Monday, April 25, 2011

Булганаар аялж явмой

Булганд аялж яваа зургуудаасаа нийтэллээ. Савангийн хайрцгаар авсан зургууд шүү. Ажил амралт хослуул гээд төв хороо маань нөүтбүүкийг минь хураагаад авчихсан. Сайхан амраад л явж байна даа. Булган аймгийн ард түмэндээ "Тусгай салаа 2" киногоо хүргэж, киномеханикч Шаарийбуугийн ажлыг хийгээд явж байна. Сайхан газар үзээд, сайхан хүмүүстэй танилцаад, Сайхан сумыг үзээд, сайхан хүүхэн хараад л явж байна даа. Сайхан уул. Миний нэртэй уул байдаг гэж санаагүй явж дээ хэ хэ. Сайхан сумын Сайхан-Уул багийн төвд. Ирээдүйн тусгай салааны цэргүүдтэй. Хоёр ихэр хүү хараад өөрийн хоёр ихрээ санаад уйлах дөхсөн.Хануйн голын хуучин гүүрэн дээр гарч үзэв. Тусгай салааны үнэнч үзэгчид. Баян Агт сум. Урантогоо уул. Манай жолооч Лхам, ажилтан Дээгий хоёр. Цаана нь Хутаг Өндөр сум харагдаж байна. Лхам ах маань социализмын үед Урал мотортой, 31-ийн туслах кробтой, автобус бөгстэй тэрэг барьж, камаз чиргүүл хоёрыг чирч будаа зөөдөг байсан хашир жолооч. Би замын сүлжээний газрын зурагтай очсон чинь "Наадхаараа яах юм? Миний толгойд газрын зураг байхад чинь" гэсэн. Нээрээ л замын лавлах гэмээр тархитай хүн дээ.Миний өгүүллэгт гардаг "улаан" Балдангийн хэдэн адуу усанд орж байна билээ. Сэлэнгэ мөрөн мину Сэлэнгэ мөрний хөвөөнөө Сэргэлэн бага насаа дурсан зогсохуйд... Энэ бол Гуртын гүүр. /Гуртын гэж хэлснийг Уртын гэж эндүү сонссон байна билээ, хэ хэ/ Энэ гүүрийг миний авга ах Жамбалдорж маань барилцсан юм. Авгын минь хөлс хүч орсон гээд бодохоор бахархал төрж байна лээ шүү.

Сэлэнгэ мөрний эрэг Цагаан булангийн элс. Тээр цагаан байшингийн цаана Сэлэнгэ мөрөн бас халхад алдартай Гуртын гүүр байгаа.

Мянганы замын босоо тэнхлэг. Хатгалаас бараа зөөх гэж тавьсан зам шүү дээ. Чигээрээ давхисаар байгаад Булган ороод ирнэ шүү дээ. Ер нь Булган их сайхан нутаг юм аа. Явсан газар болгон модтой, устай нууртай голтой.
Булган аймгийн Төлүүгийн даваан дээр байдаг "Монгол хоол"-ны газрын алдар цуутай том бууз. Энэ бууз нийслэлийн зоогийн газруудын буузыг тавыг нийлүүлсэнтэй дүйцэхээр том. Тэгээд хонины ориг махыг гараар татаж хийсэн юм билээ. Амт гэж янзтай. Ороод хүний 8 ширхгийг захиалсан, менежер залуу 4-ийг, жолооч 3-ыг, би 4-ийг идээд л ямар ч зай завсаргүй цадсан , үлдсэн буузаа уутанд хийж аваад цааш явсан гэж байгаа. /Муу хүн идсэнээ гэдэг юм яадгийм/

Tuesday, April 12, 2011

Хөршийн эхнэртэй хамжаад ч болоогүй

Нэгэн эр гэрлээд таван жил болоход хүүхэд гарсангүй тул эмнэлэгт хандав. Эмч түүнд нэг шил өгөөд, энэ шилэнд үрийн шингэнээ авч ирж шинжилгээ хийлгэ гэжээ. Маргааш нь өнөөх эр хоосон шилтэй ирлээ гэнэ. Эмч яагаад үрийн шингэнээ авчраагүйг асуув.
-Би эхлээд баруун гараараа оролдоод дийлээгүй. Аргаа бараад хоёр гараараа үзтэл бас л бардаггүй. Эхнэр ирээд баруун гараа чилээгээд, зүүн гараараа оролдоод чадаагүй. Амаараа үзсэн бас л болдоггүй. Эцэст нь уурлаад шүдээрээ хүртэл зулгаасан.
Эмч байдгаараа ангайлаа. Зовлонт эр цааш ярив.
-Тэгээд гарын бядтай хүн хэн билээ гэж бодлоо. Хөршийн эхнэр булиа Долгорыг гуйлаа. Долгор баруун зүүн гараараа ээлжилж, хөлсөө гартал үзсэн. Байдаггүй. Хоёр гардаад ч чадаагүй. Амаараа оролдтол бас л болоогүй. Эцэст нь бас л уурлаад шүдээрээ үгтээсэн. Тэгээд ч бараагүй!
Эмчийн нүд орой дээрээ гараад, асуув.
-Аан..?! Хөршийн эхнэр чинь хүртэл хамжсан гэж үү?
-Тэр юу ч биш. Аймгийн арслан Балдан ч чадаагүй. Энэ новшийн шилний чинь таглааг хага цохихоос нааш онгойхгүй туучий байна лээ!

Saturday, April 2, 2011

Харилцан хамаарлын хуулиуд

Тэмдэгтүүдийн харилцан үйлчлэлийн теорем
Таны халаасанд мөнгөн тэмдэгт хичнээн ихээр хуримтлагдана, төдийчинээ танд замын тэмдэг үйлчлэхээ болино.

Эхнэр ба нохойны харилцан хамаарлын теорем

Хашааны банхар тарган байвал тэр айлын авгай хоол хийж чаддаггүй байх нь хууль. Байдгаараа ярвайсан хүүхдүүд гарч ирээд л, аягатай жонхуугаа нохойндоо өгөөд байдаг гэсэн үг.


Monday, March 14, 2011

"Тусгай салаа 2" нээлтээ хийнэ

"Тусгай салаа 2" киноны нээлт "Өргөө"-д 16-ны өдөр болно. Та бүхэндээ клип, трэйлерийг нь толилуулж байна.




Monday, March 7, 2011

ХУУЧИН ХҮҮ & ТУНГАЛАГ ТАМИР


/mix роман хэмээгч хошигнол/

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг, Ч.Лодойдамбын
“Тунгалаг Тамир” романаар амилуулан бүтээв

Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойд замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон нөүтбүүк хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ хуучин флэшний дарайсан оосроор шуужээ.
Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт Хан нэтворкийн Олгонууд комунитигийн гишүүн хүн. Хэдэн өдөрчийн турш аглаг хээрээр аялж яваа тул нэтэд орж, төрсөн ганц дүү “Цахиур” хэмээгч Төмөртэйгөө чаатлаагүй уджээ.
Эрдэнийн гэр бүл Тайхар чулууны өмнө ирэв.
-Хотод очмогц өөрийн гэх домайн, бас амь зуулгын таван цаас эргэлдүүлэх ТҮЦ-тэй болгож өгч хайрла хэмээн Долгор чанга үглэн гуйж, Тайхар чулуунд залбирахуйд,
-Иш..! Юун ч богинохон сэтгэх юм билээ дээ. Бичиг үсэгтэй “Бичээс Эрдэнэ” алдар нэртэйн хэрэг юу билээ, ТҮЦ биш ТУЗ бодно шүү хэдүүлээ гэж хар хүн хэллээ. Тэр Таван толгойн ТУЗ-д гишүүн болно гэдэгтээ бат итгэж нутгаасаа гарсан хүн.
-Ээж ээ, Тайхар чулуунаас надад утасгүй интернэт гуйгаад өгөөч гэж Батыг хэлэхэд эцэг нь цочлоо.
-Хүүхэд ээ гэж! Шинэ сэргэг юмыг дор нь мэдэх юм аа. Утасгүй интернэт гэнэ үү? Гэхдээ үнэ гэж тамтаггүй юм байгаа вий гэж шүдний завсраар сийгүүлэв.
-Хэдэн он бэ? Та, одоо..! Таны найдвартай гээд байдаг утастай суурин интернэттэй чинь адилхан үнэтэй гэж Бат хэлэх нь нэлээд уцаарласан шинжтэй.
“Тэгвэл авдаг хэрэг ээ. Муу дүүтэйгээ газрын хаанаас ч мессенжердэх нь байна шүү дээ. Төмөрт захивал модемийг нь хусаад л ирнэ дээ” гэж Эрдэнэ дотроо бодлоо.

Хөдөөгийн байдал шалдар булдар, нэтийн хурд ороо босоо, дэрстэй шанд, гацаатай сүлжээг дагаж, хааяа нэг хар РС-ний ард хараал урсана. Дөрвөн зүгт утас сунайн уйтгартай, ээдрээ зангилаа чивчирнэ. Зуны лүгхийм халуун хуванцар бүрээсийг хайлтал шарж, чаатчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар сүлжээний утас тасарчээ. Yүгээр түүгээр хэдэн засварчин оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг шугамыг өгсөн уруудан нүүж, дахин холболт, шинэ монтажны зардалд шатсаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Жамбал хоймор сууж, блог гэдэг чинь бор шаргал үстэй бүсгүй гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж нэт заавал утастай байх хуультай гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ уулыг өнгөрвөл сүлжээгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш кабель утас хүрэхгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө төмөр тасдаж, үдэш цонх цоолсоор нэг нас барна.

Хүний нутаг гүний газар чөдрийн ганц морио алдсан эр “Явгарсан болохоос үхсэн биш” гэж дотроо хэлээд тэртээд харагдах зуслангийн хаус руу очив. Итгэлт баян унаа гуйн, уруу царайлах Эрдэнэ лүү ёозгүй харц шидээд,
-Тайшир, Тарлан бух, Таваг хар, Ноцдог дэгээ гээд Засагт ханы хөх эрчүүдийг хэцүү гэдэг дээ. Эр улс бие биедээ хал балгүй салвал дээр байхаа гэж хамраараа дуугарлаа. Энэ үеэр гаднаас Галсан сүр сархийн орж ирээд,
-Ээ ах минь, өртөөний зангиас и-мэйл иржээ гэж чарлав.
-Тэр золигийг чинь хэнээрээ дуудуулдаг билээ хэмээн Луу гүний цуутай баян халаглалаа. Өнөөх унааны гуйлгачин, явуулын эр би дуудаад өгөх үү гэж хэлэхийг сонсоод, Итгэлтийн нүд оройдоо гарч,
-Үгүй, та юу даа? гэж өөрийн мэдэлгүй дуу алдлаа.
Цагийн дараа баяны хаяанд бор гэрээ барьсан Эрдэнэ нэт холбуулах гэж уураа барж, уушгаа уран зогслоо. Орон сууцны контоороос ирсэн монтажчингууд ган хоолойгоор утас сүвлэхэд алд тутамд арван мянга, хананд шураг тогтооход ширхэг бүрт таван мянга гэх зэргээр капиталист овсгоо гаргах нь адтай. Балиус хутгаараа бор гэрийнх нь эсгий бүрээсийг нэвт сүлбээд утас сүвлэх нь сүвээ цоо хатгаад ган татлага шургуулаад байх шиг өвтгөнө.
-Яасан том нүхэлдэг туучий вэ? Дусаал гоожиж, хавсрага сийгэх юм биш үү? гэж Долгор шөвөлзвөл тоож харах шинжгүй. Зартай шилийн сайн эр дүү нь Арабын шэйхийн ордноос шууж ирсэн тансаг хивсэн дээгүүр нь гуталтайгаа туучихад сая Эрдэнийн тэвчээрийн хязгаар зад татагдаж хоёр залууг цочтол нь орилж гутлыг нь тайлуулав. Гэтэл гай болж гэрээр дүүрэн шивэр шингээд, түмэн хүж асааж, мянган сан тавивч арилахгүй зовоож, сар жилээр гай удлаа. Уур нь хүрсэн Эрдэнэ хүүгийнхээ үгэнд орж, суурин интернэтийн шугамын утсыг салгаж, хол гэгч шидээд, вайрлестэй болж санаа амрав.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчууртаа нэтийн утас залгадаг бахь шургуулжээ. Ширэлдсэн хар кабель утасны сэрвийсэн хэдэн үзүүр араас чирэгдэж, тэртээх уулын цаагуур далд оржээ. Олонд зарагдаж бор ходоодоо бошийлгож явдаг түүнд байнга оршин суух хаяг гэж байх биш, хоног төөрүүлсэн айл бүхэндээ шинээр сүлжээ тавиулж нэтэд холбогдох гэж зардал чирэгдэл болдог учраас амьдрал тэгшрэх заяагүй, элдэв ороолдсон утас чирч явдаг нь энэ. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, утсанд холгогдож улаан нялга болсон бугуйгаа гаргажээ.
Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл нөөтбүүкээ нээгээд, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров. “Eror 596. Танай байрны дээвэр дээрх холбох төхөөрөмж цахилгааны саатлаас ажиллахгүй байна. Уучлаарай” гэх амны уншлага хэдэн үгийг үзээд уушиг зүрх нь амаараа гартлаа уурлаж бухимдлаа. Гэрт ороод, “Өнөөдөр бас л сүлжээ тасалджээ. Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба пиав сорохоор явсан” гэх хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын хүүгийн десктопт NBA 2010 суулгаж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ. Дэндэв тайжийнд РС форматалж, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.

Эрдэнэ удалгүй тушаал суга дэвшиж, Итгэлт баяны “Хоовон хөх Майнинг” корпорацийн ерөнхий захирлын албанд томилогдлоо. Эзэн захирал хоёр тэр үдшээ хутга тавилгүй мах гүзээлж, хундага тавилгүй виски цөлж, үүр хаяартал шоудав. Хэдэн давхар хаусныхаа улаан модон вакум цонхийг хайр найргүй цоолж, суурин интернэтийн түг түмэн утас оруулсныг хараад шинэ захирал жуумайх нь цаанаа л нэг ёжтой.
Толгой эргүүлэм орооцолдож, нүд эрээлжлэм мушгирсан олон кабель руу Итгэлт төө цагаан хаш соруултай гаансаараа заагаад,
-Дундаа нүхтэй улаанаар нь Павловтой чааталдаг юм. Хажуудаа одтой бөөрөнхий кабелиар нь засгийн газар луу тайлангаа шиддэг ухаантай. Чам шиг бичиг үсэгтэй хүнд бол ч ичмээр дамшиг даа гэснээ бяцхан ичингүйрч, үл ялиг улайлттай сууж харагдав.
-Бэлтэй, буянтай хүн байна даа, утасгүй интернэттэй болооч гэж Эрдэнэ халаглалаа.
Хэдэн сарын дараа “Хүрээ” Дугарынд найрлаж суухдаа Итгэлт “Улснэтийн вайрлэстэй болсон чинь сайхан юм аа. Тамирын бургасанд Норжмаатай юу яахын зуурт Билл Гейтстэй саадгүй чааталдаг боллоо” гэж бардаж суусан ажгуу.

Хуучин хүү хул морио давиран шогшуулсаар Хустайн хөтлөөр давж явлаа. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн google-ийн захад хүрсэнгүй, баруун yahoo-гийн тэртээ гарсангүй, зөвхөн кабель сунгаж хүрсэн ганц өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ сүлжээнд хамтдаа холбогдох замыг нээв.
Кабельтай монгол wireless монгол болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр!

Thursday, March 3, 2011

Бүр бурзайлгаж үйлчилнэ!

Ээ улаан туг. Нэг мэдсэн чинь цагаан сар өнгөрчихөж.

Ууц нийлүүлнэ
Цагаан сараар хэдхэн хоног хэрэглэсэн бараг шинэ шахуу ууцыг хямд үнээр хуушуурын гуанзны тосны хэрэгцээнд яаралтай нийлүүлж байна. /Яарахгүй бол үнэр орох гээд байгааг анхааруулъя/
БЗД-ийн өндөр настан А.Амарсайхан
Хаяг: Сэгс цагаан богд уул
Утас: 9900....

Оймсыг тэвш тэвшээр нь авна
Цагаан сарын бэлгэнд цугларсан хужаа оймс, цамцыг НЭГ тонныг нь НЭГ зуун төгрөгөөр авч байна. Өөрийн унаагаар очиж авъя.
Сэргэлэн сумын уурын зуух

Шинээр бооно
Олон хүний халаас дамжиж цаас нь муудсан чихрийг шинэ цаасаар боох үйлчилгээ явуулж байна.
“Ороомог” ХЭАА

Бурзайлгаж үйлчилнэ
Цагаан сараар өндөр настнуудын “бурзайсан” мөнгийг дараагийн цагаан сар хүртэл хоёроос гурав дахин өсгөж бүр бурзайлгаж үйлчилнэ.
“Бүр бурзай” хадгаламж зээлийн хоршоо

Эрэн сурвалжилна
Цагаан сарын үеэр айлд мартсан эд зүйлсийг эрэн сурвалжлах үйлчилгээг хөнгөн шуурхай хэрэглэгчдийн сэтгэл ханатал явуулж байна.
“Чоно” эрэн сурвалжлах алба

Өндөр шагналтай
Шинийн нэгний өглөө гэрээсээ зүгээ гаргахаар гарсан, улаан торгон дээлтэй, метр далан сантиметр өндөртэй, халамцуу эмээг харсан хүн 99-99 дугаарын утсаар мэдэгдэнэ үү? Өндөр шагналтай.

Жич: Зарын бодит үнэнийг би хариуцахгүй. УИХ, Засгийн газар бүр хариуцахгүй!

Wednesday, February 23, 2011

Боожгооны үзүүр дэх нүүр!

Бага ангид эцэг эхийн төлөөлөл мянгат малчин Балдан гуай ирж, нээлттэй хичээлд суув. Урнаа багш хүүхдүүдэд амьд жишээтэй бодлого бэлдсэн байв.
-Сумын заан Дорж цагт 5 сав жимс түүдэг. Бага эмч Мядаг цагт 3 сав жимс түүдэг. Тэд хоёулаа ой руу яваад 2 цаг жимс түүжээ. Нийт хэдэн сав жимс түүсэн бэ? гэж багш асуув. Хүүхдүүд 16 гэж зэрэг хариулав. Балдан гуай толгой сэгсрээд,
-Хн, ганц сав жимстэй ирвэл их юм! Донтой Доржийг дуртай Мядагтай эзгүй ойд оруулчихаад байхад яг жимс түүж харагдаач! гэж дүрсхийтэл уурлав гэнэ.

Африкийн дунд сургуульд зааны тугал, могойн зулзага хоёр нэг ангид сурдаг байв. Могойн зулзага нэг өдөр зааны тугалыг,
-Нүүрэн дээрээ боожгоотой! Еэ еэ бөөвөө, гэж шоолов. Зааны тугал эргэж хараад,
-Чи тэгвэл, боожгооны үзүүр дэх нүүр! гэжээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates