Thursday, October 23, 2008

76 ухнын онигоо оршивай

-Монгол улс яг 18 сая ямаатай гэнэ ээ.
-Дутуу тоо байна аа, наадах чинь!
-Яагаад?
-УИХ-ын 76 ухныг мартчихсан байна шүү дээ!

Wednesday, October 15, 2008

МАЛЧИН МИНИЙ ГОМДОЛ

/фельетон/
Малчин би Монголын УИХ-д үнэн голоосоо гомдлоо. Гомдлоос болоод дотор бачуурч, хархан нүдийг минь нулимс бүрхэв.
Өчигдөр өглөө босоод иртэл, хөх сэрх улаан борлонг мөргөөд ухаан алдуулчихаж. Хөөрхий минь, УИХ-аас өгөмшөө болсон таван төгрөг шүү юмыг чамлаж, уур нь хүрсэн байна шүү дээ! Хоёрын хооронд гурвын дунд гэгчээр дөрвөн ямаа тутамд хэдхэн цаас өгөөд байхдаа яахав дээ. Ядахдаа нэг зуун мянга, байг гэхэд ганц сая төгрөг өгчихсөн бол ямаа минь ингэж уурлахгүй шүү дээ!
Энэ ч яахав бага хэрэг. Өнөө өглөө босоод иртэл яасан гэж санана аа! Хүрэн азарга маань уурандаа багтраад, ягаан ухнын минь өрөөсөн эврийг хуга тангарчихжээ. Аргагүй шүү дээ! Тавын таван хошуу мал байсаар байтал нэгд нь мөнгө өгөөд нөгөөг нь ялгаснаас болоод тэр!
Малчин би, малыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг Монголын УИХ-д үнэн голоосоо гомдож байна. УИХ-ын тэнэг гишүүд, энэ тэнэг хуулиа эргэж хараад таван хошуу малд тавууланд нь мөнгө өгмөөр байна!
Миний гомдол ганц үүгээр дуусахгүй ээ. Есөн сарын нэгэнд яасан гэж санана аа! Миний бага хүү уурлаад, сургуульд явахгүй гэсэн. Эгчийнх нь сургалтын төлбөрийг төр даадаг хэрнээ миний муу хүүг алагчилж байгаа болохоор уурлалгүй яах вэ! Малчдын “нэг хүүхдийн” сургалтын төлбөрийг төр хариуцна гэсэн заалтаа “бүх хүүхдийн” болгож засах хэрэгцээ амьдралаас урган гарч буй нь энэ. Би болоод, миний бага хүү гомдов!
Сонгуулиар малчин бидэнд маш бага зүйл тарааж байна. Доромжилж байгаа юм шиг аравхан мянган цаас өгсөн чинь маргааш нь л алга болсон. Биднийг доош хийж, “Хараа”, “Ерөөл” тараадаг явдлаа таслан зогсоомоор. Ядахдаа л “Хар Чингис” өгмөөр байна. За “Алтан Чингис” бол пош гээд явчихна. Тараах тараахдаа ганц шилийг бус, хэдэн авдар бол зүгээр. Удахгүй хүү гэрлэнэ.
Өнгөрсөн өвөл зуд болгоогүй УИХ-д үнэнхүү өширхөж байна. Хэн нэгэн тэнэг гишүүн “Цас ороогүй юм чинь, зуд болоогүй” гэж хэлсэн нь тэнэглэлийн дээд хэлбэр болсон билээ. Цас ороогүй гэдэг чинь “харын зуд” нүүрлэлэж буй нь тэр. Цас бага унана гэдэг чинь “алаг цоогийн зуд” болжээ гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг тунгааж үзээд, “Жил бүрийг зудтай гэж үзэх тухай” хууль батлах нь зүйтэй.
За тэгээд зудын тусламжид маш бага гурил өгдөг УИХ-д үнэн голоосоо гомдож байна. Уут уутаар биш, тэвш тэвшээр тараах нь зөв. Орос гурил боов хийхэд хөхөрдөг. Хятад гурил цаанаа л нэг зэвий даагаад ямар ч амтгүй байгаа тул Америкаас ч юм уу, эсвэл Англиас гурил оруулж ирж бидэнд тараах нь зүйтэйг анхаарах хэрэгтэй!
Малаас хэт өндөр татвар авч байгаа УИХ-ыг харааж зүхмээр байна! Нэг бодоос жилд зуун тавин төгрөг татна гэдэг чинь арай дэнджээ. Хувийн үйлдвэрийн нэг зайрмаг, нэмээд нэг иштэй чихэр аваад идчихэж болох асар их мөнгө шүү дээ! Ер нь татвар авах биш малын тоогоор малчинд мөнгө олгодог болох нь улсын хөгжилд нэмэртэй. Мал бол Монголыг тэжээгч голлох үйлдвэрлэл шүү дээ.
За тэгээд, эцэст нь нэг зүйлийг анхааруулъя, УИХ-ын тэнэг гишүүн гуай! Хэрвээ миний гомдлыг барагдуулахгүй бол чамайг сонгохгүй, сонгуульд чинь очиж, тавин хувийн ирц бүрдүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье!
Мянгат малчин А.Амарсайхан

Monday, October 13, 2008

Чапаев, Петька хоёр Монголд

Петька “Нисэх хүчин” сэтгүүлд онгоц жолоодох хичээл байхыг олж үзээд онгоц жолоодоцгооё гэсэн санал гаргажээ. Чапаев, Петька, Анка гурав онгоцонд сууцгаав. Петька сэтгүүлээ гарган шууд заавар өгч Чапаев жолоодов.
-Түлхүүрээ цагийн зүүний дагуу эргүүлж, мотороо асаа!
-Мотор аслаа!
-Хаазаа эцэст нь тулга!
-Хаазыг эцэст нь тулгалаа!
-Рулиэ өөр лүүгээ тат!
-Ёсоор болголоо нисч байна!
Анка:
-Ура! Бид нисч байна!
Чапаев:
-Нисэх нь ч яахав нисчихлээ. Одоо яаж буулгах вэ? Петька, цааш нь уншаарай!
-Унших юм алга аа, нөхөр Чапаев аа.
-Юу?
-Хичээлийн үргэлжлэлийг дараагийн дугаараас уншина уу? гэнээ.

Чапаев, Петька, Анка гурав МҮОНТ-ийн “Амьдрал өөрөө саак” реалити шоунд нэг баг болж оржээ. Тэднийг эзгүй арал дээр аваачиж хаяв. Долоо хоног өлслөө гэнэ. Өглөө болгон гурван тийшээ идэх юманд гарах боловч юу ч олдохгүй. Нэг өдөр Чапаев зөндөө махтай ирж Анка маш их баярлав гэнэ. Харин Петька ирсэнгүй. Тэр хоёр цадталаа мах идлээ гэнэ. Орой дахиад л өнөөх махнаасаа идэв. Анка хавирга мөлжих зуураа:
-Чапаев ахаа Петька өдий болтол алга! Надад нэг л сэжигтэй санагдаад явчихлаа!
-Сэжиглээд байгаа бол наад Петькагийнхаа хавиргыг идэхээ больчих л доо!

Аймшгийн онигоо. Түнэр харанхуй ой. Түнэр харанхуй ойн дунд тас хар өвс ургажээ! Тас хар өвсөн дунд дун хар хожуул байна! Дун хар хожуулын дэргэд гурван аймшгийн хар амьтан суугаад хоорондоо хэрүүл хийж байна. Нүүр ам, хувцас хунар нь битүү хар утаа тортог болжээ.
-Петька, Монгол яваад хэрэггүй ээ, Улаанбаатар утаатай гэж хэлээ биз дээ, чамд!
-Гүй ээ, Чапаев ахаа! Энэ Анка чинь л Улаанбаатар явъя Нарантуулын бараа хямд гээд байсан ш дээ!
Анка:
-Би л яахаараа бүх юманд буруу болж байдаг юм! Чапаев л Улаанбаатар оръё. “Азийн чоно” ууж үзье гээд байсан биз дээ!

Sunday, October 5, 2008

Мөнгөн аяганы хэргээс үүдээд захидал бичих ину

Бөгсөө банз болтол Улсын Их Хуралд сууж, дорд биднийхээ төлөө зүрхээ шатаасан, одоо Үндсэн Хуулийн Цэцийн хар модон сандалд хатаж, бидний хуулийг цээжээрээ хамгаалж буй нэгэн эрхэм далан зургаан ширхэг мөнгөн аяга алджээ. УИХ-ын суудлын тоотой яг таарч буй энэ аягануудыг шуусан хулгайч луйварчдыг миний сэргийлэх үтэр түргэн илрүүлж, шорон гяндандаа хатаалаа. Сайн ажиллаж байна шүү! Бахархаад барахгүй юм.
Тэгтэл гагцхүү биднийгээ л гэж бодож, хувийн ашиг сонирхлоо умартан, зузаан цагаан өгзгөө ширгэтэл зүтгэсэн гэх энэ эрхэм хаанаасаа ямар мөнгөөрөө далан зургаан ширхэг мөнгөн аяга авчихдаг байна аа?
“Зөвхөн ард түмнийхээ төлөө зүтгэнэ” гэж тангараглах мөртлөө хувьдаа хааны сан мэт алт эрдэнэс цуглуулчихаж буй нь ариун явдал мөн үү, таминь ээ?
Ард түмний далан зургаан аягыг буруу хүний гарт орчихоор нь буцааж аваад ард түмэнд нь хямдхан өгчихөж байгааг бузар явдал гэх үү?
Миний сэргийлэх аяга хулгайлсан бузар этгээдүүдийг мөрдөж барилаа. Одоо харин “Аяга хаанаас цугларав?” гэдгийг мөрдчихвөл яасан юм бэ?

БЗД-ийн 3-р хорооны иргэн А.Амарсайхан

Saturday, September 27, 2008

УИХ-ын шинэ онигоо

Буянгийн Жагаад эрдмийн зэрэгтэй болвол нэр хүнд чинь огцом өсөж, сонгуульд ялна гэж зөвлөжээ. Мань эр “Мөнгө эргүүлэх нь” сэдвээр эрдмийн ажил бичив. Доктор Дашзэвэг түүний ажлын нэрийг шинжлэх ухаанч биш гээд, “Санхүүгийн нөөцийг зах зээлийн эргэлтэд оруулах арга ажиллагааны зарим онцлогийн тухай” гэсэн нэр өгөхийг зөвлөжээ. Жагаа эрдмийн зэргээ амжилттай хамгаалав. Удалгүй Гүндалай энэ жишгийг даган доктор Дашзэвэгээс зөвлөгөө авч “Өндөр үелзэл бүхий дуу авианы долгион нь зарим төрлийн эмэгчин амьдын сэтгэл зүйд нөлөөлөх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалчихлаа гэнэ. Гүндалай сайн арга зааж өгсөн Жагаад баярласнаа илэрхийлэхэд, цаадах нь эрдмийн ажлынх нь анхны нэр юу байсныг асуув. Гүндалай:
-Миний ажлын анхны нэр “Хуц! Арвин!” гэсэн байсан юм аа гэжээ.

Их хурлын гишүүдийг аттестачлалд оруулах шийдвэр гарчээ. Шалгалтад журналын нэрийн дагуу эхлээд Алтай гишүүн орж ирэв.
-Гэрэл, дуу хоёрын аль нь илүү хурдтай вэ?
-Найзууд аа, гэрэл!
-Зүйтэй, батлаад орхи!
-Юу л даа, найзууд аа. Радио асаалаа гэж саная. Эхлээд улаан гэрэл асаад дараа нь дуу явж эхэлдэг биз дээ?
-Гар, муу!
Дараа нь орж ирсэн гишүүн бас асуултад бүдрэв. Шалгалт авч байсан өвгөн эрдэмтэн “Би ер нь асуултаа хүнддүүлээд байна. Жаахан хялбарчилъя” гэж бодов. Гурав дээр Арвин гишүүн орж ирэв.
-За та уулын орой дээр зогсож байжээ. Нөгөө уулын орой дээр их буу буудлаа. Та бууны амнаас гарах дөлийг эхэлж хараад, дараа нь бууны дууг сонсоно. Яагаад ингэсэн бэ?
-Та хар даа! Миний нүд чихнээсээ өмнө байрлаж байгаа биз?
-За тийм байна.
-Тэгэхээр, миний нүд, чихийг бодвол их буунд ойрхон байрлаж байна шүү дээ!

Sunday, September 7, 2008

ҮҮЛТЭЙ БОЛОВСРОЛ

/фельетон/
Монголд юм бүхэн үүлний өнгийг дагана. Тэнгэрт улбар үүл гарвал Улаан сайдын ухаа хондон морь заалттай түрүүлнэ. Ов тов орог цоохор үүл нүүвэл гүрийдэг Цэнгэлийн жирийдэг цоохор цойлж цоллуулна.
Хурмастын үүл хурдны морины зүсийг хэлээд зогсохгүй дунд ангийн хүүгийн дуудах номын нэрийг бас заана.
Ногоон үүл гарвал ногоон хавтастай сурах бичиг үзэх тушаал яамнаас гаргана. Хэвлэх үйлдвэрийнхэн хөөрхий, нэг номыг долоон өөр өнгөөр хэвлэж бэлдэнэ. Хан-Уул дүүрэгт шар үүл гарч байхад, Баянзүрхэд улаан үүл хуралдаж, холион бантан хутгана. Зарим жил завсрын өнгөтэй үүл гарснаас хүүхдүүд огт сурах бичиггүй сурна.
Ерэн он гармагц айхавтар хуй дэгдэж, тэнгэрт хөрөөний ир мэт иржгэр цагаан үүл эгц өөдөө цойлов. Үүлийг шинжсэн мэргэд “Босоо монголын босоо бичиг!” хэмээн айлдсан юм. Багш нар монгол бичгээ долоо хоногт сурсан тул дэмий л “Эгц бич!” гэж шавиа зандарцгаав. Нэгдүгээр ангийн бүлтэн Болдоо “Эбүгэн имага сагав” гэж үсэглээд, багшаасаа юу уншиж байгаагаа асууна. Багш мэдэхгүй. Захирлаас асууна. Захирал бас мэдэхгүй. Гурвуул аргаа бараад, Шинжлэх ухааны академид хандана. Гурван жил нойр хоолгүй ноцолдсоны хүчинд багачууд ацгийг гэдэснээс, эврийг гэзэгнээс ялгахтайгаа болов.
Тэгтэл гайт шуурга өнөөх босоо цагаан үүлийг хөндлөн тийш нь хөөчихлөө. Үүлийг нягтлан шинжилсэн амьтан судлаач Шагдарсүрэн гуай “К-к-и-р-и-л-л гэнээ!” хэмээн орилон босч ирсэн түүхтэй. Ингээд буцаж кирил үсэгтээ шилжихийг сайд тушаасан юм. Ерээд оны туршлагын туулайнууд Монголоор нэг тарж, өнөөг хүртэл “Ману анда минү олан мөнггү абаба” гэж заргын бичгээ үйлдсээр яваа билээ.
Тун удалгүй салхи тогтож халуу дүүгэлээ. Тэнгэрт жижигхэн бор шавиа тойроод шармийсан шар гадаад багш нар зогсож байгаа дүртэй үүлс хуралдсан харагдав. Үүнийг харсан сайд “Шавь төвтэй сургалт!” гэж байдаг чадлаараа бархирсан юм. Боловсрол шавь төвтэй болох нь тэр! Энэ онолын дагуу төвд байрлах шавь бүрэн эрхтэй. Шавь “А” үсгийг арван хоромд нүдлэх үү, арван жил судлах уу гэдгээ өөрөө мэднэ. Нэг дээр нэгийг нэмээд арав гаргасан ч түүний зөв. Ер нь сурсан ч болно, сурахгүй байсан ч болно. Багш дүн тавьсан ч болно, тавихгүй байсан ч болно. Монгол орон бичиг үсэг, дөрвөн аргын тоонд тайлагдаагүй шавь нараар дүүрлээ. Данидагийн төслөөр хуралдсан тэрхүү төвийг тойрсон үүлийг тэгсхийгээд замхруулахаас өөр аргагүйдэв.
Үүний дараа Америкийн төслөөр үүл задлагч пуужингуудыг авчрав. Шар үүлсийг зад буудаж арилгаад, оронд нь “A, B, C, D, F” гэсэн таван үсгийг тодруулав. “Хуучин хэрэглэж байсан “2, 3, 4, 5” гэх орос дүн монгол хүний оюун сэтгэлгээнд таарахгүй!” хэмээн боловсролын сайд цогтой халуун үг хэлж билээ. Харин эцэг эхчүүд шинэ үсгэн дүнгийн учрыг олох гэж ухаанаа барсан юм. Мянгат малчин Балдан “Эй” дүн аваад ирсэн хүүгээ чөдрөөр ороолгоод, Хүний эрхийн үндэсний хороонд дуудагдлаа. Муу сурахаар нь аргаа барсан багш “Эй” гэж уулга алдсан байна гэж ташаа ойлгосон хэрэг.
Яамныхан Америк пуужингаараа дахин буудлаа. Тэнгэрт хэл ам хугалж, ороолдсон үг харагдлаа. Боловсролын сайд аугаа их Ленин багшийн хэл хоцрогдсон болохыг зарлав. Ингээд англи хэлний аян дайнд мордоцгоов. Бас л өөрөө долоо хоног англи хэл үзсэн багш “Ам хангри” гээд, шавь нарынхаа өмнө зогсож байлаа.
Жил өнгөрч, хүүхдүүд “Кисс юу бээби” гэж хайраа илчилдэг болмор аядаж байтал үүлний өнгө хэлбэр дахин өөрчлөгдөв өө, хөөрхий. Тэнгэрийн хаяанаа Богд Зонхов Шагжамуны хойд дүр Энхү Баяа Жүгжэмүн улаан шараар тунаран харагдах нь тэр! Хүүхдүүд Нагаржунайн онол судалж, хагархай “Га” хэмээх үсэг нүдлэх боллоо.
За тэгж байтал баруун зүгээс сэвэлзүүр салхи гарлаа. Тэнгэр дэх хар үүл зад үсэрч, шанага долоон одны байрлал аван тогтох нь тэр! Яамныхан учрыг тайлуулахаар шар зурхайчид хадаг яндар барилаа. Шар зурхайч шоогоо орхиж үзээд, “Хүүхдийг долоон наснаас сургах нь насанд цөвгүй” гэж айлдлаа. Сургуульд хүүхэд багтахаа байж, нэг ширээнд гурваараа суувал дээдийн заяа гэлцэв. Сургуулийн багш нар микроны кондуктор шиг “Хөөе тэр арын ширээний гурав! Шахаад дөрвөлчих дөө!” хэмээн хэрүүл хийх боллоо.
2008 онд мөөмтэй пионерийн дүртэй шар үүл туяаран үзэгдсэн юм. Тэнгэрт ийм муу ёрын юм үзэгдэх нь ад зэтгэрийн хорлол хүрсний шинж аж. Хүүхдийг зургаан наснаас сургавал энэ хорлол илаарших нигуур буй гэж зурхайд буужээ. Зургаан настай сурагчид хүндээр болон хөнгөнөөр бие засч болохуйц хагархай өмд заавал өмсүүлэх тухай сайд тушаалаа. Одоо 12 жилийн сургуулийн кондукторууд “Хөөе арын ширээний дөрөв өө! Шахаад тавлачих!” гэх дуу цуурайтуулж байна.
“Ирэх жилийн тэнгэрт сондгой ганц улаан үүл бүү үзэгдээсэй” хэмээн эцэг эхчүүд залбирч Алтангэрэлийн даллага авахуулж, хүүхдийн Банзрагч тахиулж байна. Сондгой ганц улаан үүл харагдвал хүүхдийг улаан нялзрай нэг наснаас нь сургаж мэдэх учраас тэр!
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates