Tuesday, December 3, 2013

ДӨРӨВ ХОНОГИЙН “СУУЛТ”



/цуврал өгүүллэгийн гуравдугаар/

Хүдэр ажилдаа учиргүй их яардаг боллоо. Өглөөний цайгаа тухтай ууж ч чадахгүй, зүрх нь хөөрсөн хурдны морь шиг л тогтож ядан өндөлзөнө. Малгай, хүрмээ хам хум шүүрч аваад, ухасхийн гүйж гарах хүүгийнхээ араас ээж нь,
-Замаар болгоомжтой гараарай! Ухаангүй гүйж байж машин доогуур орчихвоо! гэж үглэсээр хоцордог. “Хүү минь барилгын ажилчин гэж дуудуулж, цалин авч байгаадаа ингэтлээ хөөрч догдолж, ажилдаа яарч байгаа биз дээ” хэмээн ээж бодно. Гэвч хүүгийн энэ их догдлолд өөр учир бий. Том хүмүүсийн зиндаанд ажиллаж, дарга даамал болгонд “Аливаад махруу, сайн хүү” гэж магтуулж байгаа нь ажилдаа ингэтлээ дурлах нэг шалтгаан болдог нь мэдээж. Харин хоёр дахь шалтгааныг Хүдэрээс өөр хэн ч мэдэхгүй. Томоогүй хүү энэ нандин нууцаасаа болоод учиргүй ичнэ. Дөнгөж долоодугаар ангийн балчир хүүхэд байтлаа эмэгтэй хүнийг бодож болно гэж үү? гэхээс нүүр халуу оргино.  
Хүдэр ажлын хувцсаа сольж өмсөөд зургаан давхар луу гарч ирвэл ажилчдаас хэн ч ирээгүй байлаа. Эгчмэд охины өчигдөр сандайлан сууж байсан цонхны тавцан дээр сууж үзэв. Зөрөх бүрт мэдрэгддэг содон үнэр нь анхилах шиг санагдаж зүрх булгилна. Гайхамшигтай сайхан мэдрэхүйд хамаг биеэ сул тавьж өгөөд, нүдээ анивал Тэргэлсарангийн дун цагаан шүд, хөөрхөн инээмсэглэл, хацрын хонхорхой тодрон харагдлаа.
-Хүүе ээ, чи чинь балай болчихоо юу? гэх дуунаар Хүдэр цочиж, ухасхийн бослоо. Тэргэлсарангийн доогтой харцтай тулгараад, царай час улайв. Саяын мөрөөдлийг минь мэдчихлээ гэх гэнэхэн айдас толгойд шууд орж ирснээс болоод маш их ичиж, өөрийн мэдэлгүй, 
-Аан..? гэх тэнэг авиаг амнаасаа унагаад, маанаг хүн шиг ангайж зогсов.                
-Мангар юм уу, чи? Ганцаараа маасайтал инээгээд сууж байхдаа яахав дээ.., гэж Тэргэлсаран Хүдэрийг зэмлэлээ. Тэгснээ тэсгэлгүй доогтой жуумайж, хацраа хонхойлгон инээмсэглэлээ.  
Үдийн завсарлага дөхөж байтал тоосго хүлээгдэж түр амсхийцгээв. Тэргэлсаран Хүдэрийн гиюүрч суусан цонх руу очсоноо дахиад л доогтой жуумайх нь адтай. Хүүгийн ухаан бодол энэ орчлонгоос тасраад өнөөх л гайхамшигтай мөрөөдөлдөө умбаж, эгчмэд охины сайхан бүхнийг сэтгэлдээ ургуулан, догдолж булгилж зогсов.   
-Яана аа, Мэргэжлийн хяналтынхан ирж байгаа юм уу даа? гэж охиныг дуу алдахад Чулуун гуай ирээд, цонхоор өнгийн доош харлаа. Хүдэр ч бас хэрэгт дурлав. Захирал Бэгз гуай, менежер Чимэгээ эгч хоёр албан хаагч бололтой гял цал хувцастай хүмүүстэй ярилцан зогсох нь харагдана. Менежер санаа зовнисон нүдээр дээш өлийн харснаа, цонхоор шагайж буй гурав дээр харцаа тогтоомогцоо царай нь бүр ч их барайчих шиг. Шалгалтынхан аашилж загнасан юм болов уу? гэж Хүдэр таалаа. Сургууль дээр нь дээд газраас шалгалт ирэхээр захирал хичээлийн эрхлэгч хоёр ч бас иймэрхүү царайтай болдгийг хүү мэднэ.
Тэр өдрийн ажил тарах дөхөж байтал Чимэгээ менежер Хүдэрийг өрөө рүүгээ дуудуулав. Захирал дарга нарын суудаг вагончик хэмээгчийн өмнө ирээд хүү хэсэг тээнэгэлзлээ. Шууд яваад орох хэцүү, хаалга тогшиж зөвшөөрөл хүсье гэхээр тэртэй тэргүй хаалга онгорхой.
-Эхэд нь учрыг нь хэлээд энэ хүүхдийг явуулахаас өөр арга алга даа гэж Бэгз захирал нухацтай хэлэх сонсогдоход Хүдэрийн толгой руу лүгхийтэл цохиод авах шиг болж, өмнөх газар, ар дахь барилга дайвалзаад явчихлаа.
-Ганц бие ядарсан эхийг өрөвдөөч! Энэ хүүг халчихвал эднийх дахиад л бөөн өрөнд баригдана. Тэгээд ч Хүдэр шиг ийм дуулгавартай, сайн ажилчин ахиад хаанаас ч олдохгүй. Уул уурхайн компаниуд хамаг ажилчдыг түүчихсэн шүү дээ гэж Чимэгээ эгч учирлаж буйг бүүр түүрхэн сонслоо.
Маргааш үд хэвийж байхад Хүдэр орон дээрээ гунигтай сууж байлаа. Өчигдөр түүнийг гэр лүүгээ уйлж гүйж ирэхэд, хөөрхий ээж нь гарч гүйн, Гүнжлхам найзтайгаа уулзаж, Чимэгээ дүүд нь хэлүүлж, гуйлгасан боловч “Ямар ч аргагүй” гэсэн хариу сонсчээ. Насанд хүрээгүй ажилчин авснаас болж компани том асуудалд орооцолдсон аж.
Нөгөөдөр нь Хүдэр гэрээсээ гарч, барилгын арын дэнж дээрх биеийн тамирын талбайд очиж суув. Ажил ид өрнөж буйг харсан хүү урт гэгч санаа алдлаа. Цалингаа хурааж, ээждээ гоё гутал авна гэж төлөвлөж байсан нь санаанд орж, цээж гэнэт бачуурав. Ээжийнх нь гутал хуучирч элэгдээд, яасан ч засал авахгүй болоод байгаа билээ.
Хүдэр өөрийн мэдэлгүй захирлын вагончик руу яваад орчихсон байлаа. Чимэгээ эгчийн царай хувьсхийгээд, Хүдэрийн ээжийн бие сайн эсэхийг асууж, барьц алдсан нь илт, хийх байхаа олж ядна. Бэгз захирал нааш эгцлэн харахаар нь,
-Та намайг ажиллуулаач дээ? Би ээжийгээ л баярлуулах гэсэн юм.., Цалингаа хураагаад гэрийн давхарлагаа, бас өвлийн түлшээ авах гэсэн юм! гэж Хүдэр уйлчих шахан учирлалаа. Захирал өрөвдөж байгаа нь илт хэдий ч, нүүрээ буруулж хажуу тийш харлаа. Чимэгээ эгч Бэгз гуай руу гуйсан нүдээр харсаар байсан ч захирал өнөөх л “Ямар ч арга байхгүй” гэдэг үгээ хэллээ.
Хүдэр өнөөх л талбайгаас барилга руугаа ширтэн суув. Алимаа эгч нь Чулуун гуайтай уралдах мэт шалмаг хөдлөн ханаа өрж байгаа нь харагдана. Чулуун ахын дэргэдээс танил ягаан алчуураар ороосон толгой шоволзоно. Тэргэлсаран тоосгоо зөөж ирээд буулгаж буй нь энэ. Барилгын нөгөө талд “Шингэн дуутай, шилэн нүдтэй, Шинээ мэргэн” гэж цоллуулдаг Шинэбаяр ах өргөгч цамхгаа жолоодон долоон давхар луу хавтан гаргаж байгаа нь харагдана. Угсралтын бригадынхан чанга дуугаар хашгиран заавар өгч, ажил ундарч байх аж. “Хүн бүхэн хөлсөө урсган зүтгэж байна. Ганц хүн л хийх ажилгүй гиюүрч байна” гээд бодохоор уйлмаар.
-Хөөе, Хүдэр ээ! гэх чанга дуунаар хүү бондгосхийтэл цочин эргэж харлаа. Бэгз захирал тэрэгнийхээ шилийг онгойлгон цээжээ гаргачихсан дуудаж байна. “Арай намайг буцаагаад...” гэж горьдож амжсан Хүдэр дороо нам хөшлөө.
-Бүтэн дөрөв хоног барилга руу ширтээд суучихдаг. Их эр юм аа, чи! Хувцсаа солиод, ажилдаа марш! гээд захирал инээлээ. Хүдэр чихэндээ итгэсэнгүй.
Өнөөх нэг л тоотой тоосгоо, нэг л замаараа зөөж явахдаа “Буцаагаад ажилд авч байгаа нь үнэн болов уу?” гэж итгэж ядаж, бас айж явлаа. Алимаа эгч нь “Зугуухан яв гэм” гэх өнөөх л үгээ өөриймсөг хэлж дуулдана. Тэргэлсаран зөрөх бүртээ хөөрхөн инээсээр л. Эгчмэд охины хацар дээрх хонхорхой, нүд, шүд, хөмсөг бүгд сайхан. Хүдэр энэ бодлоосоо ичээд дахиад л улайчихлаа.

4 comments:

Unknown said...

Solongosiin olon angit kino shig yum bolohnee. Hehe. Iim uhaantai hersuu huu amidrald alzahgui ee

Frank said...

Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж өвгөд зүгээр ч нэг хэлээгүй. Амарсайхан ахын бичвэр энгийн хэрнээ бас цаанаа нэг чимхээд авах нь бий!

munhkuu said...

энэ хөөрхөн өгүүллэгээ үргэлжлүүлэхгүй юм уу

Unknown said...

Ovoo udaan huleelgej bnaa. Zohiolch ni esvel yum ehluuleed orhisnoo martsiim boluu

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates