Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.
Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)