгатай тийм ч адил харагдахааргүй байсан тул дэндүү сийрүү толгойт хаширлаж,
-Дуулга дээрх эржгэр бижрүүг тэр муу хог харчихаж магадгүй. Цагдаагийн хажуугаар гарахдаа хурдаа огцом нэмээрэй, ойлгов уу? гэжээ.
Цагдаагийн хажуугаар гаран алдаж явтал нэгнийх дуулга нь хийсээд явчих нь тэр. Бүр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нүдний нь өмнө шүү. Цагдаа сонор сэрэмж гэж аюул хүн тул тэр дор нь шидэт дохиураа өргөлөө. Мэдээж өглөөний торгуулиар олсон юмаараа жаахан найрлаад зуу татчихсан учир хэн нэгэнтэй ярихыг маш их хүсэж байсан хэрэг. Энэ удаа яагаад дуулгагүй явж байгааг зүгээр л асуугаад өнгөрсөнгүй, хамгаалах дуулга бол ачааны тэрэгний жинд хүрэх цохилтыг даадаг тухай өнөөх хичээлээ дахин уншив! Уншаад ч зогссонгүй амьд үзүүлэн дээр харуулахаар шийдэж,
-За, чиний найз дуулга өмсчээ, их сайн байна. Дуулгатай болохоор ямар ч цохилтыг даана гэсэн үг. Харж бай!
Ингээд л шидэт дохиураа далайж далайж, байдаг хүчээрээ хөөрхий залуугийн бөмбөгтэй толгой дээр байлгаад авах нь тэр! Дуулгатай тун адилхан харагдаж л дээ.
Үр дүнд нь дэндүү сийрүү толгойт маань сэхээний тасагт жаахан хэвтээд, тархи хөдөлсөн гэсэн оноштой, насаараа ярьж хүн инээлгэх сайхан паянтай болоод гарч ирсэн байгаа юм даа.

Хөрвүүлсэн А.АМАРСАЙХАН

Saturday, June 6, 2009

АЛДААНААС СУРАЛЦДАГ ЮМ

М.ЗАДОРНОВ

(хөгтэй тохиолдлуудаас)
Орос нутгийн гүнд, байдаг л нэг хотод энэ явдал болсон юм л даа. Нэгэн залуу санаандгүй явж байгаад бүсгүйтэй танилцжээ. Манайхан танилцахаараа яадаг билээ дээ, шар айрганд зэгсэн халцгаав. Халах ч гэж дээ, бүр улайдаад, сэтгэл гээч ч хөөрөөд явчихаж. Залуу манайд очъё гэж санал тавихад нь бүсгүй ч зөвшөөрөв. Гэхдээ хөөрхий залуу, бүсгүйг зөвшөөрсний дараа царай нь улайж, ерөнхийдөө түүнд байр байхгүй болохоо хэллээ. Гэлээ ч гэсэн залуу гарааштай байсан юм.
Маягтай, хамар амаа дарсан хямсгар амьтан бус, жинхэнэ орос цусны, юунаас ч айдаггүй бүсгүй таарсан байж. Галзуу барын аманд гараа хийхээс ч сийхгүй, шийдэмгий, хэрэгтэй бол гарааш руу явахаас ч буцахгүй амьтан юмсанж.
Гараашдаа ч ирэв. Нэг л эвгүй оргилоо. Гараашийг тохь тухтай ордон шиг санагдтал хангалттай их шар айраг ууж чадаагүйгээ залуу ойлголоо.
-Шил цагаан архинд гүйгээд ирэх үү гэхэд нь,
-Бушуухан л гүйчихээд ирнэ гэх юм бол би зөвшөөрье гэж бүсгүй анхааруулжээ.
Залуу нь хэрийн хүнд итгэдэггүй амьтан байж таарч. “Ер нь зугтаачихвал яана?” гэж бодогдов. Юмыг яаж мэдэхэв бүсгүйгээ гараашдаа түгжчихээд явахаар шийдэж гэнэ. “Бушуухан л гүйгээрэй” гэж бүсгүйн анхааруулснаар мань эр гудамж хөндлөн гарахдаа яарсан гэдэг яав аа. Замаар хурдалж явсан машин түүнийг хамраараа хамаад хаячих нь тэр! Бурхны авралаар амьд үлдэв! Гэлээ ч хүнд гэмтэж, түүнийг түргэний тэрэг авч одлоо. Сэхээнд гурав хоног хэвтээд, ухаан ормогцоо гараашдаа бүсгүй байгааг санав гэнэ. Ийм аймшигтай юм санаанд нь орсон юм чинь арга байж уу, сэтгэл нь огцом хямарч, дахин ухаан алдаад, бас хоёр хоног болов. Тав хоногийн дараа хөөрхий амьтны сүнс нь биедээ арайхийж эргэн ирэв. Сүнстэй нь хамт ичих нүүр нь ч ажилд орж, шаналгав гэнэ. Гэвч түүнийг эмнэлгээс яагаад ч гаргасангүй. Найз руугаа утас цохижээ.
-Аминд орж үз! Миний гараашид нэг эмгэн байж байгаа. Аль хэдийнэ долоо хоночихоод байна. Чамайг үнэхээр гуйж байна шүү, манайд очиж, түлхүүр аваад, тэрнийг гаргаад өгөөч!
Найз нь хэрэггүй л аврагч болохыг зөвшөөрч, хөөрхий! Бүсгүй жинхэнэ орос маягийн махтай мариатай, булчин шөрмөс зангирсан эрчтэй хүчтэй эмэгтэй байж л дээ. Харин тэр гараашид нь юу байж таарсан гээч, хүрз! Тэр гартаа хүрз бариад, гурав дахь хоног дээрээ, оросын урлагийн алдарт бүтээл “Сэлүүр барьсан бүсгүй”-н зогсолтоор зогсон хүлээж байлаа. Хэн нэг нь гараашийг онгойлгох л дутаад байсан хэрэг. Бүсгүйд бол хэн онгойлгох нь сонин биш, зөвхөн ганц зүйл л шаардлагатай байв. Долоогийн долоо хоногийн туршид хуримтлагдсан муугийн муу энергийг ямар нэгэн юманд гаргаж л таарна шүү дээ. Ерөнхийдөө найз нь бас л тэр дороо сэхээн амьдруулах тасагт очив. Ингээд хоёр найз зэрэгцээ орон дээр хэвтлээ. Хэвтэх ч гэж дээ, тэр хоёрт өвдөж, ёолж хэвтэх зав байсангүй, тохиолдсон адал явдлаа ярьж элгээ хөштөл инээж, өндөлзөж байсан хэрэг.
Гэвч эхэлж сэхээнд орсон, энэ бүх адал явдлыг өдөөсөн найз нь удаан инээх хувьгүй байж. Тэр эмнэлгээс гарч, гарааш руугаа очиж үзэх хүртлээ л инээсэн байгаа юм. Гараашид нь хүрз төдийгүй бас баруунд үйлдвэрлэсэн сайхан цахилгаан өрөм байсан юмсанж. Энэ бүх өдрүүдэд бүсгүй хийх юмгүйдээ ч тэр үү, дэлбэртлээ уурласандаа ч тэр үү залуугийн машины хамар, хаалга, бөгс... хаа сайгүй нүхэлж зугаагаа гаргасан байлаа. Тоо томшгүй олон нүхнээс үзэхэд тэр бүсгүйд ингэж өрөмдөх нь дэндүү таашаал төрүүлсэн нь илт. Ямар ч л гэсэн тэр цагийг нөгцөөж чаджээ. Машин нь томоос том шүүрэн шанага болж хувирсан байлаа!
Үүнийг надад адал явдлын баатар өөрөө ярьсан учраас би түүнээс:
-Тэгээд юу гэж, эцэст нь чи энэ түүхээсээ ямар нэгэн ёс суртахууны дүгнэлт хийв үү? гэж асуулаа. Тэр юу гэсэн гээч?
-Дахиж хэзээ ч гараашдаа цахилгаан өрөм байлгаж байхгүй! гэж шууд хариулж байгаа юм даа.

Хөрвүүлсэн А.АМАРСАЙХАН
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates