Tuesday, June 10, 2008

МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН

/фельетон/
Газар хөдлөх тухай “хутгат эмээ” худлаа залчихлаа хэмээн та элэг доог хийж сууна уу? Тийм бол том эндүүрч байна. Монголд газар хөдлөөгүй биш гарцаа байхгүй хөдөлсөн юмсанж. Энэ газар хөдлөлт зургаан сарын зургааны өдрийн зургаан цаг зургаан хоромд Халх голоос Алтай Таван богд хүртэл бүх нутгийг хамарч, хүч нь арван хоёр “баал” давсан болохыг дэлхийд алдартай Токиогийн газар хөдлөлийг судлах төвийн нарийн багажууд баталжээ. Газар тийм хүчтэй хөрвөөчихөөд байхад ганц ч байшин нураагүй, хүн ард нь үхэх бүү хэл нэг ч монгол оготнын хамраас цус гоожоогүй гэхэд дэлхийн чих дэлдийв!
Газар хөдөлж байхад монголчууд хаа байсан болж таарах нь энэ вэ? Чухамдаа яг энэ л асуулт дэлхийн бүх мэдээллийн товчоо, сонин сэтгүүлийг мэл гайхуулж цэл хөхрүүлсэн билээ.
Үгүй, тэгтэл яасан болж таарсан гээч? Монголын хүн амын улс төрийн идэвхтэй хэсэг нь арван хоёр баалын газар хөдлөлтөд өртөж үхэх нь байтугай, бие засах ч завгүй “Манай намыг сонгоорой!” гэж бархираад гүйлдэж байсан болж таарав. Үүнийг “Токио Конижива” сонины ажигч гярхай сурвалжлагч Аса Киёота тогтоожээ.
Цаашлаад улс төрийн идэвхгүй хэсэг нь яасан бэ? гэсэн асуулт урган гарч ирэв. Олон улсын сэтгүүлчдийн баг уйгагүй судалж, ухаж нягталсны эцэст Монголын хүн амын улс төрийн идэвхгүй хэсэг зөвхөн дөрвөн хүнээс тогтдог болохыг илрүүллээ. Тэд бол Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Дулам эмээ, дөрөвдүгээр багийн согтуу хочит Балдан, түүний хөрш яруу найрагч Галт, Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны сонсголын бэрхшээлтэй иргэн Лутаа гэсэн дөрвөн хүн болж таарав. Газар хөдөлж байх тэр агшинд Балдан, Галт хоёр нам согтоод уначихсан, Дулам эмээ Солонгосын олон ангит “Тэ Жан Гум” савангийн дууриа үзээд ухаангүй суучихсан юмсанжээ. Лутаа хөөрхий, газар хөдөлж байшин нурахыг байтугай, чих рүү нь буу тулгаж байгаад гох дарсан ч сонсохгүй амьтан тул юу ч мэдээгүй хэрэг.
Байшин барилга, зам гүүр тэр дундаа сүүлийн хэдэн жилд барьсан хулхи барилгууд яагаад нураагүй вэ гэсэн бас нэг асуулт гарч ирж дахин дэлхийн бүх эрдэмтдийн толгой гашиллаа. Үүний учрыг судалж тогтоосон Английн сэтгүүлч ноён Томсон газар дээрээ ухаан алдан унав. Юу гэвэл, УИХ-ын эрхэм гишүүд дахин сонгогдохын тулд шатахууны үнийг нам барьж байгаа шигээ байшингуудыг ч бас нураахгүй нам барьж буй нь тогтоогджээ.
Энэ бол гайхамшиг. Энэ бол жинхэнэ дуулиан. Дэлхийн хэвлэл мэдээлэл монголоор амьсгалж, монголоор баяжиж, тэрбум тэрбумаар нь ашиг олж байна цаана чинь!
Газар нь хөдөлсөн ч үхдэггүй бөх амьтай монгол түмнээрээ бахархахгүй байхын аргагүй. Газар хөдлөлтөд үхэх зав өгдөггүй монгол сонгуулийг магтан дуулахгүй байхын аргагүй юм зээ. Даян дэлхийн ардчилсан сонгууль мандтугай.

Wednesday, June 4, 2008

ХОНГИЛЫН СОНГУУЛЬ

(шог өгүүллэг)
Хөгшин залуу, эр эм арван хэдэн хүн нэг гэрт байх тул амь нэгтэй. Нэг гэр гэдэг нь Сүхийн талбайн ойролцоо байх дулаан дамжуулахын нэгэн хонгил л доо. Хүн ахтай дээл захтай байдаг ертөнцийн хууль хонгилд ч мөн адил үйлчилнэ.
Хонгилын дарга, хутга Батаа хир даг болсон навсархай хүрэмнийхээ энгэр лүү гараа шургуулан,
-Муу өтнүүд минь, олсон мөнгөө бүгдий нь гарга хэмээн цаад хэдийгээ жижигрүүлдэг боловч бөөрлөж босгосон шилтэй юмаа хуваах дээрээ тулахаараа бүгдэд тэгш хандана. Хувь ноогдсон жаахан юмандаа халж, ертөнцийн эрээн барааныг мартан жаргахдаа тэдэн шиг эв найртай сүрэг хорвоод үгүй байлаа.
Нэг л үдэш дарга тэр чигтээ нойрсов. Хорвоогийн өглөө ирдгээрээ ирж хонгилын иргэдийн дотор бүрзийдгээрээ бүрзийн сэрцгээнэ. “Муу өтнүүд, бушуу бос. Босоод!” гэх даргын сөөнгө хоолой үгүйлэгдэнэ. Нус Догоо ширэлдэж даахирсан толгойгоо гэлжийлгэн санаа алдаад,
-Багшийн дээдийн хонгилын дарга, шөвөг Самбууг манай руу нүүж ирж бидний дарга бол гэж гуйя гэвэл тархи Гамбаа түүн рүү муухай харж үгийг нь таслав.
-Дотроосоо даргаа сонгоно! Сонгууль явуулъя гэж өчигдрөөс хойш бодлоо гэж тэр нухацтай хэлж байна. Тархи Гамбаа бол цагтаа зэрэг дэв хамгаалах шахаж явсан, хог ухахдаа шил савнаас урьдаар сонины тасархай цуглуулдаг хүн тул бусад нь түүнийг битүүхэндээ хүндэтгэнэ.
Сонгуулийн ажил өдөр ирэх тутам эрч хүчээ авлаа. Шаг Баагий:
-Хэрвээ би даргаар сонгогдвол, миний найз бидэнд юмаа таван төгрөгөөр хямд өгнө. Бид эдийн засгийн хямралаас гарна гэсэн бол, нударга Дорж:
-Намайг сонговол бид нийтээрээ нударган зодоон сурч бусад хонгилынхныг айлган татвар авдаг болно. Бид ядуурлаас гарна гэж байна. Тархи Гамбаа сонгогдвол хичээл зааж оюуны хоосролыг арилгана гэнэ. Ходоод Дууяа маш гоё хүнс байдаг хогийн цэг зааж өгнө гэв.
Сурталчилгаа цаг минут тутамд эрчимжнэ. Хамгийн сүүлд нус Догоо нэрээ дэвшүүлснээр арван хэдүүлээ хүүхэд хөгшидгүй цугаараа нэр дэвшигч боллоо.
-Үргэлж мөнх сонгууль болж байдаг болоосой гэж хонгилын сонгогчид мөрөөднө. Шаг Баагийгийн үнэгүй тараасан чангаас чанга найруулсан юмыг татаж, ходоод Дууяагийн өгсөн томоос том зүсэм бялуу долоож, сожоо Дагвын бэлэглэсэн зуут, тавьтын дэвсгэртийг хармаалж энэ хэдэн өдөр хонгилынхон ёстой л бялуурч байлаа. Сонгуулийг товлосон өдрийн өмнөх орой сурталчилгааг албан ёсоор хаах гэж байтал цагдаа нар ирж өнөө хэдийг гэрээс нь суга суга татан хөөж явуулах нь тэр. Удалгүй цэвэрхэн хувцастай баахан эрхэм хар тэрэг хөлөглөн ирж, хонгил байсан газар тууз хайчлан, шав тавьцгаав. Дулааны шугамыг өөрчилж, цамхаг босгох болсон нь энэ байлаа...
Хахир өвөл мартагдаж нялх ногоо соёолсон урьхан өдөр ирэв. Нэг хонгилд аж төрж байсан хоёр найз Сэлбийн эрэг дээр санаандгүй тааралдлаа. Нударга Дорж нулимсаа арчин,
-Манайхан ихэнх нь сураггүй болсон. Би энүүхэн энд өөр хонгилд байгаа, саяхан нус Догоогоо татаж авсан. Дээрэлхүүлээд хэцүү байгаа.., хөөрхий тархи Гамбаа согтоод, гудамжинд хөлдөөд бурхан болчихсон.., гэхэд нь, ходоод Дууяа бас эхэр татуулан,
-Дуулсаан, дуулсан гэж арайхийн хэлээд, нулимсанд халтартсан хацраа шударлаа.

Monday, May 26, 2008

Онигоо

Ганц бие эр найзтайгаа тааралдаад ярив.
-Ханьтай болъё гээд, сонинд зар өгсөн чинь шуудай захидал авлаа.
-Овоо л доо миний хөгшин!
-Гэхдээ дандаа эрчүүд захидал бичжээ.
-Юу? Чамтай тэгээд эр хүн сууя гэсэн байх юм уу?
-Үгүй ээ, бүгд “миний шулмыг авч буян болооч” гэсэн байна.

Сэтгэл мэдрэлийн эмч:
-Та, юунаас болж хямралд ороо вэ?
-Миний хуучин эхнэр одоогийн эхнэртэй танилцчихаж. Тэгээд, тэр хоёр эхэндээ жаахан муудалцаж байснаа, сайдалцчихжээ.
-Харин ч сайн юм биш үү?
-Гүй ээ, тэр хоёр чинь, нийлж байгаад, миний ирээдүйн эхнэрийг зодчихжээ.

Холын аймгийн нэгэн эр шээсний шинжилгээ өгөхөөр эмнэлэгт иржээ. Залуухан сувилагч бүсгүй:
-Ах аа, та тэр шилэнд морь хараарай, за юу? гээд, ханын тавиур дээрх шил рүү заажээ. Тэгээд түр зуурхан гарчихаад орж ирэв гэнэ. Тэгтэл шалнаас эхлэн дээш олгойдож, хана өөд цоройсон нарийхан шээсэн зам татчихсан, тавиураас нь шингэн шар юм дуслаад л, сүйд майд байв.
-Та яаж байна аа?
-Тэ-ээр орой дээр байгаа, жижигхэ-ээн шилний амыг онохыг амар гэж бодоо юу чи?

Дэлгүүрээс гарч иртэл нэг цагдаа машины дэргэд торгуулийн хуудас бичээд зогсож байна. Очлоо. “Хөгшнийгөө уучлаач, анх удаа л ингэж байна” гэлээ. Тоохгүй байна. “Хөөш, саальчин гуай, микрүүдээ очиж саа!” гэчихлээ. Цагдаа хоёр дахь хуудсаа бичиж эхэлдэг юм байна. “Муу илжиг” гэлээ. Цагдаа бүр ууртайгаар гурав дахь хуудсаа суга татлаа. Иймэрхүү байдлаар гучин минут өнөөхийг чинь нохой гахайгаар дуудлаа. Яахав дээ, би машинаа булангийн цаана зогсоол дээр тавьсан болохоор жаахан зугаа хиймээр санагдаад.

Friday, May 16, 2008

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИОЛ

/Ардчилсан намын шинэ цэргүүдээс зохиогчийн эрх хулгайлав/

Дүрс: Дэлгэцнээ Ардчилсан намын туг намирч байснаа нэгэн нөхөр сүнс мэт гэнэт сүрхийтэл гарч ирнэ. Тэрээр намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ намируулсан харагдана. Ялимгүй сандарч байгаа бололтой ярьж эхэлнэ.
Текст: Би Монголд бэлгэвч дэлгэрэхээс өмнө олдсон. Гэхдээ бэлгэвч байлаа ч гэсэн тэмцсээр байгаад нүх олчих чадалтай сперматойз л доо. Ард түмний нам байгуулахаар дөчин хэмийн хүйтэн чулуун шалан дээр сууж байхад бэлгэвч минь углаастай байсан. Би даараагүй. Бороо гоулд руу дайрахдаа бэлгэвчээ өмсөөд л ухасхийсэн. “А” намдаа нутаг гүйсэн адуу шиг буцаж ирэхдээ би бэлгэвчээ мартаагүй билээ. Намайг Лхамжавын Гүндалай гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Бүгд найрамдах намын туг намирч эхэлсэн байна. Бас нэг уртаас урт нөхөр сүнс мэт гулжисхийн гэнэт тодорно. Тэрээр өөрийн намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ гонжиролдуулсан харагдана. Энэ хүн ихэд ууртай байх ажгуу.
Текст: Малчдад би яснаасаа /янхир том яс руугаа заана/ дургүй. Гэхдээ ноолууранд бол хайртай л даа. Залхуу, бүдүүн хүнийг би нэг нүдээрээ ч үздэггүй. Хэрвээ би сонгогдвол залхуучуудыг бүгдийг нь баривчилж, хүрз бариулж, ноолуурын үйлдвэр бариулна. Би Монгол улсынхаа төлөө хөлс хүчээ хайрлалгүй зүтгэсээр яс арьс болтлоо турсан. Цаашдаа зүтгэнэ ч, турна ч. Намайг Буянгийн.., биш ээ, Базарсадын Жаргалсайхан гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Монгол ардын хувьсгалт намын туг намирч эхэлнэ. Мөөмөө сэрийлгэсэн нэгэн бүсгүй сүнс сүүдэр мэт огцом гялсхийнэ. Тэрээр хувьсгалт намынхаа бадамлянхуа бэлэгдлээр час улаан хөхний даруулга хийж зүүжээ. Ихэд ялдамхан инээмсэглэж байх ажгуу.
Текст: Би хүүхдэд хайртай. Хүүхдээр хэлд орж, хүүхдээр хөлжиж, хүүхдийг хошгируулж улс төрд гарснаа би хэнээс ч нуухгүй. Энэ бол пионер хүний үг. Пионер хүн үнэнч шударга байх ёстой. Би Энхболд даргын газрын наймаачин болохыг пионер хүний ёсоор шударгаар хэлсэн. Цаашдаа ч хир буртгийг шударгаар илрүүлсээр байх болно. Намайг Нордогийн Болормаа гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ дахин Ардчилсан намын туг намирч эхэлнэ. Унжиралдсан цагаан дээлтэй нөхөр, зангиагаа ч унжиралдуулсаар.., гонжиролдсоор арайхийн тодорно. Тэрээр ардчилсан намынхаа тугаар хөөрөгний даалин хийж барьсан харагдана. Унжирсан унжуу хамар луугаа тамхи чихэнгээ ярьж эхэллээ.
Текст: Би.., тооны ухааны хүн. Энэ утгаараа болбол бүх хорыг яг таг тооцоолж найруулдаг. Нөгөө утгаараа болбол тэрхүү хор хэнд яаж үйлчилж, тэр утгаараа болбол хэн суудлаасаа унахыг квадрат язгуураас гаргаж, логрифм тэгшитгэлээр бодож математик гаргалгаа хийж сурсан хүн… /Түр бодлогоширно/ Нөгөө утгаараа болбол намайг Раднаазүмбэрэлийн Гончигдорж гэдэг.

Monday, May 12, 2008

Онигоо

Сэлүүрт завины тамирчин гомдол мэдүүлэв.
-Багш аа, би энэ дэлдэн Тулгаатай нэг баг болмооргүй байна.
-Юу..? Цаадах чинь манай хамгийн хүчтэй тамирчин ш дээ.
-Хүч нь ч яах вэ, багш аа. Ийм чихтэй хүнтэй салхины эсрэг сэлүүрдэх гээд үз дээ, та.

-Манай Монгол улсын батлан хамгаалах яам радар зохион бүтээжээ.
-Паах, овоо л доо.
-Онгоцыг дайсных гэдгийг баараггүй мэднэ.
-Пөөх, яаж тэр вэ?
-Маш энгийн. Манайх ганц ч онгоцгүй юм чинь, дэлгэцэн дээрх бүх онгоц дайсных.

Нэгэн дэлгүүрийн лангуун дээр эхлээд саксофон, дараа нь гар буу гэсэн дарааллаар барааг солбиулан өрсөн байна гэнэ.
-Танайх чинь хөгжмийн дэлгүүр үү? Зэвсгийн дэлгүүр үү?
-Хөгжмийнх л дөө.
-Тэгээд яагаад саксофон, гар буу хоёрыг ээлжилж өрсөн байдаг билээ? Би огт ойлгохгүй байна.
-Нэг саксофон зарагдсаны маргааш саксофонтой айлын хөрш нь гар буу авахаар ирдэг юм аа.

Нэг байгууллагын хоёр жолооч уулзав.
-Бүтэн сайнд чи ямар ажил амжуулах вэ?
-Заваан ажилтай, хө. Баянчандмань руу хадмын гахайг ачихаар явна.
-Өө, гайгүй л юм байна ш дээ. Минийх бүр заваан, бодохоос дургүй хүрч байна.
-Ямар гэж?
-Нисэх буудал орж, хадам ээжийг өөрийг нь тосно.

Saturday, May 3, 2008

ЦЭРДИЙН ГАЛВЫН АРДЧИЛАЛ

/фельетон/
Монголчууд бид ардчилсан ёсыг эрт дээр цагаас тогтоосон болохыг Цэрдийн галвын үеийн олдворууд баталж дэлхийн эрдэмтдийн чихийг дэлэм болтол соотойлголоо. 50 сая жилийн тэртээ, бидний элэнц хуланц нар хадан агуйд түүхий мах зулгаан байх ахуйдаа Улсын Их Мурил хэмээх хууль тогтоох дээд байгууллагаа сонгож асан байх юм.
Тэр үеийн улстөрчид одоогийн соёлтой шударга гишүүдтэй харьцуулашгүй бүдүүлэг хүмүүс байсан болохоор хөөрхий сонгогчдыг гол төлөв мурьчихдаг байж. Чухам тиймээс “Улсын Их Мурил” гэж Их хурлыг нэрлэж заншсан байв.
Эртний галвын эрхэм гишүүдийг “Эрхэм гишүүн” гэх бус, молиго хэмээн дуудна. Молиго гэдэг үг одоогийнхоос шал өөр утга заана. Түмэн олон: “Эрхэм молиго Хүрэлсүх”, “Эрхэм молиго Гүндалай”, “Эрхэм молиго Идэвхтэн” гэх мэтээр ихэс дээдсээ хүндэтгэн, агуйн хоймортоо өнгөт сүг зургийг нь залдаг байлаа. Молиго гэдэг нь хамгийн тансаг, хамгийн тэнгэрлиг үг учраас энэ нэрийг сонссон хэн бүхэн сөхрөн унаад, толгой дээрээ наманчлан мөргөнө. Гэвч тэр үеийн зэрлэг бүдүүлэг гишүүд сонгогчдыг муриад байсан тул ард түмний дунд “молигодох” гэдэг хэллэг тарсан аж. Ийнхүү Цэрдийн галав дуусах үест монголчууд хууран мэхлэхийг молигодох гэж ярьж заншсан нь одоог хүртэл уламжлагдан иржээ.
Эртний галвын монголчууд Улсын Их Мурилын сонгуулийн сурталчилгааны ажлыг дөрвөн сарын нэгэнд явуулж байв. Молиго нар: “Танай овгийн үнс пургисан гурван чулуутай гал голомтыг чинь сайжруулж, хэт богино долгионы “Монел” шарах шүүгээ олгоно”, “Арслан заан агнах чулуун сүхийг чинь алтан нуухтай зандан иштэй, ган сүхээр сольж өгнө” гэх мэтчилэн ард түмэндээ амлалт өгнө. Тэд ээлж дараалан индэрт гарч, сонгогчдын толгойг наян найм эргэтэл нь молгидон, сонгогдмогцоо Улсын Их Мурилын хүрэн зандан ширээтэй асар том агуй руугаа шурган ороод, муриад алга болчихдог байлаа. Чухам энэ үеэс монголын ард түмэн дөрвөн сарын нэгнийг “Инээдмийн баяр” хэмээн нэрийдэж, нэг нэгнээ молигоддог өдөр болгон тэмдэглэж эхэлсэн нь төдөлгүй нийтийн баяр болон дэлхий даяар түгэжээ. Энэ баяр түргэн тархахад тэр үед эхэлж байсан даяаршил хүчтэй түлхэц болсон гэдэг.
Энэ бүх баримт сэлт нь ардчиллыг гадаадаас авсан мэтээр эндүү ташаа ярьдаг улстөрч, эрдэмтэн, судлаач нарын мэдлэг ямаршуу нимгэн болохыг илтгэж, тэднийг ичээж байна. Шинэ жил, мартын найман, олон улсын хүүхдийн өдөр, улаан өндөгний баяр гээд бүх баярууд дөрвөн сарын нэгний адил монголоос гаралтай байхыг үгүй гэх аргагүй.
Малталт цааш үргэлжилж, шинэ баримт олсоор л.., Монгол болоод монголчуудын нэр дуурссаар л...
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates