Thursday, October 15, 2009

Гишүүдийн худлаа хэлдгийг мэдэхгүй биш

УИХ-ын гишүүдийг ачиж явсан онгоц зүүн аймгийн нэгэн суманд осолдов. Аврагчид яаран очтол нутгийн малчид бүх гишүүдийг оршуулчихсан байна гэнэ.
-Бүгд үхчихсэн гэж үү?
-Зарим нэг нь би үхээгүй гэж зүтгэж байсан л даа.
-Тэгээд яагаад оршуулчихаж байгаа юм бэ?
-Тэдний худлаа бурж байдгийг мэдэхгүй биш. Худлаа гэж санаад л оршуулчихлаа.

Thursday, October 8, 2009

ЗАМЫН ТҮГЖЭЭ МАНДТУГАЙ

/фельетон/
Зуны дунд сараас эхлэн уурандаа багтрах шахаж, эргэн тойрноо харцаараа урж, хар яр архирч байсан нийслэлчүүд өнөөдөр тэс өөр болжээ. Замын түгжээнд гацаад байгаадаа чин зүрхнээсээ баярлан, эелдэг инээмсэглэх царай гудамжийг чимж байна.
Хамгийн баяр хөөртэй байгаа хүмүүс бол “нийтийн тээвэр” гэсэн шар туузтай саарал тэрэгний жолооч нар. Түгжрэлийн өмнө тэднийг буудал бүр дээр хувин тоссон саальчид эрээн модоор чичлэн угтдаг байлаа. Тэгвэл одоо замын цагдаа юун сааль сүү саах манатай, хөлс баасаа урсган, дөрвөн замын уулзварт хаашаа ч хөдлөх аргагүй нам зоолттой зогсох болжээ. “Түгжрэлийн буянаар манай ажилтнууд шударга болон хүмүүжиж эхэллээ. Бид улсдаа ариун цагаанаар хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж болдог гэдгийг ойлголоо” хэмээн замын цагдаагийн дарга зурагтаар ярьсан гэлцэнэ.
Долоон буудлын Долзод эмээ “Зам түгжсэн хотын дарга хүүгийн буяныг нэм!” гэж дуу алдан залбирч, магнай хагартал баярлав. Учир юу гэвэл түүний дөчин долоотой гон бие гозон толгой ганц хүү нь түгжээний буянаар хань бүлтэй болоод байна. Эмгэний хүү хөлсний тэрэг барьдаг агаад, нэгэн бүсгүйг Толгойтоос Шар хад хүргэх замын туршид нүүр хагаран танилцсанаар барахгүй гэрлэлтээ бүртгүүлж, бас бие давхар болгож амжжээ. Долзод эмээ ачийн зулай үнэрлэнэ гэхээс тэсч ядан суугаа сурагтай.
Баярцогт, Зоригт, Гансүх гурав баярлахын дээдээр баярлаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн замын бөглөөнд гацаж байх хооронд эрхэм сайд нар Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж амжжээ.
Нууц амрагуудад ч түгжрэл ач тусаа өгч байна. Ажлаа тараад, буудалд учирсан хоёрын эрэгтэй рүү эхнэр нь залгахуйд, хөлс бурзайж, амьсгаа өндөрдсөн эр сандарсан шинжгүй утсаа авна.
-Хөгшин чинь яг талбай дээр нам гацчихаад байна!
-Тэгээд яагаад амьсгаадаад байгаа юм бэ?
-Уур хүрээд, багтрах шахаад байхад чинь амьсгаадахгүй яадгийм!
-Миний өвгөн тайван бай. Зүрхээ бод! гэх утасны яриа эхнэр нөхрийн хооронд өрнөнө. Зарим нэг нөхөр үүрээр гэртээ орж ирээд, Их сургуулийн гудамжны гацаа сая л нэг юм онгойлоо гэдэг болжээ.
Албан хаагчид, багш, оюутан сурагчид бултаараа жаргаж байна. Шуурхай зөвлөгөөнд хоцроод, “Дарга аа, замын түгжээ хэрэг алга аа...” гэнэ. Дарга ажилтан руугаа зовлон ойлгосон энхрий зөөлөн харцаар хараад, суудал руу дохидог болсон. Их сургуулийн багш Хаймчиг хувийн сургуульд цагийн хичээл заачихаад, малийтал инээсээр орж ирнэ. “Бага тойрууд бөглөрөөд, бүтэн цаг гацчихдаг байна шүү!” гэнэ. Тэнхимийн эрхлэгч гараа алдлахаас өөр юу ч хэлэхгүй.
Бид урьд нэг л замаар уйдталаа холхидог байсан бол одоо зүлэг талбай, замын хажуу, голын эрэг хаа дуртай газраараа эрх чөлөөтэй сүлждэг боллоо. Шинэ содон газар түгжирч, шинэ сайхан охид харж, нүдээ баясгаж байгаадаа сэтгэл туйлын хангалуун. Түгжээнд зогсож байхдаа хажуугийн тэрэгний хөршийнхөө амар мэндийг мэдэж, гэр бүл үр хүүхэд, ач зээ болоод эмээ өвөөгийн лагшин тунгалаг эсэхийг асуудаг болоод байна. Хотын иргэдийн зан харьцаа мэдэгдэхүйц сайжирлаа.
Замын бөглөө Монголд эргэлт авчирчээ! Түүхчид эрин зууныг түгжрэлийн өмнө үе, түгжрэлийн дараах үе гэж хуваахаар санал дэвшүүллээ. Түгжрэлийн ачаар жолооч амгалан болж, цагдаа хүмүүжиж, хүүхэд төрж, хүн ам өсч, түүхэн гэрээг үзэглэснээр эдийн засаг эрс сайжрах гольдролд орлоо. Монголчууд бид өөр хоорондоо эвтэй харьцаж, ойртон нягтарлаа. Бид түгжрэлд орохоороо эвтэй болдог, эвтэй байхдаа хүчтэй байдаг ард түмэн ажээ. Замын түгжээ мандтугай!

Wednesday, September 30, 2009

ИТГЭЛТ БАЯН ЛАЙ ЭДЭЛСЭН ҮЛГЭР

/шог өгүүллэг/
Эрт урьд бус энэ манай цагт Итгэлт баян хэмээгч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүү аж төрдөг байжээ. Тамирын голын ногоон хөндийд жалга довынхоо зон олныг цуглуулж, хорин суурь хонио хяргуулсан шиг жаргаж суув гэнэ.
-Одоо ямаа боож идээд, орой цүү хаяна хэмээн гэгээ татуулан хэлж байтал нь гай газар дороос гахай модон дотроос, мэргэжлийн хяналт гэнэтхэн ирэв.
-Иргэн Итгэлт та ажлын байрны дүгнэлт гаргуулсан уу? гэж байцаагч Балдан төрийн төмөр нүүрээ атируулан асуулаа. Итгэлт ээрч түгдрэв, ир мохож гөлийв.
-Нэг хонинд ноогдох нэгж талбайн хэмжээ нилээдгүй дутжээ! гээд байцаагч толгой сэгсэрлээ. Луу гүний баян Итгэлт, лүүнд булхсан гөлчгий мэт бүлтгэнэж, Балдан байцаагчийн өлмийг долоолоо. Долоогоод долоогоод нэмэр болсонгүй, хан ноёнд айлтгаж, хар гэрт хориулна гэж хангинаад, халуун хошуутай зуун бодоор торгов.
-Үтэр түргэн ажлаа хаа, үнэмлэх бичгээ бүрдүүл! гэж байцаагч ууртай тушаалаа.
Хөөрхий Итгэлт санаа алдав.
-Ямаагаа боож идээд, явцгаах уу даа, таминь! гэх сулхан дуу унагалаа. Боодгоо хам хум шалзлаад, болгоож идэхийг завдтал нь хорио цээрийн Хорол байцаагч ирэв.
-Нийтэд хоолоор үйлчлэхэд нийцүүлсэн бичиг чинь хаа байна? хэмээн Хорол хорсолтой асуулаа. Итгэлтийн нүдний цог голойж, нүүрний гал бөхөв.
-Хүнсний малыг үйлдвэрт бус ил задгай төхөөрнө гэнэ ээ? Маханд байх нянгийн тун магад хориор хэтэрчээ! гэж байцаагч часхийн чарлалаа. Үйлийн үртэй Итгэлт үржлийн наян богоор торгуулсны дараа сая Хорол байцаагчийн нурууг харав.
Боодгоо хураалгаж, богоо дундруулсан Итгэлт гэртээ урамгүй ирэв. Ширмэл олбогтоо атиран, ширмэн тогоогоо өнгөлзөв. Пор пор буцлах махыг хүлээн, гүд гүд шүлсээ залгив. Ийн суух зуур “Эрдэнийг дагуулан мордож, бичиг цаасыг нь бүтээе” гэж тэр бодлоо. Хотны ноход боргож, хойд зүгээс дөрөө ханхийв. Лагс алхаатай, лугс дуутай нэгэн хоолой засаад орж ирэх нь барилгын хяналтын байцаагч Цахиур Төмөр ажгуу. Баруун талд байх бар хээтэй олбогт тухлахыг урьсан боловч байцаагч сонссонгүй шууд ханцуй шамлаад хана унь тоолж, баганын голчийг хэмжив. Төмөр байцаагч хилэнтэй харцаар цоргиод,
-Баталсан зурагт тав байтал таны гэр яахаараа найман ханатай байдаг билээ? гэлээ. Итгэлтийн гэрийг буулгав. Луу гүний цуутай баян аргагүйн эрхэнд адуу эрэхээр одсон Эрдэнийнд хоног төөрүүлэв.
Маргааш өглөөний мандах улаан нарнаар Итгэлт Эрдэнийг дагуулан зүүн зүгт хөдөллөө. Аймаг руу ордог арслан сийлбэртэй аранзал хаалган дээр Бадарч тахар хөндөлдөв.
-Иргэн Итгэлт та яахаараа тогтоосон хурдыг хэтрүүлдэг билээ! Таны морь жолоодох эрхийг хассугай! гэж баргил дуугаар бархираад, бах тав нь ханасан байдалтай эмээлт моринд нь эзэн хүн шиг мордоод галигуулж одов. Явган нүцгэн таваргаж, янтай цаасаар хөөцөлдсөөр сарыг бараад ирэхэд нь хорин суурь хонины нь ноос харгана бутаар нэг хөглөрсөн байлаа.
Хамаг ноосоо хаяснаа бодож, харуусаж суусан Итгэлтийнд эмийн эрхийг хамгаалах эрхэмсэг хатад бууцгаав.
-Эрдэнийг эзгүйд Долгорыг яасан..? Долоон сарын өмнө Дулмааг бас яасан..? хэмээн учир шалгаан шаагилдаж, ухаж төнхөж байцаав. Энэ зунжингаа Итгэлт эрүүгийн цагдаа, эрхийн хорооны үүд сахив. Ном сонины хуудсанд заларч, ноцтой мэдээнд цоллууллаа. Шар хэвлэлийн баатар, шар сэмжтэй од болоод, эргэж гэртээ ирэхэд нь эхнэр нь салаад талийсан байлаа.
Хяруу унаж намар дундрав. Мангуудын баян Паалуутай хоршиж, Ангарын хот руу үхэр шар гаргах панз наймаа бодов. Нянгийн шинжилгээ, няхуур үзлэг, гүний гааль, гүрний хяналт, хорио цээр, холын гувчуур, мал эмнэлэг, мах бэлтгэл, хөдөө ахуйн яам, хүнс хөхүйн тамга гэх наян газраар харайлгаж насыг баржээ, хөөрхий. Нааш цааш гүйх хооронд наяын сүүдрийг зооглож, найгал болтлоо өтөлсөн байв. Найман буман цаасыг, нягталж гүйцээх гэвэл нэгэн биеийн нас үл хүрэхийг ухаарч, буцаж гэртээ харив. Сүлд нь буусан Итгэлт сүүтэй цайгаа оочлон сүг оргин суух болжээ.
Үнэн худлыг бүү мэд, үлгэр ингээд дууслаа. Луу гүний цуутай баян өнөө цагт төрсөн бол нээрээ л ингэж зовох байж, нэгэн биеэ үрэх байж. “Хүмүүнлэг ардчилсан” нийгмийг хүртэж ердөө амтлаагүй Итгэлт азтай хүн!

Wednesday, September 23, 2009

100 хувь

"Та интернэт хэрэглэдэг үү?" гэсэн судалгаанд монголчууд 100 хувь "Тийм" гэж хариулжээ. Судалгааг интернэтээр явуулсан аж.

Багш ихэд уурлаж, Вовкаг загнав гэнэ.
-Арваас цааш тоолж чадахгүй. Юу хийж амьдарна даа, чи!
-Санаа зоволтгүй ээ, багш аа. Би боксын шүүгч болчихно оо.

Wednesday, September 16, 2009

ЭРХЭМ ГИШҮҮНИЙГ ШИНЖИХҮЙ

/фельетон/
Эрхэм гишүүн хурдан удамтай байж гэмээ нь сонгогч таны хүсэлтийг үтэр түргэн биелүүлэх нь мэдээж. Хурдан түшээг гадаад зургаан шинжээр нь таньж ирсэн уламжлалаа мартсаны улмаас монголчууд сонгуульд хулхидуулсаар л байна. Гүзээ, толгой, шүд, идэш, ууш, туурай зэргээр нь гишүүдийн хурдыг шинждэг.
Эртний сударт гүзээний шинжийг гишүүнийг ялгах хамгийн чухал шалгуур гэж өгүүлжээ. Боос гүзээ, мийс гүзээ гэх хоёр янз гүзээ бий. Боос гүзээ цүндгэр байдаг бол мийс гүзээ Мэнэнгийн тал мэт хавтгай байна. Боос гүзээтэй гишүүн хэвтрээсээ босож ч үл чадах тул таны төлөө хөнгөн шаламгай гүйж чадахгүй, лазагнасаар дөрвөн жилийг бардаг. Мийс гүзээтэй гишүүн тоос татуулан сунайх хулан тахь мэт хурдан байдаг тул үг дуугүй сонговол зохино. Даанч ийм гишүүн өдрийн од шиг ховор болжээ.
Ембүү толгой, өмбүү толгой, усан толгой, ухна толгой, тэнэг толгой гэх таван янзын толгойн шинжийг мэргэд онцолж авч үздэг. Ембүү толгойг сэгсэрч үзэхүл зоос цуглуулдаг вааран гахай мэт хангир жингэр дуугардаг бол өмбүү толгойд юу ч хэлээд нэмэргүй. Төмөр-Очирын үед өмбүү толгойтой гишүүд дийлэнх байсан. Дэмбэрэлийн үед ухна толгойн хэв шинж их хурал руу түрэн орж ирсэн түүхтэй. Усан толгойтой гишүүн чуулган үймүүлж элий балай бурдгаараа ялгардаг. Харин тэнэг толгойтой гишүүн нэн ховор. Хөөрхийг бусад гишүүд хочилж нүд үзүүрлэдэг учраас “тэнэг толгой” гэх нэр үүссэн гэлцдэг. Ийм шинжийн гишүүд тойргийнхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, өөрийгөө умартдаг. Тэгэхээр ийм толгойтонтой учирвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тэр таны төлөө жигүүртэй мэт хурдлах болно. Тэнэг толгойг нясалж үзэхэд болсон тарвас мэт пүдхийж дуугардгаараа ялгардаг.
Гишүүдийн шүдийг хол шүд, хонин шүд, сийрэг шүд, шигүү шүд гэж ангилдаг. Эрхэм гишүүний шүд ойгүй хол зайтай байх тусам түүний завсраар майгүй том амлалт сийгэх нигуур буй. Эх орны хишиг, эрдэнийн хувь гэхчлэн хэдэн саяар сийгээд байх нь гишүүний шүд ямаршуу болохыг илтгэж буй хэрэг. Огт юу ч амлахгүй байгаа бол тэр шигүү шүдтэй гишүүн. Шигүү шүдтэнг сонгосноороо та хулхидуулахгүй. Юу ч амлаагүй юм чинь юундаа хулхидуулах вэ? Хурдан гишүүний соёо нь бууран тэмээнийх мэт агаад, зайгүй шигүү байдгийг анхаарч шинжих хэрэгтэй.
Хурдан түшээд идэш бага, морь харах нь бяцхан хол хэмээн сурвалж бичигт дурьдсан байдаг. Тэгэхээр нэр дэвшигч тойрогт ирэхдээ сумын даргаар хорхог хийлгэж идэж буй эсэхийг сайтар ажиглаж шинжээрэй. Сумын ядруухан төсвөөс төлөг цохуулж зажлахаа сийхгүй байгаа этгээд улсын хөлгүй сангаас тэрбумыг гувчуулж гудрахыг юман чинээнд бодохгүй гэсэн үг. Хорхог огт амсахгүй, морь огт харахгүй байх ахул гайхам хурдтайн шинж болно.
Хурдан түшээ архийг тагшаар ганц мөсөн хөнтөрдөггүй. Эхэлж жаахан балгаад, тамшаалж амтлаад дахиж ууж амраад, мөн дахин бага зэрэг уух болой. Сөгнөсөн архийг огт уухгүй байвал их зантайн шинж. Гулгуулж орхивол архаг болохын шинж. Балгаад ярвайвал голлоо гэсэн үг. Ярвайхгүй бол донтох хандлагатай байж магадгүй.
Нэр дэвшигч уулзалт дээр үг хэлж зогсохуйд туурайн шинжийг сонждог. Туурайгаа үе үе цавчаад, байн байн солбиж тавиад байгаа бол гишүүн хурд муутай, худлаа хэлдгийн шинж. Ийм гишүүнийг сонговол хулхидуулна гэсэн үг.
Энэ бүхнээс үзвэл эрхэм түшээд хөнгөн шаламгай хурдтай чанараа бие галбиртаа агуулдаг байх юм. Хөлдөө салхитай, хүзүүндээ мөлжүүртэй, мийс гүзээтэй, луус духтай хурдан удмын гишүүнийг сонгоод хүсэл мөрөөдөл бүхнээ сэтгэлчлэн бүтээж, хүмүүнлэг ардчилсан нийгэмдээ тааваараа жаргах эсэх сонгогч танаас л шалтгаална. Шинжихүй тань ончтой, сонгохуй тань мэргэн байх болтугай.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates