Wednesday, March 6, 2013

Тусгай салаа зохиолын судалгааны үеэр

 "Тусгай салаа" кино хийгдээд бас ч үгүй удчихаж. Уржигдар Бор-Өндөрт байдаг Эрхүүгийн бэлтгэлийн анд Мөнхзоригт минь залгаад "Чиний "Тусгай салаа"-г чинь дахиад л үзээд сууж байна" гэнэ ээ. Бор-Өндөрийн ТВ гаргаж байгаа юм байх. Тэгээд л зургуудаа эргэж үзэж, сайхан дурсамжинд баахан умбалаа. Маш олон зургууд байх юм. Заримаас нь блогтоо нийтэлж байна. 150 ангийн маршийн үеэр авахуулсан зургуудыг МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчин Төгөлдөр дүү минь дарсан юм.
  

 30 км-ийн маршид алхаад, "амьд" үлдчихээд зогсож буй байдал. 
Цаана нь тусгай ангийн ахлагч нар амралтын дараа зэвсгээ бэлтгэж байгаа байдал.
Өвдөгнөөс доошоо битгий оруулаарай гэж Төгөлдөрөөс гуйсан. Учир нь үзлийн муухай эсгий гуталтай байсан юм. Намайг хөлдчихнө гэж айгаад эсгий гутал өмсүүлчихсэн. Би ганцаараа тэнэг эсгий гуталтай. Хичнээн их ичиж байсан гээч.

013-р ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Даваарагчаатай. Сүхбаатарын танхимд. Саарал шинелээ тайлаагүй эрхэм анд минь хаа яваа бол доо? Даваарагчаа минь цэргийн албаны талаар их зүйл ярьж өгч, сэтгэл гаргаж тусалж байсан даа. Архангайн харъяат хүн. Тоншуулын анд, элэглэгч Булган-Эрдэнэтэй хамаатан гэдгээс нь л бид хоёрын яриа эхэлсэн дээ.
"Рот ноо-оомхон! Хайрт эх орныхоо төлөө амиа өргөж чадах уу?" гэж асууж байгаа нь.  Манай ротын байлдагч нар. Надад амьдралын онигоонуудаа харамгүй ярьсны ачаар Дэндэвийн дүр их хөгтэй болж өгсөн дөө. Цаанаас хоёрдугаарт зогсож байгаа ахлах байлдагч бол киноны маань дэд түрүүч Анхбаярын амьдрал дээрх дүр. Нэр нь Анхбаяр. Би зохиолдоо шууд нэрээр нь оруулчихсан.
 150 дугаар тусгай батальоны маршийн үеэр. Ангийн захирагчийн орлогч, хошууч Гантөмөр, сургалтын офицер, ахмад Даваа-Очир нартай хамт. Энэ марш бүтэн өдөржингийн ажил болсон. Цэргүүд ангиасаа өглөө гараад, шөнө буцаж ирсэн. Замдаа террористүүдийг илрүүлж, химийн аттакт өртөж, минажүүлсэн талбай туулж, зэвсэг илрүүлж, янз бүрийн "цагийн байдалд" ажиллаж байсан.
 АНУ-ын зөвлөхүүдтэй. Кино хийх гэж байгаа гэсэн чинь их сонирхож "Гүүд, гүүд" гээд л хуруугаа гозойлгоод байж билээ. Би хоол ундны төдий англи хэлтэй болохоор нилээн юм ярьсан. Афганистан, Иракт алба хааж байсан дарийн утаа үнэрлэсэн дайчид байна билээ. Монголын 30 хэмийн хүйтэнд нилээд даарцгаасан. Тэгэхдээ даарснаа мэдэгдэхгүй гэж их хичээцгээсэн. Замын турш "Үдийн хоол болж байна уу?" гээд л асуугаад байдаг. Бид чинь монголчууд болохоор өглөө босоод адууны өөх баахан идчихсэн. Тоохгүй алхаад л байна. 15 цаг өнгөрсөн хойно үдэлнэ гэсэн чинь урт амьсгаа авцгаасан. Их ч өлсөж, их ч даарцгаасан даа. Гэхдээ тэд нэрээ хичээж, үнэхээр гүрийж байсан.
 Тусгай батальоны мэргэн буудагч А.Амарсайхан гэдэг эр. СВД гэгч мэргэн буудагчийн винтов. 70, 80 ондоо бол гайхамшигтай буу байлаа. Гэтэл одоо англичууд 2 км-т бууддаг винтов хийчихсэн. Тэгээд л жаахан жаахан хоцрогдчихоод байгаа эд дээ. Оросын нэгэн хувийн үйлдвэр бас ийм сайн тусгалтай мэргэн буудагчийн винтов хийж чадна гээд туршилтын хувилбараа БХЯ-ндаа танилцуулсан. Гэтэл генералууд англи бууг зэвсэглэлд авна гээд зөрүүдлээд байгаа талаар хоёр жилийн өмнө уншиж байсан. Одоо юу болсон бол доо?
 Нэгдүгээр ротын захирагч, ахлах дэслэгч Энхбаяртай хамт. Манай Хурц ахмадын амьдрал дээрх дүр. Гэхдээ Хурц шиг цэргийнхээ эгчтэй суугаагүй шүү. Өөрийнхөө ангийн холбоочин, офицер бүсгүйтэй сайхан амьдардаг. Их сайхан гэр бүл байдаг юм. Хурц Нансалмаа хоёрын хайрыг өөр хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн. Амьдралд цэргийнхээ эгчтэй суусан тохиолдол маш олон бадйаг юм билээ. /Энхбаяр маань одоо тушаал дэвшээд ахмад хавьцаа явж байгаа болов уу/
 Нэгдүгээр ротын байранд. Цаана МУ-ын Баатар М.Жанчивын ор байна. /Манай нутгаас төрсөн баатар даа/ Одоо энэ байрнаас ханхалдаг үнэр хамрын үзүүрт сэнхийх шиг болж байна. "Кирзовые сапоги" гэж оросууд хэлдэг, манайхан бол "бакаал" гэдэг гутлын үнэр, бас олон эрчүүдийн хөлсний үнэр гээд их олон зүйл холилдоод, тусгай жор үүсдэг учраас их өвөрмөц үнэр гардаг. Шалыг нь лаадаад нүүр харагдтал зүлгэдэг. Ийм шалтай Ротыг өөр ангиудаар орохдоо би л лав хараагүй. Кинон дээр Сүлд, Дэндэв, Түвшин гуравын унтдаг ор миний өмнө талын хананы ард байгаа. Хурц захирагчийн өрөөнд бол би байрлаж байлаа. Шөнө унтах гэхээр орыг маань тулмайдаад яг унтахад бэлэн засчихсан байна. Өглөө босоод ирэхэд гутлыг минь нүүр харагдтал зүлгээд тавьчихсан байдаг. Би сүүлд нь өөрийн гараар гутлаа тийм болгох гээд чадаагүй. Хамгийн үнэтэй өнгөлөгч түрхээд ч тийм болдоггүй юм билээ.
 Шивээний толгой алддаггүй Шилт мэргэн Амараа гэдэг чинь энэ дээ. Би амьдрал дээрээ бол муугүй буудчихдаг хүн. Сум аймагт багш байхдаа, намар Далангийн нуруунд гараад 7 хоног ан хийхэд 80 гаран хулгар шар унагачихдаг л анчин байлаа. Харин сүүлийн хэдэн жил оготнын хамраас ч цус гаргаагүй. Энэ бууг зэвсгийн өрөөнөөс гарын үсэг зурж хүлээн аваад, нэг цаг хэртэй ашиглаад буцааж өгсөн. Хувцас бол дэд ахлагч Ариундэлгэрийнх. Ариундэлгэр бол Ирак, өөр хаана ч билээ энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн, булчин шөрмөс зангирсан сайхан залуу. Гар дээрээ сунайхаар нь тоолох гэтэл сүүлдээ залхуу хүрээд тоогоо алдчихсан. Нуруун дээрээ намайг суулгаад суниавал л тоологдох хэмжээний дүн гарах болов уу. Манай армийн шилдэг залуучуудын нэг дээ. Энэ кителийг өмссөн чинь гэдсээрээ маш их барьсан. Тэгтэл Ариундэлгэр "Та харин ч гүзээ багатай юм" гэж намайг магтсан.
 
 Миний байрлаж байсан өрөөнд, миний орон дээр сууж буй нь. Ахлагч Ариундэлгэртэй. Дунд сууж буй ах бол манай нутгийн ах юм билээ. Ахлах ахлагч цолтой. Жа дарга нар даа. Жа гэхээр манайхан дэглэдэг ах нар гэж боддог. Амьдрал дээрээ үгүй юм шүү. Цэргүүдтэй хамт ротын байранд байрлаж, бүх бэлтгэлийг нь хангаж, цэргийн амьдралд сургаж байдаг хүмүүс. Өмнө талд хөх будагтай төмөр сейф, баянхуур хөгжим байгаа. Кинон дээр энэ өрөөг Хурц ахмадын өрөө болгон зураг авалт хийсэн. 

9 comments:

Frank said...

Сэтгэлд ойрхон үлдэж дээ таны бүтээл..

Одоо ч гэсэн би тусгай салааг санаж байна. Сайхан бүтээл, бас маш сайн бүтээл. Бүтээл төрөх агшин ийм байжээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

Soronzon said...

100 насны ойд тань
Баярын мэнд хүргэе ээ.

Дэндэв said...

Өндөр амжилт хүсье. Улам ихийг бүтээгээрэй

ZAYA said...

Сайхан бүтээл болсон шүү нээрээ,
Таны энэ зургийг харсан чинь, соц үед бидэнд 9-10-р ангид цэрэгжилтийн хичээл ордог байсан даа, тэр санаанд орчихлоо.
Бидний үеийнхэн чинь "Шонхор" тэмцээнд бэлтгээд бас их гоё байдаг байжээ.
Буу угсрах нормативтэй, тэрийг биелүүлэхгүй бол дүнгээ авахгүй, охидууд 3 км-ын маршид явах энэ тэр гээд одоо бодоход хэрэгтэй байсан юм шиг ээ.

A.Амарсайхан said...

Фрэнкд:
Баярлалаа

Соронзонд:
Баярлалаа. Өндөр наслахаар сайхан юм аа. Хүмүүс баяр хүргээд л

Дэндэвт:
Баярлалаа

Заяад:
Энэ кино хийхэд цэрэгжилтийн хичээлээр өгдөг байсан мэдлэг их хэрэг болсон. Тэр үед энэ хичээлийг маш сайн ордог байжээ гэж бодогдсон шүү

Номинговь said...

Миний амьдралдаа үзсэн ганц Монгол олон ангит кино доо. Гарч байхад нь хөдөө ахындаа амарч бсан, Дэндэв үзнэ гээд аккумлятороо сайн цэнэглэж аваад мал хуйныхаа ажлыг эртхэн амжуулчихаад сууж бдаг байжуулээ ккк. Ийм гоё бодит хүмүүсээс сэдэвлэсэн аргагүй сайхан болох ёстой кино байжээ.

A.Амарсайхан said...

Номинговьд:
Сайхан хүмүүстэй танилцаж, дөрөө харшуулж явж дээ

Дэндэв said...

Амараа ахдаа зориулав ккк


Агуу хүмүүсийн тухай
Аятайхан кино хийсэн
Амараа ах танд
Амжилтын дээдийг ерөөеөө
Ахиад олон кино
Ар араас нь явуулаад байгаарай

Энэ сүүлийн өгүүлбэр жаахан тиймэрхүү болчихлоо /хэлээ гаргав/

Zul said...

Амараа ахаа цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates