Tuesday, July 24, 2007

ҮНЭР

(шог өгүүллэг)
Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын төлөө яаж гүрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагүй. Ажилдаа ганц хором ч хожимдож үзээгүй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бүлийн асуудалд орооцолдолгүй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хүү гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний төлөө урмын үг хайрлаад,
-Болд оо, хүү минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгүүлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа.
Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, өөдрөг сайхан байсаар хэд хонолоо. Нэг өглөө миний хар багын найз Лутхүү шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгүй яваа цорын ганцхан хүн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангүй. Барьц алдав.
-Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгүй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу өргөчихсөн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд өнгөрлөө. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.
-Хүүе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр өдөр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхүү маань цангинатал гийнгоолж байна. Өдөржин уртын дуу хадааж, хундага тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах зооглолоо. Дарга минь:
-Эрхэм гишүүн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зүсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.
-Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгүй явж гэж хэлэх гэтэл нүдний нулимс бүрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.
Энэ явдлаас хойш би хорвоог улам өөдрөгөөр харах боллоо. Өглөө өрөө рүүгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндүү аз жаргалтай санагдаж, бүгдийг нь барьж аваад үнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан өглөө өнгөрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагүй мөн ч удаж дээ. Хар багын найз Багахүү минь шил “Чингис” өврөөсөө зориг муутай цухуйлгаад,
-Дарга даамлууд чинь аашлахгүй байгаа?.. энд болох уу гэж байна.
-Хүүе, чи юу гэх чинь энэ вэ? гэж би эртүүд дарга яасан яг түүн шиг ориллоо.
-Манай дарга гэж гүндүүгүй сайхан хүн бий. Даанч хөдөө явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирүүлэхээр хүн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахүүтэйгээ заларч найр эхлүүлэв. Багахүү минь нөгөө ангийн нусгай Долзодтой дэр нийлүүлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц үнэртүүлэхэд нь, хэд хоногийн өмнө манай ангийн Лутхүү ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахүүгийн нүд нь сэргээд ирлээ. Тэгэлгүй яахав дээ, бид гурав үй зайгүй өссөн юм чинь.
-Лутхүү минь Ерөнхийлөгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгүй юу гэвэл Багахүүгийн минь нүд бүр гэрэлтэж,
-Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгүй Ерөнхийлөгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, “пөөх ямар гоё вэ” хэмээн эртүүдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зөөлгөсөн юм, хэдэн ч уртын дуу дуулсан юм бүү мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм.
Маргааш өглөө нь үлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сүр бадруулан засаад,
-Миний эзгүйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нөхөр Болдын тухай өнөөдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дүүргэсэн сагсыг дээр өргөн олонд харуулснаа хамраа чимхээд,
-Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай үнэр гарч байна гээч? Энэ балиар үнэр сарын дараа ч арилахгүйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна. Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины үнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр төрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидүүлсэнгүй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишүүний уусан архи үнэртдэггүй, энгүүн ардынх бол албан тасалгааг нэгширтэл үнэртдэг болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авсан хүн дээ.

Monday, July 16, 2007

ТАРВАГА

(өгүүллэг)
Надаас өндөр хүн манай эмнэлэгт бүү хэл аймагт байхгүй. Хэн ч харсан намайг нүд дүүрэн ханхар эр гэж хэлмээр. Үгүй тэгтэл намайг тарвага гэж хочлоод байгаа юм даа. Тэмээ, анааш ч юм уу, бүр кинг конг гэсэн ч болох шүү дээ.
Өчигдрөөс хойш авгай санаа зовсон харцтай,
-Тарвага царайлчихаад, битгий хошгирчихоорой! Тас гүрийгээрэй, за юу! гэж надад гуйх загнах хоёрын дундуур захиж байсан юм.
Би даргын өрөө рүү орохдоо шүдээ тас зууж, биеэ хөвчиллөө. Дарга шал худлаагаасаа, найрсаг гэгч нь,

-Ийшээ суу, Даваа. Танай тасгийн ажил давгүй шив дээ гэснээ, аймгийн дарга нар ирэхээр үзүүлдэг тавагтай чихрээ гарган тавьж байна. Би дотроо “Тэгнэ байх аа чи” гэж яргаад,

-Доржийн эмнэлэг над хоёр зуун мянгын цалин амласан. Тэгэхээр, баяртай дарга минь! гээд цонхоор харагдах хөвсгөр үүлний дээд үзүүр өөд харцаа шидэн гэдийлээ. Дарга:

-Хүү минь чи сайн эмч. Бид чамайг эрүүл мэндийн тэргүүнд тодорхойлсон. Энэ жил тэргүүн биш юм гэхэд яамны жуух баталгаатай гэж байна.
Би түүн рүү “Наадах нь чинь хуучирсан мэх, өмнө гурав унасан, одоо гэнэдэх өнгөрсөөн!” гэсэн харцаар харлаа.
-Миний толгойны буурлыг хар! Хэдхэн жилийн дараа чи энэ суудалд суулаа ш дээ! гээд дарга өрөөгөө тойруулан харж байна.
“Цаадах чинь тийм мэх хийж магад. Дотрын тасгийн эрхлэгч Хүрэл, сэхээний Дунгармаа хоёрыг ч бас тэгж байгаад торгоосон юм гэнэ лээ шүү” гэж эхнэр захисан болохоор, дотроо түс хийтэл инээгээд, дарга руугаа доогтой харлаа. Хөөрхий минь санаа алдаад, харц нь шал руу унаж байна аа. “Ингээд далаараа нам даруулав уу чи. Муу хөгшин төгцөг” гэж би дотроо баяслаа.
-Ээ дээ хүү минь, хувийн эмнэлэгт очно гэдэг чинь баян хүний зарц болноо гэсэн үг гэж арга барагдсан өнгөөр хэлэхэд нь миний дотор нэг юм огшоод явчих нь тэр! “Очиж очиж муу Доокоогийн зарц болох гэж үү!” гэж бодогдлоо.
-Хиг-хого-хого, хиг-хого-хого! Өөрийн мэдэлгүй хошгирч эхэлвээ. Дарга минь, хайр хүрмээр нүдэнд дулаахан болсон харагдана.
-Чи мэс заслыг урлаг болтол эзэмшсэн хүн. Мэс заслын урлаг чамаар дутна! гэж тэр дайран дээр давс нэмлээ.
Яг л даарсан хүний зогьсоо зогсдоггүйтэй ижил золиг юм болохоор, орой гэртээ ирэхэд, хүч суларсан хэдий ч хошгироо маань “хиго-хого, хиго-хого-хого” үргэлжилсээр. Авгай хаалгаа нээж, намайг хармагц,

-Чи даанч яав даа. Ингэдэг л хүн шүү дээ, энэ чинь гээд, хоёр хүүг хүргэж ирсэн бололтой дэргэдээ зогсох ээж рүү минь харж байна. “Эвий миний муу мөндөл, хошгир хошгир” гэсэн харцаар ээж минь намайг энхрийлээд гарч явлаа.

-Шинэ гутал авах минь ингээд өнгөрлөө. Жаран мянган төгрөгөөр чинь цагаалж хүрэх үү? Амьтны нүүр яаж харъя гэж бодож байна? гэснээр эхнэрийн үглэж дуулах эхлэв.

-Чи бол алтан гартай мэс засалч. Хаа холоос өвчтэй зовлонтой ардууд чамайг л гэж ирдэг шүү гэж дарга хэлсэн гэвэл, авгай зог туссанаа,
-Нээрээ миний хөгшнөөр хагалуулах гээд зэргэлдээ аймгаас хүртэл хүмүүс ирж байгаа шүү дээ гээд нүд нь өөр болж байна.
-Тэр холоос зориод ирэхэд нь хувийн эмнэлэгт орчихсон өмнөөс нь мөнгө нэхээд зогсоно гэдэг... гээд санаа алдвал авгай минь бүр бодолд орчихож.
-Анагаахын дээдийн шилдэг онц сурлагатан нь явсан байтлаа, хэл амтай дунд төгссөн Доокоогийн зарц болох гэж зүтгэсэн байна шүү дээ би чинь! гэсний дараа авгай:
-Хиг-хого, хиг-хого-хого! гээд сулхан ч гэсэн хошгирч эхэллээ шүү! Заяаны хань нэгэндээ уусдаг гэдэг энэ юм даа, хөөрхий.
Оройн хоолны дараа хүү минь:
-Аав аа, ээж өчигдөр миний хүү удахгүй унадаг дугуйтай болно гэсэн. Одоо тэгээд өнгөрлөө гэсэн үг үү? гээд жулганаж байна.
-Аав нь, хажуу айлын Жамба өвөө, Дулам эмээ хоёр шиг нь зовсон хүмүүсийг эмчлэх л гэж цалин багатай ажилдаа үлдэж байгаа юм. Тийм хүмүүст чинь мөнгө байхгүй шүү дээ гэлээ. Тэгээд би хоёр хүүдээ өөрийнхөө зүрхийг сугалан хүмүүсийн замыг гэрэлтүүлж өгсөн Данкогийн үлгэрийг уншиж өгөөд, зурагтаа асааж мэдээ харахаар суулаа. Нэг анзаартал, -Хиг-хого, хиг-хого, гэх сулхан хошгироо чих дэлслээ. Эргэж харвал хоёр хүү минь зэрэгцээд суучихсан хошгирч байна.
-Удам гэдэг хэцүү юм аа. Том болоод, чам шиг бага цалинтай ажил хийх байх даа гэж эхнэр хэлээд санаа алдлаа.

Tuesday, July 10, 2007

ХЭРВЭЭ ТЭД КОМИСС БОЛБОЛ

(наадмын наргиа)

Нэг. БӨХИЙН КОМИСС
Эрийн гурван наадмын топ төрөл бол бөх. Тийм ч учраас Ерөнхийлөгч Энхбаяр бөхийн комиссыг толгойлох нь мэдээж. Урьд өмнөх наадмуудад бөхчүүдийн хэн нь ч хамаагүй түрүүлдэг байсан бол энэ жилийн наадамд Ерөнхийлөгчид хамгийн өндөр хувийн санал өгсөн нутаг Ховд аймгийн Дарви сумын заан Бааяа түрүүлж, Увс аймгийн Давст сумын залуу бөх Нааяа үзүүрлэнэ. Дараагийн байруудыг мэдээж энэхүү шударга шалгуурынхаа дагуу шийднэ. Энхбаярт хамгийн бага хувийн санал өгсөн Хөвсгөл аймгийн бөхчүүдийг бүгдийг нь нэгийн даваанд унасанд тооцох юм. Наадмын бөхийн барилдааны сүр жавхаа бөхийн комиссын даргын өмсөж зүүснээс зуун хувь шалтгаалах учир Жагарын орноос торго авчруулна. Баяр наадмын бөхийн барилдаан нь нэг их чухал зүйл биш, хамгийн гол нь бөхийн комиссын даргын алхаа гишгээ, сууж байгаа, хэн рүү инээмсэглэж, хэнтэй толгой дохисон нь анхаарал татах тул телевизээр үүнийг л хоёр өдрийн турш шууд дамжуулна. Бөхийн хорхойтнууд бөхийн комиссын даргын царайны хувирлаас хэн унаж хэн давж байгааг тааварлан үзэх юм.

Хоёр. ХУРДАН МОРИНЫ КОМИСС
Энэ комиссийг Улсын их хурлын экс дарга Нямдорж толгойлно гэж зүтгэх нь ойлгомжтой. Тэрээр юуны өмнө “Курдан морь” гэхийг “Хурдан морь” гэж алдаатай бичиж яриад байгаа явдлыг залруулна. Энэ жилээс эхлээд “Курдан морьнэй комисс”, “Курдан морьнэй күүкэд”, “Гараанэй зуркай” гэх мэтчилэн алдаагүй цэвэр сайхан бичсэн бланк танилцуулгууд хэвлүүлж, пайз хаяг захиалан хийлгэж ашиглаж эхэлнэ. Олон түмний өмнө гуя хасаа, тэр бүү хэл ичимдэг эрхтэнээ ил гаргасан морь уралдаж байгаа нь даанч дэндүү байна гэж тэр уурлах нь мэдээж. Садар самууны сурталчилгаа ийнхүү цагаандаа гарч, гаарч байгааг энэ жилийн баяр наадмаас эхлээд таслан зогсоож хурдан морьдыг дотоож, биен тамирын өмд цамцтай уралдуулна. Морь үзэж баясахаар ирсэн охид бүсгүйчүүд ч гуя хас, гэдсээ ил гаргасан хувцас өмссөн байвал хурдан морины барианы талбай руу нэвтрүүлэхгүй. Уяачдын айраг түрүүгээ угаах найранд Гүндалайгийн үйлдвэрийн “Атилла”, “Лорд Чингис”, “Эзэн Чингис” зэрэг архийг хэрэглэхгүй байх журам мөрдүүлэх болно.

Гурав. СУРЫН КОМИСС
Эрийн гурван наадмаас хамгийн шоовдор нь болох сурын комиссын даргын суудал л хөөрхий экс Ерөнхий сайд Элбэгдоржид маань үлдэж байгаа юм. Энэ жил өөрийн талбайгаа хүртэл булаалгаад байгаа энэ спортыг огт талбай хэрэглэлгүйгээр явуулж чадах хүн ганц Элбэгдорж л байгаа юм байх. Экс Ерөнхий сайд сурын харвааг шинэ эриний хөгжил рүү үсэргэх төсөл боловсруулсан гэнэ.
Өдрийн дулааны хэм, агаарын чийгшилт, даралт, салхины чиг зэргийг компьютерээр хэмжиж тооцоолон бодсоны эцэст сумаа тавьдаг болсноор харваач бүр дөч онодог болох юм. Энэ нь хэн түрүүлсэн бэ гэдгийг нь компьютерээр тооцоолон бодож гаргахаас өөр аргагүй байдалд хүргэх нь ойлгомжтой. Яваандаа сурыг улам хөгжүүлж сумаа нумаар татаж харваж байгаа бүдүүлэг хоцрогдлыг арилгаж, харвах бус интернэтээр илгээчихдэг болно. Бүр их хөгжөөд ирэхээрээ халуун наранд хөлсөө гарган зогсдог бүтээмж муутай гар хөдөлмөрийг оргүй устгаж, сурчдыг сэрүүхэн танхимд компьютерийн ард суулгаад сурын тэмцээнээ явуулчихдаг болно гэж экс Ерөнхий сайд ярьж байгаа юм. Харин одоо сур харваж байгаа асар том талбайгаа ашиглан дэлхийд нэрээ дуурсгах компьютерийн үйлдвэр барихаар энэ баяр наадмын үеэр шав тавина.

Tuesday, July 3, 2007

Баамаа орлогчтой Аамаа

(шог өгүүллэг)
Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад:
-Аав чамд их сайн амтай байгаа. Яамандаа газрын дарга болгоно гэнээ гэж хэлсэн юм. “Тэнэг мулгуу би, бүхэл бүтэн улсын том яамны хэргийг яаж удирдаж явуулна даа” гэж бодон хөрвөөж хэвтсээр үүр цайлгалаа.
Өглөө нүд гялбуулсан хар тэргээр ажилдаа очив. Газрын орлогч дарга, их танил царай, тонтгор бөгс, товойсон хөхтэй охин миний өрөө тасалгаа, суух сандлыг зааж танилцуулаад,
-За амжилт хүсье аамаа ах аа, гэснээ гарч одлоо. “Өө золиг, хадам ээжийн дүү Долгор жаажаагийн охин баамаа байсан байна шүү дээ” гэж би орлогчоо танилаа. Хурлын заал шиг том өрөөнийхөө чамин тавилгыг тойруулан алмайрч хэсэг сууснаа, шууд өмнөө байх бичиг цаасыг судлах ажил руу шунган оров. Монгол улсын Тээврийн яамны Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын дарга надад хийх ажил толгойтой үснээс их байгааг цаг минут өнгөрөх тусам улам гүнзгий ухамсарлав.
Гурван сар өнгөрч, би нэлээд дадлага суугаад, ажил хэрэг урагштай, урамтай сайхан байв. Нэг өдөр яамны газрын дарга нарын хурал боллоо. Хөлөг онгоцны бүртгэлийн газрын дарга, хадам ээжийн маань эгч Дулмаа аажаа:
-Газрын шинэхэн дарга нар яамныхаа нэр хүндийг бодох тал дээр хэнэггүй, даан ч хайхрамжгүй байна гэснээ над руу эргэн харж байгаад:
-Жишээлбэл энэ хүргэн, эртүүд намайг гадны хүний дэргэд Дулмаа аажаа гэж авгайлан нүүр хийх газаргүй болгосон гэлээ. Дараа нь дэд сайд Банзар баниа босч ирэн, сонины сурвалжлагчийн дэргэд орлогч даргаараа аамаа хэмээн авгайлуулан, өөрөө орлогчоо баамаа гэж өхөөрдөөд, хэнэг ч үгүй сууж байсныг минь бас хэлэв. Тээврийн сайд хадам аав маань:
-Аажаа, баниа хоёрын хэлдэг бол тун зөв. Бид яаман дотроо бие биенээ авгайлалгүй яах вэ, харин яамнаас гараад иймэрхүү асуудлыг хэрхэвч гаргаж болохгүйг хатуу анхааруулъя гэж байна. Орой нь харьж явахдаа Дулмаа аажаагийн нөхрийн ах, өөрийнхөө жолооч Дэлгэр ааниад уураа гаргалаа. Би түүнийг ааниа гэж авгайлаагүйгээр барахгүй,
-Хөөш нөхөөр! Яагаад донслуулаад байна? гэж загнан гөлөлзүүлж хонзонгоо авлаа. Маргааш нь надаас болж бас нэг хэрэг мандлаа. Өчигдрийн хурал дээр баниагийн яриад байсан нөгөө сурвалжлагч сониндоо “Дөрөвдүгээр ангийг дунд дүнтэй төгссөн хүргэнээ газрын дарга болгожээ” гэсэн гарчигтайгаар авч өгсөн байна. Аав их ууртай байх бөгөөд,
-Өнөөдөр багтаан хэвлэлийн бага хурал хийлгэж энэ замбараагүй явдлыг цэгцэнд нь оруулна гэж байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэхэд хадам аав босч,
-Сайд нь ахыгаа дэд сайд, авгайгаа төрийн нарийн бичгийн дарга, хүргэнээ газрын дарга болгосны ачаар Монгол улсын Тээврийн яам өдөр шөнө, өглөө үдэшгүй бүтэн хорин дөрвөн цагаар ажиллаж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна гэж үгээ эхэллээ. Сайд авгайтайгаа хөнжил дотроо, ахтайгаа хундага тулгахдаа, хүргэнтэйгээ шатар нүүхдээ цаг үргэлжид, нэг секунд ч тасралгүйгээр төрийн хэргийг хэлэлцэж байгааг тэр мэдэгдэв. Ийм хүчирхэг ажиллагаатай яамыг дэлхийн өөр аль ч улс өнөөг хүртэл байгуулж чадаагүй байгааг хэлэхэд сэтгүүлчид алга ташин, хашгиралдлаа.
Өнөөх сониныхон хадам аав бид хоёроос уучлалт гуйгаад, миний хөрөг өгүүллийг “Баамаа орлогчтой Аамаа” гарчигтайгаар нэгдүгээр нүүрэндээ нийтэллээ. Өгүүлэлд намайг бүх хичээлдээ дунд авдаг ч “Арван таван наст ахмад” зохиолоос салдаггүй, далайн тээврээр өвчилсөн хүү байсан, энэ газрын даргад тохирох цорын ганц хүн болох тухай өгүүлсэн байв. Секундын ч зогсолтгүй ажилладаг яам байдаг тухай дэлхийн хэвлэл, мэдээлэл тэр аяараа шуугив. Хадам аавын туршлага дэлхийд нэвтэрч, инхэнх орон яамны төрийн нарийн бичгийн даргын суудалд сайдын авгайг автоматаар томилдог заншил тогтоолоо.
Аль Жазира телевизийн “Дөрөвдүгээр анги төгсөөд Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын даргаар” нэвтрүүлгийг дэлхий даяар таван тэрбум шахам хүн үзсэн гэсэн судалгаа гарч, намайг танихгүй хүн Антрактидаас ч олдохоо болив. Би тэнгэрийн умдагт атгуулах бус, өөрөө түүнийг атгадаг боллоо.

Wednesday, June 20, 2007

ХОНГИЛ

(хошин өгүүллэг)
Бразилчууд банк руу газар доогуур хонгил ухаад жаран найман саяыг хулгайлжээ гэж рааживаар ярихыг дуулаад чарлаа Балдан, матигар Дандар хоёрын дотор арзаганав.
-Чингисийн удам байна даа, муусайн барзаалуудын дор оролтой биш! гэж Балдан эгдүүцнэ. Түүнийг ингэж дэгэнцэж байхуйд цаадхынх нь харц тэртээд харагдах сумын банкны дөрвөлжин цагаан байшин дээр очиж хургаад салж ядна.
-Эргүү мал минь, энд юу байдгийм? Хоёулаа хот явж банк ухна гэж Балдан ундууцлаа.
Хэд хоногийн дараа бүх бэлтгэлээ жин тан базаасан хоёр хөгшин Да хүрээний төв гудамжинд зогсож байлаа. Дандар байдгаараа матийн, огторгуйд тулсан шилэн барилга мөнгөлөг шаргал өнгөөр туяаран, тэнгэр дэх сэмжин үүл, дэргэдүүр нисэх том хар шувууны дүрс шилнээ үлгэрийн юм шиг солонготон хугарч нугарч байхыг харж зогсов.
-Ингэж байж сэжиг авахуулчихав, эргүү мал аа гэж өнөөх нь бачимдлаа.
-Өөрийгөө хичээ!.. Хот тэр аяараа чиний чарлахыг чагнаж байна шүү гэж алийн болгон дуугүй байхав, нөгөөх нь хариу барьж, хоёул толхилцсоор тэндээс хөдөллөө.
Чарлаа, матигар хоёрын ажил санасныг бодвол түргэн бүтэж байв. Банкны хажуугийн байшингийн нэг давхарт ажлын байр түрээслэв.
-Энэ чинь америк биш, орос ч биш барзаал ч биш! Хэн ч биднийг сэжиглэхгүй гэж Балданг чарлахад Богд уул доргих боловч нэг ч цагдаа ирж хоёр хөгшнийг шалгасангүй нь “Миний монгол шиг диваажинг хаанаас ч олохгүй” гэсэн бодлыг Дандарт төрүүлнэ. Анх бразилчууд шиг банкнаас хоёр зуун метр хол байр түрээслэх гэхэд “Эргүү мал аа, хорин жил ухах уу? Тэгээд!..” гэж Балдангийн уурладаг зөв байж дээ гэж тэр олзуурхана. Өглөө есөн цагт хоёр “сайн эр” ирж оффисоо онгойлгох бөгөөд Балдан:
-Чиний хомпүүтэр дээр ажиллах чадвар сул. Хүн ороод ирэхэд сэжиг авахуулна гэж загнаад, хамсаатнаа хонгил руу хөөн оруулах ба өөрөө хомпүүтэр дээрээ албаны царайтай сууж үлдэнэ. Дандар матийхаараа матийж, хонгилоо ухах зуураа “Балдан шиг машин уралдуулж тоглох байтугай, хомпүүтэр асааж ч мэдэхгүй муу мал! Ингээд шороо маажиж байхдаа таарсан барам” гэж өөрийгөө зүхнэ. Чарлаа Балдангийн хэдэн эр хонийг цугий нь өгч авсан герман өрөмний хүчинд хориодхон хоногт хонгил бэлэн боллоо.
Намрын эхэн сарын балжиннямтай билигт сайн шөнө банк руу орж, яг жаран найман сая доллар хувааж үүрээд гарах гэтэл Балдан “Муусайн барзаалуудаас заавал илүү гарна” гэж зүтгэсээр нэмж нэг саяыг тоолж аваад, хоёул сум руугаа арилав. Дандар арслантай хоёр авдраа дүүргээд, самганыхаа хөлийн авдар руу үлдсэн хэдийг нь хийх гэж байтал Балдан орж ирээд, “Мал минь, хотон дотроо нүх ухаад бул” наадхаа гэж загнасныг ёсоор болгов. Хоёр самган нь хаанаасаа ийм их гадаад мөнгө олж ирээв гэж хэл ам сугалчих гээд байх тул Балдан:
-Хэдэн сайхан эр хонь, сайн морь, гаанс хөөрөг гээд өчнөөн юмаа наймаалахыг хараагүй юу, эргүү малууд гэж чарлан чимээгүй болгов. Хоёр эр рааживаасаа чих салахаа байсан боловч мөнгө алдсан тухай чимээ ч алга. Балдан өдөр бүр ирж, монголд барзаалаас олон доллар шуусан тухай дэлхийн чих дэлдийхгүй байгаад бугшсан уураа Дандарт гаргана. Түүнийг мордсоны дараа цаадах нь самган руугаа Балдангийн бугшуулсан уурыг цацна. Самган нь хааяа “Америкт хорьдугаар тогтоол гарлаа гэж би урьд шөнө зүүдэллээ” гэх маягийн юм донгосож Балданг түсхийтэл уурлуулаад авна.
Сар өнгөрч байтал өнөөх банкны захирал, юуны ч гэнэв нэг намын дэд дарга Бат хэмээгч банкнаасаа мөнгө хулгайлж намдаа хандивласныг цагдаагийн шуурхай ажиллагаа наймхан цагт илрүүллээ гэж “Цагийн хүрд” мэдээлэв. Балдан, Дандар хоёул амаа ангайн мэл гайхлаа. Хэргийн газрыг зурагтаар сүр бадруулан үзүүлэх нь Дандарын матийсаар байж сарын өмнө дуусгасан хонгил яах аргагүй мөн. Герман өрөм нь ч дүрээрээ хэвтэх агаад түүн дээрээс намын дэд даргын ДНК гээч юм илэрсэн гэж цагдаагийн хурандаа ярилцлага өгч байна. Их хурлын байнгын хорооны дарга энэ намын хөрөнгийг улсын орлого болгож, сонгогдсон гишүүдийг нь буцаан татна гэж байна. Хулгайлагдсан долларын тоог найман сая гэж компьютерээр яг таг тооцооллоо гэж солиорохыг сонсоод Балдан бүр дэлбэрэхээ шахав.
Хоёр хөгшин шар махтайгаа хатлаа. Ямар ч гэмгүй Бат гэгч залуугийн шоронд шаналсан царай зүүдэнд орж ирээд унтахыг болив. Хэд хоногийн дараа нийслэлийн цагдаагийн газарт хэргээ хүлээн мөнгөө үүрсээр орж ирсэн хоёр хөгшнийг сонссон цагдаа нар элгээ хөштөл хөхөрлөө. Хамгийн том генерал нь нулимсаа гартал инээж байснаа, хэдэн шуудай мөнгөнөөс гаргаж үзэнгээ,
-Намаа аврах гэсэн сайхан сэтгэлийг ойлгож байна. Дахиж битгий ирээрэй, энд ажил ихтэй хүмүүс суудгийм гээд гаргалаа.
Гурав хоногийн дараа хоёр хөгшин өнөөх мөнгөө үүрсээр сумандаа шуудангийн машинаас урамгүй бууцгаав.
-Эргүү малаас боллоо. Чи л эхэлж банк руу гөлрөөд байлуу хэмээн Балдан бухимдана. Улсын энэ их мөнгийг буцааж өгье гэхээр бүгд цагдаагийнхан шиг шоолцгоогоод хэрэгсэх амьтан олдсонгүй нь тэр.
Малын буян байхад нүгэл хилэнцтэй мөнгөөр юугаа хийхэв. Яаж мэдэхэв нэхээд ирж ч мэднэ, буцааж булж хадгалах болов. Харин энэ удаа хотон дотроо бус зайдуухан нүх малтлаа.

Friday, June 15, 2007

ЗАСВАРЧИН МОНГОЛ

/фельетон/
Бодоод байх нээ, монголчууд бид элдэв засвар хийхэд яснаасаа дурладаг бахдам сайхан зантай хүмүүс аж. “Морь харах”-ыг соёлтойгоор хэлэхдээ “бие засах” хэмээнэ. “Бие тавируулах”, “бие амирлуулах” гээд арай өөрөөр хэлж болно оо доо. Тэгэхэд чинь заавал “засах” гэдэг үгийг сонгосон байгаа юм даа.
Орос хэлээр “ремонтировать тело”, англиар “fix the body” гээд хэлээд үз. Тэд “Түлхүүр бариад, эвдэрсэн биеийг эрэг боолтоор тогтоож янзлах юм байна” гэж ойлгоод нүдээ орой дээрээ гарган гайхна.
Өөр үгээр бэлээхэн хэлж болоод байгаа юмыг ингэж эерүүлж байгаа маань “засах” гэх энэ айхтар үгэнд бид үнэн голоосоо дуртай болохыг нотолж байна.
Энэ юу ч биш. Бид бүр эхийн хэвлийд байхаасаа л засахын сайхныг мэдэрч, амтанд нь ордог байх юм. Баруунд эмэгтэй хүн жирэмсэн болсон эхний өдрөөсөө л ямбалаад хэвтчихдэг байхад монгол бүсгүй тэнгэр шиг гэдэстэй хэрнээ гүү сааж, морь уургална. Эмнэг хангалын нуруун дээрээс тэпхийтэл шидүүлчихээд, тапхийтэл босно. Ингэж ээ, явтал хэвлий дэх үр нь тэс хөндөлдөөд, далжийчихсан байна. Тэгээд л Гэзэгт бариачийг дуудуулан бариулж, “засвар” хийлгэж сүйд болно.
Сурлагын дэвтрийнхээ дүнг засах хэмээх их гоё ажлыг монгол хүү бага сургуульд ормогцоо гаргууд сурна. Түүнийг онц сурдаг гэж аав ээж хоёр нь бүр итгэн үнэмшинэ. Хамаатан садан, найз нөхдөдөө “Миний хүү намайг дуурайсан, улаан онц сурлагатан” хэмээн бардсаар л. Арван нэгдүгээр ангиа төгсөх торгон агшинд л хүүгийн булхай илэрдэг. Хөөрхий хуурагдсан аав минчийтлээ уурлаад, тэлээгээ суга татах боловч яаж ч чадахгүй. Наймдугаар ангидаа үрийн зулай үнэрлээд томорчихсон “эр”-тэй юу ярих вэ дээ. Хожимдсон ухаарал болно.
Монгол нутгийн салхи шуурга нь хүртэл үг үсгийг засна. 1980-аад онд, Дорноговьд Майн нэгний баярын жагсаал болж байтал яасан гээч? Дарга нарын индэр дээрх “МАХН МАНДТУГАЙ!” гэсэн бичээсийн МАХН гэдгийн арын “Н” үсэг нь элсэн шуурганд зүлгэгдээд арилчихсан байлаа! Маханд дуртай монгол хөдөлмөрчин ард түмэн, индрийн өмнүүр баярын маршаар гарахдаа: “МАХ МАНДТУГАЙ, УРА!” хэмээн цог жавхлантай гэгч нь хашгиралдан өнгөрсөн гэдэг. МАХН-ын уриаг, МАХ-ны уриа болгон хувиргагч Говийн элсэн шуурга бол жинхэнэ монгол засварчин-шуурга мөнөөсөө мөн.
Монголчууд өөрсдөө байгуулсан засгийн газраа өөрсдийнхөө гараар засан тохинуулж, дайн тулаан, хувьсгал төгсгөл хийнэ. Баасан эгчээс эхлээд олон хүн төрийн алдааг засан хаврын салхинд хацраа холцруутуулан тэмцэж явна. Өчигдөрхөн шинээр тавьсан хар замаа хайр найргүй хага цохин дулааны шугамаа засна. Адуунд байгалийнхаа жамаар хэнд ч гэм хийлгүйгээр ургаж байсан дэлийг сумлаж хайчлан засна. Засахгүй, гар хүрэхгүй юм гэж ховор.
“Сэрэлт” киноны Бумаа авгай хуруугаа шүлсдэн дэвтэр дээрх үсгээ засч байх агшин монгол хүн бүрийн нүдэнд харагдан, сэтгэлд хоногшсон байдаг. Аргагүй шүү дээ. Засах хэмээх үйлдэл монгол хүний зүрх оюунд дэндүү ойрхон байдгаас тэр.
Саяхан монголчууд засч залруулах юмаа нэгээр нэмж хүүхэд өтгөсгүй баярлав. Учир юу гэвэл, Улсын их хурлын эрхэм дарга маань төрийн хуулийг засав. Энэ бол гайхамшиг! Хүн төрөлхтөний засвар, засал, заслагын соёлд оруулж буй үнэтэй хувь нэмэр билээ.
“Засварчин аавын хүү билээ, засмалын тоосонд өссөн билээ” хэмээх дуу шилдгийн жагсаалтыг сүүлийн далан зургаан сарын туршид тэргүүлж байна. Засварчин монголын үр садын залах засах их үйлс доор доороосоо ундарсаар.

Monday, June 11, 2007

МАЛЧИН БОЛ БУРХАН

(шог өгүүллэг)
Би хотын хүн л дээ. Гадаа цасаар шуурч байна уу, ногоо соёолж байна уу надад ер нь падгүй баймаар. Гэвч би тэнгэр хуйсганахаар л сандардаг болсон хүн.
Таван жилийн өмнө юм даа. Цэцэрлэгт явдаг хоёр хүүгээ авахаар очтол,
-Аав аа, ёштой баларшаан. Манай чэчэрлэг жөндөө их юм авчир гэшэн, лав олон чингистэй мөнгө болно доо гэсээр гарч ирлээ. Баянхонгор, Увсад зуд болж малчид хэцүүдсэн юм байх аа. Хүүхдүүдийнхээ зудын тусламжийг базаахад миний сарын цалингийн тал явчихлаа. Маргааш нь ажилдаа ирвэл цуглаан болж байна. Манай мэргэжилтэн сэнтэг Буниа босоод ирчихсэн,
-Мал сүргээ зудаас аврахад хүн бүр хоёр сарын цалингаа хандивлая гэж байна. Манайхан тал талаас нь ам амандаа бувтнан, зарим нь зөвтгөж, зарим нь буруушаана. Дарга хоолойгоо засч чимээгүй болголоо.
-За нөхөд минь, бусад газрын жишгийг харахад арван дөрөв хоногийн цалингаа хадивлаж байгаа. Жишгийг дагах нь зүйтэй гэж тэр нухацтай хэлж байна. Миний дотор харанхуйлаад явчихлаа. Дүүрсэн хэрэг, зориг муутай бослоо.
-Хаа байгаа Б… Б… Баянхонгорын мянгат малчны хувийн мал үхэх, өсөх нь б… бидэнд ер нь ямар хамаа байна аа? гэж хэлж орхиод суух хооронд хамаг биеийн хөлс асгарлаа.
Ингэж л би ажлаасаа халагдсан юм даа. Над шиг нийгмийн идэвхгүй, хувиа бодсон, бэртэгчингүүдээс улс орон цэвэршиж байгааг манай дарга хатуу сануулаад тойрохыг минь зурж өглөө.
Авгай бас цалингаа зудад хандивласнаар барахгүй намайг,
-Нарийндаа хатсан, түмний шившиг болсон амьтан гэж загнаад, тэр уурандаа гэрт байсан жаахан будааг зудын тусламжид аваачаад өгчихлөө. Манайх гэдэг айл балрав. Тэр нэг сарыг өлөн зэлмүүн, гэрлээ таслуулсан баргар амьтас арайхийн өнгөрөөсөн дөө. Би түүнээс хойш хар дарахаараа зуд гэж хашгирч босч ирдэг болсон юм. Авгай:
-Үхчихсэн биш, болж л таараа гэж загнаад, хадам ааваас зээл авч ТҮЦ-тэй болж намайг түүндээ суулгав.
Төсвийн хэдэн халтар цаасаар арайхийн гол зогоодгоо бодвол боломжийн амьдарч эхлэв. Тэгтэл яасан гээч, манайхыг, бас манайхтай бөөр нийлүүлэн барьсан арваад ТҮЦ-ийг бүгдийг нь хулгайч ухчихлаа. Би бодлоо. Увсын малчин хонио зудад өгөхөд улсаас тусалж, төсвийнхнөөс хандив цуглуулж болсон юм чинь хулгайд бараагаа өгсөн бид ч бас тусламж, хандив авч яагаад болохгүй гэж? Адилхан л хувийн хонь! хувийн бараа! Зуд ч гамшиг, хулгай ч гамшиг.
Бидний арваад хүн хороо, дүүрэг, хот гээд яваагүй, ороогүй газаргүй боллоо. Нөхөд маань шантрах боловч “бидний үйлс бүтнэ, харж л байгаарай” гэж би зоригжуулна. Ерөнхий сайд дээр орохоор хөөцөлдөж байтал бид хэдийг Шар хадны галзуугийн эмнэлэг рүү ачлаа. Эхнэр нулимсаа арчин,
-Найз нь, таньдаг эмчтэй шүү дээ. Ханийгаа түргэн эдгээнэ ээ. Миний найз ядраад л, бага зэрэг “юу яаж” байх шиг байна гэсээр намайг үдлээ.
Бид эмнэлэгт уйдах завгүй. “Малчин ч хүн, наймаачин ч хүн! Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг!” гэсэн лоозон барин жагсаж, тэмцлээ үргэлжлүүлж байлаа. Эхнэр намайг эргэхээр ирэхээрээ над руу их л сонжингуй хардаг боллоо.
-Бидний тэмцлийн үр дүн гарна, харж л байгаарай. Биднийг ерөнхий сайд хүлээж авна гэхэд минь буруу харж, сэмхэн нулимсаа арчина.
Жил өнгөрлөө. Үгүй ер нь ярилцаад, мэтгэлцээд, тунгаан бодоод байх нээ нь бидний тэмцэл буруу байх аж. Үндсэн хуулинд үлээдэг бохь, зуугийн ундаа, иштэй чихэр нь төрийн хамгаалалтад байна гэж заагаагүй шүү дээ. Бид эмчдээ:
-Малчин бол бурхан. Тийм болохоор тэр малаа оторлохын оронд наадамдаж, хадлан хадахын оронд найр хэсэлгүй яахав. Зуд болбол улсаас үнэгүй өвс, албан хаагчдын хармаанаас үнэгүй гурил авчих юм чинь! Харин наймаачин бид бол тамын амьтас. Бидний барааг хулгайч авах нь зөв. ТҮЦ-ээ манаагүй учир хохь нь тэр гэж хэллээ. Удалгүй биднийг эдгэрсэн гээд эмнэлгээс гаргасан даа.
Би одоо өглөө сэрмэгцээ л тагтан дээрээ гарч тэнгэр харж байгаа. Зуд эхэлбэл бурханд өгөх өргөлөө түргэн базаах гэж л тэр шүү дээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates