Monday, November 19, 2007

ХУУЛИЙН БУРУУ

/фельетон/
Орчлонгийн хамгийн азгүй амьтан гэвэл намайг л хэлдэг байх даа. Миний сонголт ёр юм шиг дандаа буруу байна.
Ядахад, сонгож суусан микротой заавал нэг гай тохиолдоно. Уржигдар учирсан жолооч долоон удаа зам хазайн шатахуун цэнэглэж, чарлаач нь мөн долоон удаа зогсож мөнгө задлуулснаар барахгүй дордохын долоо дахь буудал дээр дугуй нь хагарснаас би ажилдаа бүхэл бүтэн долоон цаг хожимдлоо. Өчигдөр тэгтэл, хэрээ шиг хахирган чарлаачтай хэрнээ буудлаас ховхрохоо мэддэггүй хоргодоо жолоочтой таарч, үд хэвийж байхад ажлынхаа хаалгыг арайхийж татлаа. Захирал цоргитол муухай хараад, “Эцсийн удаа санууллаа шүү, нөхөөр” гэсэн юм. Өнөөдөр яасан гээч? Зам огт түгжирсэнгүй, чарлаач аядуу дуугарч, жолооч ухас ухасхийлгэн хурдалж байна. Баярласан гэж жигтэйхэн. Ажлын газар луу овоо дөхөж явтал тасхийтэл шүгэл тачигнах нь тэр. Лайтай цагдаа яах гээд байгаа нь бүү мэд, жолоочийг шаналаан хагас өдөр зогсоолоо. Ингээд л би дараагийн ажлаа хайх болсон доо, хөөрхий.
Нарантуулаас гутал сонгох боллоо. Хятад, солонгос, орос гээд түмэн “хэлийн” гутал шинжиж, амралтын өдрөө тэр чигт нь энэхүү сонголтын нарийн чимхлүүр ажилд үрлээ. Орой нар жаргаж байхуйд нэг гутал нүдэнд тусаатахлаа. Үзэж байтал нэг авгай хажуугаас, “Манайхан аягүй сайн оёдог болсон ш дээ” гэж байна. Цөс минь хөөрч “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэж дотроо хэлээд, мөнгөө тооллоо. Жинхэнэ үхрийн ширээр, гараа гаргаж оёсныг нь бодохоос хамрын самсаа шархирч байсныг яана. Гутлаа ганц хоног өмстөл хөх төмөр хадааснууд хөдөө тийшээ матийн гарч ирээд хөл хага хатгаж байна. Хоёр хонотол улавч нь хумигдаж, хатуу цаас цухуйв. Гурав дахь өдрийн үдийн хугархайд өнөөх цаас нь норж овойгоод өмсөхийн аргагүй боллоо. “Үндэсний үйлдвэр”-ээ хог руу шидэж байхдаа бахархлын бус гомдлын нулимс дусааж билээ.
Амьтай голтой эр хүн юм хойно авгай сонгов. Гайтай юм шиг хамгийн ардчилсан үзэлтэйг нь сонгосноо хуримын маргааш мэдлээ. Хоолны махыг яг тэнцүү хуваан хөшиглөнө. Угаалга хийх боллоо гэхэд оймсыг өрөөсөн өрөөснөөр нь тэнцүү хуваарилна. Үйлийн үртэй амьтан өрөөсөн оймс үрэн хөөсрүүлж, нусаа татан суухдаа найз нартаа атаархан, дэмий л санаа алддаг даа. Тэд бол авгайгаа зарчихаад, телевиз ширтэн, буйдан дээрээ налайж байдаг.
Сонгуулийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Ардчилсан үзэлт авгайтайгаа зөрсөөр байгаад Энхбаярыг ерөнхийлөгчөөр сонгосон. Тэгтэл хамгийн шуналтай, хамгийн бузар нь болж таарсан. Улсын Их Хуралд бүр долоон дор. Хамгийн сүүлд, 2004 онд сонгосон гишүүн маань хууль хэлэлцэхийн оронд бэлгэвч ярихыг илүүд үздэг хүн байж таарлаа. 2000 оных бол улсын нисдэг тэргийг хувийнх гэж андуураад үнэг хөөдөг нөхөр байсан. 1996 онд юу ч дуугардаггүй хэлгүй Короляг сонгож байлаа.
За даа нэг, иймэрхүү л аж төрж байна даа. Азгүйгээсээ болоод би их гутардаг байж. Харин, “Аливаа даалгаврыг биелүүлэх хоёр, эсвэл түүнээс дээш хувилбар байвал хүн хамгийн бүтэлгүйг нь сонгодог” гэх Морфигийн хуулийг нэг цэлмэг өдөр олж уншсанаасаа хойш гутрахаа больсон. Гутрахгүйгээр барахгүй, бүр инээд хүрдэг болсон гэж байгаа. Надад биш хуулинд буруу байгаа юм чинь яах вэ дээ.

Saturday, November 3, 2007

Реклам

Маш сүртэй удиртгал хөгжим явна. Алсаас "Монел" гэсэн худалдааны тэмдэг наашилсаар томроод, дэлгэцний голд тогтоно. Эр эм хоёрын тэчъяадан амьсгаадах дуу гэнэт тодрон, хөгжимтэй холилдон чангарч, намсана. "Монел" худалдааны тэмдэг ч мөн адил хөгжмийн хэмнэлийг даган нэг гэрэлтэн, нэг бүүдийнэ. Эрэгтэй хүн сүрлэг хоолойгоор : "Монгол сексийг Монелийн зурагтаар" хэмээн хэлэхүйд, энэ уриаг бичсэн гал улаан туг гэрэлтэн, намирч харагдана.

/"Уран сайхны кино" шог зурагт зориулав/

Saturday, October 27, 2007

АРД ТҮМНИЙ УУРХАЙ

(шог өгүүллэг)
Сэд гуайгүй найр суманд байхгүй. Ямар л наадам зугаа, хурал ном болно бүгдийг ивээн тэтгэж,
-Дэлхийнхээ хишгийг нутгийн олон та нартайгаа хуваалцъя аа хэмээн буурьтай нь аргагүй үг хэлнэ.
-Уудаг архи нь Хар Чингис, унадаг унаа нь жийп... Өнөөх мээс гээчийг л авч зайдлах дутуу байна даа гэж сумын төвийн авгайчууд жиг жуг гэлцэнэ.
Хэдэн жилийн өмнө сумын тэргүүн баян Сэд гуай хайран сайхан мал сүргээ үрэн таран болгоод Хайрханы өвөрт алтны уурхайтай болоход, “Ээ дээ энэ Сэд нэг л биш, баяжихын дон шүглээд цагаан солио тусаж байна” гэж шуугицгааж билээ. Тун удалгүй түүний юуны төлөө зүтгэсэн нь түмэнд ил болсон доо. Хоёр жилийн дараагаас л сумын баячуудын бүгдийнх нь хөрөнгө зоорийг нийлүүлээд ч түүний хөлийн чигчий хуруунд нь дөхөж очихгүй боллоо гэсэн үг амнаас ам дамжсан санагдана.
Өнгөрсөн жил гай газар дороос гэгч болсон юм. Хаврын сэндроом гээч юмны халдвар суманд хугас өдрийн дотор газар авав. Чухам сэндроом нь байсан уу, дох нь байсан уу манай сумынхан ялгаж мэдэх биш сумын эрүүл мэндийн түшмэл Дунбулайд л хамгийн түрүүн халдлаа гэж дуулдсан юм даг. Дунбулайгаар удирдуулсан “Газар шорооны төлөө” хөдөлгөөнийхөн аравхан хормын дотор Сэд гуайн алтны уурхайг эзэлж авлаа.
Сумын засаг даргын тамгын газрын үүдэнд хуучин засаг дарга байгаад огцорсон Тогмид хөдөлгөөний жагсаалын өмнөх индэрт гарч,
-Нөхөд өө! Монголын газар шороо бол монголын нийт ард түмний өмч! Дан ганц луйварчин Сэдийн өмч биш ээ! гэх цог жавхаатай үгийг хэлэхүйд хөдөлгөөнд нэгдсэн олон түмэн:
-Зөв! Яг үнэн! хэмээн дуу дуугаа авалцан дэмжлээ. Тогмидын хадам ээж мэдрэл Баасан олны дундаас таягаа гозолзуулан,
-Нударган баян Сэдтэй хуйвалдан ард түмний алтаар гараа угаасан сумын даргыг огцруулъя! Нөхөд өө, хурай! гэнгүүт цөс нь хөөрсөн олон хурай хашгиран сумын тамгын газар луу дайрлаа.
Хөдөлгөөний дайралтууд энэ мэтчилэн өрнөх нь Гитлерийн Цахилгаан дайн л ийм гялс манас байсан байх даа гэмээр. Алтны уурхайн ерөнхий инженер цагаан толгойт эрийг, механик оператор хоёр бор залуугийн хамт баривчлан жагсаалынхны өмнө авчирч, индэр дээр гаргаж ирлээ. Жагсагчдын дундаас нэг нь:
-Наад муу зэвхий цагаан толгойт чинь аягүй бол эрлийз байгаа даа гэж чарлалаа.
-Яг үнэн. Нутгаасаа хөөж зайлуулъя! гэж Тогмид хүч нэмлээ. Мэдрэл Баасан мөн л таягаа гозолзуулан,
-Наад гурав чинь ганц ганц чумдаан л тэвэрч ирсэн цагаачид гэж чарласан бол түрүүчийн нөхөр:
-Зөв! Юутай ирсэн түүнтэйгээ л буцаг гэж чарлалаа.
Үдийн хугархайд эхэлсэн хөдөлгөөний дайралтууд нар шингэхийн алдад өмнөө байсан бүх саад тотгорыг зад цохисон байлаа. Мөлчигч Сэдийн бүх хөрөнгийг хураав. Сэд гуай шүрэн толгойтой халтар манан хөөргөө элгэндээ тэврэн, “Эцгээс минь үлдсэн юм. Энийг л үлдээчих таминь!” гэж сөгдөж байсан ч, мэдрэл Баасан гараас нь ховх татан авсан тухай сумын авгайчууд ярилцав. Хөдөлгөөний зохицуулах хорооны даргаар сонгогдсон сумын овгор балиус Гарам тэргүүтэй комисс зэвхий толгойт нарын гурван цагаачийг нэгд нэгэнгүй нэгжээд хэдэн хиртэй хувцсыг нь тэврүүлээд сумын нутаг дэвсгэрээс хөөн зайлуулсан байлаа. Цагаан толгойт инженер амандаа байсан алтан шүдээ “Танай сумд ирэхээс бүр өмнө хийлгэсэн” хэмээн зүтгэсэн боловч балиус Гарам түүнийг бялба зодсоноор барахгүй алтан шүдийг нь хадаасны бахиар чарлуулан байж булгалж аваад ард түмний алт хэмээн данслахыг харсан хүмүүс балиус Гарамын шударгыг гайхацгаана.
Удалгүй ард түмэн алтаа өөрсдөө ухаж авч чадахгүйгээ мэдлээ. Сумын бүх айл Хайрханы өвөрт жижиг гэрээ барьцгааж хонон өнжин шороо угааж үзээд гялайх ч юм ололгүй буцаж нүүцгээв. Шороог нь усаар угаах бус тусгай нарийн аргаар олборлодог орд байсан юмсанж.
Хөдөлгөөнийхний өдүүлсэн цахилгаан дайнаас хойш жил боллоо. Сумын шинэ дарга Тогмид хот хүрээ рүү дахин дахин явж Хайрханы өврөөс алт гаргаж чадах инженер хайх боловч, “Юу? Хайрханы өвөр өө? Өө больё, танай сумын балиус Гарам ална” гэцгээгээд сум руу зүглэх нохой ч олдохгүй.
Тэгж байтал ард түмний уурхайн хамаг байдаг машин тэрэг, тоног төхөөрөмжийг хэн нэг нь төмрийн хаягдалд урд хил рүү ачуулчихсан байлаа. Аргагүй шүү дээ. Манаачаар буулгасан айлдаа сумын дарга нар цалин өгч чадаагүйгээс хаяад нүүчихсэн юм чинь. Дунбулай түшмэл Сэд баяны жийпийг эмнэлэгт булаан авч өгсөн нь зэвэнд идэгдэн сул зогсоно. Гучин хэдийг цусалдаг их гарын жийпний идшийг төсвийн эмнэлэг яаж хүчрэх вэ дээ. “Уурхайд ажиллаж байхад мөн сайхан байж дээ” гэсэн ажилгүй залуус дэлгүүрийн үүдэнд чулуу нясалцгаана. “Уурхай байхад орлого мөн ч лут байж дээ. Лангуугаа хаахаас...” гэж Эрээний наймааны авгайчууд үглэнэ. Сум тас харанхуй. Аргагүй шүү дээ, ганц том цахилгааны мангасынхаа амыг барьчихсан юм хойно дизель станц түлшгүй мөнгөгүй таг.
...Сэд гуайгүй найр суманд байхгүй. Урьдын сайхан цагт хоймор заларч хүндлүүлдэг байсан бол тэр одоо аргалын дөрвөлжний өмнө сөхрөөд айлын авгайн гарыг дагуулан өлөн нүдээр харж шүлсээ залгин сөхөрч сууна. Зүүн талд зээглэн суух авгайчууд:
-Эвий, муу Сэд. Ингээд солиорчих гэж...
-Чухам аа, чухам. Хөөрхий минь баян тарган явахдаа айлын найран дээр мөн ч нүнжигтэй бэлэг барьдаг байсан юм шүү... Чааваас минь ийм болчих гэж... хэмээн шивэр авирхийнэ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates